Categories
мэдээ улс-төр

Унгар-Монголын бизнес форумд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Унгар улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд “Унгар-Монголын бизнес форум”-д оролцож үг хэллээ.

Бизнес форумыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар,Монгол улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам,Унгарын Үндэсний худалдааны төв,Унгарын Худалдаа,аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан юм.

Унгарын талын зохион байгуулагчдын зүгээс хоёр орны хамтын ажиллагааны талаар танилцуулсан бол Монголын талаас оролцогчид Унгарын бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулав.Бизнес форумд Монголын 26 компани,Унгарын 80 гаруй компаний төлөөлөгч оролцлоо.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төв Европын их сургуулийг үндэслэгч Жорж Соростой Будапешт хотноо уулзан Төв Европын Их сургуульд зочлон лекц уншлаа.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзанданг намаас хөөх талаар ярилцжээ

Баянзүрх дүүргийн АН өчигдөр хуралдаж УИХ-ын гишүн Ж.Батзанданг намаасаа хөөх талаар хэлэлцсэн гэх мэдээлэл ирлээ. Тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь ийм асуудал үүсгэжээ.

Тодруулбал УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд цаашлаад Засгийн газрыг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд уг бичигт сөрөг хүчин болох МАН-ын гишүүдээс гадна УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Цог нар мөн гарын үсэг зурсан юм.

Одоогоор Баянзүрх дүүргийн АН Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөх эсэх талаар ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна. Дашрамд дурьдахад урд өмнө нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Давхар дээл”-ний хуулийн асуудлаар намынхаа эсрэг санал өгснөөр мөн хөөгдөх дээрээ тулж, намын Хяналтын хорооны хурлаар асуудлыг хэлэлцэж байсан билээ. Энэ удаад ч мөн адил Ж.Батзандан гишүүний асуудлыг АН-ын Хяналтын зөвлөл авч хэлэлцэж магадгүй юм.

Categories
мэдээ нийгэм

ДНБ 5.3 хувиар өсчээ

Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувь нэмэгдэн 4,8 их наяд төгрөгт хүрсэн нь энэ өсөлтөд гол нөлөө үзүүлсэн гэдгийг Ерөнхий сайд дуулгав. Тэр дундаа уул уурхай 45 хувь, боловсруулах аж үйлдвэр 27 хувь, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21 хувь, малын тоо толгой 13 хувь, тариалсан талбайн хэмжээ 6.6 хувиар өссөн байна.

Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувийн өсөлттэй байна. Экспорт 30 хувь өсч, импорт 16 хувь буурснаар гадаад худалдааны алдагдал бараг тэглэгдсэн. Улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр 31 хувиар буурсан нь манай эдийн засаг, улсын төсөвт олон бэрхшээл үүсгэж байна. Нүүрсний экспорт өмнөх оноос 2,5 сая тонноор нэмэгдсэн ч төлөвлөсөн орлого 300 шахам тэрбум төгрөгөөр тасарсан тул төсөв, санхүүгийн олон зохицуулалт хийх шаардлага үүсгэж байна.

Олон сарын турш тогтвортой хэрэгжүүлсэн бодлогын дүнд инфляцийн түвшин саарч, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжиж байна. Инфляцийн түвшин гэхэд сүүлийн 3 сарын хугацаанд 14,9 хувиас 13 хувь хүртэл буураад байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны энэ үеэс 10 хувиар цөөрч 33,9 мянга болсон ч ажилгүйдлийн түвшин төдийлөн буураагүй байна.

Categories
мэдээ спорт

Cпортын алдартнуудын гавьяаг мөнхөллөө

Монгол улс зуны олимпийн наадамд анх оролцсоны түүхт 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, МҮОХ-ны Ерөнхийлөг Д.Загдсүрэн, ССАЖ-ын Дэд сайд М.Түмэнжаргал нар “Токио-1964” зуны XVIII олимпийн наадамд оролцсон ахмадуудад баяр хүргэн, ОУОХ-ноос ирүүлсэн Олимпод оролцогчдын энгэрийн тэмдгийг гардуулав. Одоогоос 50 жилийн өмнө 35 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрлөөр оролцож байсан түүхтэй.

Мөн үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Олимпийн төгөл” нээх үйл ажиллагаа болж, үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, зүтгэлтнүүд 100 мод тарьж, спортын алдартнуудын гавъяаг мөнхөллөө.

МҮОХ нь спорт-олимпизмийг сурталчилах үйлсэд хамтран ажиллах зорилгоор Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Гэрээ ёсоор МҮОХ нь бүс нутаг, тив дэлхий, олимпийн наадамд спортын сэтгүүлчдийг өргөнөөр оролцуулахад дэмжлэг үзүүлэх юм.

Азийн элсний спортын IV наадам нь 11 сарын 14-23- ны өдрүүдэд Тайланд улсын Пукет хотноо спортын 26 төрлөөр болно. Манай улсаас элсний бөх, самбо, жиү-жицү, петанк, гандбол, сагсан бөмбөг, орчин үеийн таван төрөлт, муатай, триатлон, кураш бөхийн төрөлд 90 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор мэдүүлгээ хүргүүлээд байна.

МҮОХ нь “Рио-2016” зуны олимпийн наадмыг үзэх хөгжөөн дэмжигчдийг зохион байгуулах онцгой эрхийг “Нью жуулчин турс” компанид олгож, хамтын ажиллагааны гэрээнд Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, Ерөнхий захирал Ш.Нэргүй нар гарын үсэг зурав. “Нью жуулчин турс” компани нь МҮОХ-ны албан ёсны түнш бөгөөд “Афин-2004”-өөс эхлэн нийт 2000 гаруй спортын хөгжөөн дэмжигчдийг олимпийн наадам үзүүлсэн билээ.

Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Хөнгөн атлетикийн холбооны түнш, БНСУ-ын иргэн Юнь Хан-Чоль, Ү Хён-Жин нарыг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнав.

Ирэх долоо хоногт Бээжин хотноо болох Зүүн Азийн Наадмын Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2019 оны Зүүн Азийн Залуучуудын Спортын анхдугаар наадмыг зохион байгуулах хотыг сонгож шалгаруулах юм. Энэ эрхийн төлөө Ханжоу /БНХАУ/, Тайжүн /Тайвань/, Улаанбаатар /Монгол/ хотууд өрсөлдөх юм.

СПОРТЫН ХОЛБООД

Цанын холбооны тайлан сонгуулийн хурал болж, 1997 оноос хойш тус холбоог тэргүүлсэн Р.Раш улиран сонгогдов. “Торино-2006”, “Ванкувер-2010” олимпод тамирчнаар оролцож байсан Э.Очирсүрэн шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна.

Бадминтоны холбоо, Азийн бадминтоны холбоотой хамтран дасгалжуулагчийн анхан шатны сургалтыг Малайз улсын мэргэжилтэн Самбентаны Севаперүмалын удирдлага дор явуулж байна. Сургалтад Архангай, Дархан, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Улаанбаатар зэрэг аймаг, хотуудаас нийт 40 гаруй багш хамрагдав.

Шатрын холбооны шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Х.Эрдэнэдорж томилогджээ.

ДОПИНГ

Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг МҮОХ-ны ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа.

www.olympic.org, www.ocasia.org

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Categories
мэдээ спорт

Б.Тэмүүлэн Ташкентийн Гран-прид түрүүллээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Т.Батзориг, Х.Цогтгэрэл, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдсанаас хүнд жингийн ганц жүдоч маань алтан медаль хүртлээ.

+100 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Тэмүүлэн Узбекстан, Унгарын бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Оросын бөх Волков Андрейтай барилдаж, ялсан юм. Тэрээр алтан медалийн төлөө Австрийн бөх Аллерсторфертэй барилдаж, өчих мэхээр цэвэр ялснаар тус тэмцээний аварга боллоо.

Энэ өдөр 90 кг-ын жинд барилдсан Т.Батзориг, Х.Цогтгэрэл нарын хувьд хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.

Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын шигшээ баг тэргүүллээ.

Тодруулбал Ташкентийн дэвжээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, 73 кг-д Гавьяат тамирчин С.Ням-Очир, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн АЛТ, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон МӨНГӨ, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар ХҮРЭЛ медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв.

42 улсаас 24 нь ямар нэгэн медаль хүртсэнээс Монгол Улс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, тэргүүлсэн бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалав.

Ч.БОЛОР

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нийгэмд ард түмнийхээ итгэл найдварыг дээдлэдэг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монголын ардчилалд шилжсэн зам, түүний сургамж” сэдэвт хүндэт зочны нийтийн лекц

Төв Европын Их сургууль, Унгар, Будапешт хот

2014 оны 10 дугаар сар 18

Эрхэмсэг ноёд оо,

Хатагтай, ноёд оо,

Энд, Төв Европын Их сургууль дээр та бүхэнтэй энэ үдшийг өнгөрөөж байгаадаа баяртай байна. Энэ их сургууль нь 1991 онд анх байгуулагдсан цагаасаа хойш энэ бүс нутгийн ардчилалд шилжсэн шилжилтийн гэрч болсоор иржээ. Энэ сургууль нь нээлттэй нийгмийн үнэт зүйлсийг эхнээс нь хадгалсаар ирсэн баялаг эх уурхай мөн болно.

Үүнтэй холбогдуулаад, миний бие дэлхий дахинаа нээлттэй нийгмийн үнэт зүйлсийг хөхиүлэн дэмжих үйлсийг манлайлж, боловсрол, нийгмийн сайн сайхны төлөө онцгой хувь нэмэр оруулсанд нь бидний сайн анд Жорж Сорост баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна.

Хүндэт зочны энэхүү цуврал лекц нь ардчиллын жинхэнэ мөн чанарын тухай чөлөөтэй маргаж, шүүн хэлэлцэж, шинэ соргог санаа солилцохыг өгдөөх зорилготой юм. Ардчиллын тухай ойлголт, түүний хувьсалын тухай яриа эдүгээ дэлхий дахинаа тун ч цагаа олсон халуухан сэдэв болоод байгаа билээ. Учир иймд хүндэт зочдын цуврал лекц зохион байгуулах санаачилга гаргасанд нь энэ Их сургууль, сургуулийн Ерөнхийлөгч Жон Шаттакад баярлаж байна.

Миний бие эх орноо, эх орныхоо түүхийг танилцуулахаас лекцээ эхлэе гэж бодож байна.

Монгол бол эртний арвин өвтэй, ижилгүй сайхан соёлтой, хосгүй гоёмсог байгалтай орон билээ. Энэ нутагт эрх чөлөөт, эрэлхэг зоригт, энхийг эрхэмлэгч, эрэмгий зүтгэлт ард зон аж төрөн суудаг юм аа. Бид өвгөд дээдсээсээ аугаа сургамж, төрийг барих мартагдашгүй уламжлалыг залгамжлан авахын ялдар угсаатныхаа түүхийг баяжуулж, хойч үеийнхэндээ сайн сайхан ирээдүйг зэхэж өгсөөр байна.

Манай төрт ёсыг урагш улбируулан үзвээс хоёр мянга хоёр зуун жил гаруйн өмнөөс, Хүн эзэнт гүрнээс эх үндэстэй билээ. Монголчууд хүн нарын хууль ёс, хүч чадлаас сэдлэг авч хүмүүн төрөлхтний түүхнээ асар том эзэнт гүрнийг байгуулсан юм.

Их Монгол улсаа байгуулаад монголчууд дуун хөрвүүлбээс “Greet Order” гэж хэлж болох “Их засаг” нэрт бичмэл хуулийг боловсруулан мөрдөж байвай. Тэгэхэд монголчууд одоогийнхтой л адилаар, чөлөөт худалдааг эрхлэж, нээлттэй алтан аргамжааны бодлогыг явуулж байсан юм. Эзэн гүрнээ Ази, Европ, Ойрхи Дорнодын хол ойрын ард түмэн голдуу харъяалагдаж байсан юм. Энэ бол монголчуудын дэлхийд шинэ журам тогтоож, үүгээрээ шударга ёс, энх амгаланг үүсгэж, өөр бусад улс, ард түмэн лүгээ тогтоосон харилцаандаа нэгсэн ажиллахыг чармайж асан тийм эрин үе мөн. Монгол орон цэцэглэн мандахдаа мандаж, бууран доройтохдоо доройтож, захиран жолоодохдоо жолоодож, захирагдах үедээ захирагдаж явсаар хорьдугаар зуунтай золгосон юм. Өнөөгийн Монгол эрх чөлөө, үнэн тусгаар тогтнолоо 20-р зууны үүрээр эргүүлэн олж авсан билээ. Тэр үед дэлхий даяар цагийн байдал ороо бусгаа байж, 20-р зууны эхээр Монгол коммузмын хүлгэнд орж, далан жил түүнд баригдсан юм.

Эрхэм нөхөд өө,

Хорин таван жилийн өмнө Монгол эрх чөлөөгөө олж авах уу, эсвэл чулуун хэрэмний ард цоожтой хэвээрээ байх уу гэсэн салаа замын уулзвар дээр хөл гишигсээн. Ийнхүү монголчууд эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийн төлөө, хувь хүнийг өөрийн эрхээр байлгахын төлөө хотлын тэмцэлд нэгдэн орсон билээ. Тэгээд ч бид дийлсээн. Тайван хувьсгалыг хэрэгжүүлсэн маань гайхамшиг байсан юм. Газар зүйн хувьд Монгол улс чөлөөт ертөнцөөс алслагдмал, бас Зөвлөлт Холбоот Улс задраагүй байсан үе. Манай хувьсгалаар ганц ч цонх хагараагүй, ганц ч дусал цус дусаагүй юм.

Миний тодломоор байгаа хоёрдох зүйл гэвэл, та бүхэн мэдэж байгаа, улс төр, эдийн засгийн нэгэн зэрэг шинэтгэл нь Азийн оронд таарахгүй гэж олон хүн одоо ч гэсэн итгэсээр байдаг. Гэхдээ энэ бол үлгэрийн далай байвай. Бид 1990 оноос манай улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог нэгэн зэрэг шинэчилснээр хуучин хэвшмэл ойлголтыг халсан билээ.

Өөр нэг тэмдэглэх зүйл гэвэл бид ардчиллыг хаанаас ч хүчээр оруулж ирээгүй, эд бараа шиг хаанаа ч импортлоогүй юм. Бид энэ хувьсгалыг хийхдээ бүх нас, бүхий л ажил мэргэжлийн хүмүүс нэгдэж, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж, өвлийн жавар, хаврын хавсраганаас халираагүй, эрхтэн дархтаны дайрч доромжлох, мөрдөж хавчихаас хулчийгаагүй билээ. Нэгэнт хүмүүс өөрийн хүчийг мэдрээд ирэхээр дангаар ноёрхож байсан засаг эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний өөдөөс сөрж чадаагүй юм.

Олон зууны туршид ард түмэн эрх чөлөөг хүсэн мөрөөдсөөр ирсэн билээ. Эрх чөлөөгөө олсноор манай ард түмэн хувь заяаныхаа эзэн болсон юм. “Өрөөлийн эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэж монголчууд цэцэлдэг билээ. Ард түмэн билиг танхай байдгийг та бүхэн харж байгаа байх аа. Төр барихын тулд бид ард түмнийхээ хүсэл тэмүүлэл, үүх түүх, соёл урлагийг мэддэг байх нь зүйн хэрэг. Төрийн эрх барьж байгаа хүмүүс өөрсдийн удирдаж буй иргэдийг үл ойшоож болно гэж бодож байгаа бол асар том алдаа хийж байгаа нь тэр. Үүнийг 1990 онд ард түмнүүд дэлхий даяар тод ухааруулсан юм. Монголд ч энэ нь үнэн болсон бөлгөө.

Ардчилал гэдэг нь шууд утгаараа ард түмний хүч гэсэн үг юм. Ардчилал гэдэг нь улстөрийн бодлогыг хэлээгүй, ард түмний тухай, ард түмнийг хэлж байгаа юм. 1990 оны зургадугаар сард анх удаагаа монголчууд энэ бүс нутагтаа чөлөөт, ардчилсан сонгуулийг бүрэн дүүрэн явуулсан билээ. Ардчиллах гуравдахь давалгаанаар улс орны олонхи нь гагцхүү депутатынхаа тоог л өөрчилсөн нь үнэн юм. Бид бол олон намын, улстөрийн олон талт тогтолцоог бий болгов. Базаж хэлвээс Монгол нь энэ дэлхийн өөрийн хэсэгт тодын тод ардчилал бүхий улс болсон билээ.

Төвлөрсөн төлөвлөгөө ч, дангаар ноёрхох захиргаа ч, цэргийн дэглэм ч чөлөөт хүн юу бүтээж чадахыг харуулж бараагүй. Монголд ч үүнийг бид үзэж өнгөрсөөн. Монгол эрчимтэй зах зээлийн эдийн засагтай боллоо. Хорин жилийн өмнө хувийн сектор дотоодын нийт бүтээгдэхүүний 5% -аас доош хувийг л арайхийн үйлдвэрлэж байсан бол одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80-аас дээш хувийг үйлдвэрлэдэг эдийн засгийн тэргүүлэх хүч болоод байна. Түүнээс гадна Монгол дэлхийд маш хурдацтай өсөж байгаа эдийн засгийн нэг болж байна. Төр барих ухааны үүднээс хэлэх юм бол Монгол том дэвшилд хүрч, бүс нутагтаа нээлттэй, маш либерал засаглалыг тогтоосон юм.

Эрхэм нөхөд өө,

Ардчиллын хүчтэйд би итгэдэг юм. Ардчиллын хүч нь түүхийн аугаа хүч мөн. Энэ хүч нэгэнт эрчээ авсан болохоор эцсийн дүндээ энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүргэх болно. Бүтээлч үзэл санаа эрх чөлөөг олсноор ирдэг юм. Та нэгэнт эрх чөлөөтэй болсон бол ажил үйлээ сайтар бодож хийдэг болно. Ард түмнийхээ бүтээх үйлс, билиг ухаан, тэдний эрхийг хүндэтгээгүйгээсээ болж олон дэглэм унаж байлаа. Хүн зон нь хүлээсэнд баригдаж, айж бэргэж, амаа таглуулсан байгаа тийм үндэстэн байна. Нэгэн сайхан өдөр эрх чөлөөний тэргүүлэгч нар шорон гяндан, цөллөгөөс гарч ирэх болно гэдэгт би итгэдэг. Дэлхийн зон олон эдгээр хавчигдан гадуурхагдаж буй хүмүүстэй хамт тэдний эрх чөлөөгөө олох өдрийг хүртэл байх болно.

Хэлмэгдүүлэх, гажуудуулах стратеги цаашдаа үйлчлэхгүй ээ. Нийгмийг ардчиллаар өөрчлөх гэсэн хүмүүсийн зүгээс үзүүлэх шахалт хэзээ ч сулрахгүй. Технологийн дэвшил хүмүүнийг улар бүр ойртуулж, нягт холбох болсон нь дэлхийг уужимсгаж буй бол салгаж тусгаарлахын хана хэрэм дэлхийг уйтан болгож байна. Миний мэдэхээр, Тэнгэр хүмүүн бүрийн зүрхэнд эрх дураараа аж төрөх хүслийн үрийг тарьж байдаг бөлгөө. Энэ хүсэл эрмэлзэл дарангуйллын эрхээр нурлаа ч дахин сэргэдэг юм. Дарангуйлагчид өдөөсөн аллага хядлага, үүсгэсэн хэрүүл маргаанаа өөрсдийн хэтийн хараат бодлого мэтээр зөвтгөж байна. Гэвч тэд энэ дэлхийн голч шударгуу хүн ардаас зай барьж, холдон хөндийрч байгаа юм. Эрх чөлөөт эмэгтэй эрэгтэй хүмүүс өөрсдийг нь ялан дийлэх хүртэл сул дорой байна гэж тэд мэтгэж байна.

Ардчилал төгс бус гэдгийг, ардчилал нь үл гүйцэлдэх үзэлд хөтлөх чиг ч биш гэдгийг бид бүгд ойлгодог. Гэхдээ энэ нь хотлоор амжилтад хүрэх, хүний нэр төр, сүр жавхааг илтгэх цорын ганц зам даруй мөн. Ардчилал нь төр барих төлөөллийн хэлбэрийн хувьд аль ч ард түмний дотор соёл, уламжлалыг нь тусгах болно. Эдгээр нь яг адилхан байна гэж байхгүй, тийм байх ч учир үгүй. Гэхдээ аль ч төлөвшсөн нийгэмд ижил хандлага ажиглагддаг. Ардчилал нь төрийн эрх мэдлийг хязгаарлаж байдаг, төрийг чих зөөлөн уриалгахан байх, ард түмний байгууллагуудаар залуулах зүгт хандуулдаг юм. Ардчилсан нийгэмд хуулийг завхруулалгүй, шударга ёсоор эрх чөлөөг хамгаалдаг. Ардчилсан нийгэмд иргэний эрүүл байгууллагууд, чөлөөт хэвлэл мэдээлэл, шударга шүүх засаглалыг дэмждэг. Ардчилсан нийгэм авилгатай тэмцэж, хүний эд баялагт хөрөнгө оруулж, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, сахин хамгаалдаг. Ардчилсан нийгэмд ард түмнийхээ итгэл найдварыг дээдлэдэг юм.

Бид бусдын итгэл найдвар, эрх чөлөөний төлөө зогсвоос өөрсдийнхөө эрх чөлөөг улам бататгаж болно гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас бид бусад улс оронтой туршлага, сургамжаа хуваалцах сан бүрдүүлж, цаг, хүчээ үүндээ зориулж байгаа билээ. Цөөн боловч хэдэн тохиолыг нэрлэхэд, Хиргисстантай бид үр нөлөөтэй парламентын ардчиллыг бий болгож, эрх зүйн шинэтгэл хэрэгжүүлэхэд эзэмшсэн туршлагаа хуваалцаж, Афганистантай бид дипломат ажилтнууд хийгээд төрийн албаныхныг бэлтгэх сургалт явуулж, Мианмарын хувьд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлч, иргэний нийгэмлэгийн гишүүдийг нь зочлуулж, Хойт Солонгостой бол эдийн засаг хийгээд аюулгүй байдлын асуудлаар яриа хэлцэл хийж байна. Нэгэн цагт монголчууд бид энэ дэлхийн гадаргуу дээр томоос том, уртаас урт хэрэм барихад хүргэж байсан. Саявтархан бид дэлхийгээс биднийг тусгаарлан хөндөлссөн харанхуй хэрмийг цоо татсан юм. Өдгөө бид манай эрх чөлөөг эрмэлзэгч эгч, ах нарын замд хөндөлсөн байгаа бусад хана хэрмийг эвдэхэд туслахыг туйлаас хүсч байна. Манай хүн амын тоо цөөвтөр, миний орны эдийн засаг чинээ багавтар байж болох. Гэвч Дорно дахинд ардчилалын гэрэлт бамбар болж байгаагийн хувьд манай туршлага дэлхийд гэгээн тунгалаг гэрлийг тусгаж байгаа юм аа. Пёньяанд Ким Ил Суны Их сургуульд дүнсгэрдүүхэн сонсогчдод “Дарангуйлал мөнх бус” гэсэн лекц уншиж байхдаа би түүнийг мэдэрсэн билээ.

Монголчууд бид яагаад ардчиллыг сонгосон юм бэ? Яагаад гэвэл ардчилал нь хүмүүнийх нь хувьд бодьгал бүрийн цог золбоо, үнэ цэнэ дээр суурилдаг билээ. Яагаад гэвэл ардчилсан нийгэм нь гишүүн нэг бүрийг төгс хөгжүүлэхийг зорьдог билээ. Яагаад гэвэл хүн бүгд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө таних бүрэн боломж, өлзий учралыг олдог билээ. Нийгэмд хэнийг ч хийдэг ажил, дууддаг нэрээр нь ялгаварлалгүйгээр хүндэлдэг, хувь нэмрийг нь хичнээн өчүүхэн ч байсан хөхиүлэн таашаадаг билээ. Бид ардчиллыг сонгосон учир энэ юм.

Монголчууд бид яагаад эрх чөлөөг эрхэмлэдэг вэ? Яагаад гэвэл бид их хүчир замаар түүнийг олж авсан юм. Яагаад гэвэл эрх чөлөө гэдэг бидний өмч, төрснөөсөө аваад эдлэх ёстой бидний эрх гэдгийг бид мэдсэн юм. Яагаад гэвэл эрх чөлөө нь төрийн жолоог атгалцах мэдлийг онцгой хүн буюу бөлөг хүний гарт бус, харин ард түмэнд олгодог юм. Ардчилсан улсад засгийн эрх тусгай хүн буюу гэр бүлийн өмч байдаггүйг ард түмэн мэддэг юм.

Ардчилал нь бүтцийн энгийн нэг асуудал бус, оюун сэтгэлгээний хирц, идэвх зүтгэлийн төлөв даруй мөн. Та ганцхан өдөрт ардчилсан болчихгүй, бас өөр нэг өдөр нь ардчилсан бус ч болчихгүй. Энэ бол оюун сэтгэлгээний хирц, аж төрөх арга ухаан, үйл ажиллагааны голт зүрх нь мөн. Хүн ард хэзээ ч ийм боловсролтой, ийм бие даасан, ийм гялалзуур шалмаг, ийм урам зоригтой, ийм бүтээлч туурвилч байсангүй. Тэнгэр хүнийг баян юм уу ядуу, тэнхээтэй юм уу бядуу болгож үл чадахыг хүмүүс мэдэж байна. Тэнгэр гагцхүү хүмүүсийг эр эм болгон заяадаг. Тэнгэр хүн ардад эрхийг нь, бас өөрсдийг нь эзэмшиг гэж засгийг нь өгдөг юм. Үүний учир гэвэл иргэний үйлчин бид эзлэн буй байр, гүйцэтгэн буй үүргээс шалтгаалалгүйгээр биднийг цэнэлээд, цалин харамжийг маань төлж байгаа хүмүүсийнхээ эрх ашгийн төлөө зүтгэх ёстой.

Унгар анд нөхөд минь ээ,

Бид ардчиллыг бүрэн баталгаажсан гэж хэзээ ч үзэхгүй. Ардчилал нь тодорч, хөгжиж болно, бас тэгэхдээ өгөрч өмхөрч болно. Бид ардчилсан зарчмыг хамгаалж, сөрөх хүчин болон цөөнхөд хүлээцтэй ханддагаа харуулж, хуулийн засаглалыг хүндэтгэж байна. Үндсэн хууль бол ардчиллын нандин баримт бичиг мөнөөс мөн. Өнөөдөр олонхи болж байгаа аль ч нам, манлайлах хүн нь тэрхүү олонхийг хэрэглэхдээ тун няхуур болгоомжтой байх нь зүйтэй. Үндсэн хуулийн засаглалд тэд өөрчлөлтийг дангаараа хэрэгжүүлэх гэвээс түүнийг намын эрх ашгийг хамгаалах оролдого гэж үзэхээс өөр аргагүй юм.

Бид Монголд хэдэн жилийн өмнө алдаа гаргасан маань “дордуулсан долоон өөрчлөлт” гэсэн муу нэрийг олсон билээ. Өнөөдрийг хүртэл бид манай үндсэн хуулийн жинхэнэ зарчмыг эргүүлэн тогтоох гэж үзэж тарсаар байна. Сургамж нь гэвэл бид бүгдээрээ ардчилсан өрсөлдөөний талбарт шударга, булхайгүй тоглох учиртай болсон юм. Бүх засгийн газар албадлагаар бус, зөвшөөрөлцснөөр эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой.

Ардчиллын төлөө тэмцэгчийн хувьд өөрийн хорин таван жилийн туршлагаас үзвэл ардчилал гүйцэд ялна гэж огт байхгүй юм байна. Энэ нь хэзээд үе үеийнхний тэмцэл байдаг юм байна, та бүхэн цаг цагийн урсгалд бодлогыг залган залгасаар байх юм байна. Энэ нь бидэнд юуг сануулж байна вэ гэвэл бид гэрийнхээ даалгаварыг хийж, мөрөндөө ачаагаа үүрч байх ёстой, өөрсдийнхөө цагт хийх юмаа хийх ёстой гэдгийг сануулж байна. Гэхдээ алдааг үл эрж, үл хийж, өөрсдийнхээ үнэт зүйлсийг гартаа бат атгаж, нийтлэг амжилтаасаа эргэж хургахгүй байвал зохистой. Бид муугаас сайн руу, сайнаас бүр шилдэг сайн руу гээд өөдөө явах учиртай. Аливаа эрх мэдэл гэдэг хязгаартай боловч бид хүмүүн төрөлхийтний хамтын сайн үйлсэд хувь нэмрээ хандивлах учиртайг бид мэднэ. Бид чигч хууль, хүчтэй институци, сайхан соёлыг ардаа үлдээх ёстой.

Улстөрийн эрх мэдлийг жигд бусаар хуваарилахаас зайлсхийх үүднээс ардчиллыг няхуур, тэнцүүртэй хуульчлахгүй бол удирдлагын нэг салаа нь эрх мэдлийг базаж аваад ардчилалд хор хүргэж мэдэх юм. Ийм нөхцөл байдлаас зайлахын тулд төрийн бүх төвшинд бид эрх баригчдын үзэмжээрээ, бараг дур мэдэн шийддэг явдлыг хаах оновчтой институцийг бий болгох гэж оролдож байна. Энэ нь бид хариуцлагын тогтолцоог дээр дооргүй бий болгох гэж чармайж байна гэсэн үг юм. Бид хариуцлагын босоо болон хэвтээ тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.

Хэдэн жишээ дурдъя.

Нэгдүгээрт, үнэхээрийн ардчилсан сонгууль нь босоо хариуцлагийн хамгийн чухал институц мөн. Монголд сонгууль луйварын уурхай байсан цаг үе бий. Саналыг авсан нь бус тоолсон нь ялдаг тийм тогтолцоо байлаа. Цахим тооцоолуур, машин нь мэхлэж чадахгүй, харин хүн мэхлэж чаддаг. Иймд бид бүртгэлийн биометрийн тогтолцоо болоод санал тоолох электрон машиныг авч хэрэглэн, бүс нутагтаа үүнийг хэрэгжүүлсэн хоёрдох орон болсон билээ. Тооллогын дүн тун ойрхон гарсан ч сонгуульд ялагчийг өрсөлдөгчид нь эсэргүүцэх, балмагдах юмгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Сүүлийн гурван сонгуульд бид тийм тогтолцоог хэрэглэлээ. Хүн ард одоо сонгуулийн байранд ирэхдээ өөрсдийнх нь саналыг тоолно, өөрийнх нь оролцоо эцсийн үр дүнд нөлөөлнө гэдгийг бүрэн мэддэг болжээ.

Хоёрдугаарт, Монголд иргэний танхим огт байгаагүй үе тун саяхан. 2009 онд миний бие Ерөнхийлөгчийн албыг авсан өдрөө төрийн ордон дахь ажлын өрөөгөө Иргэний танхим болгохоос ажлынхаа анхны гараагаа эхлүүлж билээ. Үүнээс хойш засаг захиргааны бүхий л нэгж, бүх хот, суурин газар тийм танхимтай болсон байна. Энд төслийн байдалтай байгаа шийдвэр нэг бүрийг иргэдээр хэлэлцүүлж байна. Энэ нь бүхий л төвшинд манай шийдвэр гаргах тогтолцооноо нэгэнт тогтсон уламжлал болжээ.

Иргэд эрхтэй болсон ч тэр нь санхүүгийн хөшүүрэггүй бол хуурмаг хоосон зүйл болно. Иймд бид Орон нутгийг хөгжүүлэх сан байгуулсан, чингэхдээ тодорхой томъёоллыг үндэс болгож, ерөнхийдөө хүн амын тоог харгалзан байгуулсан бөгөөд хүн зон өөрийн хүссэн зүйлд зориулан мөнгийг тэндээс авч байна. Хүн ард хамтран гаргасан дотоод журмынхаа дагуу тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөрөнгө мөнгийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байна. Хамгийн алсын хараатай удирдагч ч олон түмний өмнө өдөр тутам тулгарч байгаа асуудлыг бүрэн гүйцэд харж чадахгүй юм. Энэ нь хүмүүс нэгэн халуун амь болж, өдөр болгон өөрсдөд нь ямар сорилт тулгарч байгаад ямар шийдэл олохоо мэддэг болж байна гэсэн үг мөн. Манай энэ туршлага үзэл санаа, агуулга, хэлбэрээрээ Швейцарийн шууд ардчилалтай адил юм.

Үүгээр бид зогсохгүй ээ. Ихэнх ардчилсан оронд ард түмэн улстөрчдийн уран үгнээс залхаж гүйцээд дотор нь муухайрах болж байна. Ард олон улстөрчдийн юу ярьж байгааг сонирхохоосоо илүүтэйгээр арайхийж олсон мөнгөнөөс нь авсан татварыг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг л үнэхээр сонирхож байна. Учир иймд бид “шилэн дансны тогтолцоо” буюу Төсвийн ил тод байдлын тухай хуультай боллоо. Бид мөнгийг юу юунд зарцуулснаа олон нийтэд мэдээлж байхыг манай албан тушаалтнуудаас шаардаж байна. Хуулиар бол тэд хаана ажилладгаасаа хамааралгүйгээр зардлаа, зарцуулсан мөнгөнийхөө дүнг 72 цагийн дотор интернетээр буюу олон нийтийн газарт бол бичгээр мэдээлж байх учиртай. Тэд ингэж мэдээлэхгүй байвал хашиж байсан албан тушаалаас огцрох хүртэл шийтгэл хүлээх болно.

Эх орон нэгт иргэдийнхээ чөлөөт сонголтоор үндэстэндээ зүтгэнэ гэдэг магнай тэнийм баяртай хэрэг мөн. Монголд бид сүүдэртэй талаа хэзээ ч нуудаггүй юм. Чигч, нээлттэй, чөлөөт хэвлэл байгаа бол нууж хаах газар үгүй, бохир муухайг хийх газар үгүй ээ. Та үнэхээрийн голч шударга бол түнэр харанхуйн дотор ч голч чигч хэвээрээ л байх болно. Энэ судалгааны хүрээлэнг үндэслэсэн ноён Сорос хэлэхдээ: “Буруу ойлгоно гэдэг нь хүнд байдаг л зүйл, буруудахаас ичих юмгүй, гагцхүү алдаагаа залруулахгүй байхаас л ичих хэрэгтэй гэдгийг бид нэгэнт ойлгожээ” гэсэн билээ.

Эрх чөлөөний сайхан нь суралцах үйл явцад л оршино гэж би боддог. Бид алдаж болох боловч дарангуйлалд байсан шиг алдааныхаа төлөөсөнд амьдралаа алдхааргүй болсон. Монголд хэвлэл мэдээллийн ямар ч хэрэгслийг хянаж цагддаггүй болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг засгийн газар өмчлөх, засаг төрөөс эдгээрийг алив хэлбэрээр хянахыг хуулиар хориглосон юм. Монгол нэг хүнд ногдох нийтийн болон чөлөөт хэвлэл мэдээлэл, нийгмийн хэвлэл мэдээллийг хэрэглэгчдийн тоогоор дэлхийд толгой цохьдог орнуудын дотор багтаж байна.

Би ор үндэсгүй байсан ч шүүмжлүүлэх дуртай. Өөрсдийнхөө төлөөлөгчид болоод төрийн албан хаагчдын үйл ажиллагааг ард олон сэжиглэх эрхтэй. Улстөрийнхөө амьдралд миний бие өрсөлдөгч нартаа, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд аль овоо балбуулсныг тэр гэх вэ. Гэвч би доромжилж, дайрч давшилж, гомдол тавьсан тухайтад цагдаа, шүүхэд зарга мэдүүлж байсан удаа даан ч байхгүй. Би энэ зарчмаа хойшид ч баримтласаар байх болно. Учир нь зоригтойгоор үгээ хэлж байгаа хүмүүсийг бид айлган сүрдүүлэн, зүрхийг нь үхүүлж огт болохгүй. Эрх чөлөөний амин сүнс нь үүнд, хүн ардын бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд чухамхүү оршиж байгаа юм аа. Бид үүнийг хамгаалах ёстой.

Би Будапештийг зорин гарахынхаа өмнө Олон нийтийн сонсголын тухай хууль, Олон нийтийн оролцооны тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны хариуцлагийн тухай, Тусгай зөвшөөрлийн тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хууль болон Авилгалын эсрэг үндэсний хөтөлбөр зэрэг хууль, баримт бичгүүдийн төсөл дээр ажиллалаа. Энэ бүх хуулийн төслийг сонирхож буй намууд, шинжээчид, иргэдээр хэлэлцүүлсэн юм. Эдгээр нь манай оронд ардчилсан институцийн чанар чансааг төгөлдөржүүлэхээр бидний өргөн барьж байгаа хуулиудын өчүүхэн хэсэг нь юм. Эдгээр нь төрийн агентлагууд, салбарууд, албан тушаалтнуудын хэвтээ хариуцлагыг бэхжүүлэхэд тустай. Улстөрчид нийгмийн болон эдийн засгийн амлалтаа хэрхэн хэрэгжүүлж байгаа нь бус, харин эрх мэдлийг урвуулахтай хэрхэн тэмцэж байгаа нь л аливаа албан тушаалтныг шалгах бодит шалгуур мөн.

Нөхөд өө,

Ардчилал бол хэрэгжүүлэхэд бэрхтэй тогтолцоо мөн. Ардчиллыг судлах салбарт өдгөө урьдаа барьдаг эрдэмтэн нэгэнт болсон Ларри Даймондын хийсэн судалгаагаар бол дэлхийд тогтсон бүх ардчиллын гуравны нэг нь 1974 оноос хойш сүйрч, хөгжиж байгаа орнуудын дотор уг хувь 40-д дөхөж очжээ. Энэ судалгаанаас үзвэл муу засгийн газар ардчилал унахын гол шалтгаан болж байсан байна. Монголд ард олон шүүмжлэхдээ “Манай орон мөнгө дутмагаас ядуу байна гэдэг, гэтэл шударга ёс дутмагаас ядуу байгаа юм. Өглөө бүр би ажилдаа очихдоо энэ тухай бодож ирдэг.

Албан тушаалтнуудын гэмт үйлдэлтэй тэмцэхэд үндэсний удирдагчдын үүрэг маш чухал. Үндэстэн даяараа хүчээ дайчилсаны ачаар Монголын авилгын индекс сүүлийн гурван жилд он тус бүрт хоёр оронтой тоогоор буурч иржээ. Авилга гэдэг эрх мэдэл, өмч хөрөнгөтэй холбоо бүхий ноцтой гэмт хэрэг мөн. Эрх дарх, хөрөнгө мөнгө, холбоо сүлбээгээ ашиглан эл гэмт хэргийг үйлдэгсэд шүүхийн хараанаас мултрахын тулд олон нийтийн санаа бодлыг эргүүлэх гэж оролдож байна.

Бид авилгалтай тууштай тэмцэх ёстой. Авилгал нь хөгжлийн жинхэнэ дайсан мөн. Авилгал нь хүн ардын бэрх ажлын үр шимийг залгидаг. Энэ нь шударга ёсны, голч, бат тогтвортой нийгмийн суурийг нураадаг. Авилгал нь засаг төрийг үр өгөөжгүй, үр нөлөөгүй, чадваргүй болгодог. Авилгал нь инстиутц, үнэт зүйлс, соёл, улс түмнийг сүйтгэх чадалтай харгис хүч мөн. Энэ хорыг арилгахын тулд бүхэл нийгмээрээ тэмцэх ёстой. Эцсийн бүлэгт ард түмэн муу төр засгийн болоод авилгалд идэгсэдийн хийсний бүхий л төлөөсийг эдлэн шаналдаг. Авилгалд хийгээд эрх дархыг урвуулан ашиглах явдалд эвлэршгүй ханддаг манай ард түмэн бидний найдлага мөн.

Шүүхийн тогтолцоог шинэтгэхийг зоригтойгоор шаардаж байгаа эх орон нэгтнүүддээ би баярладаг. Бид нийгэмтэйгээ нэгдэлтэй байж, “Вышинскийн” шүүхийн тогтолцоог халж, ард түмний шүүхийг тогтоохын төлөө шүүхийн бүх талын шинэтгэлийг хийж эхлээд байна. Бид энэ зорилгыг биелүүлэх үүднээс 20 гаруй хуулийг санаачилсан. Эдгээрийн хагасыг нь бид батлааад, мөрдүүлж байна. Чингээд бид энэ зорилгын тухайтад бэрхийн бэрх саадыг даван туулаад байна. Хууль ёсны шударга шүүхэд ард түмний итгэх итгэл сэргэж байна. Бүх шатны шүүхийн шийдвэрийг одоо нийтлэж, интернет, сонинд тавьж байна. Шүүгчдийн цалингийн дундаж нь Монголын дундаж цалингаас гурав дахин дээгүүр байна. Шүүгч нар засаг захиргааны дарамтаас салж, одоо мэргэжлийн ажлаа дагнан хийж байна. Бид хууль эрх зүйн тогтолцооны бусад салбарт ч ийм шинэчлэлийг явуулж байна.

Улстөрийн хувьд төвийг барьсан төр засаг чанарыг голлодог ардчилалд шаардлагатайг бид мэднэ. Сүүлийн хэдэн жилд бидэнд нүүрлэсэн нэг хэцүү бэрхшээл бол хүмүүсийн ухамсрыг өөрчлөх явдал байлаа. Тогтолцоог өөрчлөхөөс сэтгэлгээг өөрчлөх нь илүү төвөгтэй байв. Манайхны хувьд манай нийтийн албыг “төрийн алба” гэж нэрлэж заншсан байсан юм. Энэ нь нам дагасан, ашиг хонжоо хайсан, сонгуулийн дүнгээс илт хамаарсан алба байсан бөгөөд энэ нь эрх мэдэлтэнгүүдийн үйлчлүүлэгч маягаар ихэвчлэн ажиллаж байлаа. Ухаан хурц, авъяас төгөлдөр хүмүүс нийтийн албанд ирэхгүй байна. Чадварт түшиглэсэн, ёс зүйтэй, өндөр мэргэжлийн иргэний алба ус агаар мэт хэрэгтэй байлаа. Үүнийг бий болгохын тулд төрийн алба, улстөрийн нам, улстөрийн санхүүжилтэд тогтсон муу зуршлыг өөрчлөхөөр ажиллаж байна.

Эрүүл нийгмийг байгуулахын тулд бид нийгмийг өдөр бүр цэгц журамтай байлгах ёстой. Эрх мэдэл авилгалд автуулдаг гэдэг үнэн бөлгөө. Сонгогчдийн итгэл, сонгогдогсодын үйл ажиллагаа харамсалтай нь эсрэг тэсрэг байх нь олонтаа. Санал авах чадал нь түрийвчний зузаанаар хэмжигдэж байна. Зарим хууль тогтоогч хуулийг завхруулагч болон хувирч байна. Энэ арчаагүй байдал хүн ардын ардчилалд итгэх жинхэнэ итгэлд ихээхэн гай тарьж байна. Сонгуулийн дараахь шөнө иргэддээ баярлаж талархаж байсанаа бид албан үүргээ гүйцэтгэх өдөр бүртээ санаж явах ёстой.

Манай улсад улстөр өөрөө ноцтой асуудал болоод байгаа билээ. Засгийн газар томорч байна. Та бүхэн хар даа, энд хоёр гар утас байна. Энийг нь бид анх гар утас гарахад ашиглаж байсан. Харин үүнийг нь бид өнөөдөр хэрэглэж байгаа жирийн утас. Ялгааг нь та бүхэн харж байна уу? Үйлдэл нь нэмэгдэхийн хэрээр утас улам авсаархан, ухаалаг, хэрэглэхэд улам эвтэйхэн болсон байна. Харин, ажил үүрэг нь нэмэгдэхээр засгийн газар данхгар, хөшүүн, хөндий болж байна.

Миний бие энэ аюулыг арилгах стратеги болгож Ухаалаг төрийн тухай санаачлагыг дэвшүүлсэн билээ. Хүн ардын хэрэгцээг хангах, нийгэмд илүү сайнаар зүтгэхийн тулд өнөөдөр бид технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай байна. Бид засаг захиргаагаа ухаалаг, энгийн, осолдохооргүй, нисэх онгоцны хянах самбар, үйлчилгээтэй адилдуу болгох хэрэгтэй байна. Гэхдээ бодит байдалд бол манай нисэх онгоцны хянах самбар зохих ёсоор ажиллахгүй, үйлчилгээ нь зохих төвшинд хүрэхгүй байна. Та бүхэн ийм онгоцонд сууж байна гээд дүрслэн бодоод үз л дээ.

Тиймээс бид эрс шийдэмгий арга хэмжээг авч байгаа. Бид шинээр төрийн эзэмшлийн аж ахуйн нэгж бий болгохыг зогсоож, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлаж байна. Төр аж ахуйн нэгжид хувь эзэмших явдлыг эцэс болгож байна. Үүний зэрэгцээгээр олгосон зөвшөөрөл, лицензийн гуравны нэгийг устгасан, гуравны нэгийг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн, голлох хэрэгцээтэй үлдсэн гуравны нэгийг интернетээр санал болгож байна. Зарим хэрэгцээгүй захиргааны байгууллага, албанд төсөв хуваарилахыг зогсоох саналыг би тавьсан юм. Хүмүүс засгаас юу хүсэн хүлээдэг гэж та нар бодно вэ? Энгийн юмыг. Өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ аж амьдралыг сайжруулахыг л хүсдэг. Шударга, хариуцлагатай төрийг л хүсдэг.

Хатагтай, ноёд оо,

Хуучин дарангуй нийгмийг түлхэн унагаах нь цэцэглэн буй ардчилсан шинэ ёсыг тогтоохоос хурдан бөгөөд амархан гэдгийг бид мэдэж байна. “Морин дэл дээр ертөнцийг эзлэх амархан, морьноос буугаад улсыг засах нь хэцүү” гэж Чингис хаан нэг удаа айлдсан юм. Би юу хэлэх гэсэн бэ гэвэл өнөөдөр энэ мэргэн үгийн үнэн нь нотлогдож буйг л хэлэх гэсэн юм аа. Ардчиллын үнэн баталгаа нь бидний нурааж унагасан тэр зүйлд багаахан, харин бидний барьж байгуулж, хийж бүтээж байгаа зүйлд ахиухан буй бөлгөө.

Үүнийг хийхийн учир гэвэл энэ үеийнхэн эргэн тойронд юу болоод байгааг өмнөх аль ч үеийнхнээс илүүтэй ойлгож байгаа. Хүн ард л бодит дэвшлийг авчирдаг шүү дээ. Өөр үгээр хэлбэл ардчиллыг сэргээх аваас, тэр нь дахиад хурдацтай, давшингуй болох аваас бид эрхээ мэддэг, улстөрч биднээс хавьгүй илүүтэйгээр технологийн дэвшлийг гартаа оруулсан ард түмэндээ итгэх хэрэгтэй.

Өнөөдөр хүн ард маань илүү нэгдэлтэй, тиймдээ ч илүү мэдлэгтэй болж, илүү зохион байгуулалттай, тиймдээ ч илүү шаардлагатай болжээ. Улстөрч бид хүн зоноос бидэнд итгээч хэмээн гуйхын оронд олон түмэндээ итгэж сурах хэрэгтэй байна. Улстөрчид л шударга ёс руу анхлаж хөл тавьдаг учиртай. Та ард түмнээсээ шаардаж байгаагаа өөрөөсөө шаардах нь зүй. Энэ нь иргэд юу хийх тухай асуудал бус, харин улстөрчид юу хийх тухай асуудал мөн.

Шинэ технологи үүсч байгаа төдийгүй шинэ үе төрж байна. Шинэ ертөнц үүсч байна. Чингэхлээр засаг төр угтаа идэвхтэй, мэдээлэлтэй иргэдээс хамаарах болно. Засаг төр ард түмнийхээ төлөө ажиллахгүй байгаа бол…Хүн ард аа, та бүхэнд ганцыг захих нь, зохион байгуулалтад орогтун!

Энд бид алхайж тайвшрах учиргүй. Өөрчлөлтийн өөр нэг түрлэг, шинэ сорилтуудын өөр нэг давалгаа үүсч байна: эмх замбараагүй байдал, төр засгийн зогсонги сул дорой байдал, олноор хөнөөх зэвсгийн аюул, цаг уурын дулаарал, эрчим хүч, хоол хүнс, ус ундааны хомсдол, эрх чөлөө, аюулгүй байдалд үүсч буй аюул заналхийлэл гээд олон асуудал бэрхшээл байсаар байна. Хүмүүн төрөлхтний түүхнээ даян хорвоогийн асуудлыг шийдэх технологи, мөнгө бүхий хүмүүсийн анхных нь бид билээ. Гагцхүү дайн байлдаанд зарцуулж буй мөнгө, технологийнхоо багаахан хэсгээр бид өнөөдрийн сэтгэл зовоож байгаа асуудлыг шийдэж чадна.

Монголчууд бид тулгамдсан эдгээр асуудлын заримыг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Ялангуяа бид Зүүн хойт Азид энх тайван, аюулгүй байдлыг тогтоохын төлөө идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд дэмжсэн юм. Манай орон дэлхийд энхийг сахиулахад том хувь нэмэр оруулагч 20 орны нэг болсон билээ. Саявтархан Монгол Улс дэлхийн маш нэр хүндтэй ардчилсан хөдөлгөөн болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдлаа. Биднийг энэ байгууллагыг даргалах хугацаанд Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо байгуулагдаж, байнгын Ерөнхий нарийн бичгийн даргын албатай боллоо. Мөн НҮБ-ын Нью-Йорк, Женев дахь төвүүдэд АОХН-ийн үйл ажиллагаа тогтмолжлоо. Монгол Улсын санаачилгаар Ардчилсан удирдагчдын сүлжээг байгуулж, Ардчиллын төлөө Боловсролын тухай НҮБ-ын түүхт тогтоолыг батлуулсан юм. Монгол нь интернетийн эрх чөлөөг хэрэгжүүлэх үүднээс засгийн газар хоорондын эвсэл болох Чөлөөт Онлайн Эвслийг эдүгээ даргалж байна. 2016 онд Монгол улс АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах боллоо. Ази, Европын 53 орны тэргүүн нарын 11 дэх уулзалт энэ нэр хүндтэй байгууллагын түүхт 20 жилийн ойгоор Монголд чуулна. АСЕМ-ын гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүд Монголын ард түмний ололт амжилт, хичээнгүй хөдөлмөрийг үнэлж энэхүү шийдвэрийг гаргасан явдалд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.

Бидний хамтын амжилт бидэнд итгэл найдварыг өгч байгаа, гэвч үүнд бид тайвшрах ёсгүй юм.

Анхааран чагнасанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Давсны хэрэглээг бууруулах стратегитай болно

ДЭМБ-ын санхүүжилтээр манай улсад “Далд давсны үйлдвэрлэл хэрэглээг бууруулах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх” төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд НЭМҮТ-ийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 239 тоот тушаалаар “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги боловсруулах”, “Хүнсний бүтээгдэхүүний шошгололтын үндэсний стандарт боловсруулах”, “Хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны материал боловсруулах” гэсэн гурван ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хэсэг “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги боловсруулах” ажлын хэсгийн эхний хурал зохион байгуулагдаж, үндэсний стратегийн эхний төслийг боловсруулаад байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл хамтран ажиллана

Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл цаашид хамтран ажиллана

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөл болсон УИХ, Засгийн газрын зарим гишүүд оролцлоо.

-Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёсыг төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан хоёр жил дахь жилдээ ажиллаж байна. Тодорхой ажлууд хийж чадлаа. Ирэх хоёр жилд олсон амжилтаа улам бататгаж ажиллахаар гэрээгээ шинэчлэн байгуулж байгаа нь Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллахын бодит жишээг үзүүлж байна. Манай Засгийн газарт Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам хамтарч ажиллаж байна. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх болно гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай санал нэг байгаагаа илэрхийлээд,

-Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Өнөөдрийн энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцлэх, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэдэгт найдаж байна. Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газарт Ардчилсан намтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж хэллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

П.Сүхбаатар: Алтны нөөц нэмэгдэж, эдийн засагт дэмжлэг болж байгаа

Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.

-Монголбанкны алтны нөөц нэмэгдсэн тухай мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор энэ аравдугаар сарын 15-ны байдлаар 9.5 тонн алтыг манайх худалдан аваад байна. Үүнийг унцид шилжүүлбэл 270 мянган унци болж байгаа. Алтны үнэ сүүлийн хоёр, гурван хоногт харьцангуй өсөх хандлагатай байгаа. Нэг хэсэг жаахан бууж нэг унци нь 1222 ам.доллар болж байсан бол өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 1234 ам.доллар болж байна. Ер нь компани, хувь хүмүүсийн алт тушаалтын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 хувиар өссөн байгаа.

-Шинэ хуульд иргэдээс авах татварын хэмжээг бууруулсан нь алтны нөөц бүрдүүлэлтэд онцгой нөлөө үзүүлжээ?

-Тийм. Шинэ хуулиар татварыг 2.5 хувиар хөнгөлж, роялтиг тэглэсэн. Үүнээс гадна алт олборлогч компани, хувь хүмүүс нь олборлосон алтаа Монголбанк болон Монголбанкнаас эрх авсан арилжааны банкуудад тушааж, экспортлохдоо Монголбанкаар дамжуулна гэж заасан. Энэ бол маш зөв зүйтэй арга хэмжээ болсон гэдэг нь өнөө жилийн байдлаас харагдаж байна.

-Алтны нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засагт хэдий хэмжээний бодит дэмжлэг болж байна вэ?

-Одоогийн байдлаар 348 сая ам.долларын нөөц бүрдүүлчихээд байна. 270 мянган унци алт гэдгийг дундажлаад тооцоод үзэхэд ийм дүн гарч байгаа юм. 348 сая ам.доллар гэдэг бол тийм бага тоо биш. Өөрөөр хэлбэл, алтны нөөц нэмэгдэж байгаагаас үүдэн валютын нөөц ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа.

-Тэгвэл үүнээс үүдэн валютын ханш сулрах болов уу?

-Ер нь сүүлийн нэг сард ямар нэгэн байдлаар гадны зээл тусламж орж ирээгүй атал валют харьцангуй тогтвортой байгаа шүү дээ. Энэ байдлыг алттай холбож ойлгож болно.

-Үүнээс илүү буух болов уу?

-Бид одоогийн байгаа бүрдүүлсэн нөөцөө харгалзаж, нөгөө талаас алт тушаах улирал болж байгааг бодолцон энэ жилийн төгсгөл гэхэд 12, 13 тонн алт авчих болов уу гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр 400, 500 сая ам.долларын нөөц бүрдүүлчих болов уу. Мэдээж хагас сая ам.доллар гэдэг эдийн засагт нөлөө үзүүлнэ. Үүн дээр өөр эх үүсвэрүүд орж ирвэл валютын ханш доошлох л байх.

Ер нь бол алт өөрөө чөлөөтэй хөрвөх чадвартай валют учир экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр нь болж байгаа. Ер нь хөгжингүй том орнууд гадаад валютын нөөцөндөө алтаа хадгалж, хямралтай хэрэгцээтэй үедээ хэрэглэх стратегийн зориулалттай байдаг. Өөрөөр хэлбэл, алт нь үнэ цэнэ хадгалж байдаг стратегийн чухал бүтээгдэхүүн юм.

-13 тонн гэдэг нь өмнөх оныхоос хэдэн тонноор илүү вэ?

-Өмнөх оныхоос хоёр дахин өссөн гэсэн үг. Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд ганцхан өнгөрсөн жил л долоон тонныг авч байлаа. Харин 2006 онд 15 тонн алт авч байсан юм. Өөрөөр хэлбэл, 2006 оноос хойш гарч буй хамгийн том өөрчлөлт өнөө жил болох болов уу. Одоо он дуустал хоёр сар гаруйн хугацаанд дөрвөн тонныг авчихна гэж төсөөлж байгаа учраас тэр шүү дээ.

-Улсын хэмжээнд хичнээн компани, хувь хүн алт тушаагаад байна вэ?

-Албан ёсны тоогоор олборлосон алтаа тогтвортой өгөөд явдаг 120 гаруй аж ахуй нэгж байдаг. Гэхдээ бидэнд давхардсан тоогоор буюу 9.5 тонн алт өгчихөөд байгаа нь 1516 аж ахуй нэгж, 736 иргэн байна. Өнөө жилийн нэг онцлог нь иргэд маш идэвхтэй ажиллаж байгаа. Өмнө нь ийм байгаагүй. 2013 онд гэхэд ганцхан иргэн өгч байлаа. Ер нь бол энэ оны байдлаар улсын хэмжээнд 67 аж ахуй нэгж алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон үзүүлэлт бий.

Иргэдийн хувьд 2006 оноос хойш огт алт өгдөггүй байсан. Энэ нь татвар өндөр байсантай холбоотой л доо. Гэтэл өнөөдөр давхардсан тоогоор 736 гэдэг маш өндөр тоо. Тэднээс яг өгч байгаа нь 160 гаруй хүн байгаа ч гэсэн энэ бол өссөн үзүүлэлт юм. Нэг иргэн сардаа хэдэн ч удаа өгч болно. Ер нь бол иргэд сардаа ихэвчлэн 2-3 удаа, 5-10 кг-аар нь өгдөг. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар бүрдүүлээд байгаа есөн тоннын бараг хоёр тонн нь иргэдийн өгсөн алт байгаа.

-Хуульд өөрчлөлт орохоос өмнө иргэд хэдэн хувийн татвар төлдөг байсан юм бэ?

-10 хувийн татвар төлдөг байлаа. Гэтэл одоо 2.5 хувийг л төлж байна. Ингэхээр компани, иргэдэд маш таатай нөлөө үзүүлж байгаа юм. Саяхан нэг компанийн захирал шинэчилсэн хуулийн дагуу олдож байгаа татварын хөнгөлөлтийн зөрүүгээ ажилчдынхаа цалин дээр нэмж өгч байгаа гэж байсан. Үүнээс үзэхэд шинэ хууль иргэдэд маш их дэм өгч байгаа.

-Оюутолгойн төсөл харьцангуй нааштайгаар яригдаж эхэллээ. Оюутолгойн алтыг дотооддоо авах боломж бий юу?

-Оюутолгой тогтвортой байдлын гэрээтэй. Энэ гэрээ нь одоохондоо дуусаагүй байгаа тул Оюутолгойн алтыг авах эсвэл манайхаар дамжуулах талаар яриа хэлэлцээр хийгээгүй байна. Гэхдээ хэрэв энэ яриа, хэлэлцээр биеллээ олж Оюутолгойн алтыг Монголбанкаар дамжуулж гаргадаг болбол алт, валютын нөөц үлэмж ихэснэ.

-Гэтэл нөгөө талаас хэрэв Оюутолгойн алтыг авбал хүдрээс нь ялгах буюу боловсруулах үйлдвэртэй байх шаардлагатай болно. Гэтэл манайд тийм үйлдвэр барих боломж, нөхцөл хомс байгаа?

-Хэрэв боловсруулах үйлдвэртэй болвол жил бүр тогтмол 30 тонн алт боловсруулдаг байх ёстой. Тэгж байж тухайн үйлдвэр ашгаа, зардлаа нөхдөг. Яагаад гэвэл алт боловсруулахад маш өндөр түвшний техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилчид шаардлагатай. Тиймээс ч боловсруулах үйлдвэрийн тухайд нэг их ярьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тогтмол 20-30 тонн алттай байх ёстой. Түүнээс бус нэг жил 30 тонныг авчихаад дараа жил нь 20 тонн байгаад байвал хэвийн үйл ажиллагаа нь тасалдахад хүрнэ.

-Оюутолгойгоос гадна их хэмжээгээр алт нийлүүлэх боломж бүхий ямар компани байна вэ?

-Саяхан шинэчилсэн Ашигт малтмалын тухай хуулиар ийм боломжийг нээсэн. Гэхдээ үүнээс гадна “Урт нэртэй” хуулийн өөрчлөлт ороод ирвэл “Гацуурт” зэрэг томоохон компаниуд зөвшөөрлөө авах боломжтой. Тэгвэл тэдний олж тогтоосон нэлээд нөөц байгаа. Үүнээс гадна хайгуулаа хийчихсэн, жигдэрч байгаа компаниуд олон бий.

-Хэрэв эдгээр компаниуд алтаа нийлүүлээд эхэлчихвэл манай нөөц 15 тонноос ч илүү гарах юм байна?

-Тэгэлгүй яахав. Бид өгч буй бүх алтыг нөөцөлнө. Улмаар цэвэршүүлж, “9999”-ийн сорьцтой болгоно. Үүнийгээ гадаадад хадгалуулж ч болно, эсвэл бүгдийг валют болгох ч хувилбар бий.

Т.ГЭРЭЛМАА

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хэвээрээ

“Яг хэвээрээ байна шүү”, “Нүд, инээмсэглэл чинь яг л хүүхэд үеийнх шигээ” гэж уулга алдаж мэндэлсэн нэг ангийн “хүүхдүүд” олон. Өнгөрсөн долдугаар сард Увс аймгийн төв Ю.Цэдэнбалын талбайд уулзсан 300 гаруй “хүүхэд” нэгийгээ “яг хэвээрээ” гэж тодотгож байв. Тэд 30 жилийн дараа сурагч ахуй үедээ эргэн очиж, хүүхэд насныхаа дурсамжаар гурав хоног хөглөгдсөн юм. 1974-1984 онд Увс аймагт дунд сургуульд сурч байсан бүх сурагч өнгөрсөн долдугаар сарын 18-19-нд төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор цугласан нь тэр. Нэг ангийн, нэг төгсөлтийн тийм олон сурагч нэг дор цуглана гэдэг сүртэй, сүртэй. Ю.Цэдэнбалынхаа талбайд нижгээд шуугиан өрнүүлж мэнд мэдэлцээд, аймгийн Бөхийн өргөөнд уулзалтынхаа албан ёсны нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд зохион байгуулагчид албаны үгээ хэлж, анги ангийн төлөөлөгчид цугласан олонд мэндчилгээ дэвшүүлж нэг үгээр албан ёсны арга хэмжээ болжээ.

“Нэг аймгийн бүх төгсөгчид уулзаж байгаа нь маш сайн хэрэг. Бүгд цугласных сургуульдаа, аймагтаа хийж бүтээхээ ярьцгаая” гэж санал тавих хүн ч олон байж. Ингэж санал, санаачилга гаргасны үр дүнд 1984 оны төгсөгчид аймагтаа Цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргажээ. Тэр оройгоо “Ойрд” театрт төгсөлтийн цэнгүүнээ хийж, “Мөнгөн харандаа” хамтлаг урилгаар ая дуугаа өргөжээ. Тэр үеийн хүүхэд, залуусын шүтээн байсан “Мөнгөн харандаа” хамтлаг жинхэнэ утгаараа дурсамж сэргээсэн хэрэг. Төгсөгчдийн төлөөлөл ч тайзан дээрээ ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлж дуулж, хуурдан үдшийг өнгөрөөжээ.

Улаангом хотын дөрвөн арван жил, 18 сумын нэг ангийнхныг ингэж цуглуулна гэдэг нүсэр ажил. Тийм нүсэр ажлыг Улаангом хотын II дунд сургуулийг 1984 онд төгссөн 10А ангийнхан санаачилж, хийжээ. Нэг төгсөлтийнхөн нь тэднийг “Гүнзгийгийнхэн” гэх юм билээ. Ангиараа онц сурлагатай, спортлог, санаачилгатайгаараа аймагтай алдартай “Гүнзгийгийнхнийг” энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа.

ТАВАН ОНЦЫН ЭЗЭД

1А ангийнхан тавдугаар ангиасаа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болжээ. Наймдугаар ангид ороход нь сум, сумаас ирсэн онц сурлагатнуудаас шалгалтад тэнцсэн цөөн хэдэн “мундаг”-уудаар бүл нэмсэн гэдэг. “Соц үеийн бүтээгдэхүүнүүд. Дээр нь сум, сумаас ирсэн таван онцын эзэд цуглачихсан болохоор өрсөлдөөнтэй гэж жигтэйхэн. Бүгд сурлагаараа өрсөлдөнө. Таван онцын эзэн л болохгүй бол гүнзгий ангид байгаадаа ичдэг байлаа шүү дээ” гэцгээнэ. “Багш нарын нөлөө хамгийн их байсан шүү. Тэр үед манай сургууль байгуулагдаад удаагүй байсан. Багш нараа өндөр шалгуураар авсан болохоор хичээл ойлгуулна гэж гайхалтай. Шилдэг багшийн бүтээгдэхүүн шилдэг байхгүй бол болохгүй биз дээ” гээд инээлдэцгээх аж.

Таван онцын эзэд улс, аймгийн олимпиадад байнга манлайлна. Энэ тухайгаа ярьцгаахдаа их л бахархалтайгаар “Хоёр удаагийн аварга бил үү”, “Үгүй ээ. Гурван удаагийнх шүү дээ” гэцгээнэ. Физикийн улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медальтнуудаасаа Ч.Гантулга, Н.Буянхишиг, Б.Чулуун-Эрдэнэ гэх мэтээр нэрлэнэ. Ч.Гантулга гэхэд физик, математикийн олимпиадын гурван удаагийн аварга болж байжээ. Химийн олимпиадад Ц.Тулга хэд, хэдэн удаа түрүүлж байсныг бас онцлов. Зөвхөн аймагтаа биш улсдаа сурлагаараа тэргүүлж байсан гүнзгийгийнхэн аравдугаар ангиа төгсөхөд 14 нь таван онцын эзэн болж, нэг нь алтан медалиар шагнуулсан гэдэг. Тэр үед дээд сургуулийн хуваарь цөөн ирдэг байсан үе. 1984 онд Увс аймгийн хэмжээнд гадаадын их, дээд сургуулийн хуваарь 20 гаруй, дотоодынх 50-аад иржээ. Тэгтэл “Гүнзгий” 10А-гийнхан ангиараа эхний 50-д жагсч, 36-уулаа их сургуулийн хуваарь авчээ. Бүр 20 нь Орост сурах эрх авч сурлагаараа тэргүүлэгчид гэдгээ баталжээ.

ГАР БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН

“Гүнзгийгийнхэн” үргэлж хичээл шагайгаад, онцын төлөө өрсөлдөөд байна гэж юу байх билээ. Тэдний ангийнхан сурлагаасаа гадна спортлог, бас нэлээд хөдөлгөөнтэй нөхдүүд. Хөвгүүд нь хичээлийн бус цагаар хөл бөмбөг, гар бөмбөг хөөгөөд гүйцэгдэхгүй. Хичээлийн завсарлагаанаар, заримдаа багшийнхаа нүдийг хариулж байгаад цаасаар гар болон хөлбөмбөг хийж тоглоно. Хичээлээ тарахаар шайб, лааз гээд бөмбөг хийж болох бүхнээр тоглоцгооно. Дүрмээ өөрсдөө зохиогоод хөөрхөн “том” тэмцээн зохион байгуулчихна. “Ингэж спортоор “өвчилсний” дүнд гар бөмбөгөөр аймагтаа шигшээд орж байлаа шүү дээ” гэцгээнэ. Үнэхээр ч тэдний ангийн Болдбаатар, Чулуун-Эрдэнэ, Тулга, Гантулга, Уламбаяр, Хүрэлбаатар нар аймгийн волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлдэг байжээ. Шигшээ багийнхан идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа аваргалж үеийнхэн дундаа мандаж явж. Идэрчүүдээс насанд хүрэгчдийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн гэдэг.

Тэдний ангийнхан одоо ч волейболын хорхойтой хэвээрээ. Үе, үе уулзалдаж хөлсөө гартал тоглоно. Энэ л хоббигоороо арван жилийн өмнө Увс аймагт төгсөгчдийн дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиож байжээ. Уг тэмцээн уламжлал болж 1979 оны төгсөгчдөөс эхлээд 1996 оны төгсөгч хүртэл 15 баг оролцдог болжээ. II дунд сургуулийн биеийн тамирын багш Б.Нааюугийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний арав дахь нь ирэх сарын 22-ны өдөр болох гэнэ лээ.

ХЭВЭЭРЭЭ

Бидний онцолсон ангийнхны олонхи нь өдгөө бизнес эрхэлж байгаа. Яг арван жилдээ онцгойрч байсан шиг өдгөө амьдрал дээр амжилттай яваа бизнесмэн олон. Сургуулиа төгсөөд төрд ажиллах нь ажиллаж, багшлах нь багшилж байгаад зах зээл эхлэх үеэс цөөнгүй хэд нь бизнесээ эхлүүлжээ. Бизнесийн салбаруудын анхдагчдын дунд тэдний ангийнхан олон бий. Монголд анх брокерын пүүс нээгдэх үед Б.Чулуун-Эрдэнэ “Орчил” пүүсээ нээж байжээ. Энэ эрхэм 1995 онд хөрөнгийн зах зээлийн талаар “Ардын эрх” сонинд манай эрхлэгчид ярилцлага өгч байснаа дурссан. Төв хэвлэлд, том сэтгүүлчид тоогдож байсныг бодоход тухайн үедээ яггүй бизнесмэнд тооцогдож байсан нь гарцаагүй. Өдгөө ч түүний бизнес амжилттай яваа.

Олимпиадын гурван удаагийн аварга Ч.Гантулга ОХУ-д физикийн ухааны докторын зэрэг хамгаалаад иржээ. Ангийн багш Д.Ядамцоо шавийнхаа талаар

“Дэлхий сөнөхөд Бат-Отгон Монголоо үлдээнэ

Атом дэлбэрэхэд Гантулга 10А-гаа үлдээнэ” гэж элэглэсэн удаатай. Түүний араас эрдэм шинжилгээний ажил хийж, зэргээ ахиулах гэж байгаа олон хүн бий гэцгээсэн. “Зэрэг, дэвээ хамгаалсных нь дараа нэрлэхгүй бол онгирсон болчихно” гэж нэрэлхэнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү “Гүнзгий А” ангийнх. Барилгын бетон зуурмаг, бетон эдлэл, төмөр хийцүүд зэргийг үйлдвэрлэх 10 гаруй үйлдвэр байгуулсан тэрбээр улс төрийн хувьд НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдын албан тушаал хашиж байсан билээ.

“Гүнзгий” ангиас хоёр хос төрсөн нь Ж.Баатарсүрэн З.Туул болон Э.Бодьгэрэл, Ц.Цэцэгмаа нар. Ж.Баатарсүрэн ханьтайгаа “Намир” компаниа байгуулсанд ангийнх нь цөөнгүй хүүхэд ажилладаг юм билээ.

10А-гаас агрономич, багш, орчуулагч, эмч, хуульч, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэн төрсөн. Тухайлбал, О.Эрдэнэтогтох шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсныг ангийнхан нь ярьсан. Мөн “Батжил” компанийн захирал Э.Бодьгэрэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Төгсжаргал, Сайншанд дахь Гаалийн газрын дарга Ц.Отгонжаргал, “Улаанбаатар менежмент” компанийн Харуулын албаны дарга Н.Уламбаяр, Баруун бүсийн эрдэм шинжилгээний эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Доржсүрэн, ТӨХ-ны хэлтсийн дарга Н.Буянхишиг, Увс аймаг дахь Гаалийн газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, “Аръян интернэшнл” компанийн захирал Д.Дашгомбо гэх мэтчилэн бүгдээрээ эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа тэргүүлж явааг бахархан ярьцгаасан.

Д.Нямхүү, Б.Чулуун-Эрдэнэ нар хамтран ангийнхандаа “Хэвээрээ” дуугаа зориулжээ.

…Дурсан ярихад дүр нь хэвээрээ

Дуудан уулзахад хоч нь хэвээрээ

Дандаа сэтгэлд хүүхэд хэвээрээ

Дахин олдохгүй ангийн андууд

Залуу нас хайрын дуу минь

Зургийн цомогт инээмсэглэн үлджээ

Сарны салхи биднийг элээсэн ч

Сурагч нас минь зүрхэнд хэвээрээ гэдэг гэгэлгэн үгтэй дууг “Элкондор” хамтлагийн Цогоо дуулж, удахгүй олны сонорт хүргэх юм билээ. Тэгэхээр Хэвээрээ дуу “Гүнзгийгийнхний” хийгээд бүх нэг ангийнхны шүтээн дуу болох биз ээ.

Ц.ӨРНӨХ