Испанийн Барселоны Их сургуулийн доктор, нуур судлаач Мигэл Алонсотой ярилцлаа. Тэрээр Монголын 957 нуурыг судлах явцдаа шинэ төрлийн сам хорхой илрүүлжээ.
-Та хэзээнээс Монголын нууруудыг судалж эхэлсэн бэ. Ямар учраас манай орны нуур цөөрмийг судлах болов доо?
-Би Монголын нуур, цөөрмийг судлаад арван жил болж байна. Монголын нууруудыг судлах болсон нь нэгдүгээрт их өргөн уудам тал нутагт маш их нуур цөөрөмтэй. Хоёрт нуурууд нь хүмүүсийн үйл ажиллагаанд тийм ч их өртөөгүй, цаг агаарын аюул гамшигт сүйдээгүй онгон дагшин чанараа хадгалж үлдсэн учраас их сонирхол татсан юм. Нөгөө талаас Монголын нуурууд Испанийн нууруудтай маш адилхан. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын 957 нуурыг судалсан байна.
-Бусад орны нуураас манай нуур цөөрмийн онцлог ямар байх юм. Та Монголоос өөр ямар орны нуурыг судалж байсан бэ?
-Би Испанийнхаа бараг бүх нуурыг судалсан хүн л дээ. Хэдийгээр дэлхийн хоёр захад байдаг ч гэсэн Монголын нуурууд Испанийн нуурууд хоорондоо үнэхээр адилхан. Энэ нь Монголын нууруудыг судлах бас нэг шалтаг болсон. Яагаад гэхээр Испанийн нуурууд газар тариалан хүмүүсийн нөлөөлөл, үйлдвэрлэлээс болоод ихэнх нь устах аюулд орчихсон, зарим нь устаад ширгээд алга болчихсон. Зуун жилийн өмнө тэдгээр нууруудаа судалж байсан бол энэ нуур ийм байжээ гэсэн судалгаатай байх байсан. Даан ч одоо тийм юм алга. Тийм ч учраас Монголын нууруудыг судалж мэдээлэлжүүлж, бүртгэлтэй болгоё гэж бодсон юм. Монголд миний судалгаа хийсэн нуур бүр өөрийн гэсэн онцлогтой, судалгаа бүрээр олон гайхмаар зүйл олдож байсныг дурдахгүй байхын аргагүй. Тухайлбал, Увс, Хяргас, Бөөн цагаан нуурууд тун өвөрмөц. Эдгээр нууранд амьдардаг бичил биетүүд миний анхаарлыг илүүтэй татаж байсан. Увс нуураас л гэхэд өмнө нь хаана ч илрүүлж байгаагүй нэгэн шинэ төрлийн бичил биет амьтан илрүүлсэн.
-Ямар онцлогтой ямар амьтан юм бол?
-Увс нуураас илрүүлсэн энэхүү “Alona flossneri” гэх бичил биет нь энгийн нүдэнд бараг харагдах боломжгүй, нэг миллметрийн урттай дэлхийн өөр хаана ч олдоогүй бичил биет юм. Испаниас үүнтэй төстэй “Alona salina” гэдэг бичил биетийг илрүүлж байсан. Гэхдээ төстэй болохоос яг нэг төрлийн амьтан биш л дээ. Энэ хоёр амьтан нь газарзүйн байршлаараа дэлхийн бөмбөрцгийн хоёр талаас олдсон гэдгээрээ их анхаарал татаж байгаа юм.
-Бас Хөвсгөл нуураас шинэ төрлийн сам хорхой илэрсэн гэж сонссон?
-Монголд сам хорхойн төрөл зүйлүүд маш олон нууруудад байдаг. Хөвсгөл нууранд ч олноороо байгаа. Харин шинээр нээсэн нэг сонирхолтой зүйл гэвэл давстай нуураас сам хорхойн өмнө илрүүлж байгаагүй төрлийг илрүүлсэн. Түүнийгээ “Phallocryptus Tserensodnomi” гэж нэрлээд байна. Энэ нь 4-5 см орчим хэмжээтэй, цагаан саарал өнгөтэй амьтан юм. Яг үүнтэй адилхан амьтан өмнө нь хаана ч илэрч байгаагүй. Би тэр амьтныг Монголын анхны нуур судлаач Цэрэнсодном гуайн гэгээн дурсгалд зориулж ийм нэр өгсөн юм. Энэ хүн Монголын нууруудын анхны судалгааны каталогийг хийж, нуур судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж байсан хүн л дээ.
-Ер нь Монголын нууруудад дэлхийн бусад улс оронд тэр болгон байдаггүй ховор төрлийн ямар загас, жараахай, сам хорхой байдаг юм бол?
-Судлагдаагүй маш олон төрөл зүйлийн амьтан байна. Цаашид ч дэлхийн өнцөг буланд илэрч байгаагүй шинэ төрлийн амьтад эндээс олноор илэрнэ гэж бодож байна. Монголын нууруудыг дэлхийн эрдэмтэд тэр бүр судалж амжаагүй. Онгон дагшин байдал, бүтцээ хадгалж үлдсэн, хэн ч сүйтгээгүй эртний байгалиараа байгаа учраас амьтад нь ч тэгтэл устаж алга болоогүй нь судлаачдын сонирхлыг татахаас аргагүй.
-Ер нь монголчууд сам хорхой битгий хэл загасыг ч тэр бүр өргөнөөр хүнсэндээ хэрэглээд байдаггүй. Гэтэл Монголын нууруудад сам хорхой байдаг гэхээр сонин санагдаад байна л даа. Энэ сам хорхой нь импортоор орж ирдэг сам хорхойнуудтай адилхан юм уу. Хүнсэнд хэрэглэж болох эд үү?
-Монгол оронд байгаа бүх л загасыг хүнсэнд хэрэглэх боломжтой. Харин сам хорхойн хувьд тийм их хэмжээгээр байхгүй. Хоёрдугаарт идэхэд зориулагдсан ч сам хорхой биш.
-Таныг арван жилийн өмнө анх судалгаа хийж байх үеийн Монголын нуурууд, одоогийнхоосоо хэр өөрчлөгдсөн байна, юу ажиглагдав?
-Энэ арван жилийн хугацаанд би нэг газраараа олон явсан. Нуур судлаач хүний нүдээр харахад ерөөс тийм таагүй сөрөг нөлөө гарах, ширгэх үзэгдэл ажиглагдаагүй. Яг л хэвээрээ байна. Мэдээж жил бүрийн онцлогоосоо шалтгаалаад бага зэргийн нөлөөлөл байдаг. Гэхдээ Монголын хувьд ойрын хэдэн арван жилдээ онгон дагшин байдлаа хадгалж чадна гэж бодож байна.
-Нутаг орны минь нуурууд жилээс жилд жижгэрч, ширгэж байна гэж манайхан ярьцгаадаг. Монголчууд цэвэр усны нөөцөөрөө дэлхийд ховорхон Хөвсгөл нуурандаа хүртэл хариуцлагагүй хандаж байна л даа. Таны судалгаагаар энэ байдал хэр ноцтой гарч байна вэ?
-Би жилдээ судалгааны ажлаар нэг сарын хугацаатай нэг л удаа ирдэг. Энэ хугацаандаа би аль болохоор өөр, өөр газрын олон нуур судлахыг боддог. Энэ жил Хөвсгөл нууранд хоёр дахиа очсон. Тэгэхэд өмнө нь ирж байснаас усны бохирдлын түвшин нь тэгж айхтар муудаагүй байна лээ. Усны хэмжээ, давслаг, бохирдлыг нь хэмжиж үзээд ийм дүгнэлтэд хүрсэн.
-Нуур судлаач хүний хувьд байгалийн харагдац үзэсгэлэнгээс нь гадна сонирхол татдаг нуур гэж байдаг байх. Танд Монголоос хамгийн их таалагдсан нуур юу вэ?
-Хамгийн их таалагдсан, сонирхож судалсан нуур бол Хяргас нуур.
-Юу нь таны сонирхлыг татсан юм?
-Хөвсгөл нуур ч юм уу, өөр илүү үзэсгэлэнтэй нуурыг би хэлж болох ч судлаач хүний нүдээр харахад Хяргас нуур их анхаарал татдаг. Учир нь энэ нуур маш том, давстай нуур мөртлөө эргээр нь давс харагддаггүй. Хоёрдугаарт үзэсгэлэнтэй бөгөөд гүн. Хяргас нуурын давслагийн хэмжээ гүн болгондоо өөр өөр найрлагатай, өөр өөр байдаг.
-Ер нь Монголд давстай нуур нь их юм уу, цэнгэг нуур нь их юм уу. Хүмүүс удахгүй цэвэр усны хомсдолд орох нь гээд л яриад байдаг?
-Миний судалснаар цэнгэг устай нуур нь илүү их байна. Гэхдээ энэ нь нуурынхаа тоогоор бус эзлэхүүн хэмжээгээрээ юм шүү. Монгол орон цэвэр усны хомсдолд орох аюул нүүрлээд байна гэж хэлж чадахгүй. Ойролцоогоор жижиг цөөрөм, тойромтойгоо нийлээд 12 мянга орчим нуур байна. Бүгдийг нь барахгүй ч цаашид чадлынхаа хэрээр судлахыг хичээнэ. Надтай хамт МУИС-ийн Биологийн факультетийн Ус судалгааны төвийн эрдэмтэд багш, оюутнууд хамтран судалгаа хийдэг. Энэ дашрамд МУИС-ийн Биологийн факультетийн Нэргүй, Н.Сонинхишиг багш нарт баярлалаа. Би тэдэнтэй хамтран оюутнуудад лекц, сургалт явуулдаг. Цаашдаа Монголын сайн нуур судлаачдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог доо.
Э.НОМИН-ЭРДЭНЭ