Categories
мэдээ цаг-үе

Ц.Алдармаад долоон жил хорих ял оноолоо

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд боллоо. Эл хурал хоёр удаа хойшлоод байсан юм.

Хэргийг сануулахад өнгөрсөн хавар тус хамтлагийнхан Эрдэнэт хотод тоглолтоор явж байхад Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар муудалцан бие бие рүүгээ буцалсан ус цацсан байдаг. Д.Оюунтуул цээж, хүзүү, хуруундаа ихээхэн хэмжээний түлэгдэлттэй “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүргэгдэн ирсэн бол Ц.Алдармаа “Би бас хохирсон. Д.Оюунтуул эхлээд над руу аягатай халуун ус цацсан” хэмээн ойр дотнынхондоо ярьсан байдаг. Жүжигчин бүсгүйчүүдийн муудалцсан шалтгааныг тухайн үед янз бүрээр тайлбарлаж байсан юм. Г.Ундармаа ажлаасаа түр чөлөө авч, тоглодог дүрүүдээ Д.Оюунтуул руу шилжүүлсэн нь Г.Алдармаад таалагдаагүй. Үүнээс болж муудалцсан гэж таамаглаж байсан билээ. Гэтэл тэдний ойр дотнын нэгэн “Хоёр бүсгүй хувийн асуудлаас болж муудалцсан. Нэг залуугаас болсон юм шиг байна лээ” хэмээн ам алдсан байдаг.

“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Бооёо буюу Б.Ариунболд “Тоглолтын дараа, ажлын бус цагаар ийм юм болсон. Тийм болохоор энэ асуудал манай хамтлагт хамаагүй. Бүсгүйчүүдийг хамтлагаасаа хасах эсэхийг бид хэлэлцэх болно” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Д.Оюунтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-наас хойш эмнэлгээр явж байгаа. Тэрнээс хойш ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Одоо ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ц.Алдармаагийн эмчилгээ, хохирлын төлбөр болох нэг сая 750 мянган төгрөгийг бэлнээр авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгчийнхээ ялыг хөнгөрүүлэх саналтайгаар оролцоно” гэж ярьсан. Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна. Эл хүсэлтээ прокурорын байгууллагад удаа дараа тавьсан. Хэргийг хэлэлцэх явцад тэдний маргалдсан шалтгаан болон цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас хэргийг хаалттай хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэхээр болсон.

Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Уг зүйл ангид “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ. Харин шүүгдэгч Ц.Алдармааг Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” буруутгаад байсан юм.

Өдрийн 13.30 минутад эхэлсэн шүүх хурал орой 19.15 минутын үед шийдвэрээ гаргаж, Ц.Алдармаад долоон жил хохирох ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оноолоо.

Ц.Алдармаагийн ар гэрийн­хэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Манай охин ч хохирсон. Шүүх шударга байх ёстой” хэмээцгээсэн бол өмгөөлөгч нь давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ийм нэг эрхэлсэн гишүүн Их хуралд байх юм

УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр чармай нүцгэн хосуудын эротик зургийг жиргэжээ. Эрхэм гишүүн зүгээр ч жиргээд зогсохгүй “Ретвийт хийхгүй байж чадсангүй, гоё зураг байна. Бас л живүүн мэдрэмж өгөх байх даа” гэж тэр зургандаа тайлбар бичсэн байх юм. Ер нь тэрбээр байсхийгээд л иймэрхүү зураг идэвхийлэн жиргэдгээрээ сошиал ертөнцөд алдартай болжээ. Өмнө нь голын эрэг налан хэвтэж байгаа хувцасгүй шахам эмэгтэйн зургийг олонд тараасан. Мөн “Монгол камасутра” гэж ирээд л загас наадуулж буй байрлал бүхий зураг жиргэсэн нь ч бий. Бас жаахан хүүхдүүдийн “бор шувуу”-гаа гаргасан зургийг цахим сүлжээгээр олон нийтэд түгээсэн. Хэрэв жаалуудын эцэг эх тэр зургийг хараад гомдол мэдүүлбэл яана. Энэ мэт М.Зоригт гишүүний жиргэсэн эрос зургуудыг дурдах юм биш. Тэрбээр хөдөө явж идсэн, ууснаа гайхуулдаг. Нэг хэсэг 50 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна гээд баахан зарласан. Саяхан ээж нь Iphone-6 өглөө гээд л жиргэсэн. Алхам тутам, ахуй амьдралаа ингэж зарладаг нэг гишүүн энэ парламентад байна аа.

М.Зоригт гишүүн сүүлийн үед өрөөндөө суулт зарлалаа гээд л төрийн ажлаас зугтах шиг болж байна. Өөрөө өөртөө чөлөө олгосон байдлаас нь харахад Засгийг эсэргүүцэх биш цахим ертөнцөд жиргэх цаг зав гаргаж буй нь энэ бололтой.Түүний одоо ямар гар утас барьж, өнөөдөр юу идэж, яаж хувцасласныгхүмүүсээс асуувал шууд л зөв хариулна. Харин ямар хуульсанаачлан баталж, улс оронд хэрэгтэй юу хийснийг нь мэдэх хүн тэр болгон байхгүй биз ээ. Ийм хүнийг дэмжиж, УИХ-д гаргасан иргэдийн санал хайран санагдаж байна шүү. Уг нь тэрбээр Монгол Улсын иргэдийг төлөөлөн суугаа төрийн түшээ. Гэтэл улсын ажлыг иймэрхүү байдлаар хийж байна.

Нэг талд нам нь өөд уруугүй ажиллаж, эдийн засгийн хүнд байдлыг хэрхэн даван туулах тухай зүтгээд байдаг. Гэтэл нөгөө талд эрхэм гишүүн “Суулт зарлалаа” гээд намаа өөнтөглөөд суугаад байх нь ёс зүйтэй үйлдэл мөн үү.Нам дамжиж орж ирчихээд хийсэн бүтээсэн юмгүй өдөр хоногийг өнгөрөөж өрөөндөө суулт зарлаж байгаа түүнийг нам нь татаж авч, ёс зүйн хариуцлага хүлээлгэвэл яасан юм бэ.

Өөрийгөө зугаацуулж фэйсбүүк, твиттер хуудсаар аялж, алхам тутмаа тайлагнаж суухаас өөр ажилгүй айлын эрх хүүхэд шиг ийм нэг гишүүн манай парламентад байна.

Б.ЦЭЛМЭГ

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Баянгол дүүргийн эмнэлгийн шинэ барилга нээлтээ хийлээ

Баянгол дүүргийн эмнэлэг болох Эрүүл мэндийн төвийн шинэ цогцолбор байрны нээлт өчигдөр боллоо. Нийт долоон тэр­бум 726 сая төгрөгийн өртөг бүхий тус цогцолборыг улсын хэмжээнд 25 жилийн дараа төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт хийгд­сэн томоохон бүтээн бай­гуулалтын нэг гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хам­гаал­лын сайд С.Эрдэнэ онцолж байлаа.

Захиргаа аж ахуй, полик­линик, хүүхдийн, нэгдсэн эмнэлгийн, НЭМТҮ-ний тасаг болон өрхийн эрүүл мэндийн төв зэргээс бүрдэх тус эрүүл мэндийн төвд 460-аад эмч ажиллаж, өдөрт дунджаар 700 гаруй иргэдэд үйлчлэх юм. Дээр нь мэс засал, хөнгөвчлөх эмчил­гээ, гэмтлийн тасгуудыг шинээр нээн ажиллуулж эхэлжээ.

Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал “Манай эрүүл мэндийн төв амбулатор, сувилахуй, хэвтэн эмчлүүлэх зэрэг тусламж үйлчилгээнээс гадна давхар оношилгоо хийд­гээрээ давуу. Өмнө нь манай эрүүл мэндийн нэг­дэл өвчтө­нүүддээ 37-47 минутын давтамжтай эмнэл­гийн үйлчилгээ үзүүлдэг бай­сан. Тэгвэл өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төв, салбар амбулаториос гадна өнөөд­рийн (өчигдрийн) шинээр ашиг­лалтад орж буй эмнэлэг иргэдэд үйлчлээд эхлэхээр эмнэлгийн тус­ламж үйлчилгээний хүр­тээмж хоёроос гурав дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл иргэдэд дэлхийн стандартын дагуу буюу 20-25 минутын дотор эмнэлгийн тусламж, үйл­чилгээг үзүүлдэг бол­лоо. Мэдээж яаралтай тус­­лам­­жийг үүнээс бага хуга­цаанд үзүүлнэ. Дээр нь зөв зохион байгуулалтын ачаар дүүр­гийнхээ 215 мянган хүн амд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх нөхцөл нь бүрдсэн. Бид энэхүү тусламжийн төвийн барилгаа бариулах ажлыг аль 2008 оноос санаачлан эхлүүлсэн. Тиймээс жил бүр эмнэл­гийн тусламж үйлчил­гээний хэрэгцээт тоног төхөө­рөмжөөр хангахыг ЭМЯ, нийслэлийн ЭМГ-т цаг алдалгүй уламжилсаар ирсэн. Өнгөрсөн жил л гэхэд 370 гаруй сая төгрөгтэй тэнцэх эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээний орчин үеийн багаж, төхөөрөмжтэй болсон. Саяхан 130-аад сая төгрөгийн өртөг бүхий долоон төрлийн шинжилгээ, оношилгоо хийх хүчин чадал бүхий лабораторийн тоног төхөөрөмжийг ЭМЯ-аас тавьж өгсөн. Бас Солонгосын орчин үеийн дижитал рентген аппаратаар тоноглогдсон. Өмнө нь бид 60 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол шинэ байранд орсноор 100 болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр дүүргийн хэмжээнд анхан буюу хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ найдвартай хүргэх бололцоотой болж байгаа хэрэг” гэсэн юм.

Энэхүү эрүүл мэндийн төвийн нэгээс дөрөвдүгээр давхарт амбулаториор иргэдэд үйлчлэх бол, тав зургадугаар давхруудад нэгдсэн эмнэлгийн тусламж, үйл­чилгээг үзүүлэх аж. Харин долоогоос есдүгээр давх­руудад нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна захиргаа аж ахуйн тасаг байрлах гэнэ. Өдөрт дунджаар 700 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай юм байна. Барилгын ажлыг “Гангар инвест” компани гүйцэтгэжээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Хашчулуун: Шатдаг занарт Оюу толгойтой дүйх хэмжээний хөрөнгө оруулалт татах бололцоотой

Монголын Шатдаг занарын ассоциацийн гүйцэтгэх захирал, эдийн засагчЧ.Хашчулуунтай ярилцлаа.

Занарын нөөцийн урьдчилсан таамаг 700 тэрбум тонноор яригддаг. Хэр бодитой таамаг бол. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж хэлж болохзанарын орд байна уу?

-700 тэрбум тонн гэдэг бол урьдчилсан байдлаар дөрвөн удаа занарын судалгаа хийж байж гарсан тоо. Тодруулах үүднээс хэд хэдэн ажил хийгдэж байна. Төв болон зүүн бүсэд гадаад, дотоодын компаниуд хайгуул идэвхтэй хийж байгаа. Хууль нь наадмын өмнөхөн батлагдсан учраас хайгуулын ажил дөнгөж одоо л эрчээ авч байгаа болов уу. Цаашдаа хайгуулын ажлыг тал талаасаа эрчимжүүлж байж 700 тэрбум гэсэн нөөц илүү бодитой тоон дээр бууна. Наяад оны дундуур засаг, төрөөс занарыг онцгой анхаарч судалсан учраасэнэ тоо тодорхой хэмжээгээр үндэслэлтэй. Занарыг ашиглах хэд хэдэн төрлийн технологи бий. Технологитойгоо таарах эсэх, нөөцийн хэмжээ нь хөрөнгө оруулалтын хэмжээнд хүрэх эсэхийг тодруулах ажил явагдаж байна. Хайгуул сүүлийн хоёр жил бага зэрэг идэвхжсэн. Хууль батлагдсанаар гарц нь гарлаа. Хайгуулын ажлын чиглэлээр тодорхой үр дүн гарна гэдэгт итгэдэг. Занарын холбооноос Монголын хэмжээнд занарын судалгаа хийе гэж төлөвлөж байгаа. Гэхдээ хайгуул хийхгүйл дээ. Өмнө нь хийсэн хайгуулын дүнгүүдийг нэгтгэхасуудлыг Газрын тосны газартай ярьсан. Төр засаг хөрөнгө талаас нь дэмжээд өгвөл олон нийтэд танилцуулах боломжтой. Ингэж чадвал хөрөнгө оруулалтыг татах нэг томалхам болно. АНУ-ын Засгийн газраас занарын дэлхийн нөөцийг жил бүр судалдаг.Тэдний хувьд манай дээр батлагдсан байдлаар хоёр бий гэж яриад байгаа. Нэг нь Дорноговийнх. Нөгөө нь Дорнодынх. Манай геологичидТөв, Хэнтий, Дорноговь, Дундговь, Өвөрхангай зэрэг газарт занарын нөөц байгаа гэдгийг мэднэ. Давхар хайгуул хийх ажил дөнгөж эхэлж байна.

Занар дээр сонирхлоо бодитойгоор илэрхийлсэн компани гэвэл Америкийн “Жени ойл” байна. Фран­цаас нэг компанийн нэр дуулддаг. Яг одоогоор хөрөн­гө оруулах сонирхол илэрхийлсэн ямар компа­ниуд байна?

-Занар дээр дэлхийн хам­гийн том компани болох Францын “Тотал”-ийн төлөөлөл Уул уурхайн яам­ны­хантай нэлээд уулзалт, хэлэл­цээр хийсэн байх. Занарын судалгааг улсын хэмжээнд хийж өгье гэсэн сонирхол илэрхийлсэн юм билээ. Хайгуулын ажил гэсэн үг л дээ. “Жени ойл”-ын хувьд хай­гуулын ажлаа хийх шатандаа байна. Монголын компаниуд ч хайгуулын ажлаа хийж байгаа. Ялангуяа занарын хувьд нөөц нь харьцангуй сайн тогтоогдсон, боломжтой гэж үзэж байгаа орд гэвэл Хөөт байна. Наяад онд хийсэн судалгаагаар хамгийн сайн занарын агуулгатай гэж гарсан юм билээ. Барууны компаниуд шинэ орд хайх тал руугаа сонирхолтой байдаг байх. Орос, Эстонийн холбогдох байгууллагын хүмүүс ирж занар дээрхамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Оросууд 1940-өөд оноос хойш занарыг ашиглаж бай­сан учраас нэлээд сайн тех­но­логи, мэдээлэлтэй. Мон­голыг тухайн үед маш сайн судалсан орон бол Орос л доо. Эстоничуудын хувьд дөрвөн цахилгаан станцыг занараар ажиллуулдаг баялаг туршлагатай. Манайх нүүрс ихтэй учраас занарыг тэр бүр тоодоггүй ч Эстонийн туршлагыг тодорхой хэмжээ­гээр судлах хэрэгтэй байх. Илүү үр өгөөжтэй, хямдхан байж мэдэхийг үгүйсгэхгүй. “Жени ойл”-ын хувьд техно­логи нь занараас газрын тос, дизель боловсруулдаг давуу талтай. Тэдний хувьд туршил­тын үйлдвэр нь Израйль, Америкт бай­гуулагдаад ажил­даа орчихсон. Уул уурхайн яамныхан болон холбогдох хүмүүс газар дээр нь очиж танилцсан байх. Ер нь шинэ боломжууд их гарч байна. Дэлхийн улс орнууд занарт анхаараад эхэлчихсэн. Хятад улс гэхэд л занар олборлох, үйлдвэрлэх талд төрийн дэмж­лэг үзүүлнэ гэдгээ зарласан. Бүр үндэсний хэмжээний хүрээ­лэн байгуулсан. Занарын маш том ордыг Монголын баруун бүсийн хилийн цаана нээсэн байна лээ. Хайгуулаа идэвхжүүлж байна.

Монголын занараас гарч байгаа тос Арабынхаас ч чанартай гэсэн олзуурхмаар үр дүнг “Жени ойл”-ынхон хэлдэг. Манай шатдаг занар чанараараа дэлхийн хэмжээнд хаахнууртүвшинд орох бол?

-Занар гэдэг бол чулуужсан түүхий нүүрс маягийн мате­риал л даа.

Чанарыг ньдотор нь агуулагдаж байгаа шороо, нефть гаргадаг химийн бүтээгдэхүүний хувийн харьцаагаар үнэлдэг. Хөөт дээрсудалгаа хийгээд, үйлдвэр байгуулна гэсэн тооцоо байдаг юм. Монголын ком­паниудад үүнийг хийх сонир­хол байгаа. “Жени ойл”-ын хувьд нефтийн бүтээг­дэхүүн агуулагдсан хэсгээс нь гарч байгаа гарцыг онцолж байгаа. Лабораторийн судалгаа хийхэд маш сайн чанарын занартай гэж гарсан гэсэн. Шингэн хэсэг нь бензин болдог, жаахан хүнд хэсэг нь дизелийн түлш шиг болдог гэж байгаа юм. Хүнд хэсгийг нь шууд машинд хийхэд асч байгаа гэсэн. Тэгэхээр маш гайхамшигтай юм болох гээд байх шиг.

Занарыг олборлож ашиг­лаж эхэллээ гэхэд уурхай нь хэр том байх бол, байгаль орчин талаасаа сөрөг нөлөө бий эсэхийг тодруулж байна л даа?

-Мэдээж том уурхай бай­гуулахгүй. Занарын нэг онцлог нь том үйлдвэр байгуулдаггүй. Карьер үүсдэггүй. Тэр нь хамгийн том давуу тал. Гэхдээ занарын олон төрөл бий. Жишээ нь Америкт байдаг занарын төрөл голдуу чулуун хаданд агуулагдсан байдаг. Газрын тос маягаар тэндээ тунаж шингэсэн байдаг л даа. Манайх тийм биш. Чулуужсан, нүүрс маягийн.Бараг ил гарсан байдаг. Энэ утгаараа ашиглалтын технологи нь өөр.

Занар ашигласан газрын байгаль ийм болсон гэж ирээд сөрөг жишээнүүд их яригддаг. Занар дээр хэчнээн төрлийн технологи ашигладаг юм бэ?

-Занарын хувьд хоёр төрлийн технологи бий. Нэг нь яг нүүрс шиг олборлож байгаа шиг газарт том нүх үүсгэж зөөж гаргадаг. Тэгээд занараа нэг газарт шатаадаг. Шатаахдаа янз бүрийн химийн бодис үйлдвэрлэдэг. Энэ бол хамгийн энгийн арга. Заримдаа тэр чигт нь түлш болгож шатаадаг. Эстони шууд түлш болгож шатаадаг. Манай нүүрстэй ялгаагүй гэсэн үг. Америкчууд том чулуун хаданд агуулагдсан байгаа шингэн занараа нүх ухаад, сороод авчихдаг. Газ­рын тостой адилхан шахуу технологитой. Энгийн газрын тосноос ялгаатай нь чулуун хаданд агуулагдсан учраас олон удаа өрөмдөх шаардлагатай. Жижиг жижиг өрөмдлөг хийдгээрээ онцлогтой. Манайх аль аль нь биш. Нэгдүгээрт шороон хэлбэртэй байдаг. Олборлож зөөлөө гэхэд эдийн засгийн ямар ч үр ашиггүй. Том карьер үүсгэн байж гаргаж зөөх бараа бүтээгдэхүүн биш. Шороон дотор агуулагдаж байгаа 10-15 хувийн, заримдаа тэрнээс ч бага хувь байж болох газрын тосны шингэн элемент нь тэндээ ууссан байдаг. Тэрийг нь цахилгааны аргаар газар доор боловсруулахад өөрөө гараад ирдэг. Тусгай хоолой хийгээд гаргаж ирнэ л дээ. Нэг том давуу тал нь олон өрөм тавих шаардлагагүй. Ухаж гаргаж ирэхгүй. Гүнд нь л ашиглана.

Гүнд байгаа чулуужсан занарыг тодорхой хэмд халаагаад шингэн хэсгийг нь хоолойгоор олборлосны дараа газарт суулт өгнө, хотойно гэсэн тайлбарыг иргэний хөдөлгөөнийхөн хэл­дэг. Энэ хэр ортой яриа вэ?

-Газар сууна гэсэн ойлголт байхгүй. Технологийн арай өөр аргыг хэлсэн болов уу. Шороон доторх ус бага зэрэг хатаж байгаатай л адил зүйл. Ус нь хатлаа гээд шороо суулт өгдөггүйтэй адилхан. Чулуу, хад бүх юм нь хэвэндээ байна. Зүүнбаянд тавин жил нефть олборлож байна. Тэрэнтэй огт ялгаагүй процесс. Зарчмын хувьд бид занар гэж жаахан өвөрмөц бараа бүтээгдэхүүн ярьж байгаа ч Зүүнбаянгийн үйлдвэрлэлтэй яг төстэй. Зүүнбаянд газрын тосыг мөн адил халаадаг.

Энэ намар болсон газ­рын тосны салбарт хөрөнгө оруулагчдын хурал дээр занар бол хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах салбар гэж онцлох хүн олон байсан. Яг хэдий хэрийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой вэ?

-Хөрөнгө оруулагчид гурваас дөрвөн тэрбум ам.доллар татах боломжтой гэж ярьдаг юм. Оюу толгойтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх бололцоотой гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт татах гэхээс илүү занарыг ашиглаад гарч байгаа бүтээгдэхүүн нь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Гадаадаас авч байгаа шатахууны үнэ тэрбум шахуу доллар болдог. Энэ мөнгөний тодорхой хэмжээг дотооддоо үлдээх боломж занараа ашигласнаар нээгдэнэ. Хоёрдугаар давуу тал гэвэл байгаль орчинд харьцангуй ээлтэй арга. Дахин хэлэхэд том карьер үүсэхгүй. Дэлбэрэлт болохгүй. Газар дээр ил гаргаад шатаахгүй. Гуравдугаарт занар ашиг­лас­ны дараа байгаль унаган хэлбэрээрээ үлдэнэ. Үйлд­вэрлэл нь 300-400 метрийн гүнд хийгддэг. Дээрээ ямар ч өөрчлөлт гарахгүй. Занарын нөөц их учраас олон төрлийн хэрэглээ гарах байх. Германчууд занараар байшингийн дээвэр гэх мэт барилгын материал хийдэг юм билээ. Манайх ч тэгж болно. Ямар байдлаар яаж ашиглах нь хувийн хэвшил, засгийн бодлогоос хамаарна. Орон нутаг ч хөрөнгө оруулалтаа хийж ашиглаж болно. Цахил­гаан станц ажиллуулах, барил­гын материал хийх, түлш үйлдвэрлэх боломж нь нээлттэй. Төрөл бүрийн боломж бий. Манайхан занарыг хог гээд хаячихдаг. Багануурын уурхайн дэргэд занарыг овоолоод хаячихсан байдаг. Энэ хогийг ашиглаад хүнд хэрэгтэй юм хийх нь зөв л байх. Ер нь манайх шатахууны хэрэглээгээ дотоодоосоо хан­гах чиг барих ёстой. Тэгвэл маш их хэмжээний мөнгө хэмнэнэ. Оюу толгойн хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум гэж ирээд ярьдаг. Гэтэл бид жилд тэрбум долларын шатахуун гаднаас авч хэрэглэж байна. Занараа шатахуун болгож ашиглаад эхэлбэл таван жилийн дотор Оюу толгойн хөрөнгө оруулалтаасилүү хэм­жээний мөнгө хэмнэнэ гэсэн үг.

Газрын тосны хууль шинэчлэгдсэнээр занараа ашиглах боломж нээгдлээ гэж байгаа. Занарт хөрөнгө оруулах сонирхолтой улсын хувьд хууль эрх зүйн орчнытал дээр ямар нэг асуудал байх­гүй гэж ойлгож болох уу?

-Хөрөнгө оруулагчдад болгоомжилж харж байгаа өнцөг бий. Ер нь бол өнгөрсөн жилээс эхлээд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын орчин бага зэрэг сайжирсан. Хоёр чухал хууль батлагдсан. Нэгдүгээрт Газрын тосны тухай хууль байна. Занар, нүүрсний давхаргын хий, бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг яаж ашиглах вэ, хэн ашиглах ёстой юм, хяналт нь хаана байх вэ зэрэг бүх асуудал хуульд тодорхой туссан. Хөрөнгө оруулах гэж байгаа хүний хувьд харахад хэнд хандах вэ, ямар дэс дарааллаар зөвшөөрөл авах вэ, ямар нөхцөлд зөвшөөрөл авахгүй байх вэ гэдэг бүх юм нь маш тодорхой болсон. Энэ бол томдавуу тал. Хоёр­дугаар онцлох зүйл бол Хөрөнгө оруулалтын хууль. Ордоо олсны дараа олборлож ашиглах болно. Ямар нөхцөлд ажиллах, татварын орчин ямар байх вэ гэдэг нь тодорхой болсон. Үйлдвэр байгуулъя гэвэл занарын үйлдвэр хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд багтана л даа. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл тэр хэрээрээ гол гэж хэлж болох дөрвөн төрлийн татварыг тодорхой хэмжээнд өөрчлөхгүй байх нөхцөл үүснэ. Хөрөнгө оруулагчдын зүгээс харахад хоёр зүйл дээр болгоомжтой ханддаг юм билээ. Нөөц ашигласны төлбөр хуулиндаа 5-15 хувь гэж байгаа байх. Яг тодорхой заагаагүй.

Заагтай тавьчихаар ямар нөхцөлд тавыг, ямар нөхцөлд арвыгтөлөх нь ойлгомжгүй болчихож байгаа гэсэн үг үү?

-Яг тийм байдал үүсээд байгаа. Хөрөнгө оруулагчдын болгоомжилж буй хоёр дахь зүйл нь бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой.Хуульд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр шийднэ гээд заагаад өгчихсөн. Газрын тостой адил гэж үзээд тэгсэн байх. Гэхдээ бүтээгдэхүүн хуваалаа гээд асуудал төвөгтэй болж магад­гүй. Яагаад гэвэл улс нефть бүтээгдэхүүний худалдаа хийхгүй. Бүтээг­дэхүүн хуваана гэдэг нефть бүтээгдэхүүнийг аваад, өөр нэг газар борлуулах үүрэг хүлээнэ гэсэн үг.

Нэгэнт хэрэгцээ нь бай­гаа тохиолдолд шатахуун бор­луулахад асуудал гарна гэж үү?

-Тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ борлуулалт дээр гарч ирж байгаа багц асуудал бий. Нүүрс шингэрүүлэх, нүүрс хийжүүлэх, занар боловс­руулахад улсын бодлогоор дотоод­доо шатахуун үйлд­вэр­лэхийг дэмжих нь тодорхой. Яг борлуулъя гэхэд гадаадаас орж ирж байгаа бензин, дизель гэнэт хямдраад зах зээлийн үнийг унагаавал яах вэ гэдэг асуудал тодорхой бус байгаа. Улс та нар ийм юм хийцгээ гээд маш их хэмжээний хөрөнгө оруулалтаар баахан юм хийлгэчихдэг. Дараа нь Орос ч юм уу аль нэг улсаас орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүн ямар нэг шалтгаанаар гэнэт огцом хямдарвал яах вэ гэдэг асуудал бий. Энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдлыг бий болгож байгаа хүчтэй шалтгаан. Шатахууны хувьд өнөөгийн үнэ өсөөд байх нь сайн зүйл биш. Хамаа­гүй буураад байвал хөрөнгө оруулагчид төслийн үр ашгаа тооцож чадахаа больдог. Монгол банкнаас шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Шүүмжлэлтэй ханддаг зүйл бий л дээ. Гэхдээ нэг сайн тал нь шатахууны үнийг барьж чадаж байна. Хэрвээ шатахууны үнийг бариагүй бол өдийд инфляци хорь, гучин хувьд хүрэх байх. Үүнтэй адил цаашдаа шатахууны үнийг өсгөхгүй байх, тогтвортой байлгах нь маш чухал. Энэ тохиол­долд хөрөнгө оруулалтын тооцоогоо хийгээд үр ашгийг нь тооцох боломжтой. Ийм нөхцөлд хөрөнгө хийх бололцоо нэмэгдэнэ.

Америк, Хятад занарыг ашиглахаар эрчимтэй ажил­лаж эхэлсэн гэж та ярилаа. Эстони занараа түлж эрчим хүч гаргаад экспорт хийж даж­гүй мөнгө олчихож бай­на. Өөр ямар улсууд занар руу хошуурч байна вэ?

-Дэлхийн хандлагыг хара­хад хөгжиж байгаа орнууд занарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж бай­на. Египет, Иордан байна. Сүүлийн үед Энэтхэгт занарын ордод лиценз олгох, ашиглах гэрээ байгуулагдах тал дээр эрчимтэй ажиллаж байна. Египетэд 2010 онд занарын олон улсын хамтын судалгааны төв байгуулагдсан. Ялангуяа Арабын улсууд занарт их анхаарч байна. Саудын Араб газрын тос экспортолдог гол улс. Занарын анхны хоёр лицензийг олгосон байна лээ. Ордуудын талбайгаа хуваарилж эхэлсэн байна. Газрын тосны нөөц дуусах тал руугаа хандсан, хорь, гучин жилийн дараа дуусна гэж ярьдаг. Энэ утгаараа эдгээр улс занараа ашиглах гээд байх шиг байна. Египет, Иорданд газрын тос угаасаа байхгүй. Израйль занарын технологиороо сайн. Үйлдвэрээ байгуулж эхэлж байгаа. АНУ занараа ашиглаж, 2020 он гэхэд импортоос бүрэн татгалзана гэж байна. Шатахуунаа зуун хувь дотоодоосоо хангана гэдгээ мэдэгдчихсэн. Польш, Герман зэрэг улс дөчөөд оноос занарын ашиглалтад чухал ач холбогдол өгч эхэлсэн. Эстони манайх шиг жижиг улс. Гэсэн хэр нь манайд үйлдвэрлэдэг цахилгаан эрчим хүчнээс дөрөв дахин их хэмжээний цахилгаан үйлдвэрлэж байна. Занараа ашиглаад цахилгаан үйлдвэрлэдэг.

Та саяхны нэг хурал дээр Орос, Украйны зөрчил­дөөний бас нэг том шалтгаан нь Украйны занарын нөөц гэсэн сонирхолтой таамаг хэлж байсан…?

-Сүүлийн үед геополитик гэж их ярих болсон. Украйн байгалийн хий, нефтийн бүтээг­­дэхүүнээ дандаа Оросоос авдаг байсан. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа эрс муудсан. Украйн сүүлийн үед занарын судалгаа руу орж байна. АНУ, бусад улсаас компаниуд урьж хайгуул хийлгэж байгаа. Хайгуул хийж байгаа газар нь дайн болж буй хэсэг. Крымийн арал, Украйны зүүн хэсэг. Занарын хамгийн их нөөцтэй хэсэг нь. Зарим судлаач Орос, Украйны мөргөлдөөний цаана их хэмжээний занарын нөөц хэний мэдэлд үлдэх вэ гэдэг асуудал байна гэдэг. Украйны зарим мэдээг уншихад Крымд Оросын цэргүүд орж ирэхэд нэн тэргүүнд газрын тос, занарын орд дээр харуулуудаа тавьсан байдаг юм билээ. Сонин л тохиолдол. Манайх занарын асар их нөөцтэй. Занараа ашиглах тал руу алхам алхмаар явж байна. Хоёр жилийн өмнөтэй харьцуулахад занарын тухай ойлголт нэлээд сайн дэлгэрч байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад хууль нь батлагдаад эрх зүйн орчин нь нээгдэж байна. Энэ эрчээрээ явбал магадгүй хэдэн жилийн дараа занараа ашиглаж үйлдвэрлэсэн бензин дилзель хэрэглэж, шатахуун тасрах вий гэсэн айдасгүй болчих байх.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Унгар Улсад хийх ажлын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг өндөрлүүлээд Унгар улсын Будапешт хотноо ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Парламентын ордныхоо өмнө хүндэтгэн угтаж, өргөтгөсөн уулзалт хийв.

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан, Эрхэмсэг Ерөнхийлөгч таныг манай улсад хүрэлцэн ирсэнд таатай байна гээд Монгол улсын талаар сайн мэдээ байнга сонсож байдаг. Ялангуяа эдийн засгийн өсөлтийн талаар тоо баримтыг үзэж танай ард түмэнд талархаж байгаа.

Бидний өвөг дээдсийн 1100 жилийн өмнө нүүдэллэн ирсэн үүх түүх, дотоод сэтгэлд түүхэн улбаатай төдийгүй Унгар Монгол хүмүүс ах дүү ,дээд овгийнхоо тухай ярьж яриагаа эхэлдэг.

Манай хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа бүхий л хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг. Манай улс хөдөө аж ахуй, инженерийн технологийн салбарт туршлагатай.

Одоогоор 72 монгол оюутан сурч байна.Гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж байгаа. Танай талаас хүсэлт гаргавал тэтгэлэгтэйгээр оюутан хүлээж авахад бэлэн байна.

Энэ онд Монгол, Унгар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 64 жилийн ой тохиож байна. Улаанбаатар хотноо элчин сайдын яамаа дахин нээхээр бид төлөвлөж байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Эрхэмсэг ноён Виктор Орбан танд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.Таны хэлсэнчлэн бидэнд олон зуун жилийн түүх соёл бий. Мөн шинэ үеийн ч олон зуун жилийн түүх бий. Олон салбарт хамтран ажиллаж байсны тод жишээ нь биокомбинат юм. Бид мал аж ахуй,малын эрүүлжүүлгийн асуудал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн хүнсний үйлдвэр,усны аж ахуй, боловсрол, геологи,аялал жуулчлалын олон салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Суралцаж төгссөн оюутан эргээд дадлагажих боломж олгох тал дээр ажиллах хэрэгтэй гэв.

Хоёр тал өргөн хүрээний сэдвээр ярилцаж санал нэгдлээ.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийн зоог барилаа.

Маргааш 10-р сарын 18 Унгар,Монголын бизнес форумд оролцож үг хэлнэ. Мөн Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Дорно дахины тэнхимийн дэргэд байгуулагдах “Монгол Судлалын Төв”-ийн нээлтийн ажиллагаанд оролцож, Унгар улсад ажиллаж сурч буй Монгол ирэдтэйгээ уулзана.

Айлчлалын төгсгөлд Төв Европын Их сургуульд зочилж “Монголын ардчилал ба сургамж” сэдэвт лекц уншина.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Өөртөө зориулах цаг

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх саяхан нэг телевизэд өгсөн ярилцлагадаа “Би өмнө нь өөрийгөө сонсох завгүй улс төрд зүтгэжээ. Улс төрөөс хөндийрөөд өөрийгөө сонсох цаг зав гарсан. Миний амьдарч байсан Австралид бороо их орох юм. Бороотойд зөндөө л юм бодогддог юм байна” гэсэн агуулгатай зүйл ярина лээ. Ажил гэр, гэр ажил гэсэн маршрутаар өрнөх зав чөлөөгүй өдрүүдэд нээрээ бид өөртөө цаг гаргаж, дотоод сэтгэлээ сонсохдоохэр хүмүүс билээ. Ж.Гүррагчааг сансарт нисэхэд эмчээр нь ажилласан Лхагваа доктор Н.Багабандийг төр тэргүүлэх үед нийгмийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Өрөөгөөр нь өдөр хавьд шагайхад мань эр компьютерийнхаа ард ая сонсоод сууж байдаг сан. Учрыг нь асуухаар сонгодог ая сонсохоор эрч хүч, энерги авдаг гэж ярина. Тэр агшин бол зөвхөн Лхагваа зөвлөхийн цаг. Амралтын цагаараа ая сонсоод тухалж суугаа хүний өрөө рүү нээрээ хэн л шуудхан яваад орох вэ дээ. Их ажлын өдрийнхөө хэдхэн минутыг өөртөө зориулж, дуртай зүйлээ хийгээд дадчих нь өөрөөрөө орших, хүнээ алдахгүй байхын эхлэл байх шүү. Бас өөрийгөө цэнэглээд авна. Дуртай зүйлээ хийж, эрч хүч авсан хэн ч ажлаа түүртэлгүй амжуулчихаад гэрийн зүг инээмсэглэн алхана гэдэгт эргэлзэх юу билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросыг хонины маханд оруулчихаад дараа нь хонио зарж баяжих үлгэр энэ болой

Монгол Улс 60 сая малтай. Энэ их малынхаа махыг Оросод зарж ашиг олохоор боллоо хэмээн сүүлийн хэд хоног бид дээлэндээ багтахгүй сагсалзав биш үү. Сүүлийн 20 жилийн гол түншүүд болох Япон, Солонгос, Америк хүртэл жижигхэн харагдах шиг боллоо. Эдэнтэй эдэнгүй бид махаа хойд хөршдөө зараад хөл дээрээ сэгийтэл босоод ирэх юм байна гэж хөөрцөглөв. Тэгсэн сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад биш болоод явчихлаа. Эрдэмтэд тооцоо хийгээд үзсэн чинь махны экспортыг тэр чигээр нь эзлэх үхэр, адууны 60 сая малд маань эзлэх тоо толгой өчүүхэн юм байна. Оросууд манайхаас зөвхөн адуу, үхрийн мах л авна. Гэтэл Монгол Улсын нийт мал сүргийн дотор адуу 5.7 хувь, үхэр 6.3 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 44.3 хувь, ямаа 42.9 хувийг тус тус эзэлжээ. Өнөө 60 сая гаруй малын чинь ердөө гурван сая нь үхэр, хоёр сая гаруй нь адуу бусад 45 сая нь хонь, ямаа юм байна. Тэгвэл энэ их хонь, ямааны махыг авдаг газар алга. Арабын орнууд бага зэргийн хонины мах авдагийг эс тооцвол үнэндээ эдийн засгийн үр ашиг нь энэ хоёр малд юу байгаа юм бэ. Байгаа жаахан адуу, үхрийн махаа бүгдийг нь гаргаад ч Сибирийн махны нэг жилийн хэрэгцээг барахгүй юм байна. Оросын хэрэгцээ агуу их. Европууд Оросод мах, хүнсний ногоо нийлүүлэхгүй гэж мэдэгдлээ. Урьд нийгэмд Монголын махыг боловсруулах хэд хэдэн үйлдвэр Сибирьт баригдсан нь одоо ч технологийн дэвшил хийгдээд ажиллаж байгаа. Тухайн үед адуу гэхэд 60 мянгыг хойд хөршид нийлүүлж байсан бол одоо “Мах импекс” компани 6000 адуу бэлтгэлд авах гээд чардайдаг болсон гэх. Сүүлийн 20 гаруй жилийн дотор манай өөрийн дотоодын хэрэглээ бараг 11.0 саяд хүрлээ. Гадаад зах зээлд үхрийн махыг илүүтэй сонирхдог бол манайд үхрийн тоо толгой ердөө З.О сая орчим байгааг харгалзвал дотоодын хэрэглээнээсээ төдийлөн илүү гарахгүйд хүрсэн байгаа биз. Монгол дотроо ийм байхад энүүхэн энэ Эрхүү, Улаан-Үүд, Чита дахь үйлдвэрүүдэд махны хэрэгцээ байсаар байгаа. Эдгээр үйлдвэрүүд армийн хэрэглээний ма­хан бүтээгдэхүүний дийлэн­хийг үйлдвэрлэдэг. Монголоос мах нийлүүлэх тээвэрлэлтийн зардал маш бага, энэ нь худалдаалах үнэднөлөөлдөг. Ер нь бол хойд хөршид ганц Сибирь ч биш Орос нэлэнхүйдээ махны хэрэгцээтэй болчихоод байгаа юм. Оросод махны гол нийлүүлэгч нь байсан Латин Америк, Европын холбоо, англи хэлээр ярьдаг орнуудаас мах оруулахаа больсноор Бразил, Аргентинаас худалдан авалтаа нэмэхэд хүрч байгаа. Импортын махных нь 70 хувийг Москва, Санкт-Петербург хотод хэрэглэдэг. АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ импортын үхрийн махныхаа 60 орчим хувь буюу 600 мянган тонныг авч байсан зах зээл нээгдэж байна. Ийм нөхцөлдмах нийлүүлэх хамгийн ашигтай орон бол Монгол болчихоод байгаа юм. Дээрхорнуудаас ОХУ-д экспортолсон, эдийн засгийн хоригт багтсан хүнсний бараа, бүтээгдэхүүний нийт хэмжээ 6.5 тэрбум ам.долларт хүр­сэн байна. Ийм их үнийн дүн, гадаад худалдааны шинэ орон зайг зарим орон ашиглахын төлөө өрсөлдөж байна. Үүнээсманайх хоцрох ёсгүйг судлаачид удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Гэсэн ч бидэнд ийм их хэрэгцээг нөхөх махны нөөц чадамж алга. Гурван сая үхэр, хоёр сая адуу юу болох юм бэ. Үүнийгээ мэдэхгүй бид махны экспорт ярьсаар байна биш үү.

Тэгэхээр малаа эдийн за­саг болгоё, экспортод гаргая, их ашиг олъё гэж байгаа бол оросуудыг хонины маханд оруулах хэрэгтэй болох нь. Тэднийг хонины маханд чоно шиг оруулаад хорхойсоод ирэхээр нь хонь ямаагаа зарж эхлэх юм биз дээ. Энэ нь тэгээд бүтэх үү? Хэрэвзээ бүтэхгүй гэх хүн олон байгаа бол Оросод мах зарж баяжина гэдэг чинь үлгэр юм байна шүү дээ. Ёстой нөгөө харганын ноос түүж эсгий хийнэ гэдгээс чинь бодьгүй юм болно. Харин сум багаараа нийлж харгана бутны ноос түүхэд хэд хэдэн эсгий хийчих хэмжээний юм цуглаж мэднэ шүү. Харин Оросод хонины мах зарж бид баяжина гэдэг үлгэр юмаа, хөөрхийс минь. Оросууд манай шивтэр, таана, царван амтагдсан махыг иднэ гэхээ­сээ төмсөө нухаж идэх нь дээр гэх байлгүй дээ. Шуудхан хэлэхэд манай хонь, ямааны мах чинь хүнсний мах биш юм байна. Монголоос өөр хүн идэхгүй юм байна. Нэгэнт мах биш болохоор мөнгө биш юм байна. За тэгвэл сүү саалийг нь авч заръя, мөнгө болгоё гэж бодъё. Мэдээж 300 грамм сүүгээр улсыг хангахгүй. Дахиад л асууя, тэгээд одоо эдийн засгийн үр ашиг нь энэхүү Монголын олон сая хонь ямаанд юу байна вэ. Эдийн засгийн үр ашгаараа бол хамгийн тэнэг аж ахуй болж хувирлаа. Тэгэхээр бид өнөөдрийн нүүдлийн мал аж ахуйгаа олон улсын жишигт, түвшинд аваачмаар байна. Үүний төлөө хөдөө аж ахуйд реформ хиймээр байна.

Үнэндээ дэндүү их газар нутаг, бүр яваад барагдахгүй их газар нутагтай шүү дээ, бид. Жишээ нь зүүн аймгууд руу гараад давхия, яваад л байна, өдөр шөнөгүй давхина. Сүүлдээ ядарсан хүмүүс юу гэдэг гээч, “Энэ муу Чингис гуай ямар их газар нутаг үлдээгээ вэ, очих болоогүй юу” гэж тэвчилгүй орилдог юм шүү дээ. Энэ их газар нутгийг хашаалж, бэлчээрийг нөөцөлж, зөв зо­хис­той ашиглаж, дотор нь хэдэн арван мянгаар нь үхэр адуу өсгөх хэрэгтэй юм байна. Үнэхээр л мал аж ахуйгаасаа экспорт бий болгоё, эдийн засгийн их үр ашиг олъё гэж байгаа бол шүү дээ. Зэрэгцүүлээд тэжээл, бордооны талбай үйлдвэрүүдийг олноор нь байгуулах хэрэгтэй. Усжуу­лалтын хөтөлбөрийг хэдэн мянгаар нь төгс хийх хэрэгтэй. Өнөөдрийнх шиг 200, 300 үхрийн аж ахуй хэрэггүй ээ, 20, 30 мянган үхрийн аж ахуйг хэдэн зуугаар нь байгуулъя. Латин Америкийн гурван сая хүн амтай Уругвай улс гэхэд л 11 сая үхэртэй, ихэнх нь эрчимжсэн аж ахуй бөгөөд дэлхийн олон оронд үхрийн мах экспортолдог. Ашиг олдог улс. Манайх гурван сая үхрээ 11 саяд хүргэхэд тийм хэцүү гэж үү. Ингэхийн тулд махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх хэ­рэгтэй болно. Ийм боломж нь элбэгхэн байна даа, Мон­голд. Малын бааснаас сэжиглэдэггүй ард түмэн бэлэн байна. Үхэр, адууны эрчимжсэн аж ахуйгаар дүүр­гэ­сэн Монголын их хээр талд ард түмэн бужигналдан хөдөлмөрлөж эдийн засгийн асар их ашиг хийж баймаар байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд салат, төмсний нухашнаас хорджээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн зургадугаар ангийн хүүхдүүд салат, төмсний нухашнаас хордлого авсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Зургаан хүүхдийн шинжилгээнээс “Staphylococcus aureus” буюу “Алтлаг стафилакокк” илэрчээ.Тэдний идсэн салат, салатанд орсон хүнсний бүтээгдэхүүн, ус, арчдас болон ходоодны угаадсанд шинжилгээ хийхэд холимог салат, байцааны салат, ходоодны угаадаснаас “Staphylococcus aureus”, “Дархангэрэл” ХХК-ийн хиамнаас гэдэсний савханцар, “Staphylococcus aureus”, төмсний нухашнаас “Bacillius cereus”, “Staphylococcus aureus”, арчдаснаас гэдэсний савханцар илэрсэн гэнэ. Хүүхдүүд “Ургац баяр” тэмдэглэх гэж гэр гэртээ төрөл бүрийн салат, төмсний нухаштай бялуу, жимс, үзэм, чацарганы шүүс, будаа, хиамтай ороомог зэргийг ангидаа авчирсан аж. Үүнээс идсэн 16 хүүхэд хордлого авч сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бие нь сайжирч эмнэлгээс гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Банзрагчийн Энхтуяа: Эх хэл минь сэтгэлийн хат өгч, эх орон минь намайг хаа холоос аварсан

Шведийн нийслэл Стокгольм хотод ажиллаж амьдарч буй яруу найрагч Банзрагчийн Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр тус улсад арав гаруй жил амьдарч, уран бүтээлээ хийж буй юм. Мөн тэндэхийн сургуульд монгол хэл заадаг юм байна.

-Ta наяад оны сүүл ерээд оны эхээр шуугиулж л явсан яруу найрагчдын нэг. Олон жил хилийн чанадад амьдарч, чимээгүйхэн байлаа. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье дээ?

-Уран бүтээлийн хувьд энэ жил ёстой л богц ганзага дүүрэн байлаа. Тэнгэр нададонгодоо илгээжээ гэж хэлж болно. Олон сайхан шүлэг бас бодрол ухаарал хайрлалаа. Одоо ургацаа хурааж авчихаад бодож боловсруулж эвлүүлэн цэгцлэх гээд их ажил байна аа. Дараа нь ургацын баяраа хийнэ дээ. Одоогоос 13 жилийн өмнө намрын ийм л өдрүүдэд эх орноо орхин гарсан минь аз, эз алин болохыг одоо хэлж мэдэхгүй. Хүний газар уйлж дуулах, ганцаардах үе бишгүй л тохиолддог. Тэр болгоныг шүлэг бичдэгийнхээ хүчээр даван туулсан гэж болно. Энэ хэдэн шүлгүүд минь л уйлахад түшиж, унахад минь татаж босгосоор яваад одоо бол алзахааргүй болсоон. Яруу найраг гэдэг ганц хүнийг байтугай бүхэл бүтэн дэлхийг аврах жамтай юм хойно юутай ч хэл, хөлөө олсон.Сүүлийн үед Шведийн яруу найргаас орчуулж монгол түмэндээ хүргэж эхлээд байгаа. Удахгүй энд “Яруу найргийн нэгэн өдөр” гэсэн баяр болно. Түүнд бас Монголынхоо найрагчдын шүлгийг орчуулж тавихаар бэлтгэж байна.

Та ерээд оны эхээр уран бүтээлээ нэлээн эрчимтэй гаргаж байсан. Тэгснээ нэг л мэдэ­хэд гадагшаа явчихсан?

-Би анх 1992 онд “Далай ээж” нэртэй драмын жүжиг бичиж Дарханы театрт тавьж байлаа. 1993 онд түүгээр “Тавилан” гэж уран сайхны кино хийсэн юм. 1995 онд “Цөн түрэх аялгуу”, 2000 онд “Эгшиглэнт зул сар” нэртэй яруу найргийн түүврүүдээ гаргасан л даа.

Жүжгийг тань хэн найрууллаа?

-Дарханы “Залуучууд” театрын найруулагч Баатархүү найруулсан юм. Киног нь Ганхуяг найруулсан. Шведэд ирээд 2008 онд “Эх орондоо илгээх шүлгүүд”, 2011 онд “Цаг цагийн эгшилгэн” яруу найргийн түүврүүдээ гаргасан. Энэ жил “Эх хэл соёлоо эрхэмлэе” нэртэй гадаадад сурч амьдарч байгаа монгол хүүхдүүдэд зориулсан унших бичгийн номоо нэр нэгт Батчулууны Энхтуяатайгаа хамтарч хийлээ. Одоо шилдэг шүлгийн түүвэр гаргахаар бэлтгэж байна. Ядаж л Шведийн сонгодог зохиолчдыг эх хэл дээрээ бага боловч орчуулах хэрэгтэй байна. Нобелийн шагналт зохиолч ТомасТранстрёмерийн шүлгийг орчуулж Монголын Радиогоор явуулсан. Зарим нь мэдэх байх, Шведээс яруу найргаар Нобел хүртсэн цорын ганц хүн. Бас Сэтгүүлчийн аян замын тэмдэглэл гэж нэг ном гаргахаар бэлтгэж байгаа. Энэ маань хараахан цэцрээгүй байгаа.

Та тэнд монгол хэл заадаг юм байна. Эх хэлээ яруу найрагчаас суралцахын утга учир нь өөрөө гүнзгий юм л даа?

-Миний анхны мэргэжил багш юм л даа. Швед оронд боловсролын систем нь их уян хатан, маш нарийн бодлоготой болоод ч тэр үү, бүх орны эх хэлийг үндсэн хичээлийн нэгэн адилаар сургалтынхаа үндсэн хөтөлбөрт оруулан, тухайн хэлний багш нарын цалин хөлс, нийгмийн хангамжийг Швед улсын төрөөс үзүүлдгээрээ гадаадын бусад орнуудаас ялгаатай байдаг.Мөн тэдгээр эх хэлний багш нар нь зөвхөн эх хэлээ заагаад зогсохгүйбусад хичээл дээр хоцорч яваа юм уу шинээр ирсэн сурагчдадаа швед хэлнийх нь зүгээс тусламж үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг юм. Энэ утгаараа бас нэлээн хариуцлагатай. Швед улс нь ийм бодлого баримталснаараа өөрийн нийгэм дотроо зөв боловсрол, зөв нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлэх үүднээс тэр шүү дээ. Аливаа хэлийг сайн сурах үндэс суурь нь эх хэл гэж ямар ч шинжлэх ухаанд байдгийг энэ улс өөрийн болгон хэрэгжүүлснийхээ хэрээр хөгжил нь урагшилж байгаагийн нэг жишээ юм.Гадаадад суралцаж байгаа монгол хүүхдүүдийн хувьд, эх монгол хэлийг нь заачих боловсон хүчнүүд байна аа. Хамгийн гол нь тэдний нас, сэтгэхүй, нийгмийн орчинд нь тохирсон, тэднийг удирдан чиглүүлж хөтлөх сурах бичиг, гарын авлагууд хомс байна. Ямар сайндаа л тэр “Эх хэл соёлоо эрхэмлэе” номыг өөрсдөө зүтгэж байж бүтээхэв дээ. Энэ номд зөвхөн монгол төдийгүй Шведийн болон Шведийн дэлхий дахинд алдартай зохиолчдын бүтээл, намтраас товчхон товчхон оруулсан байгаа. Бас хоёр орны түүх, ёс заншлаас харьцуулан зэрэгцүүлж оруулахын хамт зарим тохиолдолд швед, монгол хоёр орчуулгатай нь харьцуулсан байгаа. Энэ номыг үнэ төлбөргүй тарааж, сургалтад хэрэглэж байгаа. Номыг бүтээхэд манай Швед дэх монголчуудын үндэсний холбоо, Швед дэх Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам бүгд тусалж дэмжсэн нь төрөөс гадаадад амьдарч байгаагаа хүүхдүүдийнхээ оюуны боловсролд анхаарч байгаагийн нэг тод илрэл юм.

Та Шведийн албан боловсролын салбарт нь багшилж байгаа юм уу?

-Тийм ээ. Шведийн үндсэн сургуульд нь эх хэлний багш буюу сургалтанд чиглүүлэгч багш гэсэн үүрэгтэйгээр ажилладаг. Шведийн Sprek center буюу хэлний төв нь гэсэн үг.

Хэлний төв гэдгээ жаахан тодруулахгүй юу?

-“Sprеk center” гэдэг нь бүх орны олон төрлийн хэлний багш нарын нэгдсэн төв юм. Энд багш нар нь тусгай хууль, дүрэм журам, зааврын дагуу ажилладаг. Багш нараа тодорхой шалгуураар сонгож авдаг. Энд 300 гаруй орны 500 гаруй багш ажилладаг. Шведэд одоогоор ерөнхий боловсролын сургуульд нь 300 гаруй монгол хүүхэд сурч байна. Зөвхөн “sprеk center”-т гэхэд 200 орчим, бас цаана нь бусад дүүргүүдэдмөн монгол хүүхдүүд суралцаж байна гэсэн үг. Манай хэлний төвд надтай нийлээд таван монгол багш ажилладаг.

Гадаадад амьдарч байгаа монголчуудын ТББ-ынхан саяхан Улаанбаатарт, ГХЯ-нд уулзалт хийсэн. Хүүхдүүддээ эх хэлээ сургахад төсөв шаардаж ч байх шиг. Энийг та юу гэж үзэж байна вэ?

-Мэдээж ажил хийж байгаа хүмүүст алдаа оноо гарна. Хэлээд ярилцаад явахад болохгүй зүйл гарах нь ховор болов уу. Бусад орны ТББ-ууд чухам ямар үйл ажиллагаа явуулдгийг сайн мэдэхгүй байгаа болохоор одоогоор тийм ийм гэж хэлэх боломж алга. Ер ньулс улсаас монгол хэлний сургалтын асуудлаар нэг хоёр төлөөлөл гаргаад Монголд төвтэй, тэнд хэлний нэг эрдэмтэн зангидаж байвал зүгээр юм шиг санагдаж байна.

Олон жил гадаадад амьдарсан, тэндэхийн нөхцөл байдлыг сайн мэдэх хүний хувьд, багш, зохиолч, яруу найрагчийнхаа хувьд ч та яг энэ гадаадад суугчдын хэл соёлын тал дээр ямар байр суурьтай байна?

-Гадаадад байгаа хүүхдүүдэд монгол төрөөс анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа бол он оны нурууг дааж үлдэх, оюуны хэрэгцээ шаардлагыг нь хангасан ном, сурах бичиг, гарын авлагуудыг л хийхэд анхаарах хэрэгтэй байна. Яагаад гэвэл, эх хэлээ сурах хүүхдүүд болон сургах багш нар цагийн урсгал дагаад өөрчлөгдөнө шүү дээ.Шинжлэх ухааны чанартай ном сурах бичгүүд одоо бол ус агаар мэт хэрэгтэй байна. Тэдэнд тухайн орчин нөхцөл нийгэмд нь тохирсон, хоёр хэлийг нь харьцуулан тайлбарласан, шат шатаар нь ангилсан сурах бичиг, тарааж өгөх материалууд хэрэгтэй юм. Мөн Швед мэтийн хөгжингүй орнуудын боловсролын туршлагаас судлаад бусад орнуудын боловсролын байгууллагад харин хүсэлтээ гаргаж глобалчлагдах тал дээр анхаарч болно шүү дээ. Жишээ нь, Шведэд гэхэд л ерөнхий боловсролын сургуульд нь гадаадын ганцхан хүүхэд сурч байсан ч тэр хүүхдийн эх хэлийг нь сургах үүрэг хүлээсэн байдаг. Тэр хүүхэд хаанаас ч ирсэн бай эх хэлээ үнэ төлбөргүй сурах эрхээр хангагдсан байдаг гэсэн үг л дээ. Тэр ч байтугай, бусад төрлийн хичээл дээрээ ч эх хэлнийхээ багшаас швед хэлийг нь тайлбарлуулах, бусад тусламж авах зэрэг эрхтэй байдаг.

Эндээс анх Шведэдочоод ямар байв?

-Өө, ёстой аймаар байсан. Очингуут бөөр өвдөөд, хүн танихгүй, хэл мэдэхгүй баларсан. Эмнэлэгт нь очсон чинь орчуулагч байдаггүй. Бараг 24 цаг идэх юмгүй, уух ус ч үгүй эмнэлэг дотор хэцүүдсэн.Шөнө очсон болохоор хоол унданд анхаардаггүй юм байна лээ. Эндэхийн эмнэлгийн тусламж нь жаахан удаан. Нэг бариад авбал харин аварч байж л салдаг үр дүн нь гайхалтай. Тэр орой эмнэлэг дотор нь өлсөж үхэх шахав. Ядаж байхад эмнэлгийн ажилчид нь намайг хятад гэж бодсон бололтой, ганц мэддэг үг “мандарин” гэж дуугарч байна. Би ч дотроо мандарин гэдэг жимс өгөх нь гэж бодоод толгой дохив. Гэтэл тэд намайг мандаринаар ярьдаг хятад эмэгтэй гэж бодоод харилцах утасны дэргэд аваачаад нэг хятад хүнтэй яриулах гэв ээ. Би учрыг ойлгоод толгой сэгсрэв. Нэлээн удсаны хойно оросоор ярьдаг швед эмч олж ирэв дээ.

Орос хэл аминд оров уу?

– Чи оросоор ярьдаг уу гээд нэг эмч оросоор ярьж орж ирэхээр нь ёстой л эх хэлээрээ ярьж байгаа юм шиг “да, да” л гээд уйлж гарлаа. Тэгж л сэтгэлд бараг унтах шахсан, унаган багадаа сурсан орос хэл аминд орсон шүү.

Таныг хятад гэж бодож байсан хүмүүс монгол гэсэн чинь яав?

-Монгол гэж мэдээд орос хэл мэддэг гэж бодсон байх л даа. Тэгээд тэр үед швед монгол хэлний орчуулагч бараг байгаагүй, байсан ч олдохгүй тийм үе байсан. Мэдээж монгол гэсэн чинь аминд орж байгаа юм чинь. Одоо бол би сургууль номыг нь төгссөн швед монгол хэлний орчуулагч болсон. Тэгэхэд биед катетер зүүж, бүр 5-6 сарын дараа мэс засал хийхээр болов. Тэр үед нь бага сага шведээр ярихтайгаа болж мэс засалд ороход минь Монгол орон минь тусалсан юм даа. Тэр үед хөгжиж байгаа орнуудад туслах төсөл тэр эмнэлэгт хэрэгжиж байж. Би азтай. Тэгээд надад мэс засал хийх болсон чинь мэдээж олон юм яригдсан л даа. Юутай ч би хөгжиж байгаа Монгол гэдэг орны иргэн байсан учир тэр төсөлд нь багтаж эмчлүүлсэн гэж дараа нь надад тайлбарлаж өгсөн. Ингэж эх орон минь миний амь насыг хаа холоос ч гэсэн аварсан юм. Шүлэг бичдэг эх хэл маань олон олон бартаа саадыг давах тэнхэл өгч, сэтгэл санааны олон үхлээс аварсан бол эх орон минь хаа холоос амь насыг минь тэгжаварсан даа.

-“Сэтгэл санааны олон үхэл” гэдэг ямар аймаар үг вэ?

-Хүний нутагт хөлөө олох гэж яваа хүн тийм байдалд орох үе зөндөө шүү дээ.Тэр болгонд шүлэг л намайг авардаг. Тэр чинээгээрээ бас энд байгаа хүүхдүүддээ сэтгэлээрээ, шүлгээрээ сайн нөлөө болж байхыг хичээж яваа. Нэлээн хэдэн хүүхэд шүлэг бичээд эхэлсэн, гоё байгаа. Тэднийгээ урамшуулах, энд тэнд шүлгийг нь нийтлүүлэх зэрэг төлөвлөж байгаа зүйл их бий.

Таны уран бүтээл энэ олон жилд бас нэлээн өөрчлөгдсөн үү. Тэндэхийн уран зохиолын хүрээний амьдрал ямархуу юм. Зохиолчдын байгууллага нь эвлэл гэж явдаг юм уу?

-Зарим нэг өөрчлөлт орсон байх аа. Шведийн Зохиолчдын эвлэлийн гишгүүн болсон. Гишүүн нь болохоор швед хэл дээр ном зохиолоо гаргахгүй бол бас болохгүй ээ. Энд сайн зохиолчдодоо тусгай хангамж өгөөд зохиолыг нь бичүүлдэг. Сайхан шүү дээ. Гэхдээ мэдээж шалгуурууд байна. Шведийн зохиолчдын эвлэл гэж явдаг юм. Зохиолчид нь мэдээж маш өндөр түвшний боловсролтой хүмүүс байдаг. Нууцгүй хэлэхэд, яруу найраг нь манай монгол шүлэг шиг уянгалаад байдаггүй. Монгол шүлэг илүү уран тансаг юм шиг санагддаг.Яруу найрагчид нь сэтгэл зүйн талаараа яг манайхантай адил. Эрчүүд нь үсээ урт ургуулж, жилд ганцхан болдог яруу найргийн үдэшдээ халамцуу ирээд шүлгээ уралдан унших нь яг л бидэнтэй ижилхэн дээ. Уг нь Швед оройн 21 цагаас хойш бие бие рүүгээ утасдах нь бараг л хориотой юм шиг байдаг газар. Гэтэл шөнө дунд хэдэн цаг болж байсан ч сэтгэлд нь шүлгийн санаа орж ирвэл “гал”-ын найзууд руугаа шууд утасдаж бас зүггүйтнэ.

Янзтай сайхан дүрслэн хэллээ. Та тэр үдэшд нь шүлгээ уншив уу. Швед хэлээр нь унших уу. Таныг яаж хүлээж авдаг вэ?

-Мэдээж шведээр уншина шүү дээ. Тэд нар их сонирхдог юм. Тэрүүхэндээ бас намайг онгирооно оо. Эндэхийн Кристина Лугн гэж мундаг яруу найрагч бий. Намайг түүнтэй адилхан гэж цаасан малгай өмсгөдөг юм.

Та бол нэлээн дайчин эмэгтэй. Одоо тааваараа ажиллаж бүтээлээ хийх боломжтой болжээ?

-Мэдээж шүлгээ тайван бичиж суух сан. Заримдаа өөрийгөө дэндүү ч давхижүү дээ гэж бодох юм. Оногдсон ажлаа амжуулах гээд үр хүүхэд хувийн амьдралаа заримдаа цалгардуулж явсан нь ч байх.Хөөрхий хэдэн шүлгүүд, ганц хүү хоёроосоо уулчлал гуймаар санагддаг шүү. Нөгөө хэдэн муу шүлгүүдээ санаанд ороод ирэхэд нь олигтойхон цаг гаргаад бичих ч завгүй гүйлээ. Одоо бол өөртөө шүүмжлэлтэй хандаж байна. Шүлэг, хүү хоёроо өрөвдөж байна. Ер нь 2000 оны эхээр гадаадад гарсан монголчууд бол зарим талаар их олон юман дээр үрэгдсэн хүмүүс санагддаг. Үр хүүхдээ өнчрүүлж хүлээлгэж, тэднийгээ татаж авах гэж нэлээн юм болж хүний газар учраа олох гэж яваад аав ээжтэйгээ ч уулзаж чадалгүй хорвоогийн мөнх бустай нүүр тулсан олон хүмүүс бий. Бид заримдаа олон юмны туршлагын туулай болсон нь үнэн. Гэхдээ бид өндийсөн. Энэ бол монгол хүн хаана ч өөрийгөө аваад явдаг хөдөлмөрч чанарынх юм билээ.

Хүү тань Шведэд гэр бүлтэй болсон гэсэн үү. Монгол бүсгүйтэй гэрлэсэн биз дээ?

-Тэгсэн. Монгол бүсгүйтэй гэрлэлгүй яахав.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкийг шалгуулна гэв

УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах цөөнхийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад илгээсэн байна. Тус бүлгийнхэн Засгийн газар “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байгааг эсэргүүцэж байгаа аж. Мөн Монголбанктай хамтран 2012 оны сүүлээс хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэж үзжээ.