Зураач Ш.Тэнгисболдтой ярилцлаа.
–Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг “Их хөлгөн туульс” чинь ч үнэхээр сайхан бүтээл шүү. Та энэ зургаа бүтээсэн түүхээсээ хуучлаач?
-Үнэндээ бол наад бүтээлийн тухай сэдэв чинь хүмүүст нэг их шинэлэг сонстохгүй л байх аа даа. “Их хөлгөн туульс” чинь зотон, тосоор хийгдсэн зураг л даа. 1988 онд мөнгөний ханш чанга байхад найман мянган төгрөгөөр улсад зарагдсан бүтээл. Тухайн үедээ модерн маягаар зурагдсан, шинэлэг гэгдэж л байсан. Хамгийн өндөр үнэлэгдсэн зургийг л 4500 төгрөгөөр улсын сан хөмрөгт худалдаж авдаг байсан үе шүү дээ. Ер нь өмнө нь морин хуурын сэдэв бүхий “Өвгөн хуурч” зэрэг ганц нэг бүтээл байсан л даа. Би урлаг судлаач, яруу найрагч Жамцын Бадраа гуайтай нэлээд ойр харьцаатай байсан хүн. Бадраа гуай хөгжмийн атлас бичиж, би зургийг нь зурах болсон юм. Тэр хүн надад морин хуурын талаар маш их ярьдаг байсан. Эндээс л гол санаа нь төрсөн дөө. Морин хуур бол нумнаас төрсөн хөгжим гэж надад ярьдаг байсан нь санаанд үлдэж. Харин “Их хөлгөн туульс”-ын хувьд үзсэн хүмүүс “Харах бүрт л аяндаа хуур эгшиглэж байгаа юм шиг болж” гэж урам хайрлаж байсан тохиол цөөнгүй.
–Та “Их хөлгөн туульс“-аа адууны гавал толгойтой, чонон толгойтой гээд олон янзаар хувилж зуржээ?
-Хэдэн хувь, хэдэн янзаар зурах нь миний хэрэг юм. Клод Мане гэхэд нэг зургаа 300-400 удаа зурж л байсан шүү дээ.
–Манжийн дарлалын эсрэг амь насаа ч хайрлалгүй тэмцсэн Монголын ард түмний зоригт хөвгүүн, Хотгойдын Чингүнжавын хөшөөг та хийсэн дээ?
-Ард түмэн, эх орон, эрх чөлөөний төлөө тууш-тай тэмцэгч Шадар ван Чингүнжавын хөшөөг Баянгол дүүргийн XIX хорооны Чингүнжавын өргөн чөлөөнд одоогоос хэдэн жилийн өмнө миний эх загварын дагуу “Монгол уран цутгуур” компани цутгаж бүтээсэн. Шадар ван хуяг дуулгаа асаан, дайн тулааны догшин хар тугаа зүүн гартаа атгаж, сэлэм, нум, сумаа агсан, хилэн хар морьтойгоо дүүлэн давхиж буйгаар дүрсэлсэн ухаантай. Суурьтайгаа арван метр өндөр хүрлээр цутгаж хийсэн хөшөө шүү дээ. Хатан зоригт Чингүнжав бол Чингис хааны алтан ураг Гэрсэнз Жалайр хунтайжийн арав дахь үеийн ач хөвүүн болон 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн нутагт Хотгойдын засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон мэндэлсэн эх оронч. Манжийн дарангуйллыг эсэргүүцсэн бослогыг удирдаж, 1756 онд Манжийн цэрэгтэй хийсэн хүч тэнцвэргүй тулаанд дийлдэж ухарсаар Орос, Монголын хилийн зааг дээр баригдаж, улмаар хэрцгийгээр тамлагдан амь насаа алдсан гунигт хувь тавилантай баатар. Энэ хүн хэдийгээр эх нутгийнхаа төлөө үр хүүхэд, эмгэн буурал ээжийнхээ хамт цаазлуулсан ч Монгол түмний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхөрсөн гайхамшигт гавьяатай. Тиймээс “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн алдарт үгийг нь хөшөөний сууринаа сийлж мөнхөлсөн дөө.
–Таны баримлын урланд “Үндсэн хууль“-ийн загалмайлсан эцэг хэмээгддэг нэрт хуульч Б.Чимэд агсны хөшөөний загварууд харагдсан. Та хөшөөг нь хийж байгаа юм уу?
-Чимэд гуайг 1990 оноос мэдэх хүн. “Үндсэн хууль” батлах үед Их хурлын төсөлд ажиллаж байсан. Миний зурсан цагаан шонхор төрийн сүлдэнд өрсөлдөж байсан үе л дээ. Хүүхдүүдтэй нь ч ойр дотно явдаг. Алтан өлгийд оршуулах үед нь бунхны нь ч хийсэн. Тэгээд л тэр их хүний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үүднээс хөшөөнийх нь эх загварыг гаргаад байна.
–Өндөр гэгээн Занабазарын хөшөөний эх загвар байна. Энэ хөшөө хаана босох бол?
-Хөшөөний шавыг Гандантэгчинлэн хийдийн урд босгохоор аль эрт шавыг нь тавьчихсан байгаа ш дээ. Социализмын үеэс л төлөвлөгдсөөр өдий хүрсэн, үйл ажил л болохгүй байгаа болохоос. Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, Гандангийн хамба лам Д.Чойжамц, ардын зураач Цүлтэм, доктор Ишжамц, түвдэч Р.Отгонбаяр гуай бид нар сан байгуулах гэж нэвтрүүлэг хүртэл хийж байсан. Тэр үед ирсэн зургаан зуу гаруй захидал Д.Батбаяр гуайд одоо ч байх ёстой. Өндөр Богдын хөшөөг босгохыг зууны наян хувь нь дэмжиж байсан. Өндөр Богдыг би яагаад биширч шүтдэг вэ гэвэл тэр их хүний бүтээл туурвил бол ур хийцээрээ Монголд байтугай дэлхийд хосгүй зүйл байдаг. Тэрнээс гадна тэр их хүмүүний бүтээсэн соёмбо төрийн сүлдэнд мөнхөрсөн. “Дэлхийн туг сүлдийн түүх” хэмээх АНУ-аас хэвлүүлсэн атлас номонд “Хамгийн сонирхолтой сүлдтэй улс” гэж Монгол Улсыг онцолсон байдаг юм. Дөрвөн хуруу зузаан тэр том атласын хавтсыг эзэн Богд Чингэс хааны маань цагаан шонхор шувуун сүлдээр чимсэн байдаг юм.
–Төрийн шагналт зураач Ойдов гуайн зурсан өнөөгийн төрийн сүлдийг модон морь энэ тэр гээд нэг хэсэг шүүмжилж байсан. Таны зурсан цагаан шонхор бүтээл шалгарсан бол энгэртээ шууд л төрийн шагналын тэмдэг зүүх байж гэж харамсдаг уу, та?
-Ойдовын бүтээлийн тухайд би шүүмжилж чадахгүй. Одоогийн сүлдийг шүүдэг хүн нь би биш. Надад тийм эрх ч байхгүй. Уран бүтээлийн өрсөлдөгчөө муулах муухай.
–Монгол Улсын Ерөнхийлөгч шонхор шувууг “Төрийн бахархалт шувуу“-гаар зарласан. цагаан шонхороор сүлдээ хийчихэж болдоггүй юм байх даа?
-Шонхорын тухай нэг баримтат киног нэг хүү хийсэн байгаа. “Монголын нууц товчоон”-д Хиад боржигоны сүлд, Дэй сэцний зүүд энэ тэр гээд цагаан шонхорын тухай арваад удаа дурдсан байдаг. Зурагт, энтертайнмент мэдээлэлгүй дундад зууны үед хээр гадаа явж байгаа хүнд тэнгэрт нисэж яваа шувуу шиг тийм гайхамшиг хэн ч бодвоос байхгүй шүү дээ. Шонхор шувуу тагтаа шиг жижигхэн шувуу мөртлөө ямар зоригтой, хурдан шаламгай, хоромхон зуурын дотор тэнгэрт цэг шиг шунган алга болж байгааг шүтэн биширч байсан нь лавтай. Тэрнээс эдэлж хэрэглэдэг адуу морио шүтээд байгаагүй л байхгүй юу. Шонхорыг эцэг дээдсийн сүнс сүлд гэж итгэж ирсэн нь ч үүнтэй холбоотой. Эзэн Чингэсийн шүтэж явсан сүлд юм чинь цагаан шонхорыг төрийн бахархалт шувуу болгохоос ч аргагүй юм.
–Таны цагаан шонхор яаж яваад цагдаагийн байгууллагын сүлд болчихов?
-Пүрэв генералын үед болсон. Их хурал дээр төрийн сүлдээр батлагдахгүй болонгуут л надад санал тавьсан. Пүрэв генерал, хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай нар их дэмжиж байсан юм.
–Та “Их хөлгөн туульс“-аасаа өөр ямар бүтээлийг боломжийн болсон гэж үнэлж явдаг бол?
-Миний анд, төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсан “Хүний хийсэн болгон мундаг болно гэж байхгүй. Надад “Ламбугайн нулимс” дуурь, Бавуугийн Лхагвасүрэнд “Боржигоны бор тал” гэж нэг шүлэг, чамд нэг сохор өвгөн байна. Эдгээр чинь л бусад бүтээлээ тодорхойлж явна” гэдэг байсан.
–Та сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна даа?
-Цагийн урлаг цагийнхаа л урсгалыг нэхнэ. Яахав, арван гурван бүлэг үзэсгэлэнгээ дэлгэнэ гэж бодоод л явж байна. Хойд туйл дээр мөсөн пирамид, урд туйл дээр цасан пирамид босгоно доо.
“Их хөлгөн туульс”. Зураачийн урлан дахь хувилбар
Л.БАТЦЭНГЭЛ