Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.
–Хоёр хөршийн тэргүүн айлчилсан. Айлчлалуудыг, Монгол улсын гадаад бодлогыг дүгнэж эхэллээ. Таны бодлоор энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Монгол Улсын хувьд олон тулгуурт гадаад бодлоготойг бүгд мэднэ. Хуучин ганц тулгууртай байсан гэж үзээд арай олон байх ёстой гэдэг утгаар тэгж нэрлэсэн юм. Үүний үндсэн дээр тав, зургаан орныг тоолдог. Мэдээж гол тулгуур нь хоёр хөршийн бодлого, дараачийн гол тулгуур гуравдагч хөршийн бодлого тэгээд Азийн бодлого, НҮБ, олон улсын бодлого байна. Ингээд хөгжиж буй орны хувьд бүгд ач холбогдолтой гэж үзнэ. Гэхдээ тэргүүлэх ач холбогдолтой гэж хоёр хөршөө авч үзэх учиртай. Харилцааны амин чухал асуудлууд энд л байгаа. Ингэж бодоход хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал нэг дор гэж болохоор ойрхон тохиолоо. Өмнө нь хоёр хөршийн дарга нар ирж л байсан, манайхан очиж л байсан. Саяын айлчлалууд, баримт бичиг байгуулсныг нь харахад хоёр хөрштэйгээ тус бүрт нь харилцааны идэвхжил, шинэ эрч хүч орлоо гэж дүгнэцгээж байна. Би ч санал нэг байгаа.
–В.Путины айлчлалын хувьд ямар ач холбогдолтой болов?
-Орос-Монголын хооронд олон асуудал бөглөрч, урагшилж өгөхгүй байсан. Цаг хугацаа өнгөрөөд байдаг манайд чухал ач холбогдолтой асуудлууд байрандаа байсаар байлаа. Саяын айлчлалын үр дүнд харилцааны тэр бөглөөг аваад хаячихлаа гэж болно. Улс төрийн хувьд чухал ач холбогдолтой гэж ярьдаг. Тэр үнэн. Амьд өнцгөөс нь авч үзвэл “Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцож сайхан найрлая” гэлгүйгээр ажил хэргийн том зорилтыг шингээсэн байлаа.
–Олон асуудлын талаар ярилцсан. Алийг нь онцолж, тодотгохоор байна?
-Хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар байгуулсан баримт бичгийг нь үзсэнгүй. Гарчиглаад яривал төмөр зам гэх мэтээр байнга яригддаг байсан асуудлууд хөдлөхөөр болж байх шиг байна. Хоёр орны худалдааны тэнцвэрийг арилгах, ойртуулах арга зам хайя гэж хоёр Ерөнхийлөгч ярилцжээ. Гол зүйл нь манай улсаас гаргадаг бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үүний гол саад нь Оросын талын гаалийн хяналт, татвар байсан. Манай талаас үүнийг чухалчилж үзээд их том санал тавьсан байна билээ. “Ирэх 20 жилийн хугацаанд манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд танайх элдэв татвар битгий тавиач ээ” гэсэн нь өөрийнхөө эрх ашгийг бодсоных.
нөгөөтэйгүүр манай гаргах гээд байгаа хөдөө аж ахуйн тэр дотроо мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн өнөөдрийн орост бас л хэрэгтэй. Ерөнхийлөгч в.Путины хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг сонслоо. тэрээр “Монгол нөхдийн тавьж буй саналыг нааштайгаар хүлээн авч бүрэн шийднэ” гэжээ. тэр нь юу гэсэн үг вэ гэвэл бидний хүсч байгаа шиг татварыг тэглэж өгөх нь юу юм гэхэд эрс бууруулаад өгвөл худалдааны харилцаанд их таатай нөхцөл бий болно. Мэддэг хүний ярьж байгааг сонсоход “Манай улс 500 сая ам.долларын мах нийлүүлэх бүрэн боломжтой. арьс шир, ноос, ноолуур, энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг махнаас ч илүүтэйгээр нийлүүлэх боломжтой” гэж байсан. эндээс дүгнэхэд тэрбум гаруй ам.долларын худалдаалалт хэрэгжих боломжийг нээлээ гэж би хувьдаа дүгнэж байна. Бүтээгдэхүүнээ зарна гэдэг аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдэж, ажил үйлсээ өргөжүүлэх гэх мэтээр цааш цаашаа нөлөөлөөд явдаг учраас том завшаан.
–Орос, Монгол, Хятад гурван улсын ярилцдаг мөнхийн сэдэв нь төмөр зам. Хойд хөрштэйгөө энэ тухай ямар тохиролцоонд хүрсэн бол?
-төмөр замын тухайд том тохиролцоо хийгдсэн гэж болно. олон жилийн өмнөөс ярьсаар ирсэн. Хос шугамтай болгоё, цахилгаанжуулъя гэж. асуудал дээр 2020 он гэсэн тоо хэлэх шиг боллоо. Өнөөдрөөс харахад хол мэт санагдах ч жижиг горхин дээр банзан гүүр барих ажил биш шүү дээ. Ингэж том үйлсийг хийе гээд тохиролцлоо. Манай өөрийн бүтээгдэхүүний экспорт тэгтэл нэмэгдэхгүй юм аа гэхэд дамжих буюу транзит тээврээс ашиг харж болно. Оросоос урагшаа хэмжээ хязгааргүй бараа ачигдах нь юу юм. гэхдээ урд хөршөөс орос руу, оросоос цаашаа дамжих ачаа бараа бишгүй байх үндэстэй. Ямартай ч зөөдөг бараа нь байхад бид зөөх чадвартай байх ёстой. тэр зөөх чадвар маань эрс нэмэгдэх нь. энэ мэтээр тодорхой хэрэгжүүлээд эхэлбэл бүгд ач холбогдолтой баримт бичгүүд батлагдах шиг болно билээ. визний асуудал ч шийдэгдсэн. Ингэснээр амьд харилцаа буюу хувь хүн хоорондын албаны харилцаа идэвхжихэд чухал. Бодитоор бол үнэхээр сайхан уур амьсгалыг бүрдүүлж өгч байна.
–Царигийн асуудал яаж шийдэгдэв?
-оросууд бидэнд хандаж “танайх урдаа нарийн цариг тавьж болохгүй” гэж хэлэхгүй. орос дэлхийн хамгийн урт төмөр замтай орон гэж яригддаг юм. нарийн яривал манай орон ч төмөр замын бодлогынх нь хүрээнд байгаа. оросын зарим салбарын техник технологиуд дэлхийд гүйцэгдэхээ больсон. гэхдээ төмөр зам нь манлай технологи биш. Бид ч тийм түвшинд яваа гэсэн үг. Хоёрдугаарт бид ч өөрсдийгөө зовоогоод байх шаардлагагүй. Бид Хятад руу, тэдний төмөр замыг ашиглаад дараагийн оронд бараагаа гаргах гэж байгаа бол ижил төмөр замтай л байх ёстой биз дээ. Манайхан л болсон хойно гурав дөрөв давуулж бодоод нэг ухаан сийлж “Түүнийг дагаж юу орж ирэх вэ” гээд бид л ухаантай болох гэж байгаа юм шиг зүйл яриад байдаг. Харилцаанд асуудал байвал сайжруулж, сайн зүйл байвал бататгаж шийдэж байх ёстой. Царигийн асуудлаа хятадуудтай тохирох шиг болно билээ. Ялангуяа мухар төмөр замын тухайд. Ах нар юу ярьж болох вэ гэвэл хувь нийлүүлсэн улаанбаатар төмөр замын эрх ашгийг хөндсөн асуудал байвал ярилцаж болно. улмаар хоёр, гурван замтай болох, түүнээсээ салаалсан төмөр зам тавихаар болбол оросууд хамтарч ажиллах, хөрөнгө оруулалтаа хийж болно шүү дээ. энэ бол эс ойлголцоод байх зүйл биш. ойлголцдоггүй асуудал нь хэмжээ дамжаатай холбоотой, 1949 оны гэрээг шинэчлэх гээд чаддаггүй тал бий. Манайхан мөнөөх л хувь яриад байдаг байхгүй юу.
–Айлчлал бүрийн араас бодит хөрөнгө оруулалтыг сонирхдог. Оросууд Монголд ямар хөрөнгө оруулалт хийв. Ер нь Орос 1990 оноос хойш бидэнд юу өгсөн бэ?
-Оростой барим тавим тоо яригдаагүй. Шуурхай айлчлал болсон шүү дээ. Харин ч овоо хэдэн баримт бичигт гарын үсэг зурчихлаа. зарим нь ч санамж бичиг юм билээ. санамж бичиг гэдэг худалч хүнд мартахгүй гэж бичиж байгаа тийм зүйл л дээ. Шууд хэлбэл заавал гэдэг механизмгүй. тэгээд цаашид хэрэгжих зарчмын тохиролцоонуудыг хийсэн. Жишээ нь саяын худалдааг тойруулаад ярихад мөнгөн дүн, тоо ярьсантай утга нэг. Баян-Өлгийн асгатын мөнгөний ордыг байнга ярьдаг даа. тэрийг амжсангүй. нэг зүйл дээр санал зөрж байгаа ажиглагддаг юм. Манай улс гадагшаа харьцах гэхээрээ “Манайх 51 хувь” гээд байдаг. Харин оросууд 50:50 байя гэдэг. энэ асуудал дээрээ ойлголцсон бололтой юм билээ. Хувь ярьж хэрэлдэлгүйгээр эдийн засгийн өгөөжийг нь бодоод явчих хэрэгтэй. Хэрэлдээд байвал шүүх гэж байна. Харин хэл амаа ололцох нь хорвоогийн ёс шүү дээ. сүүлийн жилүүдэд хоёр орны хамтарч босгосон обьект юу байна гэхээр тоймтой зүйл байдаггүй. Биднийг аргаа барж байхад харж үзээгүй гэж болно.
–Хойшоо хийх худалдааг тэнцүүлнэ, ойртуулна гээд байгаа. Манайх мах, арьс, ноосноос өөр юу гаргах вэ. Нүүрс хийгээд уул уурхайн бүтээгдэхүүний хувьд бараг тоохгүй биз дээ?
-нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний хувьд өрсөлдөгч шүү дээ. Яахав ховор элемент, уран, вольфром зэргийг солилцох боломжтой ч хоёр орны худалдааг овойж товойтол дүүргэх нь юу л бол. тэгэхээр мал аж ахуйн гаралтай түүхий эд нийлүүлэх л үлдэж байгаа юм. Лаазалсан бүтээгдэхүүнийг тэд авахгүй учраас махыг махаар нь гаргах тухай яригдана. в.Путин зориуд цохож байна билээ. “Манай эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангадаг байх ёстой” гэж. Манай махыг шалгадаг оросын алба манайд байгуулагдах юм байна гэж ойлгосон. социализмын үед 25 сая малтай байхад 100 мянга гаруй тонн мах гаргадаг байлаа. одоо 50 сая малтай болсон учраас тухайн цагт гаргаж байсныг төвөггүйхэн хил давуулж болно байх. Европын холбоо бидэнд олон хөнгөлөлт, боломж олгосон. гэхдээ тэр бүр манайд байхгүй зүйл ч юм уу эсвэл Монголын бүтээгдэхүүнийг хэрэглэж сураагүй байдаг. Харин ах нарыг нэхий дээл, савхин дээлээр дарчихад л аваад байх жишээтэй. гэхдээ бид нэхий дээл, савхиа туркээс дутуугүй боловсруулдаг болох хэрэгтэй л дээ.
–Харин Оросоос авах тухайд шатахуунаас өөр юу байх бол?
-нефтийн бүтээгдэхүүний крантыг хаана гэдэгтээ хүрвэл их эвгүй асуудал. тиймээс бидний хараат бус болно гэж яриад байдаг нь зөв. Өөр өөр газраас багаханыг авч, өөрсдөө ч нефтиэ ухаад байгаа учраас нэлээд засарч шийдэгдэх байх. гэхдээ шатахууныг оросоос огт авахгүй болно гэсэн үг бас биш. Бас цахилгаан станц, үйлдвэрийн газрууд нь байна. Цахилгаан хийгээд үйлдвэрийг дагасан сэлбэг хэрэгсэл авдаг байх. Хүнсний бүтээгдэхүүн багахан хэмжээгээр авдаг. Миний мэдэхээр өнөөдрийн хараат байгаа зүйл бол цэрэг, техникийн хамтын ажиллагаа. танк, онгоц, буу гээд бүгд л оросынх. Үүнийг өөрчлөх ёсгүй гэж үздэг юм, би.
–Монгол–Оросын харилцаанд олон жил “бөглөө” байсан гэж та хэллээ. Сая тохиролцсон зүйлүүд ч дарагдалгүй хэрэгжинэ гэх баталгаагүй. Хэрэгжих найдвар хэр байна?
-Баримт бичиг байгуулсныхаа дараа хоёулаа өөр өөрийнхөөрөө тайлбарлаад байдаг талтай. Миний харж байгаагаар Ерөнхийлөгчийн засаглалтай орост Ерөнхийлөгчийнх нь нэр хүнд өндөр байгаагийн зэрэгцээ дахиад арван жил төрийн эрхэнд байх магадлалтай. тийм учраас в.Путиныг тойрсон, энэ хүний айлчлалын хүрээнд хөндөгдсөн асуудал хэрэгжих нь баталгаатай гэж үзэж байгаа. Хэрэгжихгүй бол матах газар нь в.Путин болж таарч байна. Харилцан ойлголцол гэж нэг зүйл бий. амаараа ярихаар ойлголцоод байгаа юм шиг. Ажил хийх гэхээр элдэв саад давамгайлаад байдаг. Үүний цаана үнэхээр улс төрийн хүсэл, зориг дутагдаад байдаг гэж хэлж болно. Өмнө нь татварын асуудлыг л гэхэд хөндөхөд “гаалийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий, тийшээ ор” гэдэг байсан. тэрэнд нь Казах, Белорусь, Орос, Киргиз зэрэг хэдэн орон байдаг. энэ мэтээр манай улсыг хэрэг дээрээ явцуу, хаалттай бүлэглэл рүү татаж оруулчих гээд байдаг. Миний бодлоор манай орон хамгийн хүнд үеэ туулчихсан. Харин өнөөдөр том зорилгын хүрээнд худалдааны тэнцлийг жаахан дээшлүүлээд байнгын үйл ажиллагаатай болчихвол хөрш орон учраас замын зардал гэж байхгүйтэй адил шүү дээ. Хаа холын америкт ноолуур аваарай гэж хашхирч явсны оронд хөршүүддээ “ноолууран цамц аваарай” гэж хэлэхэд амар. улмаар тэд худалдаж аваад дасчихвал байнгын зах зээл болно гэсэн үг. энэ үүднээсээ чухал байхгүй юу. түүнээс биш царай алдаж явахаа бид больчихсон юм.
–Си Жиньпин даргын айлчлалын тухайд?
-Хятадуудын хувьд бөглөрч тагларсан зүйл байсангүй. Харилцаа ихээхэн идэвхтэй өргөн цар хүрээг хамардаг болчихсон юм. урд хөрштэй харилцах харилцаа өөрийгөө хөтлөөд явчих бяр тэнхээтэй болчихож. түүнийг нь бид зохицуулж байх ёстой. Мэдээж хэрэг хөрш орон учраас ярилцаж, шийдэж байх олон асуудал байна. эдгээр харилцаанаас дамжих тээвэр хамгийн хэрэгтэй гэж манайхан байнга ярьсан. Хятадтай гэрээ хүртэл байгуулсан. энэ нь манай орны далайд гарах гарцыг илүү баталгаажуулж байгаа хэрэг л дээ. Үүний зэрэгцээ зээл, тусламжийн асуудал ч хөндөгдөж харилцаа улам идэвхжих хандлага илэрлээ. энэ идэвхжил нийгэм, эдийн засгийн харилцаанд улам тодорлоо. Биднийг байнга тусгаар тогтнол гэж ярьдаг учраас си Жиньпин дарга “Монгол улс тусгаар тогтносон гүрэн” гэж тодоос тод хэлсэн. удаа дараа ингэж ярьсан, түүнийгээ ч нотолсон л зүйл. стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээнд хоёр орны төрийн тэргүүн гарын үсэг зурсан. Үүнд “Хүчээр түрий барихгүй” гэх мэтээр чангалж тодруулсан үг, үсэг оруулсан. Өмнө нь урд хөрш юанийн зээл олгодог байсан. тэгээд тэр мөнгөөрөө өөрийнх нь технологийг л авах боломж олддог. Харин одоо ам.долларын зээл олгоё гэж байна. тэр нь “Дуртай газраасаа технологио аваад дуртай төслөө санхүүжүүл” гэсэн утгатай. Үнэхээр бидэнд боломж өгч байгаа асуудал.
–Монгол орон хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж идэвхижүүллээ. Гэтэл гуравдагч хөршийн бодлого бага зэрэг сааралтаад байх шиг?
-Хоёр хөрш маань тэврээд авлаа, бусад нь хэрэггүй гэж хандаж болохгүй. тэгэхээр манайх гуравдагч хөршийн бодлогоо дахин сайн тайлбарласан байх хэрэгтэй. Манай улсын Япон, Америктай харилцах харьцаа ЕаБХаБ-т элссэн зэрэг нь оросын хийгээд Хятадын эсрэг чиглэж байгаа үйл хөдлөл, утга агуулга огт биш. нэг үгээр хэлбэл хожмын өдөр америк хүрч ирээд цэргийн баазаа байгуулаад байрлана гэж ойлгож болохгүй. Бид хоёр хөрштэйгөө төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ийм л байр суурьтай. түүний цаана юу байдаг вэ гэвэл гуравдагч хөршүүд маань 1990-ээд оны хүнд үед дэмжиж тусалж, зовлонг минь хуваалцаж өдий зэрэгт хүргэж өгсөн. тиймээс энэ харилцаагаа улам өргөжүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх тухай ярьж байгаа. түүнээс биш хоёр хөршдөө муу юм хийх гээгүй. Бас нэг зүйл нь хоёр хөрш маань ШХаБ-т ор гэж шахдаг юм. Өнөөдөр бид ажиглагч гэсэн байр суурьтай байгаа. Бидэнд тэр байгууллагын юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй байдаг. орлоо гэхэд тэндээс юу олж авах нь тодорхойгүй. Цаана нь бас “БрИКс”-ийн орнууд гээд л гараад ирсэн. энэ нь ямар санаа вэ гэвэл дэлхийн орнуудыг бүлэг бүлэгт хуваах гэж байгаа юм шиг философийн дор яваад байгаа юм. түүний цаана нь цэрэг улс төрийн эвсэл гэсэн ойлголт дагадаг.
Хал балгүй байгууллагууд бий л дээ. Жишээ нь аПЕК байна. одоо томчууд ном хаялцаад буцдаг газар шиг болчихоод байгаа юм. Дэлхийн орнууд ямар хандлагатай байгааг нь мэдэхийн тулд Монгол тэнд оролцож байх учиртай.
–Хоёр хөршид маань дургүй орнууд олон. Тэдэнд юу гэж ойлгуулах вэ?
-ойлгуулахад нэг их төвөгтэй биш. гуравдагч хөршүүд “Хоёр хөрштэйгөө аятайхан байгаарай” гэдэг. америк л гэхэд эртнээс “Бид танайхыг хоёр хөршөөс чинь салгах гээгүй. танай хамаг юм чинь хоёр хөрштэйгөө шүү” гэдэг. гэхдээ шүүмжлэлтэй хандах зүйл гэвэл бүх хөршүүдийнхээ хөрөнгө оруулалтыг олигтой дэмжиж өгөхгүй байгаа юм. тэгэхээр гуравдагч хөршийн бодлогоо дахин тайлбарласан байх шаардлагатай гэж үзэж байгаа. “Манай энэ бодлого та нарын эсрэг чиглээгүй” гэж байнга ярьж байх ёстой.
Л.МӨНХТӨР