Categories
мэдээ нийгэм

Эболагаар амиа алдагсдын тоо 2000 давжээ

Баруун
Африкийн Либери, Гвиней, Сьерра-Леон, Нигер зэрэг орнуудад тархаад буй Эбола
вирусын халдвараар амь алдсан хүний тоо 2097-д хүрсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ.
Халдвар авсан хүний тоо 4001-д хүрсэн хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ.

Эбола
вирус өнгөрсөн долоо хоногт Сенегал улсад бүртгэгдэж, нэг хүн амиа алдсан тухай
ДЭМБ-ийн захирал Маргарет Чан онцолжээ. ДЭМБ-ын мэдээгээр Сенегал улсад 23 хүн
халдвар аваад байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт хүний 50 хувь нь амь
алдсан гэж ДЭМБ мэдээлжээ.

Өнгөрсөн
хоёрдугаар сараас Африкт тархаж эхэлсэн Эбола вирусыг эмчлэх, халдварыг
зогсоох, хүмүүсийг урьдчилан сэргийлэх ажилд Гвиней, Сьерра-Леон, Либери Нигери
улсад Еврокомисс 140 сая евро тусламж болгон илгээх шийдвэр гаргасан байна. Мөн
Британи улс өчигдөр Сьерра-Леон улсын Эрүүл мэндийн яаманд 2.5 сая ам.доллар
хандивлажээ.

 

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна

08:00 цагт Нийслэлийн удирдах
ажилтнуудын шуурхай зөвлөгөөн
Хангарьд ордны 14 давхарт болно. Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн нутаг дэвсгэрт
тулгамдаж буй асуудлын талаар дүүргийн
Засаг дарга нар мэдээлэл өгнө. Утас: 91040607

09:00 цагт Олон Улсын арилжааны
арбитр болон хөрөнгө оруулалтын гэрээний арбитрын ажиллагааны талаарх олон
улсын туршлага солилцох семинар Блю Скай зочид буудлын 3 давхарт Кристал
танхимд болно. АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Монгол Улсын
Хууль зүйн яам, Олон Улсын Арбитрын шүүх, “Хуульчдын нийгэмлэг” ТББ хамтран
олон улсын арбитраар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах тухай
сургалт зохион байгуулна.

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар хөрөнгө бүртгэх
тухай, концесс олгох гэрээ байгуулах тухай, нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн
аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, ХУД-т Хөнгөн үйлдвэрийн
Үйлдвэрлэл, технологийн парк, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл,
технологийн паркийн төслийн нэгж байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас:
91040607

11:00 цагт  “Эрүүл
элэг” Үндэсний хөтөлбөрийг танилцуулах  хэвлэлийн бага хурал
“Монолньюс” мэдээллийн төвд болно.

11:10 цагт “Зууны
мэдээ” сониын мэдээллийн төвд Үндэсний ногоон хөдөлгөөн, Гамшгийн эсрэг
үндэсний төвөөс хамтран Хонгорын хохирлын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг угтан “Наранбулаг”
ресторанд хэлмэгдэгсэд болон тэдний үр хүүхэд, ач зээ нарыг хүлээн авч уулзан
хүндэтгэлийн зоог барина.  Утас: 91426622

14:00 цагт Эдийн засгийн
хөгжлийн яам, Олон Улсын хөрөнгө оруулалтын банк хооронд Санамж бичиг, Монгол
Улсын Хөгжлийн банк болоод Олон Улсын хөрөнгө оруулалтын банк хооронд Хамтын
ажиллагааны гэрээ байгуулах ажиллагаа тус тус Эдийн засгийн хөгжлийн яамны 3
давхрын хурлын танхимд болно.

18:00 цагт Монгол улс Европын
комисстой дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээ Гадаад
харилцааны яамны Номин танхимд болно. Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд
Л.Болд болон Европын Комиссын боловсрол, соёл, олон хэл судлал, залуучуудын
асуудал хариуцсан комиссар хатагтай Андрулла Василиу нар оролцоно.

Categories
мэдээ нийгэм

цагаан мэнгэтэй хар морь өдөр

Аргын тоололын  9сарын 8,Сумъяа
гарагбилгийн тоололын 14.Чөдөр одтой, хар мор өдөр.Өдрийн наран 6 цаг 28 минутад
мандан,19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар нохой жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтран хөдөлмөр эхлэх, гэрээ
хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл
авах, улаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.Гэр
бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь,
бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.Цагаан
шүүдэр буух улирал 2 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, мал аривдана,

Categories
мэдээ нийгэм

Вьетнам цагаан будаанаас хачиг илэрсэн байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд шалгалт хийсэн талаар  мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр БНХАУ-аас орж ирж байгаа тахианы мах шаардлага хангахгүй, чихэр, шоколад, зөгийн бал зэргээс ихээхэн зөрчил илэрч буцаасан бол Вьетнам улсаас орж ирсэн цагаан будаанаас хачиг, Германаас орж ирсэн дарснаас зөрчил илэрсэн байна. Тиймээс иргэдийг импортын бараа худалдан авахдаа хаяг шошго, найрлагыг нь сайтар харж авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Нээлттэй өдөрлөгөөр цагдаагийн алба хаагчдаас зөвлөгөө авч болно

Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажилалагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Энэ онд Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамтаар энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийх гэж байна. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.

УБЕГ-аас лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах үйлчилгээ үзүүлнэ.

Харин цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, жолоо барих эрхээ хасуулж, хугацаа нь дууссан иргэдийн эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх, галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгөх чиглэлээр зөвлөгөө өгнө.

Мөн цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгч, иргэд, олон нийтийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг хүргэх юм.

Үүнээс гадна яамны харьяа бүх агентлаг газруудын өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажилтнууд төвлөрсөн цэгт иргэдээс хүсэлт өргөдөл гомдлыг нь хүлээн авч боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх хүртэл арга хэмжээ авч ажиллана. Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг ч энэ үеэр иргэд мэргэжилтнүүдээс чөлөөтөй ирж авах боломжтой. 

Categories
гадаад мэдээ

Үерийн улмаас 200 гаруй иргэн амиа алдав

Олон хоногийн турш орсон аадар борооны улмаас Энэтхэг, Пакистаны өмнөд хэсэгт 200 гаруй иргэн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэж Пакистаны албаныхан мэдэгдсэн байна. Пакистаны Кашмир, Пунжаб мужид 110 хүн үерт урсч амиа алдсан бол Энэтхэгт 100 гаруй хүн амь үрэгджээ. Үерийн улмаас Пакистанд 2000 гаруй хүн орон гэрээ алдсан бол Энэтхэг 10 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй хагас сар амьдарч байгаа гэв.

Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэнээр “Аадар бороо ирэх долоо хоногийн эцэс хүртэл орно” хэмээн сануулжээ. Тус улсын Засгийн газар гамшигийн бүс рүү 500 аврагч, 70 түргэн тусламжийн тэрэг, 60 гаруй үнэрч нохой, 400 гаруй майхан, дулаан хөнжил илгээсэн аж. Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди маргааш үер болсон бүс нутаг руу очихоор болжээ. Тэрбээр “Би ард түмнээ зовсон цагт нь туслахын тулд Ерөнхий сайд болсон” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Авто машины худалдааг задгай талбайд хийлгэхгүй

 НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас ил задгай талбайд авто машины худалдаа хийхийг хориглох шийдвэрийг гаргасан юм байна. Уг шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болжээ.

Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч баасан гаригт буюу есдүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт автомашины худалдаа эрхлэгчидэд энэ тухай албан ёсоор танилцуулсан мэдэгдэх хуудсыг хүргүүлж эхлээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван аймаг нийслэлтэй авто замаар холбогдоно

Сар бүрийн эхний долоо хоногт багтаан Засгийн газраас аймгийн
удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлалтай. Уламжлалт хурал
наймдугаар сарын 3-нд болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, тус газрын дэд дарга
Ч.Сайнбилэг болон Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн
яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, Засаг дарга нарын асуултад
хариулт өглөө.

Засгийн газраас энэ жил дөрвөн аймгийг Улаанбаатар хоттой хатуу
хучилттай авто замаар холбох шийдвэрийг гаргасан ч Дорнод аймгийн хувьд
амжихааргүй болжээ. Үлдсэн гурван аймаг болох Хөвсгөлийг Улаанбаатар
хоттой холбох авто замын ажил ирэх аравдугаар сардаа багтан ашиглалтад
орно гэсэн мэдээллийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар өглөө.
Гол асуудал үүсгэж байсан Их-Уул сумаас зүүн зүгт тавьж буй 25 км авто
замын ажил ойрмогхоноос ажил нь эрчимжсэн бол бусад авто замын ажил
хуваарийн дагуу үргэлжилж, товлосон хугацаандаа ашиглалтад оруулахаар
гүйцэтгэгч компаниуд ажиллаж байгаа аж.

Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой холбох авто замын ажил ирэх
аравдугаар сарын 31-нд багтаж ашиглалтад орно, Өмнөговийн зам харин энэ
сарын 15-нд дуусч, хүлээлгэн өгөх юм байна.

Энэ үеэр Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг бусдынхаа сайн
туршлагатай танилцаж, түүнийгээ орон нутагт хэрэгжүүлж ажиллахыг
зөвлөлөө. Тухайлбал, Дорноговь аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэхээр болж,
өмнөд хөршийн өдрийн жуулчинд 3-5 хоногийн хугацаатай виз олгож, Хамрын
хийд, Хүслийн уулаар аялуулдаг болсон байна. Ингэснээр орон нутаг
өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, түүнээсээ
мөнгө босгон, аймаг сумаа хөгжүүлэх боломж байгааг харж болох аж.
Хамрын хийдийн дэргэд мөн 500 гаруй ингэтэй ингэний ферм байгуулсан
байна. Энэ нь гадаадын төдийгүй дотоодын жуулчид үйлчлүүлэх боломжийг
олгож, малчид ч өрхийн орлогоо нэмэгдүүлнэ.

Тэгвэл Дорнод аймгаас хэрхэн ногоо хот байгуулж болохын туршлагыг
судлах боломжтой бол Орхон аймагт шахмал түлшний үйлдвэр ашиглалтад
оржээ. Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын зовлон биш аймгууд ч
мөн утаатай өвөлжих болсон. Тиймээс Орхон аймаг утааны асуудлыг
шийдвэрлэхийн тулд жилдээ 1000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин
чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Хүчин чадлын хувьд том биш ч
цаашдаа өргөжүүлж болно.

Мөн Өвөрхангай аймгаас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж
орон сууцыг олноор барих боломжтойг судалж, туршлагыг нь нэвтрүүлж болох
зэрэг сайн жишээнүүд олон байгааг Ерөнхий сайд энэ үеэр хэллээ.

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын хэлснээр бол төсөв
ерөнхийлөн захирагч нар үргүй зардлаа бууруулж, төсвийг хэмнэх ёстой
байтал хоёр, гурваараа зэрэгцэн гадаад руу явдаг. Гадаад харилцааны
яамтайгаа зөвлөлгүйгээр зарим тохиолдолд зочилж очсон гадаад
орнуудтайгаа авто зам барих асуудал зэргийг ярьсан зэрэг Засгийн
газраасаа том загнасан асуудал гаргасан тул ийм алдааг дахин давтахгүй
байхыг анхаарууллаа. Мөн удахгүй УИХ-аар Эдийн засгийг идэвхижүүлэх 100
хоногийн хүрээнд Засгийн газар түүний харьяа яам, агентлаг, мөн аймаг
сумд УИХ, Засгийн газраас баталсан хууль, тогтоолуудыг хэрхэн
хэрэгжүүлсэн талаарх ажлыг дүгнэнэ. Энэ үеэр хоёр, гурваараа зэрэгцэн
гадаад явсан аймгийн Засаг дарга нартай холбоотой асуудал сөхөгдөж донго
хүртэж мэдэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нь
сануулаад авлаа.

Categories
мэдээ нийгэм

Хогны уутыг талоноор олгож байна

Энэ оны зургадугаар сараас эхэлж хогны уут тараах ажлыг зогсоосон ч энэ сарын 1-нээс сэргээжээ.

Ингэхдээ иргэд хогны уут авах талоныг хорооноосоо авч, гэр хорооллынхон түүнийгээ Ус түгээх газрынханд өгснөөр уутаа авах аж. Орон сууцанд амьдардаг айл өрхүүд талоноо хорооноосоо авч Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулж хогны уутыг авах аж. Нэг сарын хэрэглээнд 15 ширхэг уут олгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС, “Эрдэнэт хивс” компанитай хамтран үйлдвэр байгууллаа

ШУТИС эрдэмтэн, багш нарынхаа бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлжээ. Багш нарын оюуны бүтээл 13 технологийг бизнесийн эргэлтэд оруулахад бэлэн болсон бөгөөд одоогоор өөрийн сургууль дээр гарааны зургаан компани байгуулаад байгаа аж.

Мөн бусад аж ахуйн нэгжүүдтэй энэ чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлж байгаагийн нэг нь “Эрдэнэт хивс” компанитай хамтарсан “Нано даавуу”-ны үйлдвэр юм. “Эрдэнэт хивс” компани ажлын байр болон ажилчдаа гаргасан бол ШУТИС технологи, тоног төхөөрөмжийг нь нийлүүлсэн байна. Хамтарсан үйлдвэр эхний удаад 1000 метр даавуу үйлдвэрлээд байгаа гэнэ.

Тус сургуулийн орлогын 90 хувийг сургалтын төлбөр эзэлдэг байна. Багш нарынхаа мэдлэгийг бизнес болгоход анхаарал тавьж ажилласнаар сургалтын орчныг сайжруулах, багш, ажилчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус болох орлогын эх үүсвэр нэмэгдэх ач холбогдолтой. Иймд орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх энэ ажлыг багш нар нь дэмжин ажиллаж эхэлжээ.