Categories
мэдээ цаг-үе

“Чонын үүр”

Доржийн ГАРМАА

Сүүлийн хэд хоног Балдан өвгөний нойр хулжаад, шөнө мэлтийтэл харж хэвтдэг болов. Заримдаа тавхай нь улнаасаа халуу оргиод байх суух газаргүй болоход хөнжлөө тийрч дэмий л тийчилж тийчилж түр дуг хийхдээ элдэв юм зүүдэлнэ. Маргааш нь тэр бүхнээ зүүдэлсэн үү, эсвэл сэтгэлдээ санан дурссан уу, ойлгож ядна. Хүү бэр хоёр нь хүүхэдтэйгээ баруун орон дээр туйлын тааламжтай унтаж байлаа. Өрхөө бүтээсэн гэр харанхуй, зуухны амаар унтран алдаж байгаа ганц цог ёлтойно. 

-Үгүй, үгүй… Балдан үхэх болоогүй. Нас ч тийм дор орчихоогүй байна. Жаран долоон нас гэдэг бас тартагтаа тулсан нас биш. Аав минь ная шахаж байхдаа унасан юм, хөөрхий.

Ийнхүү бодоход нь насаараа үерхэж, хэрэлдэж хэлэлцэж яваа Жамсран нь саяхан нэг ирээд, 

-Ай хөөрхий Балдан минь, чи арай л эрт чавганцын малгай өмсчээ. Морь унаж холын уулын толгой дээр гарч алсын бараа хардаг ч болоосой. Өтөлсөн болохоос үхсэн биш, эр хүн байна даа гэж билээ. 

Ер нь Жамсран хэзээд үг хатуутай, тэр нь Балданд тус л болж байснаас хор болж байгаагүй. Цэрэгт явж бичиг номтой гэгдэж, багийн дарга, сумын нарийн бичгийн даргын албан хааж явсан Жамсрангаас тэр баахан хулчийдаг боловч нэг голын юм гээд хажууд нь тоохгүй царай гаргадаг байв. Харин одоо бодоход бүх амьдралынхаа турш зөрсөн ганц зүйл байсан нь хүүгийн тухай маргаан байжээ. 

-Чи хүүгээ хүнээс гажууд амьтан болгох нь… гэж Жамсран хүүгийн нь багад нэг хэлж билээ. 

Яагаад, юунаас болж анх тэгж муудалцлаа даа? Балдан бодлынхоо үзүүрийг олох гэсэн мэт хөнжлөө татаж хөлийн нь тавхай даарч байгааг мэдээд далд хийв. Зуухан дахь цог унтарчээ.

Миний хүү хэнээс ч дутахааргүй, хавь ойрын хүүхнүүд шуугихаар сайхан эр болно. Амьдрал голомт түших тэр цагт Балдангийн хүү эцгийн хэрийн ухаан сүйхээтэй байж, суусан газраасаа шороо атган босдог л хүн болбол барав. 

Амьдрал гэдэг эрхий ороох сур, эд өлөг, адуу мал шүү. Түүнийг хэн ч зүгээр өгөхгүй… гэж Балдан хүүгийнхээ багад боддог байв.

Атигар Балдан аргатай эр байжээ. Тээр жил тасын үүрэнд нэг орж билээ. Бие хөнгөн, жижиг биетэй учир асга өөд авиран авирсаар тасын үүрэнд хүрчээ. Тас шувууны үүрнээс юу ч олж болно гэж нутгийнхан нь ярьдаг байжээ. Уулын цавчим эгц оргилд байх үүрэнд зориглон авирч хүрвэл арван алд аргамж, алтан сүх олдог. Тэр аргамж, алтан сүхийг авч чадсан хүн баяждаг гэлцжээ. Балдан новш ноохой, мод хад, амьтны яс хөглөрсөн арваад алд аргамж, алтан сүх олсонгүй. Харин тэдгээр элдэв юмсын дотроос хатсан хуруутай алтан бөлзөг нэгийг олсноо хэнд ч хэлэхгүй тас нуужээ. 

Ай бурхан, одоо ч гэсэн санахад эвгүй санагдана. Балдан огтын хөрөнгөгүй ядуу мөртөл, чухам тэр шижир алтан бөгжийг зараад анхныхаа малын барааг харсан удаатай юм. Түүнээс хойш Балдан олз омгийн тэнгэртэй болсон гэж хувьдаа бодно. Өвөл хаварт чонын хойноос хөөцөлдөж, ганзага мялааж явав. Чоно үүрэндээ өлзийтэй гэлцдэг. Үүрэндээ ямар ч амьтан руу дайрах ёсонгүй. Байгалийн жам тийм юм. Балдан түүнийг багадаа биеэр туулжээ. Тийм ч учраас хүүгээ таван нас хүрмэгц л нэг хавар дагуулаад гарчээ. Замдаа амьдрах ёсыг ярьж, ямар ч аймшигтай юм үгүйг хүүд хэлж ятгаж ятгаж ууланд очиж билээ. Үүрэнд яг орох болохоороо хүү нь айж, царай нь хувхай цайгаад уйлж бахиран гэдрэг зугтжээ. Балдангийн уур хүрэв. Гэдрэг цахалсан нялх амьтныг хүчээр чирж чонын үүрний аман дээр авчраад, аргамжаар оосорлож ганц түлхээд агуй руу оруулжээ. Тэгэхэд Балдан төрсөн эцгээс гарамгүй зориг гаргасан. Араатны нүх рүү бүү хийгээч гэж түмэнтээ гуйсан харц, цонхийсон царай, жаахан биеийг Балдангаас өөр хүн бол хараад эрх биш өрөвдөх байсан. Харин Балдан олзыг алдаж болохгүй гэсэн шунаг сэтгэл нь дийлж, чонын үүр рүү оруулсан хэрэг. Харанхуй даган агуй руу нь хүү нь хорхой шиг арваганасаар далд ороход Балдангийн сэтгэл сая хачин болжээ. Харин хэдхэн мөчийн дараа Балдан авах ёстой ан нь шуудайн ёроолд гийнасаар аргамжааны үзүүрт татагдан гарч ирэхийг нь үзэж билээ. Түүнээс хойш Балдан хүүгээ өөрийн гараар хүн болгоно гэж хатуу шийджээ.

Галсанг сургуульд байхад нь хүүхдүүдтэй нийлж пионерийн ажил, уран сайханд оролцож гүйхэд нь Балдан эрс хорьж билээ. Ер нь сургуулийн хэдэн жилд Балдан хүүгээсээ салсангүй. Балдан түүнийг эхээс нь ч, өөр хүнээс ч ер нь юм болгоноос харамлаж байлаа. Дунд сургуульд хүү нь биеийн тамирт сонирхолтой болж тэмцээнд ороод гүйлтээр түрүүлж хүртэл үзэв. Эцэг хүүгээ дуртай тоглоомноос нь салгах гээд чадсангүй. Ер нь хүүхэд өсөх тусмаа сургуулийн ажилд илүү автаж сонирхох дурлах юм руугаа зодуур нүдүүрийг эс тоон зүтгэх шинжтэй болсон нэгэн намар Балдан сумын төв рүү нүүсэнгүй. Хүүгээ ч сургуульд явуулсангүй. Тэгэхэд Жамсран ирж:

-Чи ер нь яасан мунхаг хүн гээч вэ? Энэ хүүхдийн замыг алдууллаа. Сургуульд нь одоохон хүргэж өг! гэжээ.

-Цөг! Чи миний хүүгийн толгойг мэддэг болол юу? Ганц хүүгээ яахыгаа би мэднэ… гээд Балдан халгаасангүй.

-Чи өөрийн ухаанаар энэ хүүхдийг амьдралд сургана гэж бодож байна. Гэтэл чиний тэр ухаан гэдэг юу вэ? Явган заль, эдийн шунал… Энэ хүүхдийг чи багаас нь эвджээ. Сумын төв дээр нүдээ нээгээгүй гөлөг цохин алж байхад нь би нэг тааралдаж байсан. Чиний өнөөх чонын бэлтрэг түүлгэж сургасны эцсийн дүн энэ. Хүүг чинь хүүхдийн илүү дутууг анддаггүй, хаясан гээснийг олбол өгдөггүй гээд л багш нар ярьж байсан. 

Жамсрангийн энэ үг Балданд доромжлол шиг санагдаж байлаа. Тийм ч учраас Балдан арай л Жамсрантай барилцаж авсангүй. 

-Ганц хүүгийнхээ толгойг яахаа би мэднэ… гээд үлджээ. Үнэндээ ч Балдан хүн болгон эрдэмтэй болох албатай бус аа. Балдан хүүгээ өөрийн ухаанаар хүмүүжүүлж чадвал эрдэм нь тэр болно. Түүгээрээ хувь тавилангаа зохионо биз… гэж боджээ. 

Балдан өвгөн харанхуй гэрт нойр нь хүрэхгүй тийчлэн тийчлэн ийн бодов. 

Өглөө босоход тэнгэр цэлмэг боловч хээр тал хяруу адил нимгэн цасанд дарагдсан байлаа. Галсан цайгаа уугаад морио эмээллэж:

-Мөр харъя. Шинэхэн цастай аятайхан өдөр байна. Өдөр тийшээ нар гарвал дулаахан болно. Ер нь ч хаваржаа руу нүүх цаг дөхлөө. Аав та Цэцэгмаатай элбэлцээд пингийнхээ юмыг салхинд сэрвээж хатаахыг бодоорой… гээд буу үүрэн мордов.

Балдан хүүгээ явахад гаднаа зогсоод хүн өсөх гэж мөн ч хачин аа. Тэр явж байгаагий нь хар даа. Уул аа, уул… Гэтэл эцэг нь болсон би гэж аргалын шээзгийд багтчихаар ийм хатингар туранхай амьтан байх гэж… Даанч энэ золиг барилдахгүй юм даа. Ноцолддог сон бол сумын наадамд түрүүлээд жил болгон даага авах байсан гэж бахархан бодов. “Миний хүү хангай шиг эр болтлоо эцгийн үгнээс гарахгүй өссөн. Эцгийн ухаанаар өдий хүрч яг л над шиг аливаад арга зальтай, амьдралын сүүхээтэй хүн болсон. Эцэг хүнд үүнээс өөр баяр хаана байх вэ” гэж санав.

Бэр нь хонио бэлчээгээд урд хойно нь орж хормой хотноос нь зүүгдсэн хүүгээ тэврэн пин рүү очив. Балдан гэрт орж зэлгээн цай модон тагшинд хийж залгилаад яаран гарлаа. Пингийн мухарт хураалттай элдэв шуудай савтай юмны цаана өвгөний өөрийн нь гэрийн хэдэн дээвэр цаваг бий билээ. Түүнийгээ ч салхинд сэрвээж, ноднин элдэж чадаагүй хонины хэдэн арьсыг ганд хийхээр гаргах цаг болсон тул хүү нь цагаа олж пин янзал гэж дээ хэмээн бодсоор пин рүү оров. Хаврын нар ээж, өвөлжөөний нөмрийн цас дорхноо хайлаад хашааны дээврээс шар ус дусалж байв. 

Хүү нь нээрээ ямар сүйхээтэй хүн болсныг энэ пинд байгаа юм л хэлээд өгнө. Тэнд ер нь юу эс байх вэ. Гурил будаа шуудайгаараа, сайхан эмээлийн мод, шинэхэн бор эсгий, хөдөө ховор үзэгдэх гөлөм дэвсний булгиар байв. Галсан нэгдэлд хэдэн хонь малладаг нэртэй боловч бэр л тэр ажлыг хийж, томоотой ажилсаг сайн хүн тул нэгдлийн сүргийг өсгөв гэсэн алдрыг нөхөртөө өгч байдаг ажээ. Харин бэр нь шударга. Тооноос илүү гарсан мал, ухаан нь ихэр хурга мэтийг өөрийн болгоё гэж Галсанг хэлэхээр:

-Буяндаа тэгж битгий бузар хий, Галсаан. Надад ингэж байх сэтгэл алга… гэж хэлдэг байв. Галсан тэгэхэд нь нэг их юм хэлж эс чадна. Ер нь Галсан гадна өнгөндөө бол томоотой, дуу цөөнтэй, архи дарс уухгүй, гүдэсхэн хүн харагддаг байлаа. Галсан өвөл болгон аймгийн төв, эсхүл хот руу эмчлүүлнэ гээд явахдаа хотын хүний хэрэгцээтэй юмтай очиж, харин тэндээс хөдөө хэнд ч нүд хужирлахаар юм олоод ирнэ. Олз бол Галсангийн ганц эрдэм. Олзны төлөө юунаас ч буцахгүй хүн болон өссөн гэдгийг аавын багын найз, одоо бригадын дарга Жамсран л мэддэг билээ. 

-Чи тэр хүүдээ хэлмээр юм. Үнэндээ Цэцэгмаа л энэ хэдэн хонийг маллаж өсгөж байгаа болохоос биш Галсанд хийсэн юм алга байна шүү дээ. Би бүхнийг мэдсээр боловч чамайг бодсоор өдий хүрэв гэж Жамсран нэг ирээд хэлжээ. 

-Чи байз гэм. Миний хүү чухам ямар гай тарьсан юм бэ? Амьдрах гэж л ядаж яваа амьтан байна. Архи дарс уув уу, хулгай зэлгий хийв үү? Худал үнэн ярив уу? Нэгдлийн хий гэсэн ажилд оролцож л явдаг. Яах гэж чи дандаа миний муу хүүг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үзэж явдаг юм бэ? Галсан чамд ямар гай тарив гэжээ. 

-Одоохондоо болохоо байчихсан юм алга. Аваад хэлэлцье гэхэд ч муу малчин гээд яриад байх юмгүй. Гэтэл хүн гэдэг амьтанд сэтгэл гэж юм байна. Алив нэг ажлыг нийгэм олондоо тусах болох үүднээс сэтгэлээрээ хийхгүй, гагцхүү амин хувийн олз олбороо л бодон хийдэгт л аюул нь байна. Энэ зан газар авбал юу ч болж мэднэ. Шунал гэдэг ад чөтгөр шиг эд… Чи л түүнийг ийм болгов. Хэчнээн сайхан хүү байж болох байв. Түүнтэй сургуульд хамт байсан нэг ангийнхныг нь хар. Базарын хүү эрдэмтэн болжээ. Нямын охин их эмч гээд мандаж байна. Улсын аварга малчин Далай, Гомбо хоёр яаж алдаршиж явна? Тэгэхэд чи хүүгээ сургуулиас гаргаж завхруулсан. Тийм ээ, чиний хэлдэг үнэн. Хэн ч хүүгээ хулгайч, худалч болгоё гэж боддоггүй. Гагцхүү бөхийсний бүснээс, хазайсны хажуугаас илүүчилж сурсан чиний занг яг хуулж…

Балдан өвгөн Жамсранд юу ч хэлж чадсангүй. Хүүгээ дотроо өмөөрч муу хүн болов гэж бодох ч дургүй байлаа. 

Бага үд гэхэд шөнө орсон цас бараг хайлаад өвөлжөөнөөс халуун уур дэгдэв. Хашаа хороон дээгүүр өнгөц гудас, дээвэр цаваг сэрвээхээр дэлгэн тавих зуураа Балдан нөмөр газар хөлийн дор дөнгөж соёолж байгаа ногоог олж харлаа. Тэр ногоо урин дулаан цагийн анхны шинж тэмдэг болон өтөг бууцны дороос өхөөрдмөөр ногоон соёонуудаа тэнгэр өөд сарвайлган ургажээ. 

-Энээ хөөе! Цэцэгмаа!… Ногоо ургах нь… гэж Балдан дуу алдав.

-Хаана? Гэж Цэцэгмаа ч гүйн ирлээ.

Хоёул ногоог шохоорхон харж зогстол уяан дээх дөрөө ханхийв. 

Галсан ихэд яарсан мэт давхиж ирээд мориноосоо бууж байлаа. 

-Чи яав? гэж нэг юманд яарсан, сандарсан түүний царайг нь харж Цэцэгмаа асуув.

-Яахав зүгээр… Хүйтэн цай бий юу?

-Гэрт данханд бий.

-Аав аа, та нааш ирээч! Гээд Галсан буугаа гэр дээр тавьж оров. Балдан юу болоо юм бол гэж гайхасхийн Цэцэгмаагаас асуух мэт хараад гэр рүү явав.

-Цэцэгмаа номхон хараа эмээллэчих!… гэж Галсан гэр дотроос чангаар хэлээд аавдаа,

-Та надтай явахгүй юу? Ойрдоо салхинд гарсан биш, морин дээр нэг гар даа гэв. 

Энэхэн зуур Балдан “Алсын уулын орой дээр гарч хармаар юм даа. Ямар өтөлсөн болохоос үхсэн биш” гэж хэлсэн Жамсрангийн үгийг санав. –За тэгье… Нээрээ нэг салхинд гарах болсон… гэж Балдан баярлан дээлээ солихоор бүсээ тайлав. “Миний хүү ийм л ухаантай, хөгшин эцгээ гэрийн буг болж байгааг мэдсэн байх нь…”  гэж Балдан боджээ. Түүнийг хувцсаа тайлах хооронд Галсан гараад Цэцэгмаатай өндөр нам дуугаар нэг юм марган хэлэлцсэнээ чимээгүй болов. 

Хөөрөх, баярлах хөгшин амьтан хүүхэд шиг хөл нь хөнгөрөөд гарч одов. Номхон харыг хэдийн эмээллэсэн байлаа. Бэр нь хадмаа гараад ирмэгц дэргэд нь хүрч ирээд:

-Аав аа, та яваад хэрэг байна уу даа? гэж зөөлөн асуув.

-Явна охин минь, явалгүй яахав. Аав нь бас чиг чавганц болчих болоогүй байна. Салхинд гараад ирье дээ. Алсын уулын оройд гарч холын бараа харъя охин минь гээд Балдан бэрээ хормойноос нь чангайж аваад үлдчих вий гэсэн шиг мориндоо яаран мордов. Зэрэглээ жирвэгнэн хар газраас уул савсаж, цасны шар горхи хөгжилтэй дуугаа аялсан хаврын тогтуухан өдөр байв. Гэрээс холдож, хүүтэйгээ ухаа даван сажлуулж явахдаа өвгөний сэтгэл үнэхээр сэргэж, нурууны нь чилээ гарч, ямагт шөнөд халж зовоодог хөлний нь өвчин арилах шиг санагдана. Буянтай сайн хүүтэйдээ өвгөн баярлаж явлаа. Ноднин жил хөгшин нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Аминыхаа хэдэн малын туугаад өвгөн хаврын сүүл сард хүүгийндээ бүрмөсөн ирж билээ. Өөрийн бодсон хүсэл нь биелсэн тул Балдан чавганц малгай өмсөж, сэтгэл амар цайгий нь чанаж, ач хүүгээ харж суух болжээ. Залуу насандаа хөндлөн гулд давхиж явсан нутаг нугаараа хатируулахад урам сэргэж сэтгэл баясна. Төрсөн нутгийн сайхан уулс хаврын зэрэглээн дор дуниартан харагдана. Нөмрөг хадын хойд энгэр бараалж, модны захын цас ханзарчээ. Тэр энгэрт багадаа хонь хариулж явсан шүү дээ гэж бодож, үүл хурсан тэртээ хойд зүгийн цэнхэр уулсын цаана өтөлсөн нүдэнд сүүмэлзэн харагдах бургастай голын дэнж дээр анх хөгшинтэйгөө уулзаж билээ хөөрхий гэж дурсан санаж хуучин дурсгал бүхнээ уудлан явав. Өсөх багаас хөндлөн гулд давхиж, аж амьдралын мөр хөөж, олз омгийн тэнгэрт сүсэглэж залбирч явсан нутаг нь хаврын наран дор өнгөтэй сайхан харагдаж байв. Энэ олон цохио хичнээн ч бэлтрэг түүнд хайрлаж, цэнхэр униарын дор сүүмэлзэх тэртээ хөндий хичнээн ч үнэг хярсаа түүнд өгч, эрвэн сэрвэн модтой хойд зүгийн хөвч тайга хэзээ ч Балдангаас булгаа харамлаж байгаагүй билээ. Ил далд хичнээн ч ан хийж, хичнээнийг ч бас хот хүрээ рүү гүйлгэж, атигар биенд томдсон ширэн түрийвчээ хэдэнтээ дүүргэж явсныг бурхан л мэдэх сэн байх. Олз омог нь дандаа л ангаар олддог байсан уу гэвэл бас тийм бус… Намар жин тээж, хавар мод хийж, зунд сал тавьж явсан ч удаа бас бий. Тэр болгонд Балдан олзны тэнгэртэй явсан нь үнэн. Ийнхүү элдвийг санагалзсаар олон цохиотой энгэр өөд гараад ирснээ Балдан мэдсэнгүй ээ. Нэг томоохон цохионы ёроолд хүү нь мориноосоо буув. Балдан ч бас буулаа. Хүү ганзаганаасаа шуудай, аргамж хоёр буулгаж, цохио өөд өгсөв. Эцэг хойноос нь хүүхэд шиг дагалаа. Амьсгаадаад явж болох биш. Залуудаа гүйгээд гардаг цохионы оройд одоо атигар Балдан хоёр гурав амарч байж хүрэв. Хүү нь инээмсэглэн тамхиа татаж суулаа. Эцэг хажууд нь сууж амьсгаагаа дарав. Олон цохионы энгэр нөмөр дулаахан байлаа.

-Энд чонын үүр байгаа юм. Хэдэн бэлтрэг гийнаад байна. Авч чадаж гэмээнэ их үнэд хүрнэ дээ. Том олз шүү. Аав та чагнаач гэж тамхиа шуналтай сорж хүү нь тайван хэлэв. Балдан нүх рүү нь тонгойж чагналаа. Нээрээ л тийм байв. Гийнах дуунаар нь багцаалаад “Долоо найман гөлөг… Үгүй нээрээ олз доо. Ямар ч байсан алдаж болохгүй” гэж Балдан бодлоо. 

-Тийм байгаа биз.

-Харин тийм байна. Наймаас наашгүй… 

-Нэг нь тавин цаас… дөрвөн зуун төгрөг гэсэн үг. Тийм ээ, аав аа?

-Тэгэлгүй яахав, хүү минь. 

-Дүүрсэн хэрэг хаяад явах уу гэж Галсан гаансаа чулуун дээр тогшин босов.

-Юу гэсэн үг вэ? Ийм бэлэн олзыг хаявал азанд муу болно… гэж аав нь дуу алджээ.

-Уг нь ч тийм… 

Гэнэт чонын нарийхан үүрэнд уул шиг том биетэй хүү нь яагаад ч багтаж орохгүй, эцэг л давжаа биетэйгээрээ хүссэн олзыг нь авч өгөхөөс нь өөр аргагүйг Балдан ойлгожээ. 

-Өөр яахав. Аав нь оръё. 

-Юу гэсэн үг вэ. Тийм нүгэлтэй юм гэж байх уу гэж хүү нь дуу алдлаа.

-Үгүй яахав дээ. Багадаа ордог л байсан юм. Гайгүй биз… 

-Ээ горьгүй байх аа… Очиж очиж таныг оруулах гэж үү? Муухай юм болж байна… Хүү ингэж дуу алдаж байвч цаанаа бол “Ороод аваад өгөөсэй” гэсэн хүсэл нь ил байх тул аав нь яагаад ч юм санаа алджээ. 

-За хүү минь түргэлье гэж өвгөн агуйн амсар луу очив.

-Өөрөө л мэд. Хэрэг байна уу даа гэж Галсан аргамж бариад хэлэв.

-Зүгээр хүү минь. Ороод л үзье… гэж Балдан хэлжээ. Хүү эцгийнхээ бүсний дээгүүр аргамж давхарлан уяж, Балдан уухижсаар агуй руу дөхлөө. 

-Аав та айлтгүй шүү. Би сайн барьж байна. Харин хадны ирмэгт цохиулав. Болгоомжтой байгаарай…

Хэдийгээр өвгөн баахан айж, зүрх дэлсэн амьсгал нь ихэдсэн боловч хүүгээ зовоочихно гэж бодоод мэдэгдэхгүйг хичээсээр агуй руу орлоо. Энэ агуйг өвгөн одоо л таньжээ. Энэ худаг шиг гүнзгий агуй дотроо хажуу тийшээ хонгил болон салаалдаг билээ. Тэр салаануудын нэгэнд чоно үүрээ засдаг юм. Өөрөө ч багадаа олон орж, хүүгээ ч анх энэ агуй руу хүчээр түлхэн оруулснаа өвгөн бууж явахдаа бодож явлаа. Өвгөн агуй руу улам улам доошилсоор байв. Сайн хүү нь ааваа хад чулуунд цохиулж гэмтэх вий хэмээн аргамжийг бөх гэгчээр барьж байлаа. Харин байгалийн жам нэг өдөр алдагдаж болно гэдгийг энэ хоёр хүн мэдсэнгүй. Өглөөхөн Галсангийн буудаад шархдуулсан өлөгчин чоно хэнийг ч, юуг ч хэдэн хэсэг тасар татахад бэлэн үүрэн дотроо архиран хэвтэж байжээ.

1982 он.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан

Баруун
гар талаас Т.Галсан, Т.Гомбодаш, Б.Базылхан, Сүрэн, Эвлэлт, Долгор, Ч.Алгаа, Нямсүрэн,
Т.Моонон, Н.Отгон. Ангийнхан 40 жилийн дараа

 Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1956-1960 онд дүүргэсэн оюутнууд нэг жарны хойно оюутан ахуй насаа түүх болгон хуучилж байна. Их сургуулийн боловсрол эзэмшээд өөр өөрийнхөөрөө замнасан энэ ангиас ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтний зэрэгцээ, зохиолч, эрдэмтэн олон төржээ. Ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян, Т.Гомбодаш, Лажымар, Банзрагч, Долгор, Н.Нямсүрэн, Моонон, Н.Оточ, Сүрэн, ОХУ-аас К.Малчанов, БНХАУ-аас Эвлэлт, Цагаанхад, Ренчиндорж нар суралцаж байжээ. Мөн энэ ангийг дүүргэсэн оюутнуудаас төгссөн даруйдаа салбар салбарт дарга болон дэвшсэн хүмүүс бий. О.Осор Намын төв хорооны хэлтэст, Б.Доноров Хотын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга, Т.Гомбодаш хотын Цагдаагийн газрын намын хороонд засгийн машин унах эрхтэй дарга болон дэвшсэн нь олон жил төр засгийн хариуцлагатай албанд ажиллах эхлэл нь болж. Б.Доноров нь Ю.Цэдэнбал даргын ойрын хамаатан байсан нэгэн. 

Тэрчлэн тухайн цагт эмэгтэй зохиолчид дундаа манлайлж асан Ч.Алгаа, орчуулагч Ш.Цэрэнрагчаа нар энэ ангиас тодрон гарсан бол Т.Моонон, Банзрагч, Сүрэн нар шүлэг, зохиолоо олны хүртээл болгосон уран бүтээлчид болжээ. Энэ ангиас төрөн гарсан эрдэмтдийн нэг нь Б.Базылхан юм. Тэрээр Монголын хэл уран зохиолд томоохон хувь нэмэр оруулсан аж. Н.Жамсранжав шинжлэх ухааны салбарт судлаачаар олон жил ажиллаж мөн л төрийн өндөр дээд одон медалиудаар энгэрээ цоолж асан нэгэн. ОХУ-аас ирж суралцаж байсан  К.Малчанов нь Москва дахь Монголын радиод насаараа ажилласан бол Хятадаас ирсэн Эвлэлт нарын хүмүүс тухайн үеийн сонгодог зохиолуудыг Хятад, Монгол, Орос хэлнээ орчуулан олны хүртээл болгож нэрд гарчээ. Эдгээр өвөрлөгч оюутнуудаас хамгийн том судалгааны ажил хийсэн хүн Монголч эрдэмтэн Ренчиндорж юм байна. Харин Н.Нямсүрэн нь Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын ээж гэж байгаа.

Нэгэн цагийг манлайлж асан энэ ангийнхны түүх тун ч арвин. 1956 оны намар хичээл эхлэхэд 20 хүүхэдтэй нэг анги бүрдэж байсан бол төд удалгүй хоёр оюутан нэмэгдэн элсчээ. Тодруулж хэлбэл ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян нар Монгол хэл, уран зохиолын ангид суралцах эрх авч чадаагүй бөгөөд шүлэг тэрлэдэг гэдгээрээ түрээ барьж Зохиолчдын хорооны хаалгыг сахисаар дарга нарын цохолт олж авсан байна. Нэг ёсондоо “арын хаалга”-аар элсэн суралцсан нь анги хамт олноо улмаар салбартаа манлайлж чадсан байгаа юм.  Т.Гомбодаш, Лажымараас эхлээд ажиллаж байгаад оюутан болсон олон хүн байсан бөгөөд 25-30 настай нь ч байж. Лажымар нь цэрэг, батлан хамгаалахын салбарт багагүй хугацаанд ажиллаж байсан бөгөөд дөнгөж арван жилийн сургуулийг дүүргэсэн залуусыг жинхэнэ “дэглэдэг” байжээ. Лажымар хичээлдээ ирсэн цагт ангийн гурван охиноос бусад нь зэрэг босч, зэрэг хөдөлж цэрэг шиг л байдаг байсныг хүүрнэнэ. Ангийн дарга Т.Гомбодаш ч эхний нэг жил Лажымарын энэ “дэграамыг” таслан зогсоож чадаагүй гэдэг.  

Бас намрын ажилд уралдан гардаг байснаа ч тэд өгүүлэх. Бараг мянган төгрөгийн цалин авчих учир, олонтой нөхөрлөж цаг хугацаа хөгжил хөөртэй өнгөрдөг байсан тул ийн намрын ажилд яардаг байжээ. Бөөн, цөөнөөрөө улсын ажилд гарч уралдан хийх юутай урамтай хэмээнэ. Ажилд явах өдрөө тэсэн ядан хүлээгээд явах өдрөө унтаж хоцорсон, дулаан хувцсаа мартсан гээд хөгтэй явдал олон. Гуравдугаар курст ордгийн намар цаг. Тус ангийн залуусаас бие товируун хэдийг сонгож аваад Хөдөө аж ахуйн факультетийн хэдэн оюутантай Хандгайтад аваачин самар түүлгэхээр явуулжээ. Хугацаа талдаа орж ажил ч нэлээд явсан байж. Нэг шөнө унтаж байтал хоноглох байранд нь нэг амьтан орж ирэн бедон сав тачигнуулж гарчээ. Оюутнууд эхнээсээ сэрэн хашхиралдаж эхлэхэд хамгийн урдуур унтаж байсан залуу руу мөнөөх амьтан асч дайрсан байна. Төд удалгүй “цохиод байгаарай” гэсэн дуу гарахад нь харвал хоёр чихийг нь атгаж аваад хойш дарсан байжээ. Ингээд тэд мод түншиж самар буулгадаг мунаараа нүдсээр араатны амийг тасалж маргаашийг угтсан байгаа юм. Өглөө сэрээд шөнө дайрсан амьтныг харахад завьж, энгэрээр нь шүлс нь наалдсан чоно байж. Гоц халдварт өвчин судлал, галзуугийн больницоос мэргэжилтнүүд ирж тусгаарлах арга хэмжээ авснаар энэ явдал намдсан байна. Ер нь намрын ажил аравдугаар сар шувтартал үргэлжилдэг байсан бөгөөд ажлаасаа дах, дэхдийтэй бууж ирэх үе ч тохиодог байжээ. Оюутнууд ажлынхаа хөлсөөр тухайн үед хүмүүс нэг их өмсөөд байдаггүй драпан пальто худалдан авч өмсөн охидын урдуур эгнэн алхдаг байсан гэж байгаа.  

Тэр цагийн оюутнуудын онцлог гэвэл байнга сурсан мэдсэнээ, сэдсэнээ нэгэндээ уншиж, ярьж мэдлэг, бүтээлээ хуваалцдаг байсных. Т.Галсан, Сүрэн, Банзрагч, Т.Моонон, Г.Жамъян нар шүлэг бүтээлээ нэгэндээ уншиж өгч, шүүмжилж, засч сайжруулдаг байсан бол Ш.Цэрэнрагчаа, К.Малчанов нар гадаад орон, хүн төрөлхтний хөгжил хийгээд шинэ содон бүхнийг ангийнхандаа ярьж өгнө. Дэлхийн сонгодог зохиолууд ч Монгол хэлнээ орчуулагдан олны хүртээл болж байсан цаг. Дөнгөж хэвлэлтэд гарсан ном зохиолуудыг аль болох ангийнхнаасаа түрүүлэн уншиж бусдадаа ярьж өгөх сонирхолтой. Харин Б.Базылхан, Эвлэлт, Цагаанхад, Ренчиндорж нараас сонсч мэдэх зүйл гэвэл тодорхой. Өмнөд Монголын хийгээд Монголын казах, казах үндэстний талаар гээд олон сэдвээр ярилцана. 

Тиймдээ ч Т.Галсан, Г.Жамъян нар ажлын талбарт гарч амжаагүй шахам байхдаа эсэргүү хэмээгдэн нутаг заагдаж байсныг олон хүн мэдэх биз ээ. Тодруулбал, энэ хоёр эрхэм уралдаж өөр өөрийн чадах хэмжээнд хамгийн том бүтээл туурвихаар болсон байгаа юм. Т.Галсан “Арвайхээр” найраглалаа туурвисан бол Г.Жамъян “Халхын талд” шүлэглэсэн роман бүтээжээ. Шөнөдөө 100 мөр шүлэг бичихээр төлөвлөж уралдсан нь ийм амжилтыг дагуулсан. Харин дээрх найраглал, шүлэглэсэн роман нь хоёр залуугийн бүтээл туурвих урам хийгээд боломжийг багагүй хугацаанд хумисан байдаг. “Арвайхээр” найраглалд “Өнгө мөнгө хоёр үнэ цэнээ хэзээ алдах бол, Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол” гэсэн бадаг орсон бол “Халхын талд” гэх 20 мянган мөр шүлэглэсэн романд “Номхон цагаан хоньдыг минь Нохой сүүлтэй болгочих вий, Номын үсгээ мартаж бусдын тэнгэрт залбирах вий” гэж орсон нь улс төрийн бодлогод тэрсэлсэн хэрэг болжээ. Тухайн үед мал эрлийзжүүлэх, үндэсний бичиг үсгээ сэргээх эсэх асуудлыг төрийн хэмжээнд ярьж байхад ийн шүлэглэж эхэлсэн нь улс төрийн эсэргүү нэр зүүх хэмжээнд хүргэж. Тэгэхэд Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Гаадамба, “Тууврын замд”, “Зоог депутатын зоог” туужийг бичсэн С.Сандагдорж гээд олон зохиолч эсэргүү болон тодорч До яамны байнгын хяналтад ороод байж. 

Ийнхүү гуравдугаар курстээ Г.Жамъян бичсэн зүйлээсээ болон байцаагдаж эхэлсэн бөгөөд айсандаа сургуулиа хаян нутаг тийш оргожээ. Түүнийг “усанд унаж үхсэн”, “хорлогдсон” гээд олон ч тайлбар хөвөрч байжээ. Харин Т.Галсангийн “Арвайхээр” найраглал олны хүртээл болж бусдын талархлыг хүлээж байсан ч сүүлдээ шүүмжлэлд өртөж мөн нутаг заагдсан түүхийг сэргээн сануулахад ийм. 

Ангийнхан сурлага, бүтээлээрээ манлайлдаг шигээ номхон дөлгөөн бас байсангүй. Хичээл таслах үе бий. Хичээлийн дундуур гарч Улсын их сургуулийн хажуугийн “Хишигт” гуанзнаас 50 мөнгөний хуушуураас эхлээд хоол оруулж ирэн танхимын хойгуур бөөгнөрөн идэх үе ч байсан байна. Тухайн цагийн нийгмийн сэтгэлгээ өөр  байснаас болоод ч тэр үү багш нар нь хичээл цалгардууллаа гэх мэтээр загнана гэж үгүй байжээ.      

Өдгөө гавьяаныхаа амралтад сууж, төрийн цол тэмдгээр ажил бүтээлээ үнэлүүлж, оюутан ахуй цагаа хүүрнэн суугаа эрхмүүдийг боловсролд чиглүүлж байсан багш нарыг өгүүлэхгүй өнгөрөхийн аргагүй.  О.Наранцацралт, Лувсанцэрэн, Ч.Лхамсүрэн, Ш.Гаадамба, Д.Цэгмид, С.Зориг агсны аав Д.Санжаасүрэн, Оюун, Ренчинсамбуу нарын олон ч нэр төртэй багш нарынхаа гараар орсон нь өдий зэрэгтэй амьдрахын гол түлхүүр болсон доо гэлцэнэ. Нэгэн жарны тэртээд эрдэм боловсролд шимтэн Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан гэгдэж байсан эрхмүүдийн тухай өнөөдөр өнгөц өгүүлэхэд ийм. 

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Тэд бол жинхэнэ дайны баатрууд юм

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж ахмад дайчдыг төрийн дээд цол, одонгоор шагнасан нь өнгөрөгч долоо хоногийн гол үйл явдлуудын нэг байлаа.  Өштөн дайсан өнгөлзсөн тэртээх 1939 онд Халхын гол, Хамар даваа, Баянцагаанд исгэрэх сум, ирт сэлмийн өөдөөс асгарах цус, амь биеэ ч үл хайрлан тэмцэж явсан орос, монгол дайчдад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч гүн хүндэтгэл үзүүлэхээр зорин ирсэн. Тиймээс “Өдрийн зочин” буландаа Халхын голын дайчдыг онцлон оруулахаар шийдлээ. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж, хойч үедээ үлгэр дуурайл үзүүлсэн түүхэн гавьяаг нь өндрөөр үнэлж ахмад дайчин Пунцагийн Шагдарсүрэнд Монгол Улсын баатар цол хүртээж, баатар цолны Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасныг нүдээ олсон шагнал гэхээс яах билээ.

Тэрчлэн Сүхбаатарын одонгоор ахмад дайчин Баяндалайн Сааралдайг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Шагдарын Багаажав, Сүрэнгийн Лхамжав нарыг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад дайчин Гончигийн Батмөнх, Сүхийн Борхүү, ахмад дайчин эмэгтэй Цэрэнгийн Чимэдцэрэн нарыг шагнасан. 

Халхын голын байлдааны түүхэн ялалтын ойн өдөр Монгол, Оросын ахмад дайчдын төлөөлөл болсон 38 бууралд Монгол Улсын төр хүндэтгэл үзүүлж шагнасан. Шагналаа биеэр ирж авах боломжгүй ахмадуудын шагналыг тусгай төлөөлөл гэрт нь очиж гардууллаа. 1939 онд 18 настай явсан залуу дайчин өнөөдөр 93 насны босго давсан байгаа. Тэр үед 21 настай байсан Пунцагийн Шагдарсүрэн гуай л гэхэд 1939 оны гуравдугаар сард Тамсагийн зургадугаар морьт дивизийн 17 дугаар морьт хороонд штабын дарга, улмаар хороон даргаар томилогдон эх орноо хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан хүчин зүтгэжээ. Тэр Халхын голын байлдаан эхлэхээс дуусах хүртэл эх оронч дайчин нөхдөө удирдан тулалдаж явсан манай домогт залуу дарга нарын нэг байсан юм.

Төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө шагналаа гардсан ахмадууд бол Наймдугаар морьт дивизийн хөгжимчин, тагнуулчаар үүрэг гүйцэтгэсэн Гончигийн Батмөнх, Халхын голын дайн төдийгүй Чөлөөлөх дайнд оролцсон Сүхийн Борхүү, тавдугаар дивизийн 13 дугаар морьт хороонд нууцын даргаар үүрэг гүйцэтгэсэн Баяндалайн Сааралдай, 15-хан насандаа өөрийн хүсэл, сайн дураараа Халхын голын байлдаанд сувилагч цэргээр очиж, галын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Цэрэнгийн Чимэдцэрэн, наймдугаар дивизэд их бууны наводчикийн үүрэг гүйцэтгэсэн Шагдарын Багаажав, 14 дүгээр морьт хорооны бага даргаар тулалдаж байсан Сүрэнгийн Лхамжав нар нүдэндээ нулимстайгаар дайчин нөхдөө дурсаж байсан.

Халхын голын байлдаанд оролцож гавьяа байгуулсан Зөвлөлтийн мянга мянган ахмад дайчдын төлөөлөл болж шагнал хүртсэн ОХУ-ын иргэн Халхын голын байлдааны ахмад дайчин  Григорьев Петр Осипович, Елизавета Ивановна Чувашова, Ковалев Ефрем Андреевич, Мартыненко Андрей Иванович, Олейников Михаил Федотович, Хулугуров Василий Прокопьевич, Кравец Николай Дорофеевич, Панкратьев Георгий Тимофеевич нарт Монгол Улсын Ерөнхийлөгч урт удаан наслахыг хүсэн ерөөсөн. Оросын их яруу найрагч Анна Ахматова нэгэнтээ “Нэгэн насанд учрамгүй хоёр дайн үзлээ. Нэгэн биед багадамгүй гашуун зовлон амслаа” хэмээсэнчлэн өнгөрөгч зууны гучин есөн онд Монгол Улсын дорнод хязгаар Халхын голын халуун өдрүүдэд цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч явсан ахмад дайчид маань орчлонгийн жамаар цөөрсөөр буй өнөө цагт тэдний маань баатарлаг үйлс үеийн үед дуурсагдах учиртай билээ.

Л.БАТЦЭНГЭЛ   

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутнуудад эрүүл мэндийн үзлэг хийнэ

2013 оноос Есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсон билээ. Энэ жилийн хувьд “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэж байгаа аж. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийнэ. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд зохион байгуулж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэхээр болжээ.

Улсын хэмжээнд өнөөдөр 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89.3 хувь буюу 156.128 нь Улаанбаатар хотод суралцаж байгаа аж. Оюутнууд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг.

Эрүүл мэндийн албан ёсны статистик үзүүлэлтээр 2013 онд 12.0 мянга гаруй оюутнууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Үүний 68 хувийг эмэгтэйчүүд, 32 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 860 гаруй оюутанд халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, түүний дийлэнх буюу 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вирүст гепатит өвчин тус тус эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүртгэгдэж, үүний 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгдсэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аян үргэлжилж байна

Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсоор багагүй хугацааг үдэж байгаа юм. Энэ жилийн сарын аяныг “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэхээр болсон байна. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийнэ. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд зохион байгуулж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэхээр болжээ. 

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Узбек улсын нийслэл Ташкент хотын “Gymnastics Palace” спортын цогцолборт Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ маргааш эхэлнэ.  Энэ тэмцээнд оролцохоор манай улсын баг тамирчид энэ долоо хоногт мордсон.   Манай улсын 8 эмэгтэй, 8 эрэгтэй, 7 дасгалжуулагчид энэ удаагийн тэмцээнд оролцох юм.

Уг тэмцээн маргаашнаас 14-ний өдрүүдэд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Барилгын сайд “Шинэ сум” төсөлтэй танилцаж байна

Барилга,
хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум”
төслийн явцтай танилцахаар орон нутгийг зорьжээ.  Тэрээр Хэнтий,
Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.  Хэнтий аймгийн  Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд   “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний зэрэгцээ дээрх аймгуудад хэрэгжүүлж буй “1000” айлын
орон сууц” хөтөлбөрийн инженерийн шугам сүлжээ буюу суурь дэд бүтцийн бүтээн
байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгааг сайд өөрийн биеэр шалгахаар болсон
гэнэ.

 

Categories
мэдээ нийгэм

Далай ламын айлчлалыг цуцалжээ

Дээрхийн
гэгээн XIV Далай лам ирэх сард Өмнөд Африкийн Кэйп Таун хотод зохион
байгуулагдах Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалтад оролцохоор төлөвлөсөн
байсан ч тодорхойгүй шалтгаанаар цуцлагджээ.

Энэтхэгийн Нью-Дэйли хот дахь Өмнөд Африкийн Гадаад харилцааны яам өчигдөр
Төвдийн оюун санааны удирдагчийн визний хүсэлтийг хүлээн авсан байна. Гэвч Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Далай
ламын айлчлал цуцлагдсан тухай мэдэгдсэн байна.
2011 оны аравдугаар сард Өмнөд Африкийн Засгийн газар Далай ламд виз олгох
асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсан юм. Тухайн үед хэвлэлүүд энэ
явдлыг БНХАУ-ын дарамт шахалтаас үүдэж тус улсын эрх баригчид ийм шийдвэр
гаргасан гэж тайлбарлаж байсан билээ. Өмнөд Африк нь
Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ-ыг багтаасан БРИКС-ийн бүлгийн гишүүн улс юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголд 36.2 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Монгол
Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны
хэлэлцээ өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Хоёр орны Засгийн газар
хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны энэ удаагийн хэлэлцээ Монгол
Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион
байгуулагдаж буй юм. Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн бодлогын хамтын
ажиллагааны тэргүүлэх чиглэл болох ашигт малтмалын нөөцийн тогтвортой
менежментийг хөхиүлэн дэмжих, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон
янз байдлыг хадгалах гэсэн гурван чиглэлд
болон бусад чиглэлд хэрэгжих 11 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд
ХБНГУ-ын Засгийн газраас  36.2 сая евро олгохоор боллоо. Энэхүү төслүүд нь
2014-2015 онд хэрэгжих юм. 1990-2013 оны хооронд  ХБНГУ–ын
Засгийн газраас Монгол Улсад нийт 310 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж
олгожээ.

Categories
гадаад мэдээ

Барак Обамгийн гэнэтийн зочлолт

АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама НАТО-гийн уулзалтын хүрээнд Стоунхенжид гэнэт зочиллоо.
Тэрбээр эртний чулуун байгууламжийг үзэж сонирхохдоо “Энэ үнэхээр гайхалтай юм”
гэжээ. Барак Обама Стоунхенжийг сонирхох явцдаа нутгийн оршин
суугч Жэймс, Жэнис нар болон тэдний гурван хүүтэй танилцсан байна. АНУ-ын Төрийн тэргүүний хувьд айлчлал нь маш нарийн
цаг хугацаатай, хэнтэй уулзах нь тодорхой төлөвлөгдсөн байдаг ч Барак Обама энэ
дүрмээ ялигүй зөрчсөн нь энэ аж. Нутгийн
оршин суугчидтай уулзсан гэрэл зургийг хатагтай Жэнис өөрийн “Twitter” дэх
хуудсаараа дамжуулан олон нийтэд цацжээ.