Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үзэмж, чадамж нь хосолж байж мисс, “Өдрийн сонин”-г сугавчилж байж босс болдог

Монголын твиттер ертөнцөд @tsetsensaid хаягаар үзэл бодлоо илэрхийлэгч нэгэн “Үзэмж, чадамж нь хосолж байж мисс болдог, “Өдрийн сонин”-г сугавчилж байж босс болдог” хэмээн жиргэжээ. Энэ хүн үнэнийг өгүүлжээ. 

Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн, бусад салбарт манлайлагч  хүн бүрийн ширээн дээр “Өдрийн сонин” л байдаг. “Өдрийн сонин” дээр бичигдэж байж улстөрч болдог гэлцэх нь ч бий. 

Яагаад гэвэл “Өдрийн сонин”-оос бусад хэвлэл, сонины захиалагчдын тоо таван мянгаас хэтэрдэггүй. Цаг ямагт ийм байсаар ирсэн. Тэгвэл “Өдрийн сонин” үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 15 жилийн хугацаанд тогтмол 15 мянгаас дээш захиалагчтай байж хэвлэлийн салбарын тэргүүлэх брэнд болж чадсан юм. Тиймдээ ч “Өдрийн сонин”-ыг Монголын ардчилал, зах зээл, шударга ёсонд хэмжээлшгүй гавьяа байгуулсан гэж тодотгодог. Монголын бүх ард түмэн тал талаасаа тав, арван төгрөгөө нийлүүлэн улирал, жилээр нь захиалж өдий зэрэгтэй өндийлгөн босголцсон учраас өнөөдөр ард түмний өмөг түшиг нь болж байна. 

“Өдрийн сонин” бол Монголын ард түмний өмөг түшиг, гэрэлт цамхаг нь билээ.  Иймд та бүхэн “Өдрийн сонин”-оо захиалан уншаарай. 

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сайханбилэг: Ерөнхий сайдын үг хэн нэгэн сайд руу хандсан мэдэгдэл биш

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй ярилцлаа.

-Таныг
хэвлэлд хамгийн нээлттэй хүн гэж ойлгодог. Гэхдээ сүүлийн үед хаалттай хүн болчихоод
байх шиг анзаарагдаад байна. Эрхэлж байгаа албан тушаалаасаа болоод байна уу, эсвэл…

-Айл гэрийн гал тогооны ажил ямар их байдаг билээ. Хамгийн их ажлыг
нь нугалдаг хэрнээ үнэлэгддэггүй. Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол яг
л тийм ажил шиг санагддаг юм. Гэрийн ажил дийлддэггүйтэй адил зохицуулах зүйл ихтэй
алба шүү.  Зарим сайд ч хааяа тоглоом шоглоомоор
хэлдэг л юм.  Гэсэн ч энэ бол миний ажил,
хүлээсэн үүрэг, хариуцлага минь учраас гомдол нэхээд байх шаардлагагүй. Нөгөө талаар
ЗГХЭГ гэдэг өөрөө замын цагдаатай тун төстэй. Тэд замын голд зогсоод машинуудын
урсгалыг зохицуулдагтай л адил чөлөө завгүй байдаг. Бүх аймаг болоод яамтай, УИХ,
Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбогдох Засгийн газрын бүхий л харилцааг зохицуулна.
Тиймээс тэр болгон хэвлэлд ярилцлага өгөөд суух цаг гардаггүй юм. Мэдээж энэ албыг
үеийн үед хашиж ирсэн сайд болгон ийм л замыг тойроогүй дайраад өнгөрсөн байх. Би
ч тэр жишгээр явж байна даа.

-Ерөнхий
сайд танхимдаа сэлгээ хийнэ гэдгээ зарлачихлаа. Ингэж зарлах болсон шалтгаан нь
юу юм бол?

-Өөрийнхөө үгэнд тодорхой хэлсэн дээ. Засгийн газрын үйл ажиллагаанд
эрч нэмж, одоо байгаа зорилтуудаа биелүүлж, ямар чиглэлд ач холбогдол өгч ажиллахаа
тодорхой дурдсан. Үүнийхээ дагуу эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд
ажилласан шигээ эрчтэй ажиллана гэдгээ хэллээ. Тиймээс Засгийн газрын бүтцийн хувьд
зарим нэг өөрчлөлт,  танхимын  сэлгээ хийхээ мэдэгдлээ. Үндсэн хуулиар олгогдсон
өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ингэж зарлалаа.

-Ер
нь бол өнгөрсөн хаврын чуулганаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах уу, яах уу гэж хуралдсаар
байгаад таарсан. Харин энэ намар Н.Батбаяр сайдын асуудлыг ярьсаар байгаад дуусгах
юм биш биз дээ гэдэг хардлага байна. Яг энэ үед Ерөнхий сайд мэдэгдэл хийчихлээ
л дээ?

-Тийм учраас байр сууриа албан ёсоор илэрхийлчихлээ.

-Тэгэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах тухай таамаглал үнэн
гэдгийг Ерөнхий сайд баталчихаж байгаа гэсэн үг үү?

-Зөвхөн Н.Батбаяр сайдын асуудлаар
гэж хэлээгүй шүү дээ. Засгийн газрын  танхимын
бүтцийн сэлгээ хийнэ гэдгээ хэллээ. Ерөнхий сайдын мэдэгдэл хэн нэгэн сайд руу хандсан
яриа биш шүү дээ.

-Гэхдээ түүнийг үг хэлсний дараа янз бүрийн таамаг хөвөрч
байна. Н.Батбаяр, Ч.Улаан зэрэг сайд нарыг огцруулахаар төлөвлөсөн гэх зэргээр явж
байна?

-Ерөнхий сайдаас бусад бүх хүн
таамаглах эрхтэй шүү дээ. Ерөнхий сайд Засгийн газрын танхим, зөвлөх болон бусад
хүмүүстэйгээ зөвлөлдөж байж энэ асуудлыг оруулж ирэх байх. Асуудлыг УИХ-аар оруулах
хугацаа нь тодорхой болсон учраас юу хийхийг Ерөнхий сайд өөрөө мэднэ. 

-Тэгвэл танхимын сэлгээ гэдгийг нь юу гэж ойлгох вэ. Жишээ
нь Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаж, Сангийн яам бүхнээ хариуцдаг бүтэц
рүү шилжинэ. Ер нь зарим яамдыг нэгтгэнэ гэдэг санаа юм уу?

-Намрын чуулган эхлэх хүртэл  энэ асуудлаар ярьж, зөвлөлдөх хугацаа бий.  Тэртэй тэргүй 2012 оны сонгуулийн дараа, ер нь
ажлын явцад Засгийн газрын бүтцийн асуудлаар маш олон санал энд тэндээс ирж байсан.
Энэ бүхний жин банг тааруулаад нэгдсэн саналаа УИХ-аар оруулах болов уу. Ер нь манайхан
улс төр хийхийн оргил нь Засгийн газрыг огцруулах гээд ойлгочихож. Сүүлийн 20 жил
ингэж явлаа шүү дээ. Үүний оронд ямар бодлогоор яаж ажиллах вэ гэдгийг шийддэг улс
төр хийх хэрэгтэй байна. Шаардлагатай бол заавал сөрөг хүчнээр шаардуулалгүйгээр
хариуцлага тооцох асуудлаа бид бүлэг дотроо ярьж шийдээд явж болно шүү дээ.

 

-Хүмүүсийн яриагаар бол энэ намар МАН, АН, МАХН-ын хамтарсан
их эвслийн Засгийн газар байгуулагдана л гэх юм. Ерөнхий сайдын хэлээд байгаа сэлгээ
нь магадгүй энэ ч юм бил үү?

-Засгийн газрыг огцруулна,  тэр сайдыг солино гэдэг яриа энэ Засгийн газрыг
байгуулагдах цагаас эхэлж явсан гэхэд болно доо. Тиймээс аль таамагт нь ямар хариу
өгөх вэ дээ. Би ч таамаглал дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ ингэж таамаглах нь хэнд хэрэгтэй
юм. Хэн нэгнийг огцруулах уу, үгүй юу гэдэг дээр бид дэндүү их сатаарах юм.

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёрхон жил
үлдчихсэн. Тиймээс төр нь тогтвортой байж, улс орны ажлыг цалгардуулахгүй байх нь
чухал юм шиг санагдах юм.  Өөрчлөлт сэлгээ
хийх шаардлага байна уу?

-Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж
байгаа хүний хувьд шууд тийм шүү гээд хэлчихэд хэр зохистой юм бол. Гэхдээ ер нь
гадна, дотны хүмүүстэй уулзаж байхад “Танай хууль эрх зүйн орчин их аятайхан боллоо.
Одоо Оюу толгой, Таван толгойгоо яахыг чинь харж байна. Үүнийгээ боломжийн шийдчихвэл
дараа нь наад улс төрөө тогтвортой байлгах хэрэгтэй” гэдгийг л хэлж байна. Төрийн
тогтвортой байдал хадгалагдвал Монгол Улсын эрх ашигт л тустай. Тэрнээс хэн нэг
сайд, Засгийн газрын эрх ашгийн асуудал биш л дээ.

-Нөгөө талаар Засгийн газар тогтвортой байх нь Ардын намаас
биш АН-аас өөрсдөөс нь шалтгаалах гээд байх шиг заримдаа харагддаг…

-Тийм шүү. Бид дотроо хэл амаа
олох ёстой. Нэг зорилгын төлөө хамтдаа явах хэрэгтэй. Үүний тулд ҮЗХ, намын бүлэг
гэж байна. Асуудлыг энэ байгууллагуудынхаа хүрээнд ярьж шийддэг байх учиртай. 

-ҮЗХ хуралдсангүй, цус сэлбэлт явагдсангүй гэх мэтийн хэл
ам гараад л байна?

-ҮЗХ-нд 220  гишүүн бий. Тэд цөм өөр өөрийн бодолтой. Нэгийнх
нь сэтгэгдэл хэвлэлд гарахаар АН дотроо маргаантай байгаа юм шиг харагддаг байх.
Гэхдээ бид бодлогын асуудал дээр нэг цул болж чаддаг. Өнөөдрийг хүртэл бүх санал
хураалтад нэг байр суурьтай, зангидсан гар шиг саналаа өгч бодлогоо тодорхойлсоор
ирлээ. Цаашдаа ч энэ байдлаараа явна. АН бол сүүдрээ нуудаггүй нам. Тийм учраас
жирийн нэг гишүүн даргаа шүүмжлэх нь ердийн үзэгдэл. Бусад намд ийм үзэгдэл хэр
элбэг билээ гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Ингэхэд АН зөвхөн МАХН-тай нууц гэрээ хийх гэж байсан гэдэг
мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Гэрээнийх нь төсөл хэвлэлээр ч гараад амжсан. Энэ
тал дээр юу хэлэх вэ?

-2012 оны сонгуулиар бид хамтран
ажиллах гэрээ байгуулчихсан. Түүнээс тусдаа гэрээ байгуулах ямар шаардлага байна
аа. Харин 2016 оноос хойш хийх гэрээнийхээ асуудлыг ярья гэдэг саналыг Шударга ёс
эвслийнхэн тавьдаг. Энэ бол нээлттэй. Үүнийг нууцын хүрээнд яриад байх ч шаардлагагүй. 

-2016 оноос хойш хийх гэрээний төсөл хэвлэлээр задарсан гэж
ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно.

-Тэгвэл тэр үед Н.Энхбаярыг НҮБ-д ажиллуулахаар яригдаж байгаа
гэж үү?

-Тийм зүйл байхгүй. Наадах чинь
цэвэр хардлага байна. Улс төрийн намуудын тохироогоор ийм асуудлыг шийдчихдэг юм
биш шүү дээ.

-Ийм утгатай гэрээ хийхээр төлөвлөж байсныг МАХН-ын дэд дарга
Д.Тэрбишдагва хүлээн зөвшөөрч ярьсан учраас танаас асуугаад байгаа юм?

-Би хүний нам дотор болж байгаа
процесс,тэдний хэлсэн зүйлийн талаар яримааргүй байна. Манайхтай харьцаж байгаа
албан ёсных нь асуудлыг хэллээ.

-Тэгэхээр хоёулаа сая манайд айлчилсан урд, хойд хөршийн тэргүүнүүд
юу яриад явсан талаар ярилцъя. Мэдээж албан ёсны мэдээллүүд хэвлэлээр хангалттай
явсан. Харин ямар айлчлал болсон, юу тохирсон тухай энгийнээр илүү нарийн мэдээлэл
өгөх байх?

-Азтай тохиолдлоор гэх юмуу даа
айлчлалын үеэр болсон бүх уулзалтад оролцлоо. Ер нь бол Хятадын дарга манайд 11
жилийн дараа, ОХУ-ын Ерөнхийлөгч таван жилийн дараа ирлээ. Энэ хоёр улсын тэргүүн
манайд ийм хол зайтай ирдэг байсан бол өнөө жил хоорондоо ердөө 13 хоногийн зайтай
айлчиллаа шүү дээ. Үүгээрээ монголчуудын хувьд том завшаан тохиолоо гэж ойлгож болно.

-Том завшаан гээд хөөрцөглөөд байх хэрэг байсан юм болов уу.
Ер нь бол оросууд тэртэй тэргүй ганцаардаад, Азийг түшихээс өөр замгүй болчихсон
байгаа үед өөрсөд шиг нь гэдгэр байхад яадаг юм гэх мэтийн яриа гадуур хөвөрч л
байна…

-Энэ хоёр бол манай мөнхийн хөрш.
Тиймээс энд хөөрцөглөлөө гэдэг яриа гарах ямар ч шалтаг шалтгаан байх ёсгүй. Хөршүүддээ
хүндэтгэлтэй хандаж,  хамтын ажиллагаагаа
өргөжүүлэх нь бидэнд чухал.  Бид таны хэлдгээр
20 жил гэдгэр явлаа шүү дээ. Хэн ч хожоогүй. Үр дүнд нь Орос, Монголын харилцаа
улам холдлоо. Тиймээс хоёр хөрштэйгээ харилцах харилцаагаа зүй зохистой хэмжээнд
хадгалж,  гуравдагч хөршийн харилцаагаа хэвийн
хэмжээнд хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гол баталгаа. Ийм учраас хоёр хөршийнхөө
харилцаанд ач холбогдол өгөх ёстой. Энэ чиглэлийн ажлуудыг хөхиүлэн дэмжинэ. Өмнө
нь манай хөрштэйгээ харилцах харилцааны түвшин буцалтгүй тусламжийн хүрээнд яригддаг
байлаа. Саяын айлчлалын үр дүнд харилцан эрх тэгш, хамтран ажиллах түншүүдийн харилцаа
руу шилжиж байна.

 -Хийн хоолойг Монголоор дайруулах
асуудал саяын айлчлалуудын хүрээнд яригдсан уу. 
Хийн хоолойн асуудал аль хэдийнэ хоёр хөршийн хүрээнд шийдэгдсэн асуудал
гэж ойлгоод байгаа…

-Нэг зүйлийг зөв ойлгох ёстой.
Орос, Хятадын хооронд гэрээ нь хийгдсэн хийн хоолой манай хойгуур тойрч, алс дорнодоор
дайрах юм. Манай яриад байгаа хийн хоолой үүнээс өөр. Манай баруун хязгаараар явах
юм. Үүнийг Монголын тал нутгаар дайруулах асуудлыг гурван улс судална гэж айлчлалуудын
үеэр ярьсан шүү дээ.

-Айлчлалын үеэр яригдсан зүйлүүд хэзээнээс биеллээ олох юм
бэ?

-Хятадын даргын айлчлалын үеэр
яригдсан асуудал болгоноор үр дүнг нь нэхэж байх үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн
газар байгуулсан.  ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар
яригдсан зүйлүүдийн үр дүнг ч ялгаагүй нэхнэ. Тийм учраас одоо манай сайд нар энэ
хоёр улсад чиглэл чиглэлийнхээ шугамаар ажиллахаар явцгаана.  Хятадын даргын айлчлалын үр дүнд бид далайд гарах
бололцоогоо нээлээ. 

-Ямар боомтуудаар
дамжиж гарахаар болж байгаа юм бэ?

-Бид Хятадын Тяньжин боомтоор дамждаг. Тэгвэл одоо нэмж найман боомтоор
дамжин гаргахаар болсон. Монгол  Улсын экспортын
барааны гуравны нэгийг гуравдагч хөршүүд рүү хүргэж өгөх эрхтэй болж байна. Энэ
боомтуудад хүрэх төмөр зам болоод бусад дэд бүтцүүдийг ашиглах боломж нээгдлээ.
Төмөр замаар зөөгдөж байгаа их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй тарифаар
буюу дэлхийн зах зээлийн дунджаас 40 хувиар хямд үнээр тээвэрлэхээр хоёр тал тохирлоо.
Энэ бүхэн нь манайхыг хоёр
хөрштэйгээ харилцаагаа улам батжуулж байгааг илэрхийлж байгаа ч нөгөө талаар гуравдагч
хөршүүд рүүгээ илүү нээлттэй болж буйг дэлхий нийтэд харуулж байна. Дээрээс нь нэг
зүйлийг онцолж хэлье. Хятадаас Монголд үзүүлдэг буцалтгүй тусламж хуучин цагт
50, 60 сая юанийн хэмжээнд эргэлддэг байлаа. Тэгвэл одоо 1,3 тэрбум юанийн тусламж
өгье. Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгоё гэдгийг Хятадын дарга хэлсэн.
Хоёр улсын эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтэд томоохон
боломжит үүд хаалга нээгдлээ гэсэн үг.

-Зээл аваад л байдаг. Юунд зарцуулах нь
чухал байх. Хятадаас өмнө нь авсан зээлүүдийн эргэн төлөлт, үр дүн сайнгүй гэлцдэг.
Ийм байхад нэмж зээл авах яриа хэр үр дүнтэй бол. Ер нь зээлээс татгалзах нь зөв
гэдэг хандлагыг УИХ-ын дарга хаврын чуулганыг хаахдаа хэлэх шиг болсон…

-Монголын эдийн засаг
өсөлтийн хувь өндөртэй,  илүү ирээдүйтэй гэдэг
утгаараа манай зах зээл хүмүүсийн сонирхлыг татдаг. Гэхдээ бодит тоо руу ороод ирэхээр
бидний эдийн засаг дэндүү жаахан л даа. Гэлээ ч Монгол Улсын хөгжих шаардлага маш
их байна. Тэгвэл эдийн засгийг тэлэх гол аргуудын нэг нь зээл. Мөн хөрөнгө оруулалт
шүү дээ. Яахав сүүлийн дөрөв, таван жилд Оюу толгойгоос хамааралтайгаар хөрөнгө
оруулалт сайн байлаа. Үргэлж ийм байх юм шиг бодож явсаар харамсалтай нь үүнийгээ
хамтын хүчээр гацаачихлаа. Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай
хууль, араас нь урт нэртэй хуулийг баталж, 106 лиценз тойрсон хэрүүл маргаан хийж,
хөрөнгө оруулалтыг зогсоолоо. Тийм учраас одоо зээлийг хумина гэвэл бидний эдийн
засаг яаж тэлэх юм бэ. Хэн хариу өгөх юм.

Би зарим гишүүдээс
асуудаг юм. “Та хувийн компанитай байсан бол банкнаас зээл авч, бизнесээ өргөжүүлэхийн
төлөө гүйж байгаа. Гэтэл Монгол Улсын түвшинд зээл яригдахаар яагаад болдоггүй юм
бэ” гэж.

-Зээлээ үр ашиггүй зарцуулж, өр болгоод
байна. Үр дүнд нь харанхуй ирээдүй биднийг угтаж байна гээд сөрөг хүчин яриад байгаа
учраас яалт ч үгүй болгоомжлол төрөөд байна л даа?

-Ойлгож байна. Зээлийн
хажуугаар үйлдвэрүүдээ хөгжүүлэх ажлыг хамт хийх ёстой.  Бид улсын зээлийн хязгаарыг нэмэх асуудал тавьж
байна. Тэгтэл зэрэгцээд нөгөө талд нь хөрөнгө оруулалтын бололцоонуудыг давхар нээнэ.
Үүний тулд урт нэртэй хуулийн хэрэгжилтэд наанатай, цаанатай хандъя. 106 лицензийнхээ
асуудлыг цэгцэлье. Оюу толгой, Тавантолгойг шийдье гэж байна. Үнэндээ үүнийг л хөрөнгө
оруулагчид харж байгаа. Хөрөнгө оруулалт орж ирэх бүх үүд хаалгыг түгжчихээд байгаа
цоожнуудыг түлхүүр тааруулж онгойлгохоор ажиллаж байна. Гэтэл Оюу толгой, Тавантолгойг
тойрсон улстөрчдийн популизм тасрахгүй бол ажил яаж урагшлах юм бэ. Үүн шигээ зээлийг
хумина гэж ярих юм бол Монгол Улсаа дампууруулах бодлого явуулснаас өөрцгүй юм болно.  Импортыг орлосон олон зуун төсөл боловсруулаад,  зээл өгөөч гээд явж байгаа хувийн хэвшлийнхэн
дүүрэн байна. Энэ нь манай улсад мөнгө хэрэгтэйг харуулаад байна шүү дээ.

-Зээл авч зам тавиад байгааг сайшаахгүй
хүн олон бий байх?

-Замын үр ашгийн тухай
яриа харьцангуй ойлголт. Богд уулын бэлээр явах авто зам нээгдлээ. Баянзүрхийн товчооноос
нисэх хүртэл хэдхэн минут давхиад орохоор боллоо шүү дээ. Үүнийг үр ашигтай байлгана
гэвэл Баянзүрх юм уу нисэхийн уулзвар дээр машинуудаас мөнгө хурааж ч болно. Энэ
бол өөр асуудал. Тэгээд ч 21 аймгийн төвийг нийслэлтэйгээ замаар холбоогүй улсыг
ямар хөгжилтэй гэх юм. Тиймээс замын ажлыг хийхээс өөр арга байхгүй. Мэдээж эргээд
түргэн хугацаанд мөнгө олох төслүүдэд зээлээ зарцуулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж
байна. Энэ хандлага руу бодлогоо чиглүүлж, экспортод чиглэсэн үйлдвэрийг дэмжье
гэдэг маягаар Засгийн газар ажиллаж байгаа. Монголд орж ирж байгаа мөнгө болгоныг
үйлдвэр барих, нэмүү өртөг бий болгох ажилд оруулах ёстой гэдэг чиглэл рүү угаасаа
орж байна.

-Гэхдээ Ардын намыг сөрөг хүчин байх хугацаанд
өрийн хязгаарыг нэмэгдүүлэх тухай яриад нэмэргүй юм шиг байна лээ. Тэгэхээр яана
гэсэн үг вэ?

 -Сөрөг хүчин дэмжих үү, үгүй юу гэдгээр асуудлыг
харж болохгүй. Улс орны эрх ашгийн төлөө их үйл хэрэг дээр сөрөг хүчин эсвэл эрх
баригч яах бол гэдэг өнцгөөс хандаж болохгүй. Ийм зүйлүүд дээр улсын эрх ашгийг
нэгдүгээрт тавьдаг болох юм бол олон асуудал ямар ч түгжээгүйгээр урагшилна.

-Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх асуудал дээр
сөрөг хүчнийхний өөрсдийнх нь хэлдгээр хүч түрээд явна гэсэн үг үү?

-Асуудлуудаа харилцан
зөвшилцлөөр явуулах нь хаа хаанаа хэрэгтэй. Гэхдээ өрийн хязгаарыг нэмэх асуудалд
хүч түрэх тухай ойлголт байхгүй шүү дээ. 
Хуулиараа боломжгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр
асуудлыг шийдэх учраас. Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Намрын
чуулганы хугацаанд үүнийг шийдэх хэрэгтэй.

-Нэгэнт зээл ярьсан учраас Чингэс, Самурай
бондын талаар асууя. Зарцуулалт нь тодорхойгүй, хичнээн төгрөг үлдчихээд байгаа
нь ойлгомжгүй гэх мэтийн олон асуултууд байдаг?

-Бондын зарцуулалт,
хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бүрийн талаар УИХ-д байнга тайлагнадаг шүү дээ. Ерөнхий
сайд ч өөрөө чуулганд гурав, дөрвөн удаа мэдээлэл өгсөн. Бондын мөнгийг юунд зарцуулсан
тухай зузаан баримтыг УИХ-ын гишүүдэд тараасан. Ийм байхад мэдээлэл дутмаг, бүрхэг
байна гэдэг яриа үүсгэж байгаа бол улс төрийн зорилготой гэж үзэхээс өөр аргагүй.  Хоёрдугаарт бондын үлдэгдэл мөнгийг үйлдвэрүүдэд
зарцуулна. Төсөл хөтөлбөрийг нь шалгаруулаад явж байна. Самурай бондын мөнгийг ч
энэ чиглэлээр зарцуулна.  Зээл авснаас хойших
хугацаанд бид бодлогоо улам боловсронгуй болгож, ухаажиж байна гэх юм уу даа.

-Ингэхэд ямар үйлдвэрүүдийн тухай яриад
байна вэ?

-Мах, сүү, ноос ноолуур,
өвлийн хүлэмж, оёдлын салбарт хөрөнгө оруулсан шүү дээ. Чингэс бондын мөнгөөр төмөрлөгийн
үйлдвэр, мөн цементийн гурван ч үйлдвэрийн төслийг дэмжихээр болсон. Цементээ дотооддоо
бүрэн хангахаар болж байна. Өнгөрсөн хавар сая тоннын хүчин чадалтай Хөтөлийн цементийн
үйлдвэр ашиглалтад орлоо. Оны төгсгөлд “МАК”-ийн мөн сая тоннын хүчин чадалтай цементийн
үйлдвэр ашиглалтад орно. Түүний дараа “Монполимент” компанийн сая тоннын хүчин чадалтай
үйдвэр ажиллаж эхэлнэ. Нийтдээ гурван сая тоннын цементийн үйлдвэр манайд бий болох
нь. Энэ үйлдвэрүүд ажиллаад эхэлбэл Чингэс бондын өрийг төлөх нөхцөл эхнээсээ хангагдаад
ирнэ шүү дээ.  Хэдийгээр муу хэлүүлсэн ч манай
Засгийн газар яаж ажиллаж байгаа тухай гуравхан тоо хэлье. Та тэртэй тэргүй танай
Засгийн газар яаж ажиллаж байна вэ гэж асуух байлгүй.

-Мэдээж…

-Монгол Улс
1991-2011 он хүртэл 200мГв эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байдаг. Тэгвэл
2012-2014 оны хооронд хоёр жилийн дотор Монгол Улс үүнтэй тэнцэх эрчим хүчний хүчин
чадал бий болголоо шүү дээ. 2000 оноос хойш 12 жилийн дотор Монголд нийт  2300 орчим км зам тавьсан байна. Гэтэл бид хоёр
жилийн хугацаанд 2500 км зам тавьжээ.  Жилд
дунджаар 38 мянган айлын орон сууц барьж байсан түүх байхгүй шүү.  Ингээд бодохоор бүтээн байгуулалт үнэхээр өрнөж
байна. Энэ бол муу хэлүүлэн байж мөнгө, хөрөнгө оруулсны үр дүн.

-Өөр онцлох ажил юу байна вэ?

-Эдийн засгаа эрчимжүүлэх
хөтөлбөр гаргаж ажиллалаа. Том бүтээн байгуулалтын үйлдвэр нээх гээд тоног төхөөрөмж
оруулж ирвэл татварыг нь хоёр жилээр хойшлуулах эсвэл хэсэгчилж төлөх боломжийг
нээж өглөө. Жижиг, дунд үйлдвэрээ дэмжиж, гааль,НӨАТ-ын татвараас чөлөөлдөг асуудлыг
2016 он хүртэл хойшлууллаа. Хайгуул хийх бололцоог хөрөнгө оруулагчдад нээж өгөв.
НӨАТ-ын буцаан олголтын асуудлыг УИХ-д өргөн барьчихсан байна. Энэ бүх хуулийг шийдүүлээд
байгаа нь бизнесийн орчныг таатай болгохын тулд шүү дээ. Мэргэжлийн хяналт өнгөрсөн
хугацаанд 6300 гаруй бараанд шалгалт хийдэг байж. Тэгвэл үүнийг нь цөөлж,  700-хан бараанд хяналт шалгалт хийдэг болголоо.
Хийсэн болгоноо нэг бүрчлэн ярина гэвэл та бид хоёрын ярилцлагын цаг хүрэхгүй байх.
Засгийн газар хийсэн бүхнээ заалт бүрээр нь энгийн ойлгомжтой хэлбэрээр бэлтгэж,
УИХ-д өргөн барина. Ард түмэндээ ч тайлагнана.

-Эдийн засгийг 100 хоногт сэргээхгүй бол
огцроорой гэдэг сануулгатайгаар та бүхэн ажилласан байх. Үнэхээр 100 хоног ч хурдан
юм. Үр дүн нь юу болов. Сөрөг хүчин бол хангалтгүй гэдэг дүн тавьчихаад л сууж байна?

-Эдийн засгийг
100 хоногийн дотор эмчилнэ гэж хэн ч яриагүй. Тэр бол улс төрийн зорилгоор хачир
нэмсэн асуудал шүү дээ.  Бид 100 хоногт дэвшүүлсэн
зорилгоо биелүүлсэн. Эдийн засгийн асуудалд Засгийн газар, бизнесийнхэн, УИХ-ын
анхаарлыг хандуулна гэдэг зорилгодоо хүрсэн. Засгийн газар бизнесийнхэнтэй хамтарч
ажиллаж чаддаг юм байна гэдгээ харууллаа. Зөвхөн татварын чиглэлээр гэхэд 14 төрлийн
хууль санаачилж, ихэнхийг нь батлууллаа. Одоо хэд хэдэн хуулийг УИХ-аар хэлэлцэхээр
хүлээж байна. Транзит тээврийн асуудлыг шийдчихлээ. Одоо төмөр замынхаа асуудлыг
шийднэ. Том бүтээн байгуулалт төсөл хөтөлбөрийг урагшлуулах бололцоо гарч байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийсэн 100 ажлын жагсаалтыг бид гаргачихсан
байна.

-Хөрөнгө оруулалт яаж нэмэгдэв, долларын
ханш буурав уу, эдийн засгийн үзүүлэлт дээшлэв үү гэдэг бодитой тоог л хүмүүс нэхдэг
юм…

-Яг тийм бодит үзүүлэлтийг
гаргаж байгаа. Жишээ нь шатахууны үнэ тогтвортой байлаа. Өмнө нь байнга л нэмэгддэг
байсан. Гэтэл сүүлийн хоёр жил шатахууны үнэ нэмэгдлээ гэдэг яриа сонсоогүй болохоор
хүмүүс мартчихаад байх шиг байна. Үүнийг санах ёстой. Лицензүүдийн асуудлыг цэгцлэхээр
Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барилаа. Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг
баталсан учраас өнөөдөр Монголын алт Монголдоо үлдэж байна. Монголбанкинд жилд дөрвөн
тонн алт тушаагддаг байсан бол сая найман сарын байдлаар 6.6 тонн алт тушаагдчихаад
байна. Махны үнэ, гурилын үнэ огцом хөдөлсөнгүй. Орон сууцны бага хүүтэй зээлийг
хотод олгоод зогссонгүй хөдөө орон нутгийн иргэдэд долоон хувийн хүүтэй өгөхөөр
болж байна. Шинэ сум хөтөлбөр үргэлжилж байна. Өмч хувьчлалыг бид шинэ шатанд гаргаж
байна. Энэ бүхэн эзэн 100 хөтөлбөрийн хүрээнд бий боллоо. Гэхдээ 100 хоногоор энэ
бүхэн дуусгавар болохгүй. Цаашид үргэлжилнэ.

-Долларын ханш цаашид бууж төсөвт тусгагдсан
1384 гэдэг тоон дээрээ очих болов уу?

-Долларын ханшийн
асуудал дээр ганц юм хүсье. Улс төр бага хийгээч. Тэртэй тэргүй манайд доллар ихээр
орж ирвэл тэр хэрээр ханш нь бууна. Улстөрчид хэвлэлийн бага хурал хийгээд яриад
л байх юм бол ханш нь савлаад байна. Зүгээр зах зээлийнх нь жамаар явуулах хэрэгтэй
байна. Одоо Хятадын 160 сая ам.долларын санхүүжилт манайд орж ирнэ. Швейцарийн банкны
300 сая ам.долларын санхүүжилтийг энэ долоо хоногт авна. Араас нь Худалдаа хөгжлийн
банкны 500 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ. Он гартал долларын урсгал тасралтгүй
үргэлжилнэ. Дээрээс нь Оюу толгой, Тавантолгойн асуудлыг удахгүй шийдэж, гацаанаас
гаргана. Тэгэхээр хөрөнгө оруулалт саадгүй орж ирнэ. Уул уурхайн хайгуулын чиглэлээр
ам.долларын урсгал хөвөрнө. Энэ мэтээр дунд хугацааны төсөөлөл бүх зүйл дээр гэгээтэй
харагдаж байгаа. Тиймээс бүгдийг зах зээлийнх нь голдрилоор явуул. Дундаас нь улс
төрийн ашиг хонжоо хайж бүү хутгалдаасай гэж бодож байна.

-Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдын
яриаг сонсохоор бүх зүйл гэгээтэй сайхан байгаа мэт санагддаг.  Гэвч бодит байдал дээр энэ бүхэн харагдахгүй байна
гэдэг шүүмжлэл бий…

-Бүх юм сайхан болно
гэдэг маягаар эрх баригчид иргэдээ хуураад байгаа юм биш ээ. Бидэнд асуудал их бий.
Тэр болгоныг тодорхой хэмжээнд шийдэж байна. Шийдэх ёстой асуудлууд ч үлдэж байна
гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ сөрөг хүчний зорилго нь эрх баригчдыг шүүмжлэх учраас
тэднийг буруутгаад яахав.

-Хаах, боох, хорих, цагдахаараа юу юунаас
давуу байна. Ардчилсан засаг гэж ийм байхыг хэлдэг юм уу гэдэг зэмлэл ч байгаа?

-Бидний амьдарч байгаа
нийгэм анархи биш учраас дүрэм, журам, стандарттай байхёстой. Үүнийг л мөрдүүлэх
гэж, ийм байх ёстой шүү, энэ шаардлагыг хангаарай гэхээр хаалаа, боолоо, хавчлаа
гэдэг асуудал яригдаад байх шиг байна. Жишээ нь өнөөдөр сэтгэгдлүүдийг хаасан билүү,
хаагаагүй. Сэтгэгдэл хаах тухай асуудал хэзээ ч тавиагүй. Харин хүн харааж, гүтгэж
доромжилж болохгүй гэдэг стандартын тухай ярьсан.  Хэвлэл мэдээллийн салбарт ч хааж боосон зүйл хаана
ч байхгүй.

-Яагаав өнгөрсөн жил кабелийн телевиз,
саяхан нэг сайтыг хаалаа. Энэ бүхэн нь эрх барьж байгаа ардчилсан засгийн хийсэн
ажил шиг харагдаад байна…

-Кабелийн телевизүүд
дээр стандартын асуудал яригдсан. Нэг нь яахаараа хоёр гурван тэрбумын хөрөнгө оруулалт
хийж, хүмүүс цалинжуулж, студи байгуулдаг. Нөгөө нь жижиг юмаар аргалж, бусдын оюуны
өмчийг ашигладаг юм бэ. Ийм учраас л стандартаа мөрдөх асуудал тавьсан. Гэхдээ үүнийг
Засгийн газар хийгээд байгаа юм биш. Харилцаа холбооны зохицуулах хорооноос дүрэм
журмынхаа дагуу асуудал тавьсан. Энэ бол аль Засгийн газар байхаас үл хамааран хийгдэх
ажил.  Зөвхөн хэвлэл мэдээлэл ч бус бүх салбарт
ийм стандарт мөрдүүлэх хэрэгтэй.  Үг хэлэх,
хэвлэн нийтлэх эрх нь бидний суурь зарчим учраас түүнд халдах эрх байхгүй.

-Ц.Бат гэдэг жиргээчийг хорьсон явдал
нь үг хэлэх эрх чөлөөнд халдсан хэрэг гэж ойлгогдоод байгаа. Үүнийг ч Засгийн газрын
явуулж байгаа бодлогын үр дүн гэдэг утгаар харах хүмүүс байна л даа?

-Жиргээ олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү гэдгийг хуулиараа тодорхойлох шаардлагатай. Интернетийн
орчин дахь энэ асуудлуудыг зохицуулах хэрэгтэй юм байна гэдэг нь энэ жишээнээс харагдлаа.
Энэ бүхнийг шийдээд явбал ийм асуудал гарахаас нь өмнө сэргийлнэ.

-Ц.Бат жиргээчийг хэдийгээр сулласан ч
түүний хоригдсон явдал бол  нэгэнт өнгөрсөн
асуудал гэж үү?

-Засгийн газар хэн
нэгнийг шоронд хориогүй. Шүүх хүнийг хорих шийдвэр гаргадаг шүү дээ. Ер нь хүн өөрийнхөө
үзэл бодлыг илэрхийлсний төлөө эрх чөлөөгөө хасуулна гэдэг байж болохгүй л зүйл.

-Гэтэл танай танхимын сайд хүнийг үзэл
бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчлуулсан нь Засгийн газрыг бүхэлд нь харлуулаад  байгаа юм шиг байна…

-Энэ асуудал руу засаг
хутгалдаагүй. Хувь хүмүүсийн хоорондын асуудал. Ер нь зарим найз нөхдөдөө хэлдэг
юм. Завгүй энэ их ажлын хажуугаар хаагуур нь жиргэдэг байна гэж. Хэрвээ хүн жиргэж
л байгаа бол тэндээс үүдэх үр дагаврыг өөрөө хүлээх ёстой. Тийм учраас миний хувьд
жиргээнд, фэйсбүүкт ч ордоггүй. Засаг төрд зүтгээд явж байгаа хүн жиргээд байх нь
тааламжтай иш. Миний өмнөөс хуурамч акаунт нээсэн байсныг харин буцааж олж авсан
шүү.

-Засгийн газраас нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
ч араасаа асуудал дагуулчихлаа. Үнэхээр ийм маапаантай хөтөлбөр байсан юм уу?

-Нэг зүйлийг ойлгохгүй
байна. Манай Л.Гансүх зөвлөх хааяа бараг нүүр нь хөө болчихсон л явдаг байлаа. Нүүрс
хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж бүтэн жил зүтгэсэн дээ. Үр дүнд нь 200 мянган төгрөгийн
үнэтэй нүүрсийг хүмүүсийн гар дээр 80 мянган төгрөгөөр аваачсан. Тэр бол хөдөлшгүй
үнэн. Тийм байхад юу нь болохоо байчихсан юм. 
Асуудал байсан юм бол шүүх гэм буруутайг нь тогтоосны дараа барьж хорих ёстой.
Гэтэл яагаад шүүхээр буруутайг нь тогтоогоогүй байхад хорьчихов гэдгийг ойлгохгүй
байна. Энэ нь 1930-аад онд үйлчилж байсан зарчмаасаа салаагүйн илрэл гэдгийг нь
харуулж байна. Хуулийн шинэчлэлийг яаравчилж, ийм гажуудлыг даруй өөрчлөх ёстойг
нотлоод байна.

-Засаг барьж байгаа намд хууль, шүүхийнхэн
үйлчилдэг гэдэг ойлголт байдаг. Гэтэл эрх баригч намынхан ч баригдаад байгааг харвал
энэ ойлголтод өөрчлөлт орсных юм болов уу гэж бодогдохоор байна…

-Хуулийн байгууллагынхан
хэн эрх мэдэлтэй байхаас үл хамаараад, гагцхүү хуульд захирагдан ажиллах ёстой.
Таны асуултаас харахаар нээрээ бид урагшлаад ч байгаа мэт. Гэхдээ юу юугүй барьж
хориод л хуучин шигээ хэрэг тулгах гээд байгааг нь харахаар шинэчлэл яагаа ч үгүй
харагдах юм.

-Та түрүүнд хөрөнгө оруулалтыг хамтын
хүчээр гацаачихлаа гэдэг үг хэлсэн.  Яалт
ч үгүй АН-ын засгийн үед Оюу толгой, Таван толгой асуудалд орчихлоо.  Үүнийг өмнө нь Оюу толгойг эсэргүүцдэг байсан
хүмүүс сайд болчихсон зэрэгтэй нь холбож ойлгох нь их?

-Оюу толгой, Таван
толгой уналтад орох тухай ойлголт хаана ч байхгүй. Аль аль нь хүчин чадлаараа ажиллаж
байгаа. Жишээ нь Оюу толгойгоос гарсан зэсийн концентраци Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд
хүрчихлээ. Та бид хоёрыг яриад сууж байх энэ цагт Оюу толгой, Таван толгой хоёулаа
ажиллаж байна. Оюу толгойн гол баялаг газрынхаа гүнд байгаа. Түүнийг ашиглахад санхүүжилт
хэрэгтэй байна. Энэ төвөгтэй болчихоод байна. Оюу толгойн талаар маргаантай байгаа
30-аад асуудлаар Засгийн газар “РиоТинто”-той ярилцаж, эхнээс нь цэгцэлсэн. Одоо
дөрөв нь л үлдчихээд байна. Сайд нарын зүгээс хувь хүний байр сууриар хандаад байгаа
юмбайхгүй. Монгол Улсын эрх ашгийн өмнөөс Засгийн газрын нэгдсэн бодлогын дагуу
ажиллаж байгаа.

-Үлдсэн дөрвөн асуудлын тухай дэлгэрүүлээч?

-Нэгдүгээрт анхны
хөрөнгө оруулалтын илүүдлийн асуудлыг одоо болтол шийдэж чадаагүй. Хоёрдугаар шатны
олборлолтын ажлын ТЭЗҮ-г “РиоТинто” манай талд хүлээлгэж өгөх ажил байна. Сүүлд
гарсан татварын маргаан бий. Далд уурхайн төслийн санхүүжилт асуудалтай байгаа.Гэхдээ
есдүгээр 30-ны дотор эдгээр зүйлүүдийг нэг тийш нь болгоно. Тиймээс Засгийн газар
бололцоотой бүх арга хэмжээг авч байна. Есдүгээр сарын 30-нд хоёр тал нэгдсэн байдлаар
байр сууриа илэрхийлэхээр чармайн ажиллаж байгаа.

-Ийм богино хугацаанд шийдэж чадах уу?

-Шийдэх бололцоотой.
Одоогийн байдлаар Оюу толгойн зэсийн компанийн захирал Монголд ажиллаж байна. Энэ
сардаа багтаагаад гадаадад болон Улаанбаатарт хэд хэдэн яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн.  Сарын сүүлийн долоо хоногт “РиоТинто”-гийн нэгдүгээр
хүнийг Монголд ирүүлэх урьдчилсан тохиролцоотой байгаа. “РиоТинто”-гийн нэгдүгээр
хүн манайд өмнө нь ирж байгаагүй шүү дээ.

-Таван толгойн хувьд ямар яриа байна вэ?

-Таван толгойн хувьд
гурав, дөрвөн сая тонн нүүрсийг дангаараа гаргаж л байна. Гэхдээ хэд хэдэн дутагдал
байна аа. Төр менежментээ хийсэн хэвээрээ. 
“Чалко”-гийн өр одоо болтол дуусаагүй гэх мэтийн асуудал бий. Тийм учраас
Таван толгойг шинэ түвшинд гаргаж,  2010 оноос
хойш зогссон яриа хэлцлүүдийг сэргээе. Нүүрсний үнэ уначихсан байгаа энэ үед хэрхэн
урагшлах нөхцөлүүдийг ярья гэдэг маягаар Засгийн газраас  шийдвэр гаргалаа. Үндсэндээ долоон нөхцөл гаргаж
тавьж байна. Эхний ээлжинд ойрын 2.5 жилийн дотор 30 сая тонн хүртэл угаасан нүүрс
гаргах үүргийг Таван толгойн шинэ хөрөнгө оруулагчид оногдуулах гэж байна. Дээрээс
нь угаах үйлдвэр барих даалгавар өгнө. Мөн Таван толгой- Гашуун сухайтын чиглэлд
тавьж байгаа төмөр замыг гүйцээн барь. Дараа нь Сайншандын чиглэлд төмөр зам барих
ажилд оролц гэдэг даалгавар өгч байна. Таван толгойн лиценз Монгол Улсад үлдэнэ.
Таван толгой компани зөвхөн татвараа авдаг зохион байгуулалтад шилжинэ. Харин хөрөнгө
оруулагч нь олборлолт, тээвэрлэлт, менежментээ хариуц гэдэг чиглэл өгч байна. Монголын
консерциумууд Таван толгойд орж, хөрөнгө оруулалтаа хий. “Чалко”-гийн өр төлбөрийг
бүрэн барагдуул. Ингээд баруун, зүүн цанхи дээр үйл ажиллагаа явуул гэдэг чиглэл
өгч байна. Надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа. Засгийн газар ийм нөхцөл
тавьж байна гэдгээ Таван толгойд урд нь оролцсон бүх компани руу явуулж байна. Арваннэгдүгээр
сард багтаан хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд саналаа өгнө. Хамгийн сайн санал
ирүүлсэнтэй нь арван хоёрдугаар сарын 15-ны дотор Таван толгойг хөдөлгөх яриа хэлэлцээрээ
хийж дуусгана. Энэ түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа шүү дээ. Таван толгойг
сонирхоод байгаа том том компаниуд саналаа ирүүлэх байхаа гэж найдаж байна. Одоо
жижигхэн Налайхын уурхай шиг хөдлөхөө больё, хамгийн их нөөцтэй ордоо эдийн засгийн
эргэлтэд даруй оруулахын тулд ажлаа шуурхайлахаар төлөвлөж байна.

-Төмөр замын царигийн асуудлыг танаас
асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ маргааныг хэзээ эцэслэн шийдэх бол?

-Саяын айлчлалуудаар
тодорхой болчихсон. Хятадын даргын айлчлалаар дамжин өнгөрөх тээврийн нөхцөлийг
тодорхой болголоо. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар үндсэн магистрал шугамаа хэвээр
нь хөгжүүлнэ гэдгээ тохирлоо. Одоо төмөр замын асуудлаа УИХ-аар оруулж ёсчлох ажил
үлдлээ.

-Хойшоо өргөн, урагшаа нарийн царигийн
төмөр зам тавих асуудлыг ёсчлуулна гэж үү?

-Тийм. Үүнийг УИХ-д
өргөн барьчихсан байгаа шүү дээ. УИХ батлах л үлдэж байна.

-Төгсгөлд нь нэг зүйлийг тодруулахад таныг
Говь-Алтайн дархан цаазтай хоёр газрыг төрийн тусгай хамгаалалтаас гаргаж, хувьдаа
завших гээд байгаа тухай мэдээлэл нэг хэсэг явсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Орон нутгийн сонгуулийн
үеэр өрсөлдөгч намаас гаргасан зохион бичлэг. Янз бүрийн асуудлаар санал онол нэгтгэх
асуудал Засгийн газрын тогоонд байнга явагддаг. Аймгийн хурал нь саналаа гаргадаг,
буцааж иргэдээсээ асуусны эцэст шийдвэр гаргадаг. Тэр процессоороо явдаг зүйл. Хэрэв
тэр мэдээлэл үнэн байсан юм бол тухайн үед Говь-Алтайн орон нутгийн сонгуульд АН
ялахгүй.  Тэгээд ч энэ талаар тэр үед нь тайлбараа
хийчихсэн. Өнөөдөр дахиж сөхөхөд ач холбогдолгүй болчихсон зүйл дээ. Энэ асуудлаар
Засгийн газар дээр ямар нэгэн шийдвэр гараагүй.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Төгрөгийн сулрал гадныханд ашигтай, монголчуудад хохиролтой байна

1.Экспортын валютын орлого багассан

2.Импортыг хорогдуулж, валютын зарлагаа хэмнээгүй явсных

3.Гадаадын хөрөнгө оруулалтаар урсгал зардалдаа зориулж оруулж  ирдэг валютын орлого багассан

4.Гадаадын зээл  тусламжаар орж ирдэг валютын орлого хорогдсон

5.Аж ахуйн нэгж байгууллагууд, арилжааны банкууд гадаадаас оруулж ирдэг гадаад валют хангалтгүй байсан

6.Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадаад валютаа банкинд хадгалуулж байгаа гэх мэт үндсэн  шалтгаанаар валютын ханшийг хөөрөгджээ. Товч хэлбэл, гадаад валютын орлого (нийлүүлэлт) нь зарлагаа (эрэлтээ) хангаж чадахгүй байгаатай холбоотой. Өөр ямар ч шалтгаан байхгүй.

                       ГАДААД ВАЛЮТЫН ХАНШ ХӨӨРӨГДСӨНИЙ ХОР УРШИГ, ХОХИРОЛ  

  Төгрөгтэй хөрвөдөг гадаад валют, ялангуяа гүйлгээнд хамгийн их хэрэглэгддэг ам.доллар, евро, Хятадын юанийн ханшийн хөөрөгдөл нь улс орон, ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагад шууд ба тойруу замаар ямар их хохирол учруулж байгааг тодорхой жишээгээр өгүүлье!

1.Манайд албан томилолт ба жуулчнаар ирж байгаа гадаадынхан зочид буудлын хөлс, хоолны мөнгө, тээврийн зардалд хоногт 60 ам.доллар зарах ёстой байсан бол доллараа төгрөгөөр солилуулж, 30 ам.доллар зарж, ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр сул орлого олж, тэр хэмжээгээр улс орон, аж ахуйн нэгж байгууллагыг хохироож байна. 

2.Өмнө нь гадаад валютаар авсан зээлийн өр төлбөрийг төлөхөд төлөгч этгээдүүд (Засгийн газар, аж ахуйн нэгж байгууллага, банк, хувь хүмүүс) ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр хохирол хүлээнэ.

3.Гадаад валютаар төлбөр хийдэг бүхий л төлбөр тооцоонд төлөгч этгээдүүд ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр хохирол хүлээнэ.

4.Манайд ажиллаж байгаа олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрууд, гадаад орнуудын Элчин сайдын яамд валютаар ирсэн зардлаа төгрөгөөр солиулж, ханшийн зөрүүгээр сул орлого олж, тэр хэмжээгээр зардлаа хэмнэж Монгол Улсыг хохироож байна. 

5.Гадаадын хөрөнгө оруулагчид урсгал зардалдаа зориулан оруулж ирсэн гадаад валютаа төгрөгөөр сольж, ханшийн зөрүүгээр сул орлого олж, тэр хэмжээгээр нийт хөрөнгө оруулалтаа зохиомлоор нэмэгдүүлж, эзэмших хувьцаа ба ногдол ашгаа мөн зохиомлоор өсгөж, хамтран ажиллагч Монголын Улсын Засгийн газар ба Монголын талын хувь нийлүүлэгчийг хохироож байна. 

6.Ханш нь хөөрөгдсөн гадаад валют, ялангуяа ам.доллар, юаниар бараа бүтээгдэхүүн импортолж, төгрөгөөр үнэлж борлуулахад, ханшийн хөөрөгдлийн зөрүүгээр инфляци үүсгэж байна. Өнөөдөр манай инфляци 14,9 хувьд хүрсний тодорхой хувь нь гадаад валютын ханш хөөрөгдсөний нөлөө гэж ойлгож байна.

Энэ бүх хохирол учруулсан буруутан нь хэн бэ? гэвэл, төгрөгийн ханш ба түүнтэй хөрвөх гадаад валютын ханшийг тогтвортой байлгаж чадаагүй Монголбанк, түүний удирдлагууд. Хариуцлага тооцвол, тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой.

ВАЛЮТЫН ХАНШИЙН ХӨӨРӨГДЛИЙГ ЗОГСООХ МОНГОЛБАНКНЫ АРГА НЬ БУРУУГААС ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ БАЙНА

Монголбанк, арилжааны банкуудаас дуудлагын худалдаагаар валют (ам.доллар) худалдан авч, түүгээрээ валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох оролдлого нь үр дүнд хүрэхгүй, ханшийн хөөрөгдөл хоног сараар үргэлжилж, хохирлын хэмжээ нь нэмэгдэж, эдийн засгийн хямрал дээр ханшийн хөөрөгдлийн хямралыг нэмэрлэж байна. 

Монголбанк валютын ханшийн хөөрөгдлийг зогсоох бүтэлгүй арга барилдаа мэргэжлийн дүгнэлт хийж, гадаадаас валютын зээл авах юмуу эсвэл алтныхаа нөөцийн тодорхой хэсгийг худалдах зэргээр “валютын довтолгоон”-ыг үр дүнтэй хийж болох байсан. Гэтэл тэгсэнгүй, бүтэхгүй арга барилтайгаа зууралдаж байгаад харамсч байна.

1994 онд батлагдсан гадаад валютын ханшийг зохицуулах тухай хуульд валютын ханшийн бодлого, зохицуулах арга хэлбэрийг тодорхой зааж өгөөгүй орхигдуулсан нь ажилд нөлөөлсөн нь гарцаагүй.

Нэгэнт л валютын ханшийг зохицуулж чадахгүйгээс цааш төгрөгтэй хөрвөх гадаад валютын ханшийг хатуу тогтоох хэрэгтэй. Жишээлбэл, нэг ам.долларыг 1250-1350 төгрөг, нэг юанийг 160-200 төгрөг. Хятад улс ам.доллартай хөврөх юанийхаа ханшийг хатуу тогтоож амжилтад хүрсэн. АНУ 1980-аад онд зээлийн хүүгийн дээд, хадгаламжийн хүүгийн доод хэмжээг тогтоож байсан. Энэ нь улс орны эрх ашигт нийцүүлэн зах зээлийн зарчмыг зөрчиж болдгийг харуулж байна. 

Харин нэг нааштай хандлага ажиглагдаж эхэллээ. Юу вэ? гэвэл, өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах нь багасхаар үнэ нь хямдардгийн адил, ханш нь хөөрөгдсөн гадаад валютын (ам.долларын) хэрэглээ нь багасахаар ханш нь буудаг юм. Одоо энэ үйл явц явагдаж эхэллээ. Гэхдээ ханш өссөн суурин дээр хүртэл буурахгүй, тодорхой хэмжээнд хүрээд зогсох байх.  

ХЭРЭГЖДЭГГҮЙ ОР НЭР ТӨДИЙ МӨНГӨНИЙ  БОДЛОГО

Жил бүрийн мөнгөний бодлогод төгрөгийн ханшийг тогтвортой байлгана, инфляцийг нэг оронтой тоонд барина (2014 оны мөнгөний бодлогод инфляцийг 8 хувьд байлгана гэж төлөвлөсөн, гэтэл өнөөдөр 14,9 хувьд хүрээд байна) гэдэг. Улсын валютын цэвэр нөөцийг импортын 6-8 долоо хоногийн хэрэгцээтэй тэнцэхүйц хэмжээнд байлгана гэж гуравхан үзүүлэлтээр дэндүү явцуу төлөвлөдөг. Төлөвлөсөн үзүүлэлтүүд нь бараг бүхэлдээ биелэгдэлгүй явж ирлээ. 

2012, 2013 онд улсын валютын цэвэр нөөц 3,3 тэрбум ам.долларт хүрч байсан бол өнөөдөр 1,6 тэрбум болтлоо буурчээ. Юунд зарцуулснаа мэдээлэхгүй байна.

Гадаад валютын ханшийн хөөрөгдөл үргэлжилж, хохирол нь хоног сараар нэмэгдэж байгаа болон ор нэр төдий мөнгөний бодлогын талаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл, Хяналтын зөвлөл юу хийж байгаа нь харагдахгүй байна. 

Монголбанкны хараат бус үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй УИХ-ын мэргэжил мэдлэг хүрдэггүй ч гэсэн мэргэжлийн хүмүүсээр ажлын хэсэг байгуулж Монголбанкийг шалгуулж арга хэмжээ авахгүй алгуурлаж суугаад харамсч байна.

ӨГҮҮЛЭХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ ЗАРИМ АСУУДАЛ

Японы хоёр, Хятадын хоёр банк манайд төлөөлөгчийн газар, салбаруудаа нээж ажиллаж эхэллээ. Эдгээр банкны үйл ажиллагааг зохицуулах талаар Монголбанк юу хийж байгаагаа мэдээлэхгүй байна.

Капитал хөрөнгө ихтэй, менежмент сайтай гадаадын хүчирхэг банкуудын салбарууд манайд ажиллах нь сайн муу хоёр талтай. Сайн тал нь аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоно. Болзошгүй муу тал нь өөрийн хөрөнгө багатай, өрсөлдөх чадваргүй, өндөр хүүтэй хадгаламж цуглуулж, өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгодог манай арилжааны  жижиг банкуудыг дампууруулж мэдэх юм.

Хэрэв арилжааны банкууд дампуурвал том хадгаламж эзэмшигчдийг хохироож болзошгүй. 20 хүртэл сая төгрөгийн хадгаламж даатгалтай. Түүнээс давсан хадгаламж даатгалгүй байгаа. 

Өнөөдөр 7,0 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 95 хувийг нь нийт хадгаламж эзэмшигчдийн тавхан хувь нь эзэмшиж байгаагаас үзэхэд, манай хадгаламж бүхэлдээ баячуудынх болох нь харагдаж байна.

Арилжааны банкууд дампуурсан тохиолдолд том хадгаламж эзэмшигчид мөнгөөрөө ашиг орлого сайтай компаниудын хувьцаа худалдаж авна. Жижиг хадгаламж эзэмшигчдийн зарим нь мөнгөө идэж ууж дуусгана. Зарим нь үндсэн хөрөнгө ба хувьцаа худалдаж авна. 

БАНКНЫ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ЗОХИХ АСУУДЛУУД

1991 онд хоёр шатлалтай банкны тогтолцоонд шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл манай эдийн засаг, санхүү төсөв, мөнгө зээл, гадаад дотоод худалдаа, санхүүгийн зах зээл асар их хөгжлөө. Гадаадын зээл, буцалтгүй тусламжид шүтдэг байсан бол гадаад зах зээл дээр бонд гаргаж мөнгө босгодог боллоо. Гадаадын хөрөнгө оруулалт ч их нэмэгдлээ. Товч хэлбэл, санхүү банкны орон зай өргөжиж тэллээ.

Орос, Хятадтай стратегийн иж бүрэн түншилж, хамтран ажиллахаар эдийн засгийн бүх салбарт ихээхэн хөрөнгө оруулалт ирнэ. 

Япон, БНСУ-тай өргөн түншилж, хамтран ажиллахаар тэдний хөрөнгө оруулалт ч их ирнэ. 

Энэ бүхэн нь манай банкны салбарыг өөрчилж шинэчилж, үйл ажиллагааг нь орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд эзлэх байр суурийг нь дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. 

Монголбанкнаас ойрын үед ямар ямар асуудлыг хэрэгжүүлбэл зохих талаар тайлбарлаж нуршихгүй, саналаа шууд хэлье!

1.Дэндүү явцуу, ор нэр төдий мөнгөний бодлогоо дараах чиглэлээр өөрчилж, хамрах хүрээг нь өргөтгөх

-Монголбанк инфляцийг бүхэлд нь хариуцдагийг зогсоож, мөнгөтэй холбоотой хүчин зүйлсийг (нийт мөнгийг хэтрүүлж нэмэгдүүлэх; гүйлгээнд байвал зохих бэлэн мөнгийг хэтрүүлбэл; цаасан мөнгийг (эмиссийг) хэтрүүлж гүйлгээнд гаргах; төгрөг ба гадаад валютын ханш хөөрөгдөх)  хариуцаж хариуцлага тооцдог болох. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт муудах, үнэ тарифын өсөлттэй холбоотой инфляци үүсгэдэг хүчин зүйлсийг (бараа бүтээгдэхүүний үнэ тарифыг нэмэгдүүлэх; төсвийн урсгал зардал, цалин тэтгэвэр, тэтгэмжийг огцом нэмэгдүүлэх; гадаад зах зээл дээр үнэ нь нэмэгдсэн бараа бүтээгдэхүүнийг импортлох; татвар төлбөрийг нэмэгдүүлэх) Засгийн газарт хариуцуулж хариуцлага тооцдог болох.

-Монголбанкнаас бодит эдийн засгийг дэмжих зээлийг Засгийн газраар биш, арилжааны банкуудаар дамжуулан олгодог болох.

2.Монголбанкнаас арил¬жааны банкуудад хяналт тавьж зохицуулдаг механизмуудыг өөрчилж амьдралд нийцүүлэх. Тухайлбал, арилжааны банкуудаас Монголбанкинд заавал байлгах нөөцийг зогсоох юмуу эсвэл хүүтэй байршуулдаг болох. 

3.Монголбанк болон арилжааны банкуудыг хамарсан төлбөр тооцооны нэгдсэн цахим сүлжээг буй болгож, мөнгөний гарах орох урсгалд хяналт тавьдаг болох.

4.Монголбанкны өөрийн нь бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилж шинэчлэхийн хамт, орон нутгийн салбаруудыг татан буулгаж, бэлэн мөнгөний зузаатгал хариуцсан 3-4 хүнийг ХААН банкны орон нутгийн салбарт хоёр өрөө хөлслөн суулгаж, зардал хэмнэх.

5.Засгийн газар Монголбанкнаас зээл авбал УИХ-ын тогтоол гардаг болох.

6.Засгийн газар гадаадаас зээл авах юмуу гадаад дотоод зах зээл дээр бонд гаргахад Монголбанкны санал дүгнэлтийг үндэслэж УИХ зөвшөөрдөг болох.

7.Засгийн газрын гадаад дотоод өр; авсан зээл, гаргасан бондын ашиглалтын байдал, үр ашиг ямар байгаа талаар Монголбанк улирал тутам УИХ-д мэдээлдэг болох. 

8.Монголбанкны дэргэд банкируудыг давтан сургаж, мэргэжлийг нь дээшлүүлэх төв байгуулж, гадаадаас мэргэжилтэн, эрдэмтэд урьж багшлуулах.

9.Төв банкны тухай болон төлбөр тооцооны тухай хууль, гадаад валютын ханшийг зохицуулах тухай хуулиудыг өөрчилж шинэчлэх.

10.Засгийн газар Монголбанктай санамж бичиг байгуулж, түүний хараат бус байдлыг алдагдуулж, өөрийн дагуур хавсрага болгож, санхүүгийн эх үүсвэрийг нь ашиглаж байгаа буруу үйлдлийг хориглох. 

Мөн Засгийн газар Хөгжлийн банкны хараат бус байдлыг алдагдуулж, төрийн банк мэтээр түүний эх үүсвэрийг ашиглаж байгааг таслан зогсоох зорилгоор. Хөгжлийн банкийг Монголбанкны дэргэд ажиллуулж, хараат бус байдлыг нь хангаж, зээл олгоход нь давхар хяналт тогтоож болох.   

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Г.ПҮРЭВБААТАР

Categories
мэдээ нийгэм

Ахуйн үйлчилгээний уулзварыг өнөөдөр нээнэ

Хотын автозамын ачааллыг бууруулах зорилготой “Гудамж” төслийн хүрээнд олон уулзварыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгосон. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр III, IV хорооллын замын эхлэл ахуйн үйлчилгээний уулзварыг өнөөдөр нээхээр болжээ.

Нээлтийн ёслол 12.00 цагаас болно гэж Гудамж төслийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинжлэх ухааныг өмөөрөхүй (III)

Баабар ингэж өгүүлэв

Сэтгэцийн өвчтөнүүд. Шинжлэх ухаан талаа барьсан сэтгэцийн өвчин уг нь тийм ховор үзэгдэл биш. Физик, астрологи, математик зэрэг тодорхой шинжлэх ухаанд бут авдаг өвчин нэлээд дэлгэмэл. Энэ талаар цоорчихсон хүмүүс шууд л Эйнштайныг багалзуурдахаас ажлаа эхэлнэ. Ньютоныг бут цохино, Хаббэлийг баллаж хаяна, нэлээд өндөр боловсролтой нь Дирак, Шрөдөнгөр, Хайзэнбэргийг цустай нь хутгахаар босч ирнэ. Тэд голдуу шинжлэх ухаанд эцсийн цэг тавьдаг. Шинжлэх ухааны нэр томъёо өргөн хэрэглэнэ. Элбэг өвчин. “Гайхамшигт оюун” кинонд гардаг Жон Нэйш үү? Аугаа хүмүүсийн дунд шизофренитэй нэгэн тохиолддог, гэхдээ энэ нь шизофрени өвчтэй болгон аугаа хүн гэсэн үг ерөөсөө биш! 

Сурган бол уг нь бас л шинжлэх ухаан. Үүнийг өөрийн дураар хачин хачин хөг аяс арга методикт оруулаад яваа хүмүүсийн луйварчин, сэтгэцийн өвчтөн хоёр нь ялгагддаггүй. Юутай ч шашин ч юм шиг, шинжлэх ухаан ч юм шиг, гүн ухаан ч юм шиг эсвэл бүгдийг нь хольчихсон ч юм шиг хачин юм ярьж аугаа ихийн солиоролд орчихсон олон арван хүн эмнэлгийн хяналтаас гадуураар барахгүй мэдээллийн хэрэгслэлийн тогтмол баатрууд болчихсон явах аж. Шинжлэх ухаан өнөөдөр хэдэн мянган төрөл анги болон салбарлаж зах хязгааргүй өргөжсөн. Зөвхөн мэргэжлийн явцуу хүрээллийн хэмжээнд л шүүмжлэх үнэлэлт дүгнэлт өгөх бололцоотой. Харин шинжлэх ухааны нэр барьсан луйварчид болон сэтгэцийн өвчтөн, мөн сайн дурын уран сайханчдад “мэргэжлийн”  дүгнэлт өгөн мандуулж сурталчлагчид нь мөн л тэр зиндааныхан. Ялангуяа шүлэгч, сэтгүүлч, зохиолч зэрэг шинжлэх ухаантай падлийгүй зүтгэлтнүүд нийгэмд илүү гарцтайгаараа гул барин улам “шинжлэх ухаанжуулсан” сурталчилгаа реклам хийж өвчнийг улам сэдрээх нь үнэн сонирхолтой трагекомеди.

Нийгмийн сэтгэлгээ. Манай эхний Ерөнхийлөгч албан ёсны үзмэрчтэй байсан. Дараагийнх нь хүслээ цаасан дээр бичиж шатаагаад тэнгэрт “факс” илгээдэг шинэ арга нээсэн. Аль алин нь шинжлэх ухааны албан ёсны доктор зэрэгтэй хүмүүс шүү дээ. Гурав дахь нь зүгээр л мухар сүсэгтэн, урьдах хоёрыгоо нийлүүлснийг олон зэрэгт дэвшүүлээд ч багадам. Төр шашин тусгаар байх Үндсэн хуулийн зарчмыг бантагнуулж хооронд нь холиод зуурч орхисон хүн бол энэ. Оршуулган дээр сууж харагддаг ламхай нар одоо албан газар сургууль эмнэлэг гээд хаа л бол хаа гүрэм ном хийж хонх дамар тачигнуулаад төрөөр тэжээлгээд сууж байдаг болж. Мань хүн Буддагийн цогцос аваад ирлээ гээд хайран сайхан индүүдлэгтэй гонжоомтойгоо нисэхийн заваан талбай дээр өнхөрч хөрвөөгөөд байх мөртөө “энэ бол тахианы яс биш шүү, ийм цуу гарах вий” гэж анхааруулна. Тэгээд байхыг бодоход тахианы яс л байж таарна. Дөрвөн уул тахиадахсан чинь олимпоос дөрвөн медаль авчихлаа гээд байгаа хүнийг юу гэж нэрлэх вэ, өнөөгийн XXI зуунд? Тэгсэн мөртөө эдний амтархан ярих дуртай сэдэв нь шинжлэх ухаан. Бүр хөгжүүлэх тухай наана гээ. Авцалдаагүй байгаа биз.

Дээрээсээ ингэхээр улс орноор дүүрэн дөвчин зайран байгааг ч аргагүйтгэж үзмээр. Луйварчид, сэтгэцийн өвчтөнүүд нийлж аваад цугларалт, уулзалт, лекц, тахилга элдэв ёслол их үйлддэг болж. Үүнийг мэдээллийн хэрэгслэл бах болгон сурталчилна. Иймэрхүү ёслолын ажиллагаанд оролцох нь асар үнэтэй. Асар гэдгийн учир нь тэнд нийгмийн хамгийн бэл бэнчин муутай ядуу зүдүү хүмүүс оролцож буй тул энд төлж буй мөнгө нь бэлтэй хүн ч цочирдом өндөр. Орлогоос чинь татвар авна гээд хэлчихвэл урдаас чинь яаж дөвчигнөж хараал зүхэл болох бол. Үр удмаар чинь мөхөөнө гээд л. Татварын байцаагч байтугай төрийн тэргүүн хүртэл ийм үгнээс үнхэлцгээ хагартал айдаг юм чинь. Уг нь дээрэмчингээс битгий хэл гуйлгачингаас ч татвар авч чаддаг байх ёстой л доо, уг ном нь. Гэтэл юун татвар, төр өөрөө иймэрхүү зүйлд үнэмшимгүй мөнгө төлнө. Одоо УИХ-ын гишүүн болчихоод байгаа нэг мудак аймгийн дарга байхдаа тэнгэрээс Чингис хааныг дуудах ёслолд аймаг хөгжүүлэх сангийн хамаг хөрөнгийг уутных нь амыг гөвөн байж зарцуулж байв. Өөрөө Чингис хаан болоод тамгын ажилтнуудаа өрлөг жанжин болгон хувцаслачихаад хотоор морьтой давхиж явсан дүүргийн даргын марзан жүжиглэлийг олон хүн биеэр харсан байх. Энэ чинь үнэ өртөггүй зүйл биш шүү дээ. Бүр хэрээс хэтэрсэн мөнгө төсөвт нь суучихсан байгаа. Ард түмнийг боловсруулж гэгээрүүлэх үүрэг хүлээсэн төр өөрөө мухар сүсэгт гар татахгүй байхаар бид эрүүл нийгмийн тухай ярих бололцоо байна уу? 

Төрийн төлөөлөгчид шинжлэх ухааны нэр барьсан гадаад дотоодын сэтгэцийн өвчтөн болон луйварчдад төрийн мөнгийг бөөнөөр нь гардуулсан тохиолдол олон гарсан. Дөрөв ч төгсөөгүй мунхагийн мөнхийн хөдөлгүүр бүтээх санаачилгад саяар нь мөнгө өгч байлаа. Гадаадын луйварчдын талст ургуулдаг шинэ технологи гэгчид хэдэн сая доллар өгөөд алдсан тохиолдол ч бий. Хорин жилийн турш эхлээд хувийн хэвшлийнхнийг, дараа нь төрийг залилан байнга мөнгө сааж буй гадаад луйварчин ч одоо болтол энэ бизнесээ цэцэглүүлсээр явна. Ерээд оны эхээр Шинжаанаас нэгэн өвөр монгол иргэн орж иржээ. Тэрээр биологийн мэргэжил эзэмшсэн ба дараа нь Өрнөдөд нэг жил дадлага хийжээ. Гайхуулаад байх юмгүй, ийм хэмжээний мэргэжилтэн манайхаар нэг бий. Харин өвөрлөгч эр дэндүү сүүхэйтэй. Тэрээр могойн хор гаргаж гадаадад өндөр үнээр зарах идээтэй юм байна. Энэ бэлдмэлийг гаргаж авахад тийм ч хэцүү биш л дээ. Ингээд хөрөнгө мөнгөтэй итгэсэн нэгэнээр өндөр үнэтэй багаж технологи авахуулан ажиллуулж гарваа. Могойгоо Дундад Азиас авчрах юм байна. Уг нь тэр дундад азийнхан өөрснөө гаргаад авчихаж чаддаггүй, заавал Монголд л болдог нь ямар учиртайг эргэцүүлсэн бол. Удахгүй дампуурсан. Дараа нь тэрээр ШУА, Боловсрол Шинжлэх ухааны яамаар яван өнөө гайхамшигт санаандаа мөнгө нэхэн зөндөөнийг олж авсан. Манайд сайд хоёр жил тутамд солигддог болохоор нэг мэхийг олон хэрэглэх дүүрэн бололцоотой. Нэр бүхий хүмүүсээр Хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авахуулан хөдөө суманд “биотехнологийн үйлдвэр” гэгчийг бариулж хамаг мөнгийг нь шавхсан. Мэдээж дампуурч таараа, учир нь энэ удаа могойгоо Вьетнамаас зөөн авчрах гэнэ. Зээлдэгчид модоо барин асуудал амгэнэлтэйгээр дуусваа. Манай хүн харин улам баяжсан төдийгүй сайд дарга нарыг дагалдах албан ёсны бүрэлдэхүүнд байнга багтан гадаадад л их явах юм даа.

Уураг цэвэршүүлэх аргыг гучаад оны үед Самнэр гэх эрдэмтэн нээсэн, өдгөө хэдийнээ үйлдвэрлэлд шилжсэн. Манайд анхны ийм үйлдвэрлэл далаад оны үеэс ажиллаж, панкипсин мэтийн бодис хэрэглээнд нэвтэрсэн. Энэ бол биохимийн үйлдвэрлэл болохоос дөнгөж 80 онд шинээр буй болсон биотехнологи биш юм. Дэлхийд алдартай Мэркэль, Фармаци зэрэг биохимийн үйлдвэрүүд энэ талын багаж үйлдвэрлэхээс гадна биохимийн идэвхит бодис гарган зардаг. Тэдний каталогид багажийн ч, гаргасан бүтээгдэхүүний ч үнийг маш өндрөөр тавина. Багажийг газар дээр нь очиж наймаалцвал их хямдарна. Бүтээгдэхүүнийг тэд өөрсдийн брэнд нэрээр үнэлж өндөр үнээр өгдөг, харин бусдын хийснийг авдаггүй. Макдональдын хачиртай талхыг хийхэд амархан ч тэд хэн нэгний гэртээ “бүтээсэн” бүтээгдэхүүнийг нийлүүлж аван цааш зардаггүй байлгүй. Чухам энэ л мань хүнд луйвар хийх, бусдын толгойг эргүүлэх учиг. Мэддэг хүний хувьд багаж каталогийн үнээр “авна”, гаргасан бэлдмэлээ “ийм үнээр зарж болно” гэж мөнгөний эзнийг мунхруулна. Төр засгийн байнга солигддог дарга нарыг эвхэрч унатал нь панийлдана даа. Монгол мал бол байгалийн онцгой сайханд байдаг бэлчээрийнх учир онцгой үнэтэй бэлдмэл гаргаж авах талаархи төсөөллөө нүдэнд харагдтал ярьж хулхин дээр нь сарнай ургуулна. Монгол мал ч мундаг л даа. Гэхдээ уургаар нь задалчихаар тэнд онцгой юм юу ч байхгүй. Үлгэрлэвээс Мэрсэдэс болон орос 69 машиныг эрэг шургаар нь задалчихвал ялгарах юм байхгүй. Бүтэн ком болж байж л асар их ялгаа нь гарч ирнэ. Энэ хорвоогийн бүхий л амьд организм хорьхон амин хүчил, тавхан нукрейдитээс бүрддэг юм шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцана

Өнөөдөр нийслэлийн удирдлагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана.  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат  зэрэг хүмүүс дахин төлөвлөлтийн үр дүн болон тулгамдаж байгаа асуудлуудын талаар барилгын гүйцэтгэгч компаниуд болон зарим хорооны иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцох юм байна. 

Categories
мэдээ соёл-урлаг

”Цэн тогоруу” кино өнөөдрөөс дэлгэцнээ…

Залуусын хайр сэтгэлийг өгүүлсэн “Цэн тогоруу” кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. “Жинжиймаа” киног бүтээсэн уран бүтээлчид буюу найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг, түүний хүү М.Ивээл нар энэхүү киног бүтээсэн юм. Нийт уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь 25 орчим насны залуус гэнэ. Киноны гол дүрийн Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нарын шинэ, залуу жүжигчидээс гадна МУГЖ Б.Магсаржав, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА Уухааны Батбаатар гээд дэлгэцийн шилдэг уран бүтээлчид “Цэн тогоруу” кинод ажиллажээ.    Зохиолыг М.Бишрэл, М.Ивээл нар бичиж, ерөнхий найруулагчаар М.Ивээл, найруулагчаар О.Машбат, ерөнхий продюссероор МУГЖ Н.Батцэцэг нар ажилласан байна. Мөн киноны дууг П.Идэржавхлан дуулжээ. Монголчуудын аж байдал, нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маяг, хөдөө нутгийн байгалийн үзэсгэлэн, хөдөөгийн залууст тохиож буй бэрхшээл, тэдний хайр сэтгэл, амьдралын тухай энэ кинон өгүүлэх аж.

Categories
гадаад мэдээ

Билл Гейтсийн сан Эболатай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ

Баруун Африкт Эбола вирус дэгдээд байгаа билээ. Тэгвэл “Билл ба Мелинда Гейтс” сан вируст нэрвэгдсэн орнуудад 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Энэ нь Их Британи, АНУ-ын засгийн газар болон Европийн холбооноос олгосон хандивуудаас хамаагүй их хэмжээтэй ажээ. Гэвч зарим тусламжийн байгууллагууд Африкт хамгийн хэрэгтэй зүйл бол биологийн аюулт өвчинтэй тэмцэх мэргэжлийн багийнхан хэмээн шүүмжилж байна. 

“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нарын үүсгэн байгуулсан тус сан нь энэ бол уян хатан хандив хэмээн мэдээлээд байгаа юм. Тэдний хандивыг хэрхэн зарцуулах эрхийг холбогдох байгууллага эдлэх давуу талтай аж. Мөн Билл Гейтсийн сан 2300 хүний амийг авсан вирусын эсрэг вакцин гаргах ажиллагаанд хамтарна гэдгээ мэдэгджээ. 

Эбола вирусээр амиа алдагсдын бараг тал хувь нь Либери улсын иргэд бөгөөд тус улсад байдал хамгийн хүнд байгаа аж. 

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тусгаар тогтнолын зарим үнэ цэнэ

Улс орнуудын төрийн дээд хэмжээний айлчлал дахь дипломат үг хэллэгүүд маш битүү арай гэж тайлахаар шал бөөрөнхий шийдвэрүүд байдаг даа. 

Харин айлчлаад буцсан Си дарга  ба  манай Эбэ Ерөнхийлөгч хоёрын албан мэдэгдэлд Монгол Улсын тусгаар тогтнолыг ямагт хүндэтгэж хүлээн зөвшөөрч  байгаа, байх талаар шулуухан хэлж бидний санааг амраалаа.

Гэхдээ энд хоёр өөр сэтгэ¬лээр хандах ёсгүй тохиролцоо бас байна аа. Үүнд  өөрсдийн сонгосон нийгмийн тогтолцоог харилцан хүндэтгэнэ гэсэн ялигүй болзол явна билээ. Хар ухаандаа “Танайх коммунист, манайх ардчилсан ” гэдэг ч юм уу нэгнийгээ  хужаа, эрлийз, умрын зэрлэгүүд гэж байхаа энэнээс хойш больцгооё. Ялангуяа нэгнийхээ улс төрийн агуулгатай дотоод асуудалд хутгалдахгүй шүү гэж тохирох шиг.  Тэгэхлээр одоо Их Хятадаас салан тусгаарлагчдын толгойлогч Далай лам, Ажиа гэгээн  тэр­гүүт­нүүд байсгээд л Монголд гэртээ ирж  байгаа мэт тухалц¬гаадаг, тэрс үзэлт өвөрлөгч нар ар Монгол руу  зугтчихаад олдож өгдөггүй, Тайванийг мэдэн будилж тусгай улс гэж бичдэгээ өнөөдрөөс эхлэн болих л болох нь.

Гүйгүүл адуу шиг дэгдээд ирдэг харчингуудыг замд нь  уургалан баривчилж Амрыг хамгаалах газарт нь тушаагаад  оронд нь хар тамхинд орсон наймаачдаа сольж авдаг болж байгаа юм даг уу.   

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм

“Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн болно

 Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөн нь энэ сарын 17-ны өдөр болох аж. Зөвлөгөөнд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцох ажээ. Зөвлөгөөний үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг оролцогчдод танилцуулж, нийслэл хотод аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг хэрхэн уялдуулах талаар хэлэлцэх юм байна. Мөн цаашид хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшилцөнө. Зөвлөгөөнд оролцогчдыг энэ сарын 16-ныг хүртэл Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвийн 7010-8687 дугаарын утсаар бүртгэх  ажээ.