Categories
мэдээ цаг-үе

“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

“Олоод ир” гэсэн юм бүхнийг нүд ирмэхийн зуур өмнө нь тавьчихдаг нэгэн бэрдтэй учирсан хүн түүнээс залхахдаа “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай олоод ир” гэсэнд өнөөх гайхал бэрд газрын гаваар орсон мэт алга болж, ахиж үзэгдэхээ боль­сон тухай хууч яриа байдаг.

“Нохойн битүү туурай” гэдэг нь ёстой хорвоо дэлхийн хаана ч байхгүй зүйл аж. Харин ногоон хурганы арьс бол манайд байна шүү. Учир юу гэвэл найм дахь жилдээ “Мишээл экспо” төвд нээлтээ хийж байгаа “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэж явахдаа “ногоон” хурганы арьсан хүүхдийн шуба байхыг үзлээ. Тус үзэсгэлэнгээс үзэж харсан бүхэн шинэлэг шийдэл, содон загвартай байв. Үзэсгэлэн худалдаанд ноос ноолуураар урласан цамц өмд, ороолт, малгай, бээлий, арьс ширэн цүнх, гутал, хүрэм, бэлэг дурсгалын зүйлс, бүс тэлээ, бүр хүний санаанд ч оромгүй зүйлийг арьс, үслэг эдлэлээр урла­чих­сан байлаа. Тэдний дун­даас бяцхан охид, нярай хүүх­дэд зориулсан хурганы арь­сан хүрэм, комбинзон зэрэг нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхаарлыг ихэд татаж байгаа бололтой “Улаанбаатар түр” ХХК-ийн лангуу хөл ихтэй харагдана. Хурганы арьсан хүрэм дулаан бөгөөд өнгөний хувьд өргөн сонголттой аж. Улаан, ногоон, шар гээд тухайн хүүхдийн дуртай өнгөөр, эцэг эхийн хүссэн загвараар урлах боломжтойг борлуулалтын менежер хэлж байлаа. Мөн малын гаралтай түүхий эд тэр дундаа арьс, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн тоног төхөө­рөмж өндөр хөгжиж өнгө, чанарыг хүссэнээрээ өөрчлөх боломж­той болсон нь мэдрэгдэж байв.

Манайхан энэхүү үзэсгэлэн худалдааг зорьж ирдэг, жилийн жилд хэзээ нээлтээ хийхийг нь хүлээж байдаг болчихсон нь үзэсгэлэнгийн үеэр анзаарагдаж байлаа. Залуу хосууд, хүүхдээ дагуулсан эцэг эчүүд, гэр бүлээрээ яваа хижээл насны хос гээд тэнд бүхий л насныхан байв. “Дархан минж”, “Дархан нэхий”-н хүрэм, нэхий дээлнүүдийг охид бүсгүйчүүд ихэд шохоорхон өмсөж үзэцгээнэ. “Говь”, “Гоёо”, “Хатан сүлжээ” зэрэг монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулж яваа үндэсний томоохон үйлдвэрлэгч кам­па­ниудын ноолууран хувцаснуудыг өмсөж сонирхох охид хүүхнүүд

“Дугаргий толины өмнө эргэлдсэн

“Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” гэх шиг л эр нөхрийнхөө дэргэд дэгжирхэнэ.

“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдаа энэ жил салбарын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны дэмжлэгтэйгээр арьс шир, ноос ноолуурын холбоод хамтан зохион байгуулж буйгаараа онцлог аж. Мөн энэ жил Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож, ололт амжилт арвин байгааг оролцогч, зохион байгуулагчид онцолж байлаа.

Монгол Улсын Засгийн Газраас малын түүхий эд боловсруулах тус салбарт анхаарал хандуулж, тодорхой дэмжлэг үзүүлж буй болохоор тус салбар одоо улам хүчээ авч байгаа аж. Тухайлбал, Ноосны үйлдвэрүүдэд 70 тэрбум, ноолуурын үндэсний үйлдвэрүүдэд 107 тэрбум, Арьс ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатайгаар олгожээ. Үүний үр шим нь “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдаанаас тодорхой харагдах бөгөөд гадаад харил­цааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр олуулж байгаа аж.

Тус үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 100 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал таван өдөр үргэлжлэх гэнэ.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өндөр технологи эзэмшсэн “Монгол залуус дэлхийг эзэлнэ”

Өөрснөө залуу яваагүй юм шиг, нэг их юм бүтээчихсэн юм шиг, социализм гэж нэг сайхан нийгэм байгуулчихаад түүнийгээ ардчиллынханд алдчихсан юм шиг хорсож явдаг хөгшид байдаг.

Өнөөгийн залуус юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй гэж ярьдаг өөрийнхөө насны (тавь, жараас дээш насны Г.Д) коммунист өвгөчүүдэд би дургүй хүрдэг. Социализмын үед төрж өссөн, хамаг насаа өнгөрөөсөн бидний үе чинь эргэн бодоход хойч үедээ үлдэхээр зөв зүйл (хэдэн мал хариулахаас өөр) юу ч хийгээгүй юм байна. Социализмын үеийн бид чинь хий л МАХН, Ленин, Цэдэнбал Филатова гэж хийрхээд байснаас тэргүүний ганц технологи эзэмшээгүй, монгол инженерийн ур ухаанаар бүтээсэн гэхээр ядаж ганц бараа үлдээгээгүй юм байна. Өнөөгийн залуустаа өвлөх өв, бизнес эрхлэх гарааны хөрөнгө, технологийн өндөр боловсрол үлдээсэнгүй.

Бидний үед эзэмшсэн технологи, гайхуулах монгол брэнд юу ч алга. Тэр жил Азийн олон орон оролцсон технологийн дэвшлийн Киотогийн үзэсгэлэнд Монголын лангуун дээр юу байсан гэж санана. Монгол гэр, эсгий таавчиг, оньсон тоглоом гурав байж билээ. Тэгэхэд хажууд нь Хятад улс 150 кг юм үүрээд хүний командаар гүйдэг цэрэг робот, Япон улс бойнг онгоцны шинэ удирдлага гэж хэмжээ нь ердөө гар утас шиг төхөөрөмж тавьсныг хараад Монголынхоо павильоноос үхтлээ ичиж байж билээ. Уг үзэсгэлэнд Монголоо танилцуулж тайлбар хийж, нэг их говийн зураг, тэмээтэй ном өгч оньсон тоглоомоо танилцуулж зогссон бүсгүйд би “Энэ үзэсгэлэнд оролцохоо боливол яасан юм бэ” гэхэд нөгөө эмэгтэй “Харин тиймээ дарга нар заавал оролц гэсэн. Тоямо мужаас Киото хүрэх унаа олдохгүй би энэ нэг таван хайрцаг юмтай үйлээ үзэж ирлээ. Ирсэн чинь энэ үзэсгэлэн, технологийн дэвшлийн үзэсгэлэн юм гэнэ. Элчин сайдын яам энд тэнд үзэсгэлэн гаргаж нүүр тахалдаг, ийм юмтайгаа явуулчихсан” гээд нүүр нь баахан улайж билээ. Олж сурталчилж чадвал одооны залуус өндөр технологи эзэмшсэний хувьд бахархахгүй байхын аргагүй “гайхамшгийг бүтээж чадаж” байна. Энэ зуунд дэлхийд гайхуулъя гэвэл, улс орноо хөгжүүлье гэвэл маш өндөр боловсрол эзэмшсэн 1000 сайн инженер хэрэгтэй гэнээ. Асар өндөр үнээр зарагдах оюун ухааны бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд монгол залуусын толгой хүрэх үү. Ийм залуусыг мөнгөөр биш бодлогоор дэмжих монгол төрийн ухаан байна уу гэвэл байна, бий болж байна гэж би урамтайгаар хэлнэ. Монгол залуучууд зөвхөн бөх, зодооны спортоор биш технологийн өндөр эрэмбийн бүтээгдэхүүн хийж дэлхийд гайхуулж чадаж байна. Төрийн шагналт Н.Нацагням “Генераторын удирдлага” хийж олон тэрбум валют олох боломжийг нээлээ. Нацагням нэг удаа “Би хэрвээ Хятадад ийм юм хийсэн бол дэлхийн тэрбумтан болсон” гэж ярихыг сонссон байх. Ухаалаг гар утасны цэнэгээ гялс авдаг зайг чинь Шведийн компанид монгол инженер Г.Түмэннаст зохион бүтээж нийлүүлж байгаа гэдгийг та нар мэдэх үү. Японы KCI компани монгол инженер А.Алтанбилэгийн хийсэн мастер компьютерийг олноор үйлдвэрлэж эхэлжээ. Орост сурдаг хэдэн монгол залуу эзнийхээ гарын хээг таньдаг ухаалаг гар утас зохион бүтээжээ. Д.Ган-Од гэдэг залуухан эмэгтэй хяналтын камер зохион бүтээсэн нь Монголынхоо зах зээлийг бүрэн хангах боломжтой болжээ Харин манайхан Хятадаас хяналтын камер оруулж мөнгө угааж байдаг. Ийм жишээ олныг өгүүлж болно. Одоо улс орнууд хүн амын олон, газар нутгийн томоор бие биенээ дээрэлхэж эзэлж байдаг тэр цаг өнгөрсөн. Харин ямар орны хөвгүүд, охид хэр зэрэг ухаантайгаа, юу хийж бүтээж чаддагаа үзүүлж байна. Энэ зуунд улс орноо хөрөнгөтэй болгоё гэвэл, залуусаа тэрбумтан болгоё гэвэл өндөр технологи эзэмшсэн монгол залуус дэлхийг эзэлнэ. Монгол залуу инженерүүдээр бахархахаас өөр аргагүй. Харин бидний үе төр засгаасаа тэтгэвэр нэхэж, мөнгө нэхэж харааж загнахаас өөрөөр ямарч хуримтлалгүй эмгэнэлт нэгэн үе өнгөрч байна. Улс орноо хөгжүүлэхэд эд нар шиг 1000 инженер бодлогоор бэлтгэхэд л хангалттай. Монгол хүний ген монгол залуусынхаа толгойд итгэнэм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын залуу дипломатууд манай улсад айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протоколын дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Хоу Яньци тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Айлчлалын үеэр төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн нар тус тус хүлээн авч уулзсанаас гадна хоёр улсын ГХЯ-дын залуу дипломатуудын танилцах уулзалт хийв. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Зайсан толгой-цогцолбор, Гандантэгчинлэн хийд, Богд хааны ордон-музейтэй танилцаж, орон нутагт зочлов.

Categories
мэдээ спорт

Ичиножо А.Ичинноров эмнэлэгт хэвтжээ

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд анх барилдахдаа 13 ялж, олныг шуугиулсан Монголын бөх Ичиножёо хэмээх А.Ичинноров хомхойн нэг төрөл болох Бүслүүр үлд-Herpes zoster өвчин тусан эмнэлэгт хэвтжээ. Ийнхүү манай бөх энэ сарын 17-ноос эхлэн тойргийн барилдаанд оролцохгүй боллоо. Бүслүүр үлд нь мэдрэлийн гаралтай өвчин бөгөөд сүүлийн үед маш завгүй явсан Ичиножёо стресс хуримтлагдсанаас болж ийм өвчин туслаа гэж Минато ояката ярьж байна. Оякатагийн ярьснаар ирэх 11 дүгээр сарын тэмцээнд ороход нь ямар нэг сөрөг нөлөө байхгүй гэнэ.

Ичиножёо Намрын тэмцээн дууссанаас хойш элдэв ярилцлага, телевизийн нэвтрүүлэгт уригдан, амрах завгүй явсан бөгөөд 10-ны өдрөөс эхлэн тойргийн барилдаанд оролцож эхэлсэн. Тиймээс ядарч цуцахаас өөр аргагүй байжээ.

Харин Сүмогийн холбооноос “Хүмүүс Ичиножёог харах гэж тойргийн барилдаанд ирдэг болсон. Маш харамсалтай байна. Гэхдээ энэ өвчин сайн амрахгүй бол эдгэхгүй тул яах ч арга алга” гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гаднаас зээлж авсан ”Чингис” бондын 227 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэвэр тавьсан асуудал сөхөгдөж дуулиан дэгдээлээ

Одоогоос хэд хоногийн өмнө манай 24tsag.mn сайтын утсанд нэгэн иргэн холбогдож Хөгжлийн банкинд байгаа “Чингис”, “Самурай” бондын үлдэгдлээс 700 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай асуудал яригдахад гаргасан. Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхөд гаргасан байж магадгүй. Энэ асуудлыг судалж мэдээлээч гэж хүссэн юм. Ийм мэдээлэл ирж байгаа тухай манайх өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр асуудал сөхөгдлөө.

Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат Хөгжлийн банкинд байгаа мөнгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авсанаа УИХ-ын гишүүдийн өмнө хүлээн зөвшөөрлөө. Хөгжлийн банкинд байгаа мөнгө бол “Чингис”, “Самурай” бондын мөнгө л дөө. Засгийн газрын үнэт цаас гэдэг бол төсвийн алдагдлаа нөхөхөөр гаргаж байгаа зүйл. Засгийн газар үнэт цаас худалдаж олсон мөнгөө дуртай зүйлдээ зарцуулдаг. Цалин, тэтгэвэрээ тавихдаа л голдуу зарцуулдаг аж.

Тэгэхээр “Чингис” бондын мөнгөөр цалин, тэтгэвэр тавьчихсан болж таарч байна. Ингээд өчигдрийн чуулганы хуралдаан дээр ямар яриа болж өнгөрснийг сонирхуулья.

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Өнөөдрийн байдлаар хөрөнгийн зохистой удирдлагыг хангах зорилгоор Хөгжлийн банк 277 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байгаа.

УИХ-ын дарга З.Энхболд: Хөгжлийн банкинд тийм эрх байгаа бил үү?

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Хөгжлийн банкны тухай хуулиар хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгийг зүй зохистойгоор удирдах …. (Яриаг нь УИХ-ын дарга тасалдуулан асуулт асуув)

УИХ-ын дарга З.Энхболд: Зүй зохистойгоор гэдэг чинь бонд ав гэсэн үг биш ш тэй. Чи өөрийгөө банк гэж бодоод байгаа юм уу? Банк удирдаж байна гэж бодож байгаа юм уу чи? Банкны захирал шиг л юм ярихын.
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: Одоо байгаа хууль эрх зүйн орчинд… (Яриаг нь УИХ-ын дарга дахин тасалдуулав)

УИХ-ын дарга З.Энхболд: Танай байгууллага банк биш. Юугаа ч ойлгоогүй нөхөр тууж явж байна ш тэй. Банк биш учраас чамд тийм эрх байхгүй.

УИХ-ын чуулганы танхимд ийм зүйл болов. УИХ-ын гишүүд ийм мэдээлэл сонсоод орилолдов. “Чингис” бондын мөнгөөр Засгийн газрын үнэт цаас авчихаж. Засгийн газарт түүнийг дуртай зүйлдээ зарцуулна. Ингэж болохгүй хуультай гээд шаагилдав. Эндээс дүгнэж үзвэл “Чингис” бондын маань нэг хэсэг бүтээн байгуулалт биш, 888 төсөл ч биш цалин тэтгэвэр болоод иргэн таны гар дээр очсон болж таарч байна. Тийм учраас л УИХ-ын дарга З.Энхболд уурлаж бухимдахдаа халуухан асуулт асууж, хатуухан үг хэлжээ. Хөгжлийн банкинд тийм эрх байхгүй гэж сануулав. Гаднаас зээлж авсан мөнгөний 277 тэрбум төгрөгийг Засгийн газарт өгчихсөн нөхөрт ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг сонин байна. Бас бондын 277 тэрбум төгрөгийг аваад зарцуулчихсан хүмүүс ч хариуцлага хүлээж таарна. Хуульчид болоод улс төрчдийн тайлбарлаж байгаагаар бол бондын мөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор зарцуулах хориотой гэнэ. Тэгэхээр буруутнууд, холбоотнууд гээд ирэх долоо хоногт үүнийг тойрсон маргаан өрнөх нь тодорхой боллоо.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Ламбугайн нулимс” дуурьтай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр 17.00 цагт Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна.
Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг Монголын тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглож байсан түүхтэй. Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар Б.Төмөрхуяг, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, туслах найруулагаар СТА Е.Сарантуяа нар ажиллажээ.

Харин энэ удаад уг дуурийн гол дүр болох Лодон ламд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ө.Уянга, Цэрэнлхамын эхэд М.Дариймаа, Намнанд Г.Шижирболд нар тоглоно. Түүнчлэн худалдаачид, банди нар, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын жүжигчид оролцон симфони найрал хөгжим хөгжимдөнө
Монголын үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дуурийн түвшинд бичигдсэн цорын ганц дуурь байдаг нь “Ламбугайн нулимс” юм. Х.Билэгжаргал агсан уг дуурийг одоогоос 27 жилийн өмнө бичихдээ Монголын орчин үеийн хөгжмийг дэлхийн хөгжмийн сонгодог стандартад хүргэсэн гэвэл маргах хүн гарахгүй байх.
Уг дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоор бичсэн юм. “Ламбугайн нулимс” богино өгүүллэгийг хүмүүс ихэнхдээ бичигдсэн цаг үетэй нь холбож тайлбарлах нь бий. Утга зохиол судлаач шүүмжлэгчид инээдмийн зохиол гэх нэг хэсэг нь байхад зарим нь эмгэнэлт зохиол гэдэг. Тухайлбал, Төрийн шагналт, нэрт эрдэмтэн Ш.Гаадамба, төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамба нар “Ламбугайн нулимс” өгүүллэг эмгэнэлт зохиол, инээдмийн зохиолын алин болох талаар маргаан өрнүүлж байсан түүхтэй. Энэ мэтчилэн хэвлэгдсэнээсээ хойш өгүүллэг нь мэргэжилтнүүдийн дунд маргаан дэгдээсээр ирсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

“Өвлийн универсиад-Улаанбаатар хот”санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа Монголын Оюутны спортын холбоотой хамтран “Өвлийн Универсиад наадам”-ыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрх авахын төлөө бэлтгэл ажил хангахаар харилцан төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болсон.
Үүний хүрээнд БНСУ- ын Гванжу хотноо болж буй дэлхийн оюутны спортын гүйцэтгэхийн зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг дарга оролцож байна. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Олон Улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч К.Галльен нар БНСУ-ын Гванжоу хотноо 2033 оны “Өвлийн Универсиад-Улаанбаатар хот” гэсэн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод дэлхийн жишигт нийцсэн оюутны хотхоныг байгуулах, олон улсын стандартын спортын барилга байгууламжийг барих, оюутан залуучуудад зориулсан үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Мөн Улаанбаатар хот 2033 оны оюутны спортын их наадмыг зохион байгуулах эрх авахааар өрсөлдөх, бэлтгэл ажлыг хангах, техникийн туслалцаа, дэмжлэг авах, хот орчмын газруудад мэргэжлийн дүгнэлт хийлгэх зэрэг ажлыг хийнэ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвлийн Универсиад наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулна гэдэг бидний хувьд мөрөөдөл биш боллоо. Тооцоо, судалгаа, боломж, нөхцөлөө харвал энэ зорилтод бид хамтдаа хүрч чадна” гэдгийг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж: Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм

Италийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ болж өндөрлөлөө. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Эрх гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд яридцлага өглөө.

-Ази Европын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулагч орноор Монгол Улс сонгогдлоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.

Европ Азийн дээд хэмжээний уулзалтад 53 орон нэгдэн ороод байна. Энэ удаагийн уулзалтад 53 орны 43 нь тухайн улсынхаа ерөнхийлөгч, эсвэл ерөнхий сайдыг оролцуулсан байна. АСЕМ буюу Европ Азийн уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд энэ том хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг чухал хариуцлага. Мөн дээрээс нь АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байгаа.

-Хэдийд зохион байгуулах бол?

-Хугацаа, товын талаар Европын болоод Азийн орнуудын удирдлагуудтай ярилцсан. Намрын хугацаанд НҮБ-аас эхлээд олон улсын томоохон уулзалт болж, идэвхи сэргэдэг. Монголын хувьд ч хамгийн тохиромжтой сар нь долдугаар сарын сүүлээр таарч байна. Ингээд 2016 оны долдугаар сарын сүүлийн долоо хоногт энэ уулзалтыг зохион байгуулцгаая хэмээн товлоод байна.

-Зохион байгуулалтын асуудлыг хүмүүс илүүтэй сонирхох байх?

-Энэ уулзалт зөвхөн төр засгийн тэргүүнүүдийн хувьд болдоггүй. Мөн өмнө нь парламентын хүрээний уулзалт, бизнесийнхний уулзалт, иргэд олон нийтийн байгууллагын уулзалтууд тус тусдаа болж, тодорхой шийдвэр, бичиг баримтууд гардаг. Бэлтгэл ажлыг хангахын тулд маргаашнаас эхлээд яам, засгийн газар дээрээ ажлын хэсэг гаргаад ажиллана. Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд олон хүн монголоос утасдаж асууж байна. Олимпын эрх, хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулах эрх авсан мэт хүлээн авцгааж байна. Хамгийн сайхан нь 53 орны төр засгийн тэргүүнүүд бүгдээрээ ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр монголыг хүлээн зөвшөөрч, дэмжсэн явдал байлаа.

Хоёр тивийг холбосон энэ нэр хүндтэй уулзалтыг давахын тулд бүгдээрээ хамтдаа зүтгэхээс өөр арга байхгүй. Ер нь бид чинь энэ хоёр тивийг холбож явсан түүхтэй улс. Найман зуун жилийн өмнө Их Монгол гүрнээ байгуулж, хоёр тивд шинэ дэг журам тогтоож явсан шүү дээ. Одоо найман зуун жилийн дараа энэ боломж нь гарч байна. Ганц хоёр ерөнхийлөгч, ерөнхий сайдыг авчрах тухай биш тавин хэдээр нь авч ирээд дэлхийн асуудлыг ярих түүхэн боломж гарч ирлээ.

-Амар зүйл биш байх даа?

-Энэ уулзалтыг зохион байгуулах амаргүй. Ганц орны Ерөнхийлөгч ирэхэд л зохион байгуулалттай холбоотой олон зүйл болдгийг бид мэднэ. Ийм том хэмжээний уулзалтыг зохион байгуулах амаргүй учир Европын холбоотой хамтран ажиллах, бусад улс оронтой туршлага судлах, бүс нутгийн улсуудын бүлэгтэй хамтрах зүйлс бий. Бид чадна. Зоригтой хүсэлт гаргасан, ийм мундаг дэмжлэг хүлээн авна гэж бодоогүй. Олон улсын энэ их итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. Засгийн газар, бизнесийнхэн, ард иргэдтэйгээ ярилцаад хийвэл болох ёстой.

-Яагаад Монголд зохион байгуулах эрхийг өгсөн гэж бодож байна, энэ том уулзалтыг эх орондоо хийх нь бидэнд тусаа өгөх үү?

-Эрх авах хүсэл Азийн бүсийн өөр улсуудад мэдээж байсан. Гол нь энэ тухай яриа, шийд гэнэтийн зүйл биш. Олон жилийн хугацаан дахь гадаад бодлогын ажлын үр дүн, ажлын хэсгийнхний зүтгэл. Мөн энэ нь бидэнд хэмжүүр тогтоож байгаа юм. Ази Европын хэмжээний ийм том хурлыг зохион байгуулах эрхийг авч чадаж байгаа юм чинь дараа дараагаар нь соёл спортын том арга хэмжээ, улс төр эдийн засгийн томоохон уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах боломжууд улам нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бүхэн нь цааш нь тухайн улсын төр засгийн тэргүүнүүдийн хүрээнээс гадна, улсынх нь ард иргэд, бизнесийнхэнийх нь итгэл мөн л нэмэгдэнэ. Ингэхээр энэ бүхний ач холбогдол тун өндөр юм.

Categories
мэдээ нийгэм

Манайх хойд Солонгост 10 мянган толгой мал бэлэглэнэ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын БНАСАУ дахь төлөөлөгч Белай Дерза Гага (Belay Derza Gaga) “Хойд Солонгос улс 3-4 жилийн дараа ард иргэдээ өөрийн хүчээр хүнсээр хангаж чаддаг болно. Энэ жил тус улс 6 сая тонн буудай хурааж авна. Ургацын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Хэдийгээр Хойд Солонгост цахилгаан эрчим хүч, түлш, техник дутагдалтай байгаа ч хөдөө аж ахуйн салбар хөгжиж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн Хойд Солонгос хүнсний бүтээгдхүүнээр ард иргэдээ бие даан хангаж чаддаг болоход Монгол улс их үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад “Монгол улс 10 мянган толгой мал Хойд Солонгост нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Монгол малыг тусгай бүс нутагт үржүүлэн маллаж, Хойд Солонгосын мал аж ахуйн шинэ хөгжлийн бааз суурь тавигдах юм” гэж хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

”Шүгэлхүүгийн аялал” комик ном гарчээ

“Шүгэлүүгийн аялал” нэртэй бага насны хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний дүрмийн тухай ном шинээр гарчээ. Уг ном нь хүүхэд багачуудын насны онцлог, сэтгэхүйд тохирсон мэдлэг олгох комик болсон хэмээн номын зохиогчид хэлж байгаа аж.