Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон 2791 хүний амь, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Сүүлийн хоёр жилд онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмжийн 11,6 хувийг, барилга байгууламжийн 14 хувийг шинэчилж, нийт албан хаагчдын 91 хувийг зориулалтын хувцас хэрэглэлээр хангалаа. Аврах гал унтраах 8 ангийн барилга болон улсын нөөцийн механикжсан агуулахын барилга баригдаж байна. Болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд зарлан мэдээлэх орчин үеийн систем нэвтрүүлж, аврах ажиллагааны техник хэрэгсэлдээ парк шинэчлэл хийсэн нь манай салбарт томоохон дэвшил авчирлаа гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хэллээ.

Газар хөдлөлт, байгалийн гамшиг зэрэг болзошгүй аюулын үеийн зарлан мэдээллийг өмнө нь утсан холбоогоор дамжуулдаг байсан бол ОБЕГ-ын дэргэд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв” байгуулснаар дуут дохиолол, телевиз, радиогоор ард иргэдэд богино хугацаанд анхааруулга хүргэх нөхцөл бүрджээ. Онцгой байдлын албаны хэмжээнд 530-аад техник хэрэгсэл ашиглаж байгаагийн дийлэнх нь 40-45 жил ашиглагдсан, элэгдэж хоцрогдсон байна. Тэгвэл одоо гал сөнөөгч, аврагчид бүрэн тоноглолтой автомашин, квош, аль ч улиралд, байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завь зэргийг ашиглаж эхэлжээ. Эхний ээлжинд хамгийн эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг алба хаагчдынхаа ажиллах нөхцөлийг ийнхүү сайжруулсан, энэ шинэчлэлийг цаашид үе шаттай үргэлжлүүлнэ гэж ОБЕГ-ын удирдлагууд хэллээ.

Онцгой байдлын албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирснаар сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан 7558 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 2791 хүний амь нас, 38 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид дэлхийн халуун цэг Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо үүргээ нэр төртэй биелүүлэн мэргэжлийн ур чадвараа олон улсад таниулсаар байна. Удахгүй Монгол Улс олон улсад эрэн хайх, аврах багтай болно. НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний баг манай улсад ажиллаж, зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийн дагуу олон улсын түвшинд эрэн хайх, аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчдыг бэлтгэнэ ОБЕГ-ын удирдлагууд онцоллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн өмчийн хороо МАН-ыг шүүхэд өгөв

Лениний музейн байсаншид саяханыг болтол нийслэлийн МАН-ын хороо эзэмшиж байсан. Улмаар хувийн хэвшлийнхэнд түрээсэлдэг байлаа. Харин Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсанаар төр өмчөө буцааж авсан юм. Жил гаруйн хугацаанд шүүхээр явсан Лениний музейн барилга төрийн өмч болох нь тогтоогдсон. Гэтэл МАН-ынхан 2012 оны сонгуулийн мөнгөө босгохын тулд энэ байшинг газрын хамт Г.Алтан хатагтайд нэг сая ам.долларын барьцаанд тавьсан нь саяхан ил болсон. Иймд ТӨХ-ны зүгээс, төрийн өмч, онцгой объект болох музейн барилга, түүний доорх газрын үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа Монгол Ардын Намд хандаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөхийг шаарджээ. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн шаардлагыг биелүүлэхгүй, ямар нэг байдлаар хариу өгөхгүй байгаа аж.

Хууль бусаар гадагшаа гарсан палентлогийн олдворуудаас 22 ширхэг нь АНУ-аас 2014 оны маргааш Улаанбаатар хотноо ирэх гэж байгаатай холбогдуулан дээрх үүсээд байгаа нөхцөл байдлыг нэг бүр нэг талд шийдвэрлэхээр Төрийн өмчийн хороо, Үлэг гүрвэлийн төв музей хамтран ажиллаж буй юм байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Улс, орон нутгийн музей нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэгтэй гэж заажээ. Энэ дагуу тэд түүх соёлын дурсгалт өвийг хадгалж, хамгаалах онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладгийн хувьд өчигдөр “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”-д хамтарсан нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барьцаалах…-ыг хориглоно” гэж заасны дагуу Монгол Ардын Намыг хариуцагчаар татаж, тухайн төрийн өмчит музейн барилга, байгууламж, эзэмшлийн газрыг барьцаанаас чөлөөлөх, барьцааг солих асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д 53 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн байдлаар тус шагналд давхардсан тоогоор 53 байгууллагыг нэр дэвшүүлсэн бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр 18 цагаас Баянгол ресторанд болно.

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг автозам, барилга, дэд бүтэц-инженерийн байгууламж, дэвшилтэт шинэ технологи бүхий үйлдвэр гэсэн дөрвөн салбарт шилдгийг тодруулна. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэх урилгыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам, тээврийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн 9 дүүрэг, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Барилгын холбоо, Монголын авто замчдын холбоо гэх зэрэг байгууллагад хүргүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын зам талбайн тохижилт, бохирын цооногийн хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажлыг зохион байгуулах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар бага сургууль, цэцэрлэгийн гадна зам талбайн тохижилт, бохирын цооногийн ажилд нийт 146,5 сая төгрөгөөр зарцуулах бөгөөд уг хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ БАГА
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН
ГАДНА ЗАМ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ, БОХИРЫН ЦООНОГИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ

/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Төсөвт өртөг
1 Гадна зам талбайн тохижилтын ажил 113,9
2 Бохирын цооног 32,6
НИЙТ 146,5
Categories
мэдээ улс-төр

Ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт 53.9 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тохиролцсон юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга ирэх оны төсвийг Сангийн сайдгүйгээр хэлэлцэх болоод байна, иймээс эхлээд Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа төсвөө хэлэлцье гэсэн санал гаргахад УИХ-ын дарга “Төсвийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт тохирсон. Сангийн сайдын үүргийг Ерөнхий сайд орлож байгаа” гэсэн хариулт өгөв.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт батлагдсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсов. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж орсноо илэрхийлсэн тухай албан бичгийг тус намын бүлгээс ирүүлснийг уншиж танилцуулав.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлэв. Эдгээр хуулиудын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Төслийн зарим үзүүлэлтийг онцловол, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн 2013 оны гүйцэтгэл: Дотоодын нийт бүтээгдэхүүн Монгол Улсын эдийн засаг 2013 онд 11.6 хувиар өсч, оны үнээр илэрхийлсэн ДНБ-ий хэмжээ 19 их наяд төгрөгт хүрлээ 2013 онд экспортын орлого буурсан хэдий ч хэрэглээ болон хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн нь эдийн засгийн өсөлтөд гол түлхэц болов. Тухайлбал, эцсийн хэрэглээ дунджаар 18.6 хувиар, үндсэн хөрөнгийн хуримтлал 7.8 хувиар тус тус өссөн байна.

Эдийн засгийн өсөлтийг салбаруудаар авч үзвэл 2013 онд мал аж ахуйн салбар, уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбар болон үйлчилгээний салбар харьцангуй өндөр өсөлттэй гарсан байна. Мал сүргийн тоо 2013 оны эцэст 45 сая толгойд хүрснээр мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл өмнөх 2012 оноос 20 гаруй хувиар өссөн, уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт хийгдэж уул уурхайн салбар бүхэлдээ 20 орчим хувиар өссөн байна. Тухайлбал, Оюутолгойн зэс, алтны ордын баяжуулах үйлдвэр 2013 оны 6 дугаар сард ашиглалтад орж, 7 дугаар сараас зэсийн баяжмалаа экспортолсон, газрын тосны бүтээгдэхүүний олборлолтын хэмжээ 41 хувиар өссөн байна.

2013 онд боловсруулах үйлдвэрлэлийн салбар 10 гаруй хувиар өссөн нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого үр дүнгээ өгч байгаагийн илрэл.

Ажилгүйдэл

Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр, “Эзэнтэй Монгол”, “40-өөс дээш болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах хөтөлбөр”, “Ажил олгогчийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 2013 онд 1198.3 мянгад хүрч, ажил эрхлэлтийн түвшин 92.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.9 хувь, ажиллах хүчний оролцооны түвшин 61.9 хувьтай байна. Хөдөлмөрийн хэлтэсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны эцэст 42.8 мянгад хүрсэн байна.

Инфляци

2013 оны жилийн эцсийн байдлаар хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн инфляцын түвшин улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 12.3 хувьтай гарсан байна. 2013 онд Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийн худалдан авах чадварыг тогтвортой байлгахад анхаарч ажилласан. Тухайлбал, “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, энэ хүрээнд дэд хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнд:

1. “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
2. “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр
3. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
4. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр
5. “Орон сууцын ипотекийн зээл” хөтөлбөр
6. “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүд байна. Дээрх дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд хэрэглээний гол бүтээгдэхүүнүүд болох шатахуун, мах, гурилын үнэ 2013 онд харьцангуй тогтвортой байлаа. Тухайлбал, хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2013 онд махны үнийн өсөлт харьцангуй бага байв. “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, үр дүнд нь шатахууны үнэ 2013 онд тогтвортой байлаа. Мөн 2013 оны 5 дугаар сараас эхлэн эх орны газрын тосыг боловсруулан хийсэн Мон-93 шатахууныг оруулж ирсэн нь үнийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөв.

“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн авто замын тээвэрлэх хүчин чадлыг 2 дахин өсгөж, нэг хоногт багтаан Замын-Үүдээс Улаанбаатарт ачаа хүргэх тогтолцоо бий болсноор импортын бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, дотоодын зах зээл дээрх үнэ харьцангуй тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, орон сууцын санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа.

2013 оны 8 дугаар сард боловсролын үйлчилгээ болох сургалтын төлбөрийн зардал нэмэгдсэн, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан зэргээс шалтгаалан инфляцын түвшин 2013 оны эцэст 12.5 хувь болов.

Bалютын ханш

Төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2013 онд дунджаар 1524 төгрөг болж өмнөх оны дунджаас 12.1 хувиар суларсан үзүүлэлттэй гарлаа. 2013 оны 3 дугаар улирлаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг тогтмол суларсан. Харин тухайн оны 11 дүгээр сарын сүүлчээс чангарч эхэлсэн нь дотоод болон гадаад хүчин зүйлстэй холбоотой юм. Гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг тодотговол, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан мөнгөний зөөлөн бодлогоо зогсоосонтой холбоотойгоор түүхий эд экспортлогч орнуудын үндэсний валют ам.долларын эсрэг суларсан байна. Дотоод хүчин зүйлс гэдэгт төлбөрийн тэнцлийн алдагдал өссөн. Урсгал дансны алдагдал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон нь төгрөгийн ханш сулрахад ихээхэн нөлөөлөв. Урьд нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт урсгал тэнцлийн алдагдлыг нөхөж байсан бол 2013 онд Оюу Толгой төслийн эхний шатны хөрөнгө оруулалт дуусаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан тул урсгал дансны алдагдлыг нөхөж чадахгүйд хүрсэн. 2012 оны эцэст төлбөрийн тэнцэл 1705 сая ам.долларын ашигтай гарч байсан бол 2013 оны эцэст 1867.3 сая ам.долларын алдагдалтай гарч гадаад валютын албан нөөц уг дүнгээр буурлаа. Иймд төгрөгийн ханш гадаад валютуудын эсрэг сулрахад төлбөрийн тэнцэл сөргөөр нөлөөлсөн байна.

Төлбөрийн тэнцэл

Төлбөрийн тэнцлийг дансаар авч үзвэл, урсгал дансны алдагдал 2012 оны мөн үеэс 5.1 хувиар буурч, 3192 сая ам.долларын алдагдалтай гарсан ба хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеэс ашиг нь 72.5 хувиар буурч 1345.8 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Урсгал данс: Нийт экспорт 2.6 хувиар буурсан болон нийт импортын хэмжээ 5.9 хувиар (FOB нөхцөлөөр тооцсон) буурсан нь төлбөрийн тэнцлийн урсгал дансанд эергээр нөлөөлжээ. Нийт экспортын ихээхэн хувийг эзэлдэг нүүрсний экспорт өмнөх оноос буурсан бол боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт өмнөх оноос 2.5 дахин өссөн байна. Монгол улсад орж ирэх гадаадын жуулчдын тоо буурсны улмаас аяллын үйлчилгээний тэнцэл буурсан.

Хөрөнгө ба санхүүгийн данс: Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь валютын зах дээрх гадаад валютын нийлүүлэлтийг бууруулж, улмаар төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрахад хүргэв. Нөгөө талаас хувийн хэвшлийн гаргасан бондын эргэн төлөлтийн үе 2013 онд тохиосон нь санхүүгийн дансны ашиг буурахад нөлөөлөв.

Гадаад худалдааны тэнцэл

Монгол улсын гадаад худалдааны бараа эргэлт 2013 онд 10.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 4.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Экспортын хэмжээ 2.6 хувиар, импортын хэмжээ 5.7 хувиар тус тус буурсан тул нийт гадаад худалдааны алдагдал 11.5 хувиар буурч, 2.0 орчим тэрбум ам.долларт хүрэв.

Экспорт: Монгол улсын нийт экспорт 2013 онд өмнөх оноос 2.6 хувиар буурч, нийт экспортын хэмжээ 4.3 тэрбум ам.доллар болов. Энэ нь манай орны экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурч, нүүрсний экспортын биет хэмжээ буурсантай холбоотой. Харин бусад экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй алт, боловсруулаагүй газрын тос зэрэг бүтэгдэхүүний экспортын хэмжээ өссөн байна. Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд нэхмэл бүтээгдэхүүн болон амьтны гаралтай бүтээгдэхүүн ихэнх хувийг эзэлж байгаа ба үүнээс нэхмэл эдлэл, самнасан ноолуур зэргийн экспортын хэмжээ урьд жилийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа бол ноолууран хувцас, хонины ноос, тэмээний ноосон хөнжил зэргийн экспортын хэмжээ 2013 онд буурсан байна.

Импорт: 2013 онд Монгол Улсын нийт импорт 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оныхоос 5.7 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Импортын бууралтад уул уурхайн машин механизмын импорт багассан, мөн шатахууны импорт буурсан нь голлон нөлөөлөв

Дотоодын нийт бүтээгдэхүүний 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл

2014 оны эхний 8 сарын гүйцэтгэлд үндэслэн тооцоход оны төгсгөлд эдийн засгийн өсөлт нэмэгдэхээр байна. Үүний тулд Чингис бонд, Хөгжлийн банкнаас оруулах хөрөнгө оруулалт, Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс гадна экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх зорилгоор Концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд авто зам, цахилгаан станцын төслүүдийг 2014 онд хэрэгжүүлж байна. Мөн Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлолтыг дэмжин ажиллаж байна. Төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2014 онд аж үйлдвэрийн салбар 11.6 хувиар, үүнээс уул уурхай салбар 17.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 5.9 хувиар тус тус өсөхөөр хүлээгдэж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтын ажлын үр дүнд үйлчилгээний салбар 3.9 хувиар өсөж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 2014 онд 6.9 хувь, 2015 онд 7.1 хувь, 2016-2017 онд 10 орчим хувиар тус тус өсөхөөр төсөөлөгдөж байна.

Валютын ханшийн 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл

2014 оны 8 дугаар сард төгрөгийн дундаж нэрлэсэн ханш 1862.2 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар суларсан байна. Эхний 8 сарын дундаж ханш 1795.9 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар суларсан дүнтэй байна. Төв банкнаас бодлогын хүүгээ 1.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгосон. Гадаад худалдааны алдагдал буурахаар хүлээгдэж байгаа. Оюу Толгой төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхээр байгаа зэргээс энэ оны эцэст валютын ханш тогтвортой байхаар байна.

Гадаад худалдааны 2014 оны эхний 8 сарын гүйцэтгэл, 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014 оны эхний 8 сарын байдлаар 7.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 хувийн өсөлттэй байв. Нийт бараа эргэлтийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдсөн боловч гадаад худалдааны тэнцлийн алдагдал 98.5 хувиар буурч, 23 сая ам.долларт хүрэв. Үүнд экспортын хэмжээ 32.6 хувиар өсөж 3,576.3 сая ам.доллар, импортын хэмжээ 15.4 хувиар бууран 3,599.3 сая ам.доллар болсон нь нөлөөлжээ. Монгол улсын нийт экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бүрдүүлж байна.Тодруулбал, зэс, нүүрс, алт, газрын тос зэрэг бүтээгдэхүүнүүд зонхилох байр суурийг эзэлж байна. Импортын хэмжээ 2014 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 15.4 хувийн бууралттай байгаа нь нийт импортод голлох нөлөө үзүүлдэг эрдэс бүтээгдэхүүний импорт тэр дундаа дизель түлшний импорт 19.0 хувиар буурсантай холбоотой байна. Мөн авто, агаарын замын тээврийн хэрэгслийн импорт 2014 он гарсаар 43 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд болох машин механизм болон тэдгээрийн түүхий эдийн импортын хэмжээ 2014 оны эхний 8 сарын байдлаар буурсан. Оны эхний хагаст зарим уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспортын хэмжээ өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа боловч гол бүтээгдэхүүнүүд болох зэс нүүрс, газрын тос, алтны экспортын хэмжээ өссөнөөр 2014 оны эцэст нийт экспортыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Улсын төсөв, концессын гэрээ, Чингис бонд, Самурай бонд болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалт, төслүүдийн хүрээнд ашиглагдах тоног төхөөрөмж, машин механизмын импорт өсөж, 2014 оны эцэст нийт импортын хэмжээ бага зэрэг нэмэгдэхээр байна.

Чуулганы хуралдаанаар яг одоо энэхүү танилцуулгатай холбоотойгоор гишүүдийн асуулт тодруулга үргэлжилж байна. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн танилцуулгыг бүрэн эхээр нь ЭНД ээс уншина уу.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөговийн Ханбогдод нөөцөөрөө Тамсагтай эн тэнцэхээр газрын тосны орд байна

Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлт­сийн дарга О.Энхбаяртай ярилцлаа.

-Өмнөговийн Ханбогдын “Галба 11” талбайд хийсэн 14 өрөмний 13-т нь газрын тос илэрсэн гэх мэдээлэл бай­на. Энэ ордын талаар дэл­гэ­рэнгүй мэдээлэл өгөөч?

-“Галба 11” бол өмнө хийгд­сэн судалгааны үр дүнд газрын тос байх магадлалтай гэж үзэж,1992 онд олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарласан 22 талбайн нэг л дээ. Энэ талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зон Хэн Юу Тиан” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан юм. 2009 онд анх гэрээ байгуулж байсан юм. Галба 11-ийн байршил гэвэл Өмнөговь аймгийн Ханбогд сум, Дорноговь аймгийн Хатан­булаг сумдын нутаг дэвсгэрийг хамардаг. Гэхдээ талбайн 90 хувь нь Ханбогд сумын нутагт хамаардаг. Энд хайгуулын 14 цооног өрөмдсөн юм. Бүх цооногт нь тосны шинж тэмдэг тогтоогдсон. Үүнээс гурван цооногт нь 20 орчим хоног туршилт хийж, 1500 метр куб түүхий тос олборлосон байгаа.

-Тэгэхээр тэнд хайгуулаас гадна олборлолт явагдаж байж. Олборлолтыг нь яагаад үргэлжлүүлээгүй юм бол?

-“Галба 11” талбай болон тос гарсан блокийн хувьд үнэлгээ хийгдээгүй, нөөц тогтоогдоогүй, олборлосон тосоо хэрхэн борлуулах асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн шалтгаанаар олборлолтыг зогсоосон юм. 2012-2013 оны тухайд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахгүй удсан тал бий. Компанийн хөрөнгө оруулалт шийдэгдээгүй гэсэн асуудал ч байсан. Энэ мэт шалтгаанаас болж хайгуулын ажил зогсонги байдалд орсон хэрэг. Харин 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр Газрын тосны тухай хууль батлагдаж, газрын тосны салбарт баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болсон л доо. Нэгэнт орчин нь бүрдсэн учраас “Галба 11” талбайд газрын тос үүсэх боломжтой тогтоц, өрөмдөх цооногийн байршлыг тогтооход чухал ач холбогдолтой гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Одоогоор 358.9 км.квадрат талбайд чичирхийллийн судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Манай газраас саяхан газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцлаа. Ажил нь 50 гаруй хувьтай явж байна. Хээрийн боловсруулалтын түвшинд маш сонирхолтой бүтэц, тогтоцууд тогтоогдож байгаа гэсэн эерэг мэдээллийг “Зон Хэн Юу Тиан” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “ВGP” компанийн мэргэжилтнүүд танилцуулж байсан.

-Өмнөговийн “Галба 11”-ийг Тамсагтай эн зэрэгцэхээр орд гэж яриад байгаа. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-“Галба-11” талбайн хувьд одоогоор албан ёсны нөөц нь тогтоогдоогүй байна. “Зон Хэн Юу Тиан” компанийн судлаачид Тамсагаас дутахгүй орд илэрнэ гэж үзэж байгаа. Бид ч “Галба 11” талбайд Тамсагийн ордтой дүйцэхүйц хэмжээний нөөц илэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та нарыг очих үеэр хөрөнгө оруулагч компанийн зүгээс тодорхой ямар ямар мэдээллүүд өгсөн бэ?

-Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт уулзалтад “Зон Хэн Юу Тиан” компанийн хайгуул хариуцсан захирал оролцохоор ирсэн л дээ. Тэр хүн “Галба 11” талбайн ирээдүйн талаар маш сонирхолтой мэдээлэл өгч байсан. Одоо хийгдэж байгаа гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын үр дүнгээр тос илэрсэн блокоос илүү сонирхолтой хотгор тогтоогдсон гэж ярьсан. Бас дараа жил томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, 14 цооног өрөмдсөн блок дээрээ үнэлгээний зургаан цооног өрөмдөнө гэж байна лээ. Үнэлгээний ажил үр дүнтэй болчихвол тухайн блокыийн нөөцийг бодож, олборлолтод шилжүүлнэ гэж байна. Ашиглалтын 20 орчим цооног өрөмдөнө, мөн энэ жилийн гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийсэн талбайд хайгуулын зургаан цооног өрөмдөнө гэж төлөвлөж байгаагаа ярьсан. Гэхдээ ажлын төлөвлөгөө нь албан ёсоор батлагдаагүй байгаа.

-Хайгуулын явцад сонирхолтой хотгор газар олсон гэж компанийнхан мэдээлсэн юм байна. Хотгор газар гэдгийг энгийнээр тайлбарлаач. Нөөц нь илүү гүндээ байна гэсэн үг үү?

-1940-1960 онуудад газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгаанд үндэслэн хотгоруудын талбайн хэмжээ 500 000 км.квадрат, тунамал хурдаст зузаан нь 4500 метр хүртэл гээд тунамал хурдаст хотгоруудыг ялгасан байдаг л даа. Хотгор гээд байгаа нь тунамал хурдасыг хэлж байгаа юм. Хичнээн гүн хотгор байна төдий чинээ тос үүсэх магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ хотгор бүрт тос байна гэж ойлгож болохгүй л дээ. Монголын геологийн нөхцөл маш төвөгтэй. Тосны хураагуурууд нь нимгэн. Тектоникийн хагарлын нөлөөгөөр шилжилт хөдөлгөөнд их өртсөн байдаг. Тийм учраас газрын тосыг олж, илрүүлэхэд маш хүндрэлтэй. Тос олборлож байгаа цооногийн яг хажууд нь өрөмдөхөд л тос илрэхгүй байх жишээтэй.

-Тос агуулсан хэсгийн гүн аймаг аймгаараа ялгаатай байх уу?

-Тос агуулсан хурдасын гүн нь янз бүр л дээ. Дорноговийн сав газарт 1200-1800 метр, Тамсагийн сав газарт 2300-3200 метр, Өмнөговийн сав газарт 800-1200 метр байна.

-“Галба 11” талбайд хэчнээн ам.долларын хайгуул хийсэн бэ?

-“Зон Хэн Юу Тиан” компани 2009-2012 онд 36.7 сая ам.долларыг хайгуулд зарсан байдаг. Энэ онд хийсэн гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлын өртөгтэй нийлүүлж тооцвол 45 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд газрын тосны хайгуулын ажил маш өндөр өртөгтэй байдаг. Жишээ дурьдахад, гурван хэмжээст чичирхийллийн судалгааны нэг км.квадрат ажлын өртөг гэхэд л 30000-35000 ам доллар байдаг юм. Ажлынх нь хэмжээгээр үржүүлэхээр 10 орчим сая ам.доллар болж байгаа юм.

-Нэг өрөм тавихад хичнээн ам.доллар зарцуулдаг вэ?

-Геологийн тогтоцоос шалтгаалаад өөр өөр байдаг. Дунджаар хоёр сая орчим ам.доллар зарцуулдаг.

-Газрын тосны хууль шинэчлэгдэхээс өмнө компаниуд хүлээлтийн байдалтай байсан гэж та ярилаа. Өмнөговьд одоо хайгуулын ажил ид өрнөж байна уу?

-Тиймээ. Хайгуулын ажил боломжийн хэмжээнд явагдаж байна. Дараа жилээс улам эрчимжинэ. “Магнай трейд” компани “Баянтүмэн 17” талбайд 523 тууш км-т хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа, “Эн Пи Ай” ХХК “Хөхнуур 18” талбайд нэг хайгуулын цооног өрөмдсөн. “Сансрын геологи хайгуул” ХХК “Цайдам 26” талбайд нэг цооног өрөмдсөн бол “Зон Хэн Юу Тиан” 358 км.квадрат талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийгээд байна. Мөн “Импайр газ” ХХК “Борзон 7” талбайд, “Шунхлай Энержи” компани “Сулинхээр 23” талбайд энэ ондоо багтаан хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.

-Газрын тосны хайгуулын ажил хийдэг Монгол компаниуд бий юу?

-Газрын тосны хайгуулын гурван хэмжээст чичирхийллийн ажил, өрөмдлөг, каротаж, туршилт зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг компани одоохондоо Монголд байхгүй. Эдгээр ажлуудыг газар нутгийн хувьд хамгийн ойрхон БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэж байгаа. Хайгуулын бэлтгэл ажлыг хангахад маш их цаг хугацаа шаардагддаг. Гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрөл, тоног төхөөрөмж оруулж ирэх гэх мэт өчнөөн ажил бий. Нэг өрөм тээвэрлэхэд 70-80 машин ачаа болдог. Өрөмдлөгийн ажлыг гэхэд л 50-60 хүн гүйцэтгэдэг. Галба 11 талбайд гүйцэтгэж буй гурван хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг 330 орчим хүн гүйцэтгэж байгаагаас 153 нь тухайн орон нутгийн иргэд ажиллаж байх жишээний. Хятад ажилчдад зөвшөөрөл авч оруулж ирэх, монгол ажилчдыг цуглуулах зэрэг ажлыг зохион байгуулахад багагүй цаг хугацаа шаардагддаг.

-Өмнөговьд яг хичнээн компани хайгуул хийж байгаа вэ. Хайгуулын үр дүн хэр байна?

-Өнөөдрийн байдлаар дөрвөн компани Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. “Борзон 7” талбайд “Импайр газ” ХХК ажиллаж байгаа. Саяхан Засгийн газрын шийдвэрээр “М Си Эс” ХХК-иас эрх үүргийг нь шилжүүлжавсан юм. “Номгон-9” талбайд “Сансрын геологи хайгуул” ХХК, “Төхөм 10” талбайд Монголын алт ХХК, “Галба 11” талбайд “Зон Хэн Юу Тиан” ХХК ажиллаж байна. Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсанаар огт судлагдаагүй талбайд эрлийн ажил гүйцэтгэх эрхзүйн орчин бүрдсэн. “Эрдэнэс таван толгой ХХК, “Монголын Алт” ХХК-иуд нүүрсний давхаргын метан хийн эрлийн гэрээ байгуулаад байгаа. Эрэл, хайгуулын ажил эхлэлийн шатандаа явагдаж байгаа тул үр дүнгийнх нь талаар ярихад эрт байна.

-Манай улсын газрын тосны нөөц хэр бол. Хайгуул хийх бололцоотой байршлуудыг тогтоочихсон байдаг уу?

-1992 онд өмнө нь хийж байсан судалгаанд үндэслэж газрын тос байх магадлалтай 22 талбайг ялгасан юм. Нэмж талбай ялгаж, зарим талбайг хувааснаар өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 31 талбай байна.

-Хичнээн талбай нь олборлолтод шилжээд байгаа вэ, удахгүй олборлолтод шилжих талбай лав л “Галба 11” байх шиг байна?

-21 талбайд нь гэрээ байгуулсаны гурван талбай нь олборлолтод шилжээд байгаа. Дараагийн олборлолтод шилжих магадлалтай талбай гэвэл мэдээж “Галба 11” байна.Мөн “Хөх нуур 18” талбайд таван цооног өрөмдсөнөөс дөрөвт нь тосны шинж тэмдэг илэрсэн. Энэ онд нэг цооногт туршилт хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлын үр дүн маш чухал байна. Бусад талбайн хувьд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний ажил хийж байж л тос байгаа үгүйг тогтооно. “ПетроЧайна Дачин” компани хоёр талбайд хоёр тэрбум орчим ам.доллар зарцуулсны үр дүнд олборлолтод шилжсэн. 19, 21, БХГ-97 талбайнх нь хувьд баталгаат нөөцийн хэмжээ 332.64 сая тонн байна. Үүнээс ашиглалтын баталгаат нөөцийн хэмжээ нь 43.2 сая тонн байгаа. Нөөц өсгөх аргуудыг хэрэглэснээр нөөц нь тодорхой хэмжээгээр өсөх боломжтой.

-Хайгуул хийгээд амжилтгүй болсон жишээ байна уу?

-Газрын тосны хайгуул маш эрсдэлтэй. Тариач 15 талбайд 21 цооног өрөмдсөнөөс хоёр цооногт тосны шинж тэмдэг илэрсэн төдий байна.Матад 20 талбайд 11 цооног өрөмдсөн ч үйлдвэрлэлийн ач холбогдолтой тос илрээгүй. Энэ хоёр компани хоёулаа л хайгуулд 60 орчим сая ам.доллар зарцуулсан. Газрын тосны хувьд тос илрэх тийм ч том амжилт биш. Ийм их хөрөнгө зарчихаад үйлдвэрлэлийн ач холбогдолтой орд илрүүлэхгүй бол хөрөнгө оруулагчдын хувьд маш том эрсдэл. Монголын хувьд эрсдэл өндөртэй хайгуулын ажлаа гэрээлэгчдийн хөрөнгөөр хийлгэчихдэг. Тос олдохгүй бол ямар ч эрсдэл үүрэхгүй. Харин тос олдвол олборлолт явагдаж, борлуулалт хийгдсэн өдрөөс нь л ашгаа хүртэж эхэлдэг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн эхнэр З.Цэрэндулам: Намаа хүмүүс хаяж байх хүнд цагт Дондог төмс тарьж намынхаа цахилгаан дулааны мөнгийг төлж байлаа

Авлига авсан, их хэм­жээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүн болсон хэмээн Д.Дондогийг хуулийн­хан буруутгаад байгаа. Болж өнгөрсөн үйл явдлын талаар Д.Дондогийн эхнэр З.Цэрэн­дуламтай ярилцлаа.

-Д.Дондог гуай гурван удаа УИХ-ын сонгуульд ялалт байгуулж байсан. МАН-ын яах аргагүй тулхтай зүтгэлтнүүдийн нэг байх шүү?

-Намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Гурван удаагийн сонгуульд нэр дэвшээд ялалт байгуулж байлаа. Үүнийг Төв аймгийнхан бүгд мэднэ. Нэр дэвшихдээ ямар нэгэн байдлаар хүн луйвардаж, мөнгө тарааж, сонгогчдыг татах гэж булхай луйвар хийж байгаагүй. Тэрийг би биш, Төв аймгийнхан бүгд мэднэ. Ганцхан МАН-ынхан ч биш бүх ард түмэн мэдэж байгаа. Мөнгө тараагаад хүн луйвардаад байсан бол яаж гурван удаа УИХ-ын сонгуульд нэр дэвших вэ дээ. Тэнд ганцхан МАН-ынхан нэр дэвшихгүй шүү дээ. Бүх л намаас нэр дэвшигч өрсөлдөгч нар тодордог. Бүх л суманд нэр дэвшигчийн бие төлөөлөгч, ухуулагч нь байдаг. Ийм хяналт дор сонгууль болдог. Тэр зарчмаар өрсөлдөөд ялж байсан. Түүнээс мөнгө хэрэглээд цацаад явсангүй. Энэ хэл амны асуудал юунаас болсон бэ гэхээр 2008 онд үнэхээр эдийн засгийн хямралын жил байсан. Зөвхөн Монгол Улс ч биш, дэлхий нийтээрээ эдийн засаг хямарч байсан үе. Тэр үед мөнгө төгрөг хомс байлаа.

-Та 2008 оны УИХ-ын сонгуулийн үеийн нөхцөл байдлыг хэлж байна уу?

-Тэр үед УИХ-ын сонгуульд нэр дэвших боллоо. Сонгуульд зарцуулах мөнгө төгрөг босгоё, зээл авъя. Ах дүү, хамаатан садан, найз нөхдөдөө хандъя. 100-гаад сая төгрөг ямар ч байсан босчих байх гэж ярьж байлаа. Нэр дэвшигч нарт хуулиар олгогдсон хандивын уулзалтыг зохион байгуулах эрх байдаг. Байгууллага гурван сая, иргэн хүн нэг сая төгрөг өгдөг. Тэр жишгээр нь хандивын уулзалт хийе гэж байж байтал орон тооны бус туслахаар нь ажиллаж байсан Г.Сайнбаяр орж ирсэн.

-Энэ нөгөө Д.Дондог гуайн талаар эсрэг мэдүүлэг хуулийнханд өгсөн хүн мөн үү?

-Тийм, тэр орж ирээд “Багшаа надаас мөнгө зээлчих. Сонгуулийн дараа аажуу уужуу төлчих” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь Д.Дондог “Чамд тэгээд мөнгө байгаа юм уу” гэж асуухад Бий, Орос Монгол хоёрын хооронд уул уурхайн хүнд механизмын сэлбэг оруулж ирдэг том бизнестэй шүү дээ. Та ер нь надад итгэхгүй байна уу” гэж хэлсэн байдаг. Манай хүн хариуд нь “Миний шавь тэгж хэлж байхад би олон хүн цуглуулаад хандив энэ тэр гэж явдал чирэгдэл болоод яах вэ. Харин сонгуулийн дараа намайг шавдуулаад мөнгөө нэхээд байх юм биш биз. Жилийн дотор бол мөнгийг чинь буцаагаад өгчих байх” гэсэн байгаа юм. Нөхөр бид хоёр нэр дэвших явцад 140 сая төгрөг орох юм байна. Юмыг яаж мэдэх вэ, 150 сая төгрөг л хэрэгтэй юм байна гээд өмнө нь тооцоо гаргаж байсан. Дондог тэгээд 150 орчим сая төгрөг хэрэг болох нь гэж хэлсэн байдаг. Тавдугаар сард энэ явдал болсон юм. Д.Дондог нэг өдөр ирээд “Зээл бүтчихлээ. Шавь маань туслах нь” гээд баяртай байсан. Удалгүй сонгууль ч болсон. Нэр дэвшигчид сонгуулийнхаа тойрог руу явах болсон. Нөгөө Г.Сайнбаяр байдаггүй. Юу болов гээд Сайнбаяраас лавлатал “Мөнгө алга гээд, цонх нь хагарсан нэг машин, нэг микро автобус гаргаж өгөөд мөнгө удахгүй өгнө” гэж хэлсэн байдаг. Ажил эхэлчихээд байхад ингэж болохгүй шүү дээ гэж хэлээд Төв аймаг руу хань минь хөдөлсөн. Зам зуурын жижиг зардлуудаа өөрөөсөө гаргаад явсан.

-Та хоёр хоёулаа Төв аймгийнх гэдэг байх аа?

-Миний хань чинь багш хүн. Бид хоёр хоёулаа Төв аймгийнх. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж дөрвөн жил багшилсан. Тэр үед л МАН-д элссэн. Анх аймгийн намын хороонд ажилтнаар орсон. Тэр цагаас өдийг хүртэл 30 гаруй жил энэ намтай амьдралаа холбоод нам төрийн бүхий л ажлуудыг хийж ирсэн дээ. Анхан шатнаас нь авахуулаад төрийн өндөр албан тушаал хүртэл дэвшиж ажиллаж байлаа.

-Танай хүнийг Төв аймгийнхан очиход нь мөнгө нэхээд байдаггүй. Бололцооныхоо хэрээр сайхан сэтгэлээр угтаж авдаг байсан гэдэг?

-Төв аймагт олон жил ажилласан. ИТХ-ын даргыг дөрвөн жил, намын даргыг олон жил хийсэн хүн. Дондогийг танихгүй хүн гэж Төв аймагт байхгүй. Тэр утгаараа очих болгонд нь хүмүүс хүндэтгэлтэй ханддаг. Ямар ч байсан хоол, байрны мөнгө гэж Дондогоос нэхээд авдаггүй. Өөрсдөө гэр орондоо аваачаад хонуулна, найз нөхөд нь ч аваад явдаг. Олон хүн дагуулаад очвол хувааж аваад байрлуулаад явчихдаг. Манай аймгийнхан чинь сайхан сэтгэлтэй шүү дээ. Олон ч сайн найз нөхөд бидэнд бий, Төв аймагт.

-Тэгээд нөгөө амласан мөнгөө Г.Сайнбаяр гэдэг хүн өгсөн үү?

-Хэсэг хугацааны дараа Д.Дондогт “Нөгөө Сайнбаяр чинь мөнгө өгдөггүй. Өнөөдөр, маргааш гээд хуураад яваад байна” гэж хэллээ. Нэр дэвшигчдийн ажил эхэлчихсэн. Мөнгө зээлэх хүн ч олдсонгүй.Сурталчилгааны сонин сэтгүүлийг нь хэвлэлийн компаниудад зээл тавиад хийлгэчихэв. Тэгэхээр нь би “Сайнбаярыг нөгөө мөнгөө өгнө гэсэн яасан бэ, чадахгүй бол тэрийгээ хэл. Чамаас болж ажил саатах нь гэж хэлсэн юм. Сайнбаяр ч “За мөнгө орж ирдэггүй даруйхан бүтээнэ ээ л” гэж хэлсэн. Нэг хэсэг сонгуулийн ажил чинь юу болж байна ч гэж асуусангүй. Хань минь ч юм ярьсангүй. Гэтэл Сайнбаяр нөгөө мөнгөө дөрөв, таван саяар нь цувуулж штабынханд нь өгөөд байсан бололтой юм. Дондог тухайн үед “Сайн баримтжуулж аваарай. Баримтгүй бол би хүлээн зөвшөөрөхгүй шүү” гэж хэлсэн юм билээ. Би нэг удаа нөгөө мөнгийг чинь Сайнбаяр өгсөн үү гэтэл “жижиг сажгаар нь цувруулж өгөөд байна. Ажил хийхэд хэцүү юм” гэж хэлсэн. Би Сайнбаяртай уулзаад “Зээлэх мөнгөө надад авчирч өг. Зарцуулах юм ч байна. Орон тооны бус туслах гээд чамд тайлагнах албагүй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр “Чи яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлдэг байсан. Юм хэлэх тоолонд толгойгоо маажаад “Эгч за маргааш, нөгөөдрөөс авлагаа цуглуулна” гээд яваад байдаг байсан. Сонгуульд ажиллаж байгаа хүмүүстэйгээ уулзахаар Бүрэн суманд явж байтал хамт явж байсан хүний утсаар надтай хүн ярья гэж байна гэж хэлсэн. Утас автал “Би Батбилэг гэдэг хүн байна. Та нар Сайнбаяраас хэдэн төгрөг зээлье гэсэн юм бэ” гэж байна. “Сайнбаяраас өөрөөс нь асуухгүй юу, яагаад надаас асууж байгаа юм” гэтэл “Сайнбаяр ах согтуу янз бүрийн дүн хэлээд байх юм” гэсэн. Би хариуд нь юу гэсэн үг юм бэ. Чамаас мөнгө авч байгаа юм уу” гэлээ. Тэр “Тийм, надаас мөнгө зээлж байгаа. Сайнбаяр ахын мөнгө нь бүтэхгүй байна” гэв. Хариуд нь “Янз бүрийн мөнгөн дүн гээд байх юм. 150 сая төгрөг зээлнэ л гэсэн. Түүнээс илүү мөнгө бол бид авахгүй шүү” гэж хэлсэн. Гурав хоногийн дараа Сайнбаяр 90 сая төгрөг өгсөн. Бодвол Батбилэгээс авч өгсөн байх. Тэгээд л энэ асуудал дууссан. Ерөнхийдөө энэ асуудалд бид болон Дондогийн оролцоо ийм л байсан. Мөнгөнийхөө баримтыг Сайнбаярт өгсөн. Хавтаст хэрэгт тэр баримт нь байхгүй л юм билээ.

-Ерөнхийдөө ийм үйл явдал болж. Сайнбаяр мэдүүлэгтээ тэгээд юу гэж хэлсэн байх юм?

-Анх Сайнбаяр үнэн зөв мэдүүлэг өгч байсан юм билээ. Анх хүнээс 300 мянган ам.доллар зээлж авсан. Сонгуулийн сурталчилгаанд гэж авсан. Тэр хүмүүс өөрснөө УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой байя, тусалъя гэж өгсөн. Анх 150 сая төгрөгөөс илүү авъя гэж бодоогүй гэтэл Батбилэг нэмээд нийтдээ 300 мянган ам.доллар гэж хэлээд авчих гэсэн. Тэгж мөнгө зээлсэн гэж хэлсэн байдаг. Мэдүүлэг өгснөөсөө хойш буюу нэлээд хугацааны дараа 2009 оны сүүлээр мэдүүлэг нь өөр болоод явчихсан байдаг. Сүүлдээ тэр мэдүүлгэндээ бүх мөнгөө Дондог даргын сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж мэдүүлсэн байдаг. Дондог дарга зарцуул гэхээр нь л зарцуулаад байсан гэж хэлсэн юм билээ.

-Яагаад түүний мэдүүлэг зөрөх болов, таны хувьд таамаглаж байгаа зүйл бий юу?

-Сайнбаярын мэдүүлэг сүүлдээ өөрчлөгдсөн. Түүнийг хүний үгээр Дондогийн эсрэг мэдүүлэг өгөөд ял тулгаад хэрэгт унагачихлаа гэж бодож байгаа. Улс төрийн зорилгоор хэн нэгэн хүн цаанаас нь толгойг нь эргүүлээд чамайг гаргана гэдэг ч юм уу юу гэв. Дондогийг л ялтан болгох ажиллагаа явуулсан шиг байгаа юм.

-Уг нь ганц хүний мэдүүлгийг үндэслээд хүнийг яллачихмааргүй юм?

-Үнэндээ бол ганц хүний мэдүүлгийг үндэслээд мөрдөн байцаагч нар ханийг минь хэрэгт буруутгачихсан.

-Мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт нотлох баримт гэж чухал юм байх ёстой шүү дээ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч нотлох баримтыг үндэслэх ёстой гэж заасан байдаг юм билээ. Гэрчийн мэдүүлгийг хөдөлшгүй баримтаар нотолно гэсэн байдаг.

-Манай хуулийнхан хэн нэгний мэдүүлгээр бусдыг ялладаг явдал бараг устсан л гэж ойлгож ирсэн. Тийм зүйл байсаар байгаа юм байна даа?

-Мөрдөн байцаагч нар хүний гар хөл болдог юм уу эсвэл дарамтанд ордог юм уу. Яг л нэг талыг бариад явчихдаг юм билээ Г.Сайнбаярыг долоо найман удаа байцаасан байдаг. Нэг л асуултыг асуугаад нөгөө хүн нь долоон өөр л хариулт өгсөн байдаг юм билээ. Яг тогтсон мэдүүлэг байхгүй. Тэгээд би хэн нэгний нөлөөнд оржээ гэж ойлгосон. Эхний мэдүүлгээрээ явсан бол Г.Сайнбаяр ялд өөрийгөө унагачихааргүй байсан юм билээ. Сүүлд нь мэдүүлэг нь өөрчлөгдөөд Г.Сайнбаяр ч өөрийгөө хэрэгт хийгээд дээрээс нь Дондогийг хорлочихсон. Хүний амьдралаар л тоглочихсон харагдаж байна лээ.

-Танай хүнийг бие муутай гэж сонссон. Бие нь ямархуу байгаа вэ. Настай хүн хоригдоно гэдэг хэцүү шүү дээ?

-Манай хүн чинь бие муутай. Багш хийж байхдаа өдөр шөнөгүй, өчнөөн цагаар ажилладаг байсан. Социализмын үед залуу хүмүүсийг шахаж ажиллуулдаг зүйл байдаг шүү дээ. Тэр үед ядаргаанд ороод хоёр удаа шарлаж байсан, элэг нь муу. Элэгний церрозтой.

-Хоригдсоноос нь хойш бие нь ямар байна?

-Биеийн байдал муу байна. Цагдан хорих төвийн эмнэлэгт байгаа. Улаан хоолойн гол судас нь бүдүүрсэн. 2011 оноос хойш хоёрдугаар эмнэлгийн хяналтад орсон. Эмч нар нь хагалгаанд ор гээд өөрөө айгаад ороогүй.Олон дахин дурандахад ч тэр судас нь хагарах аюултай. Хань минь маш сайн гам барьдаг тулдаа яваад байсан юм. Хоригдоод хоёр сар болж байна. Бодоод үзэхэд ч агаараас авахуулаад хэцүү. Залуу хүмүүс ч ядардаг. Тийм л хэцүү газар шүү дээ. Ханийг минь хийгээгүй хэргийнх нь төлөө намын улсууддаа ая тал засаж нэр нүүр олох гэв үү. Эсвэл жигтэйхэн хэрэг илрүүлж, айхавтар хэргийн учгаас бариад авчихсан гэж харагдах гэсэн үү ханийг минь хэлмэгдүүлчихлээ. Би үнэхээр харамсаж байгаа. Манай хүн чинь маш уян зөөлөн хүн.

-Сайнбаярыг та нар хэдийнээс мэдэх вэ. Яаж яваад орон тооны бус туслах нь болчихсон юм бэ?

-Сайнбаярыг нутаг усны хүүхэд. Ээж нь Баян сумын Рааш гэдэг хүний хүүхэд юм билээ. Аав нь бас гайгүй сайхан тулхтай хүн байсан гэж Дондог ярьдаг юм. Ханийн маань ангид сурдаг байсан Сайнбаяр онц сурдаг. Хариуцлагатай хүүхэд байсан гэдэг. Тэр хүүхэд сургууль төгссөнөөсөө хойш Дондогтой уулзаагүй. Дондог бол Сайнбаяр гэж шавь байсныг мэдээд байдаг. Тэгээд Сайнбаяраас миний шавь байсан Сайнбаяр мөн үү гэж асуусан байгаа юм. Сайнбаяр мөн л гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ Сайнбаяр чинь Дондогийн шавь биш. Нэгдүгээр арван жилд Дондог багшилж байхад тэр хоёрдугаар арван жилд сурч байсан юм билээ.

-Өөр Сайнбаяр байсан болж таарсан гэсэн үг үү?

-Энэ хэрэг мандаад ирэх үеэр Сайнбаярыг сураглалаа. Дондог “Би андуурсан байна. Миний шавь Сайнбаяр биш байсан байна. Тэр одоо байхгүй юм шиг байна” гэж хэлж байсан. Шавь гээд л нэр бариад залилан хийсэн буруу хүн гэж Г.Сайнбаярыг яаж бид мэдэх билээ.

-Дондог гуай энэ хэргийн талаар юу гэж хэлж байх юм?

-Энэ хэрэг чинь зургаан жил гаруй болсон шүү дээ. Хэрэг хийгээгүй хүний сэтгэлд өөрийгөө яллачихна гэж буудаггүй юм байна. Тэр тусмаа шүүхээр ял оноочихно гэж буухгүй юм. Тэгээд ч Дондогийн буруугүй гэдгийг нотлох баримт хангалттай байсан.

-Сайнбаяраас авсан зээлээ буцааж өгсөн үү?

-Зээлсэн мөнгөө авъя гэсээр байгаад авсан. Батбилэг гэдэг хүн “Та Сайнбаяр гэдэг хүнээс 150 сая төгрөг авсан тухайн үед эхнэртэй чинь утсаар ярьсан. Тэр мөнгөө буцааж авъя . Тэр мөнгө чинь минийх” гэж Дондогт хэлсэн байдаг юм. Хариуд нь Сайнбаяраа дагуулж ирж ав гэсний дагуу Сайнбаяр, Батбилэгийг дагуулан ирж 150 сая төгрөгөө авсан. Энэ бол 2009 он шүү дээ. Тэд ч мөнгөө авчихаад “өр авлагагүй” гэсэн баримт үйлдээд явсан байсан.

-Сайнбаяр, Батбилэг нарт мөнгөө алдсан гэх Меритон компанийнхантай уулзаж байсан уу?

-Тэр хүмүүсийг бид мэдэх ч үгүй. Гэтэл тэд 2012 онд ирж Дондогтой уулзаад “Таны талаар Сайнбаяр, Батбилэг нар буруу ойлгуулаад байсан байна. Та энэ хэрэгт холбоогүй юм байна. Судалгаа хийтэл тэд өмнө нь мөнгө зээлсэн хүмүүсийнхээ өрийг дарах гэж бидэнд худлаа хэлээд явсан байна. Та Сайнбаяраас мөнгө аваад төлчихсөн юм байна. Тантай бид ямар ч яриа байхгүй ээ” гээд мэдүүлэг очиж өгсөн байдаг. Тэгээд “Дондог гэдэг хүний нэрийг бариад байна. Хэргээс мултрах гээд эсвэл мөрдөн байцаалтын явцыг удаашруулах гээд байгаа бололтой. Хэргийг өөр талаас нь шалгаж өгч тусална уу гэж хүсэлт гаргасан байна лээ. Тэр хүсэлтийг нь хууль хяналтынхан авч хэлэлцээгүй юм билээ. Надаас ч дуудаж байцаалт авч байгаагүй. Уг нь энэ хэргийн үнэн мөнийг надаас өөр мэдэх хүн байхгүй байсан. Сайнбаярын үгээр л Дондогийг шалгаад явсан байдаг. Арай хэтэрхий байгаа биз дээ, хэлэх үг ч олдохгүй байгаа юм.

-Намынхан нь тусалж байна уу. МАН-ыг хэцүү байхад Дондог гэдэг хүн УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад гараад ирж байсан шүү дээ?

-Дондог бол намаа муу хэлнэ гэж ерөөсөө байхгүй. Энэ намд залуухан 20 хэдэн настайгаасаа авахуулаад өдий хүртэл зүтгэж байсан.Намаа хүн болгон хаяад явж байсан хүнд хэцүү цагт Дондог төмс тарьж, намынхаа цахилгаан дулааны мөнгийг төлөөд явж байсан үе бий. Маш хүнд үеийг МАН-ын ахмад үеийнхэн туулж ирсэн. Төв аймагт МАН ялагдаж байсан түүх ер нь байхгүй.1996-2000 оны үед Төв аймагт 50:50 хувь болж байсан. Гэхдээ орон нутгийн сонгуульд ялаад ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Түүнээс бусдад нь ялалт байгуулж байсан. Би ч намыг нь муу хэлнэ гэж байхгүй. Нам гэдэг бол зүгээр нэг байгууллага шүү дээ. Тэр дотор маш олон хүн ажиллаж байна. Тэр хүмүүс бол хувь хүмүүс шүү дээ. Муугаасаа сайн нь энэ намд олон бий.Цөөхөн явуургүй хүмүүс байдаг л байх. Энэ намынхан бүгдээрээ мөрдөн байцаагч шүүгч биш. Хэрэгт хувь хүн талаасаа орох боломжгүй шүү дээ. Намыг тусалсангүй гэдэг ч юм уу, гомдоод явах юм алга.

-Хувьдаа баяжаагүй эрх ашиггүй хүн гэж ярьдаг юм билээ. Хурааж хуримтлуулсан юм байдаг юм уу?

-Бид хоёр малчин айлын хүүхдүүд. Тухайн үедээ манай хоёр талын аав ээж яахаа алдсан тартагтаа тулсан ядуу хүмүүс байгаагүй. Малтай хөрөнгөтэй, орон нутагтаа нэр хүндтэй. Бид хоёр ч суурь хүмүүжил сайтай. Арван жилээ онц төгссөн. Сайн мэргэжил эзэмшсэн. Миний нөхрийн хувьд УБИС-ийг социализмын үед улаан дипломтой төгсөж байсан. Улаан дипломтой хүнийг яам тамгын газар руу татдаг байхад өөрийнхөө хүсэлтээр Төв аймаг руугаа явна гээд явсан хүн. Нийлж суугаад тусдаа гарахад бусдын жишгээр ах маань хувийн машинаа бэлэглэж, ээж аав минь мал тасдаж өгч, байртай бол байртай. Хүний өмсөж зүүдэг үнэтэй цайтай бүх л юм байсан. Одоо ч бий. Түүнээс айхавтар авлига аваад баяжъя гэж буруу санаа өвөрлөж явсангүй. Харин хүнд тус болох юмсан гэж явж ирсэн.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өсөхөө аваргын аав Ц.Гэлэгжамц гуайнд өнжлөө

Бөхийн өргөөний урдхан, хүүхдүүдийнхээ барьсан орон сууцанд хоёр хөгшин налайж сууна. Цэвээний Гэлэгжамц гэж монгол бөхийн домог болсон Буур Жамъян аваргын хүргэн, өнөө цагийн бөхийн манлай Өсөхөө аваргын аав түүнтэй хуучлахсан гэх бодол эртнээс л төрдөг байлаа. Хүүгээ төрийн наадамд түрүүлэх бүрт ёс юм шиг есөн хөлт цагаан тугны өмнө гүйж очин үнсээд, сэтгэл дүүрэн байгааг нь харах бахтай сан. Өсөхөө хүүг нь Монгол Улсын дархан аварга цол хүртсэнийх нь дараа ижий аавынд нь зочилсон маань бэлгэшээлтэй санагдаж байлаа.

Гэлэгжамц гуай монгол тооллоор өнөө жил наян нас хүрч байгаа гэнэ. Тэрээр 1935 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төржээ. Харин Өсөхөө аваргын ижий хөгшнөөсөө таван насаар дүү юм байна. Аавтайгаа буюу Буур аваргатай жигтэйхэн адилхан хөгшин уртаа гэгч хүрэн цоохор тэрлэгтэй инээмсэглээд угтсан. “Та хэдийг ирнэ гэхээр дүүгийнхээ хүүхдийг дуудаад хоол унд тэрлүүлээд байж байна. Уул нь манай хөгшин гэр орны ажилд шалмаг, гал тогоондоо хэнийг ч ойртуулдаггүй юм. Одоо жаахан ядраад байх болжээ” гэж гэрийн эзэн өгүүлэв.

Зүүн гараас Буур Жамьян аварга, Б.Түвдэндорж аваргын хамт. 1940-өөд оны дундуур

Зочны өрөөний ханын гоёмсог хүрэн шүүгээнд хадам аавынх нь зургууд харагдана. Тэр дундаа Буур аваргын Түвдэндорж аваргатай хоёул үндэсний спортын гавьяат мастерын тэмдгээ зүүгээд алхаж байгаа өнгөт зураг тодоос тод дурайж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор буюу далан нэгэн оны наадмаар Жамьян аварга уригдаж ирсэн байдаг.

Далаад оны эхэнд түүнд үндэсний спортын гавьяат мастер гэдэг цолын хоёр дахь дугаа­рыг нь олгосон түүхтэй. Одоо­гийн гавьяат тамирчин гэдэг цол юм. Ууган гавьяат мастер нь Түвдэн аварга шүү дээ. Далан нэгэн он гэснээс, тэр жилийн наадамд Жамьян авар­га ирээд буцахдаа Бал даргад сэтгэл жаахан дундуур байсан гэдэг. “Наадмын урьд өдөр Сүхбаатарын талбайд бөх­чүүдийг цуглуулаад нам засгийн удирдагчидтай уулзлаа. Цэдэнбал намайг харчихаад “Буур чи амьд байдаг юм уу” гээд гар барьж байна. Надаас олон дүү хүн биз дээ. Тэр ер нь хүнийг та гэж сураагүй байх. Маш амтгүй хүн юм аа” гэсэн баримт сэлт бий. Гэрийн эзний тамхилсан хөөргийг сонирхох зуур уг дурсамж сэтгэлд буусан хэрэг. Мэдээж Жамьян аварга, Түвдэндорж аварга хоёрын зургаас үүдээд. Цай цүй болоод удаагүй бай­тал Гэлэгжамц гуайн бага хүү Батбаяр орж ирлээ. “Эгч нь яав” гэж хоёр хөгшин зэрэг асуугаад авлаа.

“Хүүхдүүдээсээ дуудвал зүгээр шүү” гэж Гэлэгжамц гуайд сануулсан учир бага хүүгээ, мөн гурав дахь охин болох Нарангэрэлээ зав чөлөө гаргаад аавынхаараа ирээрэй гэж хэлжээ. Бага хүүдээ хандан “Аавынхаа хөөргөөр хүмүүстэй тамхил” гэв. Батбаярыг Өсөхөө ахын­хаа ижил улсын цолтой бөх гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тэрээр Архангай аймгийн наадамд 1998, 1999 онуудад дараалж түрүүлээд 2000 онд улсын наадамд анх зодогложээ. Гурвын даваанд Хөвсгөлийн Элбэгт унасан байна. Харин дараа жил нь буюу наян жилийн ойгоор “Батцэнгэлийн динозаврууд” болох Жавхлантөгс харцага, Хишигдорж заан нараар дөрөв, тав давж улсын цолны босго алхаад улмаар зургаагийн даваанд шинээр начин цол хүртээд байсан амьдаа Дашдондовын Батбаяртайгаа тунаж барилдан давж харцага цол хүртсэн нэгэн. Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аваргад амлуулж унасан түүхтэй. Батбаяр харцагаас ажил албыг нь сонирхоход “Эрдэнэт хотын Хангарьд спорт клубийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Одоо удирдлагын академид сурч байна” гэв. “Манай хүү удирдлагын академид сураад сүрхий байгаа. Бодох нь ээ, том дарга болох санаатай юм байгаа биз” гэж аав нь хөөрхөн явуулж байна.

Тэрээр зургийн цомог үзэж сууснаа “Хөөх, ахыг дархан аварга болоход талбай дээр ийм их хүн цугласан юм уу” гэж дуу алдаад явчихав. “Манай гэрийнхнээс би л ганцаараа мэдээгүй” гээд дурамжхан байгаа нь илт. Мань хүн ахыгаа дархан аварга цолны үнэмлэх тэмдгийг Төрийн ордонд гардаж байх цаг мөчид “Хангарьд”-ын бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарчихсан, утасны сүлжээгүй газар байж л дээ. Тэгээд долдугаар сарын долооны оройхон бэлтгэлээс буугаад Эрдэнэтийн төв рүү орж ирэхдээ дуулсан аж.

Харин Гэлэгжамц гуай сэтгэл ихэд тааламжтай “Хүүгээ дагаад Төрийн ордон руу орж явчихсаан” хэмээн инээд цалгиулж сууна. Өсөхөө аварга нэг их гоё өндөр захтай улаан шаргал дээлтэй очсон харагдсан. Та урлаж өгсөн үү гэж ээжээс нь асуутал “Наранчимэг гэж манай охин хийж өгсөн юм. Дүүгийнхээ дээл хувцас, монгол гутлынх нь оймсны хараа чимэглэл, хөөрөгнийх нь даалин зэргийг Наранчимэг л хийж өгдөг” гэлээ. Насантогтох гуайн ээж Гарамдагий гэж үйлэнд уран хүн байжээ. Тэгэхээр охиноос нь гарсан хүүхдүүд уран байх нь. Насантогтох гуай “Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь нэг зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа” гэж хуучилсан юм. Гоньдоор амталсан бууз зооглох зуураа Гэлэгжамц гуайгаас хадам аавынх нь талаар асуулаа. “Буур аваргыг төрийн наадамд анх дагуулж ирсэн хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. 1925 оны наадамд нутгаасаа ирж барилдаад халхын гурван “босоо” гэгддэг Вандан, Самдан, Шагдар нартай их шөвөгт шалгарч Хэнтийн Самданд унаж үзүүрлэсэн түүхтэй. Тэгээд 1926, 1928 онуудад арав давж түрүүлсэн байдаг. Харин ид үедээ төрийн наадамд хэд хэдэн удаа өнжсөн юм билээ” хэмээн асуулаа.

Үүнд Гэлэгжамц гуай ийн хариулсан юм. “Төрийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж Буур хэмээн улс даяараа алдаршиж байсан тэр цагт нь эсэргүү нарын бослого гэж түүхэнд тэмдэглэгдсэн Тариатын хүрээний бослого гарч, нутаг усанд нь үймээн самуун дэгджээ. Түүнээс болж, мөн анхны хань эндсэн зэрэг шалтгаанаас үүдээд аав хэдэн жил наадамд ирж зодоглоогүй юм билээ. Энд нэг зүйлийг сонин болгоход, эсэргүү хөдөлгөөнийхөн аавыг бослогодоо элсүүлэх гэж оролдож байжээ. Цэргийн Шагж гэж сайхан бөх байсан. Өнөөдөр аварга болох хүн гээд судлаачид, Завхан нутгийнхан үзээд байгаа. Тэр хүн улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн бөх л дөө. Гэтэл гучаад оны эхээр яг ид барилдаж байсан үедээ өнөө түйрэнгүүдтэй нэгдэж, нөгөө хэд нь “Манай баатар, чамайг улааны сум нэвтлэхгүй” хэмээн хөөргөөд тулалдааны эхний суманд алуулсан байдаг. Хадам ааваас эсэргүүнийхэн хоёр морь аваад явж л дээ. Тэгээд хэлсэн хугацаанд өгсөнгүй гэнэ. Аав хонинд явлаа гэж гэрийнхэндээ хэлээд өнөө хоёр морио авахаар Тариатын хүрээ рүү явж байтал өөдөөс нь ногтоо чирсээр ирсэн гэдэг. Тэгж л аавын амийг хоёр хүлэг нь аварсан байгаа юм” гэж Буур аваргатай холбоотой хүмүүсийн тэр бүр мэдэхгүй зүйлийн талаар хуучиллаа.

Өсөхөө аваргын эгч нарын нэг Нарангэрэл гаднаас орж ирлээ. Бас л тэнгэр баганадсан эмэгтэй байлаа. Нэг метр 91 сантиметр өндөртэй гэсэн. Аваргын ээж Насантогтох гуай залуудаа нэг метр 85 сантиметр өндөр байжээ. Харин түүний аав Буур аварга ид залуудаа хоёр метр 30 сантиметр өндөртэй, 130 килограмм жинтэй байсан гэдэг. Нараа эгч “Завгүй тэвдэж явахад аав ээж хоёр дуудаад. Уул нь амралтын өдрөөр л бид энд цугладаг юм” гээд “За одоо надаас юу асуух гэж байна” гэсэн янзтай алаг нүдээ эргэлдүүлэв. “Хагас сайныг бид битүүн, бүтэн сайныг шинийн нэгэн гэдэг юм. Ёстой л битүүлж, шинэлж байгаа юм шиг аавынд мах чануулж, бууз жигнүүлж хоёр өдөр болно. Та хэдэд буузаа жигнээд өгчихөж, удахгүй мах чанана гээд унах байх” гээд инээмсэглэлээ.

“Ярианыхаа сэдвийг бөхөөс жаахан холдуулъя л даа, энэ чинь. Вандан аварга, Буур аварга, Түвдэн аварга, Өсөхөө аварга гээд л халхын алдарт аваргуудын тухай үргэлжлээд явж өгөх бололтой. Ингэхэд та ээжийнхээ ямар хоолонд дуртай вэ” гэж Нараа эгчээс тулган асуулаа. “Будаатай банштай цайнаас нь салах юм биш. Багад бол ээжийн боорцог, гамбир шиг амттай зүйл байсангүй. Манай аав боорцог их сайхан хийдэг” хэмээн сонирхуулав. Ингээд Нараа захирал (“Вайт лейк” ХХК-ийн ерөнхий захирал) Буур өвөөгийнхөө тухай “Гэр орных нь ажилд тусалж эмнэлэгт хэвтсэн үед нь хоол цайг нь дөхүүлж, хүнсийг нь цуглуулж, ус түлээг нь ойртуулдаг нь манайхаас би байсан” гэв.

“Өвөө минь өнгөрөхийнхөө урд өдөр надад биеийн тамирын хувцас 120 төгрөгөөр авч өгч билээ. Аймгийн тусгай дэлгүүрээр өвөө үйлчлүүлэх эрхтэй. Би тэгэхэд долдугаар ангийн хүүхэд байв. Бараг л анх удаа шинэ хувцас өмсөж байгаа минь тэр байх. Дээрээ хоёр эгчтэй байсан болохоор эгч нарын хувцсыг улирааж өмсөнө. Их л баярласан юмдаг. Гэвч маргааш өдөр нь өвөө минь биднээс үүрд явчихсан” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс тунараад ирэв.

Тэрээр Архангай аймгийн арван жилийн сургууль дүүргээд Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Мал аж ахуйн хүрээлэнгээс эхэлсэн байна. Аавынхаа мэргэжлийг өвлөснөөрөө бахархдаг гэж хэлсэн. Гэлэгжамц гуайн ач нараас арав гаруй эдийн засагчид төрсөн гэнэ. Ихэнх нь гадаадад сургууль соёл дүүргэж байгаа аж. “Манай аав бол оюуны мундаг хүн” гэж охин нь хэлээд аавыгаа хайр хүндэтгэлийн зөөлөн харцаар ширтэж суусан юм.

“Өсөхөө сая охинтой минь уулзаад ирсэн гэнэ. Дажгүй л байгаа бололтой” гэж хоёр хөгшин хоорондоо ярилцаж суулаа. Өсөхөө аваргын том, хоёр хөгшний хайртай ач нарынх нь нэг Америкт сурч байгаа ажээ. Аав нь “Алдар” спор хорооны тамирчдаа ахалж Цэргийн дэлхийн аваргад оролцох үеэрээ охинтойгоо уулзжээ. “Манай Батбаярын хүүхэд Японд байгаа, тэдний хүүхэд тэнд байгаа” гээд л ярьж байсан. Гадагшаа явсан ач, зээ нараа ихэд санадаг бололтой. Архангай бол бөхийн өлгий нутаг. Ялангуяа Батцэнгэл бол бөхөөрөө алдартай. Харин Монгол Улсын дархан аваргагүй байсан юм билээ. Өсөхөөгөө дархан аварга болоход ихэд бэлгэшээж баярласан нь мэдээж, наадам сайхан болсон уу гэж Гэлэгжамц гуайгаас асуухад, ээж нь цаанаас “Хүүгийн минь дархан аварга цолыг хүндэтгэж нутаг орон маань сайхан баяр зохион байгуулсан. 512 хүчтэн зодоглож хүн бүхэн уухай хашгирч байхад аав минь тэнгэрээс харж байгаа болов уу гэж бодоод нүдэндээ нулимстай суулаа” гэв. Харин гэрийн эзэн “Манай энэ хүүгээ түрүүлэх бүрт нь баярлаад л, хүмүүсийн дунд уйлаад л, хашгичаад л сүйд болдог. Би яахав, мэлин хойлог талдаа ч хүн юм уу. Нэг их баярлаж хөөрөөд сүйд болдоггүй юм. Түрүүлэх учиртай хүн нь түрүүлж байна даа гэж боддог. Яахав, ер нь хүүгээ нэг үнсье гэж бодоод тугны өмнө гүйж очиж үнсдэг” хэмээн хээв нэг өгүүлсэн нь яалт ч үгүй дархан аваргыг төрүүлсэн аав мөн дөө гэж бодогдов. Гэлэгжамц гуайтай зэрэгцэж суугаад хоёул зургийн цомог эргүүлж, Буур аваргын Баянаа аваргатай, Түвдэн аваргатай авахуулсан зургийн үүх түүхийг хуучлангаа өнөө жилийн наадмын тухай сонирхлоо. Гурвын даваанд Өсөхөө аваргыг Сүхбат аварга амласныг шуудхан асуугаад авав.

“Наадмын эхний өдөр хүүтэйгээ хамт цэнгэлдэх рүү очсон. Ер нь Өсөхөө аавтайгаа хамт очих гээд байдаг юм. Замд хүү минь хэлж байсан. “Бөхийн комиссоос намайг зүүний магнайд гарна шүү гэсэн. Гэхдээ Сүхбат зүүний магнайд гарна гэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл яршиг, би барууны магнайд л гарчихна” гэж байв. Тэгтэл яг л хүүгийн хэлсэн ёсоор наадмын бөхийн комисс эрэмбийнхээ дагуу гээд Өсөхөөг зүүний магнайд гар гэлээ. Сүхбат би гарна гэсэн байна. Ингэхээр нь Өсөхөө барууны магнайд очоод зогсчихсон. Хэрүүл уруул хийгээгүй шүү дээ. Харин хоёр дахь өдөр би аажуу, уужуу очъё гээд хүүдээ хэлчихээд байж байтал Сүхбат Өсөхөөг амлалаа гэж дуулддаг юм. Тэгэхээр нь яарч сандраад яваад очлоо. Хүний л эцэг болсон хойно тэр агшинд чинь янз бүрийн зүйл бодогддог юм билээ. Сүхбат ер нь хүүг минь яах гээд байнаа гэж хүртэл бодогдсон. Гурвын даваа эхлэхийн өмнө Өсөхөөд ойртож очоод “Болгоомжтой л байгаарай даа хүү минь. Хөл гар руу чинь өшиглөж, цохих вий” гэж хэллээ. Тоосон шинжгүй зогсож байна. Хүмүүс янз бүрээр л шуугиад байв. Тэр бүгдийг Өсөхөө тоогоогүй.

Сүхбат яагаад Өсөхбаярыг амлав гэдгийг надаас олон хүн асуудаг. Би бол нэг их тоймтой хариу өгдөггүй юм. Яахав, миний бодлоор Сүхбатын сэтгэл санаа тухайн үед жаахан үймэрчихсэн байжээ. Тэр хүнд зөвлөдөг хүмүүс гэж байдаг байх. Тухайн хүмүүс нь буруу зөвлөгөө өгөөд хий хөөргөөд, дэвэргээд байна уу гэж санагдах юм. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, найман жилийн өмнө зодог тайллаа гээд олон түмний өмнө бөхийн дэвжээгээ үнсээд, есөн хөлт тугнаасаа адислаад дахиж барилдахгүй гэж ам өчгөө өгсөн хүнийг яагаад барилдуулав гэдэг бас сонин. Бүртгэж авахгүй байдаг ч юм уу, ямар нэгэн зүйл хийх л байсан байх. Гэхдээ хүний эрх юм байгаа биз дээ. Уул нь Сүхбат чинь миний хүүтэй ижил сайхан бөх. Миний хайрладаг л бөхчүүдийн нэг. Хаана л таарна надад ирж үнсүүлээд явж байдаг хүүхэд байгаа юм. Тэр жил Өсөхөөгийнхөө аварга цолны найранд гэргий Баясгалангаа дагуулчихсан хамгийн түрүүнд ирээд сууж байсан. Өнөө жил сэтгэл санаа үймэрчихсэн сонин байв уу даа. Дархан аварга цолоо авахаар Төрийн ордонд ирэхдээ гурвын даваанд ам авч байгаа юм шиг монгол гутлаа өмсчихсөн, зодгоо бүсэлчихсэн ирсэн шүү дээ. Төрийн ордонд тэгж ирэхэд нь л надад сонин сэтгэгдэл төрж байлаа” гэв.

“Сүхбатыг өшиглөөд авах вий гэж боджээ. Өмнө нь Өсөхөө аварга Сүхбатыг нэг тийрчихсэнийг манайхан мартаагүй дээ” гэж лавлах маягтай асуухад тэрээр “2001 оны тэр зүйл дээр Баянаа аварга ч тэр, Сүхбат ч тэр ерөөсөө юм бодоогүй. Бөхийн тэмцэл гээд өнгөрсөн. Тухайн жилийн наадмын яг маргааш нь уяачдын баяр дээр Баянаа аварга бид хэд таарахад огтоос юм бодоогүй шүү гэж хэлж байсан. Уяачдын наадмыг манай хөгшин Баянаа аваргын гэргий хоёр нэг дор суугаад үзэж л байлаа. Батбаяртай Баянаа аварга таарчихаад “Миний хүү эмзэглээгүй биз дээ. Бид бол тэр талаар юу ч бодоогүй шүү” гэж хэлж байсан гэдэг” хэмээн хариулсан юм.

“Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн” хэмээн Насантогтох гуай өгүүлээд “Би чинь хүний ганц охин шүү дээ. Аавынхаа дөчин насан дээр төрсөн. Намайг төрөх үед аав наадамд барилдах гээд явчихсан эзгүй байсан гэдэг. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн” хэмээв.

Домог болсон аваргын өвөр дээр эрхэлж, өнөө цагийн бөхийн манлай хүчтэнийг өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн тэрээр хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцлаа. “Өсөхөө зүүдлэхээрээ босоод явчихдаг хүүхэд байв. Манай хүүхдүүд унтахдаа өмд цамцаа орныхоо дэргэд нямбайлан эвхээд тавьчихдаг байлаа. Нэг орой Өсөхөө унтаж байснаа өмд цамц хоёроо аваад босоод ирлээ. Бид нар одоо яах нь уу гээд чимээгүй хараад байлаа. Тэгтэл авдар онгойлгож өмд цамц хоёроо хийчихээд буцаад орондоо ороод унтаад өгдөг байгаа. Өглөө босоод энд байсан өмд цамц хаачив гээд асууж байж билээ. Өөр нэг хөгжөөнтэй дурсамжаас нь хэлье л дээ. Манайх “Эх орон-52 гэдэг радиотой байлаа. Батбаяр л болдоггүйгээрээ “Ээж ээ энэ дотор юу байгаа юм бэ” гэж шалгаагаад байхаар нь “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байдаг юм. Тэгээд ээлжилж яриад суудаг” гэчихгүй юу. Нэг өдөр ажлаа тараад иртэл өнөө хоёр алга. “Та хоёр хаана байнаа” гэтэл Өсөхөө гаднаас орж ирээд чимээгүйхэн орон дээр суучихлаа. Буруу зүйл хийчихсэн үедээ андашгүй л дээ. Нэг л гэмшингүй зөөлөн зөөлөн над руу хараад л. Тэгсэн араас нь Батбаяр “Араажив дотор хүн байдаг гэсэн чинь юу вэ. Утаснаас өөр юу ч алга” гэчихсэн орж ирж байгаа юм. Тэгж л манай хоёр радиогоо амбаарт авч ороод амыг нь барьчихсан. “Яаж байгаа юм” гэсэн чинь Өсөхөө “Баагий л дотор нь хүн байдаг гээд байхаар нь үзсэн юм гэсэн сэн.

Манай Өсөхөө чинь багаасаа үнээ ивэлгэдэг гэрийн ажилд сүрхий хүүхэд байсан. Улсын наадамд хоёр дахиа түрүүлчихээд улсын аварга цолтой бөх болчихоод байхдаа хөдөө гэртээ амарч очоод өглөө үнээ ивэлгээд зогсож байна. Хаяа айлын бүсгүй “Өсөхбаярыг чинь улсын аварга цолтой том бөх гэж сүрдээд байтал ээждээ үнээ ивэлгээд зогсож байхыг нь харах их гоё санагдсан. Иймдээ л олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг байх” гэж хэлж билээ. Хөгшин нь хүүгийнхээ тухай өгүүлэхтэй залгаад гэрийн эзэн Вандан аваргын тухай яриа дэлгэлээ.

“Вандан аваргыг бол би нүдээр үзээгүй хүн. Гурван охин, нэг хүүтэй хүн юм билээ. Батцэнгэлд нүүж очоод байхдаа Ишванжил гэж Вандан аваргын хүүтэй танилцсан. Нэгдлийн адуучин, миний үеийн л насны хүн байсан. Ишванжилын бага хүү Мөнхжаргал гэж залуу одоо Батцэнгэлдээ байгаа. Хоёр жилийн өмнө байна уу даа, аймгийн начин цол хүртлээ дуулдсан. Ишванжилаас би аавынх нь тухай сонирхох гээд гэрт нь зорьж очиж хонож байлаа. Их багад нь нас барсан юм билээ л дээ. Вандан гуай ер нь дөчин хэдтэй л өнгөрсөн байх. Өндрийг нь сайн мэдэхгүй юм. Харин өргөнийг нь бол мэддэг хүмүүс нь барин тавин хэлдэг. Гэрийн хойморт авдар налаад суухад авдрынх нь булан цухуйдаггүй байсан гэдэг. Тэгэхээр цээж гэдэг бол ёстой нөгөө авдар шиг гэдэг чинь Вандан гуай л байж. За тэгээд булчин шөрмөс нь овойж товойсон, хүзүү гэдэг нь лухайсан лут эр байж дээ. Тэр их өргөн цээжтэй ханагар том хүн чинь мэдээж өндөр байсан байж таарна. Хориод оны сүүлээр Маршалтай авахуулсан нэг зураг бий. Түүнээс харахад их л том хүн байсан юм билээ. Эрүү түүшин сайтай, хацар дух их томтой хүн байжээ. Өндөр Алтанхуягийн хүү Ичиножо Ичинноровыг Вандан аваргын зургаа дахь үеийн бөх гэж танай сонин бичсэн байна лээ. Биеийн жингийн хувьд лагс хүүхэд юм байна. Гэхдээ Вандан аваргыг энэ хүүтэй харьцуулшгүй байлгүй дээ. Орсон буур ороод ирэхэд ганцхан мөрлөөд л зогсоодог байсан гэсэн баримт бий. Домогт Намхай аваргын ард л бичигдсэн хүн. Хүнийхээ хувьд ихэд цагаан цайлган, нөхөрсөг хүнлэг нэгэн байсныг хадам аав минь үргэлж дурсдаг сан” гэв.

Ийнхүү хоёр хөгшинтэй домог болсон хүчтэнүүдийн тухай өдрийн турш хуучиллаа. Оройхон хэрд Өсөхөө аварга аавтайгаа утсаар яриад эгчийнхээ ажил дээр байгааг дуулгасан. Нараа захирлын өрөөнд байж байна. “Аав ээж хоёр өнөөдөр Гантулгын эзэмшилд байгаа юм биз дээ” гэж цаашлуулаад л. Энэ сарын сүүлээр дархан аварга цолныхоо найрыг хийхээр төлөвлөж буй ажээ. “Улаанбаатар” ресторан руу гэргий нь яриад цаг нараа тохироод байгаа бололтой. “Урилгынхаа үгийг яаж бичих вэ, их утга төгөлдөр сайхан үг бичмээр байна” гээд Архангайн наадмын урилгаа үзэж суусан. Ааваасаа нарийн ширийн юмыг асууж байсан. Өсөхөө аваргатай Америк явсан тухайг нь сонирхож энэ тэрхэнийг ярилцсан юм.

Н.ГАНТУЛГА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Хоточ банхартаа хоолноосоо нуугаад илүүчилдэг байлаа

Өнөө жил ардчиллын 25 жилийн түүхт ой болох гэж байгаа юм аа даа. Манай “Өдрийн сонин”-ы хувьд энэ талаар мэдэж байгаа ч юм алга, тоож байгаа ч янзгүй. Бүтэн 25 жил гэдэг чинь бас их цагийг элээсэн байна шүү. Энэ сонины бодлого энэ тэрээс болж хамаг хэргийг хар толгойгоороо дааж хичнээн ч олон удаа хавчигдаж, хэрчигдэж үйл тамаа үзэж байв. Тэгснээ ялах нэг өдөр, үнэнд гүйцэгдэх үе эргээд л ирнэ. Хээрийн боохойтой хэрэлдэж шөнөжин нойргүй хуцаж хотоо манасан монгол банхар өглөөгүүр амьхандаа гавьяагаа магтуулчих санаатай үүдээр сагсалзаж байж гэрийн эзэнд хэмх ороолгуулан тэргэн доогуур шурган чимээ алдарна. Нар дээр мандсан хойно дулаан хэвтрээс сая боссон гэрийн муусайн тэжээвэр хавнууд дуу шуу орон айлын хүүхэд охидыг айлгаж цочоон, жиргэж яриад ер зүгээр байхгүй. Бодвоос нөгөө улс төр гээч юм нь амилж бялуугаа хувааж идэх цаг нь иржээ.

Буддын шашинтны гэгээнтэн өвгөний үлгэрт тосгоны ядуу бүсгүйг ламхай жирэмслүүлж муухай хэрэг тарьсан байна. Хүмүүс орилолдон шуугилдаж улмаар хөөрхий нялх үрийг лам дээр аваачин өсгөж өндийлгөн сая нэг санаа амарцгаалаа. Гэгээний хэдэн шавь хичнээн үнэнийг хэлээд ч үнэмшээгүй төдийгүй Багш нь хүртэл “Яах вэ зайлуул манайд байж л байг” гээд юу ч болоогүй юм шиг амарлингуй.

Цаг хугацаа ч чилээлгэ­сэнгүй. Худалч хүүхний эр буцах замдаа хүүхдээ гүтгэж мөрөөрөө яваа санваартнаар тэжээлгэсэнд ихэд хилэгнэн нүглээ наманчилжээ. Шавь нар нь “Та одоо нэрээ цэвэрлээч” гэхэд аанай л тоож байгаа ч юм байхгүй “Яахнав хөөрхий минь” гээд байдгаараа л байсан хэвээрээ…

Манай Монгол ардын дорно чигийнхний хүмүүжил ноён нуруу бүхэлдээ нэг иймэрхүү. Сайнтай муутай хорвоогийн холион бантан дунд эвдрээгүй гүдэсхэн ааш зан, угийн сэрүүн дотортон аль аль нь алаглан оршицгооно. Тэр болгоныг аймаг сум, үндэстэн ястан, нам эвсэл, шашин номоор нь хамаатуулан ялгаж салгахын ч аргагүй.

1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн хувьсгалын үйл хэрэгт Улаанбаатарынхан хамгийн их идэвхтэй оролцож Сүхбаатарын талбай дээр хэдэн арван мянгаараа бүр 100 мянга гаран олуулаа жагсан МоАХ байгуулагдан босоод ирэхэд, өнөөгийнх шиг дайн тулаан бүү хэл олигтойхон хээрийн сургууль ч үзээгүй үлбэгэр эрх баригчид сүнсээ зайлтлаа айж мэгдэн бүгд бууж өгөн огцорцгоож билээ. Эзэнгүй төр, эдгүй залуус, дураараа дургиж, замбараагаа алдсан энэ улс орныг одоо эргээд санах нь ээ бүр нүдэн дээр харсаар байтал турж эцэн алдаж, дампуурцгаан хариуцлага сахилга бат хөсөр хаягдан жиргэж донгодохоос өөр үйл мэтгэхээ больчихсон юм шүү. 1996 оны сонгууль болоход нийслэлд ардчиллынхан хавтгайдаа ялцгаалаа. Бүгдээрээ дарга сайд, улс төрчид болцгоон хилийн дээс давж барууны орныг очиж үзэцгээв. Төрөл арилжиж эргээд уулзахгүй юм шиг томорцгоон хоорондоо үзэж тарж, хөдөө гадааны хэдээ баалж шоолдог, нэр усыг минь таг мартан хэсэгтээ л “Алтан загасны үлгэр”-ийн төрөл арилжсан сэхүүн эмгэд болцгоосон юм даг. Эдэн дотроо арай гайгүй төрийн ажил хийгээд нухлуулчихсан, хариуцлагатай, тууштай хэсгийнхэн нь МАХН-ын гишүүд байсан юм уу даа. Тэд гүрийсээр байгаад хамаг самрыг хичээнгүйлэн түүж цөмөн багийн даргын сонгуулийг нь хүртэл голж шилэлгүй эр хүний 13 мэхийг угсруулан санал хурааж, хөөрхөн луйвардсаар байгаад орон нутагт хангалттай сайн ялалт байгуулаадахлаа. Манай ардчилсан холбооныхон гэх угаасаа улс нийгэмд гойд ажил төрөл хийж үзээгүй, хүнтэй таарч тохирдоггүй, үе үе архидан согтуурч хэрүүл зарга үүсгэн хөөгдөж туугдахдаа тулдаг, дарга нарын хорхой идсэн шүдэнд зуугдан удирдах мэргэжлийн сургууль номноос үргэлж хасагддаг тийм л хүмүүс зонхилдог байсан ч юм байгаа. Бурхны хайр хүртэх ээлж цаг нь ирж үүд хаалга өөрөө онгойгоод ирэв. Манайхан ганц олдсон алтан боломжийг ашиглан мөрөөдлөө хангах, эрх мэдэлд хүрч санаачилгыг гартаа аван улс орны хувь заяа хөгжил дэвшлийг зөв шударга замд нь оруулах юм болсон чинь цагаа тулахаар ажил хийж чаддаг амьтан хүн гэж алга аа. Зарим нь бүр шившгээ тарин шивэртэйгээ хутгалдан булайгаа чирцгээв. Муугаа мэдэхгүй хэвтэж байж бас “Энэ муу М.Энхсайхан хэзээ ийм пээдгэр болчихов, юу гээд коммунист зан гаргаад зарчим марчим ч гэх шиг. Огцруулж хая” гэж шударга царайлан эвдрэлийн үрийг тарьж, тэрнээс хойш 2000 он хүртэл хэрүүлийн бузар нүүрлэж өөдлөхөө ч байлаа. МАХН гэдэг сөрөг хүчинтэй сүрэг болон нийлж сэм эвсэн аль тамын тогооноос цухуйсан болгоныг татаж ойчуулан засаг төрийг удаа дараа сольж холин бусниулж өглөө. Гайхамшигт дөхөж очсон ардчиллаас гадаад ертөнц гайхан ойлгохоо байж улмаар ард түмэн ч уйдаж залхаж орхилоо. 2000 оны сонгуулийн ялалтаа тэмдэглэж даргаа хийх гээд ирсэн улс төрчид маань эхний урьдчилсан дүнг сонсонгуутаа одон тэмдгээ сэмээрхэн нууж шууд амиа хичээн долигоноод эхэлдэг байна шүү. Ажил л хийж өгөөгүй болохоос хаа очиж элбэж идэж эвхэж түрийлж хага нуга баяжиж цулайсан юмгүй лааз өшиглөсөн 15000 төрийн албан хаагчид хуугаараа архинд орцгоон дахиж жагсаал цуглаан тэмцэл хийх чадамжаа алдан нэр нүүрээ ч барж дууслаа. Өнгөрсөн борооны хойноос цув олж нөмөрсөн намууд сая л нэг сэхээ орж нэгдсэн болоод мэдлэг боловсролоо дээшлүүлж, хүчээ аваад одоохон ирнэ гээд хаашаа ч юм сураг алдран алга болцгоов. Ардчиллын нэр барьж эх орончийн дүр эсгэсэн чанга дуутнуудын ханд нь хага дарагдаж, хэрэг түвэгт орж дуудагдахаас өмнө өрсөөд Америк Европ руу бүгэн бөг бөг чичирцгээн, зугтлаа. Тэднээс цөөнгүй нь Солонгос гарч харлан тэндээ шингэж жагсаал цуглаан хийж явснаа тас нуун ичээд дурсахаа ч байв.

Энэ нийгэм бүр коммунизмоосоо долоон дор юм боллоо. Шударга ёс, хууль шүүх, хээл хахууль замаа алдаж, аймшигт гэмт хэрэг аллага таллага, дээрэм тонуул хэвийн үзэгдэл болж, баян хоосноороо улам ялгаран, үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал ч эгзэгтэй болоод явчихав. Алтны уурхай, түлш эрчим хүч, банк, ноолуур, гар утас гээд өөрсдөө ноцолдоод овоо мөнгө олчихоор боломж гарах тоолонд ард нь нэг аймаар гадны нууц ноёнтон аль хэдийнэ өөр хүний нэрээр мөнгөөр зодоод авчихсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа тэнэнэ.

Энэ болж бүтэхээ байчихсан юмны араас Э.Бат-Үүл трактортой тэмцээд цагдаа нарт няц дарууллаа. Гүндалайг онгоцны буудал дээрээс барьж аваад “ганц худаг”-т аваачиж хорив. Бусад нь ч түрүүлээд зугтаж амжсан байх. Бусад байгаль хамгаалах төдий шальдар булдар хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа зогсоож үндэсний их удирдагчаа тойрон хүрээлж тэмцдэг сонин моод дэлгэрдэг байна шүү. Нөгөө шар хэвлэл, чөлөөт сэтгүүл зүй, радио, телевизүүд “Богдын их шавь боллоо” гэгчээр хайр ивээлд нь багтаж эрх баригчдыг амаа олохгүй уралдан магтан дуулдаг болсон юм. Социализмын үед ч ингэж нам засгаа, зөвлөлтүүдийг тийм сайн шүүмжилж чадсан юм болов уу. Оросууд их өрийг маань тэглэж орхилоо гээд үнэнээсээ бахархан жинхэнээсээ уйлцгаасан шүү. Яг хойд Солонгосын ажилчин тариачин шиг юм болсон доо.

Ердөө цорын ганцхан хэвлэл буюу “Өдрийн сонин” ганцаархнаа ардчилал, шударга ёсны төлөө эрх баригчтай улаан гараараа улаан цагаан тэмцэж хайр найргүй шүүмжилж, энэ дэглэмийг нураах гэж мөн ч олон жил үзэж тарсан даа. Эхлээд зориуд тоохгүй дүр эсгэж байснаа сүүлдээ олны сэтгэл санаа хоёрдоод байдал бишдэхээр бяр нь амтагдаж ааг омог нь багтаж ядан няц гишгээд хаячихмаар санагддаг юм билээ. Хэмжээгүй эрхт төр тэр муу сонинг яасан ч болохоор байлаа. 2004 он гэхэд Монголд ардчилал гэчихмээр хүнд үзүүлэх юу ч байхгүй, ганц ч сөрөг хүчний төлөөлөлгүй, жагсаал цуглаан хийхээ больчихсон, хөдөө орон нутаг балгас болон хаягдаж, хот тоос шороондоо дарагдан ядуурал бодитойгоор нүүрлэж дампуураад эхэлчихсэн байсан. Дипломат ёс журмыг ягштал баримталдаг гадаадын Элчин сайдын яамныхан, тэр дундаа АНУ-ын элчингийнхэн бүр тэсэхээ байгаад Монголын Засгийн газарт хандан “Танайх наад Өдрийн сониноо зүгээр л орхичихооч. Бусад нь ч дүүрч. Арай хэтэрч байгаа юм биш үү” хэмээн дуу алдсан байсныг бид тээр хожим мэдэцгээсэн ба тэгж нэг удаа амь аврагдсан юм шүү.

Одоо Төв Азийн ба бусад ардчилал хөгжүүлэх гэж байгаа улс орнууд манай эрх баригчид, лидерүүд, улс төрчдөөс туршлага суралцъя гэж их хүсдэг юм билээ. Ёстой үнэнээ хэлье, тэр талаар бид сайн мэдэхгүй, харин солилцож болно гэж их зөв хариулт өгцгөөдөг. Ялагдсан улс төрийн хүчнүүд хилийн чанад руу сүүлээ хавчаад зугтацгаадаг гэлтэй биш юугаа ч ярих юм. Харин бидний хувьд үхсэн ч сэхсэн ч энэ довон дээрээ хоцордог тул “Тэгэхлээр нь ингэдэг байхгүй юу” гэж мөн ч олон арга зааж өгнө дөө. Монгол оронд болж өнгөрсөн улс төр, нийгмийн бүх үйл явдал, хангалттай их баримт материал бидэнд байдаг юм. Сонирхоод байвал ирээд үзэхгүй юу.

Манай жирийн уншигч мянга мянган сэхээлэг иргэд, манай шуудангийн салбарын ажилтнууд сониныг маань сэмээрхэн нууж захиалан уншицгааж, хэзээ ямагт нэг л зангаараа байцгаасны их буян заяа түшиж шударга ёс бүрэлдсэн юм даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Нөхөр ба дайсны тухай эргэцүүлэл

Өндөр модны орой дахь үүрнээсээ өдөлж амжаагүй нэгэн ангаахай доош унажээ. Сэрүүхэн орой байсан тул тэр шувуу даарч ” Хэн нэг нь намайг дулаацуулаад өгөөсэй билээ” хэмээн шогширч гэнэ. Үүнийг нь тэр хавиар идээшилж явсан үнээ сонсоод дөхөж ирмэгцээ хөөрхий ангаахайн дээрээс ялгадасаа асгаж гэнэ. Ангаахай хэдийбээр бүлээцэж , дулаацсан ч гэлээ амьтны өтгөнд хутгалдаад чимээгүй хэвтэж чадсангүй пөөх, паах гээд л баахан шуугиан дэгдээв ээ. Гэтэл бас л тэр хавиар тэнэж явсан үнэг эл чимээг сонсож гүйн ирээд өмхий ялгадсанд хутгалдсан хөөрхий муу ангаахайг дээр дооргүй долоон цэвэрлэж байгаад идчихэж гэнэ.

Үр дүн. Чамайг хир буртагтай холиод шүүмжлээд байгаа хүмүүн бүхэн бүгд чиний дайсан чинь байх албагүй агаад эсрэгээрээ чамайг баясгаад магтаж ерөөгөөд байгаа хүмүүс бүгдээрээ бас чиний найз байх нь үгүй гэдгийг л ойлгуулах гэсэн юм. Энэтхэгийн ерөнхий сайд асан Индра Ганди нэгэн тэмдэглэлдээ “Миний амьдралын туулж өнгөрүүлсэн замд намайг муулж гоочилж байсан хүмүүс эцсийн үр дүндээ надад зөв бодлого шийдвэр гаргахад их тус болж байсныг ойлгосон” гэсэн байна лээ. Амьдралд учрах нэгэн эргэцүүлэл юм даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ