Categories
мэдээ нийгэм

Долоон буудалд явуулын хөдөлмөрийн бирж ажиллана

Нийслэлийн алслагдсан гэр хорооллуудын ажилгүй иргэдэд хүрч ажиллах зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс санаачлан, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа Явуулын Хөдөлмөрийн бирж маргааш  Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 7 буудалд ажиллана.

Өнгөрсөн хугацаанд явуулын хөдөлмөрийн бирж Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн алслагдсан хороод, автобусны эцсийн буудлууд, оюутны Б хотхон зэрэг газруудаар ажиллаж 650 гаруй ажил хайгч иргэнийг бүртгэж 198 ажил хайгчийн шууд ажлын байранд зуучилж, 107 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулжээ. Мөн намрын ургац хураалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Намрын ажил- Залуус” төсөлд ажиллаж түр ажлын байраар хангагдах сонирхолтой ажил хайгч, залуучуудыг бүртгэж байгаа юм байна.

Иргэд та бүхэн Явуулын хөдөлмөрийн биржээр үйлчлүүлж байнгын, цагийн болон түр ажлын байранд үнэ төлбөргүй, шууд зуучлагдахын зэрэгцээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагдах боломжтой юм.

Categories
мэдээ цаг-үе

Геополитик ярьсан хөрөнгө оруулагчид

Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдын хоёр ч том чуулга уулзалт боллоо. “Инвест Монголиа”, “Дисковер Монголиа” чуулга уулзалтууд жил бүрийн өдийд өрнөдөг уламжлалынхаа дагуу мөнгөтэй эрхмүүдийг нэг дээвэр дор цуглуулав. Хөрөнгө оруулагчид энэ удаа өмнө ярьдаггүй нэг сэдвийг онцолцгоолоо. Бизнесмэнүүдийн онцолсон шинэ сэдэв нь геополитик.Хятад, Оросын төрийн тэргүүнүүд шил дараалан айлчилсан нь тэднийг ийм сэдэв хөндөхөд хүргэсэн юм. “Дисковер Монголиа”-гийн  урилгаар илтгэл тавьсан “IHS” компанийн Азийг хариуцсан дэд тэргүүн Нейл Ашдаун “Орос, Хятадын төрийн тэргүүнүүд ойрхон зайтай айлчилсан мэдээллийг Монголд хөрөнгөө оруулсан Лондон, Канадад амьдардаг бизнесмэнүүд сонирхон харцгаасан. Оруулсан хөрөнгөнд нь айлчлалаас үүдэж ямар эрсдэл гарах бол гэдгийг ч тунгааж суугаа. Монголын талаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан гэх мэт эерэг мэдээлэл гарч байгаа ч нэг сөрөг мэдээлэл гарангуут мөнгөө хийсэн улсад хүчтэй тусдаг” гэж онцолсон бол “Инвест Монголиа”-гийн эхний өдрийн хуралдаанд илтгэл тавьсан АНУ-аас манай улсад суугаа Элчин бүр ч ноцтой мэдэгдэл хийсэн юм. Элчин сайд Пайпэр Кэмбэлл “Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг, түүн дотор энд байгаа монгол хамтрагчид маань “гуравдагч хөршийн бодлого”-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарах хандлага ажиглагдаж байна. Магадгүй бид геополитикийн тал дээр голчлон анхаараад , заримдаа бүр түүндээ толгой эргээд байгаагаас шалтгаалсан байж болох юм. Миний харж байгаагаар гуравдагч хөршийн бодлогын бүрэн дүүрэн хэрэгжиж амжаагүй чадавх нь эдийн засгийн харилцааны салбарт, худалдааны хэлэлцээрт, бизнесийн бодит хэлцлүүдэд байна”  гээд тодорхой төслүүдийг нэр заан жишээлсэн юм. Си Жиньпин, В.Путины айлчлалаас үүдсэн эдийн засаг дахь нөлөөлөл Монголд хийсэн мөнгөнд нь эрсдэл учруулах вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрсөн нь дээрх хоёр чуулганыг сурвалжлах явцад тод анзаарагдаж байлаа. 

ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОЛГООМЖЛОЛ

“Инвест Монголиа”-г  “Фронтиер” компаниас найм дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь гуравдагч хөршийн оролцоог чухалчилсанд байлаа. Оролцогчид нь мөн л гуравдагч орны мөнгөтэй эрхмүүд. Гуравдагч хөршийн эдийн засгийн оролцооны талаар мэдэгдэл хийж байгаагүй АНУ-ын элчин нээлтийн хуралдаан дээр энэ талаар онцолж, “Гуравдагч хөршийн бодлого тусгаар тогтнолоо болон олон улсын тавцан дээр үүрэг гүйцэтгэх эрхээ тунхаглан бататгах орон зайг өөртөө бий болгоход нь Монголд тусалдаг болохыг энд ирсэн хүн бүр хүлээн зөвшөөрөх байх” гэж мэдэгдсэн юм. АНУ-ын элчинтэй  ижил агуулгатай үг унагасан бизнесмэн ч цөөнгүй байв. Гадны хөрөнгө оруулагчдаас гадна Монголын эдийн засагчдад ч тийм болгоомжлол төрөөд эхэлснийг Ч.Хашчулууны байр сууриас харж болохоор байлаа. Тэрээр “Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт багасч, Рио-гийн хэрэгжүүлж байгаа Оюу толгой төслийн хоёрдугаар үе шат эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчилж урд хөршөөс орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдэх төлөвтэй боллоо. Монголын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хөрөнгө оруулалтыг аль болох баланслах, аль нэг орны эзлэх хувь хэт их байвал аюулгүй байдалд таарамжгүй гэж үздэг” хэмээн ярьсан юм. Оролцогчдын ийм агуулгатай үгсээс “Инвест Монголиа-2014”-ийн гол фокус нь гуравдагч хөршийн оролцоог сануулахад чиглэсэн гэсэн дүгнэлтийг хийчихэж болохоор байна.

Гуравдагч хөршийнхний өөр нэг болгоомжлол нь уул уурхайн салбар дахь төрийн оролцоо байлаа. АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш гэхэд л Газрын тосны шинэчилсэн хуулийн 38 дугаар зүйлд төрийн оролцоо хэт их байна гэсэн шүүмжлэл хэлж байсан юм. Хөрөнгө оруулагчдын техник тоног төхөөрөмжийг төр шаардлагатай үед дайчлан ашиглана гэсэн заалт хувийн өмч нэгдүгээрт тавигддаг капиталист орнуудын бизнесмэнүүд ой тоонд багтахгүй байгааг Дэвид Уайшийн үгнээс анзаарч болохоор байв. Хуралдааны хоёр дахь өдөр “Япон” гэсэн тусгай сэдвийн дор хуралдаан өрнөсөн.ЖАЙКА-гийн төлөөлөл ерээд оноос хойш үзүүлж ирсэн Японы тус дэмийг тоо баримттайгаар илтгэсэн нь  мөн л гуравдагч хөрш болох арлын оронтой эдийн засгийн ашигтай харилцаа эхлүүлэх цаг болсныг сануулсан хэрэг байлаа. Нарны зам, Нарны гүүр, Говь гэсэн бүтээн байгуулалтууд өрнүүлж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд Монголын Засгийн газраас илүү мөнгө зарцуулсан Японы Засгийн газар дэд бүтцийн том төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа “Инвест Монголиа”-гийн индрээс дуулгасан юм. Бас Таван толгой төсөлд оролцох сонирхол хэвээр байгаа нь чуулга уулзалтын үеэр анзаарагдсан. ПОСКО, Самсунг гэх мэт том компаниуд нь Монголд бүтээн байгуулалтын анхаарал татахуйц төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн солонгосчууд гэхэд л бүтээн байгуулалтын том  төслүүдэд хамтрах сонирхолтойгоо мөн нуугаагүй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ЭРГЭЖ ИРЭХИЙГ ХҮССЭН ХОЁР ӨДӨР

Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас жил бүрийн өдийд зохион байгуулдаг “Дисковер Монголиа”-д эдийн засаг өссөн оргил үед мянга гаруй хөрөнгө оруулагчид ирдэг байсан бол энэ жил 300 орчим бизнес эрхлэгч л ирсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар унасан, гадны мөнгөтэй эрхмүүдийн Монголыг гэх итгэл алдарсныг оролцогчдынх нь тооноос харж болохоор байв. Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн “Рио” энэ удаа оролцохоос татгалзсан нь  гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөлсөн гэж таамаглах хүн ч байна. “Рио”-гийн хувьд Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн талаар Засгийн газартай өнөөдрийг хүртэл тохиролцоонд хүрээгүй нь “Дисковер”-т оролцохгүй байх шалтгаан болсон гэчихэд үнэнээс зөрөхгүй. Өмнө нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах, үгүйдээ тулж эргэлзээ үүссэн үед “Рио” энэ чуулга уулзалтад оролцолгүй өнжиж байсан юм.

Хятадын даргын айлчлалын  үеэр хоёр орны Засгийн газар уул уурхайн чиглэлээр онцгой анхаарч ажиллахаар за зүй болсон. Энэ жилийн “Дисковер Монголиа”-д Хятадын цөөнгүй бизнесмэн ирсэн нь энэ таамгийг баталсан явдал боллоо гэж хэлэх хүн ч байлаа. “Дисковер Монголиа”-д Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулснаа ярьсан бол Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс  Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Монголд хөрөнгөө оруулах таатай орчин бүрдсэнийг дуулгасан. Мөн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл Монголд мөнгөө хийсэн зарим хөрөнгө оруулагчдад татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгож эхлэхээр болсноо зарласан юм. Энэ мэт хөрөнгө оруулагчдын чихэнд чимэгтэй мэдээллийг засгийн зүгээс өгсөн ч  Ерөнхий сайд үг хэлнэ, Төрийн өмчийн хорооны дарга уул уурхай дахь төрийн оролцооны талаар илтгэл тавина гэсэн хүлээлт биеллээ олоогүй юм. Гадаадын хөрөнгө оруулалт эгзэгтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн ийм алхмыг албаныхны зүгээс хиймээргүй л байгаа юм гэж ярих оролцогч цөөнгүй байлаа.  “Дисковер Монголиа”-гийн сүүлийн өдрийн хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх “Монголын эдийн засгийг эрчимжүүлэх арга” хэмжээ сэдвээр илтгэл тавих байсан ч мөн л ирээгүй. 

Оролцогч нь эрс цөөрсөн “Дисковер Монголиа”-д оролцсон эрхмүүдээс Монголын эдийн засгийн талаар гэгээтэй үг унагасан хүн ч цөөнгүй байв.“IHS” компанийн Азийг хариуцсан дэд тэргүүн Нейл Ашдаун ”Сүүлийн үед хөрөнгө оруулалтыг татах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлээд эхэлсэн Мьянмар руу мөнгөтэй эрхмүүд шууд зориглож орохгүй байгаа. Зах зээлийг сонгосон ч шилжилтийн үедээ яваа, хагас цэргийн дэглэмтэй гэдэг нь Мьянмарыг эрсдэлтэй гэж үзэх хангалттай үндэслэл. Хөрөнгө оруулагчид Монголыг тэгж хардаггүй. Монгол тэдний сонирхлын төвд хэвээр байгаа. Хөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө хийхээс болгоомжилж байгаа зүйл нь улс төрийн эрсдэл” хэмээн ярьсан бол Оюу толгойн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Камерон МакРей “Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгөө оруулах сонирхлоо илэрхийлж эхэлсэн. Энэ бол сайн зүйл. Монголын Засгийн газраас эерэг хандлага ажиглагдаж байна. Би асуудлыг аль болох эерэгээр харахыг хичээж байгаа” хэмээн онцолсон. Харин Голомт банкны Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал Э.Амарбаясгалан эдийн засаг ирэх жил бага хэмжээгээр өснө, 2016 оноос  арай гэгээлэг зураг харагдана гэсэн прогноз гарсныг хөрөнгө оруулагчдад сонирхуулсан юм. Дэлхийн арваад оронд бүтээн байгуулалтын төсөл санхүүжүүлсэн  “Pacific road capital” хөрөнгө оруулалтын сангийн  ажилтан Жиофф МакНамара Монголд мөнгө хийх боломж хэр байгааг судлахаар ирснээ  “Дисковер”-ийн оролцогчдод дуулгасан нь хөрөнгө оруулагчдын сонирхол үргээгүйн нэг жишээ болсон юм. Хайгуулын төслүүд таг зогссон хямралын үе ч гэлээ “Занаду майнс”, “Эрдэнэ ресурс”компаниуд Монголд явуулж байгаа хайгуулын төслүүдээ танилцуулсан нь хөрөнгө оруулагчдад бага ч гэсэн итгэл төрүүлсэн байх. “Дисковер”-ийн онцолж хэлэх нэг зүйл нь уул уурхайг хийрхлээс гаргах тунхагт яам, иргэний нийгэм, уул уурхайнхан гарын үсэг зурсан явдал байв. Эцэст нь онцлоход “Дисковер Монголиа”-д ирсэн гадны цөөхөн хөрөнгө оруулагчдад Зүүн Өмнөд Азид хамгийн бага эрсдэлтэй нь Монгол улс гэсэн эерэг прогнозыг гадны судалгааны компаниас өгсөн. Арван хоёр дахь жилдээ болж өндөрлөсөн “Дисковер Монголиа”-гийн энэ жилийн уриа нь “Эргэж ирээрэй” байсан юм. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Дэлхийд данстай “Говь”-оор тойрон аялсан нь

Энэ удаа “Танай өнжье” булангаа “Говь” компанийн үйлдвэрээс бэлтгэлээ. Дэл­хийд алдартай “Говь”-ийн бүтээгдэхүүнүүд чухам ямар шат дамжлагуудыг дам­жин байж хэрэглэгчдэд хүр­гэд­гийг сонирхсон юм. Бид¬нийг тус үйлдвэрийн хянал­тын инженер Г.Мөнх¬саруул хүлээн авч үйлд­вэрээ танилцуулахаар бол­лоо. Компанийн зүгээс үйлдвэрийнхээ үйл ажиллагааг нийтэд танилцуулах зорилгоор тойрон аялал зохион бай­гуул¬даг аж. Гадаадын жуул¬чид, дотоодын компани, байгууллагуудын хамт олон, их, дээд сургуулийн оюутнууд, сургуулийн сурагчид, хөдөө орон нутгийн иргэд гээд янз бүрийн хүмүүс олон арваараа, гурав дөрвөөрөө тойрон аяллаар үйлдвэртэй танилцах гэж ирдэг юм байна. 

Үйлдвэрийн бүс рүү орлоо. Уртаас урт хонгилууд. Халаад өмссөн ажилчин залуусын хөл хөдөл­гөөн, тоног төхөө¬рөмж, машинуудын жигдхэн нүргэлсэн дуу угтана. Дээх­нэ үеийн кинон дээр гардаг түм түжигнэж, бум бужигнасан үйлдвэр хэмээх их айлын өнгө төрх нүдний өмнө бэлхнээ тодров. Тойрон аяллын маршрутын дагуу эхлээд ангилан ялгах цехэд очлоо. Энд малчдаас авсан ноолуураа өнгө ширхгээр нь ялгана. Ангилан ялгах ажлыг тусгай машин төхөөрөмж бус бүсгүйчүүд гүйцэтгэнэ. Ангилан ялгагч гэдэг энэ мэргэжил манайдаа ховорт тооцогддог юм гэнэ. Бөөгнөрсөн, хаг, хог хаягдал, хялгас, тоос шороотой ноо­¬луу­рыг хурууны өндөг, нүдний хараагаараа нарийн мэдэрнэ. Ялгасан ноолуурыг лабораторийн шинжилгээнд оруулахад ямар ч зөрүү гардаггүй гэнэ. Үүнээс ангилан ялгагчид ажлаа хэрхэн хийдгийг мэдэж болох нь. Тус цехийн чанар шалгагч С.Бадамцэцэг үйлдвэртээ 19 жил ажиллаж байгаа нэгэн. Тэрээр ноолуурыг хэр­¬хэн ял­гадаг талаар сонирхууллаа. Аймгуудын, бүр сум сумын ноолуурын чанар, өнгө харилцан адилгүй. Хөвсгөлийн ноолуур бараан байхад Хэнтий, Сүхбаатарынх улаан байх жишээний. Тэгтэл Баянхонгорын Шинэжинстийнх цав цагаан байдаг аж. С.Бадамцэцэг ялгагчдын өмнөө тавьсан ноолуур руу зааж “Тээр харав уу, цав цагаан. Тэр чинь Шинэжинстээс ирсэн ноолуур юм шүү дээ. Тэгтэл Хөвсгөлийнх нь бараантаад байгаа биз” гээд зааж сонирхуулна. Энэ цехэд 35 ажилчин хоёр ээлжээр ажилладаг юм байна. Ангилан ялгагчид өмнөө байх ноолуурыг хагтай, хогтой, хялгастай гээд л эргэн тойрондоо тавьсан сагс, сав, тор руу ялгаж хийнэ. Ноолуурыг ялгахад хуруу өндөгний маш өндөр мэдрэмжээс гадна өнгийг нь ялгахад нүдний хараанаас гадна байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг тун чухал гэсэн. 

Энэ цехэд ялгасан ноолуурыг угаах цех рүү шилжүүлнэ. Угаах цех их халуун, чийглэг учир барагтай бол гадны хүнийг оруулдаггүй юм байна. Ингээд гурав дахь дамжлага болох Хялгас ялгах үйлдвэрт ирлээ. Ноолуурыг 0.1, 0.2, 0.3, 0.4 гэж үндсэн өнгөөр нь ялгахаас гадна тэмээний ноос, сарлагийн хөөврийг ч ангилна. Угаах цехээс гарч ирсэн ноолуурыг 28 метрийн урттай машинд оруулна. Уг машин нь энгийн нүдээр харвал сам, шүдтэй олон дамартай юм. Ноолуур машинаар дамжсаар ажилчны гарт хүрэхдээ хөвсийсөн, зөөлхөн, хөнгөн болчихсон байна. Ажилчин машинаас зугуухан урсах адил унах ноолуурыг хоёр гартаа тосч аваад тасдаад гэрэлд харна. Хялгас үлдсэн эсэхийг няхуур шалгана. Монгол ямааны ноолуур үндсэн дөрвөн өнгөтэй, цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор гэсэн. Худалдан авагчид “Говь” ХК-ийн “Mongolian Organic Cashmere” брэндийг мэддэг. Ямар нэгэн аргаар цайруулаагүй, өнгө нэмж будаагүй ноолууран бүтээгдэхүүн тун ховор. “Говь”-ийнхон дээрх үндсэн дөрвөн өнгийг элдэв будагт оруулахгүй, байгалийн өнгийг нь хэвээр хадгалсан нь “Gobi Mongolian organic cashmere”-ийн онцлог гэдгийг худалдан авагчид хэдийнэ мэддэг болсон билээ.

Мөн “Говь”-ийн хамт олны сүүлд гаргасан “Говь Гольф” брэнд нь дулаан, биед эвтэйхэн тансаг материалаар хийгдсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа аж. Дээд зэрэглэлийн спортын тансаг хувцсыг урласан нь цагаа олсон хамгийн зөв сонголт хэмээн хэрэглэгчид дүгнэж байгаа гэсэн. Энэ коллекцийнхоо нээлт болгож “Говь Гольф” цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлцгээсэн билээ. 

Цэвэрхэн болсон ноолуурыг будах цех рүү шилжүүлнэ. Энэ цехийн машин, тоног төхөөрөмжүүд нь Итали, Японых. Ажилчин залуус ноолуураа өнгөнд оруулах гэж томоос том тогооны дэргэд зогсоцгооно. Хэрэглэгчдийн хүссэн ямар ч өнгийг тус цехийнхэн гаргаж өгнө. Одоогоор 1080 өнгө гаргаад байгаа гэнэ. Хэрвээ эдгээр өнгөнөөс хүссэн өнгө байхгүй бол шинээр гаргаж өгдөг юм байна. Ингэхээр дуртай өнгөөрөө хийлгэсэн ноолууран хувцас өмсөх боломж хүн бүрт бий гэсэн үг. Энэ цех хоёр ээлжиндээ нийлээд 20 гаруй ажилчинтай. Ер нь “Говь” компанийн ажилчдын ихэнх нь залуус. Нийт 1400 гаруй ажилчинтайгаас 80 гаруй хувь нь эмэгтэй юм байна. Компанийн удирдлага нь залуу, ажилчид нь ч залуу болохоор ажил нь тэр хэрээр хурдан, шуурхай өрнөнө. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар бол “Говь”-ийнхны хувьд оргил ачааллынх нь үе гэсэн. 

Өнгөтэй болсон ноолуурыг холих цех рүү оруулна. Холих цехийн төхөөрөмжүүд нь бүгд Итали улсын нэртэй брэндийнх аж. Будах цехээс гарч ирсэн ноолуур бүхэл, том болчихсон байна. Тэрийг холих машин сэмэлж, жижиглэж холино. 

Холигдсон ноолуурыг ээрч, утас болгоно. Ээрэх үйлдвэрээр ортол шөнийн ээлжийн ажилчид ажлаасаа бууж байгаа болохоор бүх машин төхөөрөмжөө цэвэрлэж, тосолж байгаатай таарлаа. Уртаас урт ээрэх машины урд ажилчин бүсгүйчүүд зогсч арчиж харагдана. Засварчид засвар үйлчилгээ хийж, машинуудын энд тэнд гарна. Энэ цехээс гарсан утас Сүлжих үйлдвэрийн ажилчдын гарт очно. “Говь” компани сүлжих хоёр үйлдвэртэй бөгөөд нийт 500 гаруй ажилчинтай.  Эхлээд Сүлжих-2 үйлдвэрээр нь орлоо. Энэ үйлдвэрт 253 хүн ажиллаж байна. Оёдолчин, чанар шалгагч, индүүчин гээд олон төрлийн мэргэжилтэй залуус. Үйлдвэр бүрэн автомат сүлжмэлийн машинуудтай бөгөөд Японы SHIMASEIKE, Германы STOLL брэндийн машинууд харагдана. Автомат машинд цаанаас нь ямар бүтээгдэхүүн сүлжихийг тусгай программаар өгчихнө. Тэгэхээр машин программаар өөрөө уншаад бүтээгдэхүүнээ сүлжиж эхэлнэ. Нэг машин дээр очтол хар өнгийн ноолууран цамц сүлжиж байна. Нэг машин цагт нэг цамц сүлждэг гэнэ. Энэ үйлдвэрт нэг цамц сүлжиж дараагийн дамжлагад хүргэх хүртэл 22-29 дамжлага дамжина. Сүлжмэлийн төрөл хязгааргүй бөгөөд хэрэглэгч, захиалагчийн хүссэн сүлжмэлээр бүтээгдэхүүн хийдэг талаар Сүлжмэлийн үйлдвэр хариуцсан дарга Г.Саруулзаяа ярилаа. Энэ үйлдвэрийнхэн жилд 450 мянган сүлжмэл бүтээгдэхүүн гаргадаг юм байна. Оёдолгүй сүлжмэл буюу ямар ч оёдол, залгаас, зүүдэлгүйгээр бүтээгдэхүүн нэхдэг машинууд анхаарал татлаа. Цамцны программаа уншуулахад машин ажиллаж эхэлнэ. Цагийн дараа ямар ч оёдолгүй сүлжээсэн цамц бэлэн. Маш нимгэн, нарийн сүлжээстэй цамц, гоёлын ноолууран даашинзууд байдаг шүү дээ. Тэдгээр бүтээгдэхүүнийг энэ машинаар сүлжих нь тохиромжтой гэсэн. Хамгийн нарийн ноолууран утсаар технологийн дэвшлийг шингээсэн бүтээгдэхүүнийг монголчууд төдийгүй гадныхан хэдийнээ мэддэг болсон. Жилийн аль ч улиралд өвөл зун гэлгүй хэзээ ч өмссөн хөөрүүлэхгүй, дааруулахгүй шинж чанартай. 

Дээхнэ үед хэрэглэгдэж байсан сүлжмэлийн хагас автомат цөөхөн машинууд сүүлийн үеийн шилдэг технологийн машинуудтай “мөр зэрэгцэн” ажиллаж байна. Эдгээр машинууд дээр халаас, зах гэх мэт жижиг хэсгүүдийг сүлждэг аж. 

Сүлжих-1 үйлдвэрээр дайран гарлаа. Өнгөрсөн онд ашиглалтад орсон энэ үйлдвэр 250 ажилчинтай. Сүлжмэлийн машинуудын дээр шар, хөх гэрлүүд анивалзаж, автомат машинууд бүтээгдэхүүн сүлжиж, ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгааг сануулна. Бүрэн автомат машинууд суурилуулсан болохоор ажлын бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар ч сайжраад байгаа аж. 

Ер нь орсон цех, үйлдвэр болгоны тоног төхөөрөмжийг зуун хувь шинэчилж, сүүлийн үеийн шилдэг технологиор бүтээгдэхүүн хийж байгааг ажилчид, мастерууд нь бахархалтайгаар дуулгаж байсан юм. 

Сүлжих үйлдвэрээс гараад Сүлжмэлийн программын албаар орлоо. Албаны программистууд бүгд Японы сүүлийн үеийн мундаг хүчин чадалтай компьютер дээр ажиллана. Эл албыг энэ үйлдвэрийн цохилох зүрх гэж нэрлэх болох аж. Дизайнеруудаас ирсэн загварыг энд л боловсруулж, сүлжмэлийн үйлдвэр рүү илгээнэ. Өмнө нь бэлэн болгосон программ, өгөгдлөө флашаар зөөж Сүлжмэлийн үйлдвэрийн компьютерт уншуулдаг байсан бол одоо программистын компьютерээс сүлжээгээр шууд өгөгдөл явна. Энэ албаныхан Японд тогтмол мэргэжил дээшлүүлдэг юм байна. Программистууд тухайн бүтээгдэхүүний эс ширхэг бүрийг нарийн гаргаж, зурна. Нэг ширхэг сүлжээс, утсан дээр хүртэл маш нарийн ажиллагаа хийж байгаа харагдлаа. 

Тойрон аялал маань үргэлжилсээр Принтийн цехэд хүрлээ. Та ноолууран бүтээгдэхүүн дээрээ юу хэвлэмээр байна вэ, түүнийг тань л хэвлэнэ. Цэцэг, байгаль, абсурд маягийн, уран зураг гээд элдэв төрлийн зурагтай бүтээгдэхүүнүүд байна. Алдарт “Монголын нэг өдөр” зургийг шаалин дээр буулгачихаж. Мөн сүүлийн үеийн шилдэг зураач нарын бүтээл ч харагдана. Хэн нэг зураачийн бүтээл бүтээгдэхүүн дээр хэвлэгдлээ гэхэд ашгийн тодорхой хувийг нь тухайн уран бүтээлчид өгдөг гэрээтэй юм байна. Гадныхан шааль, цамц, ороолт гээд ноолууран бүтээгдэхүүн дээр төрөл бүрийн зураг хэвлүүлэх сонирхолтой байдаг гэнэ. Гадаадын нэг захиалагч цамцны захаа тойруулаад индианчуудын эртний бичээсийг хэвлүүлж байжээ. Зарим захиалагч “Би ийм зурагтай алчууртай болмоор байна. Цор ганц хувийг л би нөмөрмөөр байна” гээд зургаа үзүүлдэг гэнэ. Тэгэхээр тэр зургийг нь сонирхсон бүтээгдэхүүн дээр нь хэвлээд өгчихнө. Захиалагч цор ганц гэсэн учир түүний өнөө зураг дахиад ямар ч бүтээгдэхүүн дээр хэвлэгдэхгүй. 

Ноолууран дээр хэвлэх энэ машин, цехийг “Говь” компани Монголд анх удаа нэвтрүүлж, суурилуулсан гэдгээрээ онцлогтой. 

Принтийн цехэд алив нэг бүтээгдэхүүн дээр юм хэвлэх захиалга орж ирэхэд эхлээд будгийг сайн тогтоож бэхжүүлдэг тусгай бодисд тухайн бүтээгдэхүүнээ оруулна. Ингэсний дараа тусгай гэрлээр шарж хатаана. Хатсаных нь дараа нь зургаа принтлээд дахиж хатаана. Ноолууран дээр юм принтэлдэг машин нь асар хурдтай хэрнээ, ухаалаг. Эхлээд ноолууран бүтээгдэхүүнийхээ талбайн хэсэг тус бүрийн зургийг нэг бүрчлэн аваад дэлгэцэнд гаргахаар оператор дээр нь хэвлэх зургаа байршуулна. Ингээд хэвлэх гол ажил эхэлнэ. Зураач Ч.Сэндэмийн “Говь” хэмээх зургийг шаалин дээр хэвлэж эхэллээ. Говийн тэнгэрийн хаяа, тэгснээ ботгоо дагуулсан ингэ шаалин дээр хэвлэгдээд гараад ирлээ. Ингээд говийн алтарсан шаргал элсэн манхан хэвлэгдсэнээр “Говь” зурагтай шааль бэлэн болчихов. Хэрвээ зураг хэвлэх явцад ноолууран бүтээгдэхүүний гадарга дээр ганц ширхэг хялгас байвал принтийн машин мэдрээд дохио өгнө. Одоогоор Принтийн цех нийт 1300 гаруй зураг, дүрсний сантай болчихоод байгаа аж. 

“Говь” салоны үйл ажиллагааг сонирхлоо. Пальто, пиджак, дээл, нөмрөг, хүрэм, хантааз, хөнжил, майк гээд ноолуураар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ. Тэр бүгдийг энэ салоны уран гартай үйлчин бүсгүйчүүд урлана. Энэ салоны наяад ажилчин сард 1200-1500 гаруй бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй ажилладаг аж. 

“Говь” компани өнгөрсөн онд салоныхоо үйлдвэрлэлийн шат дамжлагыг шугаман системд шилжүүлэн, үйлдвэрлэлээ өргөтгөж хүчин чадлаа нэмэгдүүлжээ. 

Төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг ч улсын баяр наадам, цагаан сараар ачаалал нь эрс нэмэгдэнэ. Учир нь энэ үеэр монголчууд маань дээлээр гангардаг. Ганцаараа ноолууран дээлээр гангарахгүй. Гэр бүлээрээ, хань ижилтэйгээ хос дээл хийлгэнэ. Бүр битүүнд амрах гэж байхад нь хүртэл дээл хийгээд өгөөч гэж гуйдаг гэсэн. Улирал нь эхэлсэн болохоор драпан пальто, нөмрөг ихээр оёж байлаа. Гадаад, дотоодын захиалга их байгаа аж. Мөн гадаадаас ноолууран хөнжлийн захиалга их ирж байгаа гэнэ. Драпаар бүтээгдэхүүн хийхэд хаягдал гардаг бөгөөд тэр хаягдлыг дахин боловсруулж хөнжил хийж байгаа аж. Драпны хаягдлыг дахин боловсруулж, хөвөн зөөлхөн болгоод хөнжил хийхэд түүн шиг дулаахан эд үгүй гэнэ. Ноолуурыг тансаг хэрэглээ хэмээн хүлээж авдаг ч нөгөө талаар хүний биед эрүүл мэндийн талаасаа ямар их ашиг тустайг төдийлөн мэддэггүй гэнэ. Хүний биеийн дулааныг барьж, хөлс гадагшлуулж амьсгалдаг учир өвөл, зуны алинд ч тохиромжтой. Нимгэн ноолууран хөнжлөөр хучихад хөнгөн, зөөлнөөс гадна ерөөсөө жиндүүлдэггүйгээр гайхамшигтай. 

Та “Говь”-ийн сонгодог загварын аль нэг пальтог сонирхлоо гэж бодъё. Очоод биеийн хэмжээсээ өгөхөд эндхийн дизайнер, оёдолчид 48 цагийн дотор таны хүслийг биелүүлнэ. Манайхан гэлтгүй гадныхан эдний сонгодог загваруудаас өөрт тохируулан захиалдаг гэсэн шүү. 

Хоёрхон өдрийн дотор амждаг гэж үү хэмээн зарим захиалагчид гайхдаг гэсэн. “Говь” салоныхон үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмснээр “Захиалгын хувцас дор хаяж арав хоногийн дараа бэлэн болдог” гэх ойлголтыг халж, хоёрхон өдрийн дотор захиалсан бүтээгдэхүүнийг бэлэн болгодог болсон нь маш том дэвшил юм. 

Нэхэхийн гүйцэтгэн боловсруулах цехээр орлоо. Энэ цехийн үйл ажиллагаатай танилцсанаар тойрон аялал өндөрлөнө. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг худалдан авагчдын гарт хүрэхэд шаардлагатай эцсийн боловсруулалтыг хийнэ гэсэн үг. Жишээ нь, хүзүүний ороолтыг  эрчлээд, агшаагаад, угаагаад, хатаагаад, үслээд, хагийг нь түүгээд, индүүдээд, хэсэгчлээд, жигнээд гээд олон үе дамжлагаар явуулаад эцэст нь савлана. Энэ цехийн үйл ажиллагааг ерөнхийд нь хэлбэл ийм аж. 

Дэлхийд эхний тавд ордог “Говь” компанийн үйлдвэрт хийсэн тойрон аялал маань өндөрлөлөө. Яагаад эхний тавд ордог вэ гэхээр хүчин чадал, тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн технологийнх, ноолуур нь дээд зэрэглэлийнх гэдгээсээ гадна хамгийн гол нь ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ малчны хотноос очиж түүхий эдээ авчраад эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бүх үйл явцыг нэг дор, бүрэн цогцоор нь хийдэгт байгаа юм. 

Засгийн газраас “цагаан алт”-ыг зуун хувь эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлогын хүрээнд “Говь” компани техник технологио шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлж бүтээгдэхүүний тоог өсгөх, гадаад зах зээлээ тэлэх, оёмол бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг өсгөх, үнийн уян хатан бодлогыг баримтлан ажиллаж байгаа нь уулзсан ажилчин бүрийн яриа, үйлдвэрлэлийн бүхий л үе шат дамжлагаас мэдрэгдэж байлаа. 

Манайхан ноолуурыг хэтэрхий тансаг, нийгмийн хэсэг бүлэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн мэтээр ойлгох нь бий. “Говь”-ийн үйлдвэрийн бүх шат дамжлагыг сонирхож, тойрон аялж, ажилтай нь танилцан нэг өдөр өнжихдөө нэг ширхэг ноолууран бүтээгдэхүүн гаргахад ямар их хөрөнгө хүч, цахилгаан эрчим хүч, хөдөлмөр ордгийг ойлгосон юм. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрээс савлагдаад дэлгүүрийн лангуун дээр очихдоо өөртөө асар их үнэ цэнэ, хүндэтгэл агуулдгийг мэдэрч байлаа. Тэгтэл дэлхийд чанараараа гайхагддаг Монголын ноолууран бүтээгдэхүүн бусад орны ижил төстэй, чанар нь адил бүтээгдэхүүнээс даруй хэд дахин хямд гэдгийг сонсоод гайхах, үл итгэх зэрэгцэв. “Говь” үйлдвэрийн Монголын брэндийн цамц дунджаар 140 ам.долларын үнэтэй байгаа бол “Loro Piana” дэлхийн брэндийн цамц дунджаар 1000 ам.долларын үнэтэй. Ингэхээр бид дэлхийд гайхагдаж буй Монгол брэндийн цамцаа бусад орны иргэдээс хэд дахин хямдаар худалдан авч байгаагаа хүлээн зөвшөөрөх болох нь. 

Ийнхүү Монголын томоохон үйлдвэрлэгч, дэлхийд Монгол ноолууран бүтээгдэхүүнээр улсынхаа нэр төрийг өргөж яваа “Говь” ХК-ийн үйлдвэрт өнжсөн тэмдэглэлээ өндөрлүүлж байна. Монгол хүн бүр үндэсний энэ том үйлдвэртэйгээ танилцаж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн мал аж ахуйн гаралтай түүхий эд хэрхэн дэлхийн түвшний тансаг бүтээгдэхүүн болон гарч байгаатай танилцах боломжтой гэдгийг дуулгая.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Амыг нь биш хөлийг нь скочдсон

Өчигдөр өглөө нүүр номоо нээхэд энэ сарын 6-ны өдөр гэрийнхээ үүднээс арван настай охин гурван настай дүүгийнхээ хамт алга болоод сураггүй байгаа тул мэдээллийг цааш тарааж өгөхийг хүссэн мэдээлэл тавигджээ. Цаашлаад жиргээ рүү ороход бас л бага насны хүү алга болсон тул зургийг нь сайн харж нүдэлж аваад цаашаа дамжуулахыг хүсчээ. Энхрий бяцхан жаалууд яагаад ар араасаа алга болоод байна вэ. Үр хүүхэд нь алга болсон эцэг, эхийн сэтгэл ямар байх билээ, гэрээсээ гарч учраа мэдэхгүй яваа тэр үрс хаана яаж яваа бол. Эмзэглэл төрөөд суухын аргагүй. Бид хүүхдүүддээ арай хайхрамжгүй, хайр үгүй хандаад байгаа юм биш биз. Саяхнаас дэгдээд байгаа нэг хэрэг биднийг асуудалд яаж ханддагийг дэндүү баталчихаж байгаа билээ. Цэцэрлэгт хүүхдээ өгсөн гэр бүлийн хоёр цэцэрлэгийн багш хүүхдийнх нь ам, гар, хөлийг нь скочдсоныг хараад холбогдох байгууллагад нь гомдол гаргаж. Харин цэцэрлэгийн эрхлэгч амыг нь скочдоогүй байсан зөвхөн хөлийг нь скочдсон байхад нэр төрд халдсан гээд хариу гомдол гаргачихжээ. Яамаар ч юм дээ. Тайлбар олдохгүй нь. Гүйж харайх насны тэр нөхдийг сандал дээрээс хөдөлгөхгүйн тулд хөлийг нь тушиж скочдох зөв юм гэж үү. Энэ бол бидний хүүхдүүддээ яаж ханддагийн тод илрэл. Мэргэжлийн байгууллага нь хүүхдүүддээ ингэж хандахаар гудамжинд яваа хүмүүсийг уйлсан хүүхдийн учрыг нь олдоггүй гэж буруутгахад ч хэцүү юм даа. 

Э.ЭНЭРЭЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алтанхуяг: Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг намрын чуулганаар шийдвэрлүүлнэ

Монгол ахан дүүсээ,
Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу.

Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүтгэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.

Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх  хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурван ч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ.

Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км зам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ, бид дараагийн 2 жилд бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ Богд уулын шинэ замыг ашиглалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш. Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо, Улаанбаатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.

Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломж бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох Монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь үүнээс дутахгүй чухал ажил. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг шийдэж чадсан.

Жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сард төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

Чингис бондын санхүүжилтээр Байшин үйлдвэрлэх, угсрах үйлдвэрүүдийг сэргээснээр барилгын гол материал болох арматур, цементийн үйлдвэрлэл гадны  хараат байдлаас гарах эхлэл тавигдлаа. Хөтөлд 1 сая тн хүчин чадал бүхий Цементийн шинэ үйлдвэрийн хүрд эргэж, эх орны хэрэгцээний гуравны нэгийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээснээр дотоодынхоо цементийн хэрэгцээг бид бvрэн хангана.

Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Толгойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр куб метан хий  байгаа нь судалгаагаар батлагдлаа. Уг хийгээр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ.

Бид Монголбанктай хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнж тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхээ халаасанд 650 тэрбум төгрөг үлдээж чадсан. Валютын ханшийн савалгаанаас болж 2000 төгрөгөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жилд мартжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр хорооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70-аад тэрбум төгрөгөөр  хэмнэгдсэн.

Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор зах, дэлгүүрүүдийн лангуу дүүрч, энэ жил эх орны улаан буудай, төмс, гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар байна.

Орон нутагт иргэд төсвөө өөрсдөө мэдэн үр дүнтэй зарцуулах боломж өгч, энэ жил 280 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа нь Монгол Улсын 1997 оны төсвийн нийт зарлагатай тэнцэж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил, “Шинэ сум” төслүүд ч үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэд оношлуулах, эмчлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж цаг, мөнгөө үрдэг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна.

Өнгөрсөн хугацаанд өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтад оруулж, 10.000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хувийн хэвшилд 1000 гаруй тусгай зөвшөөрлийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар олгосон байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100 хоногийн хугацаанд нэг мөр шийдчих юм шиг мушгин гуйвуулж улстөржүүлэх боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгохыг зорьсон юм.

Энэ дашрамд Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж, бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хэвшил, бизнесийнхэндээ бас баярласнаа илэрхийлье.

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа.

Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа.

Бизнесийн орчинг ээлтэй болгох зорилгоор том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдээ гааль,НӨАТ-н татваруудаас чөлөөллөө.

Бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих зорилгоор Орлогын татвар, НӨАТ-уудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа.

Далд эдийн засгийг ил болгох, баялаг бүтээгчдийг  элдэв төрлийн дарамтаас салгах Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин ч энэ эрчээрээ улам цаашаа ажиллах болно.

Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэсэн хоёр жилийнхээ дэлгэрэнгүй тайланг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнгийн хамт Монгол Улсын Их хурал, Монголын ард түмэн,айл өрх бүрт тайлагнах ажлаа Засгийн газар ойрын үед зохион байгуулна.

Монгол ахан дүүсээ,

Бидний ажил үйлс, амжилт бүтээл дандаа дардан шулуун байгаагүй ээ. Өнөөдрийн эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал ч нэг өдрийн дотор бий болоогүй. Нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрхэн хугацаанд муу занд сургаж амжсан.

Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн юм.

Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюу толгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ…

Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна.

Гэхдээ бид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан халамжийн уршигт үр дагавар, “үйлдвэрлэдэггүйн гай”-гаас эхтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүлж дэвэргэх, тэвдэж сандрах биш бодит тооцоо судалгаанд  үндэслэн сэтгэл гарган зүтгэж, толгой гудайлгүйгээр даван туулж байна.

Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ.

Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл, монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг vйлчлэх ёстой.

Гадна дотны олон хөрөнгө оруулагч манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар 4 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм.

Саяхан Засгийн газраас Таван толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Ойрын хоёр жил хагасын дотор 30 сая тн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр замыг гүйцээн барьж байгуулах, урьдчилгаа төлбөр төлөх, удирдлага менежментээ хариуцах нөхцөлтэйгөөр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар Таван толгойн асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.

Зөвхөн сөрөхийн тулд сөрөх бус улс үндэстний эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байж, том төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна.

Улс төрийнхөө тэмцлийн үр дүнг Засгийн газрыг нурааснаар бус, хэн нэгэн сайдыг огцруулснаар бус, харин улс орноо хэрхэн яаж хөгжүүлснээрээ, аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсэхээрээ үнэлүүлдэг болох ёстой.

Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна.  

Олон нийтийн, олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонхи үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй биз ээ.

Гэхдээ энэ нь хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс бултах арга зам болох ёсгүй бөгөөд Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр Та бүхэнд хандан дараахь зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол ахан дүүс ээ,

Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно.

Шинэчлэлийн төлөө сэтгэл гарган хийж бүтээсэн, ухарч шантралгүй урагшилж тэмүүлсэн хоёр жилийн хугацаанд өгсөн итгэлээрээ улам дэмжиж, үг үйлдлээрээ өмөөрөн зогссон Монголын бүх иргэддээ талархлаа илэрхийлье.

Олон жилийн урхагийг эдгээж, уршгийг засаж явахад шинэчилэл өөрчлөлтийн ард бат хэрэм, хийж бүтээхэд торгуулийн суман болж зогссоор байгаа Ардчилсан намынхандаа талархлаа илэрхийлье.

Эх орныхоо төлөө эеийг эрхэмлэж, эвлэж хамтран хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Шударга ёс эвсэл, Иргэний зориг ногоон нам, бие даагч гишүүддээ талархлаа илэрхийлье. Гадаад бодлого, үндэснийхээ эрх ашигийн төлөө хамтдаа зогссон сөрөг хүчиндээ бас талархлаа илэрхийлье.  

Шинэчлэлийн Засгийн газрын чадамж, хүч бололцоо шавхагдах болоогvй байна. Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай.

Төмөр замын асуудлаа эцэслэж, Таван толгой, Оюу толгойгоо хөдөлгөх ёстой.

Өрийн удирдлагын хуулиа баталж,эдийн засгийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох ёстой.

Хөрөнгийн биржээ амь оруулж, хувьчлал, төрийн өмчөө эзэнжүүлэх ажлыг шуурхайлах ёстой.

Хөрөнгө оруулалтын баталгааны сан болон Компанийн бизнесийн моргейжийг шинээр бий болгож, гэр бүл, найз нөхдийн зарчим дээр суурилсан компанийн одоогийн засаглалыг олон нийтэд нээлтэй болгох сонгодог зарчимд оруулах ажлыг бид хийх ёстой.

Хүүхэд багачуудаа халамжилж, хөгшид буурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж, хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг ч нэмэгдүүлэх ажлаа шинэ төсвийн жилээс бид хийх ёстой.

Хоёр долоо хоногийн дотор сvvлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөрш гүрний удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурцгаалаа. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татлаа. Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, эв эеэ дээдэлсэн хамтын хүчин чармайлтыг л шаардаж байна. Талын зам төслийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна.

Мал сүрэг маань өсч өдгөө 60 саяд хүрлээ. Энэ тоон дотор монгол адуу 3 саяд хүрч тоологдлоо. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор энэ жилийн эцэс, ирэх оны эхээр Монголчууд маань түүхэнд анх удаагаа 3 сая дахь иргэнээ өлгийдөж авна. Монголчууд бидэнд эх орон гэдэг нэг эрх ашиг, хөгжин хүчирхэгжих гэдэг нэг л зорилго бий. Төр түвшин, түмэн олон минь амгалан байг.

Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эмнэлгийг 10 сая төгрөгөөр торгожээ

ШӨХТГ-ын
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 10 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Тус
эмнэлэгт  жилд дунджаар 160-180 хүн бөөрний архаг дутагдалтай гэх
оноштойгоор хэвтэн эмчлүүлдэг байна. Бөөрний архаг дутагдалтай өвчтнүүд долоо
хоногт 2-3 удаа бөөр шүүх аппаратад орох ёстой байдаг аж. Гэтэл нэгдүгээр төв
эмнэлэг эмчлүүлэгчдийн 10 хүн тутмын хоёроос нь төлбөр авч, өвчтөн бүрээс 280
мянган төгрөг авч байсныг өнгөрсөн долоо хоногт хийсэн шалгалтаар илрүүлжээ.
Улсын эмнэлэг өөрсдийн дураар төлбөрийн систем тогтоосон нь хууль зөрчсөн
асуудал хэмээн үзсэн байна.

Мөн
аппаратад орж байгаа өвчтөнүүд уух ёстой эм бэлдмэлийг зөвхөн тогтсон нэг эмийн
сангаас авахыг шаардаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж
байгаа учраас дээрх хоёр зөрчлийг нэн даруй арилгах үүрэг бүхий албан бичгийг
эмнэлгийн удирдлагуудад хүргүүлж, 10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван улсын тэргүүн Душанбед уулзана

Энэ сарын 11-12-нд Тажик улсын нийслэл Душанбе
хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний
уулзалтын үеэр Монгол, ОХУ, Хятад улсын төрийн тэргүүн нар уулзах нь тодорхой
болжээ. Энэ оны тавдугаар сард Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг
бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтын үеэр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын
дарга Си Жиньпин нарт гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохиох саналыг
тавьсан билээ. БНХАУ-ын ГХЯ-ны өнгөрсөн долоо хоногийн ээлжит мэдээллийн үеэр
тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Уулзалт ойрын үед болно” хэмээн мэдээлснийг
Синьхуа агентлаг мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гурван
талын уулзалт нь энэхүү уулзалтыг Улаанбаатар хотноо зохиох санал бөгөөд энэ
уулзалтыг хэрхэн яаж хийх талаар Душанбе хотноо ярих болно хэмээн албаны эх
сурвалж мэдээллээ.

 

Categories
мэдээ эдийн-засаг

“Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсангүй гэв

Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний
хүрээнд Засгийн газар УИХ-аар 34 дүгээр тогтоолыг батлуулж, нийт 70 чиглэлийн
ажил гүйцэтгэхээр даалгавар авсан ч 36 ажлыг огт хийгээгүй, үлдсэн 34 ажлын
зарим нь хагас дутуу биелэлттэйгээр “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 100
хоногийн хугацааг дуусгалаа гэж УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэснээ өнөөдөр
сэтгүүлчдэд мэдээллээ.

Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний
тухай УИХ-ын 34 дүгээр тогтоолыг УИХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 8-нд баталсан
юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар “Эзэн 100” хөтөлбөрийг санаачлан 100
хоногийн хугацаанд эдийн засгийг идэвхижүүлэхээр болсон. Харин 100 хоногийн
хугацаа дуусч, ажил дүгнэх үед эдийн засгийн үзүүлэлт сайжраагүй унасан гэж тус
бүлэг үзжээ. Тухайлбал, “Эзэн-100” хөтөлбөр эхлэн хэрэгжих үед “Атар” талхны
үнэ 850 төгрөг байсан бол 1150 төгрөг болж үнэ 35.3 хувиар, “Алтан тариа”-н
нэгдүгээр зэргийн гурилын үнэ 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч үнэ 47.5 хувиар,
цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20.5 хувиар, элсэн чихэр 1840
төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60.3 хувиар тус тус өссөн гэнэ.

Мөн бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Төсвийн
хөрөнгө оруулалтаар энэ жил 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37
хувийг нь хийж, 792.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй.
Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 49.5 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байгаа
нь авсан зээлийнхээ хүүний үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахаа байсны
нотолгоо гэж үзэж байгаагаа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хэллээ.

Банк санхүүгийн салбарт мөн эрсдэл үүссэн байна.
Тухайлбал, энэ оны долдугаар сарын эцэст банкны системийн чанаргүй зээлийн
хэмжээ 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550.1 тэрбум төгрөг
болж өссөн. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ 96.7
хувь буюу 294 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 6.4 дахин их буюу 465
тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм байна.

Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ
1.15 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг давсан
байгаа нь банкны систем дэх эрсдлийг нэмэгдүүлж байна гэлээ.

Түүнчлэн “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс
хойшхи хугацаанд 2706 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон бол ажилгүй
иргэдийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 14.1
хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооны тайланд туссан байгааг
МАН-ын дарга онцоллоо. Мөн тэрээр нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ийн
хүндэрсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ
хариуцлагатай байж, Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг тавих ёстой
гэлээ.  Энэ талаар өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт албан ёсоор
хандана.

Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх болсноо зарласны дараахан олонхийн бүлгийн дарга хэвлэлийнхэнд
мэдээлэл хийх үеэрээ “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө
Засгийн газартаа хариуцлага тооцох болно” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс
Ардчилсан нам энэхүү байр сууринаасаа ухрахгүйгээр хариуцлагын асуудлыг
дотооддоо тавих ёстой. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ дахь МАН-ын
бүлэг асуудлыг тавих юм байна.

Энэхүү хэвлэлийн бага хуралд МАН-ын дарга, УИХ-ын
дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга
Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцлоо.

 

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр хагас шигшээд шалгарлаа

Бөхийн
чөлөөт барилдааны 2014 оны ДАШТ үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-д
барилдаж буй манай тамирчин Э.Бэхбаяр Болгарын бөх Ферайм Мехмедийг 4:0
харьцаагаар ялж, хагас шигшээд шалгарлаа. 

Манай
бөх эхний барилдаанд АНУ-ын Энтони Рамосыг 7:4-ийн харьцаагаар (I үед 2:0, II
үед 5:4), дараагийн тойрогт Энэтхэгийн Рахул Аваретыг 9:8 харьцаагаар (I
үед 8:4, II үед 1:4 ) ялж, шигшээ наймд шалгарсан юм.

Одоо
Э.Бэхбаяр мөнгөн медалийн төлөө Лондонгийн олимпийн мөнгө, Европын алт, мөнгө,
хүрэл медальт, Гүржийн бөх Владимир Кинчэгашвилитэй барилдана.

Харин
125 кг-ын жингийн шөвгийн наймд шалгараад байсан ОУХМ Ж.Чулуунбат Беларусийн
бөх, Дэлхийн аварга Алексей Шемаровт 0:6 харьцаагаар ялагдлаа. Манай бөх эхний
тойрогтоо Венесуэлийн бөх Льюс Вивенес, хоёрдугаар тойрогт Македоны бөх Данов
Бобан нарыг цэвэр ялж, шөвгийн наймд шалгараад байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах санал тавилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц
бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сумнат Гошийг хүлээн авч уулзлаа.
 Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, цаашид хамтран ажиллах,
авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Монгол Улсад Энэтхэг Улсаас
200 орчим иргэн оршин суудаг бөгөөд тэдгээр иргэдэд нийслэлийн зүгээс
шаардлагатай үед туслалцаа, дэжмлэг үзүүлж байхыг ноён Сумнат Гош хүслээ. Мөн
ойрын хугацаанд Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах хоёр орны гэрээг
эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Харин нийслэлийн Засаг дарга Энэтхэг
сургууль байгуулах асуудлыг дэмжиж, хууль эрх зүйн хүрээнд бүх асуудлыг
шийдэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.