Нийслэлийн 375 жилийн ойн өдөр энэ сарын 29-нд тохиож буйэ. Ойн өдрөөр НЗДТГ-аасИх эзэн Чингэс хааны талбайд анх удаагаа парад зохион байгуулахаар боллоо. Парадад оролцохоор одоогоор төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцохоор бүртгүүлжээ.
Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад байдаг. Парадад сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой бөгөөд энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм.
Мөн энэ өдөр Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Монголын Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галлерей, Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
Нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн адил 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна.
Их хотынхоо ойн өдрөөр их хотын иргэд та бүхнийг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах парад болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Month: October 2014
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамгийн их ашиг орлого олж буй киноны жагсаалтыг гаргадаг байсан бол энэ наймдугаар сараас эхлээд хамгийн их ашиг орлого олж буй номын жагсаалтыг олон нийтэд зарлаж байгаа билээ. 9 дүгээр сарын хувьд хичээл сургууль орсонтой холбогдуулж сурах бичгүүд маш ихээр зарагдсан бөгөөд энэ нь явцын дунд хэлбэлзэх байдалтай байгаа аж.
Д/д |
Номны нэр |
Зохиогчийн нэр |
Тоо |
1 |
Эрдмийн тулгуур 3-5 нас |
Юнгэрэн, Лхамсүрэн |
1446 |
2 |
Эрдмийн тулгуур 5-6 нас |
Юнгэрэн, Лхамсүрэн |
1304 |
3 |
Биологи-11 |
Мөнхийн үсэг хэвлэлийн газар |
1293 |
4 |
Хими-11 |
Мөнхийн үсэг хэвлэлийн газар |
1217 |
5 |
Газар зүй-11 |
Мөнхийн үсэг хэвлэлийн газар |
1205 |
6 |
Нийгмийн ухаан-11 |
Мөнхийн үсэг хэвлэлийн газар |
1189 |
7 |
Зураг зүй-11 |
Мөнхийн үсэг хэвлэлийн газар |
1013 |
8 |
Эрүүл мэнд-11 |
Мөнхийн үсэг хэвлэлийн газар |
994 |
9 |
Мэдээлэл зүй-11 |
Мөнхийн үсэг хэвлэлийн газар |
797 |
10 |
Тавилан |
Л.Сарантуяа |
598 |
Жич: 2014 оны 9 дүгээр сарын шилдэг номын жагсаалтад “Мажестик”, “Аз хур”, “Билэг”, “Номуун соёл” номын дэлгүүрүүд оролцлоо.
Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийг үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компаниудын консорциум, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран сар тутам гаргадаг болсон. Өнгөрсөн сарын орон сууцны үнийн судалгааны талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Манлайбаатар, “Тэнхлэг зууч” компанийн захирал Б.Батзориг нар мэдээллээ.
Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индекст 44 мянган айлын шинэ, хуучин орон сууцны үнийг хамруулсан бөгөөд тус судалгаагаар есдүгээр сарын байдлаар өмнөх сарынхаас орон сууцны үнэ 0.45 хувиар буурсан бол оны эхнээс 4.3 хувь, жилийн өмнөхөөс 11.17 хувиар өссөн байна. Борлуулалтын хувьд, өнгөрөгч есдүгээр сарыг өмнөх сарынхтай харьцуулахад хуучин орон сууцных 15 хувь, шинэ орон сууцных 40 хувь, хашаа байшингийн борлуулалт 100 хувиар нэмэгдсэн талаар албаныхан мэдээлэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч түр хугацаагаар хойшлов.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын “2014 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/774 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил маргааш буюу 15-наас эхэлнэ. Харин цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг 10 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулна.
Зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг – 96 дугаар дунд сургууль
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар дунд сургууль
Хан-Уул дүүрэг – 34 дугаар дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Налайх дүүрэг – Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Багахангай – Соёлын ордон дээр тус тус очно. Харин Багануур дүүрэгт цэргийн жинхэнэ албанд татах иргэдийг дараагийн ээлжинд зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа, МХЕГ-ын улсын байцаагч болон Хүнсний аюулгүй байдлын хяналтын үндэсний лавлагаа лаборатори, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо, үндэсний эм үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, улсын байцаагчид, Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн эм холбоо болон мэргэжлийн бусад хүмүүс оролцлоо.
Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн эм холбооноос Эмийн бүртгэлийн асуудлаар Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасны дагуу уг уулзалтыг зохион байгуулсан юм.
Тус холбооны зүгээс ЭМЯ-ны Эмийн салбар зөвлөл болон фармакопейн хорооны /тухай эмэнд тавих шаардлага, чанарын үзүүлэлт болон тэдгээрийг шинжлэх аргыг заасан зайлшгүй мөрдөх стандартыг хэлнэ/ хурал удаан хугацаагаар хуралдаагүй, зарим бүтээгдэхүүний стандартуудыг хүчингүй болгосон, уламжлалт болон ургамлын эмийн стандартыг боловсруулахад үзүүлэлтийг журманд тодорхой заагаагүйгээс материалыг бүртгэх боломжгүй шалтгаанаар буцаадаг, үндэсний эмийн бүртгэлийн байдал удаашралтай байдаг, МХЕГ-аас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/08 тоот Стандартын хэрэгжилтийг хангах тухай албан шаардлагад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор өөрийн үйлдвэрийн эм, эмийн түүхий эдийг улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байх даалгавар өгснийг 2015 он хүртэл нэг жилийн хугацаагаа сунгаж өгөх зэрэг хэд хэдэн хүсэлт гаргасан байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хүний эмийн зөвлөлийн дарга А.Эрдэнэтуяа эх орны эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар үндэсний үйлдвэрлэгчдэд удаа дараа албан тоот явуулсан боловч тодорхой ахиц гарахгүй байгааг дахин сануулав. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм үйлдвэрлэж, худалдах нь эмийн чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг бий болгож байгааг онцлоод бүртгэлгүй эм үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоохыг анхааруулсан.
Мөн тэрээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эм үйлвэрлэгч байгууллагууд эмээ бүртгүүлэлгүй өөрсдөө хариуцлагагүй хандаж ирсэн, төрийн бодлогоор ч үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудыг дэмжиж байгааг сануулаад Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2012 оны 41 дүгээр тушаалыг мөрдөж, хуулиа биелүүлж ажиллах ёстойг хэллээ.
Эм зүйн салбар зөвлөлийн хурлыг 2014 оны 03,04,05,06,07 саруудад хийж, 91 эмийн материалыг /үйлвэрлэлийн фармакопейн өгүүлэл/ хянаж, шаардлага хангаагүй 10 байгууллагын 32 эмийн материалыг буцаасан байна.
Харин үндэсний эмийн үйлдвэрийн эм бүртгэлийн ажил удаашралтай байгаатай санал нийлэхгүй байгаагаа ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсээс хэлсэн. Тодруулбал, санал ирүүлсэн бүртгэлийн материалыг цаг алдалгүй бүртгэж байгаа бөгөөд Хүний эмийн зөвлөлийн хурлаар улсын бүртгэлд бүртгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндэсний эмийн үйлдвэрийн 312 нэрийн эм бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар Хүний эмийн зөвлөлд “Монос фарм” эмийн үйлдвэрийн 5 нэрийн, Айвико эмийн үйлдвэрийн 1 нэрийн эм бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байгаа ажээ.
Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах үүднээс “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”-д үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Энэ дагуу салбарын яамны зүгээс үндэсний эмийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор импортын зарим эмийн бүртгэл болон хугацаа сунгах асуудлыг хязгаарласан байна. 2014 оны 09 сарын байдлаар 23 нэрийн эмийн бүртгэлийн хугацааг сунгаагүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зүгээс 2000 оноос хойш үндэсний үйлдвэрийн эмийг бүртгэх журам гарсан байхад аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй хандаж ирсэн. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийн үйлдвэрлэлийг зогсоох албан даалгаврын хугацааг сунгах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Цаашид Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл, Эм зүйн салбар зөвлөл үндэсний үйлдвэрлэгчид улсын бүртгэлд бүртгүүлэх эмийн материалаа ирүүлсэн тохиолдолд сард хоёр удаа хуралдах боломжтой. Мөн фармакопейн хорооны хурал ч үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллээ ирүүлсэн үед хоёр удаа хуралдана гэлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн барьсан бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Гэхдээ Засгийн газар шинэ бүтцийн яамдад томилох сайд нарын нэрсгүй, хэдэн яамдад хэдэн сайд ажиллахыг жагсаасан хүн болгоны мэдэх төсөл оруулж ирсэн нь байнгын хорооны хуралдаанд гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүний хуулийн төслийг сайд нарын томилгооноос салгаж өргөн барьсан нь шүүмжлэл дагуулав.
Зургаан яамыг гурав болгосон, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулсантай холбогдуулан долоон сайд чөлөөлөгдөж, дөрвөн сайд томилогдох асуудлыг оруулна гэснээс өөрөөр Ерөнхий сайд сайд нарын нэрсийг хэзээ УИХ-д оруулж ирэх хугацаагаа тодорхой хэлсэнгүй. Ингээд гишүүд дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд ийм байр суурьтай байлаа
Ж.Батзандан: Оруулж ирсэн төслөө нэг харчих даа, нуль алдаа
-Бид нэг ажлыг гурван удаа хийх гэж байна. Бүтцийг баталсан, бүрэлдэхүүнийг батална, дараа нь сайд нарыг томилох нь. Ер нь бичиг баримт боловсруулдаг, бичиг үсэгт тайлагдсан хүн ЗГХЭГ-т байна уу. Оруулж ирсэн төслөө нэг харчих даа. Нуль алдаа. Бид Засгийн газарт косметик засал хийж макс зүүгээд өнгөрөх гээгүй. Засгийн газарт муу ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооцох тухай л ярьж байгаа. Ажлаа сайн хийсэн учраас зарим яамдыг татан буулгаж байгаа гэж худал ярихаа та нар зогсоох хэрэгтэй. Сар болгон хууль зөрчдөг Хууль зүйн сайдтай, стандартын шаардлага хангахгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг Эрүүл мэндийн сайдтай байх юм уу. Спортоо дэмждэггүй спортын сайд байх ёстой юм уу. Эдийн засгийг дампууруулдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтай байх ёстой юм уу. Ийм байдлаар хол явахгүй. Засгийн газрын оруулж ирж байгаа бүтэц, бүрэлдэхүүн бол зүгээр л косметик засал. Максныхаа өнгийг л сольж байгаа хэрэг. Бид шинэчлэл хийх гэж байгаа суурь шинэчлэл хийх хэрэгтэй. Гүн гүнзгий өөрчлөлт хийх хээргтэй. Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин, Ч.Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорсон байх байлаа. Тэгэхээр та бүхэн ажилдаа хариуцлагатай ханд, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Энэ янзаараа улс орон өөдлөхгүй нь.
С.Бямбацогт: Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм
-УИХ-д хууль тогтоол өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж бий. Тодорхой шаардлага шалгуур хангасан хуулийн төслийг хүлээж аваад холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Өнөөдөр ийм зөрчилтэй хуулийн төсөл өргөн барьсан байна. Засгийн газар хуулиа мэддэггүй юм уу, эсвэл чадваргүй юм уу, Ч.Сайханбилэг даргын хариултаас үзэхэд зөрчилтэй хууль өргөн барьсныгаа хэлэлцүүлгийн явцад арилгачихъя гэж байна. Сайд нарыг чөлөөлөх асуудлыг давхар оруулж ирэх ёстой байсан. Шинэ хуучин хоёр зөрчилтэй хууль хүчин төгөлдөр үйлчлэх гээд байна. Яам нь татан буугдсан мөртлөө сайдын эрх нь хэвээр байна. Салбарын асуудлыг хэлэлцэхээр яах ёстой юм бэ. Бид Засгийн газрыг Төсвийн төслөө татаж ав гэхээр хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг болохоос хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм. Тамгын газар үүнд анхаарах хэрэгтэй. Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа зөрчилгүй байх талд нь анхаарч болдоггүй юм уу.
М.Энхболд: Цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна
-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг дэмжиж байна. Ер нь цаг үеэ олоогүй бүтцийн асуудал улс орны ажил амьдралыг хүндрүүлж байна. Есдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөг хүртэл яам, тамгын газарт ажил хийдэг, асуудал шийддэг хүн гэж байхгүй боллоо. Уул нь өдийд Засгийн газар намрын ургац, тариа будаа, өвөлжилтийн бэлтгэл ажлаа ид хөөцөлдөж байх ёстой л доо. Гэтэл гэнэт цочсон юм шиг бүтцээ өөрчилнө гээд хэлчихсэн. Өмнө нь бүтэц, бүрэлдэхүүний асуудал УИХ-аар хамт гардаг байсан. УИХ аль болох Засгийн газрын ажлыг дэмжиж хурдан асуудлыг шийдэх тал руугаа байгаа. Гэтэл нэг хуулийн төсөл өргөн бариад долоо хонодог, бас дахиад л долоо хонодог. Бүрэлдэхүүний төслийг батлаад өгөхөөр дахиад долоо хонох уу. Ингэж цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна. Хэрвээ улс орны төлөө ажиллая гэж бодож байгаа бол Засгийн газар, Ерөнхий сайд асуудлыг түргэн шийдмээр байна. Хэзээ байхдаа ингэж уддаг байсан юм бэ. Би Ерөнхий сайдаар томилогдоод маргааш нь сайд нараа оруулж хоёр хоногийн дотор танхимын сайд нар бүрдэж байсан. Та нар шалтаг шалтгаан хэлээд фракцдаа уягдаад байх юм. Цаана чинь улс орны ажил гэж бий шүү дээ. Хөдөө явж ард түмний амьдралтай танилц, тариаланчидтай уулзаад үз. Ажил амьдрал нь хүнд болчихоод байна. Яам тамгын газраар яваад үз. Ямар сайд байх вэ гэдгээс болоод цаана чинь төрийн бүх ажил суларчихаад байна. Ингэж удвал засаглалын хямралд ойртох нь байна шүү.
Ц.Нямдорж: Элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй
-Бакей дарга аа, санал хураалгаад урагшаа явуул. Алтанхуяг өнөөдөр сайд нарын асуудлаа оруулж ир. Янз бүрийн фракц, эвсэл гээчийн элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй. Өнгөрсөн хоёр дахь өдөр шийдвэр ерөнхийдөө гарсан байсан. Цааш ажлаа явуулах бололцоо байсан. Монгол төрд ид далд шантааж арай хэтэрлээ. Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг, цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юмнаасаа УИХ-ын гишүүд хэзээ гарах юм бэ. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх гэдэг. Банкны зээл, хүнийг ажилд тавих, ах дүү нараа энд тэнд шингээх, тендер гэх мэт асуудлыг шийдүүлэх гэдэг шүү дээ. Нууц биш. Бүрэлдэхүүний өөрчлөлтийг далимдуулдж балиар юмаа хийх гэж байна. Би амьд байх цагтаа, УИХ-ын гишүүн байгаа цагтаа монгол төрийн гал голомтыг самрах оролдлогыг чадан ядан эсэргүүцнэ. Ардын намын төр байна уу, Ардчилсан намын төр байна уу гэдэг бол хоёрдугаар зэргийн асуудал.
Энэ шантааж, луйвар, хуйвалдаан, заваан юмнаас холдвол яасан юм бэ.Цаана чинь дандаа бие биеэ хорлох гэсэн ажиллагаа, булхай явагдаж байгаа. Бид нэг хүнд тангараг өргөөгүй шүү. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэсэн биз дээ. Фракцын гишүүдээ тал тал тийшээ авч гүйгээд, хариу унагах гэсэн үйлдэл бүтэн сар энэ ордонд явагдлаа. Би монгол төрийн төлөө зүтгэнэ гэж тангараг тавьсан хүн. Гишүүд ч бүгд тэгж тангараг тавьсан байх.
А.Бакей: Ц.Нямдорж гишүүний үгэнд алга ташилт өгье
-Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүний хувьд Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгэнд алга ташилт өгмөөр байна. Үнэн үг хэлсэн учраас. Төсөв хэлэлцэх үе тулсан үед сайд нарын томилгооны асуудлыг яаралтай оруулж ирэх ёстой шүү.
Японы Такашима арлаас 700 жилийн тэртээх Монголын эзэнт гүрний түрэмгийллийн үед хамаарах усан онгоцны сэг олсон талаар Японы өдөр тутмын “Асахи” сонинд нийтэлжээ. Тус сонинд нийтэлснээр Рюкю их сургууль, Мацуро хотын боловсролын зөвлөлийн архелогичид хамтран далайн ёроолд буй усан онгоцыг тусгай багажаар судалж, 1274-1281 онд Япон руу түрэмгийлж байхдаа Хубилай хааны ашиглаж байсан усан онгоц мөн болохыг тогтоожээ.
Хамгийн сүүлд олдсон дээрх усан онгоц нь 2011 онд Монголын байлдааны хөлөг олдсон газраас 1,7 км-ийн зайтай, 14 метрийн гүнд байрлаж байсан аж. 11 метр урттай уг хөлөг 2011 онд олдсон дурсгалаас илүү сайн хадгалагдаж үлджээ. Гэхдээ Хятадын шаазан эдлэлүүдээс тэс ондоо хийцтэй байгаа тул гарал үүслийг нь тогтооход төвөгтэй гэж шинжээчид үзэж байна. “Бид үүнийг Монголын усан онгоц гэж үзэж байгаа. Бүтэц, хэмжээг нарийвчлан тогтоож, гарал үүслийнх нь талаар нэмж судална. Маш сайтар хадгалагдаж үлдсэн тул шаазан эдлэл, зэвсэг тээвэрлэхэд онцгой гүүрэг гүйцэтгэдэг байсан гэж дүгнэлээ” хэмээн судалгааг удирдаж буй Рюкю их сургуулийн профессор Иошифуми Икеда ярьжээ.
Хубилай хаан 1281 онд Такашима арлын ойролцоо газар 4400 усан онгоц илгээж, Кюүшюү арлын хойд хэсэгт тулалдсан түүхтэй. Энэхүү тулааны талаар Японд”Хубилай хааны дайралтаас Камиказе хэмээх тэнгэрийн салхи хоёр удаа дэгдэж, хааны хөлөг онгоцуудыг эвдэлж, амь аврагдсан” хэмээх домог мэт яриа байдаг.
“Хар тамхи хэрэглэсэн” хэргээр 1,6 жилийн ял авсан Г.Сарангэрэлд холбогдох хэрэг зохиомол байсан гэх гомдлыг түүний өмгөөлөгч Б.Батбаяр ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтэст өргөн барьжээ.
Тэрхүү гомдлын дагуу хэргийг мөрдөж байсан эрүүгийн төлөөлөгч Т.Энх-Амгалан, Б.Хурц нарыг шалгуулах хүсэлтээ өгсөн ч Т.Энх-Амгаланг Г.Сарангэрэлийг зохиомол хэрэгт унагасан байж болзошгүй гэж үзээд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг болох Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хамгийн эхний орон сууцны барилга маргааш ашиглалтад орох ажээ. Газраа чөлөөлж, түр сууцанд амьдарч байсан иргэд тохилог сууцандаа ийн амьдрах боломжтой болж байгаа юм байна. “Хера пропертийз” компанийн ашиглалтад оруулж буй барилгын нээлтийн ажиллагаа Ханын материалын эцэс, Дүүхээ-2 үйлчилгээний төвийн баруун хойно болох юм байна.