Categories
гадаад мэдээ

9 сарын 11-ний халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж байна

20140911-006

Одоогоос 13 жилийн тэртээ энэ өдөр АНУ-д дэлхийг донсолгосон аймшигт үйл явдал болж, олон хүний амь насанд хүрсэн билээ.

 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр алан хядагчид иргэний агаарын
тээврийн онгоц барьцаалж, Нью- Йорк хотын Манхэттен дүүрэг дэх Дэлхийн
худалдааны төвийн ихэр цамхаг болон Виржиния муж дахь Пентагоны байрыг
чиглэн, эхний онгоц нь ихэр цамхагийг мөргөн сүйрсэн бол хоёр дахь
онгоцны зорчигчид болон хөлгийн багийнхан онгоцны удирдлагыг алан
хядагчдаас булаан авахыг оролдож байгаад Пентагоны байр хүрэлгүй талд
осолдсон юм.

Энэхүү аймшигт үйл явдлын улмаас гурван мянга орчим хүн амиа алдсан
бөгөөд энэ өдрийг АНУ Эх орончдын өдөр, мөн Мөргөл үйлдэх, дурсан санах
үндэсний өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

20140911-007

Энэ өдөр АНУ-ын төрийн байгууллагуудын байран дээрх далбаа бүрийг бөхийлгөдөг юм.
Мөн
өглөөний 08:46 цагт АНУ даяар нэг минут чимээгүй болж амиа алдагсдын
дурсгалыг хүндэтгэжээ. “13 жилийн өмнө манай улсыг донсолгсон есдүгээр
сарын эмгэнэлт явдлыг Америк хэзээ ч  мартахгүй” хэмээн Цагаан ордноос
гаргасан Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийн конвенцийн хэлэлцүүлэг болно

Монгол улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсноос хойш хэрэгжилтийн талаарх тав дахь удаагийн үндэсний тайлан илтгэлээ боловсруулжээ. Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн үндэсний 5 дугаар тайлан илтгэлийн Ажлын хэсгийн өргөтгөсөн хэлэлцүүлэг өнөөдөр болох юм байна.

Тус тайлан илтгэлийг НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлдэг. Хүүхдийн эрхийн хорооноос тухайн орны үндэсний илтгэлтэй танилцан судалж, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар Зөвлөмж ирүүлдэг билээ.

Өргөтгөсөн хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол-Японы төвд болно гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаяр шоронгоос монгол бичгээр захидал бичжээ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шоронд хоригдож байгаа билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд монгол бичиг сурсан бөгөөд Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Тэрээр захидалдаа “Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд Гомдол хүсэлт өргөн мэдүүлэх нь

Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдал, гэмт хандлагыг няцаан гарцгүй байдалд аргагүй хамгаалалт хийн таслан зогсоосон.

Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан   хилс гүжирдэн ял тулгасан нь бид шоронд хоригдож байна. Энэ тухай танд олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг  та тогтоон болгооно уу.

Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн, Монгол улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх  хамгаалан өмгөөлж, Монгол улсын нэрийн өмнөөс  улс үндэсний эрх ашиг, хүн төрлөхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид харамсаж байна.

Эрхэм Ерөнхийлөгчөө

Бидэнд байгуулсан гавьяа үгүй

Бидэнд үйлдсэн гэм буруу үгүй

Монгол хүн бүрд заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв. Гутаах, бадархахын алин болохыг мэргэн (мөргөн)оюундаа болгоон соёрхоно уу?

Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй  Ц.Мөнхбаяр, Т.Төмөрбаатар

20014.08.14” гэжээ. 

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад ”Шинэ ардчилал” клубын гишүүдээс захидал илгээлээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбатад “Шинэ ардчилал” клубын гишүүдээс захидал бичиж хэлсэн
амандаа хүрэхийг хүссэн байна. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

   
    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танаа

Сайн байна уу Та? Таны зуны амралт сайхан, намрын ажил их байгаа гэдэгт АН-ын
жирийн гишүүд бид итгэж сууна.

Засгийн газраас сүр дуулиантай зарласан “Эзэн-100” хөтөлбөр
хэрэгжсэнгүй, эх орны хөгжил сайжирсангүй, ард түмний амьдрал дээшилсэнгүй,
Ардчилсан намд минь саналаа өгсөн иргэдийн итгэл алдрах цагаар бид Танд энэхүү
захидлыг бичиж байна.

Манай Засгийн газраас санаачилж, УИХ-аас баталсан “Эзэн-100”
хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгаа сэргээн босгоно гэж Засгийн газар 
амласан. Намын жирийн гишүүн бид ч 100 хоногийн хугацаанд эдийн засаг сайжирч,
амьдрал дээшилнэ гэсэн хүлээлттэй байлаа. Харамсалтай нь Ерөнхий сайдын амлалт
хэрэгжсэнгүй, бидний хүлээсэн шиг сайхан өөрчлөлт гарсангүй.

Сөрөг хүчин МАН “Эзэн-100”-ийн хүрээнд хийнэ гэсэн 70 ажлын аль нь ч
50 хувьдаа хүрээгүй, “Эзэн-100” хэрэгжих хугацаанд 17 хувьтай байсан
эдийн засгийн өсөлт 5.3 болж буурч, бүтээн байгуулалтын ажлууд зогсож, улсын
маань өр түүхэн дээд амжилт тогтоон, олон мянган аж ахуйн нэгж дампуурч,
иргэдийн маань амьдрал ч уруудан доройтлоо.

 Ардчилсан намын жирийн гишүүд бидний амьдралд ч гэсэн энэ 100 хоногт
сайхан өөрчлөлт нэг ч гарсангүй. Харин ч Атар талх, Алтан тариан гурил, цагаан
будаа, элсэн чихэр, хүүхдийн минь сургалтын төлбөр нэмэгдэж өргөн хэрэглээний
бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн минь
хэлснээр “Ард түмний нуруу тэнийсэнгүй”. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Та “Эдийн засагт эерэг дүн
гарахгүй бол олонх өөрсдөө бид Засгийн газартаа хариуцлага тооцно” хэмээн 2014
оны 5 дугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийхдээ хэлсэн. Бас манай намын
залуу гишүүн Б.Болор 2014 оны 7 дугаар сарын 24 өдөр “Эдийн засаг намар
гэхэд ямар ч өөрчлөлт гараагүй цаашлаад УИХ-аас өгсөн үүрэг даалгаварын
хэрэгжилт муу байгаа тохиолдолд бид Засгийн газартай хариуцлагын асуудлыг
ярихаас өөр аргагүй” хэмээн яриа өгсөн байна. Эдийн засаг сайжрах биш
муудлаа, УИХ-аас өгсөн үүрэг даалгавар биелэсэнгүй. Тиймээс Та бүхэн маань ядаж
хэлсэн ярьсандаа эзэн болж “Эзэн-100”-г хэрэгжүүлэгчидтэй хариуцлага
тооцож өгнө үү?

Ард иргэд “танай намын бодлогоор бидний амьдрал уруудан доройтлоо”,
“Ардчилсан намд саналаа өгсөндөө харамсаж байна”, “ардчиллынхан
төр барьж чаддаггүй” гэх мэтээр дайран довтолдог боллоо. Ардчилсан намын
жирийн гишүүд бид ч бас өөрсдийгөө буруутай мэт дуугаа хурааж явах боллоо.
Муухайн дээр улцан гэдэг шиг Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань саяхан ард түмэндээ
хандан үг хэлэхдээ намын нөхөд биднийгээ гэж гэмт хэрэгтэн, ялтан, хоригдлуудаас
бүрдүүлдэг торгуулийн сумангийнхантай зүйрлэн хэлж доромжилсонд их л гутарч
сууна даа.
Бид Ардчилсан намын гишүүний хувьд хүний өөрийнгүй ингэж доромжлуулж
адлуулмааргүй байна. Харин ч эдийн засгаа сэргээж, эх орноо хөгжүүлж чадсан
Ардчилсан намын гишүүн гэж бахархаж амьдрахыг хүсч байна. Тиймээс хариуцлагагүй
Ерөнхий сайддаа хариуцлага тооцож, хариуцлагатай, чадвартай гишүүдээрээ
удирдуулж шинэчлэлийн шинэ бодлого хэрэгжүүлэхийг хүсч байна.

Ардчилсан
Нам дахь “ШИНЭ АРДЧИЛАЛ” клубын гишүүд 

Categories
гадаад мэдээ

Нефть олборлох салбарт хориг тавина

МОСКВА./RIA Novosti/. Нефть олборлох салбарт ОХУ-тай хамтран ажиллахыг хязгаарлахыг Европын Холбооноос /ЕХ/ тус улсад авах нэмэлт хориг арга хэмжээнд тусгаж магадгүй байна. Тухайлбал, гүехэн болон гүн усны нефтийн орд газрын хайгуул хийдэг ОХУ-ын компаниудтай хамтран ажиллахыг хориглоно гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаас  иш татан мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, энэ хоригт Америкийн нефтийн томоохон компани болох “Exxon Mobil Corporation”, мөн Британийн нефть, хийн “BP Plc” компани өртөж магадгүй байна.

ОХУ-д нефтийн салбарын бүтээгдэхүүн экспортлохыг, тухайлбал, гүн усны нефть олборлох болон Арктикт ажиллах тоног төхөөрөмж нийлүүлэхийг хязгаарласан хориг арга хэмжээг ЕХ болон АНУ долдугаар сард тус улсад авсан билээ. Гүехэн усны орд газрыг эзэмших, олборлоход хүнд нөөцийн төслүүд нь ЕХ-ны хориг арга хэмжээний бодит золиос болно гэж шинжээчид үзэж байна. Хориг арга хэмжээнд наймдугаар сарын 1-нээс хойш байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд хамаарах аж.

Уг хориг нь Орост нефтийн салбарын бүтээгдэхүүн нийлүүлэхийг хязгаарлах төдийгүй тус салбарт техник технологи, үйлчилгээ солилцохыг хориглоно. “Bloomberg” агентлагийн тэмдэглэж буйгаар, ОХУ-д хориг арга хэмжээ авсан тохиолдолд ЕХ, АНУ жагсаалтыг гаргана.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотойгоор шалгаруулна

Монгол Улсын Засгын газрын тогтоол, Хууль зүйн сайд сайдын тушаалаар
 нийслэлийн Засаг дарга Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн
Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоох
үүрэг хүлээсэн.  Үүний дагуу хамтарсан захирамж, тушаал гаргаж,
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох
ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.
Сонгон шалгаруулалтын 09 дүгээр сарын 08-ны өдөр нээлттэй зарласан
бөгөөд энэ талаар тус ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын
Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.

          -Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан
тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл
өгнө үү?

-Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар 200,000-аас дээш хүн амтай
нутаг дэвсгэрт Хотын цагдаагийн газрыг байгуулж, даргыг тухайн Хотын
дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн томилох үүрэг
хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн
Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж,
Хууль зүйн сайдын тушаалаар тус газрыг байгуулах Цагдаагийн Ерөнхий
газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтарсан ажлын хэсэг
байгуулсан юм. Ажлын хэсгээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын
албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй
зарлаад байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэний баримт материалыг
09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авна.

            –Оролцогчдод ямар шаардлага тавьж байгаа вэ, Сонгон шалгаруулалтын онцлогийг юу гэж тодорхойлж байна вэ?
-Монгол Улс анх удаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нийтэд
нээлттэй зарлаж сонгон шалгаруулах гэж байна. Анх удаа гэж тодотгохын
учир нь өмнө нь аль нэг намын нөлөө, хэн нэгэн албан тушаалтан томилдог
байсан бол энэ удаад нийслэлийн иргэдийн үнэлгээгээр, иргэний зөвлөлийн
байгууллагын хяналттайгаар сонгон шалгаруулах гэж байна. Оролцогчдод
тавьж буй гол шалгуур нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-ийн ерөнхий
шаардлага буюу бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, Хуульч эрх зүйч
мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 15-аас доошгүй жил ажиллахдаа 3-аас
доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагатай. Энэ
шаардлагыг хангасан иргэд Нийслэлийн Засаг даргын “Эрүүл, аюулгүй
Улаанбаатар” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн хангаж ажиллах,
Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй амар тайван байдлыг яаж бүрдүүлэх,
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинэчлэлийн талаар өөрсдийн мөрийн
хөтөлбөрийг боловсруулан хүргүүлнэ. Нэг үгээр хуулийн ерөнхий шаардлага
хангасан иргэд энэ албан тушаалд нэр дэвшинэ гэсэн үг. Гол онцлог нь
тэдгээр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг олон нийтийн цахим хуудас,
өдөр тутмын сонинд нийтэлж, иргэдээс үнэлгээ авах нь шалгаруулалтын
багагүй хувийг эзэлж байгаа юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын дэргэд
байгуулагдсан Иргэний зөвлөл шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд
орсон.Тэдний санал ч чухал нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байгаа.

            -Улаанбаатар хотын Цагдаагийн даргыг анх удаа
иргэний оролцоотойгоор сонгон шалгаруулах гэж байна. Энэ нь ямар давуу
талтай вэ?

-Энэ сонгон шалгаруулалт, шинэ зарчим манай иргэдэд маш олон талын
эерэг нөлөө үзүүлнэ. Мөн энэ салбарт зөв хандлага төлөвшүүлж байгаа юм.
Өмнө нь хэн нэгэн албан тушаалтан томилдог. Эргээд томилогдсон хүн нь
Хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар ямар ч ойлголтгүй, юу
хийж хэрэгжүүлэх нь тодорхой бус, томилсон албан тушаалтны үүргээр
ажилладаг байдлыг бүр мөсөн халж байгаа юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар
хотын Цагдаагийн газрын даргат бүрэн дархлаа үүсч байна. Энэ нь цаашид
хийгдэх шинэчлэлийн ажлын эхлэл гэж бид үзэж байгаа. Нэр дэвшигчдийн
материалыг хүлээн авсны дараа цахим хуудас, өдөр тутмын сонинд байршуулж
иргэдээс санал, үнэлгээ авах үеэр иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж
байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэл тендерт оролцогчоос татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолт шаардахгүй

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэх, аж ахуйн нэгжүүд, тендерт оролцогчдийн цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх зорилгоор хэд хэдэн төрлийн зохион байгуулалтыг хийж байна. Эхний ээлжинд татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолтыг тендерт оролцогчоос шаардахгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж байна. Үүнээс гадна боловсон хүчний мэдээлэл, тусгай зөвшөөрлийн эзэмшил зэрэг бусад мэдээллийг ахин дахин шаардахгүй байхаар зохион байгуулахаар болжээ. Ингэснээр аж ахуйн нэгж тендерт оролцох бүртээ нэг төрлийн тодорхойлолт, нотлох баримтыг бусад байгууллагуудаас авч ирүүлэх шаардлагагүй болох юм. Мөн нөгөө талаас нотлох баримт дутуу болон хуурамч бичиг баримт ирүүлсэн шалтгаанаар тендерт унах тохиолдол үүсэхгүй болно гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор мордов

Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болох Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 оны 9 дүгээр сарын 11-12-ны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотоос мордов. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзана. 

Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэдийн алтан медалийн төлөөх барилдааны бичлэг (Ташкент-2014)

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Турк Улсын Ерөнхийлөгчид утсаар баяр үргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Рэжэп Тайип Эрдоантай утсаар ярилцаж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.

Монгол Туркийн хооронд 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан билээ. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэн.