Categories
мэдээ соёл-урлаг

“Бэсрэг жүжгийн сар”-ыг зарлажээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид аравдугаар сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгон зарлажээ.Тиймээс “Бэсрэг жүжгийн сар”-ын хөтөлбөртөө долоон найруулагчийн долоон өөр уран бүтээлийн үзэгчдэдээ өргөн барих юм байна.

Categories
мэдээ улс-төр

Манай улс АСЕМ-ыг даргална

Италийн Милан хотноо өчигдөр хуралдсан АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар ирэх 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонгожээ.


Европын Холбооны гишүүн 27 улс, Европын хоёр орон, (Норвеги, Швейцарь), Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (ASIAN)–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон Австрали, БНХАУ, Монгол, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, мөн энэ жилээс гишүүнчлэлд нь нэгдэж буй Хорват, Казакстаныг оруулан тооцвол 53 орны төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан энэхүү олон улсын байгууллага Монголын гадаад бодлогыг ийнхүү өндрөөр үнэлсэн байна.
АСЕМ-ийн уулзалтыг хүлээн авах нь улс орнуудын хувьд өндөр нэр хүндийн хэрэг бөгөөд дэлхийн 53 улс орнуудын төрийн тэргүүнүүд Улаанбаатар хотноо хоёр жилийн дараа хуран чуулах болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барив

УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэг бүхий Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах болсон гол шалтгаан нь 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Засгийн газар хууль зөрчсөн, мөн эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард түмний амьжиргаа доройтож байгаа учраас огцруулахаас аргагүй нөхцөл байдал үүссэн гэнэ. Огцруулах төсөлд Монгол Улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингэс” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа ньМонгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөнийг дурджээ. Түүнчлэн Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага нэг их наяд гаруй төгрөгөөртасарсан.

Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл гэж үзэж байгаа талаар тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар нар дурдсан юм. Мөн эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихсэж, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн гэдгийг онцолсон юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шурга­луулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсонхэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзэж, огцруулах төслийг мэдүүлсэн аж. Хуулийн хүрээнд УИХ уг асуудлыг 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсны дараа “Ардын намынхан ажил хийлгэхгүй гэж, ард түмний төлөө ажиллах цаг завыг хумслах гэсэн явуургүй алхам хийж байна” гэдгийг АН-ын бүлгийн зарим гишүүд онцоллоо.

МАН-ын 26 гишүүн нэмэх нь УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байгаа нь ил болсон. Ажиглагчдын ярьж буйгаар МоАХ фракцийн бүх гишүүн МАН-ын энэ саналыг дэмжиж байгаа гэх. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын дэд дарга Л.Цог байгаа бөгөөд 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг АН-ын квотоор хашиж байв. Түүнээс хойш улс төрд гол дүр бүтээгээгүй ч Н.Энхбаяр даргыг МАХН нэрээ авч үлдэхэд дахин улс төрд орж ирсэн нэгэн. Тэгвэл мөн л Засгийн газрыг огцруулах хүсэлтэй байгаа Ж.Батзандан гишүүн иргэний хөдөлгөөнд харьяалагдаж байгаад сүүлд АН-д элссэн. Ямартаа ч өчигдөр Ж.Батзандан гишүүний хувьд “Ташкентад явж байна” гэдгээ цахим хуудаснаа бичсэн байсан.

Тэгэхээр огцруулах саналыг эрт авсан байж таарах нь. Тэрбээр өчигдөр өргөн барьсан тогтоолын төсөлд гарын үсгээ дурайтал үлдээсэн байсан юм. МоАХ-г тэргүүлдэг Х.Баттулга гишүүн Эх орон намаас УИХ-д орж ирсэн даруйдаа буюу 2006 оны тавдугаар сард бусдын жишгээр Ардчилсан намыг сонгосон. Тийнхүү сай­дын сэнтийд хоёр засаг дамжин суусан түүхтэй. Гэвч Н.Алтанхуягтайгаа таа­­­­рамжгүй харьцаатай байснаас Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газраас “Дан дээлтэй болно” гэх шалтгаанаар гарсан. Түүний хувьд ил далд олон асуудал дээр Н.Алтанхуягтай санал зөрөлддөг тул тогтоолын төслийн үеэр санал хураахад эсрэг санал өгөх хамгийн өндөр магадлалтай хүн юм. Хуульзүйн байнгын хорооны дарга “Техник импорт”-ын Д.Ганбат угаасаа Х.Баттулга гишүүний гарын хүн гэгддэг. Нэг тойргоос хөтлөлцөн гарч ирсэн тэрбээр чуулганы хуралдаан дээр Х.Баттулгыгаа өмөөрч үе үе шовсхийдэг зантай. Нутаг нугаас гадна МоАХ гэдэг туган дор нэгдсэн болохоор фракцаа дагах биз. Иргэний зориг намаас Ардчилсан намын хаяаг түшсэн М.Зоригт гишүүн өнөөдөр МоАХ фракцийн дэд дарга албан тушаалтай. Н.Алтанхуяг сайдын эсрэг хөдлөх өндөр магадлалтай хүн гэгддэг ч тэрбээр “Хуцаж байгаа юм шүү. Ажлаа хийхийг шаардаж байгаа болохоос биш арчаагүй урваад гүйчихдэг гар би биш” хэмээн твиттер хуудаснаа өөрийн сэтгэгдлийг үлдээсэн байх юм. Электроникийн инженер мэргэжилтэй Р.Бурмаа гишүүн бусдыгаа бодоход хожуу АН-д элссэн. МоАХ фракцад харьяаглагддаг тэр­бээр Засгийн газрын давхар дээлийг хөнгөлөх үед намынхаа эсрэг кноп дарсан гэх асуудлаар намаасаа хөөгдөхдөө хүртэл тулсан юм. Сүүлийн гурав дөрөвхөн жилийн дотор улс төрд “Монос”-ын гэх тодотголтойгоор орж ирсэн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин гарч ирснээр Их хуралд суусан. Ийнхүү АН-д гаднаас орж ирсэн буюу сүүлд элссэн гишүүд нь Засгийн газрын эсрэг байгааг эх сурвалжууд өгүүлж байгаа юм.

Э.ТЭМҮҮЛЭН

Categories
мэдээ спорт

Жудочид багийн дүнгээр тэргүүлж байна

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдөж байна. “Ташкент Гранпри-2014” тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн бөх оролцож байгаагаас өнөөдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, 73 кг-д Гавьяат тамирчин С.Ням-Очир алт, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх,73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг,63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.

Гран-при тэмцээний 73 кг жингийн алтан медалийн төлөө Монголын хоёр шилдэг бөх шалгарснаас С.Ням-Очир ялалт байгуулж, түрүүллээ.

Олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Итали, Узбекстан, ОХУ-ын бөхчүүдийг, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир Турк, Франц болон ОХУ-ын бөхчүүдийг ялснаар финалд шалгарсан юм.

Тэмцээний хоёр өдрийн дараахь байдлаар Монгол Улс хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөдөөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг жингийн барилдаан болох юм.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орох ажээ. Салхи 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Харин маргааш нутгийн хойд хэсгээр, 20-нд төв, зүүн зүгийн нутгаар хүйтрэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр жилд 2500 км зам барьж, зургаан аймгийг нийслэлтэй холболоо

Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дууслаа. Бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, замаа хугацаанд нь барьж дуусгасан зам, барилгын гүйцэтгэгч, зөвлөх компаниудад Зам, тээврийн сайд А.Гансүх өчигдөр батламж гардууллаа. Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнээс сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, бүтээн байгуулж чадсан байна. Өнгөрөгч онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод дуусч байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг дөрвөн км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил л үлдээд байна. Энэ нь ирэх долоо хоногт Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замын ажил үндсэндээ дуусах аж.

Categories
мэдээ нийгэм

Амгалангийн дулааны станц ашиглалтад орох боломжгүй болжээ

Амгалангийн дулааны станц ашиглалтад орсноор нийслэлчүүд өвлийг айх аюулгүй давна гэж албаныхан мэдэгдэж байсан. Тэгвэл байдал эсрэгээрээ эргэж, хотын зүүн хэсгийн оршин суугчдын хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл тулгараад байгаа талаар Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны хараат бус гишүүн болох Д.Самдан, А.Бямбадорж, Ч.Сэдэд нар мэдээллээ.

Амгалангийн дулааны станцыгарваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас 2015 оны тавдугаар сараас өмнө ашиглалтад орох боломжгүй болжээ. Үүнд төмөр замын газар доорх бетон байгууламж, станцын бохирын асуудал, технологийн тоног төхөөрөмжийн хяналт хийгээгүй зэрэг гол шалтгаанууд нөлөөлж байгаа аж.

Энэ талаар Монгол Улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх инженер, зөвлөх Д.Самдан “Хотын зүүн хэсэгт ашиглалтад орох ёстой дөрөвдүгээр цахилгаан станцын зарим эх үүсвэр 2015 оны дөрөвдүгээр сар хүртэл ашиглалтад орох боломжгүй болсон. Учир нь удирдлага хяналтын системийн ажил хугацаандаа хийгдээгүйн улмаас энэ жил арванхоёрдугаар сарын дундуур турбин ачааллаа бүрэн авч чадахгүйд хүрсэн. Үүнээс үзэхэд энэ жилийн оргил ачааллын үед дахин Оросоос өр тавьж цахилгаан худалдаж авах нөхцөл үүслээ” гэв.

Categories
гадаад мэдээ

Нисдэг тэргийг хайх ажил үргэлжилж байна

ОХУ-ын Тувад үүрэг гүйцэтгэж яваад сураггүй болсон “Ми-8” нисдэг тэргийг хайх ажиллагаанд манай талаас оролцож байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Дарь.Сүхбаатараас дараахь тодруулгыг авлаа.

Монгол Тувагийн хилийн цаана алга болсон албаны нисдэг тэргийг хайх ажиллагаанд манай хилчид болон, онцгой байдлын бие бүрэлдэхүүн орж байгаа гэсэн. Яг хаагуур эрлээ үргэлжлүүлж байна?

-Ерөнхийдөө Монгол Тувагийн хилийн зурвас дагуу албан үүргээ гүйцэтгэж яваа хилчид болон Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчидэрж хайх ажиллагааг сайн дураараа гүйцэтгэж байгаа. Хөрш зэргэлдээ улс орны хувьд хилийн цаана алга болсон уг нисдэг тэргийг хайлцах нь бидний нэг ёсондоо албан үүрэг л дээ.

Тувагийн хайгуулын багтай холбоо барьсан уу. Ямар нэгэн мэдээлэл ирж байна уу?

-Өчигдөр үдээс өмнө Тувагийн Онцгой байдлын газрын дарга А.А.Назаровтой утсаар холбоо барилаа. Ямар нэгэн сэжигтэй зүйл илрүүлээгүй байна гэсэн.”Бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, санаа тавьж байгаад баярлалаа. Ямар нэгэн зүйл илэрвэл шуурхай мэдээллээрэй” гэж байна лээ гэв.

Дашрамд дурдахад,”Ми-8″ нисдэг тэрэг энэ сарын 10-ны өдөр Тува улсын “Саяа Сушинский” цахилгаан станцад албан үүрэг гүйцэтгээд буцаж явах замдаа ийн сураггүй алга болсон юм. Албаныхны мэдээлснээр нисдэг тэргэнд онгоцны багийн гурван гишүүнтэй нийлээд нийтдээ есөн хүн зорчиж явсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хурд” хамтлаг хөдөө орон нутгийн хүүхдийн эмнэлгийн тасагт тоног төхөөрөмж гардууллаа

“Хурд” хамтлаг ойдоо зориулж олон арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээгэнэтийн бэлгүүдийг барьсаар ирсэн билээ. Тус хамтлагийнхан олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож өчигдөр орон нутгийн эмнэлгүүдэд хүүхдийн эмчилгээний өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандив болгон өглөө. Уг техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29,30-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн ажээ. Тэд эмнэлгийн тоног төхөөрөмжийг Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийнханд олгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн 375 жилийн ойг угтаж, өнөөдөр “Бүх нийтийн их цэвэрлэгээ” хийж байна.Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцож байна.

Их цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу, аж ахуйн нэгж байгууллагын орчин, үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэхээс гадна шон болон байгууламж дээр наасан зарлалын хуудсыг арилгах юм.