Холливудын нэрт жүжигчин, кино найруулагч Нил Патрик Харрис ирэх онд болох 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг хөтлөхөөр болжээ. Оскарын академийн хэвлэлийн төлөөлөгч ИТАР-ТАСС-аар дамжуулж ингэж мэдээлжээ. Харрис “Америкийн кино урлагийн академиас тавьсан санал миний хувьд нэр төрийн хэрэг. Миний мөрөөдөл биеллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан аж. Тэрээр Америкийн телевизийн урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг 65 дахь удаагийн “Emmy awards”-ийг өнгөрсөн жил хөтөлсөн туршлагатай юм байна.
Month: October 2014
4000 гаруй хүний аминд хүрсэн эбола цусархаг халууралт өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй ХӨСҮТ-д хандахыг сануулжээ. МХЕГ-аас нэгэн анхааруулгыг өчигдөр иргэдэд хүргүүлжээ. БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах 97 хувийн магадлалтай байгаа юм. Бээжинд энэ өвчний тохиолдол бүртгэгдэх юм бол Монгол Улсад ч тархах магадлал нэмэгдэнэ гэж албаныхан сэрэмжлүүлж байна.
Италийн Милан хотноо өнөөдөр (10-р сарын 16) эхэлсэн Ази-Европын уулзалт (Asia-Euvrope Meeting) буюу АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ: “Юуны өмнө энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Италийн засгийн газарт талархлаа илэрхийлье. Мөн “АСЕМ”-ийн эгнээнд шинээр гишүүнээр элсэж байгаа Хорват болон Казакстаны төрийн тэргүүн нарт баяр хүргэе.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь олон улс, дэлхий дахинд Эбола вирусын тархалт, бүс нутаг дахь мөргөлдөөн тэмцэл, терроризмын аюул өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд болж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр болж байгаа “АСЕМ”-ийн чуулган нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд энэ асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэж, санал бодлоо солилцож нэгдсэн байр суурьт хүрэх бололцоог олгох ёстой. Өнгөрсөн сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Монгол улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх байр сууриа илэрхийлж, үүний төлөө шийдвэртэй алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад уриалсан билээ.
“АСЕМ”-ийн чуулган Ази Европын бүс нутгийн уялдаа хамтын ажиллагаа , чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тогтвортой хөгжлийг улам нэмэгдүүлнэ гэдэгт бид санал нийлж байна. Монгол Улс үүний төлөө тодорхой санаачилга гаргаж байгаа. Тухайлбал өнгөрсөн сард Душанбе хотноо ОХУ,Хятад, Монголын 3 талт дээд хэмжээний уулзалт анх удаа болж, транзит тээврийг хөгжүүлэх, дэд бүтэц хамтын ажиллагаа болон худалдааны саад бэрхшээлийг арилгахаар тохиролцсон юм. Хятад,Монгол, Орос улсын хамтын ажиллагаа ийнхүү хөгжиж байгаа нь Ази Европыг улам ойртуулж холбоход томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Зүүн хойд Ази дахь энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь манай улсын Үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл юм. Улс орнууд харилцан нээлттэй саналаа солилцох нь бидний харилцааны итгэлд түлхэц үзүүлэх болно. Үүнтэй холбогдуулан миний санаачилсан “УБ-ын яриа хэлэлцээр”-ийн хүрээнд Монголд Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын уулзалт, Олон улсын судлаачдын бага хурал, Зүүн хойд Азийн хотуудын захирагч нарын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд Ази Европ илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.” гэлээ.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих болсон билээ. Энэхүү хэлэлцээр ирэх сарын 14-нөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заажээ. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол виз авах аж.
Аргын тооллын 10 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 24, найрлалт эх одтой, цагаагчинтахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан 18 цаг 14 минутад жарагана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хйихэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөгму нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалга хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр үдэд эхэлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн оройн 19.00 цагийн орчимд шийдвэрээ гаргаж, Ц.Алдармаад 7.1 жилийн хорих ял оноосон бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдууллаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Алдармаагийн ар гэрийнхэн “Манай охин ч хохирсон, шүүх шударга шийдвэр гаргасангүй” гэсэн бол өмгөөлөгч нь давж заалдахаа мэдэгдэв.
Жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь өнгөрсөн хавар Орхон аймагт томилолтоор ажиллаж явах үедээ хоорондоо маргалдаж, улмаар бие бие рүүгээ буцалсан халуун ус цацсан юм.
Ц.БУЛГАН
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 16.40 цагийн орчимд эхэллээ.
Уг хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхний арван төслийг баталлаа.
Ингэснээр энэ өдрийн чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүлэв.
Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Түүгээр Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэж эхлэх юм байна.
АНУ-ын Лос-Анжелес хотноо 2015 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 2-нд зохион байгуулах Тусгай олимпийн зуны наадамд манай улсийн баг, тамирчид оролцохоор болжээ.
Энэхүү наадамд дэлхийн 177 орны 700 гаруй тамирчин, 300 гаруй дасгалжуулагч, 30 мянга гаруй сайн дурынхан оролцоно. Олон улсын тусгай олимпийн хорооноос зохион байгуулж байгаа уг наадамд Монгол Улсаас спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцох ажээ.
Лос-Анжелес хотноо болох анхдугаар наадамд оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор Монголын тусгай олимпийн хорооноос оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулсан тусгай олимпийн үндэсний анхдугаар наадмыг энэ сарын 17, 21, 22-нд жүдо, ширээний теннис, хөнгөн атлетик (холын болон ойрын зайн гүйлт) гэсэн төрлөөр зохион явуулах юм байна. Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадамд 200 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд тэмцээнийг Монголын тусгай олимпийн хороо нь ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулах аж.
МАХН-ын бага чуулган өчигдөр эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй хойшилж өнөөдөр үргэжлүүлэн хуралдаж байна. Тус хуралд 100 гаруй гишүүд, намын удирдлагууд болон хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд буй намын дарга Н.Энхбаяр оролцож байгаа аж.
Энэ бага чуулганаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын танхимд орж ажилласан гишүүдийнхээ тайланг сонсож, шинээр томилох сайд нарын талаар хэлэлцэж, их чуулганы товыг зарлах юм байна. Тиймээс асуудал нэлээд ширүүхэн байгаа өрнөж байгаа бололтой. Ямартай ч УИХ-д даргад Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний нэрсийг өргөн барихад эвслийнхний санал ороогүй байна.
Гэхдээ УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар дөнгөж сая баталлаа. Ингэхдээ Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлөхийг гишүүдийн 73 хувь нь дэмжсэн юм. Ч.Улаан сайд чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхийг хүсч чөлөөлөгдөж буй шийдвэрээ цэвэр манай МАХН-ын шийдвэр байсан юм шүү гэдгийг мэдэгдлээ. Тэгэхээр МАХН-аас Шадар сайдын албыг намын дэд дарга Д.Тэрбишдагва үргэжлүүлэн хаших уу, мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг өөрчилж Л. Жамбалжавыг томилох уу гэдгийг шийдэх үлдээд байгаа юм.
Ойрын эх сурвалжийн мэдээллээр Д.Тэрбишдагва өөрийнхөө хүсэлтээр Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Намын зарим гишүүд нь МАХН-ын дарга, дэд дарга л Шадар сайдын алба хаших ёстой, ийм байж таарахгүй гэсэн санал гаргажээ. Гэвч Д.Тэрбишдагва “Надад сандал, ширээтэй зууралдаад байх шаардлага байхгүй. Намын дэд даргын албыг ч хүлээлгэн өгөхөд бэлэн” гэжээ. Монгол Улсын Шадар сайдын сэнтийд Н.Энхбаяр дарга, Д.Шаравдорж нарын нэрсийг зүтгүүлж буй сурагтай.
Пүрэв гариг бүрт болдог “Сайдын 30 минут” энэ удаагийн уулзалтаар Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Ш.Түвдэндорж оролцон, мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.
Сайдын өгсөн мэдээллээр энэ өвөл 50 орчим сая мал өвөлжинө. Улсын хэмжээнд 1.25 сая тн өвс бэлтгэхээс 80 орчим хувийг нь бэлтгээд байгаа юм байна.
Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор малчдын ноосны урамшуулалд олгосон 36 тэрбум төгрөгийн 10 хувь буюу 3.6 тэрбум төгрөгийг сум, дүүрэг бүрт олгож өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж байгаа гэнэ. Хадлан бэлтгэлд 180 мянган хүн ажиллажээ. Франц, Германаас өндөр ашиг шимт үүлдрийн 850 үхэр, ОХУ-аас 800 бүл зөгий импортлосон зэрэг ажлыг эрчимжсэн мал аж ахуйг дэмжин хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийсэн байна.
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 95 хувьтай, энэ сарын 20 гэхэд бүрэн дуусна. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тн үр тариа, үүнээс 439.8 мянган тн буудай, 154.7 мянган тн төмс, 100.2 тн хүнсний ногоо, 47.8 мянган тн тосны ургамал, 41.2 мянган тн тэжээлийн ургамал хураах тооцоог тус яам хийжээ. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийт 23 гурилын үйлдвэртэй гэрээ байгуулж, 27 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг бүтэн жилийн хугацаанд 850 төгрөгт барина гэж тооцсон байна. Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд 12 мянган тн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 14-ний өдөр дахин зарлажээ. Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон зэрэг мэдээллийг өглөө.