Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр салхины эх одтой луу өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 24. Сугар гариг. Билгийн тооллын 1. Салхины эх одтой, шар луу өдөр. Өдрийн наран 07.48 цагт мандан, 18.04 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо малтахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ажилтай байх бүр сайхан

Дуртай ажлаа олсон хүнд амралтын хоёр өдөр дээр нь дахиад таван өдөр нэмэгдсэнтэй адил юм. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй. Бас завгүй байх сайхан. Өглөө гэрээсээ ажил руугаа яарч, орой гэр рүүгээ яардаг хүн хамгийн аз жаргалтайд тооцогддог. Ийм үгсийг бид өдөр тутам зөндөө л сонсдог, уншдаг. Зүгээр ч чихний хажуугаар өнгөрдөг, бодит амьдралаас холуур үг биш бололтой.

Зун амраагүй танил маань ээлжийн амралтаа аваад хэд хоножээ. “Хүмүүс ажиллаж байхад амрах шиг утгагүй юм алга. Ажлаа санаад байна” гэж байна. Соёлын төвийн дуу хөгжмийн багш анд маань “Найзыг нь гэр орныхон хүчээр эмнэлэгт хэвтүүлэх гээд байна. Ядаргаанд орсон гээд байх юм. Би зүв зүгээр. Ажлаасаа нэг л өдөр холдвол бүх юм өнгөрчих гээд, надгүй л бол бүх юм бүтэхгүй юм шиг санагдаад байна” гэх.

Гэртээ хүүхдүүдээ хараад суудаг мэргэжил нэгт бүсгүй “Өглөө сэрүүлгээр босох сайхан. Яаран яаран цайгаа уугаад автобуснаас хоцрохгүй гээд гүйх бас сайхан. Тэгээд ажлынхаа газрын хаалгыг татаж орох бас нэг жаргал гэдгийг гэртээ суусан хоёр жилдээ л мэдэрч байна. Залуу байх сайхан ч ажилтай байх бүр илүү сайхан юм” хэмээв. Нээрэн тийм шүү. Чөлөө аваад ажлаасаа холдсон өдрүүд хүртэл галт тэрэгнээсээ хоцорсон мэт сэтгэгдэл төрүүлэх үе бий. Залуу насанд ажил шиг сайхан юм үгүй гэдгийг залуус өөрсдөө ингэж ярьж байна. Залуу байх сайхан ч, ажилтай байх бүр сайхаан.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

ХЦДБЧ-аас ардын жүжигчин Ц.Батчулуунд яаралтай туслах уриалга гаргалаа

Морин хуурын чуулгын удирдаач тус чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун хүндээр өвчилж, яаралтай элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай болсон талаар мэдээлэл цацагдсан. Түүний биеийн байдал тун хүнд, нэг сарын дотор БНСУ-д элгээ солиулах шаардлагатай болсон гэнэ. Урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, шавь нар нь аравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Эгшгэн өргөл” хандивын тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болж, АНУ-д суралцдаг шавь нар нь Ажиа гэгээний төвийн байранд “Сэтгэлийн дэм” хандивын тоглолт хийх гэж байгаа талаар хэвлэлүүд шуугисаар… Гэвч энэ бүхэн түүний эмчилгээний зардал болох 250-300 сая төгрөгийг бүрдүүлж эс чадах ажээ. Хамгийн харамсалтай нь ийм хагалгааг манай эх оронд хийх боломжгүй юм байна. Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын хамт олноос нийт хилийн отряд, ангийн бие бүрэлдэхүүнд хандаж Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслах уриалга гаргав. Ардын жүжигчин Ц.Батчулууны хил, хилчдийн сэдэвт уран бүтээлээс “Цэрэг эрийн гэргийн дуу”-г хилчид бид хамгаас сайн мэднэ хэмээн тэд онцолж байна. “Эх орон, уртын дуу, морин хуур гурав хүйн холбоотой. Тиймээс бидэнтэй хамт энэ бүхнийг хайрлан хамгаалж ирсэн, ардын урлагийн эрхэм хилчин Ц.Батчулуун ахдаа амьдрал бэлэглэх дэмжлэг үзүүлцгээе” хэмээн ХЦДБЧ-ынхан уриалж байна.

Хандивын данс. ХААН банк 5031089680 (төгрөгийн), ХХБ 404187482 (валютын) юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цасан болон шороон шуургатай

25-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 25-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голуудын сав, Дорнод, Дарьгангын талаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Mексикийн Игуала хотын даргыг эрэн сурвалжилж эхэлжээ

Мексикийн Игуала хотын дарга Хосе Луис Абаркаг эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон оюутнуудыг хулгайлсан хэргийг зохион байгуулсан, мөн зургаан жагсагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган тус улсын өмнөд нутагт эрэн сурвалжилж эхэлжээ.

Ерөнхий прокурор Хесус Мурильо Карамын хийсэн мэдэгдэлд эхнэрийнхээ хамт зохион байгуулж байсан үдэшлэгт нь жагсагчид саад учруулахгүй байх үүднээс эсэргүүцлийн ажиллагааг зогсоохтушаалыг хотын дарга Хосе Луис Абарка цагдаа нарт өгсөн гэжээ.

Игуала хотын дарга Хосе Луис Абарка энэ хэргийн дараа ор сураггүй алга болжээ.

Хулгайлагдсан 43 оюутныг хамгийн сүүлд гурван долоо хоногийн өмнө буюу 9-р сарын 26-нд харсан байна. Гэрчийн хэлснээр, тэднийг сэжигтнүүдийг тээвэрлэдэг автомашинуудад хүчээр суулгаж байжээ. Оютнуудыг Аяотзинапа хотруу буцах замд цагдаа нар гал нээж тэдний зургаа нь амиа алдсан байна.

Оюутнуудыг сураггүй алга болсонд дургүйцсэн Игуала хотын оршин суугчид хотын захиргааны байрыг галдан шатаасан байна. Тэднийг хайх ажилд 1200 гаруй цагдаагийн албан хаагчид оролцож байгаа юм байна.

Б.Анужин

Categories
мэдээ улс-төр

Ц.Батбаярыг жирийн дэглэмтэй хориход шилжүүлэхээр боллоо

Өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болов. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 22-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2.1 жилийн хорих ял сонссон Ц.Батбаярт оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин түүний чанга дэглэмтэй хорих ангидбус жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Өнгөрөгч долдугаар сард болсон шүүх хурлаас Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутай хэмээн үзэж, ял оноосон ч Өршөөлийн тухай хуульд хамруулах шийдвэр гаргасан. Мөн тэдэнтэй хамт шүүгдсэн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарыг цагаатгасан билээ.

Categories
гадаад мэдээ

Microsoft компани Nokia гэсэн нэрнээс татгалзжээ

Финландийн гар утасний фирмийг худалдан аваад жил ч болоогүй байгаа Microsoft компани Nokia гэсэн нэрийг хэрэглэхээс татгалзжээ. Компаний мэдээлснээр шинээр гарах гэж байгаа Nokia Lumia ухаалаг гар утас Microsoft Lumia нэрээр худалдаанд гарах юм байна. Энэ сарын 21-нд Нокиагийн Франц дахь салбар фэйсбүүк худсаар дамжуулан энэхүү мэдэгдлийг гаргажээ.

Microsoft өнгөрсөн 4-р сард тус компанийг 7.2 тэрбум доллараар худалдан авсан бөгөөд үүнээс хойш Nokia хэмээх нэрийг бага багаар үгүй болгож байгаа юм.

Б.Анужин

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ц.Оюундарь: МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй

АНын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

Засгийн газрыг огцруулах асуудал бослоо. Уг нь Н.Алтанхуяг сайд Засгийн газарт цомхотгол хийгээд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байсан.Улс төр ундарч байгаад АН ямар байр суурьтай байгаа бол?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Түүний дагуу яамдыг ямар сайдаар толгойлуулж ажиллуулах вэ гэдэг асуудал яригдаж байтал МАН-аас Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн нь өнгөрсөн баасан гаригийн асуудал. Энэ нь АН дотооддоо бий болгосон зөрчил биш. МАН-аас босгочихоод буй зөрчил. Бид буюу АН Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Н.Алтанхуяг сайдын ажил муу, урагшлахгүй, буруу байвал үндэслэлийг нь манай намын гишүүд өөрсдөө дэвшүүлээд огцруулж болно. Түүнээс биш МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Шууд хэлбэл МАН-ынхны гаргасан бланк дээр АН-ын хүн гарын үсэг зураад тэр нь хэрэгжиж Засгийн газар огцорвол намын дүрэмд харш. “Байгуулсан Засгийн газраа унагах аваас намаас хөөнө” гэсэн АН-ын дүрэм байгаа. Дүрмийн дагуу энэ асуудал шийдэгдэх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотооддоо намынхаа хурлаар ярих ёстой. Одоогийн байдлаар дүрмээ бүрэн уншаагүй хүмүүс алдаа гаргаад байна. Намынхаа гишүүдэд “Байгуулсан засгаа унагах юм бол та өөрөө буруудна шүү” гэдгийг хэлж байгаа.

Ж.Батзандан гишүүн АНаас хөөгдөх хэмжээнд хүрч асуудал босгосон гэсэн үг үү. Тэрээр МАНынхантай хүч хавсарсан?

-Дүрмээр Засгийн газраа огцруулахад оролцсон нь тогтоогдвол гэж байдаг. Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу.

Ерөнхий сайдыг огцруулах олон хүн АНд байгаа бололтой. Та МоАХны хүн. МоАХ фракц үүнд хамгийн их хамаатай. М.Батчимэг, Р.Амаржаргал гишүүний нэр ч дуулдаж эхэлсэн?

-Би МоАХ-ны квотоор орсон ч энэ л намын хүн. Бидний саналын хуудсын ард МоАХ гэж бус АН гэж бичигдэнэ. М.Батчимэгийн нэрийн ард ч гэлээ Нэг ардчилал гэж бус АН л гэж бичигддэг. Үндсэн эрх ашгийн эрэмбэ чинь нам байхгүй юу. С.Зориг агсны үг бий дээ. Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл тэгээд хувь хүний эрх ашиг байх ёстой гэж. Гэтэл хувийн хийгээд фракцийн эрх ашгаа намаас дээгүүр эрэмбэлээд байгаа юм. МоАХ-ны хүмүүст би сануулж л байсан. Гэхдээ тэд улс төрийн хуйвалдаан хийх гээд байгаа юм биш. Үндэслэлийг нь би ихээр хүндэтгэж байгаа.

МАНын гаргаж тавьсан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг ямар түвшинд хүлээж авч байгаа юм бол?

-Алдаа хийгээгүй гэж огт хэлэхгүй байгаа. Гэхдээ олон муу сонголтоос аль нь арай дээр вэ гэдэг чинь өнөөгийн Засгийн газар. Бид дангаараа ажиллаж чадахгүй. МАН-тай нийлж болохгүй байсан. Тэгэхээр сонголт нь “Шударга ёс” эвсэл хийгээд ИЗНН байсан. Энэ нь сайн нөхцөл байгаагүй гэсэн үг. Муу нөхцөл байдалд байгаа хүнийг ажил хийсэнгүй гэж нүдээд байх нь ёс зүйгүй асуудал. Дээрээс нь түүнийг муу болгох гэж, энд тэндхийн олон зүйлийг авчирч наагаад байх юм. Тэр хүн өөрөө л хэрэг хийгээгүй бол ойр тойрных нь хүмүүсийн хэрэг ямар хамаа байна аа.

МАХНтай гэрээ хийсэн нь асуудлыг хурцатгах шиг боллоо?

-Их том нөлөө болж байна. Ер нь АН-аас нэр дэвшиж хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгчийн барьж байгаа томоохон бодлогын нэг нь авлигын эсрэг үйл ажиллагаа юм. Авлига гэдэг байнга өндөр албан тушаалтнуудыг онилдог. Тэр утгаараа хамгийн өндөр албан тушаалтай Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үедээ бариад шийтгэж байсан. Ял нь дууссан эсвэл өршөөгдсөн тохиолдолд төр төмөр нүүрээ үргэлж үзүүлээд байж болдоггүй л байх. Ямартай ч одоо энэ хүнийг МАХН-ын дарга гэдгийг хэн ч үгүйсгээгүй байгаа. Тэгэхээр бид МАХН-тай хамтран ажиллаад засгаа байгуулаад явж байгаа учраас тэр намыг төлөөлөх даргатай нь хамтран ажиллахаар гарын үсэг зурж таарна. Тэр утгаараа бид эв зүйгээ олж ажиллах нь ёс зүйн хэрэг. Гэхдээ ийм гэрээ байгуулахаа олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлэх байтал Н.Алтанхуяг дарга өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут хариу арга хэмжээг дур мэдэж, яаран авсан нь алдаа байсан.

Намын тань шат шатны байгууллагаас Н.Алтанхуяг сайдад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Яаж шийдэх вэ?

-Үүнийг намын бүх түвшнийхэн хэлж байна. Зарим нь хэвлэлээр, зарим нь журмаараа хэлж байна. Журмаараа хэлж байгаа нөхдийнхөө үгийг аваад “Алдаа хийчихжээ. Алдаагаа засах хэрэгтэй юм байна” гээд залруулж байна. Бид 40 жил хүчтэй удирдагчтай байсан. Хүнийг тахин шүтэж үзсэн. Дараа нь дахиад нэг хүнийг тахин шүтсэн. “Монголчуудад энэ байдал зохихгүй юм байна” гэж үзэн “Нэг хүн төгс биш учраас бусад нь дутуугаа нөхөж явъя” гээд багийн тоглолтын системийг сонгосон биз дээ. Тийм байтал Н.Алтанхуяг гэдэг хүнийг төгс байлгах гээд шаардаад, “зодоод” байх юм. Гэтэл бид өөрсдөө оролцож төгс болгох ёстой байдаг. Намын гурван удирдлагын нэг нь Э.Бат-Үүл дарга. Тэр хүн ирээд асуудлаа ярьдаггүй. Гүйцэтгэх зөвлөлийнхөө хуралд нэг ч суудаггүй. Тэгсэн хэрнээ асуудал ундрахад шууд босч ирээд мэдэгдэл гаргана гэдэг таатай зүйл биш. Намаасаа хэр холдож, хөндийрснөө харуулж байгаа юм.

Дур мэдэн шийдвэр гаргасанд нь намын даргадаа ямар хариуцлага үүрүүлэх ёстой байдаг юм. Хэлхэлдчихээд буй Н.Энхбаяр, Н.Алтанхуяг даргыг салгахын тулд Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дар гэж гишүүддээ уриалах нь ч байна?

-Э.Бат-Үүл дарга өөрийнхөө үзэл санааг илэрхийлж байгаа хэрэг.

Харин миний үзэл санаа юу вэ гэвэл Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дар гэдэг буруу аргумент. Нэг л зүйл тодорхой байх ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн болохгүй байвал өөрсдөө үндэслэлээ тавиад, унага. Бухимдаад байгаа асуудлаа өөрсдөө хөндөөд дүрмээрээ тогло. 19 хүнийхээ гарын үсгийг цуглуулаад ороод ир. Тэгсэн тохиолдолд асуудлыг нам хэлэлцэнэ. Тэгээд ч өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн рүү бус АН руу дайрсан маш олон зүйл байна. Энэ нь намын эрх ашигт хохиролтой. Үндсэн хууль зөрчсөн, хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ял үүрүүлэх гэсэн ноцтой асуудлууд байгаа учраас ийм байдлаар намын нүүр царайг харлуулж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

Удахгүй нийслэлийн АН хуралдаж таны гаргаж ирэхийг шаардаад байгаа асуудлуудыг хөндөх юм гэсэн. ҮЗХ хуралдах боломж одоогийн нөхцөлд хэр ойрхон байна вэ. АНын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний сонгуульт хугацаа хоёр жилээр хэтрээд байгаа?

-Гэрээг Гүйцэтгэх зөвлө­лийн хурлаар өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн юм. Ганцаараа гарч ирээд хийчихсэн зүйл ч бас биш. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Ийм гэрээг МАХН санал болгож байна. Бид дэмжих хэрэгтэй байна. Яагаад гэ­вэл засагт нэгдсэн намууд хамтын ажиллагааны нарийн заалтгүйн улмаас Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байна” гэж үзэж байсан. О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах төслийг оруулж ирсэн үед гэсэн үг. Энэ утгагүй асуудлыг таслан зогсоогооч гэхээр хамтын ажиллагааны гэрээнд нарийн заагаагүй учраас бид хүмүүсээ барьж дийлэхгүй нь гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхэд би эсрэг саналтай байсан. Учир нь АН эвсэлтэй гэрээ хийсэн атал нэг намыг нь салгаж гэрээ байгуулахаар нөгөө нам нь гомдох юм биш үү. Үүнийгээ тунгааж бодооч гэдэг саналыг хэлсэн. Ерөнхий сайдын алдаа нь бүрэн хэмжээнд асуудлыг шийдээгүй байхад гэрээ байгуулсан явдал. Өнөөдөр үүнийгээ засч залруулах ажлыг хурдан хийлээ гэж бодож байна. Хэрвээ энэ гэрээг үргэлжлүүлнэ гэвэл ҮЗХ хуралдана.

Гэрээний гурван заалт АНд ихээхэн уршиг тарина гэлцэж байгаад?

-Нарийн заалтууд огт хэлэлцэгдээгүй байсан. Тиймдээ ч өнөөдөр ажлын хэсэг байгуулж нэг ойлголттой болно гэдэг тийм учиртай. Н.Алтанхуяг сайдын тайлбар­лаж байгаагаар “Шударга ёс эвслийн харьяанд олон яам, агентлаг газрууд байгаа. Тийм атал манайх л МАХН-ынхан гээд АН-ынхныг өшиглөөд байдаг ч юм уу. Манайхан тэдэнд ийм байдлаар ханддаг гэсэн гомдол гарсан. Тэгэхээр ийм нөхцөлд бид хамтарсан учраас нэгнээ дэмжиж ажиллах шаардлагатай” гэж үзээд энэ заалтыг оруулсан бололтой. Яг заалтыг хийхдээ алдаатай, хоёрдмол утгаар ойлгогдохоор хийсэн байна гэж би дүгнэж байгаа. Ямартай ч энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр биш.

Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалт байна билээ. Ингэснээр АНыг МАХНд барьцааллаа гээд байгаа?

-Гэрээнд гарын үсэг зурсан өдрөө­сөө хүчин төгөлдөр гэдэг маань нэр заагдсан хүмүүс гарын үсэг зурснаар хэмжигдэнэ. Одоогийн байдлаар гэрээн дээр найман хүн гарын үсэг зурах шаардлагатай юм билээ. Манай талаас Н.Алтанхуяг даргаас гадна гурван хүн гарын үсэг зурах бололтой байсан. Тэр хүмүүс нь бүгд гарын үсэг зураагүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.

Гэрээний нууцын зэрэглэлтэй хавсралт гэж байгаа юм уу?

-Цахим ертөнцөд тийм мэдээлэл гарсан байсан. Би гэрээ байгуулахад байгаагүй учраас байлцсан хүмүүсээс нь асуусан. Бүгд мэдээгүй гэдгээ хэлж энэ эвлүүлэг байх гэж байсан. Тэгэхэд нь би худлаа зүйл бол асуудлыг шалгуул гүжирдлэг хэмжээ хязгаартай байх ёстой гэсэн юм.

Энэ асуудал шийдэгд­сэний дараа Шадар сай­даар Ц.Цолмон гишүүн, Бо­ловсрол, шинжлэх ухааны сайдаар Г.Шийлэгдамба гээд дараагийн бужигнаан үүсэхийг хүмүүс хэлж байна?

-Асуудлыг урьдчилж биш, болохоор нь ярьсан дээр байх.

Энэ эгзэгтэй үед АНын дарга болох сонирхолтой хүмүүс ээлжээ хүлээж байгаад бас асуудал буйгаа юм биш үү?

-Улс төрийн намуудын хууль батлагдаж намын дүрэм шинэчлэгдэх аваас хүссэн хүсээгүй АН хуралдана. Бид дүрмээрээ явах гэхээр олон асуудал босоод байгаа юм.

Л.МӨНХТӨР

Categories
гадаад мэдээ

Холливудын жүжигчин Рене Зеллвегерийн өөрчлөлт

Холливудын жүжигчин Рене Зеллвегер “Elle Woman” сэтгүүлийн нэрэмжит 21 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ирэхдээ ихэд өөр болсон байжээ. Учир нь тэрээр гоо сайхны хагалгаа хийлгүүлж, өмнөхөөсөө тэс ондоо болсон байна. Тэрээр People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би шинэ өөрчлөлтөндөөсэтгэл хангалуун байгаа. Илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдрах болсон”гэжээ.

45 настай жүжигчин маань хоол идэх хүсэлгүй болдог анорексей өвчинд нэрвэгдсэн бөгөөд энэ нь түүний гадаад төрхөнд нөлөөлсөн байж болзошгүй юм. Ренегийн шинэ төрх түүний ихэнх шүтэн бишрэгчдэд таалагдахгүй байгаа. Олон нийтийн цахим сүлжээгээр түүний энэ өөрчлөлтийн талаар шуугиж байна.

Тэрээр 2010 оноос хойш олны нүднээс хол байсан хэдий ч 2015 онд нээлтээ хийх “The Whole Truth” кинонд гол дүр бүтээхээр болсон байна.

Б.Анужин

Categories
гадаад мэдээ

Францын бизнесмений онгоц осолдсон хэргийг шалгаж байна

Францийн газрын тосны “Total” компаний гүйцэтгэх захирал Кристоф де Маргери өнгөрсөн мягмар гаригт ОХУ-ын Москва хотод онгоцны ослоор нас барсан юм. Түүний сууж явсан хувийн онгоц цас цэвэрлэгч машиныг мөргөсний улмаас осолдсон бөгөөд уг хэрэг гарсны дараа цас цэвэрлэгч машины жолооч Владимир Мартненког саатуулан шалгаж эхэлсэн байна. OХУ-ын мөрдөн байцаагчид түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн болов ч ар гэрийхэн нь үгүйсгэсэн байна.Мөн түүний өмгөөлөгч Александр Карабанов үүнийг эрс няцааж, жолооч зүрхний архаг өвчтэй тул согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан хэмээн мэдэгджээ. Жолооч В.Мартненко осол болох үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан бөгөөд нислэгийн зурвасыг давсан байснаа анзаараагүй тухайгаа оросын телевизд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Кристоф де Маргери Францийн томоохон газрын тосны компаний тэргүүн байсан бөгөөд Москвад болсон гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөлдөх уулзалтад оролцоод Парис руу буцах гэж байгаад осолдсон аж. Үүнтэй холбогдуулан Внуково олон улсын нисэх онгоцны буудлын даргыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

Б.Анужин