Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт хотод дугуйн зам нээлтээ хийжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн залуусын “Зөв залуус” клубын санаачилсан “Эрүүл мэндийн зам” төслийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд дэмжиж, тус үйлдвэрийн санхүүжилтээр амжилттай хэрэгжүүллээ. Орхон аймаг стандартын дагуу баригдсан, Монгол улсад хамгийн урт 5,6 км дугуйн замтай боллоо. Нээлтийн ёслолд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригт, ОХУ-аас Орхон аймагт суугаа ерөнхий консул Р.Р.Ракшаев болон үйлдвэрийн цех нэгжийн удирдлагууд, ажилчны төлөөлөл оролцлоо. Эрүүл мэндийн зам нь 2 м өргөн, 5,6 км урт бөгөөд замыг зориулалтын дагуу ашигласан нөхцөлд 25-30 жил ашиглах боломжтой юм. “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дахин шинэ төслийг амжилттай хэрэгжүүлж, Эрдэнэт хотын иргэд, үйлдвэрийн ажилчдынхаа эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АЛД БИЕ МИНЬ АЛЖААВААС АЛЖААГ, АХУЙ ТӨР МИНЬ БҮҮ САМТАРТУГАЙ”

1930-аад оны үед шашин сүм хийд, том толгой хар, шар пийдаалтай тэмцэх, даян дэлхийд “ардын хувьсгаалыг мандуулах” талаар хөдөөгийн уул талаар суртал ухуулагч хэмээх “бо” намын курс төгссөн нөхдүүд яаж хийрхэж байсан талаар хөгийн гэмээр онигоо зөндөө л байдаг даа.

Нэг тийм “сүгсэлзүүр” ухуулагч хот айлд очоод сааль сүүний дараа дэнгийн гэрэлд хувьсгаал хийх талаар суртал ухуулга явуулж, шөнө дөл болтол илтгэл тавьж гарчээ.

Тэрээр гурван үг хэлээд л “дэлкээн хувьсгаалын их багш Ленин сургахдаа” гэж ирээд л ширээ шаагаад л халимаг үсээ хойшоо илдэг зуршилтай нэгэн байсан гэдэг. Залхаж, нойрмоглосон малчдын нэг нь харанхуйд зуухны таг ширээн дээр нь дээш харуулаад тавиадхаж, мань хүн ширээгээ балбаж, үсээ хойш илсээр үүр цайлгаж, өглөө гэхэд тас хар царайн доороос шүд нь гялалзаж, хүмүүсийг хөгжөөж, нөхөр улам л сайхан илтгэл болж байна гэж хөөрөн сагсалзаж байсан гэдэг.

Тэр л хүмүүс эргэцүүлэн бодохгүйгээр халхын уудам нутаг, нэлэнхүй Монголд түгэн мандсан бурхан багш Шагжамуний сургаалд үндэслэсэн шашны 800 орчим сүм дуган, хийдүүдийг сэтгэл нь ч сэрдхийлгүй нураан шатааж, 100 мянган ламын 20 гаран мянгынх нь духанд сум зоож, үлдсэнийг нь хэлмэгдүүлэн яллаж, шар шувталсан түүх нээх холынх биш.

Тэр улаан хувьсгалчдын үр нь хийсч, үндэс нь тасраагүй л байна.Тэд босгосныг нурааж, эвссэнийг эвдрэлцүүлж, цээжээ балбаж, үсээ илж, нүд нь эрүүл бусаар гялалзаж, хоолой нь цахиртсаар л байна.

Чухам тэр “хувьсгаалчийн үсэрсэн цус, тасарсан мах, хэлтэрсэн яс” гэмээр шинэ цагийн, улаан хувьсгалч хэрхэн цуст хувьсгал хийх тухай хоолойгоо цахиртуулж үймээн самуун дэгдээж, МАН-ын ариун сүм нь болох орд харшийг нь шатаалцаж, цус гарсан үймээнийг хийлцэж яваад баригдаж, ял асуулцах болонгуут харцаганаас зугтах болжмор хүний хормой доогуур орж нуугдан, анчин удамт монголын сэжиг, огидос хүргэдэг шиг “Ах аа намайг бодоорой” гэсээр байгуулсан намаа таягдан хаяж, уухилсан дуугаа таслахгүй, унасан малгайгаа авалгүй, зулбан ирж АН-ын хормой хот руу харайн орж аврагдаж байсан нэгэн хувьсгаалчийн уудаг эм нь тасарсан уу, уух идэх хүсэл нь бадарсан уу, хойморт мацан дуу нь чангарч, сөрөг хүчинтэй хамсаж, “ус уусан худаг руугаа нулимж” гарлаа.

Олон түмний аль л мэдээлэлгүй, аль бэрхшээлтэй, аль л бусдад сэтгэл дундуур олон масс дээр хүсэж байгаа адын сэтгэлийг нь хангах гэж болж бүтэж байгаа болгоныг харлуулж, болохгүй болгоны бурууг чихэж, бүтэхгүй бүхнийг амлаж, өөрөө хэзээ ч хариуцлага хүлээдэггүй тийм этгээдүүдийг л популист гэж тодорхойлсон байдаг.

Хүн төрөлхтөн тийм популистын гайг ханатлаа амсаж, хожим ойлгоод хариуг нь тун хатуу өгсөн байдаг.

Тэдний алдарт төлөөлөгч бол Муссолини, Гитлер нарыг нэрлэхэд л болно.Уго Чааваас, Амин гэхчилэн үгээр тэжээгээд үйл хэргээрээ гутаадаг ийм л нөхдийг популист гэнэ. Ийм хүмүүс өнөөгийн манай нийгэмд иргэний нийгэм хөдөлгөөн, төрийн бус байгууллагын тэргүүн нэрээр хүр хорхой мэт үржин, тор торгоо нэхэж, эх орны хөгжил, дэвшил, тайван амгалан амьдрал, төр засгийн тогтвортой бодлого, бодлогын хэрэгжилтийг улдан чангааж, хорлон бусниулж байгааг жирийн иргэд бид ойлгон мэдэрч, залхаж, салахын түүс болж байна.

Тэд эрх мэдэл, хэргэм зэрэгт шунан, Манжийн хаанд өргөл барьц, цол хэргэмээр Монголынхоо эв нэгдэл, тусгаар тогтнолоо худалдсан өвөрлөгч харчингийн 39 хошууны ноёд шиг нөхдийн нохойд барьдаг мод болж явна.

Африк, Латин Америкт зөндөө төрсөн популистын монгол хувилбар нэг Батзандан гэх нэгэн нэн шинэ үеийн Монголын эмгэнэл, хормойдоо хоргодуулсан АН-ын үйлийн үр үртэс юмуу даа л гэж өмнөх үеийн Монголын ардчиллыг дэмжигчид бид харуусан харж сууна.

Үүнийг жишээ татан ярихын учир 1996-2000 оны алдагдсан ялалт, хийсэн алдааг дахин давтах тэнэг хүний үйлдлийг давтах вий, эгзэгтэй, бэрхшээлтэй энэхэн үед монголчууд бидэнд үнэхээр хэрэгтэй байгаа төрийн тогтвортой бодлого, засаглалын тууштай үйл ажиллагаа, эрх баригчдын эв нэгдэл, сөрөг хүчний Монголоо гэсэн эрх ашгийн эрхэм дээд эрэмбийг бариасай гэсэн олон түмний дундах хүлээлт байгаад л бүх юм оршиж байгаа юм.

Өнөөдөр хаа ч явсан дээрээ хэлээ олохгүй байдал доороо хөлөө олохгүйд хүргэж байна гэж үзэж, олон сараар хүнд үед хэл амаа ололцохгүй албан тушаал, эрх мэдлийн төлөө “хөнжилдөө ч унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байгаа” байдлаас үнэнхүү залхаж бидний хоёр хөрш бүү хэл гурав дахь хөршүүд урам хугаран харцгааж сууна.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдын урсгал хаашаа явж байна, тэнэг биш бол мэдэрч байгаа байх. Заримдаа дарангуйлалтай орон гэж нэрлэгдэх төр засгийн бодлого нь тогтвортой, олон түмэн нь цээжээ балбаад эх орон, ард түмэн, уул ус, байгаль орчин, шударга ариун ёс, хүний эрх, эрх чөлөө гэж шаагин хашгирах нь харьцангуй мөртлөө хөгжин цэцэглэж байгаа тэр л орнууд руу чиглэж байна.

Яс юман дээрээ ардчиллын эх орон АНУ ч өнөөдөр Монгол шиг агуу шударга ёс ярьдаг, арав хүрэхгүй малчин нийлээд ард түмэн бид эх орноо мэднэ та нар зайлцгаа гээд стратегийн хөрөнгө оруулагчийг дарамталж байгаа тухай ёстой сонсоогүй юм байна.

Өнөөдөр 2024 он хүртэл бодлого нь өөрчлөгдөхгүй Путины орос хүчирхэгжиж, хүн амын орлого, нэг хүнд оногдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээ огцом үсрэн өндийжээ.

10 арван жилээр үечлэн төрөө тогтвортой засаж байгаа манай урд хөрш рүү дэлхий хөрөнгөө цутгаж байна. Дэлхийн эдийн засгийн манлай орон боллоо.

Бидний гуравдахь хөрш, нэг гараан дээрээс цуг гарсан, 49-хөн километрээр зааглагдсан, яс үнэнийг нь хэлбэл улс байгуулж үзээгүй их Монгол болон Жунгаар ойрдын иргэн, өтөг боол хүртэл болж явсан хүмүүсийн удам өнөөгийн хүчирхэг Казахстан улс тогтвортой засаглал бодлогын ачаар биднийгээ холоо хаяжээ. Тэнд дэлхийн капиталистууд санаа зовохгүйгээр хөрөнгөө цутгаж байна.

Дэлхийн бар улсууд болох Синга Ли Куаны урт удаан тууштай засаглалаар өндийсөн, дарангуйлагч гэх Пак Жөн Хигийн үед Өмнөд Солонгос бар болсон.

Ардчилсан Монголд дарангуйлагчийн засгийг хүсэж байгаам биш аргаа барахдаа, ичихдээ гуравхан хөршөөсөө бид ийм арчаагүй байна гэхдээ хол ойрын орны дарангуйлагчаар жишээ авч байна.

Одоо олон түмний хүсэл, нийгмийн сэтгэл зүй засаглалын тогтворгүй байдлаас залхаж, эргэн тойрны улсуудын үсрэнгүй хөгжлөөс жишээ авч, зарим нь ичихдээ зарим нь атаархахдаа Назарбаевийг, Путиныг, Си Жин Пинийг, Ли Куаныг хүсэмжлэх сэтгэлгээ газар авах хандлага, тийм хөрс, тийм болохыг хүсэмжлэгчийг төрүүлэх нөхцөл Монголд үүсээд байна.

Магадгүй Пиночетийн Чили, Пак Жөн Хигийн Өмнөд Солонгосын хөгжлийн гарааг зөвтгөх нөхцлийг бий болгож эхэллээ. Энэ илүү их гарзтай хөгжил болно.

Өнөөгийн Монголын сөрөг хүчин ухамсартай, Монголоо гэсэн эх орончдын, тулхтай юм үзсэн улс төрийн хүчин гэж харагдахаасаа илүү төр засгаа, хөгжлөө, Монголоо боомилсон муу байвал сайн гэсэн сөрөхийн төлөө сөрдөг нам болж харагдаж байна. Олон түмний ам хазайжээ. Олны ам хазайх бол яаж ч засах боломжгүй монголчуудын философи болсон ойлголт.

Эрх мэдэл, их мөнгөний алсын чимээнд дөжирч эрэмбээ алдсан, тогтвортой засаглалын алуурчин болж харагдаж байгаа нь салхины эсрэг нулимж байгаатай адил харагдаж байна.

Бат-Үүлийн ярьж байснаар 67 тэрбум ам.долларын хотын газрыг буруу аргаар эзэмшүүлсэн, сургууль,цэцэрлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайг хууль бусаар олгож, хотыг утаа униар, түгжрэл, стресст оруулсан гэж үздэг олон түмэнд туйлын сөрөг нэр хүндтэй, хүнээр намаа толгойлуулж, хүйтэн тархиар биш, халуун зүрхний хийгээр явдаг яруу найрагч генсектэй энэ намын олон түмнээс авах үнэлэмж улам л хорогдсоор байгааг мэдэхгүй баймааргүй юм.

Хүмүүс мартамхай ч сануулаад өгөхөд эргээд сэргэдэг ой тойтой байдаг. Өчигдөрхөн засгаа дахин дахин сольж, жагсаал буудан тарааж, гишүүд нь авлигад живж, АТГ-ын үүдийг энэ л намын гишүүд сахиж байсныг сонгогчид мэдэж байгаа болохоор эргээд төрөл арилжсан шударга хүмүүс боллоо гэж бодох нь юу л бол.

Хан-Уулын сонгогч би л лав өнөөгийн УИХ-д хамгийн их цор цор хийж байгаа МАН-ын гишүүдийг хараад “Элэнцийн үеэсээ иштэй хулгайч, хуланцын үеэсээ хувьтай хулгайч” ярьж байна гэж л хардаг.

Энэ намын өнөөгийн удирдлагад эв нэгдлээ хангах, хууль журам, улс төр нь тогтвортой байх, тулхтай улс төрийн хүчин байлгах мэдрэмж, ухаан буурь суурь байхгүй юм байна гэж сүүлийн үед явуулж байгаа бодлогыг нь хараад ойлголоо. Муу нэртэй С.Баяр, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболдоосоо хамаагүй өчүүхэн дорой удирдлага яаж сонгуульд авч орох бол гэж олон түмэнд харагдаж байна.

Үхэх хүнд ухаан заяахгүй, ялагдах намд удирдагч заяахгүй гэж үнэн байна даа гэж л хэлмээр байна.

Намын бүлгийн хоёр толгойлогчийн амнаас гарч байгаа үг болгон олон хүний дургүй хүргэж байгаа нь захын сэтгэгдэл харахад л мэдэгдэж байна.

Уг нь монголчууддаа эв нэгдэл уриалсан, хөрөнгө оруулагчийг дуудсан хууль санаачилсан, эрх баригчийн нүүр лүү угаадас цацснаас хэлж сургасан гарах арга замыг заасан, ташуурдаж урагшлуулсан мөрлөж түлхсэн, хэрэгтэй үед эх орныхоо эрх ашгийн төлөө магтаж урамшуулсан, буруу замаар будаа тээснийг нь ухааруулж зэмлэсэн тийм бодлого барьсан сөрөг хүчин оноогоо буцааж авах боломж илүү баймаар.

Оюунхорол Алтанхуягийг хичнээн их хараах, загнах бүр хүмүүс улам их Алтанхуягийг өрөвдөх, өмөөрөх, хичээл зүтгэлийг нь олж харах гэсэн эрмэлзэл нэмэгдэж байгааг анзаардаг болов уу.

Бүлгийн дарга нь байсхийгээд л сайдад хариуцлага тооцно, засаг огцруулна, хал, соль, шалгуул, шоронд хий гээд л байнга хар амлаад байгаа нь ерөөсөө сайхан харагдахгүй байна.Үсрээд л өөрийнх нь намын эрх мэдэл, түүгээр дамжуулж авдаг байсан орлого нь хомсдсон нөхдийн тэжээгдэгсэд л зөв гэж хашгирна байх.

Хоёрхон жилийн өмнө Шинэчлэлийн засгийн газар байгуулагдаж, Бат-Үүл хотын ажил хүлээн авч байсан тэр зун ядаж л Улаанбаатар хотын бүх зам ямар байсан, Баянзүрхийн тэрбумын нохойн хөшөөн доорх зам ямар байсан, 22-ын товчоо, Лүнгийн зам, баруун зүүн зам ямар байгаад дөнгөж засаг авсан намар ямар болсныг бид мартаагүй байна.

Тэгэхээр төрөл арилжихгүйхэн шиг, ирээдүйд амьдрах эх орноо үр хойчийнхоо амьдралыг бодсон шиг, улс маань баяжиж хөрөнгө орж ирснээр МАН-ын Нямтайширын хүү Ч.Отгонбилэг агсны хүү ч их хөрөнгө оруулалтын доор, зовлон ойлгосон шинэчлэлийн засгийн доор, тэсвэртэй бөгөөд бизнесмэнүүдийг улс төрөөр гадуурхдаггүй энэ ерөнхий сайдын тогтвортой засаглалын доор хаа хаанаа хожих юм биш үү.

Яс юман дээр за тэгээд хүсээд байж мэдэх, гадуур хэлэгдээд байгаа хоёр хүн ерөнхий сайд боллоо гэж бодъё. Өөрийнхөө нөхдөө ч хайрладаггүй, нүдээ цавчихгүйгээр шоронд илгээж чадах АН-ын энэ хоёр хатуу самар МАН-ын гэгээнтнүүдийн толгойг яг илж харагдаач, бизнесмэнүүдийг, том компанийг тэтгэж харагдаач гэдгийг МАН-ын хатуу мөртлөө хорлонтой, орой руу орсон үг хэлдэг Цэндийн Нямдорж ёстой хэлээд өгөх байлгүй.

Монголчууд бидэнд яг одоо цалин тэтгэвэр нэмэх, хувьцаа хувь авах, бэлэн 21 мянган төгрөг авч сархад уух сонирхол байна уу байна, гэхдээ нэгэн киноны баатар ардын хоршооны хүү “Ах аа би одоохондоо гутал авахаа болиод чихэр авъя, тэгэх үү” гэдэг шиг бидэндээ одоо хамгийн хэрэгтэй зүйл Монголын бүх түүхэнд үргэлж дутагдаж гачигдаж байдаг ЭВ НЭГДЭЛ, ТОГТВОРТОЙ ТӨР ЗАСАГ хамгийн түрүүнд хэрэгтэй байна.

Бидний болоод холын америкийн “ухаалаг” нүдээр дарангуйлалтай гэж муу хэлэгддэг ч тогтвортой засаглалтай гурван хөрш маань түрүүний морь шиг хажуугаар шуугиж, хүүхэд нь гийнгоолсоор холдон өнгөрлөө.

Муу уяачтай тааруухан морьтой монгол хүүгийн атаархал, уяачдаа гомдсон гомдол нулимс болон хурж байна.

Одоо л ухаарцгаа маргааш бол хожимдоно.Ухаарахгүй бол уяачтай морьтой нь уралдаанаас хэзээ ч уралдахгүй болгож хасах болно.

Бандийн ГОМБО

Categories
мэдээ цаг-үе

Г.Оюунбилэг: Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд байнга хэлбэлздэг нь эдийн засгийн төлөвийн эерэг сөрөг тусгал болдог

Хөдөлмөрийн яамны Ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга Г.Оюунбилэгтэй ярилцав.

-Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ажилгүйдлийн түвшин ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Өнөөдөр нийт хүн амын 60 гаруй хувь нь 15-аас дээш насны хөдөлмөрийн насны хүн ам байна. Түүн дотроо 1176.0 мянга буюу 63.1 хувь нь эдийн засгийн идэвхитэй хүн ам байна. Эдийн засгийн идэвхгүй хүн амд суралцагсад, гэрийн ажилтай, хүүхдээ харж байгаа хүмүүс, тэтгэврийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог бөгөөд эдгээр нь 718.5 мянга буюу 36.9 хувийг эзэлж байна.

Энэ оны төгсгөлд гурван сая дахь иргэнээ угтах төлөвтэй байгаа Монгол Улс хүн амын бүтцийн хувьд хамгийн тааламжтай хөдөлмөрийн насны хүн зонхилсон тэтгэвэр авагсад, хүүхэд зэрэг асрамж, халамж шаардсан давхаргын ачаалал бага байгаа энэ үеийг судлаачид “хүн амын цонх үе” гэж нэрлэж хөдөлмөрийн зах зээлд эерэг дохиог бий болгосон эдийн засгийн хөгжлийг түргэтгэх тааламжтай үе гэж үзэж байна.

Ажилгүйдлийн түвшин 2012 оны мөн үед 8.4 хувь, 2013 онд 7.3 хувь, 2014 онд 8.4 хувь байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэн 33879 болж буурсан байхад шинэ ажлын байранд орсон иргэдийн тоо 39935 болж нэмэгдсэн зэрэг хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд байнга хэлбэлздэг эдийн засгийн төлөвийн эерэг сөрөг тусгал нь болж байдаг. Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалж иргэдээ ажилтай орлоготой байлгах, ажилгүй иргэн, бүртгэлтэй ажилгүй иргэнээ зөв тодорхойлж тэдэнд хүрч үйлчлэхэд нэлээд ажлууд хийгээд байна.

-Ажилгүйчүүдийн дотор дээд боловсролтой хүн олон байгаа нь ямар учиртай вэ?

-Тиймээ ажилгүй иргэдийн дотор дийлэнх хувийг их дээд сургууль төгсөгчид эзэлдэг. Тэдэнд сонголт хийх ажлын байрны захиалга бага байгаагийн зэрэгцээ шинэ төгсөгчид байнга нэмэгдэж хүрээгээ тэлсээр байна. 1990-ээд оноос хойшхи хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг хатуугаар хэлэхэд зохицуулалт багатай, эмх замбараагүй хар зах дээр наймаа арилжаа хийж байгаа адил хүн бүр тойм төдий мэдээлэлд тулгуурлан, дээд боловсролыг харанхуйгаар шүтсэн, ажлын байрны эрэлт, өөрийн ирээдүйг тооцох боломж багатай нөхцөлд мэргэжил сонгон хөдөлмөрийн зах зээлд бэлтгэл муутай орсны тааруу үр дагавар одоо хүртэл үргэлжилж байна. Нэг үе зуу хол давсан их дээд сургуульд зуун мянга хол давсан оюутан суралцаж байсан гээд бод доо. Юу хэлэх гээд байна гэвэл эдийн засгийн дээд боловсролтой худалдагч, хуулийн дээд боловсролтой харуулууд бэлтгээд байгаа тэр олон сургуулийг хариуцлагажуулж төгсөгчид нь мэргэжлээрээ ажилд орж, тогтвортой ажиллаж байгаа байдлаар нь кредит оноо цуглуулан үнэлгээ өгдөг чанарын удирдлагын систем нэвтрүүлэн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэж чадаж байгаа эсэхээр эрэмбэлсэн эдийн засгийн хөшүүрэг бүхий эрэлт нийлүүлэлтийн захиалгыг нэвтрүүлэхэд л тэр олон чанаргүй сургуулиад бүтцийн өөрчлөлтөд орж, нийлж нэгдэх, элсэлтээ цөөлөх, эсвэл хаалгаа барих нь тодорхой болно.

Үүнийг жишвэл худалдан авагчдын эрэлтийг сайн судалсан барааны сонголт сайтай супермаркетийн сүлжээний маркетингийн шилдэг шийдэл, давуу талуудтай төстэй эргэх холбоо бүхий үнэлгээ мониторинг сайтай зах болгон төлөвшүүлэх хэрэгцээ байна гэсэн үг. Манай яамнаас баримтлах бодлогын хүрээнд дээрхи асуудалд анхаарлаа хандуулж байгаа.

-Хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах талаар Хөдөлмөрийн яам ямар, ямар ажил хийж байна вэ?

-Хөдөлмөрийн яам бие даасан тогтолцоо болон хөгжсөнөөр хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсролын тогтолцоо, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудлуудаа цогцоор нь хөгжүүлэхээр зорьж багагүй ажлуудыг амжуулсан байна.

Үүний дотроос ХЗЗ-ийн бүртгэл мэдээллийн шинэ систем нэвтрүүлж, хөдөлмөрийн судалгааны институт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийж, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ иргэдэд ойртсон, мөн зорилтот бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдээр дамжуулан иргэдээ ажилтай орлоготой болгох чиглэлд арга хэмжээ авч ажилласан нь нийгэмд хүчтэй бий болсон халамжийн сэтгэлгээ, гадаадад гарч ажиллах сонирхол зэргийг өөрчилж эх орондоо ажиллаж амьдарч болно гэдэг хандлагыг бий болгосон гэж боддог.

Мөн хөдөлмөрийн зах зээл дээр бий болоод байсан мэргэжилтэй ажиллах хүчний дутагдлыг нөхөхөөр үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд сураад мэргэжилтэй ажилтан болъё гэдэг хандлага бий болж ажилгүй байсан иргэдийг гэрээс нь гаргаж чадсан гэдгийг бид бүгд мэднэ. Энэ хөтөлбөрийн давуу тал бол ажил олгогчийн захиалгад үндэслэн мэргэжилтнээ бэлтгэсэн төдийгүй ажил олгогчтой гэрээ байгуулан суралцагсдаа тогтвортой ажлын байртай болгоход чиглэгдсэн ажлын эхлэл болсон.

Тухайлбал улс орны хэмжээнд хүний нөөцийн эрэлтийн хэтийн болон ойрын төлөвлөлтөөр чиглүүлж, төлөвлөлтөд суурилсан эрэлтийн захиалгыг мэргэжил бүрээр бүс нутгаар сайн хийгдсэн судалгаа бүртгэлийн системд тулгуурлан хийх эхлэл болсон. Энэ эрэлтэд үндэслэсэн квот захиалгаа их дээд сургууль МСҮТ –рүү хүргүүлдэг, квот тооны хязгаарыг хатуу мөрдөн, улмаар сургалтанд зарцуулдаг эдийн засгийн үргүй зардлыг багасгах, мэргэжилтэн бэлтгэх шалгуур, босгыг нэмснээр өрсөлдөх чадвартай боловсон хүчний тухай ярих болно. Үүнийг дагаад ЕБС-ийн сургалтын агуулга, хандлагад өөрчлөлт орно гэж найдаж байна.

-Хүмүүс ажлаа байнга сольдог хувиараа орлого олдог хүмүүс татвар даатгалаас зугтахын тулд бүртгэлээс зайлсхийдгийг бүгд мэднэ. Тэднийг тэр бүр бүртгэх боломж байгаа юу?

-Энд л асуудал байгаа юм. Юун лангуу түрээслэгч, юун такси эрхлэгч, бүтэн байраар нь орон сууц эзэмшсэн, хэдэн давхар барилга түрээслэн аж ахуй эрхэлж, хэдэн тэрбумын эргэлттэй худалдаа эрхэлж байгаа мөртлөө НӨАТ төлөгч ч биш, орлого нь тодорхойгүй ангилалд хамрагдан, нийгмийн даатгалын гадна ажилгүй иргэний бүртгэлд байхыг үгүйсгэхгүй байна. Нэг жишээ ярья. Германд болсон сургалтын дадлагын хичээлээр захиргааны хэргийн шүүхээр нэгэн эмэгтэйн хөдөлмөрийн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцсэн юм. Тэр эмэгтэй ажлаас халагдчихаад Хөдөлмөрийн албанд хандан ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа нэгэн танилынхаа ажлын байранд түр ажиллаж 5 хоногийн цалин авсныхаа төлөө 3 сарын тэтгэмжээ буцааж төлөх мөн шударга байж энэ тухай мэдэгдээгүйн төлөө торгуулийн шийтгэл хүлээсэн. Германы хуульд хүн ажиллуулж цалин өгсөн л бол заавал даатгал төлдөг тул ажил олгогч танил нь эмэгтэйн өмнөөс даатгал төлж тайлагнаснаар ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа давхар цалин авсан нь илчлэгдсэн хэрэг.

Татвар даатгалын бааз нь өргөжөөд хувь хэмжээг нь багасгавал нийгмийн даатгалын ач холбогдол өсч хамрах сонирхол нэмэгдэнэ. Манайд аж ахуйн нэгжүүдэд татвар даатгалын дарамт их, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн гадуур байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн задрал, эмх замбараагүй байдлыг өөгшүүлж байгааг үгүйсгэхгүй.

Тогтвортой ажилладаг ажилтантай барилга зам гүүр, үйлчилгээний салбар цөөрч түр ажлын байр, гэрээт ажилтан, туслан гүйцэтгэгч гэх мэт ойлголт хавтгайрч байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн сул тал болоод байна.

– Үүнийг ямар арга замаар зохицуулбал болох вэ?

-Энд эдийн засгийн болоод эрх зүйн хөшүүрэг хэрэгтэй. Жишээ нь, олон улсын болон үндэсний хэмжээний том төсөл хөтөлбөр гэрээний салшгүй хэсэг нь хүний нөөцийн менежментийн асуудал байхаар тусгаж, хичнээн шинэ ажлын байр бий болгох хэдэн хүн тогтвортой ажиллуулах нь хөдөлмөрийн салбарын төдийгүй улс орны хөгжлийн тэргүүлэх ач холбогдол байхаар хандах хэрэгтэй байна. Иймд татвар ашиг орлого байгаль орчны нөхөн төлбөрийн асуудал чухал ч уг төслөөс Монгол хүнд хүртэх үр өгөөж нь тогтвортой ажлын байр, цалин хөлсний асуудал, ажлын орчин нөхцөл, томоохон төслийг дагасан амьдарлын орчин, ажиллагсдын нийгмийн асуудлыг багтаасан хот тосгоны дэд бүтэц байгуулалт орхигдоод байгааг өөрчлөх шаардлагатай. Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт төсвийн хөрөнгөөр хийгдэх томоохон ажил үйлчилгээний нэг шалгуур нь хичнээн хүнд ажлын байр бий болгох зэргийг тусгах, түүний гүйцэтгэлийг нь хянадаг систем тогтолцоог хөгжүүлэх шаардлага байгаа. Энэ чиглэлээр манай яам бодлогын чиглэлдээ тусган бусад холбогдох яамдуудтайгаа идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна.

М.СҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: “Та нар яв, бид чадна” гэсэн учраас чадах л хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга С.Бямба­цогттой ярилцлаа.

-МАН Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барилаа. Огцруулах гол үндэслэл, шаардлага нь юу вэ?

-Харин огцруулахгүй байх үндэслэл бий юу гэж асуумаар санагдах юм. МАН-ын бүлэг өнгөрөгч хавраас эхлээд хариуцлагын асуудал ярьж ирсэн. Гэтэл хариуцлагын асуудлыг эдийн засгийн 100 хоногийн аянаар халхавчлаад, 100 хоног нь дуусангуут бүтцийн өөрчлөлтөөр аргацаагаад явах шинжтэй болчихлоо. МАН-ын бүлэг төрийн ажлыг гацаахын тулд энэ асуудлыг оруулж байна гэж эрх баригчид мушгиж байна. 100 хоногийн хугацаанд алдаагаа засаад зөв алхам хийгээд эхлэх юм болов уу, бүтцийн өөрчлөлтөөрөө давхар дээлээ тайлчих юм болов уу, 2015 оны төсвийн хуулиараа цалин тэтгэврээ нэмж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих юм болов уу гэж хангалттай харсан. Гадаад бодлогын чухал асуудлаар ч нэгдмэл байр суурьтай байж дэмжлэг үзүүллээ. Гэтэл юу болов 100 хоногийн хугацаанд Монголын эдийн засаг улам хүндэрлээ. Энэ зун ямар ч бүтээн байгуулалтын ажил явагдсангүй. Харин ажлаа хийх ёстой сайд нар зунжингаа сумдын 90 жил тэмдэглэж шоудлаа. Долларын ханшаа тавиад туучихлаа. Улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарлаа. Цалинтай иргэдийн 40 хувь, тэтгэвэртэй ахмадуудын 80 хувь нь зээлтэй байна. Монгол Улсын иргэн бүрт таван сая төгрөгийн өр оногдож байна. Төсвөөс гадуур бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн асар их мөнгөөр энэ Засгийн газар тоглож дуусгалаа. Гадуур яваад үзээрэй, орон сууцны худалдаа тэг зогссон. Байр авдаг хүн байхгүй болсон. Орон сууцны үнэ бараг хоёр дахин өссөн. Өргөн хэрэглээний үнэ 30-40 хувиар мөн өссөн. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсны хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ? Энэ бүх бантанг зуурсан Эдийн засгийн яамаа татан буулгачихлаа. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй болж байна уу?. Цаашдаа цалин, тэтгэврээ тавьж чадах уу, хөрөнгө оруулалт хийгдэх үү, үгүй юу гэдэгт хүрэх нь. Тиймээс энэ байдлаараа яваад байж болохгүй, ажил хийж чадах хүнээр нь Засгийн газрыг удирдуулах нь зөв.

-Засгийн газарт цомхотгол хийж буй энэ үед Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа нь сонин байна. Засгийн газарт орох өөрчлөлтийнх нь үр дүнг битгий хэл нэг өдрийнх нь ажлын бүтээмжийг хараагүй байгаа. Огцруулснаар ямар гэрэл гэгээ харагдаж байгаа юм?

-Н.Алтанхуягаас илүү сайн удирдагч АН-д олон бий. Энэ хүн улс орныг бүх салбарт нь унагалаа. Тиймээс илүү сайн хүнээ гаргаасай, эдийн засгийн хүндрэлээсээ салаасай гэж бид хүсч байна. Данхайлгасан бүтцээ эргэж цомхон болгох нэг асуудал, Ерөнхий сайд нь Засгийн газраа удирдаж чадаж байгаа билүү, мөрийн хөтөлбөр амлалтаа биелүүлж ард түмний амьдрал дээшилж байгаа билүү гэдэг тусдаа асуудал. Улс орноо удирдаад явчих, төрийн зөв бодлого дэвшүүлж, зөв бодлогоо зөв зохион байгуулаад хэрэгжүүлчих чадвартай боловсон хүчин АН-д байгаа байх гэж бодож байна. АН-ынхан өөрсдийгөө хоёр дахь том нам гэж хэлдэг. 1990-1992 онд, 2004-2012 онд Засгийн эрхэнд энэ хоёр нам хамтарсан. Энэ үедээ төлөвшсөн намаас ихийг сурсан байх. Хоёрдугаарт нь, 1996-2000 онд АН дангаараа Засгийн эрхийг барьж байхдаа олон алдаа дутагдлыг гаргаж байсан. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралыг хүндрүүлж байсан. Энэ алдаанаасаа сургамж авсан байх. Ийм атал хоёр жилийн хугацаанд Н.Алтанхуяг 1996 он руу аваачиж байна. Цаашаа улам хүндрэх гээд байгаа учраас асуудлыг мэддэг мэдэрдэг, алдаа онооноосоо сургамж авсан, биднээс суралцсан тийм хүн байгаа бол Засгийн газраа бүрдүүлээд ажиллах ёстой. Ингэж улс орны хүндрэлээс хурдан гаргаасай гэж бид хүсч байна.

-Засгийн газраа огцруулбал 1996 оноо давтана гэсэн ойлголт болгоомжлол их байгаа учраас АН-ынхан хөдлөхгүй байгаа юм биш үү?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайд АН-ынхаа гишүүдийг нэг л зүйлээр айлгадаг болж. Тэр нь та нар ингээд байвал 1996 оноо давтана шүү гэсэн сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Өөрөөр хэлбэл, Алтанхуяг сайдын АН-ын гишүүдээ айлгадаг зүйл нь 1996 он боллоо. Ингэж айлгаад байвал 1996 оноо жинхэнээр нь давтана шүү дээ. Бид хүндрэл бэрхшээлийг давж гарах ёстой байтал 1996 оноор айлгаж, далайлгасаар байгаад улам том нүхэнд унагаж болохгүй шүү дээ. Бид ч бас 1996 оныг давтах сонирхолгүй байна. Бидэнд улс орноо хөгжүүлэх ганцхан сонирхол л бий.

-Шинээр Засгийн газар байгуулагдвал одоо байгаагаас илүү ажиллана гэсэн баталгаа байгаа юм уу?

-Байгаа гэж үзэж байна. Одоо байгаа нөхцөл байдал хэт их улстөржиж байна. Бидний ярьж байгаа зөв зүйтэй зүйлийг дэмжээд явдаггүйтэй холбоотой. Цөөнх ярьж байгаа л бол унагаж, няцаах ёстой гэдэг байдлаар хэт их улстөржиж асуудалд хандсан. Одоо гарч ирэх Засгийн газар нь ойлголцож зөвшилцөөд сөрөг хүчнээ сонсч, асуудал нь үнэхээр зөв байвал бид дэмжээд л явна. Зөв бодлогоор явбал нүүрлээд буй нөхцөл байдлаас хурдан хугацаанд гарч чадна.

-Хүндрэлийн эсрэг МАН яаж ажилласан юм. Огцруулна гэдгээс өөрөөр?

-Бид маш олон бодлого, хөтөлбөрийг санал болгосон. Харамсалтай нь цөөнх санал болгож байгаа учраас авч болохгүй гэсэн зарчмаар явж ирлээ. Парламентын цөөнхийн үндсэн үүрэг хяналт тавих, эрх баригчдын алдаатай бодлогыг засч залруулах явдал. Харин эрх баригчид маань биднийг сонсохгүй, МАН-ын хэлснийг няцаах зарчмаар яваад байхаар яах вэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд биднийг бүлэггүй, байнгын хороонд оруулалгүй явуулж, бидний санаачилсан хуулийг дэмждэггүй, бидний дуу хоолойг боомилж байсан. Энэ байдлын гор ингэж гарч байна. Эрх баригчдын алдаатай бодлогынх нь золиосонд ард түмнээ баян, ядуу гэсэн хоёр хэсэгт хуваахын эсрэг, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх үндсэн бодлогынхоо хүрээнд МАН-аас 20 орчим хуулийн төсөл санаачилж өргөн барьсан.

Эдийн засаг болохоо байлаа, хүндрэх нь гэдэг асуудлыг 2013 оны хавраас эхлэн бид анхааруулж, шаардаж байсан ч “амьдрал сайхан байна, галзуу хөгжүүлнэ” гэж явсаар өнөөгийн байдалд авч ирсэн. Цөөнхийн бүлгийг сөрдөг, гацаадаг, ажил хийлгэхгүй байна гэсэн тархи угаалтыг эрх баригчдаас хийж байгаа ч бид буруу бодлогыг нь зогсоохын төлөө хяналтаа ч тавих болно, хариуцлага ч ярих болно.

-Засгийн газар унах магадлалтай, нэлээд эгзэгтэй үе ирлээ гэх хүн ч бий. Гэхдээ МАН хэнтэй хүч хавсарч байгаа юм. Дангаараа асуудал тавиад дийлэхгүй нь ойлгомжтой?

-Ийм байдлаар явж болохгүй, тодорхой өөрчлөлт хийх нь зөв гэсэн бодолтой хүн АН, МАХН, МҮАН, бие даагчдад олон байгаа. Намын дарга, Ерөнхий сайдаа огцруулж болохгүй гэдэг байдлаар асуудалд хандахыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орноо бодох уу, намын дарга, албан тушаал, фракцийн бялуу, сандал ширээтэй зууралдаж хувиа бодох уу гэдэг л эндээс харагдана даа.

-М.Зоригт гишүүн жир­гээн­дээ “МоАХ-ны гишүү­дээс одоо Р.Бурмаа ги­шүү­нийг л урвуулах хэрэгтэй гэж С.Бямбацогт мессеж бичжээ” гэсэн утга бүхий зүйлийг ретвээт хийсэн бай­на. Үнэний ортой асуудал уу?

-М.Зоригт гишүүний твит­терт гаргасан зүйл худлаа.

Надаас хэн нэгэн рүү илгээгдсэн мессеж байдлаар цацсан байна билээ. Ийм жудаггүй, ёс зүйгүй улс төр хийх муухай. М.Зоригт гишүүн хүний бичсэнийг л дамжуулсан байсан. Гэхдээ улс төр хийж болно. Улс орноо хөгжүүлэхийн тулд маргалдаж, мэтгэлцэж, үзэл бодлоороо зөрчилдөж болно. Энэ нь соёлтой, ёс зүйтэй, хэм хэмжээтэй байх ёстой. Үүнээс давсан зүйлийг би хүсдэггүй. Эрх баригчид суудлаа хадгалж үлдэхийн тулд, асуудалд хурцаар хандаж байгаа гишүүдийг мохоохын тулд худлаа, үнэн, баримттай, баримтгүй мэдээллийг гаргаж гүтгэж, гутаан доромжилсон зүйлүүд олон гарах боллоо. Сүүлийн үед гараад байгаа асуудлуудаар Тагнуулын ерөнхий газарт хандаж шалгуулахаар болсон.

-Н.Батбаяр, Ч.Улаан нарыг явуулбал хамаг бүхэн сайжирна гэж өнгөрсөн хугацаанд шаардсаар ирсэн. Та бүхний хүсэн хүлээсэн өөрчлөлт хийгдчихээд байхад заавал Ерөнхий сайдыг огцруулах шаардлага байгаа юм уу?

-Бид өмнө ч Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж УИХ-аар хэлэлцүүлж байсан шүү дээ. Тэр үед Н.Алтанхуягийг огцруулсан бол улс орон ингэж хүндрэхгүй байх байсан юм. Хариуцлагын асуудлыг бүтцээр халхлаад өнгөрч болохгүй. Энэ Засгийн газар гарснаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсон. Гэтэл орон нутагт соёлын сайд биднийг тоохгүй юм, соёлын салбарынхан ижилхэн л төрийн албан хаагч байж бага цалин авдаг, тэтгэвэрт гарахдаа ч бусдаас гурав дахин бага тэтгэмж авдаг. Спортын салбарыг яривал Инчоны наадамд очиход ихэнх тамирчид нь хувийнхаа зардлаар явж байна. Аймаг бүрт бид спортын ордон барьж өгсөн. Тэндээ дарга нь, ажилчид нь суугаад ажиллах боломжтой байтал АН гарч ирснээр соёлын салбарынхан нь нэмэгдэж очоод нөгөө ордон хэд хуваагдаж үйл ажиллагаа явуулахад ч бэрх болсон. Энэ хэрээрээ спорт, соёлын салбарт гаргаж байсан амжилт ухарч, иргэдэд хүрэх хүртээмж муудаж байна гэж үзэж байгаа. Тиймээс Соёлын сайдынхаа асуудлыг ярь, ийм хариуцлагагүй байж болохгүй гэсэн. Эрүүл мэндийн салбарт ч мөн өнөөдөр ахиц, дэвшил гарсангүй. Гэх мэтээр хариуцлагагүй олон сайдынхаа асуудлыг яриач гэсэн харамсалтай нь “Сайн ажилласан сайд нараа чөлөөлнө. Муу ажиллаж байгааг нь сайн ажилладаг болтол нь байлгана” гэж асуудал оруулж ирснийг ойлгохгүй байна. Ийм зарчмаар асуудалд ханддаг хүн улс орныг удаан хугацаанд удирдаад явж болохгүй.

-Сайд болохоор яригдаж буй АН-ын гурав, МҮАН-ын нэг нэр дэвшигч байна. Энэ хүмүүсийг та нар хэрхэн хүлээн авч байгаа юм?

-Бид хоёр шаардлагыг л тавьж байгаа. Өмнө нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хийгээд чөлөөлөх, томилох асуудал цуг орж ирдэг байсан. Гэтэл Н.Алтанхуяг түүхэнд байгаагүй жишгээр буюу бүтцээ, бүрэлдэхүүнээ тусад нь оруулж ирээд араас нь чөлөөлөгдөх сайд нараа зарлачихаад томилох сайд нар дээрээ ч дахиад л цувуулаад эхэлж байгаа юм. Үхрийн баас шиг цувуулж бас л төсөв батлах үед нь өөрөө хариуцлагаас бултчихъя гэсэн санаа. Тиймээс бид асуудлаа бөөнөөр нь оруулж ир, давхар дээлтэй сайд нар оруулж ирж байгаа чинь буруу гэж байгаа. МАН-ын бүлгийн завсарлага авсан гурав дахь шалтгаан бол хариуцлагын асуудлаа яриач гэсэн. Харамсалтай нь хариуцлага ярилгүй өнөөдрийг хүрлээ.

-МАН өнөөдөр хариуцлага нэхэж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдалд МАН хариуцлага үүрч байсан түүх бий юу?

-МАН асуудал бэрхшээлийн хэцүү, ачааны хүндээс ухарч байгаагүй. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Энэ улс орны өмнө, ард түмнийхээ өмнө бид л хариуцлагаа хүлээнэ гэж зоригтой хэлдэг. Хариуцлагагүй ажилласан хүмүүстэйгээ манай нам илүү хариуцлага тооцож чаддаг. Харин биднээс болоогүй, өмнөхөөс боллоо, тэрнээс энэнээс боллоо гэх мэтээр буруутан хайдаггүй. Бид буруугаа өөрсдөөсөө хайж ирсэн улс төрийн соёлтой. Харин Засгийн газар хариуцлага гэдгийг ор тас мартаж, сайн ажилласан сайд нараа чөлөөлж байгаа гэсэн юм яриад сууж байгаатай бид эвлэрэхгүй. Манай намын 26 нөхрийг ажил гацаагаад байна гээд байх юм. Үнэндээ эрх баригчид буюу олонхийг бүрдүүлж байгаа 50 гишүүн 2012-2013 онд бидэнгүйгээр яваад, хүч түрээд л ирсэн шүү дээ.

-МАН-ын ахмадууд буюу ахиад төрд ажиллахгүй байх магадлалтай хүмүүс Засгийн газарт хамтарч ажиллах хүсэлтэй байна гэдэг мэдээлэл цацагдаж байсан?

-Бид хамтрах ёстой гэж намынхнаа шахаж шаардаад байгаа зүйлгүй. Энд тэнд чих дэлссэн яриа явж байдаг. Бид үүнийг шийддэггүй. Үүнийг МАН-ын Бага хурал төлөөллийн төв байгууллага шийддэг. Гэхдээ манай бүлгийн гишүүдийн хувьд хамтарна гэсэн бодолгүй байгаа. Нэг зүйлийг хэлэхэд 2009 онд С.Баяр дарга ажлаа Сү.Батболд сайдад өгч байсан. Тэр үед Н.Алтанхуяг тэргүүн Шадар сайд байсан. Тэгэхэд би “Албан тушаал, сандал ширээ бүрийг хуваана. Бид хамтарч байгаа учраас талыг нь манай нам авах ёстой гээд байх юм. Үүнтэй ижил 2012 оны сонгуульд хамт орж чадах уу. Сонгууль дөхөхөөр хаяад явчих юм биш биз дээ” гэж асуухад “Албан тушаалаа хуваалцаж байгаа юм чинь хариуцлагаа хамт хүлээнэ. Хөөсөн ч явахгүй” гэж УИХ-ын чуулган дээр хэлж байсан юм шүү. Ингэж хэлж 2004-2012 он хүртэл МАН-ыг олонхи байхад хамтарч ажиллачихаад өнгөрсөн сонгуулиар АН 31, бид 29 суудал авахад “Та нар яв, бид чадна” гэсэн учраас одоо чадах л хэрэгтэй. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ.

-Сүүлийн үед АН-ын фракцаас “Энэ засгийг унагаад хамтаръя” гэсэн санал ирэх болсон гэдэг үнэн үү?

-Тийм санал ирж байгаагүй. Н.Алтанхуягийг огцорвол хамтрах уу, үгүй юу гэж албан ёсоор яригдсан зүйл байхгүй.

-Бас та бүхний шаардлагаар төсвийг эргүүлэн татаад дахин өргөн барилаа. Яаж сайжирсан юм бэ. Хугацаа богиносоод байдаг. Төсвийн чанар яригддаг шүү дээ?

-Төсөв татагдаад зарим талдаа сайжирсан, зарим талаараа муудсан. Төсөв дээр тавьсан шаардлага гэвэл нэгдүгээрт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг оруулж ирээд УИХ баталлаа. 14 яамтай болж байгаа тул төсөв чинь ингэж өөрчлөгдөх ёстой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт малын хөлийн татвар нэмэгдүүлээд малчин өрхөөс хонин толгойд шилжүүлсэн хэлбэрээр татвар авна гэдэг буруу. Улаанбаатар хотод ажилгүй олон иргэн байгаа. Энэ үед нь буюу зээлээр машин аваад халтуур хийгээд явж байгаа хүмүүсийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж болохгүй. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн буюу хотын татвар гэж бий болгох шаардлагагүй. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн татвараар хашаа байшингаас хүртэл татвар авч эхэлбэл яаж төлөх вэ. Хямаралтай үед ард иргэдийнхээ халаас руу гар дүрж болохгүй гэсэн үүднээс төсвөө эргүүлэн татахыг манай бүлэг шаардаж татуулсан. Тийм их зээл авчихаад улс орноо хөгжүүлж чадаагүй байж авсан зээлээ эргээд төлөхдөө ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй шүү гэдгийг анхнаасаа эрх баригчдад хэлж анхааруулж ирсэн.

-Тэгвэл дордуулсан зүйл нь юу юм?

-Өнөө өглөө (баасан гариг) өргөн барьсан. Чуулганы танхимд ороход гарт 510 хуудас материал өгсөн. УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын материалыг багаар бодоход гурав хоногийн өмнө аваад уншиж танилцсан байх ёстой. Дахин өргөн барьсныг нь уншиж амжаагүй байхад хэлэлцүүлэх гээд шахаад байдаг. Юуг дордуулсан бэ гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулиар Монгол нэгдсэн, нэгдмэл улс. Нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой гээд заасан байдаг. Гэтэл төсвөөс гадуур Чингэс бонд авч үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүллээ. Эцэст нь ямар үр дүнтэй үлдэв. Тиймээс хуульд нийцүүлж яв гэж шаардсан. Эхлээд өргөн барьсан хуульдаа энэ бүхнийг нэгтгэсэн байсан. Татаж аваад дахин өргөн барихдаа дахиад салгачихсан. Ийм төсвийг УИХ хэлэлцэх болчихлоо.

-Төсвийн гадуурх мөнгийг төсөвт суулгахгүй оруулж ирж байгаа юм бол төсвийн алдагдал, өр зээлийн хэмжээ ямар байгаа юм бол. Өрийн босгыг нэмэх, төсвийн алдагдлыг тодорхой хугацаанд хоёр хувиас дээш байлгах хуулийн төслүүдийг өргөн барьсан байсныг одоо хэлэлцэх шаардлагагүй болсон гэсэн үг үү?

-Төсвийн алдагдал хоёр хувьдаа, өрийн хязгаарыг даваагүй. Нөгөө талдаа хууль зөрчиж байгаа. Хамт өргөн баригдсан хуулиудыг эргүүлэн татаагүй. Өмнө нь төсвийг цэг, таслал бүрээр нь хэлэлцэж баталдаг байсан. Гэтэл ирэх жилийн төсөв бөөн дүнгээр ороод ирсэн. Нэлээд яриа болох байх.

-Сүүлийн асуулт. Та УИХ дахь цөөнхийн бүлгийн даргын хувьд өчигдөр МАХН, АН хоёр хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсныг юу гэж үзэж байна вэ?

-Хоёр намын хамтын ажиллагаан дундуур орж тайлбар хийх зохимжгүй ч МАН, МҮАН, Иргэний зориг зэрэг парламентад суудалтай олон намуудыг үл ойшоосон, хүндэтгээгүй үйлдэл боллоо гэж үзэж байна. Энэ гэрээ олон хүний анхаарлыг татаж АН-ын дотоодод ч асуудал үүсгэх шиг боллоо. Арга ч үгүй юм. “УИХ-д суудалтай намуудад төрөөс байр олгоно”, “Улс төрийн намуудыг өмч хөрөнгөтэй байхыг хориглоно”, “УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс бүрэн олгоно”, “2016 оны сонгуульд нэг эвсэл болж ороогүй тохиолдолд нэг нэгнийхээ саналыг хуваахгүй”, “2016 оны сонгуульд нэг эвсэл болж орно”, “2016, 2020 онд аль ч намууд олонхи болоогүй бол АН, МАХН хоёр хамтарч Засгийн газраа байгуулна” гэх мэтээр ирэх 10 жилд хамтарч ажиллана, сонгуульд ялна, бусдад боломж олгохгүй, бүхнийг шахна гэх мэт анхаарал татах олон заалтаа зарлаад байхад чинь олон түмэн татагдан орох нь гарцаагүй. Бодвол энэ гэрээг байгуулах асуудлаа ҮЗХ, намын бүлэг, кабинетын зарчмаараа хэлэлцүүлж, гишүүдээсээ асуусан л байлгүй дээ. Манай намын хувьд бол үүн шиг бусад намтай урт хугацаанд хамтран ажиллах асуудал байтугай богино хугацааны дотоод асуудлаараа ч Удирдах зөвлөл, Бага хурал, Намын бүлгээрээ ярилцаж хамтын шийдвэр гаргадаг.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэт хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь чөлөөлсний дараа Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх үед Ардын нам завсарлага авчихлаа. Уг нь сайд нараа даруйхан томилж ажлаа хийх ёстой гэж байсан таны нам завсарлага авснаар төрийн ажлыг гацааж байна гэх шүүмжлэл гарч эхэллээ…

-Манай намын бүлгээс хэд хэдэн асуудал тавьсан юм. Эхнийх нь сайдуудыг томилох гэж байгаа бол ингэж цувуулж болохгүй гэсэн. Засгийн газрын бүтцийн асуудлыг арай л их савируулж байна. Бүтцээ оруулж ирээд нэг долоо хоносон бол бүрэлдэхүүний асуудлаар дахин долоо хонох гэж байна шүү дээ. Уг нь бол бүтэц, бүрэлдэхүүн хоёр зэрэг орж ирээд батлагдчихдаг. Дараа нь шинэ сайд чөлөөлөх сайд хоёроо оруулж ирээд тухайн хуралдаан дээрээ томилоод, чөлөөлчихдөг. Гэтэл тэгээгүй. Бусад томилох сайд нараа оруулж ирээгүй байхад чөлөөлөх сайд нараа ингэж увуулж цувуулах юм бол төрийн ажилд завсар гарна гэсэн байр суурийг бид илэрхийлсэн.

Түүнчлэн хариуцлага тооцох сайд нартайгаа хариуцлага тооцохгүй байна. Манай бүлгийн зүгээс мөн Ерөнхийлөгчийн байр суурийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс давхар дээлтэй сайд оруулж ирэхгүй шүү гэж хатуу сануулаад байхад орж ирэх гэж байгаа дөрвөн сайдын хоёр нь давхар дээлтэй байгаа. Үндсэн чиг үүрэгт хамаарах Сангийн сайд нь төсвөө батлуулдаг учир дотроос буюу УИХ-ын гишүүн давхар хашиж болох юм гэж хувьдаа боддог. Гэтэл чиглэлийн яамдыг яагаад заавал УИХ-ын дотроос тавих гээд байгаа юм. Энэ зарчим чинь алдагдаж байна гэсэн байр суурийг илэрхийлж манай бүлэг завсарлага авсан.

-Яг яаж оруулж ирвэл цаг хугацаа хэмнэх гээд байгаа юм. Эсвэл орж ирэх сайд нарын нэрс гарсан байгаа тул тухайн хүнийг нь танай бүлэг хүлээж авахгүй байгаа юм биш үү?

-Орж ирэх бол чөлөөлөх сайдуудаа зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Албан ёсоор сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийг хэлэлцээгүй болохоор асуудалтай гэж хэлж одоогоор чадахгүй. Хэлэлцээд эхлэх үед нь ямар асуудал байгааг нь бид ярина. Бид одоо бол зарчим л ярьж байгаа. Өмнө нь шинэ Засгийн газар байгуулагдаад иймэрхүү зүйл болж л байсан. Хоёр жилийн өмнө гэхэд бүтэц, бүрэлдэхүүн хоёр нь зэрэг орж ирэхэд нь хэлэлцэж дуусгаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд томилох хүмүүсээ оруулсан. Би ч гэсэн сайдын суудлаас чөлөөлөгдөж явсан. Тэр журмаар л явдаг.

Гишүүдийн дунд маргаан тариад байгаа өөр нэг зүйл нь бүтцийн өөрчлөлт хийгээд сайд нарыг чөлөөлж байна гэхийн оронд “Манай сайд нар сайн ажилласан. Тэд үүргээ онц биелүүлсэн” гэж яриад байгаа юм. Ерөнхий сайд логикийн зөрчилтэй зүйл яриад байна. Тэр ярьснаар нь ойлговол сайн ажилласан сайд нараа явуулаад муу ажилласан хүмүүсийг нь үлдээж байгаа болж таарч байна. Сайн ажилласан л гээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг ямар боллоо доо. Үүнийг тэгээд сайн ажилласных гэх юм уу, үгүй. Нэг см төмөр зам тавигдаагүй байна. Энэ мэдээж сайн ажилласны үр дүн лав биш. Оюутолгой гацаанаас гараагүй байгаа нь сайн ажилласан гэх үндэс мөн үү. Ерөнхий сайд “Сайн ажилласан” гэж тайлбарлаж байхын оронд “Бүтцийн өөрчлөлт хийсэн юм аа” гээд тайлбарлачихсан бол маргаан гарахгүй байсан.

-Танай бүлгийн зарим гишүүд хамтарсан Засгийн газар байгуулах гээд завсарлага авч байгаа юм биш үү гэсэн хардлага байна. Сайд болъё гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь хамтарч болохгүй гээд байгаа юм биш үү. Танай нам ч гэсэн дотооддоо асуудалтай байх шиг?

-Манай бүлэг дээр тийм асуудал яригдаагүй. Хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахгүй гэж бодож байна. АН-ын зарим УИХ-ын гишүүд эдийн засгийн нөхцөл хүндэрчихлээ, улс орноо бодоод хамтаръя гэсэн зүйл ярьж байгаа юм бий. Хамтраад юу хийх вэ гэхээр тодорхой зүйл ярьж өгөхгүй байна л даа. Хамтраад өрийн хязгаарыг нэмэгдүүлэх гэж байгаа бол зөвшөөрөхгүй. Ер нь төсвөө чангалаад үргүй зардлаа хасаад хөрөнгийн нөөц бүрдүүлж тавьсан өрүүдээ төлөх тухай ярих хэрэгтэй болохоос биш, нэмж өр тавих талаар ярьж болохгүй гэж би л хувьдаа бодоод байгаа. Хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөж байгаа хүмүүс өөдлөх үү. Мэдээж үгүй. Гэтэл манайх 10 жилийн өмнө 300 тэрбум төгрөгийн төсвөөр болоод байсан. Харин одоо хичнээн их наяд болоод байхад яагаад зардлаа хэмнэж болохгүй гэж. Би л хувьдаа болно гэж хараад байгаа.

-Томилгооны асуудлаас болоод АН-ын бүлэг дотроо асуудалтай байх шиг байна. Та үүнийг нь юу гэж харж байгаа вэ?

-Зарим гишүүд нь эсэргүүцээд суулт хийж байна. М.Зоригт гишүүнтэй өрөөнд нь орж уулзсан. Суулт хийх болсон гол шалтгаан нь Засгийн газрыг бүрдүүлж байгаа зарчим нь буруу гэж байна лээ. М.Зоригт гишүүн твиттертээ “Хоёр гишүүн дагуулаад ирвэл сайд болно гэж байна. Энэ юу гэсэн үг вэ” гэж жиргэсэн байна лээ. Тиймээс сүлжээний маягаар Засгийн газрыг бүрдүүлж байгааг эсэргүүцэж байна гэсэн. М.Зоригт гишүүний энэ байр суурийг би дэмжиж байгаа. Засгийн газрыг бүрдүүлэхдээ нам эвслийн бүлгүүд нь ярьж байгаад хэн үүнийг хийж чадах вэ гэдэг дээр шийдвэрээ гаргах ёстой болохоос биш төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэтээр хандаж болохгүй гэж үзэж байна.

-Ирэх долоо хоногоос сайдууд тодорхой болоод ажилдаа орох байх. Үлдсэн хугацаанд Засгийн газар хэр ажиллах юм шиг байна?

-Засгийн газрын тэргүүн нь хэвээрээ үлдчихэж байгаа юм чинь нэг их өөрчлөлт гарахгүй биз дээ. Эдийн засгийн том шийдвэрүүдийг Ерөнхий сайд гаргадаг болохоор хуучин бодлого нь хэвээр үргэлжлэх байх. Байдал төдийлөн сайжрахгүй байсаар 2016 оныг угтах болов уу гэж бодож байгаа.

-Засгийн газрын тэргүүн солигдвол эерэг үзүүлэлтүүд гарах юм уу. Танай бүлгээс авсан тав хоногийн завсарлагын хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэх гээд байна уу. Чуулганы хуралдаан дээр үг хэлж буй гишүүдийн үгийг сонсоход тэгж санагдлаа?

-Дараагийн Ерөнхий сайд нь ямар хүн байх вэ гэдэг нь тодорхойгүй тул үүнийг таах аргагүй.

-Сайд нарын томилгоо­ноос болоод ирэх оны төсөв батлах асуудал сунжрах магадлалтай байна. Хуулийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. Гэтэл төсвөө дахин өргөн бариагүй байна даа?

-Ирэх оны төсвийг өргөн бариад байсан ч Засгийн газрын хуучин бүтцээр оруулж ирсэн тул хэлэлцэх боломжгүй тул татаад авчихсан. Дахин оруулж ирэхдээ төсөвт хийсэн том алдаануудаа засч оруулж ирэх ёстой. Зарчмын хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар төсөв бүрдүүлдэггүй. Ядарсан морио ташуурдаад хурдлуулах гээд байгаа хүн шиг харагдаад байна. Харин ч татвараа хөнгөлөөд, эдийн засгийн идэвхжлийг нь нэмэгдүүлэн, татварын сууриа өргөжүүлснээр эдийн засаг сайжирдаг. 2009 оны ийм хямралын үед би Засгийн газарт ажиллаж байсан. Тэр үеийн Засгийн газар ажил эрхлэлтийг дэмжих бодлого явуулж байлаа. Ингэснээр эдийн засаг аажимдаа сайжирдаг. Одоо дөрвөн төрлийн татвар нэмнэ гэж байна.

-Сангийн сайд Ч.Улаан татвар нэмэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Үүнийг би хариуцлагагүй мэдэгдэл гэж бодож байгаа. Бидэнд тарааж өгсөн материал дээр Үл хөдлөх хөрөнгийн, Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж, Малын хөлийн татварыг бий болгоно гэсэн байсан. Түүнчлэн Хотын татвар мөн орж ирсэн. Хотын татвар нь мөн хэдэн татвар байх нь ойлгомжгүй байна даа. Төсөв дээр миний санаа зовж байгаа өөр нэг зүйл нь төсвийг орон нутагт хуваагаад өгчихсөн. Ингэвэл хоёр том үр дагавар гарна. 2003 оны Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиас өмнө төсвийг орон нутагт хувааж өгдөг байсан. Тэр үед боловсролын салбарын төсөвт орон нутгийн дарга нар гар хүрдэг явдал гардаг байлаа. Үүнийг нь босоо тогтолцоотой болгож байж орон нутгийн сургуульд хуваарилсан төсөв дээр Засаг дарга гар хүрэх боломжгүй болсон. Хэрэв буцаагаад орон нутаг төсвөө захиран зарцуулаад эхэлбэл энэ асуудал дахин босч ирэх магадлалтай. Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдлийг өглөө гэж байгаа нь хошгируулж байгаа хэрэг. Жишээлбэл, манай Булган аймагт 10 гаруй тэрбум төгрөг шаардагдах обьектуудыг жагсаачихаад 2.5 тэрбум төгрөг хуваарилан “Та нар энэ мөнгөөр юугаа хийхээ өөрсдөө мэд” гээд хаячихаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл обьектууд баригдахгүй байгаа хариуцлагыг орон нутагт үүрүүлж байна гэсэн үг. Ингэж хариуцлагаас зугтсан төсөв хийж болохгүй.

Монгол Улс нэгдсэн улс мөн л юм бол салбарууд нь ирэх жил ямар амжилтад хүрэх гэж байгаа юм, юу бүтээх гэж байгаа юм гэсэн хэмжүүртэй байх ёстой. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд нь ирэх жил би тэдэн эмнэлэг засч, хэдэн эмнэлэг барина гэдгээ хэлж чадахаа байчихаар байна. Учир нь мөнгийг нь орон нутагт өгөөд орон нутаг нь юугаа барихаа өөрсдөө шийд гэсэн болохоор тэр. Ингээд ирэхээр Эрүүл мэндийн сайд Булган аймагт эмнэлэг барих юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхээ байчихна. Тийм болохоор ийм сайд байгаад хэрэг байна уу гэдэг асуудал гарна. Яахав, холбооны бүтэцтэй улсад ийм зүйл байж болдог. Төсвийг нь ингээд салгаад өгчихөөр 50 жилийн дараа тусгаар улс болно гээд зүтгэдэг юм байгаа биз дээ. Ийм зүйл рүү бид улс орноо түлхэж болохгүй. Тиймээс төсөв хэлэлцэх хугацаа нь Засгийн газрын томилгоотой холбоотой бус, төсөв нь өөрөө дутуу боловсруулагдсантай холбоотойгоор төсвийн хугацаа тулаад байна.

-МАН-ын бүлэг Н.Уд­вал, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэн­дорж сайдад хариуцлага тооц гэх юм. Энэ гурваас бусад сайд нарын ажил сайн байгаа юм уу?

-Ер нь бол олон түмний зүгээс шаардаж байгаа хүмүүс нь энэ хэд байна. Жишээлбэл, манай Булган газар тариалангийн аймаг. Ургац хураалтын үеэр улаанбуудай оруулж ирж байгаад тариаланчид уйлах нь холгүй байна. Гурилын үйлдвэрүүд буудайны нөөцтэй болчихоороо тариаланчдаас буудайг авахаа болиод үнэ унагаах зүйл явдаг. Хариуцсан яам нь тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг оруулаад ирлээ. Хавар буудай хүрэхгүй байгаа үед авч байгаа бол өөр хэрэг. Энэ мэтчилэн хүн тус бүр дээр нь яривал асуудал бий. Гэхдээ нэн тэргүүнд хариуцлага ярих ёстой сайдууд нь энэ хэд гэж ярилцацгаасан юм. Засгийн газрын тэргүүн яаж хариуцлага тооцох вэ гэдгээ өөрөө шийднэ биз.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын Санхүү эдийн засгийн дээд сургуульд тэтгэлгээр суралцах сурагчдад батламж гардууллаа

Орос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын дунд есдүгээр сарын 15-нд АХА тэмцээн зохион байгуулжээ. Энэхүү уралдаант цэнгээнт нэвтрүүлэгт Ю.А.Гагарины нэрэмжит “Билгийн Үүдэн” бүрэн дунд сургууль , “Радуга”, 14 болон нэгдүгээр сургуулийн нийт 28 сурагч оролцсон юм. Тэд олж авсан мэдлэг оюун ухаанаа уралдуулсанаас дөрвөн сурагч тунан үлдсэн байна. Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдэд ОХУ-ын Санхүү эдийн засгийн дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхтэй боллоо. Тэдэнд батламж гардуулах арга хэмжээ Ю.А.Ггарины нэрэмжит “Билгийн Үүдэн” бүрэн дунд сургууль дээр болсон юм. Арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Селезнёв Павел Сергевич, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа зэрэг гадаад, дотоодын олон хүндэт зочид хүрэлцэн ирсэн байлаа. Тэднийг тус сургуулийн сурагчид Монгол, Оросын уламжлалт ёсоор угтан авсан юм. Монгол дээл өмссөн хүү алд цагаан хадаг, цалин цагаан мөнгөн аягатай сүү барин тосов. Түүний дэргэд Орос ардын үндэсний хувьцас өмссөн охин тавган дээр талх барин зогсч байлаа. Хүндэт зочдыг ийн угтсаны дараагаар сурагчид өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоо үзүүллээ. Үүний дараа АХА тэмцээнд тэргүүн байрт шалгарсан сурагчдад ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан юм. Сонирхуулахад, энэ сургууль нь ОХУ-ын ууган сургуулиудын нэг ажээ. Улсынхаа шилдэг арван сургуульд багтдаг. Дэлхийн 36 оронд байрлах салбар сургуулиудад нь 800 гаруй мянган оюутан санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, төрийн удирдлага, нийгэм, улс төр, бизнесийн чиглэлээр суралцдаг байна.

Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Селезнёв Павел Сергевичтэй цөөн хором ярилцлаа.

-Ю.А.Гагарины нэрэмжит “Билгийн Үүдэн” сургуультай хэдийнээс хамтран ажиллах болсон юм бэ?

-Тус сургуультай 2013 оноос эхэлж хамтран ажиллаж эхэлсэн. Монгол Улсаас хамтран ажиллахаар сонгосон анхны ерөнхий боловсролын сургууль гэж ойлгож болно. Ихэнх хичээл нь орос хэл дээр, оросын боловсролыг олгох журмаар явагддаг учраас Ю.А.Гагарины нэрэмжит “Билгийн Үүдэн” сургуулийг сонгосон юм. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд анх удаа Монгол орон даяар орос хэлний онлайн олимпиад зохион байгуулж, түрүүлсэн 25 сурагчийг ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуульд тэтгэлгээр суралцуулахаар болсон. Өнөөдөр Монголд ирсэн зорилго бол АХА тэмцээнд тэргүүн байрт шалгарсан дөрвөн сурагчид тус сургуульд тэтгэлгээр суралцах батламж гардуулсан явдал юм. Тэд 2015, 2016 оны хичээлийн жилээс ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуульд 4-5 жил үнэ төлбөргүй суралцах боломжтой.

-Танай сургуульд хичнээн монгол оюутан тэтгэлгээр суралцаж байна вэ?

-Манай Санхүү эдийн засгийн сургуулийг дүүргэсэн 100 гаруй монгол оюутан байдаг л даа. Тэдний дунд улс төрийн өндөр албан тушаал хашиж буй нэр хүндтэй хүмүүс ч бий. Харин одоо 30 орчим монгол оюутан суралцаж байгаа. Тэдний 20 нь тэтгэлгээр суралцаж байна. Өмнө жилд гадаадын 100 гаруй хүүхдэд тэтгэлэг олгодог байсан бол өнөө жилээс 300 болгож нэмэгдүүлсэн байгаа.

-Тэтгэлгийн хэмжээг монгол мөнгөөр тооцвол хэдэн төгрөг болох бол?

-Сургалтын төлбөр жилийн 315 мянган рубель. Энэ нь монгол мөнгөөр арав гаруй сая төгрөг болно. Нэг хүүхэд ийм тэтгэлэгт хамрагдана.

-ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн зас­гийн дээд сургуульд эртний түүхтэй. Цаашид Монголын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна?

-Жил болгон Монголд бай­даг орос хэлний сургалттай сургуулиудын дунд олимпиад зо­хион байгуулна.Орос хэл, математик гээд мэргэжлийн хичээлүүдээр олимпиад явуулж, түрүүлсэн сурагчдыг сургуулийнхаа тэтгэлгээр суралцуулахыг зорьж байгаа. Бид Монголын Засгийн газар, БШУЯ-тай байнгын харилцаа холбоотой ажилладаг. Өнгөрсөн наймдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөр манай улсад айлчилсан. Түүний айлчлалын хүрээнд бид тус яамтай илүү гүнзгий хамтарч ажиллахаар болсондоо таатай байна.

Мөн орос хэлний сур­галттай Ю.А.Гагарины нэрэм­жит “Билгийн Үүдэн” бүрэн дунд сургуулийн захирал М.А.Поповтой ярилцлаа.

-Танай сургууль хэдэн онд байгуулагдсан бэ. Сургалтынхаа онцлог давуу талыг сонирхуу­лахгүй юу?

-“Билгийн Үүдэн” бүрэн дунд сургууль нь 2009 онд байгуулагдсан. Суралцагч бүрийг хувь хүн болгон тлвшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, өрийн орны түүх соёлыг дээлхийн зэрэгцээ бусад орны түүх соёлыг хүндэтгэсэн хуулийн болон эдийн засгийн мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэхийн төлө ажилладаг юм. Бүрэн пунп боловсролын агуулгыг орос, монгол хэл дээр хослуулан эзэмшүүлнэ. Бүх шинжлэх ухааны үндэс болсон математикийн ухааныг гүнзгийрүүлэн судлуулдаг. Эдийн засгийн наад захын мэдлэг олгох хичээлийг нэгдүгээр ангиас нь тоглоом хэлбэрээр зааж, ахлах ангид мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл болгон өргөжүүлдэг байгаа.

-Бүх хичээл орос хэл дээр явагдах уу. Гадаад хэлний сургуулиудад сурдаг хүүхдүүд монгол хэлээ мэддэгүй гэх шүүмж байдаг. Тэгэхээр төрөлх хэлийг яамар программаар сургаж байгааг асуумаар байна л даа?

-Бүх хичээл орос хэл дээр явагдахын зэрэгцээ төрөлх хэлээрээ зөв сайхан ярих, найруулан бичих чадварыг эзэмшүүлэх хөтөлбөртэй. Хоёр дахь хэл болох англи хэлийг II ангиас нь үзэж байгаа. Онолын түвшинг бууруулахгүй, хэрэглээг түлхүү эзэмшүүлэх чиглэл баримталж байна.

-Нэг ангид хичнээн хүүхэд суралцах боломжтой вэ. Одоо танай сургууль хэдэн сурагчтай юм бол?

-Нэг ангид 15-20 хүүхэд сурдаг. Ахлах буюу 10-12 дугаар ангид мэргэжлийн хичээлүүд орно. Мөн энэ ангиас нь их, дээд сургуулийн багш нар элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалт хичээлүүд явуулна. Сургуулийн дэргэд өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулж, сурагчдад гэрийн даалгавараа амжиж хийх, ойлгохгүй хичээлээ нөхөх, хоцрогдлоо арилгах, олимпиад, уралдаан тэмцээнд бэлтэх боломжийг олгож байгаа.

-Баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюунтуул, Алдармаа хоёрыг одоо ч сайн найзууд гэж ойлгодог

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа­гийн өмгөөлөгч Б.Дашдоржтой ярилцлаа.

-Та үйлчлүүлэгчтэйгээ уулзаад иржээ. Сэтгэл санаа нь хүнд байгаа байх.

-Шүүгч алхаа цохилоо. Тахарын албаныхан хойд хаал­гаар гаргаад л шорон руу аччихсан шүү дээ. Гэрийнхэнтэй нь ч уулзуу­лаагүй. Юу болоод байгааг тэр хүн ойлгохгүй байна. Өнөө­дөр очиход хамгийн түрүүнд хүүгээ асуучихаад “Өчигдөр юу болоод өнгөр­сөн бэ” гэж байна лээ. Тайлбар­лаад ч бодит байдал дээр бууж өгөхгүй байх шиг байна. Өмгөөлөгчийнх нь хувьд аль болох өөрийгөө завгүй байлга, ном их унш л гэж зөвлөлөө.

-Та бүхэн шүүх ямар шийд­вэр гаргана гэж таамаглаж байв?

-Өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6 буюу санаатайгаар, онц хэрцгий аргаар хүний биед хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн хэргийн бүрдэл хангагдаагүй, нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай байсан учраас хэргийг буцаах саналтайгаар шүүх хуралдаанд оролцсон. Шүүг­чид маш удаан зөвлөлдсөн шүү дээ. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байх гэсэн хүлээлттэй байлаа. Анхан шатны шүүх ийм шийдвэр гаргана гэж үнэн­дээ тааварлаагүй. Шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ, хавтаст хэрэг дэх баримтуудад тулгуурлан шийдвэрээ гаргасан юм болов уу даа. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдана.

-Хэргийн бүрдэлд юу дутуу байсан юм бэ?

-Гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан юу байсныг тогтоох ёстой. Нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг авч, тодруу­лах асуудал хийгдээгүй. Хохирогчийн гэмтлийн зэргийг дахин тогтоолгох, нэр бүхий хүмүүсийг гэрчээр байцаалгах хүсэлтийг хоёр удаа гаргасан ч прокурорын байгууллага хүлээж аваагүй.

-Хоёр бүсгүйн маргааныг хамтлагийн ахлагчтай холбож ярих хүмүүс ч бий. Хавтаст хэрэгт хамтлагийн ахлагч Н.Ариунболдоос мэдүүлэг авсан уу?

-Хавтаст хэрэгт Н.Ариунболд мэдүүлэг өгөө­гүй. Мэдүүлэг авах шаард­лагатай хүмүүсийн дотор тэр хүн ч бий.

-Олон нийт хоёр бүсгүйг хамтран уран бүтээл хийдэг, сайхан эгч дүүс гэж хардаг байсан. Өөрсдөө ч тэгж ярьдаг байлаа. Харин хэрэг гарс­наас хойш тэдний мар­гааныг эр хүнээс болсон гэх зэрэг таамаг ярих олон хүн байна.

-Хувь хүн өөрийнхөө бод­лоор л асуудалд хандаад, дүгнэлт өгөөд байна. Нэгэнт хувь хүний нууцтай холбоотой учраас “Тийм зүйл байхгүй” гэж хариулах боломж надад алга. Бодит байдал дээр хүмүүсийн таамаглаж байгаагаар биш өөр асуудлаар л хэрэг шийдэгдээд байгаа шүү дээ.

-Шүүхийн шийдвэр танай үйлчлүүлэгчээс гадна Д.Оюунтуулд маш хүнд тусч байгаа нь харагдсан. Д.Оюунтуулд гоо сайхны мэс засал хийлгэх зардлыг шүүгдэг­чээс гаргуулаад хэр­гийг хөнгөрүүлэх боломж байгаагүй юм болов уу?

-Хоёр бүсгүйг эвлэрүүлэх, ойлголцуулах, биеийг нь эмчлүүлэх талаар ярилцсан зүйл бий. Гэхдээ улсын яллаг­чийн ялласан зүйл анги нь хохирлыг барагдуулаад, гом­дол­гүй болголоо гээд хэрэг хаагддаггүй зүйлчлэл. Хоёр тал хэд, хэдэн удаа уулзаж ярилцсан. Оюунтуул дээр удаа дараа очиж уучлал гуйсан. Хоёр хүн нэгийгээ ойлгоод шийдчихдэг асуудал биш гэдэг нь харамсалтай.

Миний хувьд тэднийг хоёр тийшээ харчихсан хүмүүс гэж ойлгодоггүй. Цагтаа сайн найз явсан, одоо ч сайн найзууд гэж ойлгодог. Аав ээж нь ч, найзууд нь ч “Энэ хоёр бүсгүй үнэхээр сайн найзууд. Учраа олчихно” гэж хандаж байсан. Алдармаагийн ээж Оюунтуулыг эмнэлэгт хэвтэхэд гүйгээд л очсон. Эцэг, эхчүүд нь ч нэгийгээ мэднэ. Өнөөдөр энэ хоёр хүний дунд асуудал үүсгэж байгаа гол зэвсэг нь энэ олон болсон болоогүй сайтуудын мэдээлэл. Алдармаа ийм мэдээлэл гаргуулсан, Оюунтуул тэр мэдээллийг тавиулсан гэх зэргээр асуудлыг улам бүр хурцатгаж байсан.

-Шүүх хуралдаан дээр Ц.Алдармааг гэмшсэн шинж­гүй байна гэж ярих хүн олон байлаа. “Инээлээ” гэх зэрэг олон яриа гарсан нь олон нийтэд танай үйлчлүүлэгчийн талаарх буруу хандлагыг дахин төрүүлэх шиг боллоо.

-Хэрэг гарснаас хойш хоёр дахь шүүх хуралдааныг хойшлох хүртэл мэдээллийн сайт, facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр гарч байсан мэдээллийн 98 хувь нь Алдармааг буруутгасан хандлагатай байсан. “Шүүх хуралдаанд инээж ирлээ” гэдэг юм. Буруутай зүйл хийсэн ч гэсэн хүн шүү дээ. Хүн учраас дандаа уйлаад, дандаа урвайгаад байх уу. Арван жил хамт ажилласан хамт олон нь хүлээгээд зогсч байхад сэтгэл нь хөдөлж болохгүй юм уу. Машинаас буугаад ирэхэд нь тосоод зогсч байгаа хамт олноо хараад баярласан нь л тэр.

-Шүүхийн шийдвэр гарс­ны дараа олон хүн “Залуу хүнд арай л хатуу ял оноолоо” гэх хүн олон байгаа. Ц.Алдармаад хол­богдох хэргийн зүйлчлэлийн хамгийн бага ялыг шүүх оноосон. Өөрийг нь шалгаж байгаа хуулийн зүйл анги тийм хатуу ялтай гэдгийг танай үйлчлүүлэгч ойлгож байсан уу?

-Хоёр бүсгүй хоорондоо муудалцсан, эвлэрээд асуудал шийдэгдчихнэ гэж олон нийт харж байснаас ийм хүнд асуудал гэж ойлгоогүй байсан. Харин Алдармаад хүнд хэрэг шүү гэдгийг ойл­гуулж байсан. Гэхдээ нэмэлт мөрдөн байцаалтад буцна гэсэн хүлээлт байсан учраас шүүх ийм шийдвэр гаргана гэж төсөөлөөгүй. Зүйл ангид заасан хамгийн бага ялыг оноосон мэт боловч цаана нь шалгах маш олон зүйл бий. Тэр бүхнийг шалгаад хэргийг эцэслэн шийдсэн бол гомдолгүй байсан.

-Олны танил, тэр дун­даа урлагийнхны амьдрал угаасаа л олны өмнө ил байдаг. Хүүхэд, залуучууд тэднээс үлгэр авдаг. Тийм ч учраас “Шинэ үе” продакш­ны захирал Н.Ариунболд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Ёс зүйн том алдаа гаргалаа. Тэд үзэгчдээсээ уучлал гуйх ёстой” гэсэн. Алдармаа зориг гаргаад уучлал гуйсан бол олон нийтийн хандлага өөр болох байсан болов уу?

-Тэгсэн бол…, тэгэх минь яав даа гэх нь өнөөдөр оройтчихож. Тухайн үед аль алиных нь биеийн байдал хүнд, хоёулаа эмнэлэгт хэвтэж байсан. Хоёулаа тус тусдаа мэдээллийн сайтуудаас асар их дарамтыг авч байлаа.

Ерөөсөө энэ хэрэг маш том сургамж боллоо. Алдармаа ус цацсандаа огт өөрийгөө зөвтгөдөггүй. “Би нэг цохиод авчихгүй яав даа” гэдэг юм. Уураа барьж чадаагүйдээ харамсаад бар­даг­гүй. Уурлах шалтгааныг яривал зөндөө л асуудал бий. Шүүх тэр олон асуудлыг тодруулахыг хүсээгүйд л гай­хаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс бүрэлдэхүүнтэй шин­жээч томилж гэмтлийн зэр­гийг тогтоолгоё гэхэд л хүлээж аваагүй. Хэрэг өнд­рөө авчихсан болохоор прокуро­рын байгууллага бидний хүсэл­тийг хүлээж аваагүй байх. Харин шүүхэд нийгмийн сэт­гэлзүй нөлөөлөөгүй байгаасай.

-Өнгөрсөн таван сарын хугацаанд ойр байсны хувьд та Алдармаад ямар байгааг сайн ойлгож байгаа. Тийм ч учраас зарим хүмүүсийн дүгнээд байгаа “Гэм хийсэн­дээ тоосон царай алга” гэдэгт өөр хариулт өгөх болов уу?

-Олон нийт Алдармааг маш хүнд ялласан. Нийгмээс өгсөн ялыг тэр хүн маш сайн мэдэрч, хүлээж авсан. Сүүл­дээ нойрны эм ууж байж унтдаг болсон. Эхний шүүх хуралдааны дараа Алдар­маа “Би өөрийгөө хянаж чадах­гүй байна. Яах вэ” гэж байсан. Алдармаагийн хувьд ёстой л муу эр хүнээс дээр эмэгтэй. Таван настай хүүтэйгээ, амьдралынхаа төлөө зүтгэж байгаа дэврүүн бүсгүй. Урлагийн хүмүүс цайл­ган, дэврүүн, сэтгэлийн хөдөл­гөөнтэй байдаг юм байна. Хамтлагийнхан нь, найзууд нь түүний талаар надаас илүү мэдэх биз дээ. Шүүх хуралдааны өмнө Алдармаа “Зовж явж байхад хүний чанар танигддаг юм байна. Олон сайн хүн надаас зугтаасан шүү” гэсэн. Энэ ярилцлагыг уншиж байгаа тэр олон хүн бодоосой. Хүнийг алдаж байхад түлхэхэд амар. Харин алдааг нь засаад ойлгуулаад цаашаа хамт явах хүн цөөн юм. Тийм л хүн олон байгаасай.

Бид Алдармааг эрүүгийн хариуцлагаас зугтаалгах санаа огт байхгүй. Амьдрал өөрөө олон өнгөтэй. “Би юу хий­чихэв ээ” гэж тэр хүн маш их гэмшиж байгаа. Хуулийн байгууллага олон нийтийн хандлагаар биш хүн гэдэг талаас нь шийдвэрээ гаргаасай. Хэрэг юунаас гарсан, гол сэдэл, нөхцөл шалтгаануудыг олоод тухайн хүний үйлдэлд тохирсон хариуцлагыг оногдуулаасай.

-Таны үйлчлүүлэгч таван настай хүүтэй, өрх толгойлсон эмэгтэй. Шүүх хуралдаанд явахдаа хүүдээ юу гэж хэлээ бол. Ээжийнх нь талаарх мэдээллүүд хүүд яаж тусч байгаа бол гэж бодохоор олон эмэгтэй хүнд хэцүү санагдаж байгаа.

-Шүүх хурлын өмнө “Би хүүдээ гадаад руу сургуульд явлаа гээд хэлчихвэл итгэх болов уу” гэхэд нь хэлэх үг олдоогүй. Телевизээр ээжийн­хээ талаарх мэдээллийг сон­соод тэр хүүд ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Өглөө гараад явсан ээжийг нь шорон руу ачигдлаа гэдгийг телевизийн мэдээнээс хараад яаж байгааг төсөөлж чадахгүй юм. Надтай уулзахаар хүүтэй­гээ хамт ирчихээд “Хүүхдийн хажууд юм яриад яах вэ” гээд машиндаа хүүгээ орхиж байгаа юм. Машины гадна ээж нь хэргийн талаар ярилцаад зогсч байхад тэр хүү машиндаа инээгээд л, тоглоод л. Хүү нь дэлгүүр орж чихэр аваад өг гэж шалахад нь Алдармаа нүдэндээ нулимстай инээгээд л явж байгаа харагдсан. Ээж, хүү хоёрт төсөөлшгүй л нөх­цөл бий болчихлоо. Амьдрал баян. Энэ айлд ээж, хүү хоёр хамт­даа инээх үе ирэх биз дээ.

-Ц.Алдармаа энэ бүхний дараа тайзан дээрээ дахиж гарах болов уу?

-Ёстой мэдэхгүй. Хүнд мөрөөдөл байдаг шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цас ороход бид бороог мартдаг

Хятадын Хэнань мужийн 38 настай эмэгтэй Линийг гэртээ харих замд нь гурван эмэгтэй газар түлхэн унагаж, хувцсыг нь урж, өшиглөн олны өмнө зоджээ. Лин нь эхнэртэй хүнтэй дотно харилцаатай байсан бөгөөд түүнд халдсан эмэгтэйчүүдийн нэг нь Линтэй дотно харилцаатай байсан залуугийн эхнэр гэнэ. Харин нөгөө гурван эмэгтэй нь тэр эмэгтэйн найзууд бөгөөд тэд Линийг отож байгаад дайрсан нь тэр аж. Хятад оронд болсон үйл явдал болохоор нэг их гайхах юм алга. Ер нь хүний хорвоод ирсэн хүн бүр л бүх зүйлийг өмчлөх гэдэг нь жам. Өөр хүүхэнтэй яваад байгаа нөхөр биш, эмэгтэй нь шийтгэлийг нь амсчээ. Хүний ёсонд байдаг л нэг шударга бус явдал. Бас байдаг л нэг зүйл. Харамсалтай нь энэ хорвоод эд хөрөнгөнөөс өөр зүйлийг өмчилж бид чадахгүй байсаар төгсдөг. Тэр эд хөрөнгө ч гэсэн цаг зуурын л зүйл. Цас ороход бид бороог мартдаг шиг. Өмнөх учралыг дараагийн учрал ирэхэд мартдаг нь жам. Хүн мөнх биш болохоороо энэ хорвоод ирж жаргал зовлонг хэдэн янзаар нь туулдаг. Тэгэхээр аз жаргалыг хүн юу гэж бодно түүгээрээ л хүртдэг л дээ. Учрал сайхан гэж бодвол учраад л бай. Нэр алдар хэрэгтэй гэвэл түүний төлөө шуна. Хайр сэтгэлээс догдлол мэдрэхийг хүсдэг бол мэдэр. Үнэнч байна гэж бодсон нь үнэнч байг. Хамгийн гол нь үдлээд буцах энэ амьдралд утга хийж амьдарч чадаж байгаа нь өөрөө аз жаргал юм. Хүн бүхэн хүссэнээ хийж амьдраг. Өөрийнхөөрөө л яваг цаашаа, өөрийнхөөрөө амьдарч байгаа хүнийг харин адлаад яах юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шороон шуурга шуурна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

12 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор сүүлийн жилүүдэд нөөцийн мах бэлтгэн худалдаанд гаргаж байгаа. Харин өнгөрсөн хоёр жил Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдан борлуулж эхэлсэн. Учир нь, бусад аймгийг бодвол харьцангуй олон хүн амтай гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яам үзсэн байна.

Тэгвэл ирэх жилийн хавар эдгээр аймгийн нөөцийн махны хэрэглээг “Дархан мийт фүүдс”, “Эрдмийт” компани хангах аж. Тэд тус бүр 1000 тонн мах бэлтгэн нийлүүлэх юм.

Харин нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан мах бэлтгэх компаниудын нэрс хараахан тодроогүй байна. Өөрөөр хэлбэл, “Нөөцийн махны менежер”-ийн төсөл сонгон шалгаруулалтын явцад “Мах маркет” компаниас гомдол гаргасан аж. Тиймээс сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болж, энэ сарын 14-нөөс нээлттэй зарлаад буй аж. Шалгарсан компаниуд 12 мянган тонн мах бэлтгэн ирэх хавар хэрэглэгчдийн гарт хүргэх юм.