Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, түүний оронд Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ шийдвэрийг Б.Билэгт нь хууль бус гэж үзэн шүүхэд хандсан юм. Дүүргийн иргэний хэргийн I шүүхээр энэ хэргийг авч хэлэлцээд Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм. Дүүргийн иргэний хэргийн I шүүхийн шийдвэрийг Засгийн газар эсэргүүцэн давж заалдсан юм. Харин давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Month: October 2014
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаас АН-ын бүлэг Гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнгийн асуудлаар завсарлага авлаа. Л.Пүрэвсүрэн нь одоо Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажилладаг юм. Үүнээс харвал АН-ын бүлэг Л.Пүрэвсүрэнгийн асуудалд байр сууриа нэгтгээгүй байгаа бололтой.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан сая өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр тусгажээ. Иймээс хуулиудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төсөлд үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын засварууд хийсэн байна.
Эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн С.Баярцогт хууль тогтоолын төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх санал гаргасан юм. Ингээд Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдод “FIFA”-гаас таван жилийн хугацаатай хориг тавьжээ. Түүнийг авлига авсан хэмээн гадаад болон дотоодын хөлбөмбөгийн бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасаад буй. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээлэл хийнэ гэсэн ч сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлсэнгүй. Мөн тус холбооны гишүүдийг ч оруулахгүй байна. Яг одоо Монголын хөлбөмбөгийн холбооны байрны гадна тус холбооны гишүүд, дэмжигчид, тамирчид цуглаад байна. Тэд хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу их хурлыг хуралдуулах ёстой хэмээн үзэж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа өнөөдөр 21.00 цагт хүртэл үргэлжилнэ гэдгийг гишүүд, дэмжигчид хэлж байна.
Өнөөдөр өглөө Хонконгт жагсагчид болон цагдаа нарын хооронд дахин мөргөлдөөн гарлаа. Эсэргүүцэгчид хотын гол замуудын нэгийг эзлэхийг оролдож хууль сахиулах байгууллагын ажилтнууд тэдний эсрэг чинжүүтэй хий хэрэглэсэн байна.Үүний өмнөх өдөр буюу өчигдөр цагдаа нар хотын төвд босгосон хамгаалалтуудыг буулгахдаа жагсагчдын эсрэг хүч хэрэглэж зохисгүй үйл гаргасан юм. Энэ бичлэг нь ВВС-гийн веб хуудсанд тавигджээ. Үүний дагуу зарим цагдаагийн ажилтныг ажлаас нь халсан байна. Үүний дараахан Хятадад ВВС-гийн веб хуудсыг хаажээ.
Ю.Дэлгэр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр хэлэлцэх зургаан асуудлыг танилцуулж, гишүүд дэмжсэнээр хэлэлцүүлэг эхлэв. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хороодоор хэлэлцэж буй сайд нарыг чөлөөлөх асуудлыг дэмжиж санал өгсөн. Харин гурван сайдыг шинээр томилох асуудлаас завсарлага аваад байна.Тэд завсарлага авсан шалтгаанаа дараахь байдлаар тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж байгаа нь хариуцлагаас тусдаа асуудал аж. Үүнийг өмнө нь олон удаа Ерөнхий сайдад сануулж байжээ. Тэр дундаа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг сайдаар улируулан ажиллуулах бус хариуцлага тооцохыг сануулж байсан. Энэхүү бүрэлдэхүүний саналд сайд Ц.Оюунгэрэл, Н.Удвал нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар Ерөнхий сайд шийдэж нэрийг нь оруулж ирсэнгүй.
Нөгөө талаас Ерөнхийлөгчөөс санаачлан МАН-ын бүлгээс удаа дараа сануулж байгаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах асуудлыг халъя гэдэг асуудал томилуулахаар санал болгосон сайд нэр дээр бүрэн хэрэгжсэнгүй. Тухайлбал, Сангийн сайдад нэр дэвшигч Д.Зоригт юм.
Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох асуудлыг Ерөнхий сайд багцаар нь иж бүрэн болгон өргөн мэдүүлэлгүй нэг нэгээр нь ээлж дараалан явуулж байна. Энэ асуудлыг УИХ-д цогцоор нь өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид ОХУ-д хандан уриалга гаргасан байна. Украинд энх тайныг тогтоох асуудлаар Минск хотноо хийсэн хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг уриалжээ. Б.Обама Герман, Франц, Их Британийн төрийн тэргүүнүүдтэй утсаар ярихдаа Украины асуудлыг хөндөж энэ талаар ярилцсан байна. Мөн тэд эбола вирустэй хэрхэн тэмцэх , “Лалын улс” бүлэгтэйтэмцэх асуудалд анхаарал хандуулсан байна.
Ю.Дэлгэр
Анагаах ухааны доктор Л.Энхбаатартай ярилцлаа. ТэрээрХалдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв зэрэг байгууллагад 20 гаруй жил ажилласан юм байна. Л.Энхбаатар өдгөө нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчээр ажилладаг юм.
–Эбола виурсийн халдвар дэлхий нийтийг түгшээж байна. Манай урд хөрш Бээжинд гэхэд орж ирэх магадлал 97 хувь болсон тухай мэдээлэл өчигдөр гарлаа. Тэгэхээр манайд орж ирэх магадлал бас төдий чинээ өндөр болж байна гэсэн үг биз дээ?
-Орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл 2004 онд манайд SARS орж ирж байсан шүү дээ. Энэ өвчин Хонконгоос дэлхийн олон оронд тархсан.
Өнөөдөр монголчууд маань дэлхийн аль ч улсад зорчих боломжтой байна. Нөгөө талаас Судан зэрэг улсуудад манай олон зуун энхийг сахиулагчид ажиллаж байна. Өвчин дэгдээд буй Гвиней, Конго, түүнтэй хил залгаа Зааны ясан эргийн улсад ч манай цэргүүд ажиллаж байсан. Түүнчлэн Африкийн зарим оронд манай олон циркчид гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тиймээс орж ирэхгүй гэх баталгаа байхгүй гэж үзэж болно.
–Тэднээс энхийг сахиулагчид маш олноороо байгаа учир гол эрсдэлтэй бүлэг болоод байгаа?
-Тийм. Зөвхөн эбола төдийгүй халуун орны маш олон төрлийн халдварт өвчин орж ирэх магадлал бий. Эболагийн цусархаг халдвартай овог марбургийн вируст халдвар гэж бий. Үүнээс гадна малери буюу халуун хумхаа, эмгэн хумсдах өвчин ч байдаг. Эдгээр нь шумуул болон усаар дамжин халдварладаг. Халуун орнууд янз бүрийн шавьж, хорхой амьтан ихтэй. Нөгөө талаас ус нь бохир байдаг учир ийм төрлийн өвчлөл дэгдэхдээ маш амархан. Манай улсын хувьд эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш өргөгдсөн учир дээрх орны өвчин орж ирэх нь харьцангуй гайгүй. Гэхдээ дээр хэлсэн малери буюу халуун хумхаа өвчнийг дамжуулдаг хоёр төрлийн шумуул манай Халх голд байдаг.
–Эбола шумуулаар дамждаг юм уу?
-Дамжихгүй. Эбола нь сарьсан багваахай, сармагчин, үхэр зараа гэх мэт амьтны аймаг дунд эргэлддэг байсан. Гэтэл тэр дунд хүн орчихсон. Хэвлэлийн мэдээллээс харж байхад африкчууд сарьсан багваахай их иддэг юм билээ. Ингэж амьтнаас хүнд, хүнээс хүнд халдсан. Ингэхдээ цус, шүлс буюу хүний биеэс гарах бүх төрлийн шингэнээр дамжин арьс салст гэмтсэн үед халдварладаг. Мөн нас барсан хүнийг оршуулах явцад халдварлагдсан тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл, нас барсан хүн дамжуулагч гэсэн үг л дээ.
–Тэгвэл агаар дуслын замаар халдварладаг уу?
-Ер нь бол дэлхийн олон эрдэмтэд эболаг нарийн судалж, шинжилж байсан. Харин манай орны хувьд энэ өвчнөөр дагнан судалдаг эрдэмтэн, эмч хараахан байхгүй.Ер нь бол эбола вирусийг агаараар дамждаг гэдгийг тэмдэглэсэн зүйл байхгүй. Харин эмнэлгийн дотоод халдвараар халдах нь маш түгээмэл. Энэ нь анхны тохиолдлын үед ч байсан. Учир нь 1976 онд жирэмсэн эмэгтэйг бохир тариураар тарьснаас болж халдвар дэгдэж байсан тохиолдол бий. Энэ талаар Бельгийн эрдэмтэн Питер Пиота бичсэн байдаг.
–Энэ вирус хүйтэнд хэр тэсвэртэй вэ?
-Ямар ч вирус хүйтэнд маш тэсвэртэй байдаг. Эболагийн үүсгэгч нь вирус. Вирус, нян хоёр ялгаатай шүү дээ. Нян гэдэг бол нэг эст амьтан. Харин вирус бол эсийн дотор байдаг амьтай, амьгүй хоёрын хоорондох зүйл. Гадаад орчинд гарахаараа амьгүй, хүн, амьтны биед орохоороо амьдардаг. Тиймээс эбола вирус хүйтэнд маш тэсвэртэй. Вирусийг хасах 170 градуст хадгалдаг шүү дээ. Харин буцалгахад устдаг.
–Халуун оронд дэгдээд байгаа учир уг вирус хүйтэн уур амьсгалтай манайд амьдрах боломжгүй гэж хэлүүлэх гээд байгаа юм л даа. Ядаж өвлийн гурван сар айлтгүй гэх гээд л?
-Вирус бол амьд бие махбодид шимэгчилж байдаг. Халдвар авах л юм бол вирус биед байсаар байна гэсэн үг.
–Халдвар гарсан орнуудаас манай оронд сард 20-22 хүн тогтмол ирдэг гэсэн судалгаа гарсан байна лээ…
-Тиймээс байнгын хяналттай байх ёстой. Аюултай бүс, улсаас ирж байгаа хүмүүсийн биеийн халууныг нэг бүрчлэн хянах, тэр ч бүү хэл тусгаарлах байрыг ч гэсэн бэлэн байдалд байлгах учиртай.
–Өвчний нууц үе 2-21 хоног байх чадвартай гэсэн. Тэгэхээр хэрэв Суданаас манай цэргүүд ирлээ гэхэд иргэдийн дунд явж байгаад халдвар бүртгэгдэх аюултай болж таарах нь?
-Суданаас хүмүүс ирэх л юм бол өвчний шинж тэмдэг илрэх хяналтын хугацаанд Тавантолгойд ч юм уу, нийгмээс аль болох зайтай газарт хөл хорио тогтоож, байрлуулах ёстой юм. Энэ бол улсын эрх ашгийн үүднээс хийж байгаа зүйл шүү дээ.
–Эболагийн шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
-Өндөр халуурна, толгой, үе мөч, хоолой өвдөх байдлаар илэрдэг. Хүндрээд ирэхээрээ цусархаг тууралт гарч, элэг бөөрний дутагдалд орж, төв мэдрэлийн систем хүндэрдэг. Эцэстээ хамар, амаараа цус алдаж нас бардаг.
–Эбола үүссэн цагаасаа их бага хэмжээгээр дэгдэхдээ үргэлж Африк тивдээ л байсан гэсэн. Гэтэл энэ удаа тивээс тивд дамжиж байна?
-Эболагийн халдвар анх 1976 онд Зайр буюу одоогийн Ардчилсан Конго улсын Ямбука тосгонд бүртгэгдэж байсан. Тэнд Бельгийн сайн дурын гэлэнмаа цус алдаж нас барсан байдаг. Улмаар түүний цогцсыг Зайрын нийслэл Киншаса руу аваачсан байдаг юм. Үүний дараахан Ямбукаг тойрсон 55 тосгонд өвчин дэгдэж, дэлхий нийтээр түгшүүрийн дохио хангинасан. Тиймээс Зайрын ерөнхийлөгч Мобуту Сесе Секо уг тосгоныг цэргээр бүслүүлээд гарч ирсэн хүнийг “Бууд” гэсэн тушаал өгсөн байдаг. Ингэж гоц аюултай өвчин дэгдэж, хөл хорио тогтоогоод ирмэгц Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч анхаарч эхэлсэн. Улмаар Ямбука тосгон холбоо харилцаа гэх мэт соёлт ертөнцөөс тусгаарлагдсан. Энэ тухай Зайрт ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, виурслогич эмч дурссан байдаг. Түүнийг эболагийн вирусийг нээсэн хүн гэж нэрлэх нь бий. Тиймээс ч вирус нээж байх үеийн сэтгэгдлээ “Хорт бамбай могой дээр үсрэх гэж байгаа мэт байж боломгүй аймшигтай түгшүүртэй байсан” гэж бичсэн байдаг.
Нөгөө талаас Бельгийн профессор Питер Пиота эболаг анх нээсэн гэх нь ч байдаг юм. Түүнд Зайрын нийслэл Киншасагаас эболагаар нас барьсан хүний эд, эс, цусыг саванд хийж, судлуулах зорилгоор явуулсан байдаг. Одоо энэ хүн Лондонгийн эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын төвийн захирлаар ажилладаг. Тэрээр өөрийгөө эболаг нээсэн гэж сонинд ярилцлага өгсөн байдаг.
–Өөр тивд бүртгэгдэж байсны тухайд?
-Миний уншсанаар 1976 оноос 2014 он хүртэл эбола нийт 31 удаа их, бага хэмжээгээр дэгдэж байсан байна. Ингэхдээ зарим үед нэг хүн өвдөж нас бараад намжиж байсан тохиолдол ч бий. Харин энэ удаа 4000 хүн өвчлөөд байна.
Өөр тивд бүртгэгдэж байсны тухайд АНУ-ын Вашингтон хотоос хойд зүгт орших Рестон хотод цэргийн эрдэм шинжилгээ, судалгааны бааз байж л дээ. АНУ жилдээ 16 мянган сармагчинг Африк болон бусад улсуудаас судалгаа шинжилгээний зорилгоор авчирдаг байсан. Үүний дагуу 1989 онд Рестон хотод 100 сармагчин Филиппинээс авчирсан байдаг. Гэтэл тэднээс эбола илэрсэн. Тиймээс тэдгээр 100 сармагчин болон Рестонд байсан 500 сармагчинг бүгдийг устгажээ. Тухайн үед цэргийн баазад хөл хорио тогтоож, ариутгал хийж, вирусийг устгаж байсан удаатай. Ингэж АНУ-д эбола оношлогдсон.
Үүнээс үүдэн Филлипинд сармагчин эболагаар өвддөгийг тогтоосон. Тиймээс Азийн бүс нутагт ч эбола вирус эргэлдэж байгаа болж таарна.Дээр хэлсэн эболагийн овгийн марбургийн вирус нь Германы Марбург хэмээх жижиг хотод амьтан маллагч хүн анх өвдөж, бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна Орост лабораторийн халдвараар хоёр ч хүн өвдсөн тохиолдол бүртгэгдсэн.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Канад, Польш, Испани, АНУ-д бүртгэгдээд байгаа.
Т.ГЭРЭЛМАА
Эбола ойртож байна
Ebolavirus буюу эболагийн нянг анхлан 1976 онд илрүүлснээс хойш энэ тахал дэлхий дээр 20 орчим удаа их бага хэмжээгээр дэгдсээр өнөөг хүрлээ.
Өмнөх тохиолдлууд Африк тивээсээ, тодруулж хэлбэл Төв болон Өрнөд Африкийн орнуудаас нэг их халилгүй намжиж байсан бол энэ хавраас эхлэн шуурч эхэлсэн тахал одоогийн байдлаар хойд Америк, Европ тивүүдэд хөл тавин “алхаад” эхэллээ. Ер нь эболагийн нян гэж юу вэ, хэрхэн халдварладаг вэ, эдгэдэг өвчин үү?
Эболагийн нянгаар өвчилсөн хүнийг мэнингит, хумхаа мэтийн хэт их халуурч, толгой эргэдэг, бөөлждөг, дотор муухай оргидог өвчнүүдээс ялгахад их хэцүү. Халдвар авсан нууц үе нь хоёроос 21хоногийн хугацаатай үргэлжилдэг гэдэг тул эхэн үедээ эрүүл хүмүүсийн дунд ажиг ч үгүй алхах хугацаа урт байгаа биз. Бусад ханиадны төрлийн өвчнүүдээс ялгах онцлог нь хүндэрсэн үедээ тууралт өгдөг, цус алдаж эхэлдэг, эцэстээ үхэх магадлал маш өндөртэй. Тун саяхан л Африкт энэ өвчнөөр халдварлагсдын үхлийн тоо мянга хүрэх гэж байна гээд байсан бол гуравхан сарын дотор дөрвөн мянга болтлоо дээшилж,АНУ, Испани улсуудад эндэгсэд бүртгэгдэж эхэллээ. Халдвар авсан өвчтөнүүдтэй харьцаж байгаа эрүүл мэндийн ажилчид аль болохоор бүрэн тусгаарлагдсан хувцас бээлий зэргийг өмсөж байхыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулсан байна лээ. Испанид халдвар авсан сувилагч эмэгтэй өвчтөнг асарч байх үедээ санамсаргүй тохиолдлоор бээлийтэй гараараа нүүрээ арчсанаас болж халдвар авсан гэдгээ хүлээсэн нь энэ вирус ямар аюултай нян бэ гэдгийг илэрхийлж байна.
Одоо 40 настай Тереза Ромиро Африкт бус өөрийнхөө нутагтаа буюу Европт байхдаа халдвар авсан анхны өвчтөн хэмээн тодотгогдож байгаа. Тэрбээр Сьерра-Леон улсаас ирсэн Испанийн хоёр номлогчийг асарч байхдаа халдвар авчээ. Гэхдээ интернэтэд энэ эмэгтэй бус түүний Эскалибур нэртэй нохой л шуугиан тариад байна. Учир нь эболагийн вирус амьтнаас хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд ч хариу тусдаг тул уг нохой өвчилсөн байх магадлал өндөр хэмээн үзэж үүрд нойрсуулсан нь Европт баахан жагсаал цуглаан дэгдээв. Хүүхэд дагуулж алхахаасаа илүү нохой, муур хөтлөн алхах нь давамгайлах болсон Европчуудын хувьд энэ үхэл их л балмад үйлдэл болсон нь эргэлзээгүй. Гэхдээ зоосны нөгөө талыг харвал бас их зүйрлэл анзаарагдана даа.
Тэр нохой хэдэн хүнд халдвар “бэлэглэсэн бол”. Амьтдыг хамгаалъя гэж бодсон бол одоо Африкт өвчин дэгдсэн нутаг дахь сармагчин сарьсан багваахайг үй олноор нь устгаж байгааг юу гэх вэ. Гвиней, Сьерра- Леон, Амборид тусгаарлагдан, маргаашаа хүлээн амьд үлдэх найдвар тун хомсхон үлдсэн хүмүүс тэр нохойноос дорд хувь заяатай гэж үү гэх мэт харьцуулал анзаарагдах вий. Эболагийн нянг харьцангуй аймшигтай болгож байгаа өөр нэг хүчин зүйл нь одоо хүртэл түүний эсрэг үйлчлэх ёстой вакцин тунг боловсруулж нээж чадаагүй байгаа асуудал юм. Зарим нэг улсууд саяхнаас вакциныг шинээр бүтээлээ, нээлээ хэмээн зарлаж байгаа ч, тэр зохих шатны байгууллагуудаар баталж сөрөг үр дүн байхгүй гэдэг нь тодорхой болтол бас л их хугацаа өнгөрөх нь ойлгомжтой шүү дээ. Иймээс хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга нь өөрийнхөө улсын хилийг алхуулахгүй байх, нисэхийн гарам дээр маш чанга хараа хяналт тавих, орж гарч байгаа иргэдийн биеийн дулааныг шалгадаг багаж, дэлгэцийг хоёр, гурав давхарлан байрлуулах, нэгэнт хил нэвтэрсэн тохиолдолд өвчтөнийг тусгаарлах,түүнтэй хавьтагсдыг богино хугацаанд илрүүлэх, эрүүл мэндийн ажилчдыг бүрэн хамгаалсан хувцсаар хангах мэтийн ажлуудыг ард иргэдээ боддог улсууд бүгд бэлдэж байна.
ЭБОЛАГИЙН ТУХАЙ БАРИМТУУД
Эболагийн нянгаар өвчлөгсдийн тавь орчим хувь нь амь эрсэддэг бөгөөд энэ үзүүлэлт үүнээс өмнө 90 хувьд ч хүрч байжээ.
Төв Африкийн алслагдсан тосгонуудад анхлан энэ өвчин дэгдэж байсан ч том хот сууринд дөхөж байсангүй.
Өнөөгийн нөхцөлд халдвартай тэмцэх хамгийн сайн арга нь өвчтөнийг эрт илрүүлэх, халдвар авсан байх магадлалтай хүрээллийг шуурхай тодорхойлж тусгаарлах гэх арга хэмжээнүүдийг онцолж байна.
Өвчтөнийг халдвар авсан тохиолдолд хүндрэхээс нь өмнө эмчилж эхэлбэл эдгээх магадлал өндөр юм байна.
Эцэст нь тэмдэглэхэд Төв болон баруун Африк руу шууд нислэгтэй байсан зарим улсууд ийм нислэгийн маршрутаа цуцалж байгаа бөгөөд одоогийн байдлаар тахал дэгдээд байгаа улсуудтай хойд Америк, баруун Европын зарим улсууд л шууд нислэг үйлдэж байна.
Манай хөрш хоёр улс Африкийн эдгээр улсуудтай шулуун нислэг үйлддэггүй. Гэхдээ өвчин дэгдсэн Сьерра –Леон, Судан зэрэг улсуудад манай энхийг сахиулагчид алба хаадаг гэдгийг сануулахад илүүдэхгүй.
Д.БАТ-ЭРДЭНЭ
-ТАРХИНЫ ДАРАЛТТАЙ, ШАРЛАЛТТАЙ ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ЭМЧИЛДЭГ ГАНЦ ЭМИЙГ
ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОГСООГООД УДАЖ БАЙНА-
Эмийн сангийн жор баригч фенобарбитал (люминал) эмийн тунг анзаарахгүйгээр хэрэглэгчид өгснөөс үүдэж 16 нярай өнгөрсөн наймдугаар сарын эхээр хордож эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тухайн үед хүүхдүүд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлсэн. “Монос” группийн зүгээс хүүхдүүдийн хордлого бүрэн тайлагдсан эсэхийг шинжлүүлэхэд цусан дахь фенобарбитал эмчилгээний хэмжээнд байна гэсэн хариу гарсан аж. Жор баригчийн алдаанаас үүдэж хүүхдүүд эмэнд хордсон дуулианаас үүдэж Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан зэрэг, зэрэг хэвлэлийн бага хурал хийж, эм үйлдвэрлэгч, борлуулагч үндэсний компаниудаа боорлож эхэлсэн. Бусад улсад алдаа гаргасан мэргэжилтэнд хуулийн хариуцлага хүлээлгэдэг бол манайд эрүүл мэндийн салбарынхан нь хоорондоо дайтаж, хийрхэж сүйд болцгоосон. Мэргэжлийн хяналтынхан нь шалгаж, Эрүүл мэндийн газрынхан нь мэдэгдэл хийж хийрхэж байгаад 40 шахам жил үйлдвэрлэж, эмчилгээнд хэрэглэж байсан люминал эмийг үйлдвэрлэхийг хориглочихсон. Үр дүнд нь энэ эмийг уух шаардлагатай хүүхдүүд хохирч, аав ээж нь гадаадаас захиж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэрэгтэн болоход ойрхон болчихоод байгаа аж.
“ЛЮМИНАЛЫГ ОРЛУУЛАХ ЭМ ҮГҮЙ”
Энэ эмийг эмчийн жороор олгодог. Тархины даралттай, арьс нь шарлалттай төрсөн, нойр нь солигдсон хүүхдүүдээс гадна өндөр настнууд их хэрэглэдэг аж. Гэтэл үйлдвэрлэхийг хориглосноос хойш фенобарбитал уух шаардлагатай олон хүн хохирч байгаа аж. “Монос” эмийн сангийн 1883 лавлах утас руу өдөр бүр арваас дээш хүн люминал зарж байгаа эсэхийг асууж ярьдаг гэнэ. Манай сонинд хандсан Сонгинохайрхан дүүргийн II хорооны иргэн Л.Баясгалан “Манайх хоёр хүүхэдтэй. Том охин маань тархины даралттай учраас люминал уудаг байсан. Бага хүү маань мөн л тархины даралттай. Угаасаа хотод төрж байгаа хүүхдүүдийн олонх нь тархины даралттай байдаг юм байна. Тархины даралттай хүүхдийг уйлуулахгүй байх ёстой гэсэн. Тайвшруулдаг ганц эм нь люминал. Гэтэл энэ эм тасарчихсан. Эм тасарснаас үүдэж хүүхэд маань эмнэлэгт хүртэл хэвтлээ. Эмч нар нь “Люминал уулгах шаардлагатай олон хүүхэд байна. Эм тасарснаас гэрээр эмчлэх хүндрэлтэй болчихоод байна” гэж байсан. Арга ядаад гадаадад байдаг найздаа захисан. Гэтэл люминал өөрөө сэтгэцэд нөлөөлөх эм учраас хил гааль дээр шалгуулж, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл оруулж ирсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээх юм байна. Хүүхдэдээ хэрэгтэй эм авахын тулд эрүүгийн хэрэгтэн болж мэдэхээр нөхцөл бий болчихлоо” гэсэн юм.
Арван хүүхдийн найм нь шарлалттай төрж байгааг өрхийн эмч ярьсан. Тэрбээр “Шарлалттай төрсөн хүүхдэд люминал эмийг эмчилгээний тунгаар бичиж өгдөг байсан. Гэтэл одоо тэр эм нь тасарчихсан. ЛИВ52 зэрэг орлуулах үйлчилгээтэй эм байгаа ч зайлшгүй люминал уух шаардлагатай өвчтөн олон байгаа. Нэгэнт байхгүй эмийг яах билээ. Тиймээс өөр эм бичиж өгөхөөс аргагүй” гэсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламжийн чанарын менежер, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Надмид “Люминалыг орлуулах эм угаасаа байхгүй. Өвөрмөц эмчилгээнд хэрэглэдэг эм. Манай эмнэлэг нөөцтэй байсан учраас өвчтөнүүдээ эмээр таслаагүй. Манай улсад люминалыг 30 гаруй жил хэрэглэж ирсэн, уламжлалт эмчилгээний эм. Тиймээс үйлдвэрлэхийг хориглосон, зогсоосон шалтгааныг ойлгохгүй байна. Ямар ч байсан манай эмнэлэг хэрэглэж байгаа” гэсэн юм.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТ ЗӨРЧИЖ, САВЛАГААГАА ӨӨРЧИЛ ГЭХ ШААРДЛАГА ТАВЬЖЭЭ
Фенобарбитал (люминал)-ыг анх 1904 онд гаргаж авсан бөгөөд 1912 оноос “Bayer” хэмээх эмийн компани үйлдвэрлэн зах зээлд гаргасан түүхтэй. Энэ үеэс олон улсад люминалыг тайвшруулах зорилгоор өнөөг хүртэл хэрэглэж байгаа. Мөн энэ эмийг таталтын эсрэг үйлдэлтэй болохыг тогтоож олон улсад мэдрэлийн эмгэг, таталтын эмчилгээнд өргөн хэрэглэдэг юм байна. Люминал нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаг аж. Манай улсад “Эмийн үйлдвэр” (Одоогийн “Эмийн үйлдвэр импекс” компани) 1976 оноос хойш үйлдвэрлэж байжээ. Люминалыг нярай хүүхдийн арьсны шарлалтыг арилгах болон тархины даралттай, нойр солигдох өвчний үед эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. “Эмийн үйлдвэр импекс” компани фенобарбиталыг зөвхөн том хүний тунгаар үйлдвэрлэдэг байжээ. Жор баригчид нэг эмийг 20 хувааж, хүүхдийн тунг тааруулдаг байсан. Тиймээс өнгөрсөн зургадугаар сараас хүүхдийн тунгаар буюу таван мгр хэмжээтэйгээр люминал үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ сав баглаа боодол нь ижил, шошгон дээрх тунг тав, 100 мгр гэдгээр нь өөр бичсэнийг жор баригч анзаараагүйгээс 16 хүүхэд хордсон билээ. Тухайн үед Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат “Эмийн савлагаа нь адил байсан нь эмийн санчийг андуурахад хүргэсэн гэж үзэн манайхаас энэ эмийг үйлдвэрлэхийг хориглосон” гэж мэдэгдэж байсан. Олон улсын жишигт ижил үйлчилгээтэй, нэг нэршилтэй эмийн сав, баглаа боодол адил байдаг бөгөөд зөвхөн тунг нь тодорхой бичсэн байдаг аж. Амоксициллин гэхэд 500 мгр, 250 мгр гэсэн тунгаараа ялгаатай байдгаас савлагаа нь өөр байдаггүйг эмийн санчид тайлбарласан. Гэтэл жор баригч тун анзаараагүй бурууг үйлдвэрлэгчид тохож эм үйлдвэрлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газар хориглосон шалтгаан нь энэ.
ӨӨРСДӨӨ БҮРТГЭЭГҮЙ БУРУУГАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЧИХЖЭЭ
Хүүхэд хордсон дуулиан дэгдэхтэй зэрэгцээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж фенобарбитал эмийг улсад бүртгэлгүй гэх шалтгаанаар үйлдвэрлэхийг хориглосон. Тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ЭМБСХХ-ийн дарга Г.Батмөнх “Гурван жилийн өмнөөс л дотоодод үйлдвэрлэж байгаа эмнүүдийг бүртгэлжүүлж гэрчилгээ олгох ажил эхэлсэн бөгөөд энэ ажил ЭМЯ-нд их удаан явагддаг болохоор “Фенобарбитал” эм бүртгүүлээгүй байсан байх” гэж мэдэгдэж байсан. Үнэхээр ч дотоодын 35 үйлдвэрийн 2500 орчим эмийн 90 хувь нь бүртгэлгүй байдаг аж. Энэ үйлдвэрлэгчдээ биш бүртгэж авах төрийн байгууллагуудын шат дамжлага хэтэрхий хойрго, удаанаас болдог гэдгийг үйлдвэрлэгчид ярьсан. Стандартчилал, хэмжил зүйн газарт эмийн стандарт бүртгүүлэхийн тулд дөрвөн удаагийн хурлаар орох шаардлагатай. Гэтэл нэг хурал жилд нэг юм уу, хоёр л болдог. Жилдээ ганц, хоёр хуралдахдаа 3-4 эм л хэлэлцэх дотоод дүрэмтэй. Заавал стандарт шинэчилж байж тухайн эмийг бүртгүүлэх учиртай болохоор өдрийн од шиг болдог хурлыг нь хүлээхээс аргагүй. Бас эм судлал, эмийн технологийн зөвлөлийн хурлаар ч нэг дор олон эм хэлэлцдэггүй юм байна. Энэ мэт шат дамжлага удаанаас болж өнгөрсөн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэж байгаа нийт эмийнхээ 10 хувийг л бүртгэсэн аж. Одоо үйлдвэрлэхийг хориглочихоод байгаа люминал эмийг гэхэд бүртгүүлэх гээд дарааллаа хүлээж байжээ.
Бид Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Д.Болдбаатараас люминал эмийг хэзээнээс үйлдвэрлэх талаар тодруулахад “Улсын бүртгэлд даруйхан бүртгэх асуудлыг Эрүүл мэндийн яаман дээр ярьж байна. Энэ шалтгаанаар үйлдвэрлэхийг хориглосон учраас Эрүүл мэндийн яам л шийдвэрээ гаргах байх. Улсын бүртгэлд бүртгэсний дараа сав баглаа боодлоо цэгцлэх асуудлыг үйлдвэрлэгчид тавих ёстой. Энэ асуудал Эрүүл мэндийн яаман дээр байгаа учраас манайх мэдэхгүй байна” гэлээ. Харин Эрүүл мэндийн яамнаас лавлахад “Манайхаас гарсан ажлын хэсэг шуурхай ажилласны дүнд Фенобарбитал эмийг бүртгээд авчихсан. Сав, баглаа боодол дээрээ гацаж байгаа байх” гэдэг хариултыг өглөө.
Үйлдвэрлэгч болох “Эмийн үйлдвэр импекс” компанийн захирал О.Дамбаас Фенобарбитал эмийг хэзээнээс дахиж үйлдвэрлэх, хэзээ хэрэглэгчдийн гар дээр очих талаар лавлахад “Эрүүл мэндийн яам гурав хоногийн өмнө л бүртгэсэн. Бүртгэлийн дугаар эмийн савлагаан дээр бичигдэх ёстой учраас дахин савлагаагаа захиална. Дээр нь хүүхэд, том хүний тунг хараагүй хүн ч ялгахаар савла гэсэн шаардлага тавьсан. Сав баглаа боодол зэргийг захиалж хийлгэхэд хамгийн багадаа нэг сар шаардагдана” гэлээ. Тэгэхээр люминал эм хэрэглэгчдийн гар дээр хамгийн хурдандаа нэг сарын дараа очиж мэдэх нь. Тэр хүртэл хичнээн хүүхэд, тайвшруулах эм ууж унтдаг хэдэн настан хохирох бол.
Ц.ӨРНӨХ