Categories
мэдээ нийгэм

Жолооны ард зөв дадалтай байхыг уриалав

Өнөөдөр “Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр”. Энэ өдөр олон улсад зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж, жолоо барихдаа, замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөх зөв дадалтай болохыг уриалдаг уламжлалтай. Манай гариг дээр нэг жилд 1.3 сая хүн зам тээврийн ослоор амиа алдаж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог баримт байна. Манай улсад сүүлийн 15 жилд зам тээврийн ослоор 5041 хүн амиа алдаж, 11020 хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд зам дээр 423 хүн нас барж, 1282 хөдөлмөрийн чадвараа алдсан харамсалтай тоо баримт байдаг. Энэ нь өдөр бүр нэгээс илүү хүн хэн нэгэн жолоочийн буруугаас цаг бусаар амиа алдаж байна гэсэн үг. Зам тээврийн ослын 97.2 хувь нь жолоочийн, 2.6 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болжээ. Тиймээс жолооч нар, явган зорчигчдод зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өөрөөсөө эхлүүлэх уриалгыг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Согтуугаар жолоо барихгүй байх, хамгаалалтын бүсээ тогтмол хэрэглэх, хурдаа тааруулах, жолооны ард гар утсаар ярихгүй байх зэрэг энгийн зүйлсийг өөртөө мөрдлөг болгоход л зам тээврийн ослоос сэргийлэх, өөрийнхөө болон бусдын амь насыг аврах бүрэн боломжтойг уриаллаа. Мөн явган зорчигч ногоон гэрэл ассан үед гарцаар гараад хэвшчихсэн байхад өөрийгөө зам тээврийн ослоос хамгаалах нөхцөл бүрдэх юм.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

“Шүгэлхүүгийн аялал” комик ном хэвлэгдэн гарлаа

Бага насны хүүхдийн насны онцлог, сэтгэхүйд тохирсон замын хөдөлгөөнд зөв аюулгүй оролцуулах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох зорилгоор “Шүгэлхүү” баатарыг амьлуулан “Шүгэлхүүгийн аялал” нэртэй комик номын эхийг бэлтгэж хэвлүүлэн хүүхэд багачуудад тараахад бэлэн болоод байна. Уг номыг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран гаргаж байгаа бөгөөд эхний ээлжинд 1000 ширхэгийг хэвлэн хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй тараахад бэлэн болоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын улс төр болоод улстөрчид үнэхээр хоцрогджээ

Монгол Улс сүүлийн хорин жилийн хугацаанд танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Энэхүү өөрчлөлт шинэчлэл, хөгжил дэвшил нь хүмүүсийн сэтгэлгээнд байлаа. Бид бүхний бодол сэтгэхүй эрс шинэчлэгдэн, хүүхэд залуу үе маань оюунлаг чадварлаг болж үзэл бодол, амьдралын хэв маяг нь зөв төлөвшөөд ирэхээр улс орны нэр хүнд дэлхий дахинд өсч үнэт капиталууд бий болоод эхэлж байгаа юм. Тэрхүү үнэт капитал нь улс орны ирээдүй болсон монгол хүн, Монголын залуучууд байлаа.

Өнөөдөр Монголын залуу үеийг ерээд оны үетэй харьцуулахын аргагүй болсон. Аливаад хандах хандлага, амьдралын зарчим чиг шугам нь манайхны хэлдгээр тэнгэр газар шиг зөрүүтэй болж. Үүнийг наад захын хэдэн жишээгээр аваад үзье л дээ. Дугуй унадаг залуучууд олон болсон байна. Монголын залуучуудын холбоо нь санаачилга гаргаад, төсөл хэрэгжүүлээд “спиртийг биш спортыг сонгоё” хэмээн залуучууддаа уриалж байна. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг манайхан хэн хүнгүй мэдэж байгаа. Гэвч Монголын төр энэхүү уриалгыг дэмжиж дугуйн зам Улаанбаатар хотноо бий болгосонгүй. Дэлхийн хотуудын ижил эрүүл нийгмийг Монголдоо бий болгохсон гэж зорьж тэмүүлсэн залуусынхаа санаачилгыг дэмжсэнгүй, гөлгөр дүлий өнөөх л хөрзгөр хэвээрээ байж байна.

Дугуй унахаас гадна эрүүл мэндээ бодоод залуучууд гүйдэг болжээ. Нийслэл хотод олныг хамарсан тэмцээн зохиох нь бүү хэл ганц хоёроороо гүйчих талбай алга. Гүйлтийн зориулалтын зам ч алга. Монголын нийслэл Улаанбаатар хүн амьдрахын аргагүй хот гэдэг нь энэ хоёр жишээнээс л илт харагдаж байгаа юм. Дэлхийн хотуудын жишгээс харахад, иргэдийнхээ эрүүл мэнд, тав тухыг бодож тэдний эрхийг хүндэтгэх үүднээс дугуйн зам, гүйлтийн замыг нэн түрүүнд шийддэг юм билээ.

Өнөөдөр манай нийгэмд юу бугшиж байгаа вэ гэхээр замын түгжээ, агаарын бохирдол гээд цааш явна. Түүнээс улбаалсан уур бухимдал, стресс ноёлох нь мэдээж. Сэтгэл гутрал, стрессийг гүйлтийн хүчинд хөнгөхөөн давж гарахыг сэтгэцийн эмч нар зөвлөдөг. Мөн чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр цусны биохимийн найрлагад өөрчлөлт орж хорт хавдраар өвчлөх нь эрс буурдаг гэсэн судалгаа ч бий. Эл бүгдийг залуучууд гүнээ ухамсарлаж, эрүүлээр сэтгэж зөв амьдралын төлөө тэмүүлэх болсон. Үнэндээ Монголын залуу үе ийнхүү өндөр боловсрол мэдлэг эзэмшиж, олон улсын стандарт бүхий сургуулиудад нэр төртэй суралцаж нийгэмдээ өөр сэтгэлгээ, өөр орчинг бий болгож эхэлсэн.

Дэлхийд эхний гуравт бичигддэг бидний сайн мэдэх Массачусетсийн технологийн их сургууль буюу МIТ-ыг манай залуусаас хүссэн нь очоод төгсөж байна. Уг сургуулийн институтыг компьютерийн шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр дүүргэж, Стэнфордын их сургуульд боловсролын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байна. Тэгээд мэргэжлээрээ Google, Yahoo зэрэг дэлхийн томоохон компаниудад шууд ажиллах эрхийг авч байгаа нь бахархмаар.

Ойрын гуравхан сарын мэдээг эргээд харъя. Оюуны олимп гэгддэг шатрын өсвөрийн дэлхийн аваргад долоон настай охин Д.Мөнхзул түрүүллээ, “Алдар”-ын тамирчин охин С.Цэрэнчимэд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга болж өөрийн жиндээ дэлхийд нэг номерт бичигдлээ, Г.Болдбаатар жудогийн дэлхийн аварга боллоо, Америкт болсон цэргийн дэлхийн аваргад Монголын тамирчид багаараа түрүүллээ гэсэн мэдээ ар араасаа давалгаалж байна. Инчоны Азийн олимпод Монголын тамирчид ямар дуулиантай оролцов. Бөхийн төрлүүдээс гадна сагс, волейболоор мөн онцгойрч манай тамирчдыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд сонирхож үнэ хаялцаж байна. Үүнийг л өнөөгийн залуу үе, ерээд оны үетэй харьцуулашгүй тэнгэр газар шиг зөрүүтэй гэж хэлээд байгаа хэрэг шүү дээ. Ерээд оны эхээр залуучууд маань ямар байлаа. Эх захгүй архиддаг, уусан идсэнээ нэгэндээ гайхуулж ярихаас өөр зүйлгүй, даанч өрөвдмөөр байсан. Өнөөдөр ерээд оныхон шиг тэгж архиддаг залуусаас үе тэнгийнхэн нь шууд л зайгаа авч, бусаддаа хэлж архи гудардаг нөхдөө оркууд гээд ойртохоос цэрвэдэг болсон байна. “Соёлт хүн төрөлхтөнд ийм л том зөрүү байгаа юм” гэдэг шиг өнөөдөр ийм л зөрүү манай залуу үеэс ажиглагдах боллоо. Орк гэдгийг манайхан мэдэж байгаа. “Бөгжний эзэн” киноны зэрлэг бүдүүлэг омгийн нэр л дээ.

Архи уудаг, идсэн ууснаа гайхуулдаг нөхдөө оркууд гэж зэрлэг бүдүүлэг мэтээр ойлгож өөрийн хүрээллээс маш хурдан гаргаж, эрүүл амьдрал хөгжил дэвшлийн төлөө залуу үе тэмүүлж буй. Үүний баталгаа бол Монгол Улс сүүлийн хорин жил танигдахын аргагүй болтолоо өөрчлөгдсөн явдал юм. Энэхүү өөрчлөлт шинэчлэл нь монгол хүний сэтгэлгээ сэтгэхүйд байна хэмээн томьёолсон маань ч ийм учиртай. Залуу үе ингэж хөгжиж олон улсын стандарт зэрэглэлийн дагуу боловсрол мэдлэг эзэмшиж, соёлт хүн төрөлхтөнтэй алхаа нийлүүлж, авьяас чадвараараа дэлхийд гайхуулж, бишрүүлж байхуйд Монголд нэг л зүйл хуучин хэвээр, огтоос өөрчлөгдөхгүй бахь байдгаараа байна. Ерэн оны цаг үетэйгээ ижил сэтгэлгээтэй, өөрчлөлт шинэчлэлийн салхи савир үзэлгүй зэвхий даасан өнгөтэй байна. Энэ бол Монголын улс төр хийгээд улстөрчид.

Монгол ардын нам, Ардчилсан нам хоёрыг голлох намууд гэж авч үзэх нь мэдээж. Энэ хоёр намаас өөр улс төрийн томоохон хүчин өнөөдөр алга. Тэгтэл МАН, АН хоёр ерээд оны ихээр ямар үзэл баримтлалтай, ямар удирдлага түшмэдтэй байсан тэр хэвээрээ байна. Үүний тод баталгаа нь дээрх хоёр улс төрийн хүчин ерээд оны эхээр юу ярьдаг байсан, яаж улс орны хөгжлийг хойш нь татдаг байсан, яаж ард түмнийхээ ахуй амьдралыг балладаг байсан нь өдгөө тэр чигээрээ хадгалагдаж буй нь үнэндээ зэвүү хүргэж байна.

Сүүлийн үед манай улстөрчид нэг жишээ ойр ойрхон татах болжээ. Энэ бол маш ноцтой жишээ. 1990 онд Хятад, Орос, Монгол гурав яг адил байжээ. Нэг гараанаас гарсан гэнэ. Одоо харахад Орос, Хятад хоёр супер гүрэн болоод Монгол ерэн оныхоо хэмжээнд үлдсэн гэцгээдэг боллоо. Тэгээд үүнийгээ ардчиллыг сонгосноос боллоо гэж одоохондоо арай хэлэхгүй байна. Яваандаа бол хөршүүд шигээ байя гэх байх. Яг жинхэнэдээ яагаад ийм байна гэхээр ерэн оны улстөрчид ерэн онд хийж байсан зүйлээ дахин давтан хийгээд байхаар чинь энэ улс орон яаж хөгжих юм бэ. Тэд л огцруулна гэсэн. Өөрсдөө гарна гэсэн. Огцруулсан өөрсдөө гарсан. Дараагийн улстөрчид бас л огцруулна гэсэн огцруулсан гэх мэт.

Саяхан Их хурлын гишүүн Я.Содбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан нам боловсон хүчнийхээ бодлогод өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна. Сүүлийн 25 жил салхи орсонгүй. 25 жилийн өмнө байсан улстөрчид өнөөдөр байж л байна. Ардчилсан намын бодлого энэ хэдэн хүний хүрээнд явж байна. Энэ хүмүүс бүгд өвгөрсөн, тэтгэврийн нас нь ойртсон. Шинэ чадварлаг хүмүүс орж ирээсэй” гэж хэлсэн. Энэ маш үнэн үг юм. Залуу гишүүний хэлсэнчлэн Ардчилсан нам сүүлийн 25 жил намынхаа бодлогод салхи оруулсангүй ээ.

Хэдэн данхар толгой л байгаад байдаг. Дороо хөлгүй тулах суурьгүй явж иржээ. Энэ бол нэг л өдөр маш хүчтэй газардаж, тун эвгүй байдалд орохын дохио мөн биз дээ. Монгол ардын нам ч мөн ялгаагүй. Хэдэн егзүгэр улстөрчид л хөмхийгөө зуусаар өдий хүрсэн. Улс төрийн энэ хоёр хүчин залуу үеэ бэлдэлгүй өвгөрцгөөжээ. “Араасаа залгах үегүй Ардчилсан нам” гээд л манай сонин бичиж байлаа. Хоёр намын цөөн хэдэн улстөрчид ялзартлаа бугштлаа явж ирсний горыг ард түмэн л амсдаг юм.

Өнөөдөр харж байгаа биз дээ. Юм л болбол засаг унагана, огцруулна, завсарлага авна гээд өвчигнөж байна. Ерээд оны эхээр тэд ийм л байсан, одоо ч ийм л байна. Энэ хорин жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдсөнгүй. Их хурлын танхимд ажил ярьж бүтээн байгуулалт бий болгохоосоо урьдаж улс төрөө буюу хэн дараагийн ээлжинд хоолонд орохоос ярьдаг. Талцаж хэрэлддэг, хороо найруулдаг. Нэгийнхээ муу муухайг олны өмнө дуудаж, үндсэндээ засгийн эрх барьж буй нам руугаа давшилж, ажил хийлгэхгүйн төлөө зүтгэцгээдэг. Тэр нь дараагийн сонгуулиар өөрсдөө засгийн эрхийг авах гэсэн өчүүхэн бодлого, өөр юу ч биш. Монголын улс төрд голлох хоёр намын 20, 20 бугшсан улстөрчид, дээр нь жижиг намуудын популизм хийсэн хэдэн нөхөд л байна. Тэгэхээр улс орон яаж хөгжих юм бэ. Ард түмний ахуй амьдрал бидний бодсон шиг дээшлэх үү. Гадны хөрөнгө оруулалт, эдийн засаг бүтээн байгуулалт энэ хэдэн нөхдөөс болоод зогсож байгаа нь үнэн байх. Ерээд оны эхээр л хоёр намын толгойд байсан нөхөд жил жилийн сонгуулиар өөрсөддөө зориулж хууль баталж, нам гэх нэрээр халхавчлан автоматаар Их хуралд суудгаа одоо болих хэрэгтэй. Эрүүл сэтгэлгээтэй эх орныхоо хөгжил дэвшил, хүн зоныхоо сайн сайхан амьдралын төлөө зүтгэж буй дараа үедээ байраа тавьж өгөх цаг чинь хэдийнэ иржээ. Энэ бүхнээс харахад, Монголын улс төр болоод улстөрчид үнэхээр хоцрогджээ.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өнгө өнгийн навчис

Намрын навчсаас би зүйргүй олон өнгө түүдэг. Хөл доор хөглөрөх зүс бүрийн өнгөтэй навчис яг өдийд хотын гудамжийг гэрэлтүүлж байгаа. Зам дагуу ургасан моддын дор, сургуулийн хашаан дотор, олны цуглах дуртай цэцэрлэгт хүрээлэнд гээд хаа сайгүй. Шар, шаргал, улаан, улбар, цагаан, цайвар гээд олон өнгийн навчис нийлэхээрээ ямар өвөрмөц өнгө будаг үүсгэдэг гэж санана. Намрын энэ агшинд би дуртай. Гудамжаар алхах бүр сайхан. Өнгө өнгөөр харц булаах тэр навчсын гэрэлд бодол хөглөгддөг болохоор, урьд эртийн гэгээн мэдрэмж сэргэдэг учраас учиргүй догдолдог.

Ирэх хавар таатай үнэр сэнгэнүүлэн дахиад нахиалах учраас тэр навчсын дээр зөрөг гартал алхдаг. Гудамжинд хөглөрөх навчис удахгүй цасанд дарагдана. Тэгээд ирэх хавар цайвар ногоон өнгийн жижигхээн нахиа болж дэлгэрнэ. Хүний амьдрал ч ялгаагүй. Яг навчис шиг ирж буцдаг. Буцах нэгэн байхад дуу хадаан мэндлэх нялхас өчнөөн. Ийм учраас амьдралд хүн бүр дурладаг, амьдралыг хөгшин хөвөөгүй хайрладаг. Хүний амьдрал шиг ирээд л, буцаад л, ирээд л байдаг учраас намрын өнгө өнгийн навчис ийм мэдрэмж төрүүлдэг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн тойм

Өглөө бүрийг тантай хамт угтдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр танд хүрч байна. Сонины тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Арвингийн ярилцлага, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хамтран ажиллах гэрээний нууц гэх заалт юун тухай өгүүлэв, жолооны ард зөв дадалтай байхыг уриалсан мэдээлэл, оргосон сэжигтнүүд 23 хоногийн турш хаана бүгж байсан тухай сурвалжлага зэргийг онцоллоо.

Улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Арвингийн ярилцлага сонины II нүүрнээс үргэлжлүүлэн уншаарай. Мөн энэ нүүрнээс улс төрийн прогнозыг тольдоорой. Төсөв батлах хугацаа ойртсонтой зэрэгцээд Засаг хөдөлж, Ерөнхий сайдыг огцруулахыг сөрөг хүчнээс авахуулаад намын нөхөд нь шаардаж байгаа. Харин АН-ын бүлгийнхэн түүнийг огцруулах шаарлагагүй гэж үзсэн бол Р.Амаржаргал гишүүн Н.Алтанхуяг Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээг эсэргүүцсэнээ илэрхийлэв. 2015 оны төсвийг өчигдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлгийн шатанд хэн юу гэснийг зөвхөн “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Нийтлэлийн бодлогоороо нийгэмд жин дардаг “Өдрийн сонин”-ы брэнд нүүрүүдийн нэг бол III буюу нийтлэлчдийн булан билээ. Лхагва гариг бүрт хэвлэгддэг нийтлэлч Баабарын сонирхолтой нийтлэлийг манай уншигчигд шимтэх дуртай. Баабар энэ удаад “Алтанхуяг Ерөнхий сайд болсонд орвол Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр” гэж өгүүлжээ.

Лениний музейн байрыг МАН эзэмшиж байх хугацаандаа нэг сая ам.долларын барьцаанд тавьсан тухай мэдээлэл саяхан сөхөгдсөн. Тэгвэл энэ байр Г.Алтангийн мэдэлд шилжих нөхцөл бүрдсэнийг Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаагийн ярилцлагаас уншаарай. Мөн энэ дугаараас “Номин талст” хамтлагийн ахлагч Д.Батсүхийн ярилцлага, өмнөх дугаарт нийтлэгдсэн “Шар нар ээж, зөгий дүнгэнэсэн Шаамарын сурвалжлага”-ын үргэлжлэл нийтлэгдлээ. Мөн манай сэтгүүлч Д.Гансаруулын “Замчид завсгүй ч ур чадварын уралдаанаа алгассангүй” гарчигтай аян замын тэмдэглэлийг уншаарай.

Дэлхий дахинд өрнөдөг үйл явдлуудыг тусгадаг IX нүүрт Нобелийн Энхтайваны шагналыг 17 настайдаа хүртсэн Малала Фсуфзай охины Германы сэтгүүлд өгсөн ярилцлага, Францын газрын тосны компанийн захирал ОХУ-д амиа алдсан тухай, Японы Ерөнхий сайд Ш.Абэ сайдуудаа томилсон зэрэг мэдээллүүд багтлаа. Энэ мэтчилэн “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар цаг үеийн мэдээ, мэдээлэл, үйл явдлуудыг тусгалаа.

Танд мэдлэг олгох мэдээллээр баялаг “Өдрийн сонин” өглөө бүр тантай хамт.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Ардчилсан намын бүлгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Бүлгийн хуралдааны эхэнд Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрснөөр 2014 оны аравдугаар сарын 18- ны өдөр буюу өнгөрсөн хагас сайн өдөр Ардчилсан нам МАХН-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Хоёр нам хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар шийдвэр гаргах эрх Ардчилсан намын бүлэгт байхгүй. Гэсэн ч үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН-ын хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлага байна. Хоёр нам хоорондын урт хугацааны стратегийн асуудлууд туссан байгаа учраас намын зохих шатны эрх бүхий байгууллагаар батлах саналын намын удирдлагуудад хүргүүлэх нь зүйтэй. Тиймээс бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын гол протокол болон гишүүдийн саналыг Ардчилсан намын удирдлагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2012 оны долоодугаар сарын 19-нд “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үйлчлэл 2016 он хүртэл хэрэгжиж, гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэн ажиллаж байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь МАН-ын 26 гишүүн бүхий 28 гишүүнээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай санал. Ерөнхий сайдыг огцруулах уг асуудлыг бүлгийн гишүүд хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзжээ.

Д.Эрдэнэбат: Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа намын удирдлагуудад хаяглаж явуулахаар шийдвэр гаргасан


Мэдээллийн үеэр Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хоёр намын хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ АН-ын гишүүддээ энэ саналаа уриална гэж байсан. Энэ асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргасан байсан. Э.Бат-Үүл дарга намын удирдлагуудын нэг. Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа намын удирдлагуудад хаяглаж явуулах шийдвэрийг бүлэг гаргасан. Ардчилсан намын удирдлагад Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга багтдаг. Тиймээс Э.Бат-Үүл дарга энэ асуудлыг нам дотроо шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Хоёр намын гэрээнд тусгасан ямар заалтыг зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзсэн юм бэ?

-Хамтран ажиллах гэрээний гуравдугаар заалт буюу тойрогтой холбоотой асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн. Есдүгээр заалт дээр байгаа нэр дэвших гэдгийг хэрхэн ойлгох талаар ойлголттой болох шаардлага байна. Мөн улс төрийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар гэрээнд тусгах нь зөв эсэх талаар анхаарлаа хандуулах шаардлага байна. Урт хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас гэрээний хугацааг хэрхэн авч үзэхээ эрх бүхий байгууллагаар авч үзэх шаардлагатай гэж үзсэн.

-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг эхэлж хэлэлцэх үү. Эсхүл одоо өргөн баригдаад байгаа сайд нарын бүрэлдэхүүнтэй холбоотой төслөө хэлэлцэх юм уу?

-Ерөнхий сайдыг огруулах тухай асуудлыг хуулийн дагуу долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэнэ. Байнгын хороогоор хэлэлцсэний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үүрэгтэй.

Сайдуудыг томилох асуудлаар МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байгаа. Завсарлын хугацаа дуусмагц мөн хэлэлцэнэ.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагагүй гэж үзэж буй шалтгаан нь юу юм бэ?

-Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий шаардлагыг тавьсан. Үүнд тоо хэмжээний тухайд зөрж байгаа, зарим шаардлагууд Ерөнхий сайдын хувь хүнийх нь тухайд эрээ цээргүй, үндэслэлгүй халдсан заалтууд орсон байна. Хүнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хувь хүн рүү халдсан, гэр бүл хамаатан садан найз нөхөд гээд хэвлэл мэдээллээр гарсан зүйлсийг үндэслэл болгож тавьсан нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулсны дараа эхний ээлжинд доорхи хэргүүдийг шалгуулах ёстой гэсэн заалт орж ирсэн. Огцруулчихаад шалгуулна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд буруутай байгаа бол түүнийг нь нотлосны дараа хариуцлага тооцох нөхцөл үүсч болно.

Хоёрдугаарт, Ерөнхий сайдыг огцруулах тухай Ардын намын санал нь улс зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн.

-УИХ-д суудалтай улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг болно гэсэн. Улсын төсөвт хэр ачаалал ирэх юм бэ. Тооцоолол байна уу?

-Гэрээнд Ерөнхий стратеги зарчимд тусгагдсан байгаа гэж ойлгож болно. Харин гарах зардлын хэмжээ болон бусад тооцоог гаргах боломжгүй. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ байгуулаад ажиллаж байна. Үүнд зөвхөн санхүүжилтийн бус өмчийн тухай асуудал яригдана.

-Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан байгаа. Хариуцлага тооцох хөөх яригдсан сураг байна?

-Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намын бүлэгт элсэх хүсэлтээ илэрхийлсэн нь УИХ-д мэдээлэгдээд баталгаажсан. Яг өнөөдөр Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэй. Харин хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын бүлэг тогтоодоггүй. Гарсан үр дагавар тогтоогдвол намынхаа үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэдэг дүрэмтэй.

Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн холбоо түр хороо байгууллаа

Монголын хөл бөмбөгйин холбооны ерөнхийлөгчийн асуудлаар өнөөдөр тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдлаа. Ази болон дэлхийн хөл бөмбөгийн холбооны гишүүн уг холбооны ерөнхийлөгч Б.Ганболд авлига авсан гэх мэдээлэл цацагдсаны дараагаар Монголын хөлбөмбөгийн холбоо, түүний гишүүн холбоод, бусад багуудыг тэргүүнүүд одоогйин ерөнхийлөгчөө хүчтэй эсэргүүцэж байгаа билээ. Энэ тухай холбогдох дүрэм, заалтыг үндэслэн Монголын хөл бөмбөгийн холбооноос хэвлэлийнхэнд хандсан юм. Холбооынхоо нэр хүндийг унагаж, авлига авсан нь тогтоогдоод байгаа ёрөнхийлөгч б.Ганболдыг огцруулж түүний оронд дэд ерөнхийлөгч А.Ганбаатар тус холбоог түр хугацаанд тэргүүлэхээр болжээ. Мөн удирдах зөвлөлийн гишүүд болон зарим багийн эзэд хамтарсан түр хороо байгуулж асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой дүрэм журам, зүйл заалтуудаа судлан Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн төслийг байгуулах бөгөөд ирэх сард болох ээлжит бус их хурлаараа дараагийн ерөнхийлөгчөө сонгоор тогтсон байна.

З.Батхуяг

Categories
мэдээ спорт

Өсвөрийн бөхчүүд хойд хөршийг зорилоо

Оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын 10 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Уг тэмцээнд ОХУ-аас гадна Бельги, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, ХБНГУ, Япон зэрэг улсын бөхчүүд өрсөлдөх аж. Багийн ахлагчаар Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, шүүгчээр олон улсын шүүгч Б.Гансүх, дасгалжуулагчаар П.Чулуунбаатар нар ажиллаж байгаа юм. Тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит спортын ордонд болно.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хаанаас ч Улаанбаатарын гудамжаар аялах боломжтой боллоо

2014 онд баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч “Google” компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж байна. Google компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр маргааш Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийх гэж байна.

Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох юм.
Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгдээд байна. Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Иорк, Лондон, Парис, Токио, Хонг-Конг, гэх мэт томоохон хотуудад аялал хийх боломж нээгдээд байгаа бол төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар болж байна.

Categories
мэдээ нийгэм

Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтын саналыг иргэдээс авна

Хорих ангид хүмүүжигчид ном уншиж ялын хоногоо хасуулах “Номоор нээе” төсөл 12 сараас хэрэгжиж эхлэх юм. Төслийн хүрээнд хууль эрх зүйн орчинг шийдвэрлэх, залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах үүнээс төсөлд шаардлагатай номын нэрсийг сонгон авах, шалгалтын тестийг боловсруулах, төслийн хандивын үйл ажиллагааг зохион байгуулах, ШШГЕГ–т албан ёсоор ном болон тестийн шалгалтын материалыг хүлээлгэн өгөх, төслийн нэгдүгээр шат хэрэгжиж буй хорих ангиуд дээр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж.

Мөн залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргахад иргэдээс сошиал ертөнцөөр нээлттэй санал авах, мэргэжлийн байгууллагууд болох Монголын зохиолчдын эвлэл, Сэтгэл судлалын үндэсний төв, Монголын лектор төв, салбар яамд, их сургуулиуд руу албан бичиг хүргүүлсэн бөгөөд нэр хүндтэй хүмүүсээс мөн санал авч байгаа юм байна.

Төслийн нэгдүгээр үе шатанд хорих 411-р хорих анги буюу хүүхдийн хорих ангийн 30 орчим хүмүүжигч, Говьсүмбэр дэхь хорих 425-р ангийн 310 орчим хүмүүжигчдийг оролцуулан нийт 340 орчим хүмүүжигч 12 сарын хугацаатай хамрагдах юм. Хоёрдугаар үе шатанд ШШГЕГ-ийн харъяа боломжит хорих ангиудад хэрэгжүүлэх юм байна.