Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн тойм

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн  дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаараас АНУ-аас  Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийн ярилцлагыг  уншаарай.  “Эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах нь чухал” гэж тэр ярьжээ.  “Улс төр” нүүрт  Хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс Чингэсийн талбайд зохион байгуулсан жагсаалын тухай сурвалжлага бий. “Ардчиллаас татгалзахыг  уриаллаа” гэнэ. 

 “Баримт, үзэл бодол” нүүрээс нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүний үг”-ийг хүлээн авна уу.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Хориодхон настай хүүхдүүд шүүгчийн шалгалтад  орох юм. Хэрэг шүүхэд элээсэн оймс бас хэрэгтэй” гэж ярьжээ. Энэ ярилцлагыг зургадугаар нүүрээс олж үзээрэй. “Баримт, үйл явдал” нүүрт “Машинтайгаа замын урсгал сөрж  явсан цагдаа хүүхдийн аминд хүрэв” сурвалжлага нийтлэгдэв.   

“Удам судар” нүүрээс найруулагч О.Машбат, гавьяат жүжигчин Н.Батцэцэг нарын хүү найруулагч М.Ивээлтэй хийсэн ярилцлага нийтлэгдсэн байна. Найруулагч аавын найруулагч хүү Монголын аж амьдралыг  харуулсан киног гадныханд хүргэхийг хүсдэг гэнэ.   

“Технологи” нүүрт Монголд нано технологийн ухаалаг даавуу үйлдвэрлэж эхэлсэн тухай нийтэлжээ. Ухаалаг даавуу үйлдвэрлэх технологийг Монголд нутагшуулсан ШУТИС-ийн профессор Р.Мядагмаа энэ тухай ярьсан байгаа.

“Томилолт” нүүрт Урианхайн хязгаар буюу Тувагийн нутгаар аян замын тэмдэглэлийг хүлээн авч уншна уу.   “Эдийн засаг” нүүрт “Хөрөнгө оруулагчид Монголын занар, газрын тосны нөөцийг хэдэн тэрбумаар хэмжигдэнэ” гэв. Нүүр бүртээ унших сонин ихтэй “Өдрийн сонин”-ы захиалга явж байгаа шүү. 

Categories
гадаад мэдээ

Хятад Өмнөд Судан руу цэргээ илгээлээ

БНХАУ нь 800 цэргээ
Өмнөд Судан руу илгээхээр болжээ. НҮБ-ын удирдлага дор энхийг сахиулах эдгээр
цэргүүд нь Судан дахь газрын тосны орд болон тэнд ажиллаж байгаа Хятадын
ажилчдыг хамгаалах юм байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын
гишүүн тул энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог болохыг онцлов. БНХАУ
–ын энхийг сахиулагчид үүнээс өмнө 
Африкийн Малд алба хааж байжээ.

Ю.Дэлгэр  

Categories
мэдээ нийгэм

Монголд элэгний С вирусийг устгах боломжтой гэнэ

Манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог агаад дэлхийн дунджаас найм дахин их үзүүлэлттэй байна. Энэхүү нас баралтын 95 хувь нь гепатит В, С, Д вирусийн архаг халдвараас үүдэлтэй аж. Элэг хамгаалах “Оном” сангаас “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг санаачлан, эрдэмтэд судлаачидтай хамтран цогц бодлого боловсруулан ажиллах болсноо зарлав. 2013 онд хийсэн вируст гепатитийн тархалтын судалгаа болон бусад судалгааны дүнг харьцуулж үзээд “Монгол Улсад 400 мянга гаруй хүн вируст гепатитийн архаг халдвартай байна” гэсэн дүгнэлтэд хүрснээ “Оном” сангийнхан мэдээлж байна. Тэр тусмаа элэгний вирус тээгч гэдгээ өвчтөнүүдийн 30 хувь нь мэддэг бол үлдсэн 70 хувь нь вирустэй гэдгээ ч мэдэхгүй явдаг гэж таамаглав. Тийм учраас хүн амыг бүхэлд нь түргэвчилсэн, хямд тестийн аргаар шинжилгээнд хамруулахыг зорьж байгаа гэнэ. Тус сангаас өнгөрсөн долдугаар сараас эхлэн вирустэй хүмүүсийг мессежээр бүртгэж эхэлсэн.151103 дугаарт бүртгүүлэхдээ овог, нэр, регистр, хүйс, вирусийн төрлөө тус бүрт нь таслалаар зааглан бичиж илгээх учиртай. Элэгний өвчний эсрэг тэдний гол зэвсэг нь АНУ-ын Gilead
Sciences компанийн шинээр гаргасан вируст гепатитийн шинэ эмчилгээ болох Soval­di
(Софосбувир) эм юм. 2013 оны 12 сард АНУ-ын Хүнс эмийн агентлаг (FDA) уг эмийг архаг гепатитын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шинэ эм нь эмчилгээний хугацааг богиносгодог аж. Одоо хэрэглэгдэж байгаа интеферон, рибавирин хавсарсан эмчилгээ нь хамгийн багадаа 48 долоо хоног үргэлжилдэг бол шинэ эмийн эмчилгээ 12 эсвэл 24 долоо хоног үргэлжилдэг аж. Хэвлэлийн хуралд оролцсон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Я.Дагвадорж “Одоо хэрэглэж байгаа интерферон эмийн үр дүн дангаараа 40-50 хувиас дээш гардаггүй. Гэхдээ элэгний хатуурлаас сэргийлдэг учраас зүгээр байхтай зүйрлэшгүй л дээ” гэв. Түүний хэлсэн бас нэг анхаарал татсан зүйл нь “Монголд тохиолддог элэгний вирусийн генотип (тухайн вирусийн удмын бүтэц)-ийн 90 гаруй хувь нь интерферонд дуулгавар муутай хувилбар. Харин шинэ эмийг интерферонтой хавсарч хэрэглэхэд эрүүл болгодог” гэлээ. Одоогоор энэ шинэ эмийг дэлхийн 40 орчим оронд нэвтрүүлээд байна.

Шинэ эмийн үнийг уншигчид сонирхож байгаа. Софосбувирийн нэг курс эмчилгээний өртөг нь АНУ-д 84 мянган ам.доллар, Германд 66 мянган ам.доллар гэх мэтээр ялгаатай байна. Хэдийгээр энэ эмийн үнэ монголчуудын хувьд хэт өндөр сонсогдож байгаа ч хорт хавдрын эмчилгээтэй харьцуулбал хямд учраас Америкт өндөр үнээр худалдаж авдаг аж. Тус эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тухайн улс орны төлбөрийн чадвартай уялдуулахыг үйлдвэрлэгч нь хичээдэг гэнэ. Тус компани Монголыг Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөртөө хамруулан уг эмийн нэг курс эмчилгээг 900 ам.доллараар нэвтрүүлэх саналаа ЭМЯ, Засгийн газарт тавьсан. Хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөрийн үндсэн шаардлага нь Засгийн газар нэгдсэн байдлаар худалдан авалт хийгээд ард түмэндээ үнэ төлбөргүй эмчилгээ хийх юм. Гэсэн ч манай улсад элэгний өвчлөл өндөр байдаг учраас ЭМЯ дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэсэн яриа сонсогдов. УИХ-д энэ сэдэв хэлэлцэгдэх юм байна.

“Оном” сангаас “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гаргагчдад хандан дараахь саналыг дэвшүүлсэн байна.

“Софосбувир” эмийг Монгол Улсад бүртгэх ажлыг түргэвчлэх, эмчилгээ хийхэд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, тодорхой хувийг төрөөс даах, шинэ эмийн үнийг хямдруулах үүднээс гааль болон НӨАТ-аас чөлөөлөх, “Эрүүл элэг” хөтөлбөрт эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажил үүргийн дагуу оролцох эрх зүйн зөвшөөрөл өгөх юм байна.

Ономсанг санаачлагчид хэн бэ?

-“Оном” сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар АНУ-ын Аргонне үндэсний лабораторид ажиллаж байсан. Физикч мэргэжилтэй, шинжлэх ухааны доктор аж. Түүний дүү “Оном” сангийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал нь 2005 онд Бээжингийн их сургуулийн Анагаах ухааны салбарыг хүний их эмчээр төгссөн. Их Британид Ноттингхамын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2012 онд Канад улсын “Grand
Challenges Canada” байгууллагын “Stars in Global Health” нэртэй, нөлөөтэй өвөрмөц санааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Вируст Гепатитийн эсрэг авах арга хэмжээ” сэдэвт төсөл дэвшүүлж, санхүүжилт авсан нь “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийн эхлэлийг тавьсан гэнэ.

Д.Наранбаатараас энэ талаар тодрууллаа.

Энэ хөтөлбөрийг санаачлах болсон шалтгаан юу вэ. Энэ бүхэн яаж эхлэв?

-Хүний амьдралын түүх юм даа. Манай хоёр авга ах элэгний хавдраар нас барсан. Аав, ээж маань хоёулаа С вирусийн халдвартай байсан. Аавыг АНУ-д аваачиж, эмчилгээнд оруулаад бүрэн эдгэсэн. Нэг нь багш, нөгөө нь эрүүл мэндийн салбарын хүмүүс. Бид өөрсдөө шинжлэх ухааны улсууд учраас “Монголд элэгний өвчлөл үнэхээр асуудалтай, аюултай байна” гэж бодсон. Манайх шиг түүхтэй гэр бүл олон байгаа. Бид чадах юмаа хийе гэсэн зорилготой яваа. Хоёр жилийн өмнөөс судалгаа хийж, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр явж байна.

Өмнө нь төр засаг юм хийгээч ээ гэцгээдэг байсан. Одоо хувь хүмүүс монголчуудын эрүүл мэндийн маш том асуудлыг шийдэхээр явж байгаа нь бас нэг үзэгдэл юм болов уу?

-Ерөнхийлөгч хэлээд байгаа. Төр бүгдийг хийхээ больё гэж. Бид өөрсдөө санаачилга гаргаад, өөрсдөө хийхгүй бол гадны хүн орж ирээд биднийг аврахгүй, асуудлыг шийдэхгүй. Тэр тусмаа залуус маань сэтгэл гаргаад зүтгэх хэрэгтэй. Энэ бол бизнес биш. Монгол хүний сайн сайхны төлөө зайлшгүй хийх ёстой зүйл. Аль болох эм, эмчилгээний өртөг үнийг хямд байлгах, аль болох олон хүнийг хамруулах, үндэсний хэмжээнд цогцоор хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллана даа.

Моод Монголоор дуусдаг гэдэг байсан. Гэтэл одоо зах зээлд нэвтрээд удаагүй шинэ эмийг Монголд оруулж ирэхээр ярьж байна?

-Моод Монголоос эхэлдэг болж байгаа. Энэ эмийг 2013 оны 12 сарын 6-нд Америкийн Хүнс эмийн агентлагаас(FDA) хүлээн зөвшөөрсөн. Европын холбооны Эмийн агентлаг энэ оны нэг сард худалдах, сурталчлах зөвшөөрлийг өгсөн. Шинэ эм хямд үнээр орж ирэхээр “Өө энэ худлаа юм болох гээд байна, туршилт хийх гээд байна” гэсэн хардлага бий. Энэ тийм биш ээ. Дэлхийн шинжлэх ухааны ололтыг бид хамгийн түрүүнд авч хэрэглэхээр зорьж байна. Манайх цөөхөн хүн амтай, сонирхолтой орон. Энэ давуу талаа түшиглээд шинжлэх ухааны ололтыг хямд үнээр оруулж ирээд үр дүнг нь богино хугацаанд харах боломж байна. АНУ-д гэхэд энэ компани эхний зургаан сард 6 тэрбум долларын орлого олчихсон байгаа. Ард түмэн маань туршилт хийх гэж байна гэж айх хэрэггүй. ДЭМБ-аас хэрэглэ гээд зарлачихсан. Бид шинжлэх ухааны ололтыг хугацаа алдахгүй нэвтрүүлээд ард түмнээ эмчилж авах нь л хамгийн чухал байна.

Софосбувир эмийг үйлдвэрлэсэн “Gilead
Sciences”-
ийн төлөөлөгчид Монголд ирсэн. Эмийн зах зээлийн хувьд манайх жижиг, төлбөрийн чадвар бага байхад Монголд яагаад анхаарал хандуулсан юм бол?

-Мэдээж бид энэ чиглэлээр маш их хүчин чармайлт тавьж байгаа. Мөн Монгол Улс маань маш сонирхолтой улс. Бидэнд 400 мянга гэдэг тоо маш их санагдаж байна. Гэхдээ өвчтэй хүний тоо бусад улстай харьцуулбал бага учраас үр дүн түргэн гарах боломжтой. Жишээлбэл Энэтхэгт 100 мянган хүн тутамд ногдох өвчтөний тоо бага байлаа ч хэдэн тэрбум хүнтэй улс учраас өвчтэй хүн сая саяар тоологдоно шүү дээ. Хичнээн их юм хийлээ ч хүн амын тоо угаасаа их учраас үр дүн нь шууд харагдахгүй. ДЭМБ энэ сарын 12-нд семинар зохион байгуулах гэж байгаа. ДЭМБ хүмүүсээ явуулаад, Монгол Улсад элэгний өвчлөлийг устгах боломжтой юм байна гэж харж байгаа. Жилд 2500 хүн вируст гепатитийн халдвараас болоод нас барж байна. 100 мянган хүнд ногдох элэгний өвчний нас баралтаар манай улс дэлхийд номер нэг байгаа. Ийм болохоор дэлхий бидэнд хандаад “Танайх болохоо больчихжээ, танайд тусалъя, хамтарч ажиллая, судалгаа хийе” гэдэг. Жишээлбэл Стэнфордын их сургуулийнхан бидэнтэй хамтарч ажиллах гэж байна. ДЭМБ хамтарч ажиллах гэж байна.

Дэлхийн хэмжээнд анхаарч байгаа юм байж, манай шийдвэр гаргагчид хэр тоож байна?

-Анхааралгүй яах вэ. зургаан сард бид албан ёсны уулзалт зохион байгуулаад явж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Энэ асуудлыг бүгд мэдэж байгаа. УИХ-ын гишүүд энэ асуудлыг их дэмжиж байгаа. Дэмжээд ярих бол өөр. Ажил болгохоор эцсээ хүртэл зүтгэнэ. 2020 онд үр дүнгээ ярилцах хэмжээнд очсон байна гэж найдаж байна.

Засгийн газраас хүмүүстээ энэ эмийг 900 доллараар авч өгөх болов уу. Гэтэл энэ санаачилга дэмжигдэхгүй бол өөр ямар арга чарга байгаа вэ?

-Тэр бүх л зүйлийг судлаад Эрүүл мэндийн даатгалд хамруулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.

Вирустэй хүмүүсийг долдугаар сараас бүртгээд байсан. Олон хүн хандсан уу?

-Вируст гепатитийн Үндэсний мэдээллийн төв гэж байгуулагдаад, 4300 орчим хүн бүртгэгдсэн. Техт мессежээр 1500 орчим хүн бүртгэлтэй байгаа. Өнгөрсөн гурван сараас бэлтгэл ажлаа хийж байна. Вируст гепатитийн халдвартай 400 мянган хүн байна.

Вируст гепатитийн халдвартай хүмүүсийн 30 хувь нь вирустэй гэдгээ мэддэг үлдсэн 70 хувь нь мэддэггүй гэж дүгнэсэн байна лээ. Мэдэхгүй байгаа хүмүүст мэдүүлэх талаас нь юу хийх вэ. ЭМЯ энэ хөтөлбөрт оролцох уу?

-Албан байгууллагуудаар явж тест хийхэд вирус тээгч 20 орчим хүнээс 7-8 хүн нь мэддэг 14-15 хүн нь мэдээгүй байсан. Манайд хандаж байгаа байгууллагууд бий. Үүнийг аян байдлаар зохион байгуулж, нийт хүн амыг тестээр шинжилгээнд хамруулаад явна. Үүнийг эрүүл мэндийн анхан, дунд шатны эмнэлгүүдээр дамжуулж зохион байгуулна. ЭМЯ-нд санал хүргүүлээд байгаа. ЭМЯ оролцохоос өөр арга байхгүй. Нийтээрээ зүтгэхгүй бол ганц байгууллага, хэсэг хүн зүтгээд амжихгүй ажил гэв.

Б.Янжмаа

 

Categories
мэдээ нийгэм

“Европын түүх” үзэсгэлэн нээгдлээ

ССАЖ-ын
сайд Ц.Оюунгэрэл Монгол Улс болон Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Чехийн алдарт
зураач, график дизайнер Рэната Фүчиковагийн 2011 онд гаргасан “Зурган дунд
аялсан нь” номоос сэдэвлэсэн “Европын түүх” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.
Энэхүү үзэсгэлэнгээр Европын түүхэн үечлэлийг шинэлэг, хошин, харилцан яриа
байдлаар дүрслэн үзүүлсэн нь олон нийтэд Еворпт амьдарч байсан хувь хүмүүс
төдийгүй тэндхийн ард түмний түүх, аж амьдралыг хялбар ойлгох боломжийг олгож
байгаа юм. Түүнчлэн эдгээр уран бүтээл нь цаг хугацааны хувьд чулуун зэвсгийн
үед Европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртэлх түүхэн үйл
явдлыг хамарсан ажээ. Үзэсгэлэнд тавигдаж буй зурагнууд нь Европын түүхэнд
ээлжлэн солигдож байсан гүн ухаан, шашны урсгал, газар нутаг болон ард түмний
аж амьдрал, түүхэн үечлэлийг олон талаас нь харуулсан сонирхолтой юм. Үзэсгэлэн Блью
скай цамхагт   нээгдсэн юм.

 

Categories
мэдээ нийгэм

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын хүндэтгэлийн тоглолт болно

Монгол төрийн
Үндэсний хөгжмийн Их найрлын “Морьтон
монголын аялгуу” хүндэтгэлийн
тоглолт энэ сарын 20-21-нд болох гэж байна.

Монгол
хэмээх овог аймаг, олон зууны турш ээлж дараалан суудал солигдох их хаадынхаа
сүр хүчээр улс гүрнээ байгуулж, өөр өөрийн онцлогтой дуу хуурын баялгийг бий
болгон нүүдэлчин омгийнхоо түүх соёлыг айзам хэмнэл, ая дан, найруу эгшгээр
илэрхийлэхдээ  хөгжмийн зэмсгийн баялаг уламжлалыг бүтээж байсан нь оюун сэтгэлгээний
томоохон ололт юм.

Хүннү
гүрний үед Монголын анхны төрт улс бий болж төрийн ёслол хүндэтгэлийг хөгжимтэй
холбож ирсэн бөгөөд Найрал хөгжмийн түүхийн мөчлөгийг Хүннү гүрний үеэс эхлэн
ХIII зуун  буюу дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй бүтэц бүхий Төрийн
ёслол хүндэтгэлийн найрал хөгжмийг бүтээсэн түүхэн оргил үе болох Их Монгол
улсын хаан Эзэн Чингис, түүний үе залгамжлагч Өгөдэй, Гүюг, Мөнх нарын үеийн
хөгжмийн хороо, их найрал, Хубилай хааны Их Юань улсын ордны их найрал хөгжмийн
түүхээс судлан үздэг юм. Эдгээр ордны дуу хөгжим, хаадын үе залгамжлалын тухай
үнэ цэнэтэй баримт алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, Вилъям Рубрук
нарын тэмдэглэл бичгийн дурсгал, “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”,
“Алтан товч”, “Болор эрхи”, “Хөх судар” зэрэг цаг цагийн түүхэн сурвалж, ном
товхимолд хадгалагдан байна.

Чингис
хаан, түүний залгамжлагчид байлдан дагуулалтынхаа нүргээн дундаа хүмүүний
сэтгэлийн учгыг хөндөж чадах хөгжмийн зэмсгийн  хүч чадалд анхааран, эзлэн
суусан улс орныхоо шилмэл, шилдэг бүхнийг олж танин, хураан цуглуулж чадсаны үр
дүнд өргөө ордондоо олон арван хүнтэй чуулга төдийгүй дөрөв таван зуун
хөгжимчинтэй Төрийн их найрал хөгжим бүрдүүлж байсан нь зүгээр нэг зугаа
цэнгэлийн хэрэглээ бус  шашин шүтлэг, хэл соёлоороо өөр өөр ард түмний
сэтгэлийг түвшитгэх төдийгүй тэдний бишрэл хүндэтгэлийг олох холч санааны илрэл
байв.

ХХ
зууны хоёрдугаар хагаст Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж  1962 онд
санаачлан их найрлыг сэргээн Монголын орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал
байгуулсан нь 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол төрийн
Үндэсний хөгжмийн их найрал байгуулах тухай” зарлигаар өргөжин дахин сэргэсэн
юм. Энэ удаад Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчдын
туурвисан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын алдарт бүтээлүүд болох бүжгийн
жүжгийн хөгжмүүд,  дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн бүтээл,
морьтон түмний минь хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас
сэдэвлэсэн хөгжмийн бүтээлүүдийн  яруу тансаг аялгуугта бүхэндээ өргөн
барихаар боллоо. 

Тоглолтонд:

      Монгол
Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт,  ардын жүжигчин 
Д.Лувсаншарав “Нарны домог”

      Төрийн
хошой соёрхолт,  ардын жүжигчин  Н.Жанцанноров “Мэргэнд буусан чоно”

      Төрийн
соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав“Алтан ураг” Төрийн шагналт
Ц.Нацагдорж“Нүүдэл”

      Төрийн
соёрхолт Б.Мөнхболдын “Монголын их хатад”      Төрийн
соёрхолт,  урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог “Жалам хар” 

      Монгол
Улсын Гавьяат жүжигчин Ц.Чулуунбат “Толин хул”

      Урлагийн
гавьяат зүтгэлтэн Л.Балхжав “Аварга зээрд”, “Талын монгол айл”

      Монгол
Улсын Гавьяат жүжигчин Ж. Мэнд- Амар “Монгол бөхийн дуулал”

      Ференц
Лист “Рапсоди” зэрэг бүтээлийн дээжээс тоглоно.

      Майкл
Жексон “Ертөнцийн аялгуу”

Мөн
энэ онд Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн
зохиолч Б.Шаравын үндэсний найрал хөгжимд зориулсан анхны бүтээл болох “Сэрсэн
тал” удиртгалын 30  жилийн ойг тэмдэглэж байгаагаараа  онцлог
юм. 

Categories
мэдээ нийгэм

“ХААН ТУУЛЬСЫН ӨРГӨӨНИЙ НЭЭЛТ” БОЛНО

Монгол
Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол тууль хөтөлбөрийг
хэрэгжүүлэх үүднээс “Хаан туульс, туулийн өргөө”- г нээх нээлтийн ёслолын арга
хэмжээг ССАЖЯамны Соёлын Өвийн Хэлтэс, Соёлын Өвийн Төв, Богд хааны ордон
музейн захиргаа хамтран Богд Хааны Ордон Музейд  2014 оны 09 дүгээрсарын
11-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулах гэж байна.

Даяаршлын
эрин үед нүүдлийн соёл иргэншил, аман өвийн баялаг уламжлалаараа дэлхийд
дээгүүрт орох Монголчуудын хувьд соёлын давтагдашгүй уугуул төрхөө хадгалж
үлдэх , өвлүүлэн уламжлуулах нь хөгжил дэвшил тусгаар тогтнолын баталгаа болно.
 

Монгол
тууль бол монголчуудын эх байгалиа хамгаалах, байгаль дэхийтэйгээ хэрхэн
зохицон амьдарч ирсэн зан заншил, эх оронч үзэл, нэгэн гэр бүлээс эхлээд нутаг
ус, улмаар улс үндэстнийхээ түүх бахархалыг ам дамжуулан хүүрнэж, хойч үеээ
хүмүүжүүлэн төлөвшүүлж ирсэн нандин уламжлал болж, ирснийг сэргээхэд энэхүү
Хаан туульсын өргөө чухал ач холбогдолоо өгөх юм.

Үндэснийхээ
соёлын уламжлалыг хадгалах, хөгжүүлэхээр зорьж буй энэ үед ардын аман соёлын
талаарх ард иргэдэд ойлгуулан мэдрүүлэхэд уг өргөөний ач холбогдол оршино.
Энэхүү өргөө нээгдэх нь

 Монгол
үндэсний уламжлалт түүх соёл, ёс заншлын талаарх ойлголтыг олон нийтэд түгээн
дэлгэрүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн  Монгол туулийн урлагийг
хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн
хөтөлбөрийн биелэлтэд ихээхэн нөлөө үзүүлж  Монгол туулийн бүх төрөл
зүйлийг хамарсан дуу , дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг
бүрдэх ажээ. Мөн ардын аман өвийг уламжлуулан хойч үедээ сургаж, өвлүүлэн
уламжлуулж,  улсын нэгдсэн бүртгэлд хамруулах юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Монголын төр 19 дэх жилдээ хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ

Хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд
Н.Алтанхуяг болон төр засгийн түшээд хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдийн хамт
Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

1998
онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн
дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэлтэд өртсөн 36 мянган
иргэний дурсгалыг хүндэтгэх болсон юм. Энэ жил хэлмэгдэгсэд болон тэдний гэр
бүлийнхэнд Монголын төр 19 дэх удаагаа хүндэтгэл үзүүлж байна.

Монгол
Улсын Засгийн газар хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг үе шаттай зохион
байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 31203 хүний хэргийг шалган цагаатгаж, нэр
төрийг нь сэргээснээс гадна 18036 хүнд 16,2 тэрбум төгрөгийн нөхөн олговор
олгожээ.

Улстөрийн
хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэ өдрийн хүрээнд “1932 оны
бослого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, сүм хийдэд буяны номын хурал
болж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос хэлмэгдэгсдийн
ар гэрийнхэнтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг
байгуулах тухай”  А/767дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Удирдлагын
зөвлөлийн хурлын  2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаас
өгсөн үүргийн дагуу Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр  2014 онд 
нийслэлд  хийгдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын их болон урсгал засварын
ажлын тендер шалгаруулалт, явц гүйцэтгэлд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг дээрх захирамжаар баталлаа. 
 Хяналт, шинжилгээ хийх ажлын хэсгийг Нийслэлийн ЗДТГ-ын
 Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга ахалж ажиллах бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг 2014 оны  09
дүгээр сарын 18-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг
үүрэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“ЭХ ОРОНДОО ЭЗЭН БОЛЦГООЁ” ТАЙВАН ЖАГСААЛ БОЛЛОО

Монгол Улс. Улаанбаатар хот. 2014 оны 9-р сарын 10. “Хүсэл
зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр Чингисийн толбайд “Эх орондоо эзэн болцгооё.

Цуглааныг зохион байгуулж байна. Тайван жигсаалд 57 төрийн бус
байгууллага, иргэний хөдөлгөөний гишүүд оролцож байна

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

 Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр тохиодог билээ.

1998 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хуулийн дагуу жил бүрийн энэхүү өдөр хэлмэгдэлтэд хэлмэгдэлтэд өртсөн 36 мянган иргэний дурсгалыг хүндэтгэх болсон юм.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн