БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг хүртэв. Түүний хувьд Энэтхэгийн бөхийг ялж, шигшээ барилдаанд Тайландын бөхийг буулган авсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртжээ. Монгол Улсын баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөнатлетик төрлүүдээс 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл, нийт 8 медаль хүртээд байна.
Month: October 2014
Хамгийн залуу Нобелийн шагналтан Малала Юсуфзай Канадын хүндэт иргэн боллоо. Хүний эрхийн төлөө тэмцэгч 17 настай пакистан охинд Нобелийн шагнал олгох болсон тухай мэдэгдсэний дараа Канадын тал ийм шийдвэр гаргажээ.
Ю.Дэлгэр
Малайзийн Перлист мужид дэлхийн оюутан залуусын дунд модон бөмбөгийн аварга шалгаруулах 4 дэхь удаагийн тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болно. 1990 –ээд онд Хятадын Тайваньд үүссч хөгжсөн энэ спортын төрлийг анх 2004 онд дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт багтаасан түүхтэй юм. Орон нутгийн цагаар оройн 19 цагт тэмцээний нээлтийн ёслол болох бол маргааш буюу 22-ний өдрийн 10 цагаас эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр цохилтын онооны нийлбэрээр аваргыг тодруулах тэмцээн эхлэх юм байна. Харин энэ өдрийн 20 цагт эрэгтэй, эмэгтэй тамирчдын ганцаарчилсан халз тоглолт эхлэх юм. Энэ нь сугалаагаар таарсан 2 тоглогч хоорондоо тоглох буюу хамгийн цөөн цохилтоор хаалганд бөмбөг оруулсан тоглогч дараачийн шатанд өрсөлдөхөөр шалгарч үлдэх замаар өрсөлдөх юм. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээний халз цохилтын тэмцээнд нийт 24 хаалганд хамгийн цөөн цохилтоор бөмбөг оруулсан нь дараа дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй болно. 23-ны өдөр эрэгтэй, эмэгтэй хосын халз цохилтын тэмцээн, 24-нд эрэгтэй, эмэгтэй хосын, 25-нд холимог хосын, 26-нд холимог хосын халз цохилтын тэмцээн тус тус зохион байгуулагдаж, тэмцээний сүүлчийн өдөр буюу 26-ны 11 цагт тамирчдын цуглуулсан нийлбэр онооны байдлаар аваргуудыг тодруулж, шагнал гардуулах юм байна. Энэ жилийн 4 дэхь удаагийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Япон, Тайвань, Гонкгонк, Монгол, Балба, БНСУ, Индонези, Тайланд, Вьетнам, Уганда, Сингапур, Морокко, Энэтхэг, Бангладеш, ОХУ, Кени, Афганистан, Хятад зэрэг нийт 19 улсын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, халз, холимог, холимог хос, багийн гэсэн 7 төрлөөр ур чадвараа сорих юм. Манай улсад шинэ тутамд хөгжиж байгаа модон бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ш. Батжаргал, Б. Оюунтуяа, Б. Хишигжаргал, Г. Батбуян, Д. Мөнх-Оргил, Г. Ижилцэцэг, Э. Энхтүвшин, Д. Даваадорж, Ц. Баасанжаргал, Б. Баянбулаг нарын зэрэг 12 тамирчин оролцож байна. Өмнө нь манай улсын модон бөмбөгийн баг тамирчид шагналт 5-р байрт шалгарч байсан удаатай юм.
Үдээс хойш хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсөв, түүнийг дагалдаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байлаа. Гэвч хэлэлцэх асуудлаа баталж чадсангүй. Учир нь гишүүдийн ирц хүрсэнгүй. Улмаар ирэх оны төсвийн төслийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцэж чадахгүйд хүрэв бололтой.
Энэ намрын ургац хураалтын ажил дуусчээ. Өнөө жилийн ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72.4 мянга га-г цайруулж, 237.7 мянган га-г шууд хурааж, нийтдээ 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа хураан авсан байна. Үүнээс 465 мянган тонн буудай, 13.3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна.
Шинэ ургацаас урьдчилсан байдлаар тариаланчид дараа оны тариалалтандаа зориулан 42.3 мянган тонн үр нөөцөлсөнөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Энэ жилийн ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна
Францын газрын тосны Total компанийн Удирдах зөвлөлийн тэргүүн Кристоф дэ Маргери Москвад онгоцны ослоор амиа алджээ. Түүний сууж явсан хувийн онгоц Москвагийн Внуково олон улсын нисэх буудлаас Парисыг чиглэн хөөрөх явцад цас цэвэрлэх машинтай мөргөлдөж сүйрсэн талаар нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч Элена Крилова мэдээлсэн байна. ОХУ-ын онцгой байдлын яамнаас хийсэн мэдэгдэлд тэрээр Falcon-50 хэмээх хувийн онгоцонд сууж явсан бөгөөд осол даваа гаригт орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нисэх багийн гурван гишүүн, зорчигчид бүгд амиа алдсан бөгөөд цас цэвэрлэгч машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар хэлжээ. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Кристоф дэ Маргери нь Европтоо гуравт ордог томоохон газрын тосны компани болох Total-ийг 2007 оноос хойш амжилттай удирдаж байсан билээ. Тэрбээр тус компанийг удирдаж байх хугацаандаа НҮБ-аас Иракт явуулсан “Газрын тос хоол хүнсэнд” хөтөлбөрийн хүрээнд компаниа авлигад автагдсан гэх олон нийтийн буруутгалаас аварсан юм. Total нь 50 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч компани билээ.
Б.АНУЖИН
Монгол Улс, ОХУ-тай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээний хүрээнд Монгол Улсад ял эдэлж байсан гурван иргэний үлдсэн хугацааны ялыг эх оронд нь шилжүүлэн эдлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Орос улсын холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх ажиллагааг өчигдөр Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан талаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас мэдээлэв.
“Хүмүүн бичиг” сониноос уламжлан зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 18 дахь жилдээ болох гэж байна. Тус уралдаанд 1-7 анги, 8-11 дүгээр анги, 12 дугаар ангийн сурагчид болон мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид оролцох боломжтой юм. Мөн уран бичлэг, уран бүтээлийн төрлүүд байгаа аж. Уралдааны материалыг аравдугаар сарын нэгнээс арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах юм байна.
Уралдааны дүн 2015 оны нэгдүгээр сард гарч, байр эзэлсэн оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд шагналыг гардуулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн гурван оролцогчийг хилийн чанадад аялуулах, төгсөх ангийн дөрвөн сурагчийг Засгийн газрын зуун хувийн тэтгэлэгтэйгээр МУИС, МУБИС-д монгол хэл, эх бичиг судлалын мэргэжлээр суралцуулах ажээ.
АНУ-ын Нью-Йорк, Вашингтон, Атлана, Чикаго, Нью-Арк зэрэг хотуудын томоохон нисэх онгоцны буудалд баруун Африкаас ирсэн иргэдийг эбола вирусийн халдвар авсан эсэхийг тогтоох шалгалтыг улам чангатгав. Ийнхүү урьдчилсан сэргийлэх арга хэмжээг улам эрчимжүүллээ. Одоогийн байдлаар эбола вирусийн улмаас АНУ-д нэг хүн амиа алдсан. Халдвар авсан гурван хүн эмчлүүлж байгаа юм.
Ю.Дэлгэр
“Аглаг бүтээлийн сүм” нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Далийн аманд байршилтай. Бурханч лам Г.Пүрэвбат шавийн хамт 2008 онд шавыг нь тавьж 2012 оноос ашиглалтанд оруулжээ. Байгалийн гайхалтай өвөрмөц тогтоц бүхий газарт бүтээн байгуулагдсан шинэ үеийн Монгол сүмийн төлөөлөл аж.
Эргэн тойрон дахь уул ус, мод, хадны тогтоц нь хүний сэтгэл татахуйц, өвөрмөц тогтоцтой. Цэвэр агаар, цэнгэг устай горхи хоржигнож хүн амьтны сэтгэл тэнийсэн сайхан газар.
Нарсан ойн модод нь шулуухан, өндөр. Газрыг амралтын өдрүүдэд зорин ирэх зочдын хөл тасрахгүй. Хад чулуун тогтоц дээр элдэв амьтны дүрс, бурхан шүтээн сийлснээс гадна өвөрмөц үзмэртэй музей бас бий. Тус музейд нь Далийн амны уул усны эзэн савдгийн дүрс бүхий баримлууд, Монгол орноос олдсон ан амьтны содон гоц үзмэрүүд бий. Жишээ нь 5 толгойтой загас, нэг эвэртэй морь, янгир, угалзны толгой, эвэртэй туулайн чихмэл , 4 эвэртэй хонины арьс зэрэг содон сонин үзмэрүүд бий.
Ингээд Аглаг бүтээлийн хийдээс хийсэн гэрэл зургийн сурвалжлагаа хүргэе.
Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж