Categories
мэдээ нийгэм

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын гэрэлт хөшөөг босгожээ

“Тунгалаг тамир” роман болон олон шилдэг зохиол бичсэн Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамбад зориулсан гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Алтай хотын хоёрдугаар дунд сургуулийн өмнөх талбайд босгожээ. Ч.Лодой- дамбын нэрэмжит уг сургуулийн үүдэнд сүндэрлэн боссон энэ хөшөөг “Шадар туслагч” ХХК-ийн захирал Ж.Дашдаваа санаачлан өөрийн хөрөнгөөр бүтээсэн байна.

Зохиолч Ч.Лодойдамбын энэхүү хөшөөн дээр “Тунгалаг Тамир” романы гол баатрын нэг Хатанбаатар Магсаржавын хэлсэн “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэсэн үгийг товойлгон сийлжээ. Хөшөөний нээлтэд оролцсон зохиолчийн хүү Л.Галбадрах хоёрдугаар сургуулийн хамт олон, Ж.Дашдаваа нарт аавынхаа зохиолын дээжээс гардуулан баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Галт зэвсгийн тухай хэлэлцэхийг түр хойшлуулав

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.22/ хуралдаанаар Засгийн газар 2014.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Улсын Их Хурлын гишүүн О. Баасанхүү хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, байгаль орчны 30 гаруй төрийн бус байгууллага, иргэд, эрдэмтэн судлаачдын саналуудыг нэг бүрчлэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн хуулийн төсөлтэй холбогдуулан 42 зарчмын зөрүүтэй санал, найруулгын шинжтэй 34 санал, төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн 6 хуулийн төслийн 10 зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсныг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн З. Энхболд зарчмын зөрүүтэй олон санал байна, буцаагаад шинэчилсэн наруулга хийж оруулья гэсэн бол Ц. Оюунбаатар гишүүн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан, цэргийн алба хаасан хүмүүс галт зэвсэг худалдаж авч болох юм гэсэн санал гаргалаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Р. Гончигдорж Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамт оруулж ирье гэсэн санал гаргалаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар хуулийн төслийн зарчмын зөрүүтэй олон саналыг шинэчилсэн найруулгын төсөл болон хэлэлцэе гэж үзсэн учир хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Дараа нь хоёр ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тус тус томиллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Кэйт Миддлтон дөрөвдүгээр сард амаржина

Их Британийн хунтайж Уильям болон түүний гэргий Кэйт нарыг дахин хүүхэдтэй болж бүл нэмэх гэж байгаа талаар гадна, дотнын цахим сайтуудаар шуугиж байсан ч хэзээ төрөх нь тодорхойгүй байсан билээ. Тэгвэл гүнж Кэйт Мидллтоныг ирэх дөрөвдүгээр сард амаржих талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна. Тэдний анхны хүүхэд, хунтайж Жорж 2013 оны долдугаар сард мэндэлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Аргалийн тоо толгой хоёр жилийн дотор 500-гаар өсчээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, “Гулзатын санаачилга” ТББ хамтран, энэ сарын эхнээс аргаль хонины тооллого хийжээ. Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчим, Мандахын аараг, Хүрэмийн нуруунд хийсэн эл тооллогоор 1541 аргаль бүртгэгдсэн байна. Үүний 797 нь хонь, 314 нь угалз, 310 нь хурга байсан аж. Хари 120 аргалийн нь нас, хүйсийг тогтоож чадаагүй байна. Одоогоос хоёр жилийн өмнө хийсэн тооллогоор энэ бүс нутаг 1046 аргальтай байсан бол түүнээс хойш тоо толгой нь ийн 500 гаруй нэмэгдэж өсчээ. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт хар сүүлтийн тооллого явуулахад 119 хар сүүлт бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр “Шударга ёс” бүлгээс завсарлага авав

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд “Шударга ёс” бүлгийн зүгээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын тав хоногийн завсарлага авах санал оруулав. Үүнийг нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу завсарлага болгож байна гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей мэдэгдэв.

Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг ажлын тав хоногийн дараа буюу ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо. Үүнийг эсэргүүцэж яг одоо МАН-аас хэвлэлийн хурал зарлаад байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Нэг сарын хугацаанд хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хорилоо

Нийслэлийн засаг даргын 2008 оны 191 тоот захирамжийн дагуу жил бүрийн гуравдугаар сарын 20-оос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20-ны хооронд буюу авто зам эвдрэхэд эмзэг болсон газрын хөлдөлт, гэсэлтийн үед хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хорьж байхаар заасан билээ.

Энэхүү захирамжид тусгаснаар нийслэл хотын хотын авто замд бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй автотээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг. Хязгаарлалтанд хамрагдах гудамж зам нь 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Яармагийн товчооноос дотогш замууд хамаарна.Иймд хүнд даацын ачааны автомашинтай хувь хүн, албан байгууллагуудыг захирамжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ

Б.Обамаг заналхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг Австралийн 17 настай хүү Исламын зэвсэгт бүлэглэлтэй нийлэн заналхийлсэн бичлэг олны анхаарлыг татжээ. “Исламын улс” бүлэглэл Астрали хүүг эгнээндээ элсүүлж, буу зэвсэг бариулан ийн турхирах болсон байна. Тэд Сидней хотоос ирсэн хүүгийн нэрийг өөрчлөн Абдулла Элмир хэмээх нэр хайрлажээ. 90 минут үргэлжлэх дээрх бичлэгт Абдулла хүү “Букингемийн ордон, Цагаан ордны орой дээр хар тугаа мандуулна” хэмээн заналхийлсэн аж.

Абдулла Элмир өнгөрсөн зургадугаар сард загасчлахаар гараад гэртээ эргэж очилгүй Иракт суурьшжээ. Хүүгийн аав нь яагаад ийм шийдвэр гаргасанд итгэж чадахгүй байгаа бөгөөд жирийн хүүхэд шүү хэмээн өмөөрч байгаа ажээ. Терроризмын шинжээч Грег Бартон энэ бичлэг нь гадаад хүүхдүүдийг эгнээндээ элсүүлэх гэсэн бохир тактик гэж үзжээ.

Э.НОМИН

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар нууц гэрээ хийгээгүй гэв

Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнийхээ талаар мэдээлэл хийлээ. Тэд хэвлэл хурал гэнэтхэн хийх болсон шалтгаан нь Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн зүгээс нэлээдгүй шүүмжлэл дагуулсантай холбоотой гэж байлаа.

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах гэрээгээ дахин шинэчлэх аж. Тэдний байгуулсан гэрээ нь намуудын удирдах зөвлөлийн хурлаар орсны дараагаар хүчин төгөлдөр болно. Мөн АН, МАХН хамтран ажиллах нууц гэрээ байгуулаагүй учир энэ асуудлаар хууль хяналтын байгууллагуудад хандахаар болсон гэдгээ мэдэгдлээ. Бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

М.АМАРЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зам тээврийн ослоор хохирсон иргэдийн өдөр

Хууль зүйн яамнаас баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг өнөөдөр зохиохоор боллоо.

Өдөрлөгийн хүрээнд зам тээврийн осолд өртсөн таван тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар осолд орсон тайлбарын хамт таван ачигч автомашин дээр ачсан автомашин, цагдаа, эмнэлэг, шуурхай алба, эмнэлгийн автомашинууд, явган зорчигч иргэдийн цуваа өглөөний 10.00 цагт Баянзүрх дүүргийн нутаг Чулуун-Овооны аюулгүй тойргоос баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун чиглэлийн авто вокзал буюу Драгон төв орж, тэндээсээ Чингисийн талбай дээр ирэх юм. Чингисийн талбайд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг зохиож, иргэдэд ослоос урьдчилан сэргийлэх уриа, санамж сэрэмжлүүлэг, гарын авлага, ном, брошюр тараах юм.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

ОХУ руу 100 мянган тонн үхрийн мах нийлүүлнэ

ҮХААЯ-наасОрос улстай хийсэн хэлэлцээрийн дагуу махны экспортоо нэмэгдүүлэхээр болсон билээ. Одоогоор манай улс хойд хөршид жилд 10-11 мянган тонн мах нийлүүлдэг байна. Тэгвэл дээрх тоог 100-110 мянган тоннд хүргэнэ хэмээн ОХУ-ын үйлдвэрлэгчид тооцоолж буй аж. Ингэснээр манайх ОХУ-ын үхрийн махны гол нийлүүлэгчдийн нэг болох юм.

Үхрийн махны эхний тээвэрлэлтээ хийхэд бараг бэлэн болсон талаар ОХУ-ын мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Энэ нь Бразил, Өмнөд Америкийн орнуудаас өндөр зардлаар тээвэрлэдэг орон зайг нөхөх боломжтой гэж хойд хөршийн худалдан авагчид үзэж буй аж. “100.000 тонн гэдэг нь ОХУ-ын үхрийн махны нийт импортын 15-20 орчим хувь юм. Хөрш Монгол Улстай хамтран ажиллах нь маш ашигтай. Ялангуяа Уралын компаниудад ложистикийн хувьд давуу талтай” хэмээн тус улсын Махны холбооны тэргүүн Мушег Мамиконян өгүүлжээ. Одоогоор ОХУ-ын үхрийн махны импортын 80 орчим хувийг Латин Америкийн орнууд бүрдүүлдэг байна.

Өмнө нь манай улс энэ байр суурийг эзэлж байсан ч 2010 онд малын өвчин гарч, хориг тавьснаас хойш бүтээгдэх үүнээ нийлүүлэх боломжгүй болсныг дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ.

Э.НОМИН