Categories
мэдээ цаг-үе

Н.Ганибал: Оросын Хөдөө аж ахуйн сайд мах экспортлохыг дэмжиж Засгийн газрынхаа хуралдаанд оруулна гэсэн

ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Ганибалтай ярилцлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай оронд айл­чилснаар 20 жил яригдсан мах экспортлох тухай асуудалд нааштай хариу гарч магадгүй мэдээлэл гарсан. Тэгвэл таныг ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржийн хамт мах экспортлох талаар Москва хотноо хуралдаад ирсэн гэж дууллаа. Ямар шийдэлд хүрэв?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр яригдсан манайхаас ОХУ руу мах экспортлох асуудлын хүрээнд ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж энэ сарын 6-10-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үндсэн зорилгын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федеров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсаас ОХУ руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн уламжлалт бүтээгдэхүүний тарифыг “тэг”-лэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөрүүлэх, Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхны хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан. ОХУ-д мах экспортлоход гарах гурван асуудлыг зайлшгүй шийдэж байж манай орноос мах их хэмжээгээр гарах боломжтой.

Тэр нь ямар гурван асуудал вэ?

-Эхнийх нь дээр дурдсан гаалийн тарифыг “тэг”-лэх хоёрдугаарт ОХУ-д тодорхой улс орнуудаас мах оруулахад квот олгодог. Уг квотод Монголоос орж ирэх махны хэмжээг тогтоолгох, гуравдугаарт нь мал эмнэлэг хорио цээрийн асуудлыг тодорхой хэмжээнд хөнгөвчлөн хамтран ажиллах асуудлыг хөндсөн.

Энэ гурван асуудалд Оросын талаас ямар байр суурьтай байх юм. Мах экспортлох тал дээр манай оронд хатуу ханддаг шүү дээ?

-Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ маань үе шаттай явагдаж байгаа. Есдүгээр сард ОХУ-аас Монгол Улсын мах экспортлох боломжтой махны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлын хэсэг ажилласан. Энэ ажлынхаа урьдчилсан дүн мэдээг манай талд танилцуулсан. ОХУ-аас манай орны 12 үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасныг шалгасан. Үйлдвэрүүдэд мах нийлүүлэх хүсэлтэй байгаа бол ийм шаардлага хангах ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлэхээр болсон гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мах экспортлох асуудлаарх эцсийн шийдвэрийг гаалийн холбооны бүс буюу Казахстан, Беларус, ОХУ гурав хамтарсан шийдвэр гаргаж байж эцсийн дүгнэлт гардаг юм билээ. Эхний ээлжинд ОХУ-ын экспертүүд дүгнэлтээ гаргасан. Ажлын хэсэгт орсон Казахстан, Беларусийн дүгнэлт ирснээр эцсийн байдлаар шийдвэрлэгдэнэ.

Манай зүгээс ямар тодорхой асуудлуудыг тавьж байгаа юм?

-Арваннэгдүгээр сарын эхээр мал эмнэлгийн мэргэжилтнүүд ирэхээр тохиролцсон. Үүний гол зорилго нь мал эмнэлгийн хоёрдугаар шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Монголын малыг эрүүлжүүлэх тал дээр шаардлагатай лабораториудын тоног төхөөрөмжүүдийг сайжруулна. Манай орны малын эмч нарыг мэргэшүүлэх, шинээр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг ОХУ-д сургах боломжийн талаар ярилцсан.

Арваннэгдүгээр сард хөтөлбөр боловсруулсны дараа 100 оюутныг ОХУ-ын талаас суралцуулах боломжтой гэдгээ хэлсэн. Түүнчлэн Владимирын институтид магистрантурт эрдэмтдийг бэлтгэнэ. Малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчин Монгол Улсын зүүн бүс нутаг, ОХУ-ын манайхтай хиллэдэг Буриадын нутагт сүүлийн хоёр жил гарсан.

Энэ тал дээр хамтран ажиллая гэдэг саналаа илэрхийлсэн.

Махны квот болон тариф “тэг”-лэх асуудал нь хэрхэн шийдэгдэх юм бэ. Хугацаа хэдийд байх бол?

-Энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яам шийддэг юм билээ. Хөдөө аж ахуйн сайд нь Монголын талын мах экспортлох байр суурийг дэмжиж Засгийн газрынхаа хуралдаанд оруулна гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр (өчигдөр) хоёр орны Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны XVIII хуралдаан эхэлж байна. ОХУ-д очоод тавьсан бидний санал, хүсэлтүүдийг хурлын протоколд албан ёсоор оруулж ажил болгох тал дээр ажиллаж байгаа. Айлчлал уг хуралдааны өмнө болсон тул хоёр тал хоёул тодорхой хэмжээний мэдээлэл солилцсон. Ямартай ч бидний ажил хоног хоногоор ахиж байна.

ОХУ гаднаас мах оруулахад ямар стандартыг мөрддөг юм бэ. Монгол Улс 50 сая толгой малтай боллоо гээд цээж дэлдээд байдаг. 50 сая толгой малаас стандартын шаардлага хангах мал хэд нь байх бол. ОХУ-аас фермерийн чиглэлийн малыг авна гэх юм уу. Манай орон чинь нүүдлийн мал аж ахуйтай улс шүү дээ?

-Дэлхий нийтийн хэрэглээнд бэлчээрийн мах хэрэглэдэг орон тун цөөхөн. Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйгаараа дэлхийд эхний гуравт орно. Дэлхийн зах зээлд зарагдаж буй махнаас стандартын шаардлага хангасан махаар БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хонины мах тэргүүлж хамгийн өндөр үнээр борлуулагдаж байна. Хонины махыг хэрэглэдэг дэлхийн хүн амын дийлэнх хувь нь дундад Азид амьдардаг. Дундад Азид гарч буй Өвөр Монголын нэг хурга 600-800 юань хүрдэг. Одоогийн зах зээлийн ханшаар бодвол 180-240 мянган төгрөг гэсэн үг. Өвөр Монголоос Дундад Ази руу мах экспортолж байгаа үйлдвэрүүд нь Монголоос амьд мал оруулах сонирхол маш их байдаг. Тэдний хувьд манай орны зүүн, баруун бүсийн аймгуудын малыг оруулж ирэхээр тооцон үйлдвэрүүдээ барьсан байдаг юм. Зүүн бүст гарч буй шүлхий өвчний асуудал манай орны мах дэлхийн зах зээл дээр гарахад хориг болчихоод байна. Тухайн үйлдвэрүүдийн зүгээс хил дээр 40 га газар гаргаад өгчих. Тэнд бид Хятад улс руу гаргах малыг тэр газар нь хорио цээрийн дэглэмийг байгуулан гаргаж байя гэсэн сонирхол ихтэй байдаг. Харин “стан”-ы орнуудын мал маллагааны арга техник, стандарт нь манай оронтой бараг л адилхан. Суурин маллагааны махны амт, бэлчээрийн малын махны чанар, амтын хувьд мэдээж өөр.

Манай орон ОХУ-д малын мах экспортлох тал дээр 20 жил хүсэлт тавьж байна. Тэдний зүгээс стандарт, малын өвчлөлөө бууруул гэдэг хариу өгдөг. Татварыг хөнгөлөөч гэдэг байр суурийг илэрхийлээч гэсэн боловч наашаа хардаггүй гэмтэй. Бидэнд үнэхээр мах экспортлох боломж бий юу. Эсвэлөнгөрүүлсэн 20 жил шигээ өнгөрөөчихье гэж байгаа юм биш биз?

-ОХУ гаалийн татвараа тэглэх асуудал нь дээр хэлсэн Эдийн засгийн яам нь шийднэ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалынхаа үеэр малын хорио цээр цэгцлэгдсэн үед махыг импортлоход бэлэн гэсэн. Экспортлох мөн чанарынхаа хувьд гаалийн тарифыг “тэг”-лэхгүй бол Монголын мах дотооддын зах зээл дээр байгаа үнэ ОХУ руу гаргаж зарах үнэ хоёрын хооронд ямар ч ашиг гарахгүй болчихно. Татварын хувьд тодорхой квоттой үед 25-30 хувь, квотгүй үед 60 хувийн татвар авдаг. Ийм их хэмжээний татвар төлөхөөр бол манайхаас мах борлуулна гэдэг мэдээж хүндрэлтэй. ОХУ-ын зүгээс мах авах тал дээр Ерөнхийлөгчийнхөө айлчлалын хүрээнд протоколын дагуу үнэхээр хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Монгол Улсын зүүн аймаг, ОХУ-ын буриад тэргүүт газруудад яг адил давтамжтай шүлхий өвчин гарсан. Манай орон заавал шүлхий өвчин гарсан бүс нутгуудаасаа мах экспортлоё гээгүй. Баруун болон төвийн бүсийн шүлхий өвчин гараагүй газруудаас махаа экспортлох боломжтой. Олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тэдэн оны тэдэн сарын тэдэнд тийм өвчин гарч тэдэнд дарагдсан гэдэг мэдээллийг өгдөг. Түүнээс биш Монгол Улсад гоц халдварт өвчин гарсан тул ОХУ та Монгол Улсаас битгий мах импортлоорой гэдэг зөвлөмжийг тавьдаггүй. Тухайн орон өөрсдөө энэ бүс нутаг нь шүлхий өвчтэй бол шүлхийгүй тэр бүсээс махаа авчихъя гэсэн боломж нээлттэй.

Малчин Дорж өөрийн­хөө хэдэн малаас экспорт­лочихъё гэхэд боломж хэр байх юм?

-Дээр хэлсэн аттестат­чи­лагдсан 12 үйлдвэр бий гэж. Экспортод гарах мах үйлдвэрийн аргаар нядалгаанд орж лабораторийн шинжилгээний хариугаар эрүүл гэдэг нь батлагдвал гаргаж болно. ОХУ-аас тодор­хой экспертүүд ирээд ямар учраас аттестатчилалд хийгээд байна гэхээр “Энэ үйлдвэрүүд бидний шаардлагыг хангаж байгаа тул эндээс махаа авъя” л гэж байгаа юм.

ОХУ тухайн орны үйлдвэрүүдийг A, B, C, D гэж ангилсан байдаг. Монгол Улс өнөөдрийн байдлаар C ангилалд багтаж байгаа. Энэ ангилалын бүтээгдэхүүн нь утсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн үг. ОХУ-ын зах зээлд Латин Америкаас орж ирсэн махнууд түүхийгээрээ худалдаалагдах боломжтой. Манай орон ангиллынхаа хувьд зөвхөн утсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой байдаг тул энэ талаар бид асуулга тавьсан.

Ямар асуулга тавьсан бэ?

-Бид их хэмжээний мах экспортлох боломжтой бол баруун бүсийн малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл газруудаас шууд худалдах боломжийг нээж өгөөч ээ гэсэн юм. Шууд худалдах боломжид нь D ангилал гэж байдаг юм байна. Энэ нь ОХУ-ын дэлгүүрт Монгол мах гэсэн нэрээрээ шууд борлуулагдах боломжтой гэсэн үг. Нэг үгээр хэлбэл түүхий мах худалдах боломжийг нээж өгөөч ээ гэсэн юм.

Манайхаас мах экспортлох аттестатчилалд тэнцсэн 12 үйлдвэр нь орон нутгуудад байх юм уу. Эсхүл нийслэлдээ бүгд шавсан байдалтайгаар орон нутгаас махаа татах юм уу?

-Эдгээр үйлдвэрүүдээс найм нь боломжтой гарсан. Ихэнх үйлдвэрүүд нийслэлд төвлөрсөн байгаа. Нядалгааны зохион байгуулалт хийхэд жаахан хүндрэлтэй. Тухайн үйлдвэрүүд орон нутгуудад салбартай. Тэр салбаруудаасаа мах нийлүүлэх боломж нээлттэй.

Манайхан хэдийнээс махаа экспортлох боломжтой вэ. Тулгарч буй хүндрэлтэй ямар асуудлууд байгаа бол?

-Монголчууд махаа экспортолж байсан. Одоо ч экспортолж байгаа. Өнгөрсөн онд долоон мянган тонн орчим адууны мах ОХУ, БНХАУ, хонины махыг Иран руу экспортод гарсан. Шүлхий өвчний асуудлаас болж зүүн гурван аймаг мах экспортлох тал дээр 2-3 жил хүлээгдэх магадлалтай. Харин баруун болон төвийн бүсээс мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран дэлхий дээр вакцин хэрэглэдэггүй эрүүл бүс болох статус авахаар ажиллаж байна. Тодорхой хэмжээний шаардлагуудыг бид давж чадахгүй байгаа.

Тэр нь ямар шаардлагууд юм бэ?

-Мал эмнэлгийн тогтолцоо­ны тал дээр алдаа байна гэдгийг олон улсын байгууллагууд бидэнд мэдэгдсэн. Амьд малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хорих барианы асуудлыг шийдээгүй байна гэсэн. Энэ шалтгаанууд дээр бид анхаарч ажиллаж байгаа. Одоо амьд малын постууд тавигдаад байна. Бусад тал дээр ер нь давгүй явна. ОХУ болон БНХАУ манайхаас мах импортлох боломж 100 хувь нээлттэй. ОХУ маргааш шийдвэрээ гаргаад “Танай баруун аймгуудаас мах авъя” гэвэл маргааш ч мах нийлүүлэхэд бэлэн, тэд шууд авах боломжтой. ОХУ-ын талын шийдвэр гарах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад бөөнийхөө үнээр 4500 төгрөгөөр зарж байгаа махыг ОХУ руу экспортолно гээд 3000 төгрөгөөр зарна гэх зүйл байхгүй. Тарифын “тэг”-лэлт, квотын зарчим болон эдгээр асуудлууд шийдэгдчихвэл ОХУ манайхаас мах авах үнэ тодорхой хэмжээнд тогтоод манай мах Оросын зах зээл дээр гарч ашиг олох хэмжээнд хүрч байж мах экспортод гарна. Энэ дамжлагуудыг даван туулах арга замыг шийдээч ээ тэгвэл бид мах экспортлоно гээд байгаа юм. ОХУ-аас үхэр, адууны махыг их хэмжээгээр авах сонирхолтой байна. Адууны махны хэрэглээ байнаа гэдэг чинь цаана нь хонь, ямааны махны хэрэглээ байна гэсэн үг. “стан”-уудын орнуудад адуу, хонь, ямааны махны хэрэглээ өндөр байдаг. Бидний хувьд 70 хувьд бог, 30 хувьд нь бодын мах нийлүүлэх нөөц боломж бий.

Э.ЭНХБОЛД

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Шинэ сайдуудын нэрийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх саналыг өргөн мэдүүллээ. Тэрбээр энэ удаад Гадаад Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарын гурван нэрийг өргөн мэдүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг; Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг томилон ажиллуулахаар өргөн мэдүүлэв. Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэгт ажлаас Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдын; Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын; Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдын, Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдын; Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын; Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдын албан тушаалаас тус тус чөлөөлүүлэхээр өргөн барилаа.

Засгийн газраас ийнхүү долоо сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дөрвөн сайдыг өргөн мэдүүлж байгаа юм. Харин үлдсэн нэг сайдын нэрийг МАХН-МҮАН Шударга ёс эвслээс нам дотроо хуралдаад өнөөдөр шийдсэний дараа өргөн мэдүүлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

11-11 төвд Гаалийн дарга ажиллана

Долоо хоног бүрийг лхагва гаригт Засгийн газрын 11-11 төвд төрийн байгууллагуудын удирдлагууд ажиллаж, иргэдийн асуултад хариулдаг. Тэгвэл өнөөдөр 11-11 төвд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат ажиллах юм байна. Тэрбээр гаалийн байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхөө гадна иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Харин иргэд асуултаа http://live.11-11.mn/ цахим хаягаар болон 11-11 дугаарын утсаар өгч болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Далайгаас өөр гарцгүй, газаргүй орнуудын зовлон гэж бас байж таараа

Эрт урьд цагт дээд өвөг маань тэнгис далайг гэтэлж ирээд “Болдсайхан эмч” нэрт нэгэн хөвүүн төрүүлснээс хойш дахиж араас уснаас ирэх тухай гомдол гаргаагүй санагдах юм. (МНТ номноос сурв) Харин буцаад далайдаа гарч тив дэлхийгээр тойрон бэдэрч арилжаа наймаа хийж байх тухай санал гомдлыг байнга тавьсаар ирсэн байдаг. Одоо бүр цаг сайхан болж Хятад улсын найман ч боомтоор гарах эрх нээгдэн Монголын далбаатай усан онгоцнууд ярайж өгөх нь.

Тэдгээрийг түрээсэлдэг, лизенц олгодог, туг далбаагаа ашиглуулах гээд маш ашигтай, янзын гоё албан тушаал байдаг гэж сонссоноос цаашгүй.

Жюль Верний “Нууцат арал” зохиол дээр гардаг лугаа амьдрал буцалж байсан ганц арлыг нь галт уул дэлбэлж орхивол хязгааргүй далайн дунд юу ч үгүй торойж үлдэх том жижиг олон ард түмэн бий. Ялангуяа дэлхий дулаарч, усанд үйж болзошгүй арлын Япон шиг олон улс орнуудын асуудлыг шийдэхийн тулд олон улсын байгууллагаас далайд гарцтай болгосны хариуд хуурай газрын гарцнаасаа илүүчлэх ээлж ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

Ж.ГАНГАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрөх эмнэлэг, түлэнхийн төвгүй сандарч байхад Төрийн ордон шиг байшиндаа дүүргийн дарга нар тарвалзаж сууна

Сүхбаатар дүүргийн хуучин байраар очиж, нүүдэл суудал болж, ундуй сундуй болсныг нь хараад олон хүн гайхаж бас шинэ байр нь арваннэгдүгээр хорооллын яг хаахна гэнэ ээ гэж лавласаар гарч одно. Мэдэж цөхөх юмгүй. Арваннэгдүгээр хороололд тэнгэр цойлон дүнхийх шил толь шиг цоо шинэ байшинд оржээ. Үүнийг нь мэдээгүй олон хүн хоосон хаалга мөргөж, ганцаар үлд­сэн Газрын алба руу нь орох хэрэггүй л бол шинэ байр руу нь явахаас аргагүй болж байгаа нь харагдана. Манай дүүргүүдийн засаг захиргааны түшмэдүүд өндөр сайхан байшинд тухлан суудаг жишиг тогтоод удлаа. Баянзүрх дүүргийнхэн өмнөх Засгийн үед хааны ордон шиг шилтгээнд орсон, түүний дараагаас Хан-Уулынхан ком­бинатын хэдэн шар, цагаан байшин дундаа л байхгүй өндөр харшид тухлах болсон. Тэгээд Сүхбаатар дүүргийнхэн Сэлбэ голын хөвөөнд тохи­жиж авлаа. Өндөр сайхан байшингууд ашиглалтад орж байгаад дургүйцэх зүйл алга л даа. Гэхдээ арваннэгдүгээр хороололд сүг сүүдэр шиг цайрах Түлэнхийн төв туурь мэт байхад Сүхбаатар дүүр­гийн­хэн, зүүн талд Гурав­дугаар амаржих газар нурах шахам дэнжигнэж байхад Баянзүрх дүүргийнхэн, дүүр­гийн нэгдсэн эмнэлэг нь өвчтөнүүддээ дарагдаад уначихаар байхад Хан-Уул дүүргийн удирдлагууд шинэхэн байшинд тарвалзаж суух дэндүү утгагүй байна аа. Тэр өндөр сайхан бай­шинд хорвоод шинэхэн хүнээ угтаж авах гэж яарч догдолж, эмээж байгаа ээжүүд биш, түлэгдлийн улмаас шаналж суугаа хүүд биш, цэцэрлэг олдохгүйгээс гэртээ цоож­луулж байгаа бяцхан жаа­лууд биш, сургууль нь нурах бол­чихоод хавийнхаа сургуулиудад хуваагдаж ижилдэн дассан нөхдөөсөө хол суралцаж байгаа хүүхдүүд биш өнөөх л хамгийн их эрх дархтай, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суудаг төрийн эрхтнүүд суух хэрэг шүү дээ. Өнөөдөр улсын хэмжээнд Түлэнхийн төв гэж ор алга болоод хувийн эмнэлэгт түрээс төлж өвчтөнүүдээ эмчилж байхад Сүхбаатар дүүргийн захиргаа шинэ байранд ороод өрөө хуваарилж байгаа нь дэндүү шударга бус байна. Ер нь аливаа улс орны эрх мэдэлтэн, дарга даамлууд ард түмнээ сайн сайхан амьд­руулахыг л хичээж, түүний төлөө энэ албанд очихоор тэмүүл­дэг байх учиртай. Сайхан амьдруулна гэдэг нь эмнэлэгт хэвтэхдээ хонгилд хоноод байхгүй, үр хүүхдээ цэцэр­лэгт өгөхдөө хонон өнжин дугаарлаж орох эрх авахгүй, сургууль нь гэрийн хаяанд, өглөө үдэшдээ салхилчих талбайтай байх л явдал шүү дээ. Харин манайд ард түмний нэрээр эрх мэдэлд хүрдэг улсууд үүнийг ор тас мартчихдаг. Эрх мэдэлд хүрснийхээ дараа ард түмний хүсч байгаа энгийн хэрэгцээг нь мартчихаад өөрийгөө, гэр бүл, ах дүүсийнхээ амьжиргааг дээшлүүлж, хувийн бизнесээөргөжүүлэх боломж гээд ойлгочихдог юм. Магадгүй улсын хэмжээнд Түлэнхийн төв ажиллахгүй, аль нэг хувийн эмнэлэгт түрээс төлөөд байж байх нь хэн нэгэн даргад ашигтай байж болох юм. Энэ нь монголчууд бидний сүүлийн гурван зуугаад жилийн турш бусдын мэдэлд, хараанд явсны гай юм даа. Төр засаг нь ард түмнийхээ төлөө байх ёстой гэдгийг мэдэж чадаагүй нь Манжийн нөлөөнд хоёр зуу гаруй, үргэлжлүүлээд Коминтерний хараанд зуугаад жил байсантай холбоотой. Уг нь төрт засаг бол ард түмний­хээ татвараар босгож авсан мөнгөө ард түмэндээ л зарцуулах учиртай. Гэвч манайд үүнийг мэдэж байгаа эрх мэдэлтэн алга. Олон ний­тийн­хээ төлөө гарч бай­гаа шийдвэр ч алга. Хүмүү­сийнхээ т­өлөө хийсэн гэж ганц урдаа барьдаг хуримын ордон, хүүхдийн Найрамдал зусланг бол А.Филатова гуай санаачлан бариулсан байдаг. Тэрбээр төр засаг нь хүмүүсийнхээ төлөө юм хийх ёстой гэж үзэл бодлоор хүмүүжсэн, ­тийм улс орны иргэн байсан учраас ингэсэн хэрэг л дээ. Тэрнээс монголчууд бол эрх мэдэлд очихоороо авдаг л гэж мэдэхээс, өгдгийг мэдэхээ больчихсон хүмүүс. Товчхоноор хэлбэл бид засаглаж сураагүй улс юм. Хуучны их уламжлал, ёс журмаа мартаад бусдын нөлөөнд байсан үеийн сур­цаа­раа явж байгаа үндэстэн гэж болно. Үүний тод жишээ бол дүүргийн засаг захиргааны нэгж нь өндөр шилэн байшинд ороод байдаг эмнэлэг, сургууль цэцэрлэг нь балгас болсон байшинд үйл ажиллагаагаа явуулсаар бай­гаа явдал юм. Энэ бүхнийг дараахь сурвалжлагууд баталж өгнө.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТАМГЫН ГАЗРЫН ОРДОН 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БОСЧЭЭ

Сэлбэ голын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн гоё барилгуудын нэг ашиглалтад ороод удаагүй байна. Шилэн фасадтай, арван давхар уг барилгад Сүхбаатар дүүргийн Тамгын газрынхан нүүж ороод хэдхэн хонож буй. Өчигдөр шинэ байранд нүүж орсны анхны шуурхай хурлаа хийсэн. Дарга нар шинэ барилгынхаа тохьтой танхимд хуралдаад маадгар байгаа нь дамжиггүй. Ямар ч байсан үүдээр оруут томоохон зочид буудлын хүлээн авах аятай угтах танхимтай юм. Иргэдэд үйлчлэх танхим, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах танхим бас бий. Гурван цахилгаан шатаар дарга нар зөрөлдөж дээш доош яваад сүртэй юм билээ.

Уг барилгын зураг төсөл нэлээн хэдэн жилийн өмнө батлагдсан. Ажил хэрэг болох гэж багагүй хугацааг ард орхисон ч гэлээ өнөөдөр ашиглалтад орчихлоо. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас төсөв мөнгийг нь баталж, гаргасан байна. Нийт 6.5 тэрбум төгрөг буюу долоон цэцэрлэг, дөрвөн эмнэлэг барих мөнгөөр дарга нар өөрсдийнхөө ая тухад нийцсэн байшин бариад суучихлаа. Гэтэл хэдхэн алхмын наана Түлэнхийн төвийн навсайсан хоёр давхар байшин хэзээ нурж унахаа хүлээгээд байж л байна. Монголд ганцхан байх Түлэнхийн төвийн барилга 1957 онд баригдсан. Аль 57 жилийн өмнө одоогийн байгаа дүр төрхөөрөө баригдаж. Арван жилийн хүүхэд байхдаа хоёр давхар уг эмнэлгийн дэргэдүүр өнгөрөхдөө “Сүнстэй байшингийн хажуугаар явж байна” гээд ааг амьсгаагүй гүйдэг байв. Сүнстэй гэж хэлэгдэхээр тийм л муухай хэмхэрхий барилга байж. Гэтэл өнөө хэр бахь байдгаараа. Түлэнхийн төвийг мэргэжлийн хяналтынхан хоёр жилийн өмнө хүчээр нүүлгэсэн. Дээвэр, хана нь нураад олон жил болсон ч нүүгээд очих байргүйн улмаас өнөөдөр л битгий нураасай гэж залбиран ажиллаж байгаад нүүсэн.

Түлэнхийн төв хуучин байранд байхдаа 120 хүний хүчин чадалтай байсан. Өдөрт амбулаториор 40-50 хүнд үйлчилдэг. Энэ тоо байнга хэтэрнэ. Хоёр зуу давсан өвчтөнтэй байгаа тухай мэдээ чих дэлсдэг байлаа. Тасагт бүү хэл хонгилд гудас чирэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо өвлийн улиралд эрс нэмэгдэнэ. Аав ээжийгээ ажилдаа яваад эзгүй хойгуур гэртээ үлдсэн багачууд янз бүрийн шалтгаанаар түлэгдчихнэ. Бас хөлчүү согтуу явж байхдаа эсхүл хөдөө хээр яваад гар хөлөө хөлдөөсөн хүмүүс ч эднийхийг л бараадна. Тиймээс ачаалал тасрахгүй. Тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Тиймээс жилдээ мянга хол давсан хүмүүст үйлчилдэг байв. Гэтэл улсдаа ганцханд тооцогддог эмнэлэг өнөөдөр ямархан төрхтэй байгаа бол. 120 ортой байсан бол 501 болгож цөөлөөд, тасгийнхаа тоог багасгаад түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Түрээсэнд сар бүр 29 сая төгрөг төлдөг гэсэн. Уг нь тус эмнэлэгт шинэ байр барьж өгнө гэж аль дээрээс л ярьж байв. Бүр 200 ортой, долоон давхар эмнэлэг барина гээд зураг төсөл нь гарчихсан. Түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барина гээд нэг хэсэг мөн ч их ярьсан даа. Долоон давхар тэр эмнэлэг одоо хаана байгаа юм бүү мэд. Цаасан дээр л зурайж байгаа байх. Харин дарга нарын суух тансаг “харш” ямар нэгэн саад, зовлонгүйгээр ашиглалтад орчихлоо.

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ӨРГӨӨТЭЙ БАЯНЗҮРХИЙН ТАМГЫН ГАЗАР

Нийслэлийн дүүргүүдээс хамгийн түрүүнд тансаг байртай болсон нь Баянзүрх. Тус дүүргийн байр 2011 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон. Хэдийгээр бусад дүүргээс түрүүлэн байртай болсон ч гэлээ одоо бол хамгийн дарууханд тооцогдоно. Өчигдөр дүүргийн тамгын газрын зарим хүмүүстэй уулзахад “Сүхбаатар, Хан-Уулыг хар даа. Тэнгэр баганадсан байртай болчихож. Манайх арай л түргэдсэн юм шиг байна” хэмээн амаа барьчихсан тууж явна лээ. Үргэлжлүүлээд “Тухайн үед гурван давхар байшинтай боллоо гэж сагсуураад байсан чинь одоо эндээ багтаж шингэлцэхгүй хэцүү байна” гэж ярих юм. Үүдэндээ угтах үйлчилгээний томоо хэсэгтэй. Тэнд нь хоёр хүн суугаад хэн дарга аль давхарт суудгийг зааж өгнө. Тааруухан хувцастай ядруухан нэгнийг юугаа хийж яваа юм гэсэн аятай муухай харж, хөөж гаргах нь холгүй болох ажээ. Харин хоёрдугаар давхрын хонгилд хоёр бүсгүй компьютер ширээтэйгээ сууж байна. Тэд төрийн сангийнхан гэнэ. Тансаг байр нь томдсоноос болж хонгилдоо суун ажиллаж байлаа. “Манай төрийн сангийнхан иргэдэд ойр үйлчлэх үүднээс ингэж сууж байна” гэж тайлбарлах юм. Шинэ тамгын газрын байранд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын долоон хэлтэс тэр чигтээ нүүж орсон. Дээрээс нь Засаг даргын дэргэдэх албадууд бий. Аудитын газар, дотоод аудитынхан, дүүргийн худалдан авах ажиллагааны газар зэрэг албаны хүмүүс шинэ байранд ажилладаг. Хоёр жигүүрт нь дүүргийн онцгой байдал, боловсролын салбарынхан бий. Эдгээрт нийт 250 орчим хүн ажиллаж буй. Үүнээс Тамгын газарт 80 хүнтэй гэсэн. Харин тус байгууллагаар өдөрт хоёр мянган хүн орж гардаг гэж байна. Холбогдох хүмүүс “Манайх олон хүнд үйлчилдэг. Хаалганы бариул тэсэхгүй шүү дээ” гээд нэг муу модон хаалгандаа санаа зовчихсон явна.

Гурван давхар тус барилга дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэйгээр босчээ. Гуравхан жилийн өмнө ашиглалтад орсон болохоор мэдээж хэрэг их засварт ороогүй. Гэхдээ л гэрэл чийдэн солих, хаалганы бариул эвдрэх, сантехник цахилгааны асуудал гээд хүнд мэдэгдэхгүй хэрнээ төсвийн хөрөнгөөс багагүй хөрөнгө хумсалж байгаа гэсэн. Энэ гоё байшинд бусдаас ялгарах нэг онцлог байгаа нь дотроо ёслол хүндэтгэлийн өргөөтэй. Барилга ашиглалтад орсны дараа Баянзүрх дүүргийнхний хуримын ордон гээд сүртэй зарлаж байсан. Тэнд хэд хэдэн хосын хурим болох нь болсон байх. Тухайн үед гэрлэлтээ батлуулах хосууд гучин хэдэн мянган төгрөг төлөөд орж байна гэсэн. Гэвч өнөөдөр шал өөр зориулалтаар ашиглаж байгаа.

Уг гоё барилгын замын эсрэг талд гуравдугаар амаржих газар бий. 1956 онд байгуулагдсан нийслэлийн гуравдугаар амаржих газар анх яаж баригдсан, өнөө хэр тэр хэвээрээ л байна. Амаржих газрын гадаа очиход 70 хол давсан настай өвөө сууж байв. “1970 онд ууган охин минь энд мэндэлж байлаа. Эмнэлэг тэр үеийн дүр төрхөөрөө л байна. Жаахан будагны ажил хийгдсэн шиг байна. Өнөөдөр зургаа дахь ачаа тосож авахаар хүлээж байна. Орчин нь нэг янзаараа болохоор яг л тэр үеийн дүр төрх харагдаж байна шүү” гэж ярих юм.Сүүлийн жилүүдэд улсаас хөрөнгө мөнгө гаргаж хоёр жилд нэг удаа засвар хийдэг болсон гэнэ. Гэхдээ хангалттай хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй учраас ёстой нэг аминд тулсан ажлаа амжуулаад хоёр жил хурдан өнгөрөхийг хүлээдэг болжээ.

ХАН-УУЛЫН ГОЁ БАРИЛГА

Хан-Уулын Тамгын газрынхан шинэ байрандаа нүүж ороод жилийн ойтойгоо золгох гэж байна. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард шинэ байрны нээлт болж байлаа. “Төрийн үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэхээр боллоо” гэсээр нээлтээ хийсэн. Уг гоё байшин арван давхар. Байшингийн тал бүртээ хаалгатай. Дүүрэг рүү урд талынхаар, прокурорын газар руу хойд хаалгаар гэхчилэн орно. Засаг даргын дэргэдэх хэлтсүүд арван давхар байшиндаа хуваагдаад суучихсан. Яг төөрдөг байшин дотор байгаа аятай тэр дарга хаачив, энэ хаана явна гэж нэгийгээ сурсан шигээ ажиллаж байна. Дотроо гурван цахилгаан шаттай. Өнөөдүүлээ тэгш тоотой давхарт зогсоно, сондгойд зогсоно, бүх давхарт зогсоно гээд ангилчихаж. Тэтгэврийн насны өвөө цахилгаан шатыг хараад “Энд биш эмнэлгүүдэд л байхаар эд юм. Эртээд бие муутай хөгшнөө эмнэлгийн гурван давхар руу гаргах гэж амьтан хүнээр үүрүүлж бөөн л юм боллоо” гэж байна. Бас тансаг сайхныг нь гайхаад илж таалах нь холгүй юм болж байлаа. Уг барилга таван тэрбум төгрөгийн хөрөнгөөр боссон. “Баянзүрхийн гурван давхар юмны үнэ гайгүй байхад баригдсан. Тэгээд гурван давхар байж дөрвөн тэрбумын өртөгтэй. Манайх хаа очиж бага мөнгөөр байртай болсон байгаа биз дээ” гэж байна. Харин хүмүүс плита, ханын цаас, гэрлийн бүрхүүл гээд үнэтэй бүхнээр боссон барилга даа гэж ярих ажээ.

Хан-Уулын эрүүл мэндийн нэгдэл Тамгын газрынхаа урдхан бий. Бас л хуучны навсархай байшинтай. Дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, зүрх судас, мэдрэл, чих хамар хоолой, гэмтэл, шүд, арьс, харшил, ДОХ/БЗДХ-ын кабинет, биеийн тамир чийрэгжүүлэлт, сургалт арга зүй, дархлаажуулалт, халдварт, хавдар, дотоод шүүрэл, сүрьеэ, сэтгэц наркологи, хүүхдийн түргэн тусламж, эхо, уламжлалт эмчилгээ, физик эмчилгээ, рентген, клиник болон биохимийн лаборатори, статистикийн зэрэг нарийн мэргэжлийн ба үйл оношийн бусад туслах кабинеттай. Бусад дүүргийн эмнэлгүүдийн адил хэдэн арван жилийг элээсэн барилга. Улсын хөрөнгөөр хэдэн жил болж байж засвар хийгддэг хэдий ч өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй тул “гал унтраах” арга хэмжээ авсаар өдийг хүрчээ.

Э.ЭНЭРЭЛ

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

Аргын тооллыг 10 сарын 15, Буд гараг. Билгийн тоолын 22, Өглөгт охин одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мнадан, 18 цаг 17 минутад жаргана. Тухай өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тулэлдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно.

Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг сайд болж магадгүй

АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилсээр байна. Эрүүл мэндийн сайдад Л.Жамбалжавын нэр яригдаж байгаа ч Н.Удвал сайдаараа үлдэх магадлал бас бий. Харин эвсэл дэх МҮДН-ний квотыг хадгалахын тулд МАХН-д элссэн Ц.Цолмонгоос илүү МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н. Батцэрэг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болох магдлал бий.

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх дан дээлтэй Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан дан дээлтэй Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарын нэр дэвшээд буй.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

АН-ын бүлгийнхэн шинэ сайдуудыг хэлэлцэж байна

АН-ын Гүйцэтгэх зөвлөл шинээр тодрох сайдуудыг хэлэлцээд, УИХ дахь намын бүлгийн хуралдаанд оруулан хэлэлцүүлж байна. АН-ын Засгийн газрын шинэ гишүүдийн нэрс дараах хувилбараар хэлэлцэгдэж байна. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Ц.Цолмон, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ардчилсан намын “МҮДН” фракцийн Д.Зоригт нарыг дэвшүүлэхээр болжээ. Харин Эрүүл мэндийн сайд Н.Удвалын оронд өмнө нь Н.Энхбаярын эмч гэгддэг байсан Л.Жамбалжав эмчийг тавихаар яригдаж байгаа гэнэ. Сайдаар тодрох магадлалтай эрхмүүдийн хоёр нь давхар дээлтэй бусад нь дан дээлтэнүүд байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 14-нөөс ОХУ руу визгүй зорчиж эхэлнэ

Монгол Улсын иргэд, Оросын Холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан билээ.
Тус хэлэлцээр нь 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд уг хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих боломжтой болж байгаа юм.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газарт зөвшөөрөл олгохоор тогтлоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай, “Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах тухай хэлэлцээрийн төслүүд -ийг зөвшилцөх тухай” асуудлыг хэлэлцэв.

Энэхүү хэлэлцээрийн төсөлд Оросын талаас хувь нийлүүлэгчийг өөрчлөх, компаниудын үйл ажиллагааны үр дүнгээр хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг ногдол ашгийг төвлөрүүлэх асуудлыг зохицуулахаар өөрчлөн найруулжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын олон улсын гэрээ болох “Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2003 оны 7 дугаар сарын 1), “Монгол, Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” (2007 оны 4 дүгээр сарын 25)-үүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж Оросын талаас ногдол ашгийг тус улсын Өмчийн харилцааны яаманд төвлөрүүлдэг байсныг Оросын Холбооны улсын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төлөөлөгчид шилжүүлж байхаар тусгасан юм байна.

Хэлэлцээрийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Ш.Түвдэндорж хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс зарим асуултдаа хариулт авсаны дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнээр Засгийн газарт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг зөвшөөрөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.