Categories
мэдээ нийгэм

Өрхийн аж ахуйн талаарх төрийн бодлогыг танилцууллаа

Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Эл өдрийн хүрээнд ҮХААЯ-аас Хоол тэжээл хүнсний аюулгүй байдалд баримталж буй төрийн бодлого, Өрхийн аж ахуйг дэмжих талаар баримталж буй төрийн бодлого зэргийг танилцууллаа. Танилцуулах уулзалтад салбарын сайд Ш.Түвдэндорж, НҮБ-ын ХХААБ–н монгол дахь төлөөлөгч Шейх Ахадзуман нар оролцсон юм. НҮБ-ын төлөөлөгч Шейх Ахадзуман уулзалтын үеэр “Дэлхийн хүн амыг ядуурлаас, өлсгөлөнгөөс аврахад өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл чухал үүрэгтэй. Энэ нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт жижиг аж ахуйн нөлөөллийг нэмэгдүүлэхэд тусладаг. Улс орны хүнсний аюулгүй байдлын баталгааг бүрдүүлдэг. Ийм учраас манай байгууллагын зүгээс хүнсний аюулгүй байдлын дунд хугацааны баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Энэ утгаараа 2014 оны дэлхийн хүнсний өдрийг “Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ гэсэн уриан дор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх юм” гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ. Манай улсад 140 гаруй мянган өрхйин аж ахуй эрхлэгчид, 40 мянга гаруй тариаланчид байдаг бөгөөд тэднийг дэмжсэн эрх зүйн орчин, төрийн бодлого хэрэгжиж байгаа” гэдгийг салбар яамнаас мэдээллээ.

З.Батхуяг

Categories
мэдээ нийгэм

Баянголчууд шинэ эмнэлэгтэй боллоо

Баянгол дүүргийн эрүүл мэндийн шинэ төв өнөөдрөөс ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Уг эмнэлгийг барих санаачлагыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар гаргаж, төсвийг бүрдүүлжээ. Барилгад нийтдээ долоон тэрбум 6,47 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд “Гангар Инвест” ХХК найман сарын хугацаанд барьж дуусгасан байна. Энэхүү шинэ эмнэлэг нь 100 ортой, 500 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна. “Эрүүл мэндийн шинэ төвийг нээснээр анхан шатны тусламж үйлчилгээг дүүргийн хүн амд найдвартай, түргэн шуурхай хүргэх боломжтой боллоо” хэмээн нээлтийн үеэр албаныхан хэлж байсан юм. Нээлтийн ажиллагаанд УИХ–ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ –ын гишүүн С.Одонтуяа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат тэргүүтэй албаны хүмүүс болон дүүргийн иргэд оролцлоо.

З.Батхуяг

Categories
мэдээ нийгэм

Түлхүүр тааруулж хулгай хийх гэмт хэрэг ихэсчээ

Цагдаагийн байгууллагад сүүлийн хоёр сарын хугацаанд гэрт нь түлхүүр тааруулан орж, хулгай хийсэн байна гэх дуудлага нэлээд бүртгэгдэх болжээ. Нийслэлийн зургаан дүүрэгт 40 гаруй айлд нэг үйлдлээр буюу түлхүүр тааруулан орж, эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарсан байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хоёр сарын турш хэргийг шалгасны эцэст Баянзүрх дүүргийн харъяат, 32 настай Н гэх залуу тус хэргийг ганцаараа үйлддэг байсныг саяхан олж тогтоожээ.

Цагдаагийнхан Н-ын машинаас 72 төрлийн түлхүүр олсон байна. Тэрээр эдгээр түлхүүрээсээ өдрийн цагаар орон сууцны айлуудын бүргэд хаалганд тааруулан орж хулгай хийдгээ хүлээжээ.

Энэ талаар НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Э.Октябриас тодруулахад “Энэ хэргийн хамгийн их хохиролтой айл гэхэд 60-70 сая төгрөгийн эд зүйлсээ алдсан байна. Орон сууцны бүргэд хаалга баталгаатай гэж хэлэхэд хэцүү болсон. Тиймээс бүргэд хаалгандаа давхар цоож суулгах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажил дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш юм. СӨХ, орцны жижүүр болон оршин суугчид өөрсдөө анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй” хэмээснийг та бүхэнд дуулгая.

Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг хаалттай хэлэлцэж байна

Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг шүүх хурал хаалттай болж байна. Шүүгдэгч Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Орхон аймагт томилолтоор явах үедээ маргалдаж, улмаар халуун ус бие биен рүүгээ цацаж түлсэн хэрэгт хэн хэн нь хохирогчоор оролцож байгаа юм.

Шүүх хурал эхлэх үед хурлыг нээлттэй хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Энэ хэргийг хэлэлцэхэд нилээдгүй хүний нэр хүнд, хувийн амьдралын талаар ярих тул хурлыг хаалттай явуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэж, шүүх танхимд байсан бүхий л оролцогчдыг танхимаас гаргасан юм.

Ийнхүү танхимаас гаргахын өмнө Ц.Оюунтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өнгөрөсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойш эмнэлгээр явж байгаа. Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Мөн одоо ч Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн Ц.Алдармаагийн эмчилгээ, хохирлын төлбөр болох 1 сая 750 мянган төгрөгийг бэлнээр авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгч Ц.Оюунтуулын ялыг хөнгөрүүлэх саналтайгаар оролцоно” гэсэн юм.

Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч “Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтайгаар энэ хуралд оролцоно. Энэ тухай хүсэлтээ өмнө нь прокурорын байгууллагад хэдэнтээ тавьсан. Мөн хоёр жүжигчин бүсгүйн хэргийг шүүн хэлэлцэх явцад тэдний маргалдсан шалтгаан болон цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас хэргийг хаалттай хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.

Ийнхүү шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний үнэ нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар жижиг шуудайтай нүүрс 3000-4000 байгаа бол том шуудайтай хар мод 5000-6000 үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн оны 11 сарын үнэтэй харьцуулахад ойролцоогоор 1000 төгрөгөөр нэмэгдсэн ханштай байгаа юм. Ийнхүү өвлийн улирал эхлээгүй байхад нүүрс, түлээнийхээ үнийг нэмж байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусч байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн өдрийг тэмдэглэлээ

Дэлхий нийтээр аравдугаар сарын 15-ныг хөдөөгийн эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Эл өдрийг угтан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хамтран Нью-Йорк хотноо “2015 оноос хойших хөгжлийн зорилтуудын хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах боломжийн тухай” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

НҮБ-ын системийн байгууллагууд, гишүүн орнууд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон уг хэлэлцүүлгийг Канад улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Гилермо Ришчински, Монгол Улсын Гадаад харилцааны яамны олон улсын байгууллагын зөвлөх О.Энхцэцэг нар удирдан явуулжээ.

Монгол Улс нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын санаачлагчдын нэг юм.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг 1975 онд Мексикт, 1995 онд Бээжинд тус тус болсон дэлхийн эмэгтэйчүүдийн хоёр удаагийн бага хурлаар хэлэлцсэний зэрэгцээ Мянганы хөгжлийн зорилтууд зэрэг глобал хөгжлийн баримт бичгүүдэд тусгаж, холбогдох арга хэмжээг авч ирсэн хэдий ч дэлхий даяар хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд ядуурал, ажилгүйдэл өндөр, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж тааруу хэвээр байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад “ВВС” сайтыг ашиглахыг хориглов

Их Британийн “ВВС” агентлагийн дэргэдэх “www.bbc.com” сайтыг Хятадад ашиглахыг хоригложээ. Энэ тухай тус агентлагийн Олон улсын мэдээний албаны дарга Петр Хоррок “Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, санаатайгаар сайтын бодлогод хөндлөнгөөс оролцохыг оролдож байна” гэжээ.

5Тэрбээр цааш нь “”ВВС” агентлаг байгууллагдсан цагаасаа үнэн зөв мэдээллийг олон улсад хүргэдэг байсан. Бидний давуу тал бол үнэн бодит, шуурхай байдал. Манай агентлаг нэр хүн олохын тулд хэзээ ч худал, шар мэдээлэл нийтэд цацаж байгаагүйг олон улс гэрчлэх болно” гэсэн байна. Тус агентлагийн удирдлагууд Хятадын талаарх мэдээг “Синьхуа” болон “Chinadaily.com”-аас эх сурвалжтай нь нийтэлдэг хэмээж, дээрх шийдвэрээ эргэн харахыг хүсчээ.

5Бээжингийн удирдлагууд 2012 оны дөрөвдүгээр сард нийгмийн зүтгэлтэн Чен Гуанчений гэрийн хорионоос зугтсан тухай материал нийтэлсэнээс болж, “www.bbc.com” сайтыг хаасан удаатай.

Categories
мэдээ нийгэм

Зөрчил гаргасан жолоочийн автомашиныг оношлогоонд хамруулахгүй

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөрчил гаргасан жолооч нарын автомашины гэрчилгээ болоод оношилгоог явуулахгүй болсон талаар мэдээлэл хийлээ. Зам тээврийн осол зөрчил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, Автотээврийн үндэсний төвүүд хамтран нэгэн гэрээ байгуулжээ.

Тус гэрээнд: Автотээврийн тухай хуулийн болон Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрчсөн жолооч нарт ЗХУТөвөөс ногдуулсан торгуулийг бүрэн барагдуулсаныг үндэслэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олголт, техникийн хяналтын үзлэг хийх.

Торгуулийн мэдэгдэх хуудасны хавсралтанд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, техникийн хяналтын үзлэгт дахин орох хугацааны талаарх мэдээллийг тусгах.

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ороогүй, орох хугацаа хэтэрсэн болон орсон боловч стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох үед нь хяналтын камерын тусламжтай илрүүлж, холбогдох торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэшигчид хүргэх.

Нийт техникийн хяналтын үзлэгт орох хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл эзэмшигчидэд гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэхээр зэрэг ажлуудыг хамтран хийхээр болжээ. Энэхүү гэрээ өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж зөвлөмж гаргажээ

Хот хөдөөгүй олон нийтийн сүлжээг өдөр тутмынхаа амьдралд өргөнөөр ашиглах болсон билээ. Үүнээс улбаалан цахим орчин дахь гэмт хэргийн гаралт ч манай улсад ихсэх болжээ. Цахим гэмт хэрэгт дийлэнхдээ олон нийтийн сүлжээнд байнга байдаг өсвөр үеийнхэн өртөх магадлал өндөр байдаг аж.

Цахим орчинд байрших хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авах, олон нийтийн сүлжээнд тавих, заналхийлэх, бусдын нэр төрд халдах, үндэслэлгүйгээр гүтгэх, доромжлох, залилах гэмт хэргүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тиймээс иргэд, болон өсвөр насны охид, хөвгүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж Кибер аюулгүй байдлын газраас “нууц үгийг алдахаас сэргийлэх”, “нууц үг сонгохдоо анхаарах” талаар цуврал зөвлөмж гаргасан байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг http://ncsc.gov.mn/ сайтаас авна уу.

Categories
мэдээ соёл-урлаг

Авъяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадам зохион байгуулагдана

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Авъяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадмыг “Залуусаа дэмжье” уриан дор ирэх арваннэгдүгээр сарын 1-11-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг наадам нь дуу, бүжиг, мисс гэсэн төрлүүдээр зохиогдох бөгөөд бүртгэл аравдугаар сарын 14-25-ныг дуустал үргэлжлэх юм.

“Авъяаслаг Хэнтийчүүд” наадамд амжилттай оролцсон залуусыг клип хийлгэх болон дуу бичүүлэх эрх зэрэг тэдний ур чадварыг дэмжиж, хөгжүүлсэн шагналаар шагнаж урамшуулах аж.