Буддын шашны тэргүүн XIV Далай лам Германы “Welt am Sonntag”
сонины сурвалжлагчийг Дарамсала дахь өргөөндөө хүлээн авч уулзаж ярилцлага
өгснийг товчлон сонирхуулъя.
-Дээрхийн
гэгээнтэн, түвдүүдийн хувьд бол та бурхан. Баруунд ч таныг амьд бурхан гэдэг. Танд ер нь сул тал гэж бий
юу?
-Би залхуу. Уг нь бол өглөө 3.30 цагт босч залбирч, бясалгалаа
хийж өглөөний цайгаа уудаг. Дараа нь дахиад бясалгал хийж энэ бүхэнд таваас
зургаан цаг зарцуулдаг. Гадна байдлаас харахад бол би залхуу биш. Гэтэл
онгоцонд яваа хүмүүсийг харахад юм
уншиж, бичиж, илтгэлээ бэлтгэх зэрэг үргэлж ямар нэгэн зүйл хийдэг. Харин би
бол иймэрхүү зүйл хийдэггүй. Энэ бол миний залхуугийн нэг илрэл.
-Үүндээ
бухимддаг уу?
-Үгүй. Ямар нэгэн юмыг албадлагаар хийх нь хиймэл юм шиг санагддаг. Төлөвлөхгүйгээр
гэнэт хийх нь илүү. Бүх юмыг чин сэтгэлээсээ хийдэг.
-Тантай
энэ ярилцлагыг хийх гэж намайг ямар их бэлдсэнийг та мэдэх үү?
-Та герман хүн шүү дээ. Бүх юм яг таг байх ёстой. Түүнээс гадна
тавих асуулт сонин байх ёстой. Хэрвээ би
асуулт тавих ёстой байсан бол бас л чамгүй бэлдэх байсан. Гэхдээ би зөвхөн
хариулах ёстой. Хариуг нь мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ л хэлнэ.
-За
ойлголоо. Тэгвэл богино хугацаанд яаж дэлхийг эдийн засгийн хямралаас гаргах
вэ?
-Үүний хариултыг би
мэдэхгүй. Улстөрчид л үүнийг шийдэх ёстой. Би мэргэжилтэн биш. Энэ нь
терроризм, хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх вэ гэдэгтэй ижил. Удахгүй улс орны
Засгийн газрын тэргүүнүүд уулзаж олон түмнийг хэрхэн аюулаас гаргах талаар ярих
ёстой. Энэ бол зөв. Гэхдээ давчуу хугацаанд уулзахдаа асуудлын мөн чанарыг
хэлэлцэхээ мартахгүй байх ёстой.
-Таныхаар
бол хямралын үндэс суурь нь юу вэ?
-Шунал, шударга бус явдал. Хүмүүс, бизнес эрхлэгчид нэг
зорилготой. Юу гэвэл мөнгө, илүү их
мөнгө олох. Бусадтай үр ашгаа хуваалцах гэсэн шунал бол зөв. Зөвхөн өөртөө авах
гэсэн шунал өвчин болдог. Зөвхөн өөрөө илүү мөнгөтэй болох гэсэн сэтгэл эцэс сүүлдээ компанийг, тэр хүнийг үгүй
хийнэ.Энэ бол менежерүүдийн хамгийн том
сул тал. Үүнээс болж эдийн засаг хямралд автсан.
-Бусадтай
баялгаа хуваалцаж, ашиг орлого олох бол зүгээр юм байна шүү дээ.
-Зөв замаар, бусдад болон байгаль дэлхийд хохирол
учруулалгүйгээр олсон баялаг бол буруу юм биш. Аз жаргалтай амьдралын нэг хэсэг
бол тухлаг орчинд амьдрах явдал хэмээн буддын шашинтнууд бид үздэг. Гэхдээ
тэрбумтан ч гэсэн аравхан хуруутай, ихээр бодоход нэг хуруундаа гурваас дөрвөн
бөгж зүүнэ шүү дээ. Саятнуудын толгойд олсон ашгаа хураах гэсэн ганцхан бодол
байдаг. Энэ бол бодит зүйл биш зөвхөн тэдний хийсвэр сэтгэлгээ. Үүний оронд
ядуурлыг хэрхэн багасгах талаар бодож байх ёстой.
-Барууны
компаниуд ард иргэд нь орлого багатай
орнуудад хөрөнгө оруулалт хийж байгаа талаар таны бодлыг сонсох гэсэн юм. Энэ
нь тус улсыг мөлжиж байгаа хэрэг үү эсвэл тус болж байна уу?
-Хөрөнгө оруулагч ямар санаа агуулснаас шалтгаална. Гэхдээ
Хятад, Энэтхэгийн компаниудад хөрөнгө оруулалт хийж буй барууныхан хятад,
энэтхэгчүүдийн амьдрал дээшлээсэй гэж бодож байгаа гэдэгт би итгэхгүй байна.
Тэд хямд хөдөлмөрийн хүчийг ашиглаж байгаа. Хэрвээ барууны хөрөнгө оруулагч ёс
суртахууны үүднээс тус улсын хүмүүсийн амьжиргааг сайжруулах зорилготой бол өөр
хэрэг. Барууны хөрөнгө оруулагчид нь Хятадад ардчиллыг хөгжүүлж, хүний эрх,
хэвлэл мэдээллийг эрх чөлөөтэй болгоход хувь нэмрээ оруулах боломжтой.
-Аливаа
компанийн удирдах зөвлөлийн гишүүн халааг нь авах сайн хүнтэй болохыг хүсдэг.
Харин таны дараагийн дүрийн тухай асуудал бол үүнээс илүү чухал. Энэ тухай
бодол таны олон шөнийн нойрыг хулжаасан уу?
-Үгүй. Энэ бол тийм хэцүү асуудал биш л дээ. Би жирийн нэгэн лам
тул хорвоогоос халихад хойд дүр хэрэггүй. Харин төрийн тэргүүний албыг хашиж
байсан Далай ламын хувьд бол би найман жилийн өмнө ажлаа өгсөн. Нэг үгээр
хэлэхэд ямар ч асуудал байхгүй. Би 1969 онд хэлж байсан. XV Далай ламыг
тодруулах эсэхийг түвдүүд өөрсдөө л шийдэх ёстой. Би бол ердөө санал дэвшүүлсэн
бөгөөд үүнээс илүүг хийж чадахгүй.
-Энэ
зуунд хурдтай хөгжиж буй Хятад дэлхийд
давамгайлна гэдэг үнэн үү?
-Хятад маш их эрчтэй болсон. Үүний нэг тод жишээ бол чөлөөт зах
зээлийн зарчмыг нэвтрүүлэхэд эдийн засаг хэрхэн хөгжсөн явдал. Гэхдээ Хятадын
нийгэм дэх үнэт зүйлс дутагдаж байгаа.
Коммунизмын үнэт зүйлс аль хэдийнэ замхарсан. Түүний оронд мөнгө хамгийн
үнэт зүйлс болчихлоо. Хятадын дээдчүүд нь зөвхөн мөнгө, эрх мэдлийн тухай бодож
байна. Ийм байдал бүхнийг үгүй болгох
аюултай.
-Шашин,
төр, эдийн засаг гурав нягт холбоотой. Та эсвэл Ромын пап дэлхийн энэ байдлыг
өөрчилж чадна гэдэгт итгэдэг үү?
-Би дэлхийн улс орнуудаар шашны тэргүүний хувьд аялдаггүй. Би
жирийн нэг хүн, ердийн лам. Намайг Далай
ламын хувьд хүлээж авдаг тул мэдээжийн хэрэг илүү боломжтой. Би 50 жил хилийн
чанадад амьдарч, чамгүй туршлага хуримтлуулсан тул бусадтай хуваалцах зүйл ч
багагүй бий. Бидний энд яриад байгаа ёс зүйн зарчим нь надад эрч хүч өгч
байдаг. Эрч хүч нь надад дотоод сэтгэлийн тайвшрлыг бий болгодог. Ингэснээр би
олон хүнд хүрнэ гэж боддог.
-Та
гадаадад дээд зэрэглэлийн зочид буудалд буусан байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Чин үнэнээ хэлэхэд зочид буудлын өргөн орон дээр хэвтэхэд тийм
ч сайхан санагддаггүй. Өрөөнд ямар нэгэн сүнс байж магадгүй гэж боддог. Тиймээс
энгийн зочид буудалд буулгахыг хүсдэг. Орчин үеийн, цэвэрхэн, тухтай газарт
дуртай л даа. Ихэнхдээ иймэрхүү юманд би нөлөөлж чаддаггүй.
-Тансаг
газар байхад эвгүй санагддаг уу?
-Яагаад ингэх ёстой юм бэ гэж боддог. Надад сайхан байгаа бол
бусдад ч илүү сайн сайхан зүйл хийнэ.
Мэдээж тансаг газар буусан байхад ядуу хүмүүсийг хараад сэтгэл өвддөг.
Нэг удаа Вена хотод унтахынхаа өмнө цонхоор хартал нэг хүн
гудамжинд унтаж байхыг харсан. Өглөө босоод хартал нөгөө хүн тэндээ унтаж л
байсан. Би түүнд талх, жимс өгч явуулсан. Түүнийг зовлонгоос хэсэг хугацаанд ч
гэсэн нимгэлэх гэж.
-Та хамгийн сүүлд хэзээ шударга бус загнасан бэ?
-Заримдаа тэвчээр алдархаар. Гэхдээ дараа нь би уучлал гуйдаг.
Үе үе ийм юм тохиодог.