Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит зарим компаниудын удирдлагад ажлын хариуцлага тооцов

Төрийн өмчийн хорооны зүгээс төрийн өмчит компаниудын удирдлагад хариуцлага тооцоод эхэллээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр болсон Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнд төрийн өмчит зарим компаниудын удирдлагад ажлын хариуцлага тооцсон байна.

Ажлын хариуцлага алдсан гэгдэж буй “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Талын зам” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Харгуй” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж төлөвлөгөөнд тусгагдаагүй худалдан авалт хийсэн, батлагдсан төлөвлөгөөг хэтрүүлсэн, мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн журмыг зөрчсөн зэрэг нийтлэг дутагдалтай байжээ.

Тэднийг хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг Төрийн өмчийн хорооны зүгээс тухайн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Түүнчлэн энэ үеэр ажлаа бүхий л түвшинд сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг хорооны гишүүд өгчээ

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 139,6 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжжээ

Монголбанк өнгөрч буй долоо хоногт 139.6 тэрбум төгрөгийн ТБҮЦ буюу Төв банкны үнэт цаасыг 12.0% ЖДХ буюу жинхэнэ дундаж хүүгээр арилжаалсан байна. Ингэснээр 2014 оны 10-р сарын 17-ны байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ -ны үлдэгдэл 478.7 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж долоо хоног бүрийн Лхагва гарагт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татдаг болжээ.

Categories
мэдээ нийгэм

Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдэв

“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014″ үзэсгэлэн Мишээл экспод нээгдлээ. Уг үзэсгэлэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам”, нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын ажил олгогч эздийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй юм. Нээлтийн үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл “Монголын ноос, ноолуур, арьс шир боловсруулах салбарынхан жилийн ажлаа дүгнэх, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор наймдах дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 гаруй хувь хүн аж ахуй нэгж оролцож, үзэсгэлэнгийн өдрүүдэд:

  • Импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх
  • Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ танилцуулах
  • Брэнд бүтээгдэхүүнийг бии болгох боломжийг бүрдүүлэх
  • Шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч, оролцогчийг шалгаруулж, урамшуулах, нийтэд сурталчлах
  • Маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах
  • Бараа бүтээгдэхүүн шинэ загвар, шинэ дизайн, чанар эдэлгээг олон нийтэд сурталчлан таниулах
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх
  • 2014 оны ноос ноолуур, арьсан хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлсон загварын үзүүлбэр үзүүлэх
  • Бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр болон 10-40 хувийн хямдралтай худалдаа, гэр бүлийн багцын хямдрал, хямдралын ваучер олгох юм байна.

Төрөөс ноосны үйлдвэрүүдэд 70 тэрбум, ноолуурын үндэсний үйлдвэрүүдэд 107 тэрбум, арьс ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэлсэн билээ. Мөн үндэсний үйлдвэрт хонины болон тэмээний ноосоо тушаасан малчдад урамшуулал олгохоор 12.3 тэрбум, арьс ширээ тушаасан малчдад 2.7 тэрбум төгрөгийг олгоод буй юм.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн зуун оюутан сурна

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд монгол оюутан суралцуулах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд 2015-2019 оны дуустал нийт 400 монгол иргэнийг ӨМӨЗО-ны их, дээд сургуулиудад суралцуулахаар боллоо. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас монгол оюутанд олгох иж бүрэн тэтгэлэгт сургалтын төлбөр, мэргэжлийн үндсэн сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгал зэрэг багтсан болно.

сМөн ирэх хичээлийн жилээс ӨМӨЗО-ны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад БШУЯ оролцож байхаар болсон бөгөөд Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж талууд харилцан тохиролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганхуяг Филиппины Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Италийн Милан хотноо 2014 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж буй Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Филиппины Гадаад хэргийн дэд сайд Э.Гарсиятай уулзаж хоёр талын харилцааны асуудал, олон улс болон бус нутгийн асуудлаар санал солилцов.

Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2014 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Милан хотноо болж өнгөрсөн бөгөөд ГХЯ-ны БТСГ-ын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон болно.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Л.Болд ажлаа хүлээлгэн өглөө

– Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан энэ богино хугацаандаа маш их ажил хийж, өндөр үр дүн үзүүлсэн гэж хэн ч дүгнэхээр, нэг хэсэгтээ энэ талаар яригдахаар сайн ажилласан гэв-

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан Гадаад харилцааны сайдаас чөлөөлөгдөж буй Л.Болд өнөөдөр үүрэгт ажлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт хүлээлгэн өглөө. Тамга, тэмдэг болон ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны яамны газрын дарга, холбогдох албаны хүмүүс байлцав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан энэ богино хугацаандаа маш их ажил хийж, өндөр үр дүн үзүүлсэн гэж хэн ч дүгнэхээр, нэг хэсэгтээ энэ талаар яригдахаар сайн ажилласан. Батлан хамгаалахын сайдаар ажилласан хугацаандаа ч мөн гадаад харилцааг өндөр төвшинд хүргэснээ үргэлжлүүлж, Гадаад харилцааны сайдаар амжилттай ажилласныг бид мэднэ. Энэ удаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх бодлогын хүрээнд ажлаа өгч буй болохоос ямар нэг хариуцлагын асуудал энд яригдаагүй гэдгийг онцлох ёстой. Түүнийг сайдаар ажиллах хугацаанд хоёр сарын дотор дөрвөн орны Ерөнхий сайдыг эх орондоо хүлээн авсан, тэрчлэн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг сар дараалан хэрэгжүүлсэн. Ойрмогхны хугацаанд л гэхэд ASEM-ын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулах эрх авч, үүгээр 57 орны төр, засгийн тэргүүнийг нэг дор хүлээн авах гэж байна гэдэг үнэхээр Монголын нэр хүндийг шинэ төвшинд хүргэх хэмжээний ажил юм” гээд түүний цаашдын ажилд амжилт хүслээ.

Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа товч дурдахын хамт ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудад анхаарал, хүч чармайлт тавьж ажиллахыг санууллаа. Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Гадаад харилцаа гэдэг бага зардлаар маш том үр ашиг хүртэж болдог салбар. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай ажил, төрлийн хувьд нягт холбоотой ажиллана. Сайдын ажлаа өгч байгаа хэдий ч гишүүний хувьд бүх талаас дэмжиж ажиллана” гэв.

Ажил хүлээлцэх үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар ойрын хугацаанд шийдвэрлэх ажил, асуудлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 онд Улсын Их Хурлаар батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан гал түймрийг унтраах талаарх төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүлээх эрх үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог зохицуулах үндсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн байна. Шинэчлэн найруулсан хуулийн төслийн өмнөх хуулиас ялгарах гол онцлог, өөрчлөлт нь, галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэх, ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гал унтраах дуудлагын үед хурдан очих шаардлагатай тул энэ үеийн замын хөдөлгөөний зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгах, обьектуудыг галын даатгалд хамруулах, ялангуяа авран хамгаалах үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлсэн. Мөн галын аюултай тэмцэж амь дүйж явдаг ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй хэлж байсан юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 88,2 хувь нь дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулав. Улсын бүртгэлийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, хуулийн этгээдийн талаарх өөрчлөлтийг бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэж, мэдээллийн цахим санг бий болгох, хуулийн этгээдийг 2-3 хоногт бүртгэж, гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээж, хэвлэх боломжийг бүрдүүлэх, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, өргөдөл гаргах, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр авах, хуулийн этгээдийн хувийн хэрэг болон улсын бүртгэл хөтлөх, лавлагаа олгохтой холбогдсон харилцааг нэгдмэл байдлаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл мэдээллийн санд хэн дуртай нь нэвтрээд байх уу. Мэдээллийн санд нэвтрэх байдлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг тодруулсан юм. Мэдээллийн нээлттэй байдлыг тодорхой зааж өгсөн заалтууд хуулийн төсөлд орсон. Мэдээллийн нээлттэй байдлын хүрээнд тухайн шинээр бүртгэгдсэн этгээдийн тухай мэдээлэл нээлттэй байна. Тэр мэдээлэл нь зөвхөн тухайн компанийн нэр хаяг, гэрчилгээг үндэслэнэ. Хувь эзэмшигч юмуу, хувь хүний болон байгууллагын нууцын тухай хуулиар хамгаалагдсан мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжгүй. Гэхдээ эрх бүхий байгууллагын хүссэн мэдээллийг гаргаж өгч байгаа гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв. Хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Ё.Отгонбаяр нар үг хэлсэн бол хуулийн төсөл шаардлага хангахгүй байгаа тул дэмжихгүй гэдгээ илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавь, жараад оны барилгуудыг дахин төлөвлөлтөд хамруулна

Нийслэлийн Засаг даргын “Үзлэг шалгалт зохион байгуулах тухай” А/632 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг нь 1950-60-аад онд баригдсан орон сууцны барилгуудын чанар, аюулгүй байдалд үзлэг шалгалт зохион байгууллаа.

Ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулан буулгаж, шинээр барилгажуулах ажлыг дэс дараатай гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргалаа

Шалгалтын хүрээнд эдгээр барилгуудын үндсэн эрсдлийг тогтоож, мэргэжлийн чиглэлийн дүгнэлт гарган, болзошгүй аюултай үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн болгоомжгүй байдлаас үүсэх эрсдэл, эмзэг байдлыг бууруулах цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт гарган мэргэжил арга зүйн зааварчилгаа зөвлөгөө өгсөн байна. Шалгалтад нийт 76 барилга хамрагдсан бөгөөд дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Барилга байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацаа дууссан. Барилгын дээврийн хөндийд хог, тоосонцор, шувууны сангас хуримтлагдсан, дээврийн хучилтанд реклам, сурталчилгааны самбарыг тооцоо судалгааг үндэслэхгүйгээр байрлуулсан, орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нь чанар аюулгүй байдалд нөлөөлж газар хөдлөлтөнд тэсвэргүй болгосон байна.

Мөн цахилгааны ачааллыг нэмэгдүүлсэн, аюулгүй байдал хангагдаагүй байгаа нь гамшгийн нөхцөл байдал үүссэн үед оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл учруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж үзжээ. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай 1950, 1960 онд баригдсан, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг дахин төлөвлөлтөнд оруулан буулгаж, шинээр барилгажуулах ажлыг дэс дараатай гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэлт гаргалаа.

Дүгнэлтийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулан цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргах үүргийг холбогдох газруудад өглөө.

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн дайсан – өндөр түвшний авлига

Улс орны хөгжилд саад болдог хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй “өндөр түвшний авлига” гэдгийг бүгд л мэдэж байгаа. Үүнийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр Сант марал сангаас хагас жил дутамд 4 удаа явуулж, 2014 оны 4 сард дүнгээ танилцуулсан судалгаанаас харж болох юм. Энэхүү судалгааны үр дүнгийн хэсэгт байгаа “дээд түвшний авлигын тухай ойлголт” гэсэн иргэдийн дээд түвшний авлигын талаарх ойлголт мэдлэгийн тандалт төсөөлөл нь анх удаа дээд \”өндөр”\ түвшний авлигын талаарх мэдээллийг илэрхийлсэнбайна. Хэдийгээр иргэдийн төсөөллийн судалгаа гэгдэх боловч “үүнийг дээд буюу өндөр түвшний авлига гэнэ” гэсэн тодорхойлолт, эрх зүйн зохицуулалт байхгүй орчинд хийгдсэн судалгаа гэдгээр нь анхаарч үзэхээс өөр аргагүй юм. Улс төрийн ашиг сонирхол бүхий хэргүүд, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргүүд, дотоодын болон гадаадын томоохон бизнесийн байгууллагууд оролцсон хэргүүд, улс оронд их хэмжээний хохирол учруулж буй хэргүүд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэргүүд, хахуулийн хэмжээ маш өндөр хэргүүдийг иргэд “өндөр түвшний авлига”-ын хэмээн төсөөлжээ.

Ер нь авлиганууц далд явагддагаараа онцлог боловч хэн ч авлига гэж ойлгохооргүй олон үйлдэл авлига байдгийг бид байх ёстой зүйл гэж хэдий хүртэл хүлээн зөвшөөрөх юм бэ? Тухайлбал, баригдаж дуусдаггүй жил бүр төсвөөс нэмэлт хөрөнгө оруулалт хийдэг эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хувьд барьж чадахгүй байгаа компанид боломж олгосон нь өндөр түвшний авлига юм л даа уг нь, түүнийг хэн хийж чадах вэ гэхээр албан тушаалтан тухайн шийдвэрийг гаргагч л хийж чадна. Бидэмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ор гаргуулахын тулд эмчид, цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд багшид өгч буй авлигын тухай ярьж анхаарлыг сарниулахаа түр азнан, улс орны хөгжилд бодит байдлаар саад болж байгаа тэр л үйлдэл тухайлбал, улс төрчид, эрх мэдэлтнүүд хэн нэгэнд боломж олгож, олсон ашгаараа сонгуулийн зардлаа босгодог өндөр түвшний авлигын тухай ярих цаг аль хэдий нь болжээ.

Grand corruption, political corruption, high level corruption гэсэн нэр томъёогоор олон улсад хэрэглэгдэж буй, одоо манайд зөв ч орчуулагдаж амжаагүй “өндөр түвшний авлига”, улс оронд маань жинхэнэ цэцэглэн ургаж үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрээд буйг эс анзааран өнгөрөх эрх бидэнд байхгүй гэж бодох юм. Би энд хэн нэгний мууг үзэж авлигачин болгох тухай яриагүй байна. Тийм авлигыг төрүүлж буй хөрс суурийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай ярьж байгаа юмаа.

Монгол улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг 2003 онд соёрхон баталж хууль гаргасан орон. Конвенцид нэгдэж байна гэдэг нь олон улсын өмнө үүрэг хүлээж, түүний үзэл санаанд нэгдэж байна гэсэн үг шүү дээ. Авлигын улмаас нийгэмд тогтворгүй байдлыг үүсгэхгүйн тулд, ардчилал түүний үнэт зүйлд аюул занал учруулахгүйн тулд, шударга ёс, тогтвортой хөгжил, хууль ёсонд хохирол учруулахгүйн тулд улс орнууд авлигын эсрэг нэгддэг билээ. Конвенцид өндөр түвшний авлига үүсч болох боломжийг хаахын тулд төрийн албан хаагчдын, төрийн чиг үүргийг зөв, эрхэм бөгөөд зохистойгоор биелүүлэх шаардлагыг хангахуйц боловсролын болон сургалтын хөтөлбөрийг нь чухалчлан авч үздэг бөгөөдчиг үүргээ биелүүлэхэдгарч болзошгүй авлигын эрсдлийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн тусгай сургалтаар хангасан байхыг шаарддаг төдийгүй тэдгээр сургалтад тухайн салбарт мөрддөг ёс зүйн дүрэм жишгийг заавал тусгасан байхыг онцлон үздэг байна. Төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгох шалгуурыг тогтоох зорилгоор оролцогч улс бүр Конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн хууль тогтоох түүнчлэн захиргааны арга хэмжээ авах асуудлыг ч мөн авч үздэг билээ. Түүнчлэн төрийн сонгогддог албан тушаалтны нэрийг дэвшүүлэх үйл ажиллагааны санхүүжилт болон холбогдох улс төрийн намын санхүүжилтын ил тод байдлыг хангаж ажиллахыг оролцогч улс бүрт уриалсан байдаг. Монгол улс Конвенцид нэгдсэн улсын хувьд хууль, захиргааны бусад актаар эдгээрийг зохицуулах шаардлагабий болж байна. Энэхүү арга хэмжээ нь өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэнэ.

Мөн төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, төрийн санхүүг удирдахдаа тогтоосон дүрэм, журмыг мөрдөөгүй тохиолдолд хандах эрх зүйн боломж болон хамгаалалтыг хангах, гомдол гаргах дотоод хяналтын тогтолцоотой байхыг Конвенцээр тодорхойлсон.Монгол улс төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд орон нутагт төсвийн эрхийг багагүй хэмжээгээр шилжүүлсэн өнөө үед орон нутгийн түвшинд дотоодын болон хөндлөнгийн хяналт хамгаас чухал юм. Бид иргэдийн оролцооны тухай их ярьдаг боловч бодитой оролцох боломжийг одоо болтол бүрдүүлж чадаагүй харин хэлбэр талаас нь Засаг даргын үзэмжээр ордог “иргэний танхим”-тай болоод байна. Иргэдийн оролцооны ач холбогдлыг илэрхийлсэн нэг жишээг энд дурдая. Их Британийн Парламентын гишүүдийн зардлын дэлгэрэнгүйг ил тод болгох хүсэлтийг 2004 онд Хэтр Брүүк гэдэг эмэгтэй гаргасан гэдэг. Парламентын Нийтийн танхим тухайн үеийн парламентын гишүүдийн зардлыг тухайн актаас хасах нэмэлт өөрчлөлтөд санал нэгдсэн ч тэрхүү нэмэлт өөрчлөлт батлагдаагүй.Хэтр Брүүкийн гаргасан парламентын гишүүдийн аялалын зардал, цалин зэрэг бусад зардлыг ил тод болгох хүсэлт няцаагджээ. Гэвч тэрээр давж заалдсаны дүнд 2009 онд олон нийт парламентийн гишүүдийн гаргасан зардлыг үзэж танилцах боломжтой болсон. Ингэснээр улсын мөнгө хэрхэн хувийн зардалд зарцуулагдаж, авлига бий болж байгааг ил тод болгож, парламентын Нийтийн танхимын 6 гишүүн огцорч, мөн танхимын 4 гишүүн,Лордын танхимын 2 гишүүн ял шийтгүүлжээ.

Өндөр түвшний авлига нь төрийн өндөр албан тушаалтны хууль бус үйлдэл, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн өндөр түвшний авлигын гэмт хэрэг нь улсын төсвийг бүрдүүлэхүйц их хэмжээний хөрөнгийг үгүй болгож үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжилд саад болдог.Тиймээс өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал байна. Өндөр түвшний авлигын хэргийг мөрдөн шалгахад төрийн өндөр албан тушаалтнуудын халдашгүй байдлын эрх зүйн зохицуулалт саад болж байгааг өөрчлөх шаардлагатай байна.

Эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эдийн засаг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой байгааг анхаарч урьдчилан сэргийлэх зохистой тогтолцоог бий болгох нь зүйтэй. Ийм шинэчлэлийг хийхэд улс төрчдийн хүсэл сонирхол дутагдаж байна. Өнгөрсөн жил “Монгол улсад шударга ёсны үндэсний тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийн төслийг холбогдох байгууллагууд боловсруулж, төсөл санаачлагч Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн боловч харамсалтай нь өдий хүртэл хэлэлцэгдэхгүй орхигдсоор байна.

Гүн ухаантан, сэтгэгч Аристотель “Үндсэн хуулийн гурван хэлбэр байдаг чтүүнтэй ижил тооны завхрал, эсвэл тэдгээр гурван хэлбэрийг дагасан авлига байдаг … Хаант ёсны завхрал юмуу авлига нь бурангуй дэглэм юм. Хаант ёс болон бурангуй дэглэм аль аль нь ганц хүний шийдвэрээр хэрэгждэг. Гэхдээ бурангуйлагч нь өөрийн давуу талаас суралцсаар байдаг … Хаан өөрийн байр суурьнаас аливаад ханддаг” хэмээн тэмдэглэжээ. Аристотель авлигын хэлбэрээр бурангуйлах ёс бол хаант засаглал юм хэмээн тодорхойлохдоо авлига гэсэн ойлголтыг албан хаагчид бодлого боловсруулахдаа харилцан адилгүй, ялгаатайгаар шийдвэрлэж далд байдлаар хээл хахууль авахыг зарчмын хувьд гаргасан болов уу?(Сурвалж: “Political corruption – Concepts & Contexts” third edition. 2002. Arnold J. Heidenheimer et al.) Өндөр түвшний авлигын түгээмэл хэлбэрийн нэг нь шийдвэр гаргагч этгээдөөрт ашигтай шийдвэр гаргаж түүнийхээ “үр шим”-ийг байнга хүртэж байдагүйлдэл юм. Иймд шийдвэр гаргах процессыг ил тод, нээлттэй болгох нь өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх суурь болно.

Эцэст нь тэмдэглэхэд “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”-ны дүн, өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан “өндөр түвшний авлига” хэмээх ойлголт, түүнд хүлээлгэх хариуцлагыг эрх зүйн хүрээнд тодорхойлон холбогдох хууль тогтоомжид шинээр тусгаж, Монгол улс НҮБ-ын Конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь хойшлуулшгүй шийдэх асуудал болж байна.

Хуульч, судлаач В.УДВАЛ

Categories
мэдээ улс-төр

Олон улсын парламентийн холбооны Ассамблейд оролцов

УИХ-ын гишүүн Су.Батболд, Г.Уянга нар Швейцарийн Женев хотноо энэ оны 10 дугаар сарын 12-17-нд чуулсан Олон улсын парламентын холбооны 131 дүгээр Ассамблейд оролцлоо.

Энэ удаагийн Ассамблейгаар авч хэлэлцсэн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох тухай сэдэв нь өнөөдөр дэлхийн олон нийтийн санааг зовоож буй нэг чухал асуудал болж байгааг улс орнуудын парламентчид анхаарч, улс төрийн шийдвэртэй алхам авч хэрэгжүүлэхийг Ассамблейгаас уриалав.

БНХАУ-ын Бээжин хотноо 1995 онд болсон Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн 4 дүгээр бага хурлаас баталсан Тунхаглал, Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэдний эсрэг хүчирхийллийг зогсоох талаарх үзэл санаа, заалтуудыг тус бага хуралд оролцогсод дэмжиж буйгаа илэрхийлээд, хүйсийн тэгш байдал нь тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл, дэвшлийн жишиг болж байгааг онцолсон байна.

Өнөөдөр дэлхийн гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа бөгөөд ийм төрлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, охидын нэр алдрыг гутааж, тэдний үндсэн эрхийг нь зөрчиж байна гэж хурлын илтгэлд тэмдэглэв. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрийг зогсоох, хүйсийн тэгш байдлыг хангахад төрийн зөв бодлого амин чухал үүрэгтэйг төлөөлөгчид хэлсэн үгэндээ цохон дурдсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэднийг шийдвэр гаргахад өргөнөөр оролцуулах талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ассамблейн үеэр ОУПХ-ны Удирдах зөвлөл, Ардчилал ба хүний эрхийн байнгын хороо, Энх тайван ба аюулгүй байдлын байнгын хороо, Парламентчдын хүний эрхийн хороо, НҮБ-ын асуудлаарх байнгын хороо, Тогтвортой хөгжил, санхүү болон худалдааны асуудлаарх байнгын хорооны салбар хуралдаанууд болж, ОУПХ-ын Ерөнхийлөгчөөр Бангладешийн парламентын гишүүн Сабер Чоудхури сонгогдов.

Манай улсын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейд оролцох үеэрээ Австрали, Исланд, Мексикийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.