Categories
мэдээ цаг-үе

П.ПҮРЭВДОРЖ: Залуу бөхөө дэмжиж байна гээд шууд бууж өгдөг тийм уламжлал монгол бөхөд хэзээ ч байгаагүй

Энэ жилийн Үндэсний их
баяр наадмын бөхийн барилдааны
тухай дуулиан шуугиан, тэр
тусмаа монгол бөх сүйрлийн
ирмэгт ирлээ гэсэн яриа
хөдөө, хотгүй амны зугаа
болоод байна. Энэ сэдвээр
Булган аймгийн хурц арслан,
нутгийн олондоо Салтаа Пүүжээ
хэмээн алдаршсан Пүрэвхүүгийн Пүрэвдоржтой ярилцлаа.

Улсын баяр наадмаас хойш
монгол бөхийн асуудлаар төвийн
томоохон хэвлэлүүдээр нэг биш удаа
бичигдлээ. Монгол үндэсний бөх
мөхөж сүйрэх гэж байна
гэдэгтэй та ер нь
санал нийлэх үү?

– Энэ тухай олон жил
ярьж мөн ч их
бичсэн, олны сэтгэлийг эмзэглүүлсэн
асуудал болоод байгаа шүү
дээ. Нэг бүрчлэн ярих
нь илүүц биз ээ.
Гуравхан сая хүрэхтэй үгүйтээ
монголчуудад өвлөгдөж ирсэн үндэсний гэх
нандигнан хамгаалж авч явах цөөхөн
юмны нэг нь эрийн
гурван наадам үндэсний бөх
юм даа гэж боддог.
Би өөрөө зодог шуудагны
захаас барилцаж явсаны хувьд үндэснийхээ
энэ сайхан соёлыг зарим
талаар алдагдаж байгаад сэтгэл эмзэглэж
явдагаа нуух юм алга.

– Яг юунд нь тэгтлээ
сэтгэл эмзэглээд байна вэ?

– Хамгийн сүүлийн жишээ энэ
зуны наадам. Бидний ид
үед нөгөө социализмын үед
чинь наадамчин олон ард түмнээ
л баясгах гэж
явсанаас биш бай шагнал,
нэр төр, ашгийн төлөө
даанч барилдаж явсангүй ээ. Хамгийн дээд
бай шагнал нь халуун
сав, хавтастай толь, хурдан даага
л байлаа.  Гэтэл өнөөдөр ингэж
барилдвал ийм сая төгрөг,
тэгж барилдвал төчнөөн сая төгрөг
гээд л бөхчүүд үнэндээ
мөнгөнд, бөхийн бай шагналд  дөрлүүлчихжээ.
Дээр нь өнөөгийн бөхчүүдийг
харахад барилдах гэж дан хэрүүл,
бүр байчихаад зодоон цохиондоо тулах
болж. Улаан цайм уначихаад
байгаа мөртлөө дахин барилдах
гэж зүтгээд л, барьц
сонгуулах цагаа хүлээгээд мөн
ч их заваарч
байна. Ийм жудаггүй зүйлүүд
газар авч үндэснийхээ нэгэн
сайхан соёлыг уландаа гишгэж
байгаад л эмзэглэж явах
юм.

Таныг ид барилдаж байх
үед огт мэтгэлцдэггүй, маргаантай
барилдаан болдоггүй байсан гэж үү?

– Бид барилдаад уналаа гэхэд маргалдаж
байсангүй, дахиад наадам байхгүй
юм биш дээ гээд
л тахимаа өгчихдөг,
шударга байж дээ.

– Энэ жилийн наадмын талаар…

–  Наадмын бөхийн
барилдаан үнэндээ инээдтэй жүжиг
боллоо шүү дээ. Телевизээр
ч харлаа. Цэнгэлдэхэд  барилдаан
үзээд ирсэн хүмүүс ч
том багагүй л ярьж
байна. Төр хишиг буянаа
хайрлаж бөхөө дээдэлдэг ард
түмнээ хүндэтгэж хоёр сайхан залууд
баярын өмнө Дархан аварга
цол хайрлалаа. Гэтэл тэд улсын
Их баяр наадам, наадамчин
олныхоо нүдэн дээр ямар
гээч жүжиг тавиад байв
даа. Аварга Сүхбатаар монгол
бөх дутахгүй, ер нь хэнээр
ч дутахгүй шүү
дээ. Ганц хүнээр дутна
гэж юу байх вэ.
Цаашдаа хэчнээн ч Сүхбат
гарч ирж болно. Тэр
бол дэндүү биеэ тоосон,
надаас өөр хүн байхгүй
гэсэн оморхол юм уу
даа. Зүүн,  баруун
жигүүрээ булаацалдаж  нэгнийгээ
хэл амаар доромжлон дайрч
давшлаад л. Хэдхэн жилийн
өмнө зодог тайллаа хэмээн
наадамчин олныхоо өмнө сөгдөн
учирлаж уйлж унжаад  байсан биш билүү.
Гэтэл нэг гарч ирж
барилдаад л,  Дархан
аварга нэгнийгээ амлаад л, тэгснээ
тахим юугаа өгсөнөө орон
нутагт очиж сум, аймгийн
наадамд барилдаад л даанч нэг
овлигогүй, Дархан аваргаас гарамгүй
авир ааш гаргах юм.
Энэ бол үнэхээр л
тусгүй зан авир л
даа.

 – Барьц сонгодог
болсон шинэ дүрмийн талаарх
Таны бодол?

– Энэ бол маш буруу
юм даа. Ийм дүрэм
ерөөсөө байгаагүй. Барьц сонголгүйгээр цаг
минутанд хавчигдалгүйгээр ач тач үзэлцдэг
монгол үндэсний бөхийн өөрийнх нь
нэг онцлог юм уу
даа. Халаад, сэгсрээд, гуд
татан сээрэн дунгуйдах, давхар
хамах энэ тэр сайхан
мэхүүд харагдахаа  больж.
Цаг минут хүлээж байгаад
аз таарвал өөрт ашигтай
гарцаагүй унагах барьц сонгон
давдаг л болж. Ингээд
байхаар барилдаан огт гарахгүй ээ.

Бүтэн дөрөв, таван цаг
нэгнээ түшээд зогсчихдог байсан
утгагүй барилдааныг өөрчилж цаг минут
зааж өгсөн нь харин
зөв юм биш үү?

–  Би дээр
хэллээ шүү дээ. Монгол
бөхийн онцлог гээд байгаа
юмны нэг нь л
дээ. Бяр хүч нь
тэнцсэн хоёр бөхийн нэгэнд
нь тэгж давуу байдал
үзүүлэн барьц сонгуулсанаас их
удах юм бол хоёуланг
нь барилдаанаас хасаж болно. Хуучны
бичлэгээс харахад 60-70-аад оны бөхчүүд
үнэнхүү хүчийг үзэн шударга
барилддаг байж. Гэтэл өнөөгийн
барилдаанууд,  тэр
тусмаа улсын баяр наадмын
хуурамч барилдааныг  үзэхэд
дур гутаж байна.  

Улсын өндөр цолтой бөхчүүд
аймаг, сумын наадамд барилдаад
даанч дээ гэж халаглахаар
тахимаа өгч байх нь
энэ зун олон харагдлаа.
Ер нь бөхчүүдийн ёс
суртахуун яагаад ингэтлээ доошоо
орчихов?

 –  Бөхийн
хорхойтнууд бөхөд дуртай болгон
энийг чинь харин дэндүү
сайн мэднэ дээ. Бөхчүүд
ёс жудагаа гээж нөгөө
л мөнгөнд толгойгоо
дөрлүүлсэний бодитой жишээнүүд энэ
зуны аймаг, сумын ойн
наадмуудад тодоос тод харагдлаа.
Сумын начинд улсын харцага,
арслан, заанууд тахимаа өгөн
бууж өгч байхад телевизийн
бөх тайлбарлагч “энэ бол монгол
бөхөд уламжлагдан ирсэн ёс жудаг,
ахмад бөхчүүд нь залуу
бөхөө дэмжиж байгаа хэлбэр”
гэж нүүр улайтал худал
ярьж байгааг сонсоход  даанч ичмээр. Монгол
үндэсний бөхөд тийм ёс
жудаг гэж хэзээ ч
байгаагүй, байх ч ёсгүй  юм.
Энэ бол нөгөө л
өнгө мөнгөтэй холбоотой асуудал. Ард түмэн, үзэгчид
гэж маш том шүүгчид
байна шүү дээ. Тэднийг
яагаад ингэж улаан цайм
доромжилж байна вэ? Бөхчүүд
үзэгчдээ хүндлэхгүй бол өргөн олон
наадамчид тэднийг ойшоохоо байж,
ганцхан  Монголын
гэгдэх үндэсний баяр цэнгэл сүйрч
мөхөх нь ойлгомжтой шүү
дээ. Аймгийн начин цолны
найраа  15 сая
төгрөгт хүрсэн дуулдсан. Тэгэхээр
заан, арслан цаашлаад улсын
баяр наадмын цолны найраа,
авч өгөх мөнгө нь  ямар
хэмжээнд хүрчихээд байгаа нь хэнд
ч ойлгомжтой. Энэ
байдлыг засаж залруулмаар цаг
нь болсон санагдах юм.
Монголын үндэсний бөхийн төлөө элэг
сэтгэлтэй бүхэн эрхбиш нэгийг
хийх байлгүй дээ.

– Монголчууд
бөхчүүдээ үнэн сэтгэлээрээ дэмжин
дээдлэн хүндэтгэж шагнал, хандив өглөгийг
дээдийг тэдэнд барих юм.
Харин тэд үзэгч олноо
үл хүндлээд байх шиг..
.

– Наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхчүүдэд нутаг орон, пүүс
компаниуд хэдэн өрөө байр,
хэдэн саяын унаа тэрэг
бэлэглэх нь хэвийн үзэгдэл
болжээ. Харин бөхчүүд энэ
их хайр хүндлэлийг даах
л хэрэгтэй болов
уу. Даруу л байх
хэрэгтэй юм. Хэдий чинээ
өндөр цол авна, төдийчинээ
даруу байх ёстой гэж
боддог. 

– Та ингэхэд аль нутгийн
хүн бэ? Хэдэн оноос
барилдаж эхэлсэн бэ? 

– Булган аймгийнх. 1962 оноос барилдаж эхэлсэн.
Амжилт гаргадаггүй. Тэгсэн мөртлөө тасралтгүй
барилдаад л байсан. Тэгж
явсаар 1979 онд аймгийн арслан
цол хүртсэн. Тэр үед тойргийн
барилдаанаар их шүүлтүүрээр гарч
ирдэг байсан. Сум сумаас
хоёр хүн гэх мэтээр
шатарчилж барилддаг байсан. 1971 онд аймгийн начин
болсон, 1980-1981 онд арслан цолоо
хамгаалаад 1989 онд аймгийнхаа наадамд
дахин түрүүлсэн.

– Таныг яагаад Салтаа Пүрэвдорж
гэх болсон юм бэ?
Таны дархан мэхтэй чинь
холбоотой юу?

– Салтаа Пүүжээ гэж нутгийн
зон олны хайрласан нэр.
Хав дөрвөлжин барьцнаас элэг бүсдэж татаад
салтайдаж хаядаг мэхийг би
голлон хийдэг байсан. Хүмүүс
ярьдаг байсан л даа.
Ганц гараараа дээш өргөөд биедээ
хүргэхгүй хаячихлаа гэж. Үнэн хэрэгтээ
ганц гараараа биш л дээ.
Нөгөө бөхийг элэг бүсдээд,
хөл дээрээ хагас жингээ
өгөөд маш богино хугацаанд
өргөж хаядаг юм.

– Ямар амжилт гаргаж байв?

– Бидний залуу үед борви
бохис хийхгүй хөдөлмөрлөж байж
амьдарлаа залгуулдаг байсан. Ажилдаа дарагдаад
л. Маргааш наадам гэхэд
л урд өдөр
нь бүртгүүлэх жишээтэй. Тэрнээс биш бэлтгэл
сургуулилт энэ тэр ч
миний хувьд байсангүй дээ.
Гэхдээ би таван аймгаас
шалгарсан бүсийн тэмцээнд хоёр
удаа түрүүлж, Бүх ард түмний
VII спартакиадад шалгарч барилдаж байлаа.

– Улсын наадмаар энэ л сайн
барилдах болов уу гэж
гэж харж байсан бөх
байв уу?

– Улсын заан Санжаадамбыг л
их дэмждэг юм. Дэлхийн
Геннисийн номонд бичигдсэн 6000 бөхийн
барилдаан, Монгол туургатны хэд
хэдэн барилдаанд түрүүлсэн тэр эрэмбээрээ энэ
сайхан залууг улсын их
баяр наадмаар өнгөлөөсэй гэж бодож явдаг
даа. Санаанд хүрэхгүй л
байна. Барилдаан нь ерөөсөө замбараагүй,
өөрөө өөртөө хий гаргаад,
эсрэг бөхдөө ашиглуулаад байх
юм. Уг нь хэнийг
ч хаяхаар арал
чацтай сайхан бөх л
дөө. Пүрэвсайхан байна. Сайн барилдаж
байгаа залуу бөх. Хэмжээнээсээ
илүү гартал барилдаж байгаа
санагддаг. Арал чац багахан
мөртлөө сайхан барилдаанууд гаргаж
байна. За тэгээд яриад
байвал үзэгч олноо шагшуулсан
Соронзонболд, Энхбат, Өсөхбаяр гээд  сайхан
залуучууд олон гарч ирж
байна. Бөхийн удам сайтай
Булган нутгаас ч олон
сайн бөх цаашдаа төрөх
байхаа. Дээхэн үед халх
дөрвөн аймаг, шавь таван
аймгаас бүрдсэн том наадамд
16 бөх шигшиж үлдэхэд 15 нь
Булган нутгаас,  ганцхан
бөх нь гадны хүн
байсан гэдэг. Бөхийн ийм
л удам угшилтай
сайхан нутаг даа Булган
минь.

– Та тэгээд нутаг орондоо
л ажиллаж амьдарч
ирэв үү? Гэр бүлийнхээ
талаар танилцуулаач.

– Бид удмаараа л малчин хүмүүс.  Ах
нь дөрвөн настайдаа эцэг,
эхээсээ өнчирч цэргийн алба
хаагаад жолооч, худалдааны явуулын
агент насаараа хийсэн дээ. Миний
эхнэр  Лхагвасүрэн
багш мэргэжилтэй, насаараа боловсролын байгууллагад  хүүхдүүдтэй
ажиллаад тэтгэвэртээ суусан. Таван сайхан
хүүхдээ хүний зэрэгт хүргэлээ.
Орон нутагтаа малынхаа буянд сайхан л
аж төрж байна даа.

Д.ГҮНБИЛЭГ

 

Categories
мэдээ нийгэм

Тамхи татах нь сохролд хүргэдэгийг тогтоожээ

Макулярная дегенерация  бол хүнийг хараагүй болгох хамгийн
аюултай өвчнүүдийн нэг юм байна. Энэ өвчний хүндрэл нь эд, эс үхжиж,
хатингаршидаг бөгөөд хүнийг сохролд хүргэдэг гэнэ. Тэгвэл
эрдэмтэд тамхи татдаг хүмүүсийн дунд энэ өвчнөөр өвчлөх нь их байгааг олж
тогтоожээ. Энэ
тухай Висконсин их сургуулийн эрдэмтэд урт хугацааны буюу 1988 оноос өнөөдрийг
хүртлэх хугацаанд өргөн хүрээтэй судалгаа явуулж ирсэн байна. Судалгаанд нийт таван
мянга гаруй тамхи татдаг хүмүүс хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүст
таван жил тутамд нэг удаа үзлэг шинжилгээ хийгдэж байжээ.
Судалгааны сүүлчийн хугацаа хүртэл 5000 хүнээс 4439 хүн бүрэн хамрагдаж чадсан
байна. Дүгнэлтээр
судалгаанд хамрагдсан хүмүүсийн 24 хувь нь “Макулярная дегенерация”  өвчнөөр өвдсөн бол 4,5 хувь
нь энэ өвчний хүндэрсэн хэлбэрээр өвдсөн буюу бүрэн сохорсон байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнийн талаар мэдээлэл өгнө

“Мишээл экспо” төвд
зохиогдож байгаа “Барилга Орон сууц-2014” үзэсгэлэн яармагийн үеэр өнөөдөр14.00 цагт Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийн
талаар мэдээлэл өгөхөөр болжээ. “Тэнхлэг зууч” компани болон бусад
салбарын хүмүүсээс  орон сууцны үнэ ханшаас гадна, шинэ хуучин/орон сууцны
метр квадратын ялгаа, эрэлт зэрэг сэдвээр сонирхсон асуултдаа хариулт авах
боломжтой юм байна.

 “Барилга орон сууц-2014” үзэсгэлэн яармагт Улаанбаатар хотод
орон сууц барилга барьж байгаа компаниуд, гадаад,  дотоодын барилгын
материалын үйлдвэрлэгчид, машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид,
ландшафт, интерьер дизайны зэрэг 120 гаруй аж ахуйн нэгж мөн ипотекийн зээл
олгож байгаа арилжааны банкууд оролцож байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-ийн нээлттэй хаалганы өдөр болж байна

Чингисийн талбайд өнөөдөр 12.00 цагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
болон Онцгой байдлын ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөр эхэлсэн юм. Иргэд
энэ өдөрлөгт оролцож тус хоёр байгууллагаас сонирхсон мэдээллээ авч болно. Мөн
энэ байгууллагад хандах асуудал, гомдол, санал 
байгаа бол тавьж болох юм билээ.

 

Categories
мэдээ нийгэм

“Нийслэл өргөө” компанийн захирлын хэрэг шүүхэд шилжлээ

ийслэл Өргөө ХК-ийн
захирал Б.Ганзориг нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, татвар
төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулсан,
бусдын эд хөрөнгө завшсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах
хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг  хэрэгт Дүүргийн хоёрдугаар
прокурорын газраас хяналт тавьж Прокурорын яллах дүгнэлт үйлдэн энэ  оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн
эрүүгийн хэргийн хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдлаа. Уг
хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийг хэлэлцэж,
тайланг нь сонсох ёстой хэмээн үзсэн ажээ. Хөтөлбөртэй холбоотойгоор зарим сайд
нарт хариуцлага тооцох ёстой гэсэн асуудлыг бүлгийн гишүүд хөндсөн байна. Үүний өмнө Засгийн газрын тайланг сонсох ёстой
хэмээн олонхи гишүүн үзсэн аж. Бүлгээр
хэлэлцсэн асуудал, шийдвэрийнхээ талаар тус бүлэг ирэх долоо хоногийн
даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрдэмтний бүтээсэн эм В вирусыг тэглэсэн үр дүн гарчээ

Монгол эрдэмтэн
Бүрэнбаярын Алдар аюулт өвчин болох элэгний В,С вирусын эсрэг SV-1 хэмээх
бүтээгдэхүүнийг 2004 онд гаргажээ. SV-1 хэмээх энэ  бүтээгдэхүүнийг 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагаас Анагаахын шинжлэх ухаанд маш том нээлт боллоо гэж үзсэн байна. Уг
бүтээгдэхүүний үйлдвэр нь одоогоор зөвхөн Тайланд улсад байдаг аж. Хоёр дахь
үйлдвэрийг Монголд барихаар ажиллаж байгаа гэнэ. SV-1 нь сүүлийн 5-7 жилд АНУ,
Украйн, Тайланд зэрэг орнуудын эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгаагаар
өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн болох нь батлагдсан байна. Сүүлийн гурван жилд
манайд хавдар судлалын клиникийн туршилтын үр дүн 95 хувьтай гарсан нь ямар
бүтээгдэхүүн гэдгээ харуулж байгаа аж. Одоогийн байдлаар албан ёсоор Казкастан,
Украйн, Югослав, АНУ, Япон, Германд борлуулж байна. Цаашид Хятад зэрэг оронд
гаргахаар ажиллаж байгаа гэнэ. SV-1 бэлдмэл нь элэгний В,С вирустай өвчтөнд 95
хувь үр дүн үзүүлж байна. SV-1 нь элэгний үйл ажиллагааг хэвийн түвшинд барьж,
сүрьеэ, мөөгөнцрийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх гайхалтай үр дүнтэй
бэлдмэл юм байна.  SV-1-г уусан хүмүүст В
вирус тэглэсэн, С вирус идэвхигүй болсон зэрэг үр дүн өгчээ. Уг бүтээгдэхүүнийг
хэрэглэхэд хавдар тодорхой хэмжээнд шимэгдэж, хэвтрийн байдлаас хөдөлмөрийн
чадвартай болсон тохиолдол ч гарсан байна. Мөн элэг өөхтэй, элэг томорсон,
цөсний хана зузаан, цөс нугаралттай, цөс өтгөн, сүрьеэтэй, бөөрний өвчтэй, үе
мөчний өвчтэй хүн уухад өндөр үр дүн үзүүлсэн байна.

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Диспетчер Г.Балжиннямыг шоронд шовойлгохоор шийджээ

Манай улсад хэсэг хүмүүс хэнийг шоронд явуулахыг шийддэг болж. Сүүлийн үед шоронд явуулахаар нэг хүнийг онилсон нь Эрчим хүчний диспетчерийн газрын ерөнхий диспетчер Г.Балжинням. Ингэж шоронд явуулахыг шийдэхэд олон шалтгаан байдаг. Албан тушаалд нь санаархах, компанийг нь булааж авах, шантаажилж мөнгө авах, тэр ч бүү хэл хувийн өс хонзон ч байж болдог. Мөн улс төрийн бүлэглэлүүдийн зөрчлийн золиосонд хэн нэгнийг шоронд илгээж байна. Нэг ёсны сануулга болгохдоо хэн нэгнийг зүгээр л золиосолж шорон явах замыг нь засчихдаг болжээ.

1937 онд бол гоё сайхан эхнэрийг нь авах гэж нөхрийг хилс хэрэгт баривчилдаг байсан гэдэг. Эсвэл сайн сайхан яваа нэгэндээ атаархаад явуулчихдаг. Хувийн өс хонзонгоо ч иймэрхүү байдлаар авдаг байж. Энэ мэтээр нэг нэгийгээ матаж хилс хэрэгт явуулсан нь олон. Одоо бол сайхан хүүхэн элбэгшсэн болохоор арай эхнэрийг нь булаах гэж шоронд илгээхгүй биз. Бусдаар бол 1937 оныхоос нэг их ялгаа алга. Дургүй хүргэсэн нэгнээ шалгуулж, бариулаад шоронд явуулах шийд гаргах болж. Нэгэнт шийд гарсан бол тэр хүний тухай дургүй хүрмээр, үзэн ядуулах мэдээлэл явуулж эхэлдэг. Яаж хөрөнгө мөнгө хулгай хийсэн тухай, яаж идэж ууж тансаглаж байгаа тухай санаанд багтамгүй их мөнгөний тоо хэлж, олон нийтийн чихэнд хүргэнэ. Шүүхийн шийдвэр гараагүй байхад нөгөө хүнийг онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан асуудлаар шалгаж байгаа гээд гэмт хэрэгтэн мэтээр шууд л яллаад явчихдаг. Золиос болгох хүний талаархи хар пиар ингэж эхэлдэг.

Г.Балжинням гэдэг нөхрийн тухай хар пиар яг ингээд л яваад эхэлж. Хэдийг хулгай хийсэн, хэд болсон, мөнгөн дүнтэйгээ бүх л баримттайгаа хэвлэл мэдээллээр түглээ. Одоо үүнийг хуулийн байгууллага нотлох л үлджээ. Нэгэнт өмнөтгөл болгоод үзэн ядуулчихсан, нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдчихсэн хойно хуулийнхан өнөөх хүнийг гэмтэн болгож нотлох тийм ч хэцүү биш. Манай цагдаагийнхан хэрэг хүлээлгэж байгаа тухай өчнөөн онигоо байдаг. Өнөөгийн нөхцөлд “Миний цагдаа намайг хамгааллаа юу. Ёстой инээд хүрчихлээ” гэж хээвнэг хэлэх хүн олон. Хамгаалах биш шоронд хатаахад оролцоод, зохион байгуулаад байхаар арга ч үгүй биз. Цагдаа, хууль хяналтын байгууллагынхныг энэний хүн, тэрний хүн, тэр намын талынх гэж ярьцгаадаг болоод хэвшиж. Үнэн л дээ, аль нэг намын харьяат байх ёсгүй ч хуулийнхан албан бусаар намд харьяалагдаж ирсэн. Тэд албан тушаалд тавьсан, ажилд авсан хүмүүстээ үйлчилж, улстөрждөг. Шударга ёсны төлөө, иргэдэд үйлчилнэ гэж тангараг өргөчихөөд хэн нэгнийг шалгаад буруугүй байвал харамсана уу гэхээс баярлана гэж үгүй.

Хэрэг хүлээлгэх шиг, нотлох шиг амархан юм байхгүй болж. Энэ нийтлэлийн эхэнд дурдсан Г.Балжинням гэдэг хүнийг би мэдэхгүй. Сайн хүн үү, муу хүн үү. Падлий ч алга. Хулгайч бол хулгайч л биз. Үгүй бол үгүй л биз. Түүнийг өмөөрөх гээгүй. Гол нь шүүхийн шийдвэр гараагүй байхад ямар хурдтай гэмтэн мэт мэдээллүүд тараад эхлэв. Хуулийн байгууллагын энэ пиар Монголын ард түмэнд хортой байна. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр шийдэгдээгүй байхад нийгэмд аль хэдийнээ энэ хүнийг адгийн луйварчин гэсэн сэтгэхүйг бий болгож, нийгмийн дайснаар зарлачихлаа. Энэ их аюултай. Яригдаж байгаа Г.Балжиннямаас гадна нийгэмд нөлөөлөх хор хохирол нь их байна.

Ийм зүйл хийхдээ хуулийн байгууллагууд маш нарийн бодож хийж байна. Жишээлэхэд хүүхэд бүрийнхээ тоогоор 100 саяын хадгаламж нээсэн гээд л өнөөх Г.Балжиннямыг зарлаж. Гэхдээ хүүхдийн тоог нь зарлахгүй байгаа юм. Мэдээлэл сонсч байгаа хүмүүст бол арав, хорин хүүхэдтэй, тэднийхээ нэр дээр тус бүр 100 саяыг хадгалж тэрбум, тэрбум төгрөг завшсан байна гээд л буучихаж байгаа юм. Ямар их идэж уусан хулгайч вэ гэдэг. Хэрэг дээрээ ганц хүүхэдтэй ч байж болох юм.

Сонгуулийн үеийн их баривчилгаагаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг гэмт хэрэгт холбогдуулах гэхдээ яаж пиардсаныг санаж байгаа биз. 26 дансанд 300 сая ам.долларын гүйлгээ хийгдэж гээд л цагдаагийн нэг “гөлөг” хэвлэлийнхнийг дуудаж мэдээлээд сүйд болов. Энэ нь хүмүүсийг сэрдхийлгэж Ё.Отгонбаяр болон түүний эхнэрийг нийгмийн дайсан мэт ойлгочихсон. Үнэн хэрэгтээ аж ахуй эрхэлж байгаа газрын дансанд орж, гарсан мөнгөн дүнг буруу тооцсон болоод л өнгөрсөн. Сонгуульчин цагдаа сонгуульдаа оролцсон нь л энэ. Ингэж шүүхээр нотлоогүй байхад нийгэмд хэн нэгнийг гэмт хэрэгтэн мэтээр урьдчилаад жигшүүлдэг. Ингэж жигшүүлсэн хүнийг яаж ч байсан ард түмэн “Больж дээ. Муу луйварчин” гэж ирээд л боддог, ярьдаг, үзэн ядаж эхэлдэг. Нэгэнт нийтэд луйварчин гэж хоногшчихсон бол шүүхээр гэм буруугүй нь нотлогдсон ч хэн ч итгэхээ байчихдаг. Энэ бүхний эцэст нөгөө цагдаа худал мэдээлэл тараасныхаа төлөө уучлал гуйна гэж үгүй. Зарим тохиолдолд шоронд яваагүй үлдлээ ч тухайн хүний талаар таагүй мэдээлэл тэр чигтээ л үлддэг. Нөгөө хүний ард байгаа гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, ах дүү нь сэтгэл санаа, бие махбод, эд хөрөнгийн хохирол амсч, хичнээн их шаналж зовсныг хэн ч тоохгүй. Муу нэрийг хусавч арилахгүй гэгчээр насан туршдаа л нэр нь хар толботой, сэтгэлдээ зовнилтой үлдчихэж байгаа юм. Баригдаж, хоригдож, элдвээрээ цоллуулсан хүн шүүхийн шийдвэр буруугүй гарлаа ч нэр төрөө сэргээлгэх гэж явдаггүй. Шоронд суугаагүй нь их юм гээд л чимээгүй болно. Шүүхээр гэмт хэрэгтэн болох нь тогтоогдоогүй байхад шалгаж байгаа нэрээр хэдэн сар жилээр хорьчихно. Ихэнхдээ буруутайг нь шүүхээр тогтоолоо гээд цааш үргэлжлүүлэн хорьдог. Иймэрхүү үйл явц хааяа биш байнга л сонсогдож байна.

Ийм болохоор сонгуульчин цагдааг жигшмээр байна. Сонгуульчин цагдааг жигшихээс гадна хэвлэл мэдээллийнхэн бид өөрсдийгөө жигших хэрэгтэй болж байна. Ердөө л төр засаг хууль хяналтынхны хэргээ болохоор дуудаж авчирдаг янхан болж, хэвлэлийнхэн. Энэ бүх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн нийгэмд түгээдэг. Ганц удаа үнэн үү, зөв үү гэж эргэлзэж шалгаж үзэхээ больж. Хуулийнхны зориуд тараасан мэдээлэл хэвлэлийнхний гол эх сурвалж нь болдог болж. Тэдний бэлдсэн өгөөшийг л дорхноо залгичих юм. Ийм сценарийн дагуу мөн ч олон хүн шинэ цагт хэлмэгдэж байна. Хууль хяналтынхны энэ удаагийн сценариар диспетчер Г.Балжиннямыг шоронд шовойлгохоор шийджээ.

Ингэж шүүхээр шийдэгдэхээс өмнө Үндсэн хууль зөрчин төрөөс зориудаар нийгэмд шуугиан үүсгэж үзэн ядуулдгийг болимоор байна. Хэвлэлийнхэн бид ч тэдний өгөөшийг яаран шүүрч аван олон нийтэд мэдээлэхээс татгалзан болгоомжтой хянуур байж, дотроо бодолтой асуудалд ханддаг болмоор байгаа юм даа.

Д.ХҮСЛЭН

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урамшууллаар дүүрэн барилга, орон сууцны үзэсгэлэн нээгдэв

 Жил бүр зохион байгуулагддаг “Барилга-Орон сууц 2014” үзэсгэлэн “мишээл экспо” төвд өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн яармагт шинэ орон сууцнууд болон гадаад, дотоодын барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилга угсралтын гүйцэтгэгчид, хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг барилгын салбарын 120 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. Үзэсгэлэнд оролцож байгаа шинэ орон сууцнууд байршил, хийц загвар, зэрэглэлээсээ шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байв. Орон сууцны нэг метр квадратын үнэ
1.250.0000-5.500.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Хамгийн хямд байр нь “Шинэ Налайх” хороолол буюу нэг метр квадрат нь
1.250.000 төгрөгийн үнэтэй. Учир нь хотоос зайдуу болохоор арай үнэ нь хямд байгаа бололтой.

Үзэсгэлэнг сонирхож буй БЗД-ийн иргэн Г.Уянга “Шинэ Налайх” хорооллыг сонирхож байгаа аж. Үнийн хувьд ч түүний санаанд нийцэж байгаа гэсэн. Тэрээр “Эдийн засгийн байдал хүнд байгаагаас дунд буюу дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулахаар найман хувийн ипотекийн зээлийг олгож эхэлсэн ч хүссэн хүн бүр хамрагдаж чадахгүй байгаа. Санаснаас гайгүй хямд, урамшуулал ихтэй үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнг нэг тойроод болбол нэг байр авах л санаатай байна” гээд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Энэ жилийн үзэсгэлэн яармагийн онцлог нь тус арга

хэмжээнд оролцож байгаа орон сууцнууд хямдралаас гадна иргэдэд хэрэгтэй, иргэдийн сонирхлыг татахуйц урамшуулал зарласан байгаад оршиж байгаа аж. Учир нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь орон сууцны үнэ эрэлтээ дагаад буурсныг харуулж байгаа аж. Орон сууцны үнэ буурсан тод жишээг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой гэж албаныхан ярьж байв. Тиймээс уг үзэсгэлэн яармаг дунд болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцжуулах, зөвлөгөө өгөхөд тус болохоороо давуу талтай аж. Тиймдээ ч үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болоод удаагүй байхад сонирхохоор ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн илт ихэссэн юм.

Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хосуудтай таарлаа. Хосууд гурван өрөө байр сонирхож байгаа аж. Гэрлээд гурав, дөрвөн жил болж байгаа ч одоо хүртэл орон сууц худалдаж авч чадахгүй байгаа гэв. Хосууд сардаа нийлээд дунджаар нэг сая 300 мянган төгрөгийн цалин авдаг боловч байрны лизингэд хамрагдахад цалин нь шаардлага хангахгүй гээд байдаг аж. Тэд болж өгвөл хотын захад байр авахаар төлөвлөжээ. Нөхөр а.Ганболд “Хотын зах руу арай хямд, агаар нь өвөлдөө дээр юм уу гэж бодсон юм. Хурдан байр авахгүй бол хураасан хэдэн төгрөгөө ч үрчих гээд байх юм” гэв. Тэд метр квадратын үнэ нь
1,650,000 төгрөг гэсэн байрыг сонирхож аав, ээжтэйгээ зөвлөлдөхөөр утсаар ярьж харагдав. Ямартай ч тус

үзэсгэлэнгийн урамшуулал иргэдэд нэлээд таалагдаж байгаа бололтой. Сүүлийн үед “Содон” хорооллоос эхлээд байр авбал гарааш, эсвэл автомашин бэлэглэнэ гэсэн урамшууллыг явуулах болсон. Хямд, урамшуулалтай орон сууцнаас гадна тансаг зэрэглэлийн хаусуудыг ч үзэсгэлэнгээр танилцуулж байсан.

Мөн удахгүй хуримаа хийх хүүгийндээ шинэ орон сууц авахаар хижээл насны эр үзэсгэлэнг сонирхож байгаатай уулзлаа. Тэрээр байранд дагалдах урамшууллыг их сонирхож байгаа гэнэ. Хэрвээ машин дагалдсан байр авчихвал хүүдээ байраа өгөөд бага хүүдээ машиныг нь өгчих бодолтой байгаа аж. “Саруул”, “Нарны хороолол”, “Х
Apartment”, “Хүннү 2222”, “Хангай”, “Шинэ Налайх”, “Комфорт апартмент” зэрэг олон хорооллууд ч үзэсгэлэнд оролцож байсан. мөн “Хурд” ХХК нь “Нарны хороолол”, “Хүннү 2222” хороололдоо худалдан авагчдын дунд сугалаа зарласан бөгөөд үнийн дүнгийн 30 сая тутамд нэг сугалаа олгож байгаа аж. Супер азтан хоёр өрөө байр, 20 азтан авто машины дулаан зогсоол хожих зэрэг урамшуулал зарласан байв. “Улаанбаатар Пропертийз” ХХК нь төлбөрөө 100 хувь бэлнээр төлсөн тохиолдолд м/кв тутамд 100.000
төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд гал тогооны тавилга гарын бэлэг өгөх юм байна. Энэ мэтчилэн ихэнх компани урамшуулал зарласан байлаа. Үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ.

С.АРИУНЖАРГАЛ

Б.БАТСАЙХАН

 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийн ажлын байр бэлэн байгаа ажээ

 “МонголГерманы ашигт малтмал, технологийн их сургууль”ийн нээлт өчигдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ХБНГУын Канцлер Ангела Меркел нарын санаачилгаар байгуулагдсан энэхүү сургууль нь ашигт малтмал, технологийн чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэн гаргахаараа онцлог юм.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Монголын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл болон албаны хүмүүс, Германы талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Германы эрдэм солилцооны алба, хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүдээс гадна цаашид тус сургуультай хамтарч ажиллах тодруулбал, төгсөгчдийг нь авч ажиллуулах “MCS”, “Оюутолгой”, “Мак” зэрэг манай уул уурхайн томоохон компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв.

Нийслэлийн Налайх дүүрэгт байрлах тус сургууль өнгөрсөн жил үйл ажиллагаагаа эхэлсэн ч өөрийн гэсэн хичээлийн байргүйн улмаас нийслэлд түрээсийн байранд анхны элсэгчдээ авч байжээ. Харин энэ жил Засгийн газрын зүгээс Оюу толгой компанийн барьж байсан барилгыг сургуулийн байр болгох тухай тохиролцоо хийсний дагуу ийнхүү Налайх дүүрэгт суурьшихаар болжээ. Оюутолгой компанийн хувьд тус байрыг техник технологийн чиглэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төв болгохоор төлөвлөн барьж байжээ. Гэсэн ч тухайн үед хоёр улсын хоорондын гэрээг үзэглэсэн байсан тул Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч Оюутолгойд хүсэлт тавьсан нь энэ аж.

Германы Канцлер Ангела Меркель өнгөрөгч 2011 онд манай улсад айлчлах үед хоёр улс хамтарч инженер, технологийн чиглэлийн сургууль байгуулах тухай тохиролцож байсан билээ.

Герман улсын зүгээс ихэвчлэн эрдмийн талын асуудал буюу эрдэмтэн багш, профессоруудаар хангаж ажиллаж байгаа бол манай улс сургуулийн байраа бэлдэх болон оюутны сурах нөхцөл бололцоог хангах чиглэлд анхааран ажиллажээ. Тиймээс ч байрны дотоод загварыг их сургуулийн сургалтын орчны стандартыг бүрэн хангахуйц нөхцөлтэй байхаар шийдсэн байв.

Энэхүү их сургууль нь уул уурхайн боловсруулах инженер, механикийн инженер, нөхөн сэргээх буюу хүрээлэн буй орчны инженер гэсэн гурван мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж гаргах аж.

Ингэхдээ төгсөгчид нь Герман болон Европын улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх, улмаар тэдгээр улсуудад мэргэжлийн зэргээ ахиулан суралцах бүрэн боломжтой байх ажээ. Хамгийн гол нь уг сургуулийг төгссөн оюутнууд ажлын байрны хувьд санаа зовох ямар ч шаардлага байхгүй бөгөөд ирээдүйн амьдрал нь баталгаатай байх тухай сургуулийн нээлтэд ирсэн уул уурхайн компанийн төлөөллийн хэлсэн үгнээс анзаарагдаж байв.

Элсэх оюутнуудаас Ешаасадна тусгай шалгалт авна

Өнгөрсөн жилийн тухайд зөвхөн бэлтгэл анги хичээллэсэн бөгөөд өнөө жил тэнд сурч байсан 20 гаруй сурагч бакалаврын боловсрол эзэмшихээр дэвшин суралцаж байгаа юм. Энэ хичээлийн жилд мөн шинэ элсэгчдээ хүлээн авсан бөгөөд нийт 70аад оюутан энд суралцаж байна. Тус сургуулийн барилга 700 гаруй оюутан суралцуулах хүчин чадалтай бөгөөд сургуулийн захиргаанаас дараа дараагийн жилүүдэд оюутныхаа тоог нэмэх бодлого баримталж байгаа юм билээ.

Гэхдээ ингэж шууд тооны араас хөөцөлдөхгүй юм байна. Учир нь тус сургуульд элсэхэд нэлээд том шалгуур давах шаардлагатай аж. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл болон математик, физик, химийн хичээлүүдээс хоёроос доошгүй шалгалтад нь 500аас дээш оноо авсан байх гэсэн энгийн шалгууртай. Үүнээс гадна сургуулийн захиргаанаас Монгол, Германы профессоруудын хамтарсан шалгалтын баг математик 50 хувь, физик 30 хувь, хими 20 хувь болон англи хэлний мэдлэг шалгасан тусгай шалгалт авах юм билээ.

Тус сургуульд багшлах боловсон хүчний хувьд 10 гаруй багш ажилладаг. Тэдний ихэнх нь Герман улсын эрдэмтэн, профессорууд. Монголын талаас ажиллаж буй багш нарын хувьд Герман эсвэл Европын улсуудын их дээд сургууль төгссөн байх гэсэн анхан шатны шалгуурыг давсан бөгөөд доктор, профессорын эрдмийн зэргээ ч шалгуулж байж багшлах эрхтэй болжээ. Оюутнуудын хувьд эхний хоёр жил инженерийн суурь хичээлүүдээ үзэж байгаа. Харин цаашид гурав, дөрөвдүгээр дамжаанд ороход нарийн мэргэжлийн багш нарыг тусгай гэрээгээр Герман болон бусад улсаас авчирч хичээлээ заалгах юм байна. Тиймээс оюутнууд ч тухайн үед аль мэргэжлээр дагнан хичээллэхээ сонгох ажээ.

Сургуулийн анги танхимын тухайд Монголын Засгийн газрын санхүүжилтээр шаардлагатай материал, хэрэглэгдэхүүнээр хангахаар эхний ээлжийн ажлууд хийгдэж байгаа юм билээ. Тухайлбал, өнгөрөгч сарын сүүлээр химийн кабинетийг тохижуулах ажлын хүрээнд бодис хадгалах зориулалтын савнаас эхлээд янз бүрийн урвал явуулж туршилт хийх шилэн хэрэглэгдэхүүнүүдийг авчирчээ. Цаашид ч бусад анги танхимыг тохижуулах ажил үргэлжлэх юм.

Харин сургуулийн номын санд өнөөдрийн байдлаар 1.6 тонн ном байгаа гэсэн. Эрдмийн талын ажлуудыг Германы тал хариуцна гэснийхээ дагуу ийнхүү инженерийн чиглэлийн номуудыг авчирсан байна. Цаашид ч энэ төрлийн олон мянган ном авахаар захиалгаа өгчихсөн байгаа тухай сургуулийн ректор Н.Дорждэрэм хэлж байлаа.

Тус сургуулийн сургалтын төлбөр энэ төрлийн бусад их, дээд сургуулиудыг бодвол харьцангуй өндөр буюу долоон сая төгрөгийн өртөгтэй. Гэхдээ энэ нь бакалавр зэрэг олгох ангийн төлбөр бөгөөд бэлтгэл анги нь гурван сая 500 мянган төгрөг гэсэн. Энэ төлбөрт сургуулийн дотуур байр болон хичээлд шаардлагатай бусад техник хэрэгслүүд багтаж байгаа гэсэн.

Сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом гардуулахыг дээр хэлсэн. Тиймээс цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн хүүхэд суралцах вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Үүнд сургуулийн удидлагууд хэлэхдээ “Сургуульд элсэх шалгалт нь нэлээд хүнд даалгавартай байна. Учир нь элссэн хойноо бүх хичээл англи хэлээр явах учир хэлний талаасаа л гэхэд шууд, уншиж, ойлгох чадвартай байх ёстой. Уг шалгалтын багт Монгол, Германы эрдэмтэн багш нар багтсан байгаа. Тиймээс хэн нэгэнд мөнгө өгөөд сургуульд элсэх, улмаар төгсөж диплом гардах асуудал огт байхгүй. Германы талаас эрдмийн чиглэлийг бүрэн хариуцан ажиллана” гэсэн юм.

Дотуур байрны тавилгуудыгдотоодын үйлдвэрт үйлдвэрлэжээ

Сургуулийн нээлтийн ёслолын дараа дотуур байртай нь танилцсан юм.

Өнөөдрийн байдлаар тус сургуульд нийслэл болон ДарханУул, Хөвсгөл, Булган зэрэг аймгийн оюутнууд бий. Тэд бүгдээрээ сургуулийнхаа оюутны дотуур байрт амьдардаг. Нийслэлээс харьцангуй зайтай учир Улаанбаатар хотын оюутнууд ч эндээ байрлан эрдэм номдоо шамддаг гэсэн. Дотуур байраар ороход ая тухтай амьдрах бүхий л орчинг бүрдүүлсэн байв. Энд ашиглаж буй бүх тавилга буюу ор, хичээлийн ширээ, номын тавиур, хувцасны шүүгээ, гал тогооны шүүгээ гээд бүгдийг нь дотоодын мод, модон материал үйлдвэрлэгчид хийснээрээ онцлогтой юм билээ. Сурагчдынхаа эрүүл мэндийг бодолцон ийн цэвэр модон эдлэл ашиглуулж байгаагаа тус сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Түүнчлэн өрөө бүр утасгүй интернэттэй гэсэн. 160 оюутны багтаамжтай, гурван давхар энэхүү дотуур байрны нэг давхарт өдгөө эрэгтэй оюутнууд, хоёр давхарт нь эмэгтэй болон гадны зочин багш нар амьдарч байна. Тус сургуулийн хувьд эмэгтэй оюутан тун цөөн юм билээ. Дөнгөж ашиглалтад орсон байр болоод ч тэр үү гал тогоо, угаалгын өргөө, усанд орох өрөө гээд тус байрны бүх зүйл цоо шинэхэн байлаа.

Их дээд сургуулийн сургалтын орчны стандартыг бүрэн хангасан тухай дээр дурдсан билээ. Оюутнууд өглөө есөн цагаас оройн 17 цагт хүртэл завсаргүй хичээллэж маш их ачаалалтай байх тул нэг дор шаардлагатай бүх зүйлсийг нь цогцлоохыг бодолцжээ. Ингэхдээ оюутны амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, биеийн тамир, фитнесийн өрөөг ч тохижуулж, шаардлагатай төхөөрөмжөөр тоногложээ. Түүгээр ч зогсохгүй ирэх жил сургуулийн хичээлийн болон дотуур байрыг нэмж өргөтгөхөөр төлөвлөөд байгаа бөгөөд түүндээ оюутны спорт заал хийх гэж байгаа тухай биднийг хөтчилсөн химийн багш Б.Батцэнгэл хэлж байв.

Н.Дорждэрэм: Манай дипломтой төгсөгч Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдээс ялгагдахгүй

Сургуулийн нээлтийн үеэр тус сургуулийн ректор Н.Дорждэрэмтэй цөөн хором ярилцсан юм.

сургуулийн сургалтын хөтөлбөрийн онцлог юу вэ?

-Манай сургууль монгол улсын инженерийн талын боловсролыг дэлхийн стандартад гаргах зорилготой. Сургалтын хөтөлбөрийн хувьд Германы хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж монгол болгон загварчлан сургалтаа эхлээд явж байна. Герман технологи дэлхийд алдартай гэж ярьдаг. Энэ нь тэнгэрээс буугаад ирээгүй юм. Тэнд Герман сургалт, хөтөлбөр, боловсрол дээд түвшинд хөгжсөн учир технологиуд нь ийм өндөр чанартай байдаг хэрэг. Тиймээс манай сургууль тэрхүү системийг Монголд оруулж ирээд дэлхийн түвшинд хүрсэн инженер бэлтгэж байгаа нь эх орныхоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байгаа хэрэг

юм.

Тус сургуулийг төгсөгч нь төгссөн хойноо ажлын байрт санаа зовох асуудал байхгүй хэмээн сая уул уурхайн компанийн төлөөлөл хэллээ?

-Тэгж ойлгож болно. Нэгэнт манай диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд манай дипломыг барьсан хүүхэд Германы технологийн их сургуулийг төгссөн хүүхдээс ялгагдах юмгүй болно. Яагаад гэвэл манай бүх хичээл англи хэл дээр явагдана. Тиймээс манай төгсөгчид англи хэлтэй болж төгсөж байгаа нь АНУд төгссөн хүүхдээс ялгаагүй болно. Энэ утгаараа манай төгсөгчдөд Монголд ажил олдохгүй бол гадагшаа гараад ажиллахад бүрэн боломж бий юм. Өөрөөр хэлбэл, төгсөнгүүтээ улсдаа л гэхэд 10002000 ам.долларын цалинтай ажилд шууд томилогдох чадвартай төгсөгчид бэлтгэгдэнэ.

Яагаад заавал инженер мэргэжил гэсэн юм бэ?

-Бид энэ мэргэжлүүдийг агаараас авч сонгоогүй. Монголд хэн хэрэгтэй байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр энэ хөтөлбөрийг зохиосон учир манай төгсөгчид гараад ажиллахад ажлын байраар дутагдана гэсэн ойлголт санаанд нэг л буухгүй байна.

Танай сургуулийн төлбөр нэлээд өндөр юм байна?

-Төлбөрийн хэмжээ нь бусад их, дээд сургуультай харьцуулахад өндөр сонсогдох байх. Бүр манайхаас өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиуд бий шүү дээ. Гэхдээ энэ огтхон ч чухал биш. Хамгийн гол нь ийм төлбөр өгчихөөд эргүүлээд юу авч байна вэ гэдэг нь л чухал. Энгийн жишээ хэлэхэд л манай оюутны байр үнэгүй. Монголд битгий хэл гадаадад ийм хэмжээний оюутны байр тэр бүр байдаггүй. Нөгөө талаас манайх чадалтай мэргэжилтнүүд бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэднийг мэргэшүүлж, үйлдвэрийн байгууллагуудад дадлага хийлгэнэ. Ийм дадлага хийсэн хүн ажлын байран очсон эхний өдрөөсөө л бүтээмж өндөртэй ажиллана. Ингээд бодохоор хэдийгээр өндөр үнэ боловч тийм айхтар тоо биш.

Т.Гэрэлмаа