Categories
мэдээ нийгэм

Ч.Болдбаатар Нийслэлийн цагдаагийн газрын даргаар сонгогдлоо

Улаанбаатар хотын цагдаагийн даргыг анх удаагаа олон нийтийн санал асуулгаар тодруулах ажил өнгөрсөн долоо хоногт өрнөж, эцсийн дүн гарчээ. Улаанбаатар хотын цагдаагийн даргад олон нийтээс 80 оноо авсан Ч.Болдбаатарыг нэр дэвшүүлэх тогтоол гаргасан байна. Тэрээр Цагдаагийн дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи төгссөн, эрхзүйч төрийн болоод орон нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой аж.

Өмнө нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газарт Тасгийн дарга, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2012 оноос Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас тус газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. Цагдаагийн даргын албан тушаалд анх зургаан хүн өрсөлдсөн бөгөөд хамгийн сүүлд Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж нар тунаж үлдээд байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл, Сүхбаатарын замыг ойрын хугацаанд ашиглалтад оруулна гэв

Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд аравдугаар сарын 30-ны дотор Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор Зам, тээврийн яам зам барилгын гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа ажээ. Саяхан Өмнөговь аймгийн замыг ашиглалтад хүлээлгэн өгсөн бол энэ долоо хоногийн сүүлч гэхэд Хөвсгөл аймгийнхыг, ирэх долоо хоногт Сүхбаатар аймгийн замыг ашиглалтад хүлээж авахыг албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн замаас 8 км-ын хучилт, Сүхбаатар аймгийн замаас 17 км-ын хучилтын ажил үлджээ.

Categories
гадаад мэдээ

Японд Вонгвонг хар салхи нүүрэллээ

Японы Окинава аралд Вонгвонг хар салхи нүүрлээд байна. Ширүүн бороо орж, хүчтэй салхитай байгаа тул бүх нислэгүүд цуцлагджээ. Өчигдөр тус арал дээр цахигаан тасарч, 30-аад хүн нэлээд хүнд бэртэл авч, хэдэн мянган хүн орон гэрээ орхин явсан байна. Өнөөдөр өглөө Кюсю аралд хар салхи нүүрлэсэн тул цахилгаан галт тэрэг явахаа больжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

УБ-Тяньжин чиглэлд дамжин өнгөрүүлэх авто тээвэр хийхээр боллоо

БНХАУ-ын Тээврийн яамны төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчлан хоёр орны Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийн явцын талаар харилцан мэдээлэл солилцжээ. Уулзалтын явцад Улаанбаатар-Тяньжины чиглэлд хоёр талаас тус бүр 10, нийт 20 ачааны автомашинаар тээвэр эхлүүлэх ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар тохиролцсон байна. Мөн уулзалтаар монгол, хятад хэл дээр тээврийн байгууллага болон жолооч нарт зориулсан гарын авлага боловсруулах ажлын явцтай танилцаж эцсийн хувилбарыг тохирчээ. Уг гарын авлага нь Монгол Улс, БНХАУ-ын автотээвэр, хилийн боомт, замын хөдөлгөөний хууль, дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн холбогдох заалтуудыг агуулснаараа худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой болохыг Зам, тээврийн яамнаас онцоллоо. Азийн хөгжлийн банкаас санхүүжүүлсэн уг гарын авлагыг энэ онд багтаан хоёр улсын ажлын хэсэг боловсруулж дуусгах бөгөөд ирэх оны эхэнд хэвлүүлэн жолооч, хилийн болон тээврийн байгууллагуудад тараах юм байна.

Categories
мэдээ спорт

Э.Даваахүү Дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртлээ

Буудлагын оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл медалийг хүртсэн юм.

Дэлхийн шилдэг тамирчид оролцож, цэц мэргэнээ сорьсон тус тэмцээнээс Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спортын хороо, “АПУ” ХК-ий тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү хос хүрэл медалийг хүртлээ. Хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалд нийт 30 буудагч буудсанаас БНСУ-ын Пак Даехун түрүүлж, Чехийн Дубов Жиндвич, ОУХМ Э.Даваахүү нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Э.Даваахүү шигшээ буудлагад 6-р байраар шалгарч 176,1 оноогоор медалийн тавцанд зогслоо. Багийн дүнгээр Польшийн баг тэргүүлж, Румын, Монгол Улсын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Манай улсын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Даваахүү, спортын мастер О.Төгөлдөр, спортын мастер Н.Цэрэнтогтох нар багтжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.

Categories
гадаад мэдээ

В.Жириновский Америкийн тэргүүн хатагтайтай уулзах хүсэлтэй байна

Оросын Либерал-Ардчилсан намын тэргүүн, Төрийн Думын дэд дарга В.ЖириновскийАНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обаматай уулзах хүсэлтэй байна. Түүнтэй эрүүл хоололтын талаар ярилцах гэнэ. М.Обама сурагчдын эрүүл хоололтын хүрээнд тэдэнд шарсан өндөг, бөөрөнхий гурилан боов өгөхгүй байхыг санал болгож ургамлын гаралтай хоол өгөхийг хөтөлбөр боловсруулсан юм. Уг асуудлыг Оросын улстөрч Америкийн тэргүүн хатагтайтай хэлэлцэх хүсэлтэй тул урилга илгээх аж.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Угсармал барилгын эрин үе буюу “Weiler” брэндийн үйлдвэр нээгджээ

-БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ӨВӨЛ Ч ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО-

Барилгын салбарт их бүтээн байгуулалт авчрах төмөр бетон хана хийцийн “Weiler” үйлдвэр нээлтээ хийлээ. Тус үйлдвэрийг “Гранд байшин” ХХКБарилга хот байгуулалтын яамны “Барилга орон сууцны үнийг тогтворжуулах” бодлогын хүрээнд Монгол банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын банкаар дамжуулан санхүүжүүлж барьсан юм байна. Ингэснээр манай улсын барилгын салбар эрчимтэй хөгжих юм. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг хүйтний улиралд зогсоодог үе өнгөрөх нь ээ. Учир нь жилийн дөрвөн улиралд, цаг агаарын ямар ч нөхцөлд барилгын ажил явуулах боломжтой болж байгаа аж.”Weiler” үйлдвэр нь угсармал бетон ханын хавтан хийц эдлэлийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нэвтрүүлж орон сууцны үнийг тогтвортой барих, барилгын салбарт шинэ эрин үеийг бий болгох юм байна.

“Weiler” үйлдвэр нь жилд 200 мянган м2 барилгад шаардлагатай ханын болон бусад хавтангуудыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Дээврийн болон давхар дундын хучилтын хавтан, гадна болон дотор ханын гулдмай хавтан, дам нуруу, багана, шат үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжтөй, бетон зуурмагийн үйлдвэртэй, олон улсын стандартад нийцсэн лабораторитой, бүрэн автоматжуулсан цогц үйлдвэр сүндэрлэн бослоо.

Тус үйлдвэр хүйтний улиралд ч барилга угсралтын ажил явагдах нөхцөлийг бүрдүүлснээр барилга угсралтын өртөгийг хамгийн багадаа 25 хувиар бууруулж хямд өртөгөөр чанартай барилга, орон сууцыг улирлын хамааралгүйгээр барих боломжийг олгож байгаа юм. Үйлдвэрийн хүчин чадал өдөрт 40 ширхэг хучилтын хавтан, 10 ширхэг гадна ханын даацын хавтан, 10 ширхэг дотор ханын хавтан, 16 ширхэг дам нуруу болон багана, хоёр ширхэг шат үйлдвэрлэх гэнэ.

Орчин үеийн иргэний болон үйлдвэрлэлийн барилга, эрчим хүч, зам, гүүрний барилга угсралтын материалын салбарт хүч түрэн орж ирж буй шинэ технологи бол бетон хавтангийн үйлдвэрлэл аж.Угсармал бетон хавтан ашиглан барилга барих нь маш хурдан технологи гэдгийг 1960-1980 оны сүүл хүртэлх 20 гаруйхан жилийн хугацаанд баригдсан хэдэн арван хорооллууд бодит жишээ болж батлан харуулснаар бидэнд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн билээ. Гэхдээ Орос технологийн барилгуудыг хүйтэн гэдэг ойлголт байдаг учраас угсармал барилга хүйтэн гэж ерөнхийд нь дүгнэх нь бий. Харин “Weiler” үйлдвэр нь энэ ойлголтоос ангид бөгөөд дулаан, дуу тусгаарлалт сайтай, чанартай, удаан эдэлгээтэй угсармал бетоныг үйлдвэрлэдэг аж.

Бүтээгдэхүүний чанарын болон хадгалах тээвэрлэх стандарт нь Монгол улсын MNS1070-2009, MNS3602-83, MNS5772-2011, MNS1008-82 чанарын стандартуудын шаардлагыг бүрэн хангасан “Weiler” компанийн тоног төхөөрөмжийг дэлхийн 32 улсад хэрэглэж байгаа аж. Уг технологиор Японд 68 давхар барилгыг барьж байжээ.

Үйлдвэрлэлийн хувьд бүрэн автомат технологитой учраас ажлын бүтээмж дээшлүүлж, хөдөлмөр зарцуулалтыг багасгаж байгаа аж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанарын хувьд евро стандартыг хангаж үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ газар хөдлөлтийн 7,8,9 баллын чичирхийлэлд тооцож үйлдвэрлэдэг байна. Бүтээгдэхүүнүүд нь дулаан алдалт бага, дуу тусгаарлах чанараар толгой цохидог аж. Иргэний ба үйлдвэрлэлийн барилга угсралтын салбараас гадна эрчим хүч, зам гүүрийн барилгад шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой юм билээ. Мөн зах зээл, хэрэглэгчийн хүсэлтээр бүтээгдэхүүний нэр төрлийн шинэчлэл хийж шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой аж. Тухайлбал, бүх төрлийн бетон хана хашаа, замын хашлага, төмөр замын дэр бетон, үерийн даланг хийж болох юм байна.

Барилга угсралтын явцад гарах давуу тал нь тоосгон даацын ханатай угсармал хучилттай барилгын бүтээцийн угсралтын схемтэй төстэй боловч барилгыг бүрэн угсармалжуулж чадсанаар монголын байгаль цаг уурын нөхцөлджилийн дөрвөн улиралд барилга угсралтын ажлыг явуулах боломжтой болж байгаа юм. Барилгын талбайн угсралтын ажилд ажиллах хүчийг тав дахин бууруулж байгаагаараа онцлог. Барилгын талбайд нойтон цутгалтын ажил маш бага хийгдэх юм билээ. Барилгын заслын ажлыг хоёр дахин багасгаж, материал зарцуулалтыг хэмнэнэ. Архитектурын онцлог шийдлийг инженерийн хийцлэлтэй хослуулан угсармал хавтан бүрт цахилгааны монтаж хийх, ариун цэврийн өрөөний плита, барилгад гарах нүхтэй бүтээгдэхүүнүүдийг хялбар найдвартай хийх боломжтой болох зэрэг олон давуу талуудтай юм байна.

“Weiler” брэндийн үйлдвэрийн талаар Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн “Үйлдвэрийн ач холбогдол бол Монголд өвөл байшин барьж, угсардаг болж байгаад байна. Бүх хана, цонх гээд барилгад хэрэгтэй зүйлээ үйлдвэр дотроо угсарчихаад л бүтээн байгуулалт болж байгаа газар нь аваачаад угсарчихана. Дээр нь Герман технологи, герман чанар буюу олон улсын евро стандарт руу шилжиж буй сайн талтай. Үүнийгээ дагаад өвөл ажил зогсож цаг хугацаа алдахгүй. Мөн хамгийн чухал зүйл нь барилгын материалын үнэ буурна. Тэгэхээр байрны м2-ын үнэ буурч эдийн засгийн ач холбогдол бий болгох юм. Энэ үйлдвэр ийм үндсэн гурван давуу талтай. Энэ үйлдвэрийг барилгын яам Монголбанкны хамтарсан барилгын материалыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Энэ хөнгөлөлтүүдийг барилгын салбарын үнийг барих гэж гаргасан шат дараалсан үйлдвэрүүд ашиглалтад оруулж байгаагийн нэг нь юм” гэж онцоллоо.

“Weiler” брэндийг монгол оруулж ирж буй “Гранд байшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Саруулсайханаас үйлдвэрийнх нь талаар сонирхлоо.

Яагаад заавал “Weiler” технологийг оруулж ирж байгаа юм бол?

-Угсармал бетон хавтан ашиглан барилга барих нь маш хурдан технологи гэдгийн бодит жишээ нь 1960-1980 оны сүүл хүртэлх 20 гаруйхан жилийн хугацаанд баригдсан хорооллуудыг хэлж болно. III-IV хороолол, XI хороолол, XIII хорооллууд угсармал барилгуудыг жишээ татаж болж байна. Тухайн үед Зөвлөлт холбоот улсын үед буцалтгүй тусламжаар барьсан байдаг. Харин “Weiler” брэнд нь 1950-иад оноос хойш Герман улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ брэнд Герман улсын стандарт болон евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргадаг учраас 32 улсад хэрэглэдэг юм.

-“Weiler” технологийн давуу тал юу байна?

-“Weiler” технологи нь хавтангуудыг бетон бүхий холбоосоор холбож өгдөг. Мөн дулаалгыг маш сайн, чанарын өндөр түвшинд хийж дулаан алдалтын асуудлыг оновчтой шийдэж өгсөн учир угсармал барилга өвөл хүйтэн гэсэн ойлголтыг үгүйсгэж чадна. Энэ тал дээр 100 хувийн баталгаа өгч байгаа. Ийм технологиор барьсан барилга газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэй байдаг.

Барилгаас өөр зүйл хийх үү?

-“Weiler” үйлдвэр нь цаашид дан ганц байшин үйлдвэрлэх бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй ирээдүйд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна. “Weiler” үйлдвэр нь бүх төрлийн бетон хана, хашаа, замын хашлага, төмөр замын дэр бетон, үерийн далан, хурдны зам болон нисэх онгоцны хатуу хучилттай замын үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой.

Өвлийн улиралд барих боломжтой гэсэн байхаа?

-Үйлдвэрт хана, бетонуудаа бүгдийг нь үйлдвэрлэчих юм. Гадаа хийх нойтон процесс нь бараг байхгүй болчихож байгаа юм. Бүрэн хатсан бетон эдлэлүүдийг гаргаад төслийг хэрэгжүүлж барилга барьж байгаа газраа маш богино хугацаанд угсарчихна. Үйлдвэрт угсарчихаж байгаа учраас чанарын доголдол гардаггүй юм.

Танайх есөн давхар угсармал барилгыг хэр хурдан хугацаанд барьж дуусах вэ?

“Үйлдвэр дээр бүтээгдэхүүн нь байж байх юм чинь есөн давхар угсармал барилгыг сарын дотор л угсарчихна.

Categories
гадаад мэдээ

Сирийн Кобанид байдал улам хүндэрлээ

“Лалын улс” бүлгийнхэн бүслээд буй Сирийн Кобани хотод байдал улам ноцтой болсон тухай мэдээллээ. Ихэвчлэн курд үндэстнүүд амьдардаг тус хотыг нэлээд хэдэн хоногийн өмнө лалын бүлгийнхэн бүсэлсэн. Харин уржигдар хотыг эзлэн авахаар дахин довтолжээ. Тус хот руу тал талаас нь дайрсан боловч курдуудзогсоож чадсан байна. Хамгийн гол нь лалын бүлгийн цэргүүдийг байнга зэвсэг техникээр дэмжиж байгаа гэнэ. Тиймээс дахинхэдийд ч дахин довтолжмагадгүй юм гэж Кобани хотоос мэдээллээ. “Лалын улс” өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Кобани руу довтолж эхэлсэн. Үүнээс хойш ойролцоогоор 500 хүн амь үрэгдсэн бөгөөд 200 мянган хүн Турк руу дүрвэжээ. Одоогоор тус хотод хэдэн зуун хүн үлдсэн байгаа. Хэрвээ “Лалын улс”Кобаниг эзлэн авах юм бол бүгдийг нь хүйс тэмтрэх аюултай хэмээн Сирийн асуудлаарх НҮБ-ын элч Стаффан де Мистур мэдэгдсэн билээ.

АНУ болон холбоотны цэргүүд Сири болон Иракт буй “Лалын улс” бүлгийнхнийг агаараас бөмбөгдсөөр байгаа. Гэвч энэ нь хангалтгүй байна хэмээн Пентагоны төлөөлөгч мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн

Ю.ДЭЛГЭРМАА

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
гадаад мэдээ

А.Жоли Хүндэт хатагтай цол хүртлээ

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолид Их Британийн хатан хаан Элизабета II Хүндэт хатагтай цол олгосон байна. Их Британийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, эмэгтэйчүүдийг хүчирхийллийн эсрэг тэмцэхэд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлжээ.

Шагналыг гардуулах ёслол Букингемийн ордонд болсон бөгөөд Их Британийн хатан хаан Хүндэт хатагтай цолыг дагалддаг загалмай, гэгээн Михаил болон гэгээн Георгийн одонг гардуулсан байна.Холливудын нэрт жүжигчин маань НҮБ-ын элч бөгөөд Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейгтэй хамтран зэвсэгт мөргөлдөөн гарч буй бүс нутагт эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдлыг зогсоох кампанит ажлыг зогсоох арга хэмжээнд оролцсон юм. Уг асуудлаар Лондон хотноо дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан билээ.

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мун Ливид гэнэтийн айлчлал хийв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Ливид гэнэтийн айлчлал хийж байна. Энэ айлчлалын зорилго нь Ливийн дотоод байдлыг хэвийн болгож зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход нөлөөлөх явдал хэмээн мэдэгдлээ. Бан Ги Мун Триполи хотод хүрэлцэн ирсэн даруйдаа зэвсэг хэрэглэсэн ямар нэгэн ажиллагаа улс орны дотоод байдлыг хэвийн болгохгүй гээд зөвхөн улс төрийн хэлэлцээ л хямралаас гаргана гэдгийг онцлов.

Харин Ливийн парламентын нэгэн төлөөлөгчийн мэдэгдсэнээр уг хямралын үндэс суурь нь шашинтай ямар ч холбоогүй, улс төрийн туршлага хомсоос болсон хэмээн тайлбарласан байна.