Categories
мэдээ нийгэм

Бааварын хэргийг цагаатгажээ

“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаяр хоригдож байхдаа гал тавьсан гэх хэрэг нэлээдгүй дуулиан тарьж байсан. Тэгвэл түүнийг шүүхийн шийдвэрээр цагаатгасан байна. Тодруулбал, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх өчигдөр хэлэлцэж, Ш.Батбаярын цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагаатгажээ. Энэ хэргийг шүүх хэлэлцэхдээ хорих ангийн албан хаагчдад ажил үүрэгтээ хайнга хандсан гэж оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг харин хэвээр үлдээсэн байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

МАН-тай хэн, хэн хүч хавсарч Ерөнхий сайдын эсрэг кноп дарах бол?

МАН-ын бүлгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах төслийг УИХ өнөөдөр хэлэлцэнэ. Засгийн газарт цомхотгол хийж, шинээр эмхлэн байгуулах асуудал бүрэн шийдэгдээгүй байхад Ерөнхий сайдад хариуцлага тооцох төсөл орж ирсэн нь олон таамаглалыг дагуулж буй. Улс төрийн хүрээнд “Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газар татан буугдана” гэж үзэх нэг хэсэг байхад “МАН-ын энэ удаагийн оролдлого урьдын адил бүтэхгүй” гэх хэсэг ч байна.

АН, МАХН ч эл асуудлаар дотооддоо хоёр хуваагдаад байгаа гэх. Шууд хэлбэл улстөрчдийн дунд МАН-ын 26 гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих үү, үгүй юу гэдэг яриа өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж бүлэг үзлээ” гэж мэдэгдсэн ч одоогоор найман гишүүн нь МАН-тай хүч хавсрах нь тодорхой болсон гэгдэж байна. Тэднийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүлж буй. Огцруулах төсөлд гарын үсгээ зурсан нь үүний баталгаа болж буй бөгөөд тэрээр гадаад томилолтоо бараг хугацаанаас нь өмнө дуусгаж өчигдөр Улаанбаатар хотод ирсэн бололтой. Түүний араас журмын нөхөд нь буюу МоАХ-ны Х.Баттулга гишүүн нарын хүмүүс байгаа аж. Тэд бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, М.Зоригт нар. М.Зоригт гишүүн л гэхэд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Засгийн газраа сольчихоод төсвөө хэлэлцье” хэмээж суусан. МоАХ-ны гэх зургаан гишүүн дээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэмэгдэж байгааг хэлэх эх сурвалж байна. Энэ тухайгаа бүлгийнхэндээ ойлгуулсны зэрэгцээ сошиал ертөнцөд “АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Намын гишүүд нь намын даргадаа хариуцлага тооцох нь улс төрд байдаг ердийн асуудал” гэж үзэл бодлоо илэрхийлээд амжжээ. Тэдэнтэй УИХ-ын гишүүн М.Батчимэг нэгдсэн гэдгээ бүлгийнхэндээ шууд хэлсэн гэж мэдээлэх нэгэн ч байна.

Ийнхүү МАН-ын 26 дээр нэмэх нь АН-ын найм, нийт Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй 34 гишүүн байна. Тэдэнтэй хамтрахаа УИХ-ын дэд дарга Л.Цог мэдэгдэж огцруулах төсөлд гарын үсэг зурсан. Гэхдээ түүний байр суурь өнөөдөр өөрчлөгдсөн ч байж болох. Зөвхөн энэ л асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж ярилцсан удаатай. АН, МАХН-ын хооронд буюу Н.Алтанхуяг сайд, Н.Энхбаяр даргын хооронд байгуулагдсан гэрээнд “Засгийн газарт хамтарсан намын гишүүдээс Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг гаргахгүй байх” гэсэн заалт буй. Н.Энхбаяр дарга энэ амлалтаа хэр биелүүлэх зангарагтай намын дарга гэдгээ Л.Цог гишүүнд хэр ойлгуулсан нь өнөөдөр харагдах биз. Л.Цог гишүүний кноп Н.Энхбаяр МАХН-даа “Шүдтэй арслан хэвээрээ юу, эсвэл шүдгүй арслан уу” гэдгийг харуулна. Үндсэндээ “Шударга ёс” эвсэл хийгээд бие даагч гурван гишүүн асуудалд хэрхэн хандах нь энэ бүхний шийдэл болно. “Шударга ёс” эвслээ Н.Энхбаяр дарга базаж, бие даагч гурав ИНЕГ гэх мэт зарим газар, агентлагуудад эрх мэдлээ үргэлжлүүлэх хүсэлтэй бол Н.Алтанхуяг сайдын талд саналаа өгөх нь дамжиггүй. Энэ засаг унах нь бие даагчид хийгээд “Шударга ёс” эвслийн алинд нь ч ашиггүй.

Мэдэгдэж байгаагаар Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй 35, үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн 41 гишүүн УИХ-д байгаа бололтой. Тэрчлэн чуулганы өнөөдрийн ирц асуудалд мөн л нөлөөлнө. Гадаад, дотоод томилолт, эрүүл мэндийн шалтгаанаар зарим гишүүд чуулгандаа ирж амжихгүй байж огцруулах хүсэлтэй 35 гишүүн дийлэнх олонхи болох аваас асуудал өөрөөр яригдана. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг хэн, хэн кноп дарах бол?

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ спорт

Дэлхийн цомд О.Гүндэгмаа, О.Янжинлхам нар оролцоно

Буудлагын дэлхийн цомын финалын тэмцээн энэ сарын 22-27-ны өдрүүдэд Азербайжаны Габала хотод болно. Тэмцээнд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ О.Янжинлхам нар оролцох юм байна. Хуваарийн дагуу О.Гүндэгмаа маргааш буюу энэ сарын 23-нд 25 метрийн спорт гар буунд, О.Янжинлхам ирэх ням гариг буюу энэ сарын 26-нд 50 метрийн 3-н байрлалаас буудах урт бууны дасгалд өрсөлдөх юм.

Дэлхийн цомын финалын тэмцээн нь тухайн оны төгсгөлд нэг удаа болдог, тухайн жилийн дэлхийн цомын медальт байранд шалгарсан болон финалд шалгарсан тамирчид л урилгаар оролцдог чансаа өндөр тэмцээн ажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Н.Батцэрэгийн нэрийг өргөн мэдүүлжээ

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын суудалд хэн очих вэ гэдэг таамаг үргэлжилсээр байна. Анх УИХ-ын гишүүн Ц.Цолмоны нэрийг өргөн мэдүүлэх гэж байна гэж байсан ч Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж МҮАН-ы төлөөлөл болох УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийн нэрийг өргөн мэдүүлэхээр болсон гэж байсан билээ. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгч хүлээн авахгүй байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ нь түүний давхар дээлтэй холбоотой. Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах санал өргөн мэдүүллээ. Уг саналд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Намдагийн Батцэрэгийг тус яамны сайдаар томилохыг хүсчээ.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2015 оны төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар ирэх оны Төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх жилийн төсөвт олон гишүүн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүдийн бараг хагас нь асуулт асуухаар нэрээ бүртгүүлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүн бүр өөрийн тойргийн хөрөнгө оруулалтыг тодруулж байсан бөгөөд “Төсвийн шинэ хуультай холбоотойгоор гишүүд аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэхээ больсон. Аймаг бүрт төсвийг багцаар нь шилжүүлэх болсон” гэдэг хариултыг сонсч байв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүдээс өөр чигт буюу шүүгчдийн цалинтай холбоотой асуудлыг тодруулав. Тэрээр “Шат шатны шүүгчид хэдэн төгрөгийн цалин авч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулж өгөх”-ийг хүссэн. Түүний асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа” гэсэн юм. Мөн Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоолын дагуу энэ оны аравдугаар сарын нэгнээс эхлэн Дээд шүүхийн шүүгчийн цалин нэмэгдсэн. Одоо Дээд шүүхийн шүүгч 3.2 сая, ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авч байна” гэдэг хариултыг мөн өгсөн. Энэ асуудал нь шүүгчдийн цалинг УИХ-аас тогтоосон тогтоол хүчин төгөлдөр байхад хууль зөрчиж өөрсдийнхөө цалинг нэмсэн байна гэдэг асуудалд хүргэж, мэтгэлцэхэд хүрэв. Бүр хууль зөрчиж нэмсэн мөнгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төлөх үү, эсвэл шүүгчдийн цалингаас авах уу гэдэг асуулт урган гарч гишүүдийн дунд яригдсан юм. Ц.Нямдорж гишүүний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга “Өнөө жил Оюу толгойгоос орж ирэх ёстой байсан 480 тэрбум төгрөг сураггүй болсон. Ирэх оны төсөвт ч энэ тухай дурдаагүй байна.

Энэ мөнгийг хаачсан гэж үзэх вэ” гэдэг асуултыг тавихад Сангийн яамны мэргэжилтэн “Оюу толгойн гэрээг өөрчилсний үндсэн дээр ийм хөрөнгө орж ирнэ гэж тооцоолон өнгөрсөн оны төсөвт суулгасан ч асуудалд төсөөлсний дагуу болоогүй” гэдэг товч хариултыг өгсөн юм. Мөн Ө.Энхтүвшин гишүүн “Төсвийн баримтууд ноцтой алдаа дутагдалтай байна. 2015 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 4.5 их наяд, гадаад, дотоодын өрийн хүү 707 тэрбум, үндсэн зээл 1.3 их наяд нийлээд хоёр их наяд гэсэн тоо гараад иржээ. Гадаад зах зээлд ч дотооддоо ч зээл тавьж амьдрах философитой Засгийн газар ажиллаад байна. Тажик улсыг хар. Өрөө дийлэлгүй газар нутгаа өгч байна. Хятадын цэрэг тэнд орчихсон ард иргэдийг нь нүүлгэн шилжүүлж байна. Үүнийг анхаарах л хэрэгтэй. Бас нэг зүйлийг асуухад тэтгэврийг нэмнэ гээд байна. Яг хэд болж өсөх юм” хэмээн асуухад Сангийн дэд сайд С.Пүрэв “Таны дурдсан тоог гаргахын тулд албан ёсны аргачлалаар бодсон” гэсэн бол Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Цалин хэд болохыг хэлчихвэл зарлалаа гээд шүүмжлүүлнэ. Цалин тэтгэвэрт нийт 500 тэрбум төгрөг төсөвлөж байгаагаас 300 тэрбумыг нь цалинд үлдсэнийг нь тэтгэвэрт зориулна. Өнгөрсөн жил 130 тэрбумыг цалинд, 70 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд өгч байсныг санах хэрэгтэй” хэмээн хариулсан юм. Мөн нийслэлийн төсөвтэй холбоотой асуудал босоход Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Одоо тогтоогдсон төсвөөрөө хогийн уутаа хийж, боржуураа солиод байж бай. Чингэс бондын хөрөнгөөс нэг их наяд шахам төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ гээд тохирчихъё” гэсэн юм.

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дууссан бөгөөд үдээс хойш Төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нэг обьект дээр хоёр удаа мөнгө тавьж төсөв оруулж ирсэн байна. Энэ ямар учиртай вэ” гэхэд “Харин үүнийг боль гэж байгаа юм” гэдэг хариултыг Ерөнхий сайдын зүгээс өглөө. Мөн орон нутагт төсвийн эрх мэдлийг өгнө гэдэг нь бүх төсвийн эрх шилжиж байгаа гэсэн үг биш гэдгийг нэмж тодотгов. Түүний дараа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ардын намынхан улсын төсвийг гацаагаагүй. Одоо даруйхан төсвийн тодотгол хийхгүй бол болохгүй нь. Ингэж амьдралаас тасарсан алдаатай төсөв оруулж ирж болохгүй шүү дээ. 2015 оны төсвийг харахаар эдийн засаг бүр хүндрэх төлөв ажиглагдаж байна. Засгийн газар төсвийн эрх мэдлийг орон нутагт өгч байгаа нь өөрсдөө хариуцлагаас мултрах гэсэн арга. Өөрөө томилсон хэдэн аймгийнхаа Засаг дарга нартай нийлж хөрөнгө оруулалтыг шийдэх гэж байна. Ам.долларын ханшийг 1750 төгрөг бус 1950 төгрөгөөр тооцох ёстой. Ноднин та нар яалаа. Бид 1384 төгрөгт барина гэж байсан ч байгаа царайгаа хар. Эдийн засгийн ангиллаар энэ төсвийг оруулж ирээгүй байна. Учир нь олдохгүй, тодорхойгүй төсвийг шууд оруулж иржээ. Хараад байхад ямар ч удирдлагагүй ханардаг төсөв болсон байна” гэлээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Одоо томилох ёстой дөрвөн яамны сайдаа бушуухан томилчихъё. Дараа нь төсвийн тодотголоо оруулж ирье. Хүрэлбаатар гишүүн эдийн засаг муудна гээд эдийн засгийн том дүгнэлт хийх юм.

Таны хэлж байгаа шиг эдийн засаг унахгүй ээ. Хамтраад асуудлаа яриад болохгүй зүйлээ шийдээд явбал болохгүй зүйл байхгүй. Өмнө нь нэг сая тонн нүүрснээс 100 сая ам.доллар олдог байсан. Гэтэл одоо 30 сая ам.доллар л олж байна. Энэ бүхнийг тооцох ёстой. Юманд учиртай, бодитой хандах хэрэгтэй. Бид харин ч тараасан бүхнийг чинь цуглуулж байна” гэхэд Ч.Хүрэлбаатар гишүүн “Би бодит зүйл ярьсан. Та Увсад дулааны цахилгаан станц байх ёсгүй гэсэн. Энэ станц гурван жил хөлдүүсэнд амьдарсан нутгийн иргэдийн хүслээр баригдсан. Наадмын талбай барих гэж байхад та царцаасан шүү. Ингэж улс төржих хэрэггүй” гээд микрофоноо хаалаа. Тэгвэл Ерөнхий сайд “Увсад хүүхдийн цэцэрлэг байхгүй гэхээр нь наадмын талбайн төсвийг оруулсан. Увсын энэ станц алдагдалтай байгаа. Тиймээс иргэд өндөр үнэ төлөх болчихоод байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Байнгын эрчим хүчгүй цөөхөн суманд Дорноговийн Хатанбулаг, Мандах сумд багтаж байна. 2012 онд улсын төсөв батлахдаа зураг төслийг нь гаргахаар сум бүрт 300 саяыг шийдсэн. Гэтэл энэ мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. Эмнэлэг барих асуудал юу болж байна” гэхэд ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж “Таван сум эрчим хүчинд холбогдоогүй байгаа. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай яамныхнаас асуу” гэлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эрчим хүчинд холбогдоогүй гурван сум бий. МАК Цагаан суваргын орд руу эрчим хүч татахдаа Мандах сумыг дайруулахаар тохиролцсон. Хатанбулаг сум руу эрчим хүч татах гэхээр долоон тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Төсөв нь өндөр байна гэтэл 5.5 тэрбум болгож оруулж ирсэн” гэсэн хариултыг өглөө. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Анх төсөвлөгдсөнөөс хойш өртөг нэмэгдсэн олон барилга бий. Түүнд эмнэлгүүдийн барилга ч багтсан. Шинээр эмнэлгийн барилгыг төсөвт суулгаагүй. Царцаагдсан барилгуудаа эхэлж дуусгах хэрэгтэй гэж Засгийн газраас чиглэл гарсан” гэхэд Ж.Батсуурь гишүүн ихэд бухимдсан байдалтай “Асуудлаа мэддэг хүн ч алга. Орон нутагт очоод иргэдэд манайхан дотор асуудлаа мэддэг хүн алга гэж хэлэх болж байна уу” гээд хуралдааны танхимыг орхин гарав. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “2015 оны төсөв холион бантан болсон. Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн. Төсвийн орлого нэг их наядаар тасарч байгаа. Гэтэл үүнтэйгээ ч уялдуулаагүй байна. Энэ төсөв хууль зөрчсөн үү, үнэхээр холион бантан мөн үү. Ирэх онд хүүхдийн мөнгийг өгч чадахгүй гэж яригдаж байна. Хүүхдийнхээ мөнгийг өгч чадах юм уу. Оюутны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоосон. 196700 төгрөгийг нэг оюутан ирэх онд авч чадах уу. Ам.долларыг 1750 төгрөгт багтаан барьж чадах уу” хэмээн асуулаа. Засгийн газрын тэргүүний зүгээс “Зургаан яам гурав болсон тул дахин зардлаа тооцож оруулж ирсэн. УИХ-ын бүрэн эрхэд халдаагүй” гэсэн бол ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “2012 онд хүүхдийн мөнгийг сэргээсэн. 2015 онд ч гэсэн хүүхдийн мөнгө олгогдоно. Хүүхдийн мөнгийг хасах зүйл яригдаагүй. Хүүхдийн мөнгөнөөс хэмнэгдсэн төсвөөр хүүхдэд хөрөнгө оруулалт хийж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүдийг барина” гэдгийг дуулгалаа. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Ирэх онд оюутны тэтгэлэг 70 мянгаараа олгогдоно. Дүнгийн голчийг харж хоёроос бага голчтой оюутанд тэтгэлэг олгохгүй. 2015 онд 101 мянган оюутанд 71 тэрбум төгрөг олгоно” гэдгийг мэдэгдлээ. Харин хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл “Валютын ханшийг гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийг харгалзан судалгаан дээр үндэслэж 1700 орчимд хэлбэлзэнэ гэж тооцсон” гэдгийг хэллээ. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт Засгийн газрын оруулж ирсэн төсвийг хараад харамсч байгаа илэрхийлэн “Хот хөдөөгийн ялгаа үнэхээр их байна. Хамгийн их орлого олж буйгаа хүн, хамгийн бага орлоготой хүний хооронд 250 дахин ялгаа гарч байна. 10 дахин ялгаа гарахад л долдугаар сарын нэгэн шиг үйл явдал болдог. Нэг ч шинээр ажлын байр бий болгохгүй. Ямар ч ажил хийхгүй. Өөрсдөөсөө хариуцлагыг холдуулан орон нутагт төсвийн эрх мэдлийг төвлөрүүлж байгаад сэтгэл гонсгор байна. Ийм унхиагүй зүйл хийж байгаад дургүй хүрч байна. Төсвөө эргүүлэн татахаар нь аятайхан сайхан төсөв орж ирэх нь гэтэл тийм биш байж. Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулж байж юм хийх юм байна. Тиймээс одоо ямар ч гишүүн үг хэлж, асуулт асуухгүйгээр төсвийг шууд баталъя. Дараа нь Засгийн газрыг огцруулж, шинэ бүрэлдэх Засгийн газ­раар төсвийн тодотголоо хий­гээд явъя” гэсэн саналтай байгаа хэмээв. Энэ мэтчилэн гишүүд өөрсдийн сонирхсон асуултдаа холбогдох хүмүү­сээс хариулт авч байсан юм.

Э.ЭНХ

Л.ТӨР

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хамтран ажиллах гэрээний нууц гэх заалт гарч ирэв

Сүүлийн үед АН-ын дар­га Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хоо­ронд байгуулсан хамтын ажил­лагааны гэрээ олны ам­ны бай болж байна. Гэтэл уг гэрээтэй холбоотой бас нэгэн нууц хэсэг ил болоод байгаа нь гэрээний хавсралт болох талаар мэдээлж эхлэв. Уг хавсралтад Ардчилсан нам, МАХН-ын 2014 оны арав­дугаар сарын 18-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацаанд дараахь зүйлүүдийг эхний ээлжинд баримтлан ажиллана гэ­жээ. Дөрвөн зүйл бүхий уг заалтад

-МАН-ыг задлах, түүний эсрэг бүх талаар хамтран ажиллаж үр дүнд хүрэх,

-Ерөнхий сайдыг огцруу­лахгүй байх талаар нэгдсэн байр суурьтай байж тууштай хамгаалах,

-МАХН-ын удирдлагуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгахгүй, аливаа хэлбэрээр бүрэн хамгаалах,

-УИХ-ын 2016 оны сон­гуу­лийн үр дүнгээс үл ха­мааран Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийн 2017 оны сонгуульд эвсэл болж оролцох хэмээн тусгажээ. Ийм нууц заалт бүхий гэрээний хавсралтыг ноцтой мэдээлэл олдлоо гэх хүмүүс байгаа ч нөгөө талд эвлүүлэг хийж тарааж асуудлыг хурцатгах гэсэн оролдлого гэсэн мэдээлэл ч яригдаж байна.

Э.БОЛД

Categories
гадаад мэдээ

Намайг Малала гэдэг

Энэ жилийн Но­бе­лийн энх тайвны шагналыг 17 настай Малала Юсуфзай охин хүртсэн. Та­ли­бан­чуудтай тэм­цэгч пакистан охин хамгийн залуу Нобелийн шагналтан болсон билээ. Түүнийг энэ нэр хүндтэй шагналыг хүртэхийн өмнө Германы “Stern” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Малала 2012 оны есдүгээр сарын 2-ны тэр өдөр яг юу болсон бэ?

-Сургуулиасаа буцах замд талибанчууд намайг алахыг завдсан.

-Яг юу болсон юм бэ?

-Би бүгдийг нь мэдэхгүй байна. Толгой суманд оноход цус садарч би ухаан алдсан. Миний санаж байгаа зүйл ердөө энэ. Яг сургуулийн шалгалт болох гэж байсан. Би нэлээд сайн бэлтгэсэн тул шалгалтаа өгсөн бол сайн дүн авах байлаа. Бид сургуулиас гэр рүүгээ явж байв. Цагаан өнгийн “Кушал сургууль” хэмээх бичээстэй дотроо гурван урт сандалтай “Toyoto” маркийн машинд 20-иод сурагч охин гурван багшийн хамт сууж явсан. Би Мониба, Шациа гээд хоёр найзынхаа голд нь сууж байлаа. Түүнээс хойш юу болсныг хүмүүсээс л сонссон. Машиныг хоёр хүн зогсоогоод орж ирснээ “Малала аль нь вэ?” гэж асуухад машинд сууж явсан зарим охид над руу эргэж харсан. Нэг нь над руу гал нээхэд сум зүүн нүдний хажуугаар гараад зүүн мөрөнд 45 см гүн орсон. Нөгөө хоёр сум нь найзын маань гарыг оносон. Тэр үед маргаашийн шалгалтад бэлдэх ёстой юмсан гэсэн бодол л толгойд маань орж ирсэн.

-Талибанчууд чамайг алахаар ирнэ гэж чи бодож байсан уу?

-Үгүй. Би 15 нас хүрч байсан. Жаахан байлаа. Талибанчууд хүүхдүүдийг оролддоггүй л дээ. Хүн болохоор жаахан ч гэсэн нинжин сэтгэлтэй. Аавд маань л ямар нэгэн юм хийх байх гэж бодож байлаа.

-Сургуулийг үндэслэн байгуулсан Зиауддин Юсуфзайг хэлж байна уу?

-Яг тийм. Би Британийн “BBC”-гийн вэб хуудсанд блог хөтөлж охидод боловсрол олгохын төлөө тэмцэж байсан тул аавд маань аюул учирч магадгүй гэдгийг мэдэж байсан. Аав маань Пакистаны хүүхдүүдийг сургуульд явуулахын төлөө тэмцдэг. Бидний тэмцэлд аюул учруулж болохуйц байсан хэдий ч аав маань надаар бахархдаг. Талибанчууд охидыг сургуульд явахыг хориглосон. Манайх амьдардаг Сватын хөндийг хариуцдаг цэргийн дарга сургуульд явдаг охидыг исламын шашинтан биш гэж үздэг. Тэд 2007 оноос хойш 122 мянган охид сурдаг сургуулийг сүйтгэж үгүй хийсэн.

-Та өөрөө хэллээ Сватын хөндийх гэж. Афганистаны хилийн ойролцоо орших энэ нутгийг 2007 оны намар исламын цэргүүд эзэл­сэн. 2009 онд Пакистаны цэргүүд эргээд мэдэлдээ авсан. Тэнд алан хядах ажиллагаа байнга болдог. Хүмүүс чиний төрсөн нутгийг там гэж боддог.

-Там биш диваажин. Ер нь бол хамгийн үзэс­гэлэнтэй нутаг. Сватын хөндий бол тэнгэрийн доорхи уулан дундах диваажин юм. Цэнгэг устай, цэцэг жимсээр дүүрэн. Харамсалтай нь алан хядагчид энэ газрын нэрийг гутааж байна. Тэглээ гээд яаж чадах билээ.

-Пакистан ямар үнэртэй вэ?

-Цагаан будааны үнэртэй. Байгалийн, жимсний, миний гэрийн үнэртэй. Пакистан бол үнэхээр сайхан үнэртэй.

-Та намтрынхаа номонд “Заримдаа надад Сватын хөндийд охин болж төрснөөс “Twilight” киноны вампир байх нь илүү амар юм шиг санагддаг” гэж бичсэн байдаг.

-Тийм ээ. Би энэ киноны шүтэн бишрэгч нь. Миний хамгийн сайн найз Мониба бид хоёр их дуртай. Би үүгээр нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Намайг төрөхөд ээжийг маань хүмүүс их өрөвдсөн гэдэг. Яагаад гэхээр би охин хүүхэд байв. Хүү төрсөн бол буун дуу гаргаж тэмдэглэдэг. Харин охин төрөхөд хөшигний ард нуудаг. Бүгд хүү хүсдэг. Бүсгүй хүн үнэ цэнэгүй. Тэд хүүхэд төрүүлж, хоол хийж, гэрээ цэвэрлэх ёстой. Сургуульд сурч, гудамжаар ганцаараа явж болохгүй.

-Та тийм эмэгтэй болохыг хүсээгүй юм уу?

-Тийм ээ. Би ингэж амьдрахыг хүсээгүй. Сайн боловсрол эзэмшиж, оюутан болж хэзээ нэгэн цагт улстөрч болохыг хүссэн. Аз болоход аав маань орчин үеийн сэтгэлгээтэй хүн. Намайг жаахан байхад л “Малала шувуу шиг эрх чөлөөтэй байх болно” гэдэг байсан.

-Таныг эцгийнхээ шахалтаар тэмцэгч болсон гэж зарим хүн ярьдаг юм билээ.

-Би энэ талаар сонссон. Энэ бол худлаа гэхээс өөр хэлэх үг алга.

-Өдөр тутам аймшигтай явдал гардаг байсан тул аргагүйн эрхэнд Сватын хөндийгөөс дүрвэсэн хоёр сая хүний нэг нь та. Танайхан яаж тэндээс явсан бэ?

-Эх орондоо бол бид дүрвэгчид. Машингүй тул хөршийнхөө ачааны машинд сууж Пакистаны өмнөд хэсэгт орших Мардан хэмээх газрыг зорьсон. Тэндээсээ ээжийн төрсөн тосгон руу явсан. Гурван сар хамаатныдаа амьдарч байгаад Сватын хөндийдөө буцаж очсон. Цэргийнхэн манай нутгийг мэдэлдээ авснаас хойш байдал арай дээрдсэн юм.

-Чиний амь насанд халдахыг завдсанаас хойш чи ээж, аав, хоёр дүүгийнхээ хамт Английн Бирмингхэмд амьдрах болсон.

-Тийм ээ. Пакистанд миний нүүр болон хүзүүнд орсон сумыг авсан боловч нүүрний яс, чихээ эмчлүүлэхэд сайн эмчийн туслалцаа шаардагдсан. Энэ халдлага нь хүн төрлөхтөнд айдас төрүүлсэн.

-Одоо таны бие ямар байна?

-Зүүн чих сонсголгүй болсон, эдгэрэхгүй. Сонсголын аппараттай болсон. Нүүрний ясны сум цоолсон хэсгийг тусгай титаниар нөхсөн. Зүүн тал бараг мэдээгүй. Гэхдээ аажмаар зүгээр болно. Би инээмсэглэж чадахаа больж амаа л үл ялиг хөдөлгөдөг байлаа. “Талибанчууд миний инээмсэглэлийг авчихлаа” гэж хэлэхэд ээж маань уйлж билээ.

-Англид чамд юу нь таалагдаж байна?

-Надад тусалсан явдал нь таалагддаг. Хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлгийн эмч нар, орчин үеийн техник, мөн сургуулиудын түвшин маш өндөр зэрэг нь.

-Тэгвэл юу нь таалагдахгүй байна?

-Дэлгүүр явах. Дэлгүүрт ороход бүх юм хэтэрхий их. Шампунийг аваад үзье. Манай Сватын хөндийд гурван янзын шампунь байдаг. Харин Англид бол 300 янз. Бүх юм нь өөр. Сургуульд гэхэд Английн охид хичээлдээ явах сонирхолгүй, багшдаа хүндэтгэлгүй ханддаг. Сурах бичгээ гамтай хэрэглэхгүй, дүрэмт хувцсаа үзэн яддаг, үг сонсдоггүй. Пакистанд манай сургуульд бол ийм зүйл огт байхгүй.

-НҮБ-аас 125 сая хүүхэд сургуульд явах боломжгүй байна гэсэн судалгаа байдаг. Үүнийг бодоход Английн охидод уур чинь хүрдэг үү?

-Тэднийг буруутгаж чадахгүй. Тэд өөр орчинд өссөн. Сургууль явах боломжтойдоо талархдаггүй. Учир нь тэд сурах ёстой. Харин Пакистанд бол сурагчдыг зоддог. Тэгсэн ч хүүхдүүд сургуульдаа явдаг.

-Их Британийн 16 настай хүүхэд Пакистаны үеийнхээ хүүхдээс илүү эрх чөлөөтэй юу?

-Тэгэлгүй яахав. Тэд өөр. Үнэлэмж нь өөр бөгөөд дийлэнх нь сүсэг бишрэл багатай. Би тэд­ний, тэд миний ямрыг хүлээн зөвшөөрдөг тул асуу­дал байдаггүй. 16 нас­тай охин найз за­луу­тай байхыг би эсэргүүц­дэггүй. Гэхдээ ийм юмыг хүсэхгүй байна. Тэгээд ч надад тийм зав алга.

-Яагаад?

-Яагаад гэвэл би их зүйлийг сурах ёстой. Түүнээс гадна улс төрийн уулзалт ихтэй.

-Их Британийн Ерөнхий сайд асан Г.Браун таныг энэ дэлхийн хамгийн зоригтой охин гэсэн. НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн таныг баатар хэмээн өргөмжилсөн. Таныг Анна Франктай зүйрлэж, жүжигчин А.Жоли таныг Нобелийн шагналд дэвшүүлсэн. 16 настай хүүхдэд энэ бүхэн арай л ихэдсэн ачаа юм шиг санагдахгүй байна уу?

-Үгүй. Миний хувьд энэ бол ачаа биш харин ч нэр хүндийн асуудал. Надад халдсаны дараа энэ дэлхийн хэдэн зуун хүн надад захидал бичиж, зориг хайрлаж бууж өгч болохгүй гэдгийг харуулсан. Тиймээс надад том хариуцлага оногдсон.

-Та амьд Тереза ээжтэй ижилхэн юм уу даа?

-Үгүй. Намайг Малала гэдэг. Миний зорилго: энх тайван, бүгдэд боловсрол эзэмшүүлж, терроризмыг эцэс болгох.

-Чи бусад охид шиг хумсаа будаж, олон ангит кино үздэг үү?

-Мэдээж. Би кино, телевиз үзэх дуртай. Үс маань надад их чухал мөн цайруулагч тос.

-Судлаачид таныг төрөлх нутагтаа дахин буцаж очих боломжгүй гэсэн. Эргэж очвол таныг буудан хорооно гэсэн. Гэсэн хэдий ч та нутаг буцах уу?

-Тийм ээ. Хүмүүсийн дийлэнх нь буцаж очих нь аюултай гэж байгаа. Гэхдээ Пакистан бол миний төрсөн нутаг. Миний эцэг эхийн аль аль нь төрсөн газар. Англид ээжид маань тийм ч таатай биш байгаа гэдгийг би мэдэрч байна. Тэр их ганцаарддаг. Би ч гэсэн найз нараа санадаг. Аав маань Англид консулын албанд ажиллаж байгаа. Гэсэн ч хэзээ нэгэн цагт буцна.

-Таныг алахыг завд­сан Аттиуалах Кханыг үзэж ядаж байна уу?

-Үгүй. Би түүнийг уучилсан.

-Тэр хүн Афганистан руу зугтсан гэсэн. Түү­нийг барьж авч шийтгээгүйд та бухимддаг уу?

-Үгүй. Харин сургуу­лийн автобусны жолооч маань одоо болтол шоронд хоригдож байгаад уур хүрдэг. Пакистанд иймэрхүү явдал хэвийн үзэгдэл болсон. Алахыг завдсан хүн зугтаж, ямар ч буруугүй хүн шоронд сууж байна.

-Та 16 насныхаа ойгоор Нью-Йоркт НҮБ-ын индрээс үг хэлсэн. Ингэсний төлөө талибанчууд танд алах ял оноох байх. Үүнээс айж байна уу?

-Үгүй. Бурхан намайг нэг удаа аварсан. Дахиад аварна гэдэгт би итгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Шар нар ээж, зөгий дүнгэнэсэн ШААМАРЫН СУРВАЛЖЛАГА (I)

Зөгийчин, тариачин, ногоочдын өлгий нутаг Шаамарт жинхэнэ алтан намар болж байна. Тэндхийн хавар, зуны нөр их ажил үндсэндээ шувтарчээ. Ногоочид хүнсний ногоо, жимс жимсгэнээ, зөгийчид зөгийн балаа, тариаланчид амуу буудайгаа борлуулан хөдөлмөрийнхөө шимийг хүртээд магнай тэнэгэр байна. Шаамар ногоочдын өлгий нутаг. Бас зөгийн балны эх орон. Нарсан ойн дундах нам гүмхэн энэ л суманд зөгийг анхлан тэжээж эхэлсэн. Тэр нь 1957 он. Тухайн үед Оросоос хэдэн бүл зөгий авчрахад Монголд идээшихгүй гэж байсан бол өнөөдөр Шаамарынхныг тэжээж байгаа ганц амьтан болжээ. Бүр зөгийг төрөлжүүлэн тэжээдэг болсон байна. Зохиомлоор хатан зөгий гарган авч тэжээдэг хүн ч бий ажээ. Шаамартаа төдийгүй энд тэндхийн зөгийчдөд хатан зөгийчин гэдгэээрээ алдаршсан Д.Эрдэнэчимэгийнд очлоо. Суманд ямар газар олдохгүйн зовлон байх биш, эднийх томоо хашаатай юм.

Байшингийнхаа хоёр та­лаар зөгийн үүрээ эгнүүлчихэж. Ягаан, цэнхэр, шар гээд аль болох тод өнгөөр зөгийн үүрээ буддаг ажээ. Ногоон юмуу бараанаар будчихвал зөгий үүрээ андуураад байдаг гэнэ. Хөлийн өвдгөөр татахуйц өндөртэй үүрийг тод өнгөөр алаглуулан будчихаар байгалийн өнгө гандсан ч гэлээ зуныг санагдуулам ажээ. Түрүүн хашааны үүдээр ороход боргоод байсан нохой эзнээ хараад чимээгүй болов. Энэ үед зөгийн дүнгэнээ сонсогдож эхэлсэн юм. Д.Эрдэнэчимэг “Манай хашаанд Улаанбаатар хотын хүн амаас олон зөгий байгаа даа” гэж байна. Тэрээр 100 бүл зөгий тэжээдэг ажээ. Дунджаар 15 мянган зөгий нэг бүл болдог. Тэгэхээр эднийх 1.5 сая гаруй зөгийтэй гэсэн үг. Үүрэндээ байгаа болохоор дүнгэнээн бага байгаа гэнэ. Ид зуны улиралд нар мандах, эсвэл жаргах үед олон зөгий үүрнээсээ гарч орохдоо дүнгэнээ ихтэй. Бэлчээрт гарахгүй бол үүрэндээ буюу тэрүүхэн тэндээ дүнгэнэдэг юм байна. Гэхдээ сайн сонсвол усны урсгал шиг. Голын эрэг дээр чимээ гаргалгүй суугаад л байвал усны урсгал улам тод сонсогддогтой адил. Хашаанд ганцаараа үлдэн зөгийн үүрний дэргэд ганцаараа хэсэг зогсов. Намрын шар нар илч муутайхан ээж байна. Зөгийн дүнгэнээ улам тод болохын зэрэгцээ тэртээ холоос тог, тог хийх алхны чимээ сонсогдоно. Бас хааяа нэг айлын үхэр мөөрч, нохой хуцах чимээ гарна. Түүнээс өөр чимээгүй болохоор ганцаараа зогсоод л баймаар нам гүмхэн юм. Мэдрэлийн ядаргаа ийм л орчинд тайлагдах байх даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Гэрт нь орвол зөгийн балыг шингэн, царцуугаар нь таваглаад тавьчихаж. Зөгийн бал шингэн байснаа жаахан удаад ирэхээр царцаад цагаан шаргал өнгөтэй болдог ажээ. Шингэн нь гадуур худалдаанд байдгийг бодвол хамаагүй өтгөн. Царцуу нь харин арай шаргал өнгөтэй ч юм шиг. Сэтгэл дагаад ч тэр үү амт, үнэр, өнгө нь арай л өөр байх шиг санагдсан. “Дэлгүүрт зардгаас арай өөр байх шиг ээ” гэвэл “Хүмүүс тэгдэг л юм. Наймаачид зөгийн бал худалдаж аваад усаар шингэрүүлэн зардаг байж мэдэх юм. Яг зөгийчид бол балаа устай холихгүй” гэж байна. Тэрээр өнгөрсөн сард балныхаа дээжийг лабораторид өгөн шинжлүүлэхэд хоёр зуугаас дээш ургамлын найрлагатай гэдгийг нь тогтоож өгчээ. Д.Эрдэнэчимэг сүүлийн 30 гаруй жил зөгий тэжээж байгаа. Олон жилийн амьдралаа зөгийтэй холбосон гэдэг нь тэднийхээс шууд харагдаж байв. Цайны аяга нь зөгийн зурагтай, давс, элсэн чихрийн сав нь сархиаг шиг хээтэй, гэрлийн бүрхүүл нь зөгийн хэлбэртэй гээд нэг ёсондоо зөгийг шүтчихэж. Тэрээр 1980 онд бригад, фермерт дарга бэлтгэх 45 хоногийн курст суун зөгийчин болжээ. “Анх зөгийд хатгуулахад жигтэйхэн өвддөг байсан. Тэр хавиар дуу шуу татуулан хэсэгтээ л сүржин юм болно. Яана даа л гэж боддог байлаа. Одоо харин тоохоо больсон. Хааяа нэг хатгахаар нь өө гэчихээд л өнгөрнө. Дасчихдаг юм” гэж байна. Хатгалт гэснээс сүүлийн үед эднийхээс хүний хөл тасрахаа байжээ.

Тэнд ч өвдөөд байна, энд ч болохоо байлаа ганц хатгуулаад өгөөч гэсэн хүмүүс хэзээ л бол хэзээ хүрээд ирнэ. Д.Эрдэнэчимэг анагаахын мэргэжлийн хүн биш болохоор эхэндээ цааргалдаг байсан ч одоо бол гуйгаад ирвэл зөгийгөөрөө хатгаад өгдөг болжээ. Хуян хөөрлөө, үе мөч өвдлөө, хүзүү хөшөөд байна гээд янз бүрийн хүн ирнэ. Өвдөж байгаа газар нь хатгаад өгөхөөр ямар ч байсан үр дүнгээ өгдөг ажээ. Бүр хүүхэдтэй болохгүй байгаа хүмүүс ч ирдэг гэсэн. Зөгийгөөр хатгуулсны дараа жирэмсэн болсон тохиолдол ч бий ажээ. Д.Эрдэнэчимэг “Би эмнэлгийн мэргэжилтэй хүн биш, нөгөө хүн маань ч зөгийчин гэдгийг минь мэдэж байгаа. Хоёулаа ярилцаж байгаад л хатгуулчихдаг. Хэдэн өдөр байтугай сар, жил болсон ч дахиж өвдөхгүй байна гэж ярьдаг. Тэгэхээр зөгийнд хатгуулах ашиг тус ихтэй шиг байгаа юм” гэв. Тэрээр өөрөө ямар нэгэн өвчин хуучгүй гэсэн. Зөгийд хатгуулсны үр дүн юм байлгүй гэж байна. Ер нь зөгий олон талын ашигтай амьтан. Лавыг нь гоо сайханд, жилийг нь хавдрын эсрэг, тоосормогийг нь дархлаа сайжруулахад хэрэглэнэ. Зөгийн хор харин маш ховор. Гурван мянган бүл зөгийнөөс нэг кг хор гаргаж авдаг. Өвчин намдаахад хэрэглэдэг уг хорны наймаа мафийн хэмжээнд явагддаг гэсэн. Харин манайхан тэр бүр хорыг нь гаргаж авдаггүй гэнэ. Мөн зөгийн сүүнцэр гэж бий. Сүүнцэр хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Сүүлийн үед бүсгүйчүүд байнга л сүүнцэр сурагладаг болжээ. Түүнчлэн гадны гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнийхээ найрлагад сүүнцэр оруулж байгаа гэнэ. Зөгий өдөржин бэлчээрт гараад орой ирэхдээ хоёр сагсандаа цэцгийн тоостой ирдэг ажээ. Хойд хоёр хөлийнх нь хажууд байх уут шиг зүйлийг сагс гэдэг юм байна. Түүндээ өдөр бүр цэцгийн тоостой ирнэ. Шар будааны чинээ цэцгийн тоос хүний биеийн дархлааг сайжруулдаг, ядаргаанд сайн. Усанд хутгаад тогтмол ууж чадвал элдэв өвчин тусахгүй, ядрахгүй гэсэн. Зөгийн үүрэнд байх сархиагийг балтай нь холиод зажилж болно. Амны хөндийн үрэвсэлд тустай. Хоолойн ангиныг ч арилгах ид шидтэй ажээ. Амьд зөгийн ач тус иймэрхүү. Бүр үхсэн хойно нь ч ашиглаж болно. Үүрэндээ үхсэн зөгийг хатаачихдаг. Үүнийг эрэгтэй хүмүүс архинд хандлаад өдөрт нэг халбагыг уугаад байвал түрүү булчирхайн өвчнөөс айлтгүй. Бас бэлгийн чадавхийг дээшлүүлдэг гэж байгаа. Ингээд үндсэндээ зөгий гэдэг амьтнаас хаях юм үлддэггүй ажээ.

Гэхдээ зөгий богино нас­тай. Хатан зөгий л хамгийн урт буюу таван жил насладаг. Идэвхтэй амьдрал нь гурван жил үргэлжилнэ. Эр зөгий гурван сар амьдарна. Амьдрах хугацаан дахь гол ажил нь хатан зөгийг хээлтүүлэх. Гэх­дээ ганцаараа биш. Үүрнийхээ бу­сад эр зөгийтэй нийлж аваад хатан зөгийн хамт агаарт гарна. Агаарт гарсан бүх эр зөгий хатан зөгийтэйгээ үржилд ордог. Үндсэн ажил, амьдралынх нь гол зорилго ингээд дуусна. Нэгэнт хатан зөгийг хээлтүүлсэн бол эр зөгийн хэрэг тэр бүлд байхгүй. Тиймээс намар хүйт орох үед хатан зөгий эрийгээ хөөнө. Эр зөгий ажил хийдэггүй учраас “хоолны сав” гэж үздэг ажээ. Үүрнээсээ хөөгдсөн эр зөгий төд удалгүй үхдэг гэсэн. Харин ажилч зөгий 45 хоногийн настай. Төрсөн цагаасаа л үүрээ барих, бал цуглуулах, цэцгийн тоос олж ирэх гэж өдөр шөнөгүй ажиллана. Бүлийнхээ төлөө ингэж ажиллаад төд удалгүй үхчихнэ. Харин хатан зөгий онцгой эрхтэй. Бусад шигээ гадуур гарч идэш тэжээл хайхгүй. Ажилч зөгийнөөс ялгарах сүүнцэрээр л хоол­лоно. Тэр нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тийм ч учраас хатан зөгий урт на­салдаг биз. Биеийн хувьд ажилч зөгийнөөс том. Эр зө­гийтэй харьцуулбал бөгс томтой. Хатан зөгий насан туршдаа ганцхан удаа хээл­тэх ба 21 хоногт 1000-1500 авгалдай гаргадаг юм байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

<<Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан мах олддог, улаан нүүр олддоггүй

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудал “амттай” аж. Тийм гэдэг нь холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан сарын өмнөөс дэгдсэн дуулиан гэрчилнэ. “Б.Ганболд гэдэг нөхөр энэ холбоог толгойлоод удсан ФИФА-гаас жил бүр орж ирдэг мөнгийг хувьдаа завшсан”,”Тэр авлигачин” гэж бичиж байна. Монголын Хөлбөмбөгийн холбоо нь ТББ гэсэн статустай. ФИФА-гаас жил бүр Монголд орж ирдэг 250 мянган ам.долларын төсөвтэй. Энэ холбоо нь ТББ-аас ялгаатай нь Монгол Улсыг төлөөлөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэлтэй гэдгээрээ давуу эрхтэй. Эдгээр шүлс асгаруулам зүйлүүд энэ ТББ-ын тэргүүний төлөөх “алалцааныг” эхлүүлжээ. 250 ам.доллар болоод манай монголчууд хүний санаагүйг, санаж хийхгүйг хийж чадаж байна. Энэ Ганболд нь ч яасан больж цадахаа мэддэггүй юм. Цаад ажлыг нь авах гэж хөөцөлдөж байгаа хүмүүс ч ямар аймаар нөхөд байдаг юм. Тэд зөвхөн Монголдоо ч биш бүр байчихаад дэлхийгээр нэг хөдөлж байна. Үүний жишээ нь Б.Ганболдыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо ажлаас нь таван жил чөлөөлөх шийдвэр гаргасан явдал. Түүнийг 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоосон гэнэ. Мухамед Бин Хаммам нь 2002-2011 онд Азийн хөлбөмбөгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2011 онд З.Блаттертэй ФИФА-гийн сонгуулиар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн юм. Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ФИФА-гийн Ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн аж. Түүний эрхийг хассан энэхүү шийдвэр энэ оны аравдугаар сарын 15-наас эхэлж байх юм.

Ажлыг нь авахаар хөөцөлдөж байгаа нөхдүүд догдолсон сэтгэлээ барьж ядан мэдээлэл хийцгээж байна. “Тээр харав уу, та нар. Ийм муухай амьтан байсан байгаа биз” гэж. Б.Ганболд нь үнэхээр ч муухай хүн байжээ. Тэр Монголд хэд гурван юм зөвшөөрүүлэх гэж саналаа худалдсан байна. Бас авлига авчээ. Тэрийг нь бид нийтээрээ жигшиж байна. Гэхдээ энэ авлига авсан санал худалдсан гэдэг зүйлийг нь эндээс нөгөө монголчуудаас нь “матаагүй” байгаа. Авлигыг өнгөрсөн хойно нь өгсөн авсан гэж батлах боломжтой билүү. Гарцаагүй баримттай байж л авлига авсан гэдгийг тогтоодог. Харин Улаан мах олддог, улаан нүүр олддоггүй гэдэг. Мөнгө, албан тушаал яах вэ, харин хүн чанар, эргэж уулзах улаан нүүр олдох болов уу даа.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

С.Шаарийбуу: Хүн өөрт нь ирээгүй бол зовлонг тэр бүр мэддэггүй юм билээ

Одоогоос найман жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад амиа алдсан билээ. Тодруулбал, 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Малайзын Куала Лумпур хотын Силан­гор мужийн Субан Дам хэмээх ойгоос түүний цогц­сыг онц хэрцгийгээр хөнөөсөн байсныг олсон байдаг. Хэрэг гараад най­ман жил өнгөрсөн ч одоог хүр­тэл Малайз улсаас уг хэргийг эцэслэн шийд­вэр­лээгүй байгаа юм. Энэ талаар Талийгаач Ш.Алтан­туяагийн аав С.Шаарий­буутай ярилцлаа.

-Таны охин Малайз улсад амиа алдаад найман жил гаруй боллоо. Сүүлийн үеийн мэдээлэл өгөөч.

-Энэ сарын 19-ний өдөр Лалын шашинтнууд аллах тэнгэртээ үнэнчээ үзүүлж, мацаг барьсны тайлал буюу шашных нь баярын өдөр. Энэ өдөр тэдний хувьд нүгэл бүхнийг цээрлэж, дараа жилийн энэ цаг хүртэл буян үйлдэнэ гэж тангараг тавьдаг чухал өдөр. 2006 оны энэ өдөр Малайз улсын төрийн эрх мэдэл бүхий хүмүүс энэ­хүү аллагын ажиллагааг үйлдэхдээ эртнээс бэлтгэн, хуйвалдаж миний охин, монгол эх Алтантуяаг шашны энэ баяртаа оролцуулах урилга өгч, хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй зэрлэг аргаар амь насыг нь бүрэлгэснээс хойш найман жил өнгөрлөө. Эцэг хүний хувьд өнгөрсөн жилүүдэд өөрийнхөө хөлийг хүрэх газар бүрт очиж, хэр­гийг эцэслүүлэхийг хичээ­сэн ч одоог хүртэл гэмт этгээ­дүүд сул чөлөөтэй явж байна. Франц-Малайзын Засгийн газрын хоорондох 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Малайзын улс төрчид Францын шумбагч хөлөг худалдаалагчдаас их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч, уг үйл ажиллагаанд орчуулагчаар ажилласан учраас охиныг маань зэрлэгээр хөнөөсөн нь бараг тогтоогдсон. Гэвч Малайзын тал энэ хэргийг шийдвэрлэхгүй байна. Энэ хэрэгтэй холбоотой гэрч бүрийг устгаж, өнгөрсөн дөрөв­дүгээр сард үнэний төлөө тэмцэж явсан өмгөөлөгч Карпал Сингх гуайг автын осол гэсэн шалтгаанаар хорвоогоос явуулчихлаа.

-Энэ хэрэг дээр манай улсын төр засаг хэрхэн ажил­ласан бэ. Мэдээж энэ хуга­цаанд зүгээр суугаагүй байх?

-Тэгсэн. Монголын төр, засаг их “зүтгэсэн”. Хэрэг гарсны дараа анх нот бичиг явуулж, дараа нь холбогдох дөрвөн байгууллагад захидал бичиг явуулсан байдаг. Үүнд нь Малайзын талаас нэг ч хариу ирүүлээгүй. Монголын төр засаг ингэж л ажилласан.

-Харин та хэрэг гарснаас хойш хөлөө хүрэх газраа хүртэл явж олон газрын хаалгыг татсан байлгүй. Энэ талаараа яривал?

-Харин би хэрэг гарснаас өдий хүртэлх хугацаанд 80 гаруй захидал, өргөдөл бичиж, арав гаруй удаа Малайз улс руу явж төрийн яамд, хүний эрхийн байгууллагуудын жижүүрт 300-гаад удаа иргэ­ний цахим үнэмлэхээ шалгуулсан байна. НҮБ-ын Хүний эрхийн хороо, Лондон дахь төв, Ази, Номхон далайн Хүний эрхийн газар болон Монгол дахь НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгч зэрэг олон газарт хандсан. Тэд бүгд “Энэ бол танай улсын төр, засгийн хөөцөлдөх асуудал. Та төрдөө ханд” гэдэг нэг л хариу өгдөг.

-Та тэгээд төр засагтаа олон удаа хандсан биз дээ?

-Өөрийнхөө хүч чадлаар л явсан. УИХ-ын эмэгтэй гишүүн бүртэй эх хүмүүс юм чинь арай өөрөөр хандах болов уу гэж тусгайлан уулзаж үзсэн. Одоогоор тэдний зүгээс ямар нэг хариу ирээгүй байна. Харин ГХЯ-ны Консулын газар чамгүй ажил хийж бай­санд баярладаг. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрөө санаачлан Малайз нөхдүүдэд асуу­дал тавьж, надтай уулзаж, санал солилцсон. Бас ч гэж цөстэй л эр, ийм хүн өдрийн од шиг цөөн ч байдаг л юм билээ.Төрийн өндөрлөгүүдэд олон удаа хандаж, хэвлэлээр дам­жуулан ил захидал илгээж байсан. Ажил ихтэй болохоороо надтай уулзаж завддаггүй байлгүй дээ, тэд.

-Малайзын хаанд манай улсын элчин сайд итгэмжлэх жуух бичиг өргөн барьсны дараа­хан талийгаачийн хэрэгт холбоотой хоёр офице­рийг сулласан байдаг байх аа?

-Тийм. Манай элчин сайд Малайзын хаанд итгэмжлэх жуух бичгээ барьснаас хоёр хоногийн дараа цаазын ял сонсоод байсан “алуурчин” хоёр офицероо сулласан. Ингэснээр Малайзын төр монгол хүнийг яаж ч байсан малайзчуудад хууль үйлч­лэхгүй гэсэн жишгийг тогтоо­сон гэж би ойлгож байгаа. Дэлхийн талыг эзэлж явсан монголчуудыг хэн дуртай нь доромжилдог болоо юу хэмээн харуусах сэтгэл төрж байна. Гэтэл саяхан Их Британийн иргэнийг хороосных нь төлөө Исламын улсыг Англи агаараас цохилт өгч, иргэнийхээ гэр бүлд хүмүүнлэгийн тусламж харамгүй өгч байна. Гэтэл манайхан юу ч болоогүй юм шиг л сууж байна.

-Цаашид таны зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Таны охиныг хэрцгий­гээр хөнөөсөн хэрэг шийдэг­дэлгүй замхраад алга болчих юм биш биз дээ?

-Их хэлмэгдүүлэлтийн үед хүний эрхийг буудаж хороож шийдвэрлэдэг байж. Харин одоо цагт чимээгүй байж эвийг сахигчийн дүрээр хүний эрх, амь насаар тоглогчдыг үл огоорон өнгөрүүлдэг шинэ тогтолцоотой болоод байх шиг байна. Хүний эрхийн байгууллагууд арай өөр арга барилтай, шинэ түвшинд гарч ажилладаг болоосой гэж хүсч байна. Охиноо талийгаач болсноос хойш Монголчуудын эрхийн тухай ойр зуурыг мэддэг боллоо. Цаашид тууштай, бүр хүчтэй дуугарах болно.

-Талийгаачийн хүүхдүүд одоо хэрхэн амьдарч байна. Нэг үеэ бодвол овоо том болцгоочихсон байх?

-Зөгийд хатгуулж үзээгүй хүн зөгий хатгадаг гэдгийг мэддэггүй юм гэсэн. Хүн өөрт нь ирээгүй бол зовлонг тэр бүр мэддэггүй юм билээ. Хүүх­дийн баяр бусад тэмдэглэлт өдрүүдээр би дэлгүүрээс бэлэг худалдаж аваад “Том дарга миний хүүд бэлэг явуулжээ” гэж дээдсүүдийн нэрийг зээлддэг дээ. Одоо овоо том болж байна. Гэхдээ хэзээ “Учрыг нь яагаад олоогүй юм бэ. Гэмт хэрэгтнүүдийг яагаад шийтгээгүй юм бэ” гэж асуух бол гэж айдаг.

-Та Малайз руу цөөнгүй удаа явсан. Тэнд ажиллаж, сурч, амьдарч байгаа мон­гол­чуудтай уулзаж, амьдрал ахуйтай нь нэг биш удаа танилцсан тухай цухас дурддаг. Энэ талаар дэл­гэрэнгүй ярих боломж байна уу?

-Монголчууд тэнд хэрхэн амьдарч, амь зууж байгаа тухай үнэнийг би мэднэ. Заримынх нь тухай бодохоос ч ой гутмаар юм бий. Малайз 27 сая хүн амтай ч дийлэнх нь ширэнгэд зэрлэгээр амьдардаг юм билээ. Азийн бар орон гээд л монголчууд гоё, тансаг юм яриад байдаг. Үнэндээ бол өдөр болгон ордог ширүүн бороо хотыг нь угаачихдаг учраас цэвэрхэн харагддаг болохоос биш хотоос хэдхэн бээр яваад үнэн төрх нь харагдана. Манай хөдөөнийхөн ядуу, буурай гэгддэг ч хот дүүрэн малтай, бичиг үсэгтэй тэдний хажууд баян, эрдэмтэд гэсэн үг. Хамгийн гол нь эдийн засгийн чөлөөт байдалд олон жил болчихсон, хувийн хэвшлийнхэн нь хэнээс ч хамааралгүй улсаа аваад явчихдагт л учир нь байгаа юм. Улстөрчид буюу даргад дуртай хэд нь сандал суудал, засаглалын төлөө юу ч хийхээс буцдаггүй юм билээ. Шүүх хурал дээрээ шууд л дугтуйтай мөнгө авч, өгөлцдөг гээд бод л доо. Миний охины аминд хүрсэн хоёр офицероо үндэсний баатар мэтээр шагна­лаа гэж тэндхийн хэвлэлд бичсэн байна лээ. Алуурчин офицерын нэг нь “Би олон хүн захиалгаар цааш нь харуулсан туршлагатай хүн. Гагцхүү тохиролцсон мөнгөө л өгөөрэй” гэж Багиндад хэлж байсан нь баримтаар нотлогдсон байдаг. Ийм л хүн Ерөнхий сайдынх нь бие хам­гаалах албаны ахлах офицероор олон жил ажиллаж байна шүү дээ.

-Хүмүүс Малайзад сурч, амьдрахаар явсан хүүхдүүд, хамаатан садныхнаа сураг­гүй болчихлоо гэх мэтээр танд ханддаг гэж байсан. Ихэвчлэн ийм шалтгаанаар ханддаг уу, өөр зүйл бас байдаг уу?

-Янз янзын асуудал бий. Монголчууд хүний наймаанд хэрхэн оролцох вэ, яаж золиос нь болох вэ гэдэг туршилтад өнгөрсөн жилүүдэд хангалттай оролцож, сургамж авлаа шүү дээ. Ийм газар руу монгол охид, залуус явах гэж хошуурах, дурлахын хэрэг байхгүй. Амь нас, эрүүл мэндэд нь ямар ч баталгаа байхгүй. Хамгийн гол нь Малайзад монголчууд эзэнгүй байдаг. Тэнд хэдэн мянгаар тоологдох монголчууд ажиллаж, сурч байна. Энэ нь визгүй болгосны уршиг шүү дээ. Малайз, Хонконг,Сингапур, Тайланд, Тайвань зэрэг дандаа бар нэртэй хүний наймаа, хар тамхины хамаг мафи нь өндөр хөгжсөн улсууд руу визгүй зорчдог болсон нь цаанаа том улс төр. Бусдын зовлон, муу муухайг ярих сонирхол надад алга.

-Та охиндоо зориулж өгүүл­лэг бичиж байгаа гэсэн үү?

-Талийгаач охиныхоо гэгээн дурсгалд зориулан “Цэнхэр дурдан алчуур” гэдэг өгүүллэгийг зураглал байдлаар бичсэн. Амьдрал гэгчийн мөн чанарыг бүтэн таньж амжаагүй гэнэн цайлган 20 гаруйхан настай бүсгүй үрээ эрүүл саруул болгох гэж харийн оронд ажиллаж яваад бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн явдал бол зөвхөн манай гэр бүлийн уй гашуу, сургамж бус монголчуудын уй гашуу, монгол иргэн бүрийн харь тэр тусмаа эрсдэл өндөр­тэй орнуудад учирч болох сургамж юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодсон.

-Таныг уншигчдын олонх нь талийгаач Алтантуяагийн аав гэдгээр нь мэдэхээс хэл бичгийн багш гэдгийг мэдэх нь цөөн байх. Таныг гавьяат багш болох дөхсөн гэх яриа гарсан байсан.

-Одоогоос хэдэн жилийн өмнө МУИС-д олон жил ажилласан Манж судлаач, нэрт эрдэмтэн Я.Шаарийбуу багшид гавьяат цол олгосон юм. Тэр үеэр би нэр нэгт багшийнхаа шагнал авч байгаа бичлэгийг хийж байсныг үзсэн шавь нар маань намайг гавьяат болж гэж андуураад, цэцэг барьж угтсан юм. Ийм л андуурал болсон. Гэхдээ би багийн бага сургуулиас эхлээд МУИС хүртэл боловсролын бүх салбарт 40 гаруй жил багшилж, Монголын түүх, соёлын нэрт эрдэмтдийн тухай 80-аад баримтат кино бүтээсэн хүн шүү.

Э.БААТАР