Categories
мэдээ нийгэм

”Railbus” Дархан-Улаанбаатар чиглэлд явах гэж байна

Өнгөрсөн зургадугаар сарын 6-наас Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд “Railbus” үйлчилгээнд явж эхэлсэн ч алдагдалтай ажилласан билээ. Ийм шалтгаанаар “Railbus” Дархан-Улаанбаатар чиглэлд явахаар болсон юм. Дархан-Улаанбаатарын чиглэлд явснаар “Railbus” алдагдлаа нөхөж чадна гэж албаныхан үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Хотын шуурхайгийнхан өмчлөх газрын хаягийн зургийг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 21-ний өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

ө -Хаягийн зураг батлах тухай /Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх 52 байршлын 31 байршил, зуслангийн газрын 21 байршил/

ө -Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай /Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр/

ө -Дүрэм батлах тухай /Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм/

ө -Орон сууц ашиглалтын албыг шилжүүлэх тухай

ө -Нийслэлийн өмчийн оролцоотой компани байгуулах, Компанийн ТУЗ-д нийслэлийн төлөөллийг томилох тухай /Улаанбаатар смарт карт/

ө -“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай

ө -Олон нийтийн цагдаагийн ажилтныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай

ө -Ээлжит XX хуралдаан зарлах тухай

ө -Ээлжит XX хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хойд хөршид хоёр оюутан эболагаар өвдсөн байж болзошгүй нь

Москвагаас баруун өмнө зүгт 350 км зайтай орших Орловская хотын эмнэлэгт Эбола вирусын халдвар тээсэн байж болзошгүй Африкийн хоёр оюутныг хэвтүүлжээ. Оюутнууд нийслэлийн нисэх онгоцны буудалд газардаж, хот руу автобусаар аялаж явжээ. Тэд 37.3 C хүртэл халуурч байсан учраас тусгаарлах арга хэмжээ авчээ. “Орост Эбола вирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул ариутган халдваргүйжүүлэх арга хэмжээг шуурхай авч, халдварын тархалттай бололцооны хэрээр тэмцэнэ” гэж Эрүүл мэндийн яамны хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Олег Салагай ярьсан байна.

Categories
мэдээ улс-төр

Ц. Элбэгдорж, Ши Жиньпин нар харилцан баярын цахилгаан илгээжээ

Хятад улсын Дарга Ши Жиньпин 10 дугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор харилцан баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш юм. Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн турш найрсаг харилцаа болон хамтын ажиллагаа ямагт хоёр орны харилцааны гол урсгал болсоор ирсэн юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, сүүлийн жилүүдэд хоёр орны өндөр төвшний харилцаа холбоо нягтшиж, улс төрийн итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдаа, соёл хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд үнэн бодит ашиг тусыг авчирсан юм. Хятадын тал хоёр орны харилцааны хөгжлийн сайн чиг хандлагад сэтгэл хангалуун байна гэж тэмдэглэжээ.
Ши Жиньпин, энэ оны 8-р сард эрхэм таны урилгаар миний бие Монгол улсад төрийн айлчлал хийж, та болон таны улсын бусад удирдагч нартай хоёр талт харилцаа, түүнчлэн хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, ялангуяа хоёр тал Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн нь хоёр орны харилцаа шинэ шатанд ахисныг харууллаа. Би Хятад, Монголын харилцааны хөгжлийг машид чухалчилж байна, таны хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын харилцааг тасралтгүй урагш хөгжүүлж, хоёр орон болон хоёр орны ард түмэнд нэн их ач тус хүртээхэд бэлэн байна гэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баярын цахилгаандаа, Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн турш, хоёр тал ямагт эрх тэгш харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим баримталж, харилцан бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүр бүтэн байдлыг хүндэтгэж, харилцан бие биеийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж ирсэн билээ. Миний бие хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр төвшинд хүрч, түүнчлэн олон салбарт тасралтгүй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг ноён таны хамт, нэгэнт тогтоосон найраг дотно, ажил хэрэгч харилцаагаа эрчимжүүлж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийн аугаа их үйлсийг түлхэн урагшлуулахын төлөө хичээн зүтгэхэд миний бие бэлэн байна гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Нисванис хамтлагийн тоглолт маргааш болно

“Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу маргааш “Улаанбаатар” чуулгад “Unplugged” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох юм байна.

“Улаанбаатар” чуулгын тайзнаа энэ сарын 18-нд 18.00 цагт ганцхан удаа болох уг тоглолтын тасалбар 20 мянган төгрөг аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газраа чөлөөлж өгсөн иргэд, аж ахуйн нэгжүүд шинэ орон сууцандаа орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийг­дэж буй анхны орон сууц өчигдөр ашиглалтад орлоо. Өөрөөр хэлбэл, газраа чөлөөлж өгсөн иргэд, аж ахуйн нэгжүүд ийнхүү нэг жилийн дотор тохилог орон сууцанд тухлах эрхтэй боллоо.

Сонгинохайрхан дүүр­гийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр буюу иргэ­дийн нэрлэдгээр Ханын материалын эцэст байрлах”Хайрхан хороолол” нэртэй энэхүү гурван блок орон сууц нь зөвхөн нэгдүгээр ээлжийн барилгууд бөгөөд ирэх жилийн өдийд гэхэд дараагийн 650 айлын орон сууцыг ашиг­лалтад өгөхөөр ажлаа хийж байгаа тухай тус байрны нээл­тийн үйл ажиллагаанд оролцсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлж байсан юм.

Ашиглалтад орж айлуу­даа хүлээн авч буй гурван блок байрны тухайд нийт 160 айлын орон сууц бөгөөд блок тус бүрийн нэг, хоёрдугаар давхрын нийт 900 мкв-ыг үйлчилгээний зориу­лалтаар ашиглах юм. Харин түүнээс дээшхи давх­руудад айлууд байх зохион байгуулалттайгаар барьжээ.

Энэхүү байрыг барих ажлыг “Хера холдинг” компани гардан гүйцэтгэсэн аж. Харин туслан гүйцэтгэгчээр нь “Бэг бүрд” компани ажиллажээ. Нийслэлийн захирагчийн ажлын албаны хувьд тус байрыг барихад зөвхөн дэд бүтцийг нь л шийдэж өгчээ. Үүнд улсаас 9.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин барилгын бусад ажлыг “Хера холдинг” компани бүрэн хариуцаж, аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажилласан байна. Тус компанийн хувьд найм орчим тэрбумыг зарцуулжээ.

Өмнө нь буюу хоёр хүрэхгүй жилийн яг өдийд тус газарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулаад 10 гаруй жил болсон 14 аж ахуйн нэгжийн төлөөлөл цугларч, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах тухай ярилцаж байжээ. Улмаар тэд хүсэлтээ Нийслэлийн захирагчийн ажлын албаны Наран дахь салбарт тавьж байсан байна. Тухайн үед гэр хорооллыг дахин төлөвлөх тухай журам ч батлагдаж амжаагүй байсан бөгөөд иргэд өөрсдөө хүсэлт гаргасан тул захирагчийн ажлын алба болон барилгын компани хоорондоо гэрээлснээр ийнхүү ажил эхэлжээ. Ингээд2013 оны тавдугаар сард өөрсдийн эзэмшдэг дэлгүүр, цайны газар, PC тоглоомын газрынхаа жижиг павильонуудыг нурааж өгөв. Зам дагуу байрлалтай тул энд нэг ч айл өрх байхгүй, зөвхөн үйлчилгээний цэгүүд л байжээ.

Харин өнөөдөр тэдгээр хүмүүс тохилог орон сууцанд хуучин эзэмшиж байсан мкв-ын хэмжээгээрээ үйлчилгээний талбай, дээд давхарт нь амьдрах гэртэй, доороо автомашины гарааштай болсон байна.

Дээр дурдсан 14 аж ахуйн нэгж тухайн үед барилгын ажлыг найдвартай болгохын тулд өөрсдийн төлөөллийг сонгож, байнгын хяналт тавьж ажиллаж байсан төдийгүй барилга дээр ажиллах гэх мэт ажлын байраар хангагдаж байсан нь өөр нэг таатай үзэгдэл гэдгийг энэ үеэр Э.Бат-Үүл дарга онцолж байлаа.

Түүнчлэн тэрээр “Японд гэр хорооллыг дахин төлөвлөх явц 12 жилийн турш үргэлжилсэн, Солонгост зургаан жил болсон. Харин манай улс жил гаруйхны хугацаанд төр, иргэн, барилгын компани гурвын итгэлцлийн үндсэн дээр хөгжилтэй орнуудын олон жилийн турш хийсэн зүйлийг хийж чадлаа. Тэд манайхаас суралцах хэрэгтэй болох нь” хэмээн цугларсан хүмүүсийг хөгжөөж байсан юм.

Дараагийн 650 айлын орон сууцны тухайд дэд бүтцийн асуудал нь үндсэндээ шийдэгджээ. Өөрөөр хэлбэл, цахилгааны ажил бүрэн дуусч, цэвэр, бохир усны холболтын ажил 40 хувьтай яваа юм байна. Төр буюу нийслэлээс энэхүү дэд бүтцийн ажлаа хурдан хугацаанд хийгээд өгчихвөл “Хера холдинг” компанийн хувьд дараагийн орон сууцнуудыг хүлээлгэн өгөхөд ямар ч асуудал байхгүй гэдгийг тус холдингийн ерөнхий захирал Х.Ганхуяг энэ үеэр хэлж байлаа.

Одоогийн байдлаар дараагийн орон сууцыг ашиглалтад өгөхийн тулд 40 айл газраа чөлөөлж өгөөд байгаа юм байна. Ер нь иргэд тохилог орон сууцанд амьдрахын тулд газар чөлөөлж өгөх асуудалд тийм ч хойрго хандахгүй байгаа нь ажлыг эрчимжүүлэхэд таатай нөлөө үзүүлж байгааг Х.Ганхуяг захирал хэлж байна лээ.

Ашиглалтад орсон байрны тухайд дээр хэлсэнчлэн аж ахуйн нэгжүүд хуучин өөрсдийн эзэмшиж байсан үйлчилгээний цэгийнхээ мкв-ын хэмжээгээр авч байгаа. Ингэхдээ аль аль тал нь ямар нэг зөрүү төлбөр төлөөгүй ажээ. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны дахин төлөвлөлт гэх мэт газруудад иргэд, компанийн хооронд өртгийн хувьд үл ойлголцол үүсч байсан бол “Хера холдинг” болон сонгинохайрханчуудын хувьд ямар ч асуудал үүсээгүй гэдгийг ч албаныхан онцолж байлаа.

Ажлын байрнаасаа гадна амьдрах байраа авсан иргэдийн хувьд банкны найман хувийн зээлд хамрагдан худалдан авч байгаа юм байна. Түүнээс гадна “Хера холдинг”-той гэрээ байгуулан хөнгөлттэй үнээр 2-3 өрөө буюу 51-80 мкв хүртэл байр худалдан авч байгаа хүмүүс ч бий гэсэн.

Уг барилга 160 айлынх гэдгийг хэлсэн. Энэхүү байрт газраа чөлөөлж өгсөн 14 аж ахуйн нэгжийн эздийг бүгдийг оруулж, үлдсэн байруудаа худалдах байдлаар компани ашгаа хүртэж байгаа аж. Ханын материал хавийн байрны өртөг нэг сая 500 мянгаас нэг сая 700 орчим мянган төгрөг байгаа бөгөөд тус компанийн хувьд нэг сая 500 мянгаар захиалга авч, аль хэдийнэ байраа дуусчээ.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БИЕЭРЭЭ МЭДЭРЛЭЭ”

Нийслэлийн Засаг дарга болон албаны бусад хүмүүс шинэ байрандаа орж байгаа Р.Цэндхүү гуайнд зочилсон юм. Эдний охин Ц.Цогзолмаа өмнө нь энэ газарт жижиг цайны газар ажиллуулдаг байжээ. Харин одоо 198 мкв үйлчилгээний талбай, 58 мкв хоёр өрөө байр, машины дулаан зогсоолтой болжээ. Хэдийгээр байраа худалдан авч байгаа ч гэсэн Ц.Цогзолмаагийн хувьд маш ашигтай тохиролцоо болсон байна гэдгээ мэдэрч байна хэмээн хотын даргад талархлаа илэрхийлж байсан юм. Тэрээр мөн “Анх газраа чөлөөлж өгөхдөө амьжиргааны гол хэрэгслээ юу л болгочихов доо хэмээн шийдвэртээ их эргэлзэж билээ. Гэхдээ одоо би өөрийн нүдээр үзэж, биеэрээ мэдрээд үнэхээр баяртай байна. Би өөрөө бүр барилгын ажилд үргэлж оролцож байсан. Өрөөнийхөө хаалгыг тийшээ харуулна, гал тогоогоо энд нь байлгана гэх мэт дотоод зохион байгуулалтаа өөрөө хийсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг үнэхээр бодит зүйл юм байна гэдгийг манайхаас харж болно” хэмээн хотын даргад цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьсан юм. Харин хотын дарга хадгийг шинэ өргөөний мялаалга болгон таазанд нь уяж өгсөн билээ.

Ц.Цогзолмаа тус байрандаа өөрийн аав ээжтэйгээ амьдрах бөгөөд азай буурлууд ч тохилог байртай болсондоо Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болон хотын дарга Э.Бат-Үүл нарт талархлаа илэрхийлж байсан юм.

ӨӨРӨӨ РЕСТОРАНТАЙ, ХОЁР ДҮҮГЭЭ БАЙРТАЙ БОЛГОЖЭЭ

Үйлчилгээ эрхэлж байсан газраа чөлөөлж өгөөд 117 мкв үйлчилгээний талбай, 51, 58 мкв-тай хоёр ширхэг хоёр өрөө байр худалдан авч байгаа Л.Батжаргалтай уулзлаа. Тэрээр өмнө нь энд цайны газар, PC тоглоомын газар ажиллуулдаг байжээ. Хотын захиргааг Ханын материалд нүүлгэх тухай шийдвэр гарч, бүтээн байгуулалтын ажил эхлэх үед тэрээр ойролцоох павильонуудын эзэдтэй уулзан бизнесээ өргөжүүлэх, давхар амьдрах байртай болох талаар санал солилцжээ. Бизнес эрхлэгчдээс зарим нь зөвшөөрч байсан ч зарим нь амьжиргааны гол хэрэгслээямар ч баталгаагүй зүйлийн төлөө үгүй хийж чадахгүй гэж байсан байна. Гэсэн ч тун удалгүй бүгд зөвшөөрснөөр барилгын компани, нийслэлийн захирагчийн ажлын албатай гурвалсан гэрээ байгуулж, барилгын ажлаа эхлүүлжээ.

Л.Батжаргал өдгөө байрны нэгдүгээр давхарт байрлах 117 мкв үйлчилгээний талбайгаа бүхэлд нь өндөр зэрэглэлийн ресторан болгон ажиллуулахаар засварын ажлаа хийж байна. Тэдний ресторанаар орлоо. Барилгын ажилд эхнээс нь гар бие оролцож байсны хувьд арай давуу “эрх” эдлэн ард талдаа хаалга ч гаргуулж амжжээ. Түүнчлэн гал тогоо, үйлчлүүлэгчдийн заал гээд нарийн төлөвлөн засвар хийж байна. Гал тогооны таазаар агаар, хиншүү сорох салхивчин хоолой гүйлгэж, ажилчдын ОО-ын өрөөг шинээр төлөвлөж хийх гэх мэт тусдаа шийдлүүдийг ч хийж байгаа юм байна. Энэхүү засварын ажилд тэрээр 70 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа гэнэ лээ. Өнөөдрийн хувьд энэ хавьд өндөр зэрэглэлийн ресторан нээх нь тийм ч ашигтай биш ч яваандаа хотын захиргаа нүүгээд ирвэл нэлээд ашиг олох боломж байгаа тул ийм шийдвэр гаргасан хэмээн Л.Батжаргал хуучилж байсан юм.

Өмнө нь тэрээр цайны газраасаа сардаа 6-7 сая төгрөгийн цэвэр ашиг олдог байсан бөгөөд барилгын ажил явагдаж байх хугацаанд цайны газраа өөр газар түр байрлуулан ажиллаж байсан тул барилга барих хугацаанд түүнд эдийн засгийн хувьд тийм ч хохиролтой байгаагүй аж.

Л.Батжаргал нэг, хоёрдугаар байрны тус бүрийн зургаан давхар 51, 58 мкв-тай хоёр ширхэг хоёр өрөө байр худалдан авчээ. Ингэхдээ барилга баригдаж эхэлснээс хойш бага багаар төлсөөр одоо төлбөрийнхөө 80 орчим хувийг хийгээд байгаа гэсэн. Тэрээр ойролцоох гэр хороололд хашаа, байшинтай бөгөөд дээрх хоёр байраа хоёр дүүдээ авч өгч байгаа юм билээ.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Н.Даваа: Хоёр найз маань чи өөрийнхөөрөө л яваарай, бид гараад амьдралаа бодъё гэсэн

-ХЭН ХОЖООД БАЙНА ГЭХЭЭР МОНГОЛ УЛС ӨӨРӨӨ ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ АЛДААД БАЛАРЧ БАЙГАА ЮМ. ХЭДЭН БАНКУУД НЬ ЦӨМ АШИГ ОЛООД БАЙНА-

Та суллагдаад “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эргэж очсон гэсэн. Юу гэж ярьж байх юм?

-Намайг хоригдож байхад Ц.Мөнхбаяр эргэж очсон юм. Тэр үед “Бид үйл ажиллагаагаа зогсоолоо. Тантай уулзчихаад нутагтаа очижОнги голынхоо дэргэд очиж амьдарна”гээд явсан хүн л дээ. Тэгсэн чинь телевиз үзэж суутал”Гал үндэстэн” холбооныхон буу, гранат болоод явчихсан гэсэн мэдээлэл гардаг байгаа. Нутаг руугаа явсан хүн яахаараа буу шийдэм болов гээд их гайхлаа. Суллагдаад хоёр гурав хоносныхоо дарааЦ.Мөнхбаярыг эргэж очихдоо хамгийн түрүүнд “Чи чинь юу болчихов” гэж асуусан.

Тэгсэн Ц.Мөнхбаяр юу гэж байх юм?

-Би үүргээ биелүүлсэн л гэж хэлсэн. Нутагтаа очоод байхад нь УИХ-ын зарим гишүүн “За бид урт нэртэй хуулийг чинь дийлэхээ байлаа. Чи өөрөө хамгаалдаг юм уу гэхээс, бид хамгаалахаас өнгөрсөн” гэж утсаар хэлсэн юм билээ. Тэгэхээр ньнийслэлд ирээд Уул уухайн сайд Д.Ганхуягтай уулзсан гэсэн. Ганхуяг сайд “Тэр хууль чинь өнгөрсөн. Шийдэгдсэн асуудал” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд л буу шийдэмдээ хүрсэн гэж надад хэлсэн.

-“Анод”-ыг хамт байгуулсан Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг таван жил, таныг гурван жил хорих шүүхийн шийдвэр гарч байсан. Тэднийг суллах хугацаа болоогүй байх. Найзуудыгаа эргэж очив уу?

-Энхтөрийг эргэж очсон. Дарханд байгаа.Хорих дэглэм нь буураад хорих ангийнхаа малыг маллаж байна. Би очиж цахилгаан тавьж өгөөд ирсэн. Бид хоёрын нөхөрлөл 50 жилийн түүхтэй. Нэгдүгээр ангиасаа нэг ширээнд тохой нийлүүлж, өнөөдрийн хүртэл ойр дотно явж ирсэн. Манай Энхтөр Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн шилдэг сурагч байсан. Олимпиад, спорт, амжилт гаргаагүй салбар бараг л байхгүй. Орост электрон механикийн анги төгссөн. Эрдэнэтийн үйлдвэрийн автоматжуулалтыг арван жил хийсэн хүн. Эрдэм шинжилгээний институтэд ажиллаж байсан. “Монел” телевизороос эхлээд бүх л зүйлд гар бие оролцож явсан. Маш сайн мэргэжилтэн. Уг нь дэлхийн хэмжээний худалдаанд оролцож явах хүн. Иймхүнээр мал маллуулаад байж байна. Манай улс бэлтгэгдсэн боловсон хүчнээ маш буруу ашиглаж байгаагийн нэг тод жишээ энэ. Гүр-Аранз бол физикч хүн. Социализмын үед Таван толгойн нөөцийг геофизикийн аргаар тогтоож байсан. Ийм хүмүүсээр аар саар зүйл хийлгэж байхаар улс орон яаж хөгжих вэ дээ. Хийж чадах мэргэжил, албан тушаал дээрээ очих ёстой хүмүүс нь очихгүй байна. Банк дампууруулчихлаа, гэтэл сүүлийн зургаан жил монголчууд дандаа халамж зээлээр амьдарч байна. “Анод” дампуурснаар зөвхөн Даваа, Энхтөр, Гүр-Аранз гэдэг хүмүүс хохирч үлдсэнгүй. “Анод” банкийг түшиж бизнес эрхэлж байсан бүх хүмүүс унасан. Тэдний ард хичнээн олон айлын хувь заяа байв. Тэгэхэд манайх яаж байна. Нэг л их уралдсан барилдсан хүмүүс. Олимп, хөл бөмбөг гээд хуйлраад байдаг. Нэг л их сэтгэлийн цэнгэл авах гэсэн хүмүүс. Тэгээд бидэнд юу үлдэх юм. Бодитой юм руугаа төр засаг нь анхаарлаа хандуулах цаг болсон. Бодитой юм гэдэг нь эдийн засаг. Хүссэн хүсээгүйгазрын баялгаа хаа сайгүй олборлож эхэллээ. Үүнд ямар ч журам дүрэм гэж алга. Эзэн биегүй төр. Ийм төрд ээлжилж гардаг хоёр нам бий. Хоёулаагэмт хэрэгтнүүдээр дүүрсэн. Шилэн данс гэж ярьж байна. Ил тод болгоод яах юм бэ. Энэ хоёр намын санхүүжилтгээд бүх юм авлигаар явж байна. Албан тушаал нь ч авлигаар явдаг. Сайдын суудал хэдэн сая гэдэг билээ. Яригдаад л байдаг шүү дээ. Цаанаа бүх юм учиртай.

Баримттай ярихгүй бол болохгүй байх. Яагаад хоёр нам авлигад идэгдсэн гэж хэлэх болов?

-Бибизнесийн салбарт байсан хүн. Тэдний дансаар хэдэн тэрбум төгрөг орж гарч байсныг мэднэ. Нэг яам хэдэн төгрөг аваад намдаа хэдийг нь өгснийг хүртэл мэднэ. Тэр төрийн байгууллага хэдэн төгрөгийншимтгэл аваад намдаа өгч байгааг нь харж байсан. Тендерээс хэдэн төгрөгийнавлига аваад өөртөө хэдийг үлдээж,намдаа хэдийг өгдгийг нь хүртэлби мэддэг.

Нэр дурдаад хэлчихвэл яасан юм бэ. Нийт дунд нь ярихаар хавтгайраад явчих юм биш үү?

-Нэр цохож хэлээд яах юм бэ. Бүгдээрээ өөрсдийгөө мэдэж байгаа. Намайг хэлсэн, хэлээгүй мэднэ. Ил болгоно гэвэл бүгд шоронд орно. Шоронд орчихсон хүмүүс нь болохоор намынхаа төлөө явсан, албан тушаалтандаа мөнгө аваачиж өгдөг байсан ухуулагч нар байх юм. Сайн мөнгө авчирч өгөхөөр нь хэлтэс, газрын даргаар тавьдаг. Баахан авлигаа авахуулж байгаад,дараа ньбарьж өгөөд шоронд явуулчихдаг. Харин өөрсдөө үлдчихдэг. Зарим тохиолдолдилүү их мэдээлэл задарчихна гээд шорон руу илгээдэг шиг байгаа юм. Иймэрхүү байдлаар цааш амьдрах утга байна уу. Би хал үзлээ, харлаа. Надаас хатуухан өшөө авлаа. Ерөнхийд нь хөндлөнгөөс нь харахад бид өөрчлөх цаг болжээ. Иргэдээ бодох цаг болсон байна. Надад банкныхаа төлөө явахаас өөр арга байхгүй. Уг нь бид эдийн засгийн эрх чөлөөний төлөө явсан. Гэтэл сүүлдээ би ганцаараа үлдчихлээ.

Яагаад ганцаараа гэж, нөгөө хоёр найз чинь байна шүү дээ?

-Манай хоёр найз цуцсан. Даваа чи өөрөө л яваарай. Бид хоёр одоо больё. Чангын шоронд нь орлоо, боллоо. Бид хоёр гараад амьдралаа бодъё гэсэн. Сая эргэж очиход Энхтөр надад энэ үгээ дахин хэлж байна лээ.

Хоёр намд та хандив гэж өгч байгаагүй юу. Та ч юу байх вэ танай банк?

-Өгч байсан. Тэгтэл уул уурхай дээр бид санал нэгдээгүй. Тэд гадныхныг уул уурхай руу оруулж ирэхийг чухалд тооцсон. Бидэндуул уурхайн салбарын мэдэл ихтэй байсан учраасгадныхантай хамтрахыг хүсээгүй. Тэгээд зам хоёр тийшээ салж эхэлсэн. Алтыг бид өөрсдөө олборлож чадна. Гадны хөрөнгө оруулалт бидэнд хэрэггүй. Гадны хөрөнгө оруулалт гэж юу байдаг вэ гэхээр баахан тоног төхөөрөмж авчраад тэрийгээ тав арав дахин өндөр үнээр зардаг байхгүй юу. Энэ нь улсыг дэмжиж буй асуудал биш. Үнэхээр шинэ технологи оруулж ирээд, хөдөө аж ахуйд ч юм уу үйлдвэрлэл нэвтрүүлбэл өөр. Уул уурхайн салбартаа хөрөнгө татна гэдэг Монголоос өөр улсын хийдэг ажил биш. Гадны хөрөнгө оруулалт нэрээр Хятад юм уу, Оросын орд газрыг авч чадах уу, үгүй шүү дээ. Манайд харинтийм боломж байгаа. Түүнийгээ гадны хөрөнгө оруулалт гээд их гоё нэрлэчихсэн. Дэмжээд байх зүйл биш.

Уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалт зогссоноос болж хямрал нүүрлэлээ,долларын ханш өсч байна гэж эдийн засагч бүр ярьж байна. Гарц нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах гээд байгаа шүү дээ?

– 5000 тонн алттай орд батлагдчихсан. Одоо Эрдэс баялгийн зөвлөл дээр асуудал нь явж байна. 12 км газар өрөмдлөг хийсэн. Гэтэл энэ газар чинь 60 км шүү дээ. Дөрвөн бүлэг орд нээгдчихээд байна, цаана нь хэд нэмэгдэхийг мэдэхгүй. Үүнийг зүгээр канадуудад өгчих үү. Канадын еврей нар шүү дээ. Дэлхий глобалчлагдаад ирэхээр еврейчүүд дэлхийн алт мөнгө биднийх гэдэг болсон. Глобалчлалаар хамгийн түрүүнд тэд орж ирж байгаа юм. Хэдэн жилийн өмнө энэ ордыг бид мэдчихсэн, дарчихсан хэвтэж байсан юм. Гэтэл тэд сансраас зургийг нь аваад бүгдийг нь сайхан тодорхойлчихсон. Тэгээд “өг” гэдэг. “Өгөхгүй” гэхээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкаараа дамжуулаад энэ “Анод” гэдэг банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хоосон газарт хийгээд байна, маш эрсдэлтэй банк байна гэж төр засгийнханд хэлүүлдэг. Нөгөө Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт. Тэгээд “Танай энэ “Анод” нэг л өдөр та нарыг ална шүү” гэчихсэн. Тэгээд биднийг айлгаж эхэлсэн. Тайлбарлах гэсэн чинь тайлбар хүлээж аваагүй. Энэ тулаан 2003 онд эхлээд 2006 он хүртэл явчихсан байхгүй юу. Зөвхөн 2008 оны асуудал биш. Тэгээд долдугаар сарын 1-ний үймээн болсон. Тэр үед бид иргэний хөдөлгөөнийхнийг дэмжсэн. Энэ хоёр нам бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Үймээний хэргийн дараа гол санхүүжүүлэгч нөхөр чинь энэ хүн байна аа гээд өс авч эхэлсэн. Жинхэнэ утгаараа өшөө аваад санхүүгийн дээрэм хийчихэж байгаа юм.

Иргэний хөдөлгөөнийхөн гэхээр хэн байх вэ?

-Батзандан, Магнай, манай Иргэний хөдөлгөөний намынхан байна. Тухайн үед иргэний хөдөлгөөнийхнөөс илүү цэвэр хүмүүс байгаагүй. Яах аргагүй дэмжиж эхлэх хүмүүс байсан, дэмжсэн.

Батзандан Магнай хоёртой холбоотой байдаг уу?

-Холбоотой байдаг. Тэр хоёр намайг хоригдож байх хугацаанд дэмжиж тусалж хоригдож буй ангийн дарга нартай ярьж санаа тавьдаг байсан. Харин хамт бизнес хийж явсан нөхөд хоригдчихоор сураггүй болдог юм байна. Санаанд оромгүй хүмүүс их тус болсон шүү. 40 гаруй хүн нийлээд 50-иад сая төгрөг цуглуулж өгсөн байна. Түүнийг нь би эртнээс хийж байсан төхөөрөмжиндөө зарцууллаа. Цахилгааныг хамгийн бага өртгөөр үйлдвэрлэж болох хөдөлгүүр. Энэ ажлыг минь хийж байсан эрдэмтэн намайг хоригдож байхад өөд болчихож. Нэг эрдэмтэнд хандаад хөдөлгүүрээ бэлэн болгосон. Цахилгааныг тасралтгүй үйлдвэрлэж чадах хөдөлгүүр. Дэлхийд шинэ дэвшил авчирна гэж найдаж байгаа. Аливаа дэвшил аливаашинэ боломж бололцоо хөгжлийг авчирдаг.

Хөдөлгүүрийнхээ талаар дэлгэрүүлж тайлбарлаач?

-Орон нутаг руу татсан цахилгааны шугам утас байдаг даа. Тийм зүйл байхгүй болох юм. Жижигхэн төхөөрөмжөөр тасралтгүй эргэх хүчийг хийж чадах хөдөлгүүр хийсэн гэсэн үг. Хамтарч ажиллах хүн хайж байгаа шүү. Энэ дашрамд хэлэхэд сонирхож буй хүн байвал утасдаарай.

Та банк удирдаж явлаа. Валютын ченж чхийж явсан хүн. Долларын ханш өсөөд байгааг юу гэж харж байна?

-Долларыг бид барьдаг байсан. Долларын ханш өсөөд байвал “дар” гэдэг чиглэлийг Төв банк өгдөг байсан. Дөрөвхөн хувийг эзэлдэг, хар зах гэж яриад байдаг валютын захууд долларын ханшиднөлөөлдөг. Долларын ханшийг барих гэж хамаг валютынхаа нөөцийг бараг өнжөөд нэг зараад байх юм. Тэр завсар банкууд нь 10-16 төгрөгийн зөрүүтэй ашиг олоод байна. Төв банкнаасаа доллар аваад, авсан ханшаасаа10-аас 16 төгрөгөөр өсгөжченжүүддээзарчихаж байгаа юм. Хохирогч нь валютын нөөцөө барсан Монгол Улс л болоод байна даа. Дахиад хэлэхэд хэдэн банк нь цөм ашиг олоод байна. Зээлээсээ илүүтэй валютын ханшаар ашиг олж байна. Эцэст нь улс, иргэд л хохироод байна. Үүнийг ойлгоход их энгийн. Валютын нөөцийн сангаас ханшийг барихын тулд гурван удаа доллар гаргаж арилжаалж болно. Ингээд болж бүтэхээргүй бол болих ёстой. Гэтэл тэгэхгүй байна. Эсвэл санаатай хийгээд байгаа юм уу. Гэтэл 20-30 сая ам.долларыг өнжөөд л зараад байна. Долларыг хөөрөгдөхөөс хэтрэхгүй арга.Банкууд ийм ашиг авчирч байгаа зүйлийг үгүй гэхгүй шүү дээ. За гэж аваад зараад байна. Өдөрт хэдэн тэрбумаар нь олж байна. Ченжүүд ч хожоод байгаа юм биш. Ганцхан банкууд хожиж байна. Доллар өсөөд байгаа дүгнэлтийг Монголбанкныхан буруу өгч байна. Тэнд голдуу залуучууд ажилладаг болсон юм байна. Асар их хэмжээний доллар эргэлтэнд явж байна. Хар зах дээр дөрвөн хувь явж байна гээд байгаа.

Дөрвөн хувь гэдэг нь?

-Манай улсын бүх долларын арилжааны дөрвөн хувь нь хар зах дээр явж байна. Хар зах нөлөөлөхгүй гээд байгаа юм. Хамгийн том алдаа энд байна. Энэдөрвөн хувь чинь долларын ханшийг тогтоож байдаг хэсэг. Хар зах долларын ханшийг тогтоодог. “Найман шарга” захын ханш тэд байлаа гэдэг. Тэр нь төв банкныхаа ханшийг тогтоодог. “Анод” банк байхдаа хар захынхаа ханшийг тогтоодог байсан юм. Тэнд ажиллаж байгаа ченж гэх хүмүүс бараг манай салбар мэт ажилладаг байсан. Тэдээс дээш гаргаж болохгүй гэдэг. “Анод” Төв банкны өмнө долларынхоо ханшийг хариуцсан байсан.1990-ээд оноос 2008 он хүртэл гэж хэлж болно. Доллар хэлбэлзвэл Төв банк яриад “Энэ юу болж байна хариуцлага алдаж байна уу” гэдэг.

Доллар төгрөгийн эсрэг 20, 30 хувиар чангарах үед яг юу болсон юм бэ?

-ДолларыгТөв банкөөрөө хөөрөгдсөн. Хэдэн банкуудыг сонгож аваад доллараа зарчихсан. Үр дүнд ньМонгол Улс валютын нөөцгүй болж байна.

Яаж тогтоох ёстой юм бэ?

-Зүгээр л дотроо ороод ажилла л даа. Ганц арилжааныбанкны л хийдэг ажил шүү дээ.Тэгэхээр нэг банкийг тусгайлжбэлдээд хяналтыг нь тавиулчих. Ядаад байх юмгүй. Энэ хар захыг барьж чадахгүй юм бол урд, хойд хөрш ч тоглолт хийж болдог газар. Ганц банк долларын ханшийг барих хэцүү биш. Мах, ноолуурын үе ч юм уу тухайн үеэсээ шалтгаалаад тоглолт хийчихдэг. Төв банкныхан туршлагагүй л байна.

Ярианыхаа сэдвийг өөрчилье. Амгалангийн хорихыг арын хаалганы хорих гэдэг юм билээ. Хоригдлууд юу гэж ярьж байх юм?

-Тэгж ярьдаг юм билээ. Жаахан мөнгө өгвөл Амгалангийн хорих ангид үлдэнэ гэх юм билээ. Би шүүхээр таслагдаад явж байхдаа дамжин өнгөрүүлэхэд Ашигт малтмалын газрын дарга асан Батхуяг, хэлтсийн дарга асан Даваацогт нартай таарч байсан. Бид чинь Олон овоотын асуудлаар шүүхдэлцэж байсан юм. Тэд Амгалангийн хорих руу явж байхад би Багануурын чанга дэглэмтэй хорих анги руу явж байгаа юм. Монголчууд цөөхөн гэдгийг тэр үед л мэдэрч байлаа.

Олон овоот гэснээс энэ ордоос болж “Жаст” группын Батхүү бас асуудалд орж шүүхээр шийтгүүлсэн. Эцэст нь “Монгол газар” компанийн Мянганбаяр намайг хулхидсан байна гээд тэр хоёрын дунд маргаан дэгдсэн. Олон овоот үнэхээр тийм их алттай орд уу?

-Олон овоот дээр бид туршилт хийсэн. Өдөр болгон 5-6 кг алт олох боломж байсан. “Жаст групп”-ын Батхүүд туршлага дутсан. Мэргэжлийн хүн биш болохоор алдсан. Буруу газраа ухаад алтны нөөцөн дээрээ шороогоо асгачихсан байна лээ. Нөгөө шороогоо зайлуулахад ахиад олон сая төгрөг хэрэгтэй болсон хэрэг. Сайн судалгаа хийгээгүй байна гэж ойлгосон. Түүнээс Олон овоот ирээдүйтэй байсан.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярсайхан: Би таван орны 5000 орчим цэрэгтэй батальоныг захирна

Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтносон хэдий ч дотооддоо улс төрийн үймээн самуун ихтэй байна. Тиймээс тус улсад НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаа өрнөсөн юм. Тэгвэл энэ жил НҮБ-ын Аюулгүйн зөв­лөлийн тогтоолоор тус ажил­лагааг өргөжүүлж үүрэг гүйцэтгэх цэргийн тоо 6500 байсныг 12500 болгосон байна. Ингээд нийт цэргийн хүчийг дөр­вөн бүсэд хуваажээ. Тэгвэл дээрх дөрвөн бүсийн нэг болох хойд бүсийн олон улсын хүчний команд­лагчаар монгол хүн томилогдсон байна. Ингээд НҮБ-ын энхийг сахиу­­лах ажиллагааны хойд бүсийн командлагчаар томи­­логдсон БХЯ-ны Стра­тегийн бодлого, төлөв­лөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баяр­сайхантай ярилцлаа.

Таныг НҮБ-аас шинэ албан тушаалд томилох шийдвэрийг хэзээ гаргасан юм бэ?

– НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны командлагчийн орлогчоор ажиллах асуудал яригдаад өнгөрсөн хоёрдугаар сард би ярилцлага өгсөн юм. НҮБ-аас бидэнтэй интернэтээр шууд визийн ярилцлага хийсэн. Наймдугаар сард бүсийн командлагчийн ярилцлага дахиад өгсөн. Англи хэлний мэдлэгийг голчилдог. Хоёр дахь удаа шалгалт өгөхдөө утсаар холбогдож ярилцлага авсан. Гол нь цэрэг, армийн мэргэжлийн хэллэгийг илүү шалгадаг юм билээ. Түүнчлэн өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байдлыг харж үзсэн байх. 2004 онд миний удирдлага дор үүрэг гүйцэтгэсэн ахлагч Г.Аззаяа, Д.Самбуу-Ёндон нар амиа золиослогчдын халдлагыг таслан зогсоож байсан удаатай. Энэ бүх хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Дөрвөн албан тушаалын төлөө долоо найман хүн өрсөлдсөн юм шиг байна лээ. Ингээд НҮБ-аас бүсийн командлагчид томилсон болохоо есдүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн.

Хичнээн хүн захирна гэсэн үг вэ?

-Миний хариуцах хэсэгт манай 850 хүний бүрэл­дэхүүнтэй мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн Гана, Энэтхэг, Руанда, Этиоп зэрэг таван улсын 5000 орчим алба хаагчийг захирах юм билээ.

Таны туслахаар хэд хэдэн офицер эндээс явна гэсэн үү?

-Одоогоор бүсийн команд­лалын штабын даргаар Мон­гол Улсын Зэвсэгт хүчний нэг хурандаа явах байх. Бас штабт ажиллах хэд хэдэн офицер томилогдоно. Одоохондоо хэдэн хүн гэдгийг мэдэхгүй. Энэ сарын 19 гэхэд үүрэгт ажилдаа орно.

Таны командлах бүсийн онцлог юу вэ, ямар нөхцөл бай­дал хүлээж байгаа бол?

-Би Өмнөд Суданы өнөөгийн нөхцөл байдлыг олон арга замаар судалж байна. Цагийн байдалтай танилцаж очоод аль болох хурдан үүрэгт ажилдаа жигдрэхийг бодож байна. Би Малакал хотод очиж штабаа зохион байгуулж байрлуулах юм билээ. Миний очих гэж байгаа сектор их төвөгтэй юм шиг байна. Иргэний дайны шинжтэй мөргөлдөөн хурцадсан. Бас нэг хүчин зүйл бол Өмнөд Суданы эдийн засгийн бүс болсон нефть олборлох үйлдвэр тэнд байдаг юм байна. Тиймээс тэнд эдийн засагтай холбоотой асуудал гарвал юу ч болж мэднэ. Дараагийн том хүчин зүйл бол гэр орноосоо дүрвэсэн олон сая хүн. Зөвхөн манай цэргүүдийн байрлаж байгаа газарт гэхэд л 50 мянга орчим дүрвэгсэд байгаа гэсэн. Мөн гурван сая орчим хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм билээ. Үүнээс гадна хүмүүсийн анхаарал татаад байгаа халдварт эбола вирус Африкийнхаа баруун эрэгт тархсан ч бидний байрлах зүүн эрэгт орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Мөн адил төрлийн халдвараар нэг хүн амиа алдсан гэх мэдээлэл ч байна.

Дайн дажингүй орноос цаг минут тутамд бараг буудалцаж байдаг орныг зорино гэхэд сэтгэлзүйн хувьд ямар байна. Ялангуяа тэр том армийг удирдахаар явж байгаа шүү дээ?

-Ямартай ч Монголоос анх удаа Монгол хүн ийм том албан тушаалд томилогдоно гэдэг сайн хэрэг. Энэ бол маш их үүрэг хариуцлага. Надад “Яана аа, тэнд дайнтай байгаа шүү дээ” гэж эмээх зүйл алга. Цэргийн хүн сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн байдаг. Тиймээс би энэ албыг нэр төртэй биелүүлээд ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Хэр хугацаанд бүсийн командлагчаар ажиллах юм бэ?

-Нэг жилийн хугацаатай.

Эцэг, эх тань цэргийн хүн байсан гэж сонссон?

-Манай ээж, аав хоёр цэргийн хүмүүс. Уг нь хотын хүмүүс. Гэхдээ нутаг усаар нь хөөвөл ээж маань Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн юм билээ. Эцэг, эх маань Дорноговийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажиллаж байсан. Аав сургалтаар цэргийн боловсрол эзэмшсэн ч дивизийн автотехникийн албаны дарга хийж байсан. Ээж цэргийн ангийн хүн эмнэлгийн эмчээр ажилладаг байсан. БиУлаанбаатар хотод мэндэлсэн ч аравдугаар ангиа төгсөх үед аав, ээжийгээ дагаад Зүүнбаянд цэргийн ангид очиж, тэндээ алба хаасан.

Таны намтрыг харахад цэргийн боловсролыг ихэвч­лэн гадны сургуулиудад дээшлүүлсэн харагдсан?

-Тухайн үед аравдугаар анги онц, сайн төгссөн хүмүүсийг ЗХУ руу цэргийн сургуульд явуулдаг байсан. Тэгсэн би цэргийн хүн болохгүй гээд Багшийн дээдийн биеийн тамирын дээд сургуульд орсон байхгүй юу. Хөлбөмбөг их сонирхоно. Харин ээж загнаад шууд хойш нь сургуульд явуулсан. Тэгж л ЗХУ-ын Артиллерийн Инженерийн дээд сургуулийг 1985 онд төгсч ирээд Зэвсэгт хүчний 015 дугаар ангид галт хэрэгслийн тасгийн даргаар ажиллаж эхэлж байлаа. Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа сайн хөгжсөн. Үүний ачаар гадны сургуульд боловсролоо дээшлүүлсэн хэрэг. Энэ журмаар АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллежийг 1995 онд, Голландын Энхийг сахиулагч ажиглагчийн дамжааг 1997 онд, АНУ-ын Энхийг сахиулах ажиллагааны хуулийн дамжааг 1999 онд, АНУ-ын Хуурай замын цэргийн дайны коллежийг 2004 онд төгссөн.

Энэ хугацаанд ямар албан тушаалд томилогдож байв?

-Манайхан гадаадад сургуульд сурсан гэхээр тав, зургаан жил тэр оронд нь очиж сурсан мэт ойлгоод байдаг. Цэргийн сургуулиудад сурахад дээд тал нь нэг жилийн хугацаатай байдаг. Миний хувьд энэ хугацаанд сурахын хажуугаар Цэргийн их сургуулийн багш, зэвсэглэлийн багш, Цэргийн тагнуулын газрын Мэдээллийн хэлтсийн ахлах офицер, мөн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн ЗХЖШ-ын Энхийг сахиулах албаны ахлах мэргэжилтэн, Стратеги удирдлага, төлөвлөлтийн газрын орлогч дарга, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах атташе,ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2010 оноос БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албыг хашиж байсан.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад утга Орос арга

“…Тангад, Түвд таван хэлийн амьтан” гэсэн хэллэг бий. Тав гэдэг нь олон гэсэн утгатай бололтой. Ямартаа ч хорвоогийн хүн ард, янз бүрийн үндэстэн ястан гэсэн санаа л даа. Харин нүүдэлчин монголчуудын хувьд хятад, орос, манж, түвд гээд дор хаяж дөрвөн хэлтнийг нь сайн мэддэг, байн байн нүүр тулсаар иржээ. Харин Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийхээр яривал ч тоймоо алдана. Жирийн иргэн нь хүртэл хувийнх нь зан чанар, чин эрмэлзэл рүү нь өнгийж харах боломж талаас нь хараад товчилж байна л даа.

Улс болгонд, айл бүрт, хүн тутамд эрх ашиг бий. Бүгд л түүнийгээ илэрхийлнэ, хамгаална. Харинилэрхийлэх, хамгаалах арга ондоо. Ондоогоосоо болоод аж төрөл нь өөр. Монголчууд биднийоршин тогтнолын үнэт зүйлс юугаараа “таван хэлийн” улс амьтнаас ондоо болоод ижил бол, хамтдаа жаахан сонирхоцгооё.

Өмнөд хөрш хятадууд өрх гэрийн эрх ашгийг дээдэлнэ.Тэд мянга мянган жилийн өмнөөс гэр бүлийг улс гүрэн, засаг төрийн үндэс хэмээн үзэж, энэ үндэс бөх байхын хэрээр улс гүрэн хүчирхэг амгалан байна хэмээн ухаарч иржээ. Энэ эрх ашгийг хөндөөгүй бол толгой дээр ямар төр байх нь тийм ч сонин биш. Тэд гэр бүлийн оршин тогтнол руу нь, амьжиргаа руу нь халдаагүй Монголын, Манжийн төрийг ч,монгол, манж цусны хаадыг үг дуугүй хүлээн зөвшөөрч байжээ.

Жирийн хятад хүнд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд БНХАУ ямар байрсуурь эзлэх, Түвдийн автономи, Далай ламын институци төдий л сонин биш. Харин өдөрт бүтэн хоёр цагийн турш дуу шуутай хооллох бол их чухал. Харин ч өдрийн хоолыг чив чимээгүй идүүлэх гээд үзвэл юм юм л болох байх даа. Тэдний хувьд хоол бол амьдралын баяр хөөр, бясалгал. Арай гэж идэх юм олсондоо баярлаж байгаа хэрэг гэвэл ихээхэн өнгөц болно. Харин тэд амьдралаас баяр баясгалан олох,хувь хүний сэтгэл ханамжийг бүтээхдээ гарамгай ард түмэн гэвэл үнэнд ойртоно. Хятад яагаад олуулаа байгаа юм бэ? Энгийн хариулт нь “Энэ улс оронд зуу зуун сая хүн, бие биеэ хэмлэхгүйгээр амь зууж болдог” явдал. Харин бид яагаад цөөхөн байна аа???

Оросуудыг, ялангуяа Зөвлөлтийн үед бий болж тогтсон орос хүнийг монголчууд сайн мэднэ. Тэд Орос эх орон нь хүчирхэг, импер байвал хаанахын эзнийг ч хүлээн зөвшөөрч чадна гэдгийг манайхан ажигласан. Гүржүндэстэн Сталин хүчирхэг Орос-Зөвлөлтийг цогцлоосон. Оросууд Хятадаас ялгаатай нь хүчирхэг эх орны төлөө хувийн аж төрөл, гэр бүл, амьжиргаагаа золиослоход бэлэн ажээ. Оросууд хүчирхэг империйн гуйлгачин иргэн байхыг зөвшөөрч чадна, харин Люксембург мэтийн жаахаан орны баян иргэн байхыг тэвчихгүй. Энэ онцлогоос болоод Оросын толгойд гарч ирсэн хэн боловч үндсэрхэг, империалист байхаас өөр аргагүй болдог гэдэг. Орос хүн турж үхэхийг тэвчиж чадах боловч Курилын арлын талаарх Зөвлөлт маягийн байр суурь өөрчлөгдөхийг тэвчиж чадахгүй. Орос хүний оршин тогтнолын илэрхийлэл нь хятад хүнийхээс эсрэг чиглэлтэй.

Харин бид тэднээс юугаараа онцлог бол? Улс төр рүү орохоосоо өмнө амьжиргааны үндэс болсон бизнест хэрхэн ханддагаа харах гэж оролдъё. Ямар ч хүн Хятад, Японоосоо үл хамаараад олз ашигт дуртай.Бидний олон зууны турш ажигласнаар нангиадууд олзыг бага гэж голдоггүй.Тэдэнд олз ашиг их бага байх нь чухал биш. Харин тасралтгүй байх нь чухал.

Гэтэл монгол хүний хувьд олз ашиг бөөнөөрөө байх учиртай. Гарз ч гэсэн бөөнөөрөө алдагдаж байвал ажиглагдана. Жижиг олзыг олз гэж тоодоггүй шигээ, жижиг хорогдол, бага гарз сэлтийг зохистой гэж үзнэ. Бага багаар ундарсаар сав дүүрэх, бага багаар хорогдсоор сав хоосрох хоёуланг эс тооно. Эс тоох төдийгүй гарсан үр дүнг үл ойлгоно. Олигтой олз олохгүй мөртлөө тэр этгээд яагаад баяжаад байна аа гэж гайхна. Айхтар гарз гараагүй атлаа би яагаад хоосорчихвоо хэмээн учрыг нь олж ядна.

Энэ нь мянга мянган жилийнх нь аж төрөл, амь зуух арга байсаар ирсэн малтай нь зарим талаараа холбоотой.Мал үхэж, төл алдаж байлаа ч гэсэн хоосордоггүй. Харин ган гачиг, зуд турхан тохиож малыг нь бөөнөөрөө, хот хороогоор нь хувхайлаад явчихвал сая хоосорч, ядуурдаг байж. Мал өсөхдөө ч бөөнөөрөө өснө.Гарсан төлийн үнэмлэхүй олонхи нь эзнээсээ маш бага хамааралтайгаар мэнд өсч бойжно.

Эд таваарын хомсдлыг эрт дээр цагаас эхлэн гол төлөв дайнаар шийдэж иржээ. Авгайд дээлийн торго хэрэгтэй, охинд инж шаардлагатай болох үедсуурин иргэд хэтэвч, түрийвчиндээ хүрдэг. Харин талын нүүдэлчид саадаг нумаа шүүрээд хүлэг мориндоо мордоно. Тэгээд суурин иргэдээс “эс өгсөн” торго дурдам, шүр сувдыг хэрэгцээний хэрээрээ… Хэрэгцээний хэрээр биш юмаа, тээвэрлэх чадамжийнхаа хязгаараар авна. “Монгол цэргүүд даах чинээнийхээ ачааг жин торгоор татаж Бээжингээс буцав” гэж. Энэ бол Монголын түүхэнд нэг бус, хоёр бус гардаг ишлэл.

Сайн сайхан амьдарч, олон малтай их торготой байхад хувийн самбаа мэдээж хэрэгтэй. Ядаж л сэлэм эргүүлж, бас чоно нохой үргээчихдэг байгууштай.Гэхдээ л гаднаас хамааралтай.Аян дайн хэмээх “дэлгүүр хэсэх”-д хэр олз омогтой байхыг Хөх тэнгэр мэднэ. Мал сүрэг бөөн бөөнөөрөө өсөх эсэхийг ганзун, өн зуд гэхмэтийн өөр зүйл шийднэ.

Учир иймээс хувийн санаачилгад монголчууд төдий л ач холбогдол өгсөнгүй иржээ. Өнөөдөр маш олон хүн аж амьдралаа хувийн санаачилгадаа тулгуурлан эмхлэхийн оронд ямар нэг Хөх тэнгэр, өнтэй өвөл, дэлгэр зун хайгаад байгаа юм. Харин тэнгэрс, газар лусын ааш араншинг зээл тусламж, төрийн дэмжлэг, хамаатан садан, нутаг орнытом хүний татаа хэмээх өөр хүчин зүйлүүд орлож байна.

Хөөрхөн аж төрж эхэлж байгаа, жижиг гэж гололгүй эхэлсэн бизнес нь цэцэглэж байгаа айлууд зурагт энээ тэрээгээр их гарах юмаа. Их зөв эхлэл, зөв сурталчилгаа мөн үү, мөөн. Харин төгсгөлд нь ёс юм шиг “Төр засаг жаахан дэмжээд өгвөл мөн сайн байна аа”, “Одоо төр, засгийн дэмжлэг л дутаад байна” гэсэн үг ёс шиг дагалдана.

Харин хувийн сонирхол, амбиц тал дээр бол хөрш гүрнүүдийнхээ онцлогуудыг онцгой сайн ажигласан, тэндээс хэрэгтэй бүхнийг түүвэрлэн тусгасан нь ажиглагддаг. Хувийнбизнэс сонирхол, өрх гэрийн ашиг руу нь өнгөлзсөн зүйл рүү онцгой мэдрэг хандаж байна аа, хятадуудаас дутах юм алга.Улс оронд өрнөж буй үйл явдал өөрт унах шалихгүй ашиг бүрийг ч тооцон үнэлж цэгнэж байна.

Жишээлэхэд энэ сонгууль байна. “Мөнгөний сонгууль боллоо” гэж ирээд л шүүмжилж байдаг. “Улс төрийн намууд, нэр дэвшигчид мөнгө тарааж, мөнгө амладаг болсон. Тэд буруутай.Биднийг худалдаж авч байна” гэлцэнэ. Үнэн, үнэн.

Гэхдээ бид тарааж байгаа мөнгийг нь ингэх л ёстой юм шиг зүгээр л аваад байгаатал бий дээ. Тараасан мөнгийг нь авдаг төдийгүй, тараах мөнгийг нь дэмжээд санал өгдөггүй гэж үү? Намууд мөнгө тараахгүйгээр сонгууль явуулж чадахаа байсан төдий хэрэг биш.Харин бид мөнгө авахгүйгээр сонгуульд оролцож, мөнгө амлуулахгүйгээр саналаа өгнө гэж ярихгүй болсон.

Яг нарийндаа улс орны эдийн засгийн чадавхи өсч байгаа юм чинь хойтонгийн сонгуулиар бүр ч их мөнгө тараана, илүү их мөнгө ч амлана хэмээн алгаа үрчин хүлээж байгаа.

Одоо болох гээд дуншаад байгаа жагсаал цуглаан, төр засгийг унагаах санаа амжилт олохгүй ээ. Жагсаалд оролцсон хүнд өгөх мөнгө, ирэх сонгуулиар тараах мөнгөнөөс хамаагүй бага гэдгийг мэдчихсэн байгаа.Маргаашийн их мөнгийг өнөөдрийн бага мөнгөөр солихгүйгээ цаадуул чинь мэднэ.

Бид хятадуудыг мөнгөнд дуртайгаар нь дуудах дуртай.Бид мөнгөнд дургүй нь хаана байна, тэгвэл? Бид хувийн сонирхол, гэр орны бизнэсийн эрх ашгийг дээдлэх үзлийг хятадуудаас суралцсан төдийгүй өөрийн гэсэн менежмэнтээр баяжуулж чадсан байна. Өөрт нь хамаатай бүхнийг төдийгүй хамаарч болох болгоныг, тэр ч бүү хэл хамаарамгүй үйл явцыг чухам энэ сонирхлоор хэмжиж байна.

Түүнчлэн эх оронч байх талаар умарт хөршөөсөө муугүй суржээ. Эх оронч байж харагдах нь маш олон хүсэлт шаардлагыг зөвтгөдөг болохыг мэдсэн байна. Хашаа руу хогоо хаяад байгаа хөрштэйгээ “Манайд муухай үнэртээд байна” гэсэн асуудлаар тэмцсэнээс “Манай эх орны хөрс шороог бохирдуулаад байна” гэж хэрүүл өдөөвөл зөвтгөл сайтай болно.

Хэрвээ тухайн төсөл, бүтээн байгуулалтаас өөрт хувь ногдохгүй бол үзэж тарна.(Өмнөд хөршийн хичээл).Тэгэхдээ уг үйл явц манай эх оронд төдийгүй, даян дэлхийн шударга хүн ардад хор болж байгаа учраас эсэргүүцэн тэмцэхээ тунхаглана.(Орос- Зөвлөлтийн хичээл).

Цөөхүүлээ, бараг бие биенээ бүгдээрээ таньдаг улсад нэг зовлон байх юм аа. Энэ нь хэн хэнийхээ асуудал, тулгарсан бэрхшээлийг мэддэг байх явдал. Энд тэндээс эх оронч төрөх болгонд л “За мань хүний юу бүтэхээ байчаав” гэж асуух төдийгүй “Мань хүний тэнд хувьцаа эзэших хөг нь өнгөрсөн, энэ банк зээлээ нэхсэн” гээд мэдээд байх болжээ.

Эндээс дараахь дүгнэлтийг хамтдаа хийж болж байна.

Хятад маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл бол эх орны төлөө тэмцэл.

Орос-Зөвлөлт маягийн оршин тогтнох философи: Аз жаргалтай эх орны төлөө тэмцэлбол аз жаргалтай гэр бүлийн төлөө тэмцэл.

Монгол маягийн аж төрлийн философи: Аз жаргалтай гэр бүлийн төлөө мятаршгүй тэмцэх ба түүнийгээ аз жаргалтай эх орны төлөө тэмцэл гэж тайлбарлана.

2011 оны 3 сарын 30

Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин алтан медаль хүртлээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Амартүвшин алтан медалийн төлөө Узбекстаны бөх Д.Урозбоевтай барилдаж цэвэр ялав. Д.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт Казахстаны Астанад болсон Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.