Categories
мэдээ нийгэм

“2015 оноос хойших хөгжлийн зорилтууд ба хоршооллын асуудал” арга хэмжээг зохион байгуулав

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хоршооллын олон улсын холбоотой хамтран “2015 оноос хойших хөгжлийн зорилтууд ба хоршооллын асуудал” арга хэмжээг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нью Йорк хотноо зохион байгуулав.

Хоршооллын асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Бразил, Финланд, Канад, Израйл, Итали, Кени, Этиоп, Өмнөд Африк, Япон, Малайз, Швед, Швейцарь, Итали зэрэг хорь гаруй орон болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон уг уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч удирдан явуулав.

Хамгийн хүн төвтэй, ардчилсан зарчмаар ажилладаг аж ахуй эрхлэлтийн хэлбэр гэж тооцогддог хоршоололд өдгөө дэлхийн 250 сая хүн хамрагдаж ажил амьдралаа залгуулдаг ажээ.

Хоршоолол нь Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд их хувь нэмэр оруулсан ба 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн зорилгуудад ч тусгалаа олох ёстой гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэгдэж байв. Ялангуяа ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал ба хоол тэжээл, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хэсгүүд, эсвэл хөгжлийн санхүүжилтын асуудалтай уяж хоршооллын асуудлыг тусгах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтлоо.

Дашрамд дурдахад манай улсын санаачлан авч явдаг Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэж өнгөрүүлсэн ба энэ 2014 оныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Гэр бүлийн ферм эрхлэлтийн олон улсын жил болгон ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо төмөр замын шинэ чиглэлийн талаар Ажлын хэсгээс оруулсан саналыг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулав. Дээрх тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг хоёр удаа хуралдаад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Ажлын хэсгийн гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан хоёр заалтын эхнийх нь тогтоолын төслийн 1 дэх заалтыг хасах тухай байжээ. Хоёр дахь нь тогтоолын төслийн хоёр дахь заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулахаар тусгасан байна. “Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Ханги, Хөөт-Бичигт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” хэмээн өөрчлөн найруулах санал дэмжигдсэн аж.

Ажлын хэсгийн танилцуулгыг хийсний дараа ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар өөрийн санал, бодлоо илэрхийлсэн. Тэрбээр дээрх саналын томьёолол Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдэн батлагдсан тохиолдолд 2010 онд УИХ-аас батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдаагүй шинэ маршрут бий болж байна гээд дээрх баримт бичигт өөрчлөлт оруулах зарчмаар асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Монгол Улсын транзит тээврийн бодлогыг иж бүрэн харж асуудлыг шийдэх ёстой хэмээгээд хариуцсан сайд нь томилогдоогүй байхад асуудлыг хэлэлцэх нь зүйтэй эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж байсан. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Хөөт гэдэг газраас Нөмрөгийн чиглэлд өргөн төмөр зам, мөн дээрх газраас Бичигт уруу нарийн төмөр зам тавих санал яагаад оруулж ирж байгааг тодруулаад Хөөт гэдэг газар төмөр замын зангилаа байх нь тийм ч оновчтой шийдэл биш хэмээсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, баялагтай газраасаа нарийн царигтай төмөр зам тавиад баялгаа зөөгөөд эхэлбэл бид хоосон хоцорно. Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрийн тухай ярих аргагүй болно гэж хэлсэн. Тэрбээр салбарын сайд нь томилогдоогүй байхад энэ асуудлыг ярих нь зүйд нийцэхгүй хэмээн саналаа илэрхийлсэн.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүнэ

УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Давж заалдах шатны аравдугаар шүүх дээр хянан хэлэлцэхээр болжээ.

Тэдний хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өнгөрөгч наймдугаар сард хянан шийдвэрлэсэн бөгөөд Д.Дондог нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр өнөөдөр ийнхүү шүүх хурал зарлагдсан байна.

Дашрамд дурдахад, Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэж 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь хурааж, 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээ шийдвэрлэсэн бол “Сумбар” компанийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж үзэж, нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнө илэрч байгаагүй шавар бурхад олджээ


Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “Сарьдагийн хийд”-ийн тууринд авран хамгаалах малтлага судалгааны ажлыг энэ оны наймдугаар сараас есдүгээр сард хийж гүйцэтгэсэн.

“Сарьдагийн хийд” гэж алдаршсан боловч энэ нь анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын өөрийн барьж байгуулсан “Рибо гэжайлин” хэмээх хийд юм.

Өндөр Гэгээн энэ ордонд 20 наснаас эхлэн 30 жил амьдарсан юм. Энэ судалгааны үр дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч байгаагүй нарийн хийцтэй шавар бурхадын хэсэг зэрэг сонирхолтой олдворууд олноороо гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмчийн харилцааны газар учир дутагдалтай ажиллаж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар нийслэл, дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг хэлэлцлээ. Өнгөрсөн долдугаар сард хийсэн шалтгалтын дүнг одоо ийнхүү тайлагнаж,цаашид хэрхэх талаараа хэлэлцэж байгаа юм.

Нийслэлийн өмч харилцааны газраас илэрсэн зөрчлүүдийгНМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. Шалгалтаар дээрх байгууллага нь газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олгож хэвшээгүй, газар эзэмших эрх олгохдоо эзэмших хугацааг хуулинд зааснаас багаар тогтоосон, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгодоггүй, газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, бусад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд материалыг бүрэн бүрдүүлж хүлээн авдаггүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг таван жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгаанд хамруулдаггүй гэх мэт зөрчлүүдийг илрүүлжээ.

Энэ талаар тэрээр”Нийслэл, дүүргийн өмч, харилцааны газар нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж өгдөггүй, төлөвлөгөөнд ороогүй хэсэгт газар олгосон, шаардлагатай дотоод хяналт хангалттай хийдэггүй юм байна. Үүссэн асуудалд газрын удирдлага, албан хаагчдаас асуулт асуухаар тодорхой хариу хэлэхгүй байгаа нь ажлаа мэдэхгүй байгаагийн шинж” гэж байв.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг Сүхбаатар, Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн гэдгийг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Гэрт биш, Төрийн ордонд суултаа үргэлжлүүлнэ гэв

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, МАН-ын Шинэчлэлийн хорооноос өчигдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. Төрийн ордны баруун талд гэр барьж, улс төрийн суулт хийж байсан залуус тэмцлээ гадаа биш, Төрийн ордонд үргэлжлүүлээр шийдсэн гэдгээ дуулгалаа. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүдтэй нэгбүрчлэн тулж харилцах гэнэ. Хэвлэлийн хурлын эхэнд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан “Улс төрийн суулт хийсэн энэ хугацаанд бид 11270 иргэний гарын үсгийг цуглуулсан. Нийгмийг хамарсан гурван удаагийн цуглаан хийсэн, мөн тооны хэвлэлийн бага хурал хийсэн. Улмаар олон нийт, иргэдийн санал асуулгын үр дүнд тулгуурлаж, Нэгдсэн хөдөлгөөн, Шинэчлэлийн хорооны зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаар бидний шаардлагыг дэмжсэнээр УИХ-д энэ асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн” гэж ярилаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэдэг байр сууриндаа тэд хатуу зогсож буйгаа хэлж, цаашид тэмцлээ үргэлжлүүлэн гэдгээ илэрхийлэв.

Categories
гадаад мэдээ

Канадын Ерөнхий сайд мэдэгдэл хийлээ

Канадын Оттава дэх парламентын байрны хажууханд орших хөшөөний хүндэт харуулын цэргийг буудан хороосон хэрэг гарлаа. Энэ хэргийг лалын шашинтан,Квебект амьдардаг Мишель Зихаф-Бибо гэгч үйлджээ. Ийм хэрэг гарсантай холбогдуулан аюулгүй байдыг хангах үүднээс нийлэлийн төв хэсгийг түр хугацаагаар хаасан байна. Үүнтэй холбогдуулан Канадын Ерөнхий сайд Стивен Харпер мэдэгдэл хийхдээ дахин ийм алан хядах ажиллагаа гаргуулахгүй гээд “Биднийг айлгаж чадахгүй” гэв.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үл таних этгээд Цагаан ордон руу нэвтрэхийг завдав

Өчигдөр үл таних этгээд Вашингтон дахь Цагаан ордон руу нэвтрэхийг завдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаныхны мэдэгдсэнээр үл таних этгээд Цагаан ордоны хашаан дотор байсан нохойнд баригджээ. Он гарснаас хойш ийнхүү долоо дахь удаага Америкийн төрийн тэргүүни өргөө рүү хууль бусаар нэвтрэхийг завдсан хэрэг гарлаа. Энэ үеэр Б.Обама болон түүний гэр бүлийнхэн Цагаан ордонд байгаагүйКэмп-Дэвид дэх өргөө рүүгээ явсан байжээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

100 жилийн өмнөх ба дараахь Гадаад яам

1914 он.

1914 оны 9-р сарын 8-ны өдөр Хиагт хотноо эхэлсэн Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээр шинэ тулгар тусгаар тогтносон Монгол Улсын хувь заяаг шийдвэрлэж түүхэнд Хиагтын хэлэлцээр нэрээр тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Есөн сар гаруй хугацааанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд хөрш хоёр гүрэн урьдчилан тохиролцсон ёсоороо Ар, Өвөр Монголыг салгаж Ар Монгол нь Бүгд Найрамдах Хятад Улсын автономит улс бөгөөд Оросын эдийн засгийн онцгой эрх ашгийг хангасан статустай хэмээн тулган хүлээлгэжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол ололт ийнхүү алдагдсан ч манай төлөөлөгчдийн эх оронч байр суурь, хууль эрх зүйн мэдлэг, дипломат ур чадварын үр дүнд Монгол Улс бие даасан байдлаа хадгалан үлдэх онцгой нөхцлүүдийг олж авч бас чадсан юм. Тухайлбал, Монгол нь эзэн хаан, үндэсний засгийн газар, нутаг дэвсгэр, хил хязгаар, үндэсний цэрэгтэй байж дотоод бүх асуудлаа бие даан шийдэх, худалдаа үйлдвэрийн асуудлаар олон улсын гэрээ хийх эрхтэй бөгөөд өөрийн нутагт бусад улсын цэргийн хүчнийг оруулахгүй байхаар гэрээнд тусгаж бусад талуудаар зөвшөөрүүлжээ.

Эдгээрийн дотор бүрэн эрхт тусгаар улсад байж болох нэг л эрхийг гэрээний бусад талууд зөвшөөрөөгүй аж. Тэр нь улс төрийн гадаад харилцаа юм.

Хэлэлцээрийн эхэнд Хятадын талаас оруулсан төслийн наймдугаар зүйлд “Гадаад улстай харилцан шийтгэх хэрэг явдлыг Дундад газрын засгийн яам эсхүл Дундад газрын засгийн яамны томилсон түшмэл эдэлж шийтгэмүй. Гадаад Монголын өөртөө засах эл яам шууд хүлээн шийтгэж болохгүй. Гэгээнд /Богд хаан/ гадаад улсын түшмэлийг хүлээн авах хийгээд гадаад явдлын түшмэл томилон гадаад улсад явуулах эрх үл байна. Улс хоорондын болзоо зүйлийг тогтоон байгуулах бүх эрхийг бүхлээр Дундад газрын яам хамаармуй.” гэсэн нь Хятадын талаас Монгол Улсын гадаад харилцааны аливаа эрхийг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн эрс хатуу байр суурьтай байсны нотолгоо.

Богд хаант Монгол Улсын анхны таван яамдын нэг Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам нь 1911-1914 оны хооронд маш идэвхитэй гадаад бодлого хэрэгжүүлжбайсан боловч Хиагтын хэлэлцээрээс хойш улс төрийн гадаад харилцааны аливаа үйл ажиллагаа явуулах эрхгүй зөвхөн эдийн засаг худалдааны асуудлаар зарим эрх мэдэл бүхий нэр төдий байсаар 1919 онд автономийг устгахад татан буугдсан байдаг.

2014 он.

2014 оны 8-9 дүгээр сард БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд Улаанбаатарт хоёр долоо хоногийн зайтай айлчилж, үүнээс мөн хэдхэн хоногийн дараа Душанбе хотод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт болов. Эдгээр үйл явдлын агуулга, хэлэлцсэн асуудлууд төдийгүй үзэгдэх хэлбэр нь 100 жилийн өмнөх Монголын эх орончдын мөрөөдлийн биелэл байлаа. Нөгөөтэйгөөр гадаад харилцааны салбарт ажиллаж ирсэн үе үеийн дипломатчдын хувьд нөр их хөдөлмөрийн дараах баяр бахдал нь байсан гэхэд хэтрүүлэг болохгүй бизээ.

Харамсалтай нь, энэ явдлаас сар хүрэхгүйн дараа Монголын эрх баригчид 100 жилийн туршид бий болгосон ололтоосоо ухрах шийдвэр гаргав. Гадаад харилцааны яамны нэрийг “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам” болгон өөрчилсөн явдал нь улс төр, эдийн засаг, бусад чиглэлийн гадаад харилцааг нийтэд нь төлөөлдөг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог утгаас, хазайж аж ахуйн харилцааг тодотгосноороо ийм ноцтой үр дагаварт хөтөлж байна.

Учир нь Гадаад харилцааны яам бол тусгаар тогтнолын яам. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.2-т “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна” гэж тов тодорхой заасан байгаа. Тэрхүү улс төрийн гадаад харилцаа, дипломатын үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны төв байгууллага нь гэдэг утгаараа Гадаад харилцааны яам тусгаар тогтнолын яам юм.

Мөн Монгол Улсын гадаад харилцааны үзэл баримтлалын 1.9-д “Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн гадаад бодлого, гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого гэсэн харилцан уялдаа бүхий үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Улс төрийн гадаад харилцааны бодлого тодорхойлогч шинжтэй байна.” гэж тодорхойлжээ.

Гэтэл үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй Гадаад харилцааны яам маань нэрэндээ дээрх зургаан чиглэлээс нэгийг нь онцлон хавчуулснаар зөвхөн эдийн засгийн талын яам ч юм шиг, эсвэл үзэл баримтлал нь өөрчлөгдөж улс төрийн гадаад харилцаагаа голчлохоо больсон ч юм шиг ойлгомжгүй байдалд хүрч байна.

Олон улсын нийтлэг ойлголтоор бол Гадаад харилцаа /Foreign affairs/ гэсэн тодорхойлолтын цаана бусад салбараас гадна гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж гэх мэт эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал ч бас багтдаг тул нэр өөрчлөгдсөнөөр наанадаж давхардал үүсгэх, цаанадаж манай гадаад яамны гадагшаа харагдах байдалд сөргөөр нөлөөлөхөөc өөр шинэ зүйл нэмэгдэхгүй.

Үүнийг нотлохын тулд НҮБ-ын гишүүн улсуудын Гадаад яамдын албан ёсны нэрийг англи хэл дээр харьцуулж харж болох юм. Тэдгээр 193 орны 90 хувь нь Гадаад харилцааны яам буюу Ministry of Foreign Affairs гэсэн сонгодог нэрийг ашиглаж байна. Европын холбооны зарим улс Гадаад харилцаа ба Европын холбоо гэснийг тооцвол 90 хувиасилүү гарна.

Үлдсэн бусад нэрийн дотор АНУ-ын Төрийн департмент, Британийн Гадаад ба хамтын нөхөрлөлийн алба/яам/ гэх мэт зарим онцгой нэр байхын зэрэгцээ 10 шахам улсад ашиглаж буй “Гадаад харилцаа, Олон улсын хамтын ажиллагааны Яам” гэсэн нэр түгээмэл байна. Манай гадаад яамны шинэ нэрийг англиар үгчилэн орчуулбал Ministry of Foreign affairs and Economic cooperation гэж буух бөгөөд үүнтэй ижил нэг ч нэр гадаад улсуудад алга. Хамгийн дөхөж очих нь Барбадос улсын “Гадаад харилцаа, Худалдаа, Олон улсын бизнесийн Яам” л болов уу.

Нэгэнт ийм занганд орсон дипломат албаныхан маань яамныхаа гадаад руу хандах нэрийг үгчилэн орчуулахын оронд Гадаад харилцаа, Худалдааны Яам буюу Ministry of Foreign Affairs and Trade гэж байх талаар ярилцаж байна.

Энэ нэрний цаана ч бас анхаарах ёстой зарим нюанс бий. Өнөөдөр ийм нэрийг гадаад харилцааны албандаа ашигладаг Австрали, Канад, Шинэ Зеланд, Ирланд, Бруней, Ямайка, Самоа гэсэн долоон улс байна. /зарим нь Ministry зарим нь Department гэсэн буй/ Эдгээр нь бүгд Британийн эзэнт улсын колони байсан, ихэнх нь Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн бөгөөд одоо ч Британийн хатан хааныг төрийн тэргүүнээрээ өргөмжилсөн байдаг.

Жишээлбэл, Канадын гадаад яам 1909 онд байгуулагдахдаа улс төрийн гадаад харилцаа нь Британиас хамааралтай хэвээр байсан тул Foreign биш External гэдэг үгийг сонгосон нь 1993 он хүртэл ашиглагджээ. Өнөөдөр эдгээр орон бүгд бүрэн тусгаар тогтносон улс нь эргэлзээгүй боловч хатан хаанд үнэнч байх уламжлалт сэтгэлгээ төр, нийгэмд нь оршсоор буйг тэмдэглэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр Австрали, Канадын Гадаад харилцаа, Худалдааны Яам нь уламжлалт гадаад харилцаа болон худалдаа, хөрөнгө оруулалт гэсэн бие даасан хоёр салбарыг хамаарсан хоёр тусдаа сайдтай байдгийг ч бодолцох нь зүйтэй болов уу.

Нэрнээс илүү чухал зүйл

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хийсэн саяхны өөрчлөлт нь ийнхүү Гадаад яамны хувьд огтхон ч хүсээгүй сөрөг үр дагавартай болсноос үзэхэд ажлын төлөө бус зөвхөн улс төрийн санаа сэдлээр хийгдсэн гэдэг дүгнэлт ортой мэт. Гэхдээ энэ нийтлэлд улс төрийн аливаа үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн зорилго огтоос байхгүй болохыг онцлон тэмдэглэе. Хамгийн гол нь нэрийн хувьд алдсан алдаагаа засахыг сануулахын ялдамд нэгэнт яамны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж буйэнэ том боломжийг хэрхэн ашиглах талаар зарим санал дэвшүүлмээр санагдлаа.

Өнөөдөр Монголын гадаад яамыг бодлого төлөвлөлт, судалгааны чадавхи муутай ёслол, консулын үйлчилгээний алба болсон гэж шүүмжлэх нь элбэг. Энэ нь зарим талаар үнэний ортой бөгөөд гүнзгий мэдээлэл, дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргадаг, бодлого хэрэгжүүлдэг болохын тулд энэхүү тусгай албыг хүний нөөцийн хувьд бэхжүүлэх, бүтэц, үйл ажиллагааны эрэмбэ дарааг тодорхойлж өгөх шаардлагатай.

Мөн төрийн байгууллагууд төдийгүй орон нутаг, олон нийтийн байгууллагууд гээд олон түвшинд идэвхитэй гадаад харилцаа явуулж буй энэ цаг үед Монгол Улсын гадаад харилцааны нэгдмэл байдлыг хадгалж нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх бүтцийн нэгж бий болгох нь чухал байна.

Гуравдугаарт, нэрийн хувьд алдсан ч гэлээ эдийн засгийн гадаад харилцааны зарим эрх мэдлийг Гадаад яаманд буцаан авчирсан нь зөв зүйтэй шийдвэр болсон билээ. Гэхдээ нэгэнт ингэж шийдэж буй бол бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл болсон Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг, гадаад мэдээлэл сурталчилгааны агентлаг зэргийг ч тус яамны харьяанд өгч байж үр дүн гарах болов уу.

Дээр дурдсан чиглэлүүдээр нь тус яаманд өнгөрсөн хоёр жилд ажилласан сайд тодорхой ажлуудыг хийж эхний үр дүнгүүд гарч байгаа бөгөөд шинээр томилогдох сайд ололтыг нь бататган алдааг засч үргэлжлүүлэн ажиллах биз ээ.

А.БАТПҮРЭВ

Гадаад харилцааны сайдын зөвлөх

Categories
мэдээ цаг-үе

Д.Арвин: АН-д хэзээнээсээ л улс төрийн хүчнүүд нэгдсээр ирсэн шүү дээ


УИХ-ын гишүүн Д.Арвин­тай ярилцлаа.

Улс төр нэлээд бужигнаж байна. АН МАХН-тай хамтарч ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь араасаа ихээхэн шуугиан дагуулж байна. Э.Бат-Үүл дарга чхатуухан мэдэгдэл хийлээ. Энэ намын ги­шүү­ний хувиар та ямар байр суурьтай байна вэ?

-Хотын төсөвтэй хол­боо­тойгоор Э.Бат-Үүл дарга сүүлийн үед маш их бухимдалтай яваа байх. Монгол Улсын хүн амын бараг 50 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэгэхээр хот бол хүн ам олонтой,ачаалал ихтэй хүндрэлтэй бүсэд тооцогдож байгаа.Яалт ч үгүй хөдөө орон нутгийнхан хот суурин газар бараадаж, энэ ачааллыг үүсгэж байна л даа. Гэтэл ийм байхад хотын төсөвт байж боломгүй зүйл тусгагдсан нь Э.Бат-Үүл даргын бухимдлыг төрүүлсэн биз.Энэ бухимдлаасаа гараагүй явсан учраас АН-ын МАХН-тай хийсэн гэрээ хүндээр туссан байж магадгүй.Гэхдээ энэ бол АН-д байдаг л үзэгдэл. Шүүмжлэлтэй хандсан зүйлээ хэнээс ч айж эмээлгүй хэлж чаддаг чанар бол АН-ын гишүүдэд л байдаг. Ардын намынхан шигингээд хэлчихвэл хөөгдчих болов уу гэж даргынхаа амыг харж, амаа хумхиж явдаггүй хүмүүс шүү дээ. Тэр л чанараараа асуудалд хандаж байна гэж ойлгосон.

Гэхдээ ҮЗХ-гоор хэлэл­цээ­гүй байж, Н.Алтанхуяг дарга дур мэдэн гэрээнд гарын үсэг зурлаа гэдэг зэмлэл бий. Тэр нь алдаа болсон гэж ойлгосон…

-ҮЗХ-ны тэргүүлэгчдийн 2014 оны тавдугаар сарын хурлаар энэгэрээний асуудлыг хэдийнэ шийдвэрлэсэн юм билээ.Өөрөөр хэлбэл “МАХН болон бусад намтай гэрээ хийж хамтарч ажиллана” гэдэг шийдвэрийг ҮЗХ-ны тэргүүлэгчдийн хурлаар гаргасан юм байна. Үүнийхээдагуу явуулж байгаа ажил гэж ойлгосон. Тэрнээс биш Н.Алтанхуяг даргын ганцаараа шийдээд байгуулчихсан гэрээ биш юм билээ.

Ямар ч байлаа гэсэн энэ нь АН-ынхныг хооронд нь зөрчилдүүлээд,хагарал­дуулаад эхлэх шиг боллоо. Магад­гүй үүнээс болж Засгийн газраа огц­руулж, АН-ын нэр хүндийг унагаж, 1996-2000 оны үеийг ч давтах юм биш биз дээ гэсэн таамаглал ч байна…

-МАХН-тай хамтарч ажил­лах гэрээ байгууллаа гээд эсэргүүцэх хүн АН-д олон байхгүй болов уу.Бусад намууд АН-тай хамтарч нэгдэж байгаа процессыг хараад надад тэс өөр бодол төрж байгаа. Монголд өнөөдөрэв нэгдэл бий болох нь гэдэг бодол төрж байна.

Бид сүүлийн 20 жил тэмцэлдлээ. Намаар ялгарч, нэг нэгийгээ элдвээр цоллож, хэрэлдлээ шүү дээ.Мэдээж нэг нийгмээс нөгөөнийгэм рүү шилжиж байгаа шилжилтийн үед гарч болох л үзэгдэл гэж үүнийг зөвтгөж болох юм. Тэгвэл одоо энэ циклиэсээ бид гарч, шинэ шатанд шилжиж байна. Тэр ньэвсэн нэгдэх процесс. Ардчиллыг хүн болгон хүлээн зөвшөөрч байна, үр дүнд нь улс төрийн намууд хамтач, хүчээ нэгтгэх шийдвэрүүд гаргаад эхэллээ. Үүний нэг илрэл нь МАХН, АН-ын сая байгуулсан гэрээ шүү дээ. Тэр дундаа Н.Энхбаяр дарга улс төрийн нэг хүчинтэй хамтарч ажиллая, улсаа хөгжүүлье, нэг баг болъё гээд ирж байхад түлхэж болохгүй. Яагаад хамтарч болохгүй гэж. АН хэзээнээсээ хэдхэн хүний нэгдэл байгаагүй. Миний мэдэхээсМоАХ, МҮДН гэх мэтээр маш олон улс төрийн байгууллага нэгдэж АН-ыг бий болгосон.Энэ үүднээс нь харвал өнөөдөр эв нэгдлийн цөм нь өөрөө болчихсон байна.Одоо удахгүй ИЗНН, МҮАН ч гэсэн АН-тай хамтран ажиллах гэрээ хийх гэжбайгаа юм билээ. Бүгд л тохирчихсон шүү дээ.

Тэгэхээр АН-ын явуулж байгаа бодлого зөв гэж үү?

-Тийм. Улс төрд зөв голдирлоо олохын тулд хэнтэй хамтарч, улс орноо хөгжүүлж чадах вэ гэдгээ л хардаг. Тэгж харах юм бол эвсч, нэгдэж болох хүчин нь өнөөдөр АН л байна шүү дээ. Тийм учраас энэ намд хүмүүс элсч, нэгдэх процесс өрнөж байна. Яг 13 дугаар зуунд Чингэс хаантай олон овог аймаг нэгдэж, нийлж хүчээ нэгтгэж байсантай адил.Өнөөдөр хар л даа. МҮАН-аас Д.Батцогт гишүүн АН-д ороод ирлээ. Би ч энэ намын гишүүн болсон. Намайг дагаад дөрөв, таван зуун хүн АН-ыг сонгосон шүү дээ. Үнэндээ МАН ч өнөөдөр АН-тай хамтарч ажиллах гээд гүйлдээд байгаа нь нууц биш. Тийм л учраас улс төрийн үйл ажиллагааг хурцатгаж, элдэв аргаар үзэж байгаа.Хамтарч ажиллая, Засгийн газарт чинь оръё, нэг хоёр сайдын суудал авъя гээд гүйлдэж л байгаа гэж бодож байна.

Монгол Улс өнөөдөр дэлхийн сонирхлын төвд орлоо. Энэ бол мэдээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гавьяа. Гадна талд Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдсэн бол дотооддоо АН-тай хамтрах хүсэл эрмэлзэл өссөн байна.Ийм үе яах аргагүй иржээ. Мэдээж биднийг нэгдэж нягтруулах дургүй гадны нөлөөлөл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эцэс төгсгөлгүй хэрүүл, тэмцлээс ард түмэн залхаж байна. Гадаа гудамжинд өдөр шөнөгүй цагаан хоолойгоор орилж, иргэдийн тархийг угаадаг байдлаас залхаж байна. Ард түмэн аяндаа ялгаж, салгадаг болсон байна шүү дээ.

-2012 оны сонгуулиар олгогдсон бүрэн эрх нь дуусахад ердөө хоёр жил үлдчихсэн байхад Засгийн газар бүтцийн өөрчлөлтийг оруулж ирсэн нь өөрөө хий хоосон улстөржилтийг бий болгож,ажил гацаах үндэс боллоо гэж харах хүмүүс ч байгаа…

-Өнөөдөр үйлчилж байгаа хууль дүрэм нь энэ гацааг үүсгэх механизмыг бий болгочихсон байна. Ингээд бодохоор парламентын засаглал гэж хашгичиж байснаас нэгмөсөн Ерөнхийлөгчийн засаглалтай болоод,чаддаг аавын хүү нь гарч ирээд бүгдийг нь базаж, эвэнд нь оруулаасай гэж заримдаабодогдох үе гардаг. Гэхдээ монголчууд хэдийнэ сонголтоо хийсэн. Бид парламентын засаглалтай улс. Тиймээс үүнийгээ төгс болгох хэрэгтэй.

Харамсалтай нь өнөөдөр улс төрийн бүдүүлэг “авир” хэрээс хэтэрлээ. Сайд, дарга болсон нэгийгээ үзэж чаддаггүй соёл улс төрийн хүрээнд үйлчилж байна.Жишээ нь, өнөөдөр улстөрчид М.Сономпил сайдыг хараад “Та сайдаасаа буугаад ирсэн чинь гоё харагдаж байна.

Сайд байхдаа зэвүүн бай­сан шүү” гэж хэлж бай­на. Тэгэхээр сайд гэдэг ал­бан тушаал сонирхлын төв, хүн болгоны мөрөөдөл болчихсон юм байна.Өөрөө сайд болоогүй бол сайд болсон нэгнийг үзэн яддаг, огцруулахын төлөө улайрдаг болчихож. Үүнийг л хараад харамсч байна.Сайн ажиглаарай, одоо сай­дын алба хашиж байгаа хэн нэгнийг огцруулахын төлөө өмнөх засагт сайд хийж явсан нөхдүүд илүүтэй улайрч, тэмцдэг. Өнөөдөр сайдаа ч томилж чадахгүй, оруулж ирсэн бүтцийн өөрчлөлтөө хийж чадахгүй, улс орны ажлыг гацааж байгаа нь Монголын улс төр хэр бохирдож, доройтсоныг тод томруун харуулаад байна даа.

Улс төрийн намуудын сайдын суудлын төлөөх ашиг сонирхол нь эцэстээ төрийн ажлыг гацаачихлаа. Ингэж байснаас бүгдийнх ньхүсэл сонирхлыг хангаад ажлаа гацаагүй явуулбал ард түмэнд хэрэгтэй ч юм шиг…

-Хэт тэгж болохгүй л дээ.Үндсэн хуульдсонгуулиар олонхийн санал авсан нам үзэл онолоо хэрэгжүүлж, бусадтай эвсэх хамтрах эсэхээ шийдэх эрхтэй байдаг.Тиймээс одоо шинэ бүтцээр ажиллах гэж байгаа юм бол бүрэлдэхүүнээ хурдан бүрдүүлээд хөлөө олоод явах ньард түмэнд хэрэгтэй. Ер нь АН төрд гарч ирээд олон зүйл хийсэн. Хэзээ гэр хорооллыг төлөвлөж байсан юм, хэзээ дулааны станц барьж байлаа даа. Аливаа төсөв төлөвлөгөөг өөрөөр явуулах гэж хичээж байна. Хүн болгонд май гээд арван мянган төгрөг өгөх биш. Шинэ урсгал, арга барил нэвтрүүлэхээрзорьж байна. Харамсалтай нь өөрчилж, шинэчилж байгаа энэ орчинд дасахгүй хүмүүс бий. Хуучин шигээ бодоод яваа нэг хэсэг байна. Тэдний ярьдаг зүйл нь гадны хөрөнгө оруулалт зогслоо гэдэг үг. Айл гэрээртөсөөлөөд үз. Гадны хүн гэрт нь суучихаад өдөр болгон мөнгө өгөөд байвал сайхан л байх. Гэвч удаан үргэлжилбэл гэр бүлийн уур амьсгал таагүй болж эхэлнэ биз дээ.

Үүнтэй адил шүү дээ. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт байх ёстой. Гэхдээ зохистой хэмжээнд, аль салбарт яаж оруулах вэ гэдэг нь бидний өөрсдийн бодлого байх ёстой. Түүнээс бишхавтгайруулж, юм болгон дээр гадныхны гарыг харж сууна гэдэг утгагагүй. Гадныхан Монголд их хөрөнгө оруулалт хийж,тийм их мөнгөтэй байх үед тэгвэл Монгол Улс яагаад хөгжөөгүй юм бэ.Харин өнөөдөр бидөөрсдөө хөгжлөө түргэтгэхийн төлөө илүү их хичээл, зүтгэл гаргаад байгаа юм биш үү.

МАХН-тай байгуулсан гэрээг АН-ын зарим хэсэг нь хүчтэй эсэргүүцээд байгаа нь намд нь биш Н.Энхбаяр гэдэг хүнд нь дургүйдээ байна уу гэж бодогдохоор байна…

-Явуулга их байгаа байх. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр гэдэг хүн алдаа дутагдлаа тунгааж үзсэн байх. Тийм ч учраас гарч ирсэн болов уу. Ийм байхад нь энэ хүнийг улам гишгэлэх хэрэггүй.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгчөө уучилсан. АН-ыг ойлгоод дэмжээд хамтраад ажиллая гэж ирж байхад нь бусад шиг аваад явах л хэрэгтэй. Ингэлээ гээд намын дүрмийг зөрчсөн асуудал байхгүй. Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтарлаа гээд эсэргүүцэж байгаа бол социализмын үеийн хоцрогдсон сэтгэлгээгээрээ явж байна гэж ойлгохоос өөр аргагүй. Алдсан дээр нь дөрөөлж хүнийг улам дардаг, булшилдаг, харгисаар шийтгэдэг гашуун туршлага тэр үедээ л үлдэг.АН ийм зүйл хийхгүй болов уу гэж харж байна.

Таныг Ардын намд байх цагаас л Н.Энхбаярын хүн гэлцдэг байлаа.Одоо ингээд ярихаарН.Энхбаярын талд бат зогсогчдын нэг хэвээрээ юм байна гэж хэлэх байх?

-Хэрэв би Н.Энхбаярын хүн байсан бол МАН задарч МАХН салахад Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг дагаж явах байлаа. Гэвч тэгээгүй. АН-ыг сонголоо шүү дээ. Өнөөдөр миний араас Ш.Адьшаагаас эхлээд маш олон хүн АН-ын батлахыг авахаар зэхэж байна. Н.Энхбаяр ч бай хэн ч бай наашаа тэмүүлж байгаа тэднийг дэмжих нь миний үүрэг. Зөв хүчнийг сонгож ирж байна гэдэг утгаар нь дэмжиж байгаа юм.

Н.Энхбаяр улс төрдэр­гэн ирсэн нь Ардын намынх­ныг сандралд оруулж байх шиг байна.МАХН ч хоёр хуваагдсан мэт дүр зураг харагдаад эхэллээ. Та энэ тал дээр юу харж байна вэ?

-МАХН-ын хувьд дотоод асуудал нь байх. Нам дотроо муудалцах, маргалдахасуудал байдаг шүү дээ.МАН-ынхны хувьд мэдээж болгоомжилж байгаа нь ойлгомжтой. Ер нь Н.Энхбаяр дарга албан тушаалтай байх хугацаандаа Ардын намын бүх хүнийг хөтөлж аваачиж ажилтай болгосон шүү дээ.

Ер нь хэн байх нь хамаагүй ядарсан зовсон хүн бүрийг өрөвдөж, туслах юмсан гэж боддог миний зан юм шиг байна лээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ