Хог хаягдал дахин боловсруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа эмзэг
бүлгийн гэх тодотголтой иргэдийн үзэсгэлэн
НҮБ-ын байранд гарлаа.
Дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг хэрэглэгчдээс цуглуулан, эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд
хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж борлуулах замаар
ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн хичээж байна.
“Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё”
сэдэвтэй уг өдөрлөгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон,
Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Нийслэлийн Засаг даргын тамгын
газрын ажилтан Ц.Буяндалай, “Технож” инкубатор төвийн захирал
Г.Галаарийдий нар байлцсан юм. Хаягдал дахин боловсруулах төслийн зохицуулагч
Г.Галаарийдий “Хог хаягдлыг багасгахад төр, компаниудаас илүү иргэдийн оролцоо
чухал байдаг” гэж онцолсон юм. “Технож” инкубатор төв хоёр сарын хугацаанд иргэдийн
арав гаруй бүлэгт сургалт явуулсан
байна. Өдгөө хаягдал дахин боловсруулах иргэдийн идэвхитэй ажилладаг арван
бүлэг, 80 гаруй өрх төсөлд хамрагддаг аж.
Эмзэг бүлгийн иргэдэд хаягдалыг дахин ашиглах аргачлал зааж, мэдээлэл
өгч, сургалт хийдэг гэнэ. Бямба гариг бүрт бүлгийн ахлагч нарын уулзалт хийж, туршлага солилцдог байна.
“Дахин хэрэглэе, ахин ашиглая”
уриатай хэрэгжиж буй энэ төсөл олон нийтэд хог хаягдал баялаг гэдгийг ойлгуулах
зорилготой юм байна. Тиймээс дахин ашиглах боломжтой сав, хайрцаг, цаас, сонин,
сэтгүүлээр хэрэгцээт зүйлс хийх, сэдлийг төрүүлэх, эмзэг бүлгийн иргэдийн
амьжиргааг нэмэгдүүлэх давхар зорилготой ажиллаж байгаа гэнэ. Энд ус ундаа жүүсний хуванцар саваар хогийн шүүр, том, жижиг сандал, буйдан,
үзэгний сав хийсэн байна лээ. Тетрапак хайрцагаар аяны олбог,
гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч
урлажээ. Хуучин хувцсаар улавч, хормогч, бээлий, гутлын алчуур, даавууны өөдсөөр
сандлын олбог, хөлийн гишгүүр зэргийг сэтгэсэн харагдав.
Хог хаягдлын үйлдвэрүүд бий болгох нь хотын хогийг багасгах боломж бий
болгодог. Хог хаягдалын хэдэн үйлдвэр байгаа талаар Нийслэлийн Засаг
даргын Захирагчийн албаны
Ц.Буяндалайгаас тодруулахад “Хог хаягдлын үйлдвэр байгуулахаар талаар сүүлийн жилүүдэд яригдаж байгаа
асуудлын нэг. Нийслэлийн Засаг даргын Захирагчийн албанаас хог хаягдлыг дахин
боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр ажиллаж байгаа. Гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрийн төслүүд ч
яригдаж байгаа. Дотроо үүсч байгаа хөрөнгөөр жижиг хог боловсруулах үйлдвэр
байгуулах тухай ч яригдаж байгаа. Өдөрт гарч байгаа хог хаягдлуудыг бүрэн
боловсруулах хүчин чадалтай үйлдвэр манайд баригдаж амжаагүй байгаа. Үүнийг
барих талаар Нийслэлийн зүгээс ажиллаж байгаа” гэлээ.
“Хогийг мөнгө болгох
талаар мэдээлэл өгч, иргэдийнхээ сэтгэлгээний хандлагыг өөрчлөх цаг болсон” гэж тэр нэмж хэлэв. Улаанбаатар хотод 180
мянган өрх гэр хороололд амьдарч байгаа аж. “Хаягдлыг дахин боловсруулж байгаа хүмүүст зориулж
мөнгө төсөвлөдөг эсэхийг сонирхоход “Хог хаягдлын чиглэлээр хот ажиллаж байгаа.
Энэ томоохон хөрөнгө шаарддаг” гэж хариуллаа.
Хог мөнгө гэдэг. Аргыг нь олбол хүний ялгадсыг
ч метан хий болгон хувиргаж, цахилгаан гаргадаг, бордоо болгодог гадны
туршлагууд бий.
Гэр хорооллын нүхэн
жорлонгуудыг хэзээ сайжруулах талаар Б.Тулга дэд сайдаас сонирхов. “Гэр хорооллын нүхэн жорлонгийн асуудал яах
аргагүй санхүүгийн нөхцөл боломжтой холбоотой асуудал. Яам, нийслэл үүнийг
шийдэх гэхээсээ эко жорлонтой болгох шийдлийг хувийн хэвшилтэй холбох хэрэгтэй
байна” гэлээ. Био ялзмаг лагийг задлах
талаар хэдэн хэдэн байгуулагатай хамтарч туршиж үзэж байгаа” гэсэн.
Хог хаягдлыг
боловсруулах сайн туршлагаас хэлэхийг хүсэхэд “Технож” инкубатор төвийн захирал
Г.Галаарийдий “Миний авсан судалгаагаар нийслэлд 22 аж ахуйн нэгж хог хаягдлын
гурав хүрэхгүй хувийг боловсруулж байгаа. Канад улсад гэхэд айл өрхүүдээр явдаг хүүхэд маш нэр хүндтэй
байдаг. Айл айлаар ороод хэрэглэсэн хуруу
зайнуудыг нь авдаг. Томоохон компаниуд нь хуруу зайг нь бага хэмжээний мөнгөөр буцааж аваад, дахин ашигладаг. Хуруу зай задрахаараа маш хортой бодис ялгаруулдаг юм.
Монголд маш олон хогийг дахин боловсруулж болно. Манайд иргэн аж ахуйн нэгжээс “үйлдвэрлэсэн”
хог хогийн цэг рүү 90 хувь нь шууд явж байна. Цөөн хувь нь дахин
боловсруулагддаг. 1997 оноос эхлээд АНУ
даяар 11 сарын 15-ныг Хог хаягдлын өдөр болгосон. Хог хаягдал хүний
нийгмийг бохирдуулж, бохир дунд амьдрахад хүргэж байна. Өрхүүд ашиглаж болох
санаанууд гэвэл тетрапак савнуудыг цүнх сав, гэрийн хаяаны дулаалга, аяны олбог хийж байна. Хятадад
цаасан уут ашиглаад гэрийн дулаалга хийдэг. Цаас хурдан боловсордог ч
хортой метан хий ялгаруулж байдаг гэлээ.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Байгаль орчны
багийн ахлагч Б.Бүнчингив “Бодлогын дэмжлэг, татварын албан ёсны
системтэй болох ёстой. Барууны орнуудад иргэд ундааныхаа саваа буцааж өгөөд
хэдэн цент буцааж авдаг. Хүнсний дэлгүүрүүд нь цуглуулсан хаягдалаа цааш нь
үйлдвэрүүдэд тушаадаг тогтолцоо байдаг. Тийм тогтолцоог бага багаар бий болгох
хэрэгтэй байна” гэлээ.
Хаягдалаар
бүтээгдэхүүн урласан Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн Д.Саша
-Дэлхийн
зөнгийн Хөгжлийн хөтөч хөтөлбөрт хамрагдсан. Манай бүлэг “Давхиварын бүлэг”
нэртэй. Хаягдал түүхий эдийг дахин ашиглаж бүтээгдэхүүн хийдэг. Арван хүнтэй.
Ундааны саваар буйдан, явган сандал, шүүр, цэцэг хийж байгаа. Дизайнаа өөрсдөө
бодож байгаад хийдэг.
Дугуй
том буйданд 37 ширхэг ундааны сав орсон. Үнэ нь 20 мянга. Пролон синтопон
аргелит, скоч орно. Хамгийн үнэтэй нь пролон аргелит.
Бүтээгдэхүүнээ
одоохондоо борлуулж амжаагүй байна. Иймэрхүү үзэсгэлэнд оролцоод байвал
борлогдох шинжтэй юм байна. Ажлын байр байхгүй гэртээ хийцгээдэг. Сүүлийн хоёр
сар л хийж байна. Хуванцар сав цуглуулж тушаадаг. Ой найман сартай ач хүүтэйгээ
хоёулаа хамт амьдардаг юм. Түүхий эд цуглуулж амьжиргаа залгуулж байна. Утсаар захиалга авч, очиж авдаг юм. Өөрөө юм түүгээд, хүмүүсээс авсан юмаа тушаахаар
сул орлого ороод ирдэг. Эргэлтийн мөнгө 100 мянга байдаг. Илүү мөнгөөрөө идэж
уудаг юм. Бусад түүхий эдийн цэгүүд баян шүү дээ. Манайх хуванцар савыг кг-ыг
нь 250-иар авдаг гэж хуучиллаа.
НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөр, “Технож” бизнес
инкубатор төвтэй хамтран иргэдийн дунд “Дахин
хэрэглэе, ахин ашиглая” уралдаан зарлаж байгаа гэнэ.
Б.Янжмаа