Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Душанбе хотод очоод байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тажикстан улсын Душанбе хотод очоод
байна. Маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны
байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх
удаагийн хуралдаанд оролцох юм.

52044
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бурмаа хүрэл медалийн төлөө барилдана

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг жингийн барилдаан болж, медалтнууд тодорно.

Тэмцээний 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт,
Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа мөнгөн медалийн төлөөх
барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5 харьцаагаар ялагдаж, хүрэл
медалийн төлөө Колумбийн А.Олаятай барилдахаар боллоо.

О.Бурмаа эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын
алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Катерина Бурмистроватай
барилдаж, 5:0-ийн харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн
наймд Дэлхийн тав, Европын зургаан удаагийн аварга Болгарын бөх Станка
Златеватай барилдаж, 6:3-ийн харьцаагаар ялснаар шилдэг дөрөвт багтсан.
О.Бурмаагийн хувьд энэхүү барилдаан маш хүнд болсон бөгөөд 1:3-аар
ялагдаж явсан тэрээр сүүлийн 5 секундын өмнө 4 оноо авч ялалт
байгууллаа. Болгарын дасгалжуулагч барилдааныг нягталж харах хүсэлт
гаргасан ч шүүгчийн шийдвэр хэвээр үлдэж манай бөхөд 1+ оноо өгснөөр
барилдаан 6:3-ийн харьцаагаар О.Бурмаагийн ялалтаар өндөрлөсөн.

Мөнгөн медалийн төлөө О.Бурмаа Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын
харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө Колумбийн А.Олаятай
барилдахаар шалгараад байна.

 

Тэмцээний 58 кг-д ДАШТ-ний хошой хүрэл, Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Т.Мөнхтуяа эхний барилдаанд
Бразилийн бөх Жойс Соузатай барилдаж 6:4 харьцаагаар
ялсан ч удаах тойрогт ДАШТ-ний хүрэл медальт, Европийн аварга ОХУ-ын бөх
Валерия Кобловатай барилдаж 10:0 харьцаагаар оноогоор цэвэр ялагдсан.
Түүнийг ялсан Коблова Турк, Эквадерийн бөхчүүдийг ялснаар алтан медалийн
төлөө барилдахаар шалгарлаа.

Т.Мөнхтуяа дагах барилдаанд Италийн бөх Карола Рэйнеротой барилдаж 14:4
харьцаагаар ялсан ч Туркийн бөхөд 0:8-ийн харьцаагаар ялагдснаар
тэмцээнээ дуусгалаа.

 

Тэмцээний 53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, Олон
улсын хэмжээний мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Нурмала
Дэвиг даралтаар цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Дэлхийн залуучуудын
аварга АНУ-ын бөх Уитни Кондортой барилдаж, оноо тэнцүү боловч сүүлд
оноо алдсанаараа ялагдлаа. (I үед 2:2, II үед 2:2)

Ийнхүү өнөөдөр дэвжээнд гарсан манай гурван бөхчүүдээс 75 кг-ын жинд
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Очирбатын
Бурмаа хүрэл медалийн төлөө Колумбийн А.Олаятай барилдахаар шалгарлаа.
Шигшээ барилдаан 21.00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Туульсийн өргөөтэй боллоо

Монгол улсын Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол тууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс “Хаан туульс, туулийн өргөө”-г нээх ёслолын арга хэмжээ Богд хааны ордон музейд өнөөдөр боллоо.  Нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэсийн дарга Ц.Цэндсүрэн, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат зэрэг албаны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. “Хаан тууль”-сийн өргөөний жаврыг үргээж Төрийн хан хуурч Ц.Цэдэндорж өргөөний мялаалгын ерөөл хайрлалаа. Тус өргөөг Богд хааны музейн өмчөөс гаргасан бөгөөд гэр доторхи эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмжийг яамны төсвөөс 50 сая төгрөг гаргажээ. Ингэснээр “Хаан туульс” өргөө өвөг дээдсээсээ уламжилж ирсэн тууль, цуурын шавь сургалтын байнгын орчин болж буй юм.   

 “Хаан туульс” өргөөний нээлтийн үеэр  ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Монголчууд бид энэ гайхалтай соёлын өвийг өвлөн уламжилж ирэхдээ үргэлж Монгол гэрт хайлсаар иржээ. Тиймдээ ч энэ билэгт сайн өдөр Хаан туульсийн өргөө гэрийн нээлтийг хийж буйдаа билэгшээж байна. Өмнө нь биет бус соёлын өвийг тээж яваа, өвлөн уламжлуулж яваа, шавилан сургах сургалтыг өндөр хэмжээнд өвлөн уламжилсан тэдгээр хүмүүстэйгээ чуулга уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. Хурлаар туульчид, цуурчид шавь сургалт зохион байгуулах орчин байхгүй байна гэсэн саналыг тавьсан юм. Тиймээс үлгэр туулиа хайлах яг тэр язгуур орчныг бий болгохыг зорьлоо. Энэ өргөөнөөс олон сайхан туульчид төрөн гараасай. Мөн Монголын өнцөг булан бүрт Цуур, Морин хуур, Тууль зэрэг язгуур урлагийг хамгаалах хөгжүүлэх олон, олон өргөө бий болоосой гэж ерөөж байна” гэлээ.

Харин туульч А.Балдандорж хэлэхдээ “Хэдэн зууны турш монголчууд өргөө цагаан гэртээ үр хүүхдүүдээ тойруулан суулгаж үлгэр туулиа хайлсаар ирсэн. Туульд баатарлаг зүйлсийн тухай өгүүлдэг. Үргэлж хүний дотоод сэтгэлийг хөнддөг учир тууль сонсож өссөн хүүхэд гайхалтай хүмүүжлийг олж авдаг. Тууль бол Монголын уран зохиолын бүх төрлийг багтаасан гайхалтай язгуур урлаг юм. Тиймээс хүүхдүүдийг Хаан туульсийн өргөө гэртээ ирж туульч болоорой гэж уриалж байна” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо

Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс
61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд гавьяат тамирчин
Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн
хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж эх орныхоо төрийн
далбааг Ташкентын тэнгэрт мандууллаа. Яг энэ цаг мөчид бид түүний гэр бүлийнхэнтэй
хамт алтан медалийн төлөөх барилдааныг үзэж, баяр хөөрийг нь хуваалцсан юм.

С.Цэрэнчимэд ээж, ахынхаа хамт “Цайз” захын Алтан-Өлгийн гэр хороололд
амьдардаг юм байна. “Цайз” захаас дээш Цагаан даваа явах замаар гурван километр
орчим яваад дөнгөж барьж буй хашаа байшинтай туллаа. Түүний төрсөн ах Майдар биднийг
тосонгоо “Манайх байшингаа янзалж орох санаатай. Жаахан ундуй, сундуй л байгаа даа”
гэсээр санаа зовсон байдалтай дотогш орлоо. С.Цэрэнчимэдийн ээж Д.Лхагвадулам ногоон
торгон дээл өмсчихсөн, төрсөн эгч Баярмаа нь нөхөр Отгонбаатартайгаа Эрдэнэтээс
ирсэн гээд хамт дүүгийнхээ барилдааныг үзэхээр зурагтаа тойроод сууцгааж байв.

Байшингаа янзлахаар барилгын ажил хийж байгаа болохоор гэрийн тавилгаа
нэг булан руу нь хураачихаж. Харин зурагтаа байшингийнхаа голд тавьчихсан байв.
Зурагтынхаа хажууд охиныхоо медалиудыг, мөн залуучуудын ДАШТ-д аварга болж байсан
зургийг нь тавьсан харагдав. Ах Майдар
нь “Ээж бид хоёр өдөр гадуур ажилтай яваад гэртээ барилдааныг нь үзэж чадаагүй.
Интернэт орж үзсэн юм. Оростой барилдахад нэг их айгаагүй. Японы бөхтэй барилдахад
уначих вий дээ гэж жаахан сандарсан. Утсаар бичлэг хийж байсан чинь бүр гар чичрээд
байсан. Миний дүү ёстой мундаг барилдсан” гээд инээд алдан их л сэтгэл хангалуун
ярив. Харин ээж нь хүүгийнхээ яриаг өлгөж аваад “Өдөр интернэтээр охиныхоо барилдааныг
үзэхдээ олны газар байгаа гэдгээ ч мартчихаж. Бараг л хашгирчихсан” гээд духныхаа
хөлсийг арчин бурхныхаа зүг босов. Бурхныхаа өмнө очоод хоёр алгаа хавсран амандаа
маани уншин “Хань минь охиныхоо заяаг тэнгэрээс түшиж хайрла. Охин чинь ямар мундаг
хүн болсныг чи минь харж байгаа биз дээ” гэх нь сонстов. Нэлээд удаан залбирч, бурхныхаа
өмнө арц уугиулж, хүрд эргүүлээд эргээд зурагтынхаа өмнө суув. Цэрэнчимэдийн аав
Ж.Сүхээ өөд болоод нэлээд олон жил болж байгаа юм байна. Д.Лхагвадулам ханийгаа
нутаг усандаа алдартай бөх хүн байсан учраас охиноо аавыгаа дуурайсан сайн бөх болно
гэдэгт ямагт итгэж явдгаа ярьсан. Хэнтий аймгийнхан түүнийг Заан Сүхээ гэхэд андахгүй
гэнэ.

Ингээд аваргын төлөө
барилдаан ч эхэллээ. Хүргэн ах, эгч хоёр нь ч зурагтандаа дөхөж дүүгийнхээ бэлтгэлд
өмсдөг, төрийн далбаатай цамцыг нь гаргаж ирэн захыг нь мушгиж харагдав. Харин ээж
нь хоёр алгаа хавсран суух бөгөөд өндөлзөн, ухас ухас хийнэ. Майдар ах нь “Миний
дүү аварга болж чадна шүү” гэж чанга дуугаар байнга зоригжуулах аятай хэлж байв.
Барилдааны үеэр Цэрэнчимэд их л зоригтой дайрч барилдсан. Ээж нь “Азарбейжаны бөх
миний охиноос яасан эгчмэд юм бэ. Хашир байгаа даа” гэж сандарна. Хэдий нас бага
гэдэг нь дэвжээнд барилдахад илт харагдаж байгаа ч хэд хэдэн удаа дэвжээн дээр угзарч,
бяраар илүү харагдаж байв. Үүнийг харсан ах нь “Миний дүүд аавын бяр байна шүү”
гэх. Эхний 30 секундэд нэг оноо алдахад нь сандарч байсан ч өрсөлдөгчөө 12:3 оноогоор
буулгаж авсан. Бас болоогүй өрсөлдөгч нь хоёр торгуулсан байв.  Цэрэнчимэд сайхан барилдаан үзүүлж өрсөлдөгчөө
давсан бол гэрийнхэн нь түүний давахыг хараад хоорондоо тэврэлдэн ёстой л уйлалдаж,
зурагтаараа хамт байсан юм.

Хүн бүр дор бүрнээ
тогтож чадахгүй, бие бие рүүгээ харцгаах.

Ингээд аваргын ээж
Д.Лхагвадуламаас сэтгэгдлийг нь хуваалцав.

-Юуны өмнө охин тань дэлхийн аварга болсонд
баяр хүргэе. Үнэхээр тэсч ядан гэр бүлээрээ хүлээлээ шүү?

-Тэглээ. Миний охин
эх орныхоо, эцгийнхээ, хамт олныхоо нэрийг дэлхийн давцанд цуурайтуулсанд баяртай
байна. Охиноороо үнэхээр бахархаж байна (хоолой нь зангирч, нулимс унагав).

-Охиныгоо тэмцээнд явахад юу гэж захиж
байсан бэ?

-Миний охин сайхан
амжилт үзүүлээд ирээрэй. Бид нар байшингаа янзлаад л хүлээж байя” гэж хэлээд үнсээд
үлдсэн. Харин охин маань “Би том амжилтад хүрэх болно” гээд явсан. Эгч нь өглөө
болгон цайныхаа дээжийг өргөж, мэддэг маани мэгзмээ уншиж залбирч байлаа. Уржигдар
сугалаа сугалах өдөр нь гандан орж ном уншуулаад, тагтаа хооллоод ирсэн.

-Таны хань бөх хүн байжээ?

-Миний хань Хэнтий
аймгийн Цэнхэрмандал сумын хүн байсан. 1998 онд өөд болсон. Аймгийн заан Жигжидсүрэнгийн
Сүхээ гэж хүн байлаа. Хэнтий аймгийнхан “Заан” Сүхээ гэхээр андахгүй мэднэ. Том
биетэй, бяр чадалтай хүн байсан. Ер нь ханийн тал их хүчтэй хүмүүс байсан гэдэг.
Манай хадам ээж Тунбааш гээд хөгшин их бяртай хүн байсан гэж нутаг усныхан ярьдаг.
Сүхээ цэргээс ирчихээд эмнэг сургаж хоёр чихийг нь хулмайтал нь барьчихаад “Алив
ээж барьж чадах уу. Би гэрээс хазаар аваад ирье” гэхэд “Үзээд алдъя” гээд эмнэг
морийг чихдэж байсан гэдэг. Манай аав, ах дүүс нь их бяртай хүмүүс байсан гэж ярьдаг.
Тэгэхээр охин маань их юм дуулгана гэдэгт итгдэг.

-Ах Майдар бас барилдаж байсан гэв үү?

-Миний хүү 2007 онд
Солонгос руу ажил хийхээр явсан юм. Явахаасаа өмнө дүүгээ “Алдар” спорт хороонд
аваачиж Хосбаяр, Цогтбаяр багш нарт шавиар оруулж байсан. Өөрөө “Аварга” дээд сургуульд
сурдаг, чөлөөтөөр барилддаг байсан юм. Даанч бэлтгэлийн үеэр гэмтэл аваад спортоо
орхисон. Уг нь тухайн үед Бат-Эрдэнэ аварга миний хүүг овоо бөх гарч ирнэ гэдэг
байсан юм билээ. Хүү л дүүгээ сайн бөх болгоно гээд энд байхдаа өглөө гүйлгэж, мэх
заадаг байсансан. Саяхан харь нутгаас ирээд ээж, дүү хоёртойгоо байшин барьж орох
санаатай үзэж тарж байна.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Холбооны техникч
хийж байсан.

-Одоо юу хийж байна?

-“Цайз” захаас Алтан-Өлгийн
гэр хороолол руу 500 төгрөгөөр хүн зөөж байна. Өөрийн нэг жижиг тэрэг бий. Түүгээрээ
өглөө 06 цагаас эхлээд орой болтол өгсч, уруудах хүн зөөдөг. Өвлийн хүйтэнд манай
энд чинь хэцүү. Даарч бээрсэн хүүхдүүд таарвал мөнгөгүй аваад “Цайз” зах руу бууна.

-Өдөрт хэдэн төгрөг олох уу?

-Хүн ихтэй үед бол
30 мянган төгрөг олчихноо. Олсон мөнгөөрөө хоол ундаа болгочихдог л юм.

-Цэрэнчимэд гэрийн ажилд хэр вэ?

-Сайн. Хүн болгоныг
л ахаа, эгчээ гээд мэндлээд сүрхий гүйнэ. Хоол сайхан хийнэ. Хаана ингэж сурсан
юм бол гээд байсан чинь бэлтгэлд гарахдаа л хоолоо хийж сурсан юм шиг байгаа юм.
Усанд явна. Бага байхын л эмээтэйгээ шуудайнд үхрийн нойтон баас хийчихээд “би дийлнэ,
дийлнээ” гээд чирээд явдаг хүүхэд байж билээ. Их сэргэлэн. Хүний заасан зүйлийг
хурдан сурдаг. 

-Одоо хэдэн настай юм бэ?

-Миний охин чинь
18 нас хүрч байна. 16 настайдаа Олон улсын мастер болсон шүү дээ. Охины маань амжилт
Хосоо багштай нь салшгүй холбоотой. Бид их баярлаж явдаг Хосоо багшдаа.  Ийш тийшээ тэмцээнд явахад нь багш нь л өнчин
өрөөсөн, амьдрал ахуйг маань мэддэг учраас хүн амьтантай уулзаад мөнгө төгрөг, зардлыг
нь олоод өгье гээд их зүтгэж авч явдаг. Ганц манай хүүхэд гэлтгүй бусад шавь нарынхаа
аавынх нь оронд аав болж, хүний хүүхдийн төлөө төрсөн хүн шүү дээ.

-Охин тань барилдахаас гадна сурч байгаа
юу?

-Их сургуульд одоохондоо
ороогүй. Уг нь МУИС-д эдийн засагчаар сурна гэж байсан. Энэ жилдээ чадсангүй.

Залуучуудын дэлхийн
аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд
эхний тойрогт дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга ОХУ-ын
бөх Наталя Гольтцыг онооны илт давуугаар ялж Японы тамирчин бөхийг мөн цэвэр ялж,
хагас шигшээд шалгарсан. Ингээд мөнгөн медалийн төлөө Финландын бөхийг ялж, финалд
шалгарсан юм. Ингээд  алтан медалийн төлөө
Азербайжаны бөх Раткевичтэй барилдаж ийн ялж аваргын алтан медалийг хүртсэн юм.

 Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Төр газар тариалангийн компани, гурил үйлдвэрлэгчдийн дундуур орж үнэ тогтоох ёсгүй

Тариаланчдын холбооны тэргүүн Ч.Пэрэнлэйтэй цаг үеийн асуудлаар
ярилцлаа.

-Тариаланчид
салбарын яамнаас гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Үүн дээр Тариаланчдын
холбоо ямар байр суурьтай байна вэ?

-Тариалангийн бүс нутгуудаар сүүлийн хоёр гурван өдөр бороо хур ороод
тариа хураалт саатсан. Энэ үед тариаланчид талбай дээрээ цуглаж санал бодлоо солилцсон.
Ер нь бид цөөн хэдэн зарчмын асуудал л ярьж байгаа. Нэгдүгээрт цаг хугацаа алдалгүй,
хаягдал багатай хураагаад авчихъя. Хоёрдугаарт хураасан тарианы чанар, хэмжээ болон
дэлхийн зах зээл дээрх үнийг харгалзан буудайн үнээ гүрилын үйлдвэрүүдтэйгээ тохиролцож
заръя гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өнөөдөр тариаланчид нэг ч гурилын үйлдвэртэй
албан ёсоор үнэ тохирч гэрээ хийгээгүй байна.

Тариаланчид эсэргүүцлээ илэрхийлэх болсон гол шалтгаан нөхцөл нь
газар тариалангийн компани, гурил үйлдвэрлэгчдийн дундуур салбарын яам орж, үнэ
тогтоосон явдал. Энэ бол туйлын буруу. Яам бол Засгийн газрын тогтоолын дагуу Тариалан
эрхлэлтийг дэмжих санд авах буудайн үнийг л тогтоохоос бус хэдэн төгрөгөөр гурилын
үйлдвэрт буудай нийлүүлэхийг тогтоох ёсгүй. Энэ бол зах зээлийн зарчмаар л явах
ёстой асуудал. Буудайн чанар, хэмжээнд тулгуурлан гурилын үйлдвэрүүд, тариаланчидтайгаа
үнээ тохирсоор ирсэн, тэгэх ч ёстой. Өмнөх жилүүдэд яамнаас тариалан дэмжих сандаа
хуримтлуулах будааны үнийг л тогтоосноос гурилын үйлдвэрүүдэд зарах буудайн үнийг
өнөөдрийнх шиг тогтоож байгаагүй. Өмнөх жилүүдэд энэ жишгээр буюу зах зээлийнхээ
жишгээр гурилын үйлдвэрлэгчид нь худалдаж аваад үйлдвэрлэлээ хэвийн явуулсаар ирсэн.

Ийнхүү жинхэнэ зах зээлийн гольдрил руугаа дөхөж явтал төр үнэ тогтоодог
бол хамгийн эрүүл бус үзэгдэл. Тодруулбал ҮХААЯ-ны тогтоосон энэ үнээр улаанбуудайгаа
борлуулахгүй бол хүнсний улаанбуудайг элеватор нөхцөлөөр 500 мянгаас дээш төгрөгөөр
борлуулсан тохиолдолд тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгохгүй, хямд
үнэтэй импортын улаанбуудай оруулах зөвшөөрөл олгоно гэдэг нь хэн хэндээ маш халтай
хууль зөрчсөн мэдэгдэл. Учир нь Тариалангийн тухай хуулинд үндэсний гурилын үйлдвэрүүд
болон Тариалан эрхлэх санд тушаасан чанарын шаардлага хангасан улаанбуудайн урамшуулал
олгоно гэсэн. Харин урамшууллын хэмжээг УИХ-аас тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл
урамшууллыг олгуулахгүй хасах, багасгах эсэхийг яам дан ганцаар толгой мэдэн шийдчихдэггүй
байх нь.

Хамгийн гол нь тариаланчид улаанбуудайн үнээ хөөрөгдөөд зохиомлоор
өсгөөд байгаа юмгүй. Өнөөдөр ам.долларын ханш хэд болчихоод байгаа билээ. Тэгтэл
газар тариалангийн сэлбэг, ургамал хамгааллын бодис, үр бордоо нь гадаад валютаар
хэмжигдэж байна.

-Тариалан
эрхлэгчид ҮХААЯ-ны дээрх мэдэгдлийг “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайханы
хямд үнээр буудай худалдан авах гэсэн явуулга гэж тариаланчид үзэж байсан. Энэ хэр
үндэслэлтэй вэ?

-Миний хувьд өнөөдөр тэр энэ гэж чичилж, бурууг тохохдоо гол нь биш.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд кг гурилыг 730 төгрөгөнд барих гэсэн гэрээ
хийж, хэд хэдэн гурилын үйлдвэрлэгчдэд төрөөс дэмжлэг олгосон. Үүний нэг нь “Улаанбаатар
гурил” компани. Харин энэ хязгаарт үнээ барихад хүндрэлтэй болчихлоо, хөтөлбөрөө
эргээд харвал яасан юм гэдгийг “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайхан
яамандаа гаргасан гэсэн. Тиймээс гурил үйлдвэрлэгчдийн буруу биш.Гэхдээ үйлдвэрлэл
эрхлэгч хэн ч гэсэн санал хүсэлтээ энэ мэт харьяа яамандаа гаргах эрхтэй. Үүнийг
нь тариалан эрхлэгчид маань өнгөц, харж ташаа дүгнэсэн байх талтай.  “Алтантариа” компани эх орны дотоодын гурилын
хэрэгцээний таван кг тутмын хоёрыг үйлдвэрлэн нийлүүлдэг. Харин “Улаанбаатар гурил”
үүний дараагаар орох томоохон үйлдвэр. Жилдээ 100 мянган тонн удаанбуудай авдаг.
Өнөөдөр хүний нэр барьж, тэрний буруу гэж дайрч давшлах бус хэн хэндээ ашигтай шийдэлд
хүрэх нь чухал.

Өнөөдрийн байдлаар хэдхэн томоохон үйлдвэрлэл эрхлэгчдэд тариаланчид
талбайгаасаа багахан хэмжээний улаанбуудай нийлүүлсэн. Их хэмжээгээр нийлүүлж эхлээгүй
байна. Нийлүүлэх нь бүү хэл улаанбуудайн хураалт дөнгөж эхлэл шатандаа явж байна.
Энэ асуудлын талаар ҮХААЯ судалгаа шинжилгээ, тодорхой баримт сэлтэнд тулгуурлан
мэдэгдэл хийж, авах арга хэмжээгээ тодорхойлох ёстой. Түүнээс ҮХААЯ-ны тоомжиргүй
мэдэгдэл шиг тариаланчид нь замбараагүй өндөр үнээр буудайгаа борлуулах гээд, нөгөө
талдаа үйлдвэрлэгчид нь хэт бага үнээр худалдан авах гээд байгаа хэрэг биш. Ийм
буруу уур амьсгалыг нийгэмд түгээж байна. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчдийн нэгдүгээр
гурил кг нь 850-900 төгрөг байгаа. 730 төгрөгийн үнэтэй гурил идээд байгаа хэрэглэгчийг
мэдэхгүй юм.

-Улаанбуудайн
тонн тутмыг тариаланчдын санал болгож байгаа шиг 550-600 мянган төгрөгөөр гурил
үйлдвэрлэгчдэд борлууллаа гэхэд яамны санал болгосон үнээс 50-100 мянган төгрөгөөр
нэмүү гэсэн үг. Энэ тохиолдолд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ хэр нэмэгдэх вэ?

-Эрдэм шинжилгээний байгууллагын судалгаагаар сүүлийн гурав дөрвөн
жил гурилын үйлдвэрүүд л өндөр ашигтай ажилласнаас газар тариаланчид үйл ажиллагаагаа
хэвийн явуулж чадахааргүй хэмжээнд хүртлээ алдагдалтай ажилласан. Наадмын дараа
гурил 1000 төгрөгт хүрэхэд иргэд яагаа ч үгүй. Хэрэв тонн буудайг гурилын үйлдвэрүүд
550-600 мянган төгрөгөөр худалдаад авбал гурилын үнэ нэмэгдлээ гэхэд 850-950 төгрөгийн
хооронд хэлбэлзэхээс 1100, 1200 төгрөгт хүрэхгүй. Гэхдээ бид буудайн үнээ тогтмол
барьж байж гурилын үнээ барина. Ингэж тогтмол байлгаж хэвшмээр байна.

Ийм шалтгаантай учраас газар тариалангийн компаниуд илүү үнэд хүрдэг
гэдэг утгаар нь улаан буудайг биш рапсыг түлхүү тариалах болсон. Үнийг хэт бариад,
нийгэмд сөрөг мэдээлэл цацаад ирэхээр үйлдвэрлэл ингэж доголддог байхгүй юу. Энэ
хооронд Оросоос хямд үнэтэй гурил, улаанбуудай импортоор орж ирвэл дотоодын гурил
үйлдвэрлэгчид ч, тариаланчид ч “цохиулна”. Харин төр улаанбуудайн тонн тутмын үнэтэй
зууралдахын оронд дотоодын буудайн хэрэгцээгээ бүрэн хангасан бодлогоо цаашид доголдуулалгүй
хэрхэн авч явахаа л тодорхойлох ёстой. Төр бодлогоо тодорхойлохоос аж ахуй байгуулаад,
бизнес хийх гэж байгаа биш шүү дээ. Угтаа та нар ийм үнээр улаанбуудайгаа гурил
үйлдвэрлэгчдэд өгөхгүй бол бид хямд үнэтэй буудай импортоор оруулж ирнэ гэхийн оронд
харин ч зах зээлээ хямд үнэтэй буудай, гурилын импортоос хамгаалсан бодлого явуулах
ёстой. Өнөөдөр газар тариалангийн 1000 гаруй аж ахуй нэгж байна. Үүний цаана дор
хаяж дөрвөөс таван мянган ам бүл бий.

-Яамны
холбогдох албан тушаалтнууд газар тариалангийн компаниудыг шатахуун, ургамал хамгааллын
бодисоор  хангаад, хөнгөлттэй нөхцөлөөр хангасаар
ирсэн гэж мэдээлсэн. Үнэхээр тэгсэн бол улаан буудайн тонн тутмыг 500 мянган төгрөгөөр
үнэлсэн нь алдалгүй юм биш үү?

-Энэ бол тун хариуцлагагүй мэдэгдэл. “Газар тариалан эрхлэгчид чинь
төрөөс асар их бараа, материалыг үнэгүй авчихаад, үр тариа, буудайгаа өндөр үнээр
зарах гэлээ” гэсэн сөрөг уур амьсгалыг ий болгочих гээд байна. Угтаа бол дээрх арга
хэмжээ нь арван тариаланч тутмын гуравт нь л хүртээлтэй байдаг. Тэр бүхэнд ийм цөөн
тариаланчид хамрагддагаас бус бүгд хамрагдаж чаддаггүй. Хамрагдах бололцоо ч байдаггүй.
Ийм байж бүх газар тариалан эрхлэгчдэд тав, 30 хувийн урьдчилгаатайгаар шатахуун,
хэрэглэгдэх үр бордоог нь өгч, хөнгөлөлттэй нөхцлөөр тоног төхөөрөмжөөр хангасан
мэтээр ярих нь буруу. Хамрагдаж чадаагүй нь банкнаас журмынх нь дагуу зээлээ аваад,
шатахуунаа зах зээлийн ханшаар худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулж байна.

-ҮХААЯ-ны
өртгийн тооцоогоор нэг тонн улаанбуудайн өөрийн өртөг 395 мянган төгрөг гэсэн. Үүн
дээр тариаланчдын зорилтот ашгийг 18-20 хувь байхаар тооцоход улаанбуудайн тонн
тутмын үнэ 460 мянга болж байна гээд байгаа. Тиймээс 500 мянгаар гурилын үйлдвэрүүдэд
борлуулахад хэн хэндээ ашигтай гэсэн зүйлийг дэд сайд Ц.Туваан хэлсэн л дээ.

-Тооцоог ямар ч аргаар хийж болно. Тариаланч бүр өөр өөр зардлаар
буудайгаа тариалж байна. 100 хувь химийн уриншаар эсвэл бордоогоор тариагаа ургуулж
байна. Нэг нь өндөр бүтээмжтэй сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглаж байхад Оросын
хуучирсан техникээр зүтгүүлж байгаа нь ч бий. Ер нь дундаж аж ахуй нэгжийн зардал
420-430 мянга, бүр зардал нь 500 мянгад хүрсэн аж ахуй нэгж ч байна. Дахиад хэлье.
Угтаа бол яам ингэж өртөг, үнээр хөөцөлдөхийн оронд дэлхийн зах зээл дээрх улаанбуудайн
ханшид уялдуулан улаанбуудайн үнээ тариаланчид, гурил үйлдвэрлэгчид тохиролцож чадсан
эсэхэд хяналт тавих ёстой. Мөн дотоодын хэрэгцээгээ үндэсний үйлдвэрлэгчид нь хангаж
чадах эсэх, хэрэв үгүй бол авах арга хэмжээгээ боловсруулах зэрэг бодлогын түвшний
зүйлдээ л анхаарах хэрэгтэй.

Гурилын үйлдвэрүүд буудайн чанар, худалдан авах хэмжээтэйгээ уялдуулан
хэд хэдэн үнийн саналыг тариаланчдад аль хэдийн хүргүүлчихсэн байсан. Чанартайг
нь өндөр үнээр чанар муутайг нь хямдаар гэж. Мэдээж дэлхийн зах зээл дээрх буудайн
үнэнд харгалзуулсан тоо гаргасан. Энэ бол туйлын зөв. Гурилын үнийг аль ч төр өсгөхгүй
барих ёстой. Гэхдээ ухаалгаар барих ёстойгоос бус үндэсний үйлдвэрлэгчдээ “унагаж”
барьдаггүй юм.

-Уринштай
талбайн 20 хүртэлх хувьд рапс тариалахыг салбарын яамнаас зөвшөөрсөн байдаг. Бодит
байдал дээр хэрхэн биелэлээ олж байна вэ?

– Рапсыг тариан талбайн 20 хүртэлх хувьд тариалах ёстой гэж яамнаас
үүрэг өгсөн ч амьдрал дээр тэс өөр шүү дээ. Тоон мэдээгээр 40-50 мянган га-д рапс
тариалах ёстой ч албан мэдээгээр 70 гаруй мянга га-д тарьсан. Албан мэдээнд ороогүй
асар том талбай бий гэдгийг санах хэрэгтэй. Ингээд л дээрээс нь шахаад, ургац тариалах
хэмжээ, худалдах үнэ зэргийг нь тогтоогоод байвал энэ салбар урагшлахгүй, ургацын
бодит хэмжээ ч гарахгүй.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Азийн худалдааг дэмжих форумын тэргүүнүүдийн 27-р ээлжит хуралдаан болж байна

Монголын Үндэсний
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим Азийн худалдааг дэмжих форумын
тэргүүнүүдийн 27-р ээлжит хуралдааныг Төрийн ордны Б танхимд зохион
байгуулж байна. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож
төлөөлөгчдөд хандан үг хэлж баяр хүргээд, хуралдааны ажиллагаанд амжилт
хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Монголын Үндэсний Худалдаа, Аж
Үйлдвэрийн Танхимын дарга С.Дэмбэрэл нээж үг хэлсэн юм.

Азийн Худалдааг Дэмжих
Форум нь 1987 онд таван гишүүнтэйгээр харилцан мэдээлэл солилцох
хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүс нутгийн худалдааны
хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагдаж байсан бол
өнөөдрийн байдлаар Азийн 24 орны худалдааг дэмжих байгууллагыг эгнээндээ
нэгтгэж,жил бүр тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү
уулзалтаар худалдааг дэмжих байгууллагуудын өмнө тулгарч байгаа
асуудлууд, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашид
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал бодлоо солилцдог
уламжлалтай.

Энэ удаагийн хуралдаан
“Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон “Ногоон
бизнес”-ийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг дэмжих байгууллагын үүрэг
оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 50 гаруй
төлөөлөгчид оролцож байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Categories
гадаад мэдээ

Майк Тайсон телевизийн хөтлөгчийн доромжилжээ

Нэрт боксчин Майк Тайсон Канадын “СР 24” телевизэд ярилцлага өгсөн байна. Шууд нэвтрүүлж байсан ярицлагын үеэр хөтлөгч түүнээс хорих ял авсан тухай нь тодруулахад хариуд нь доромжилжээ. Хөтлөгч Н.Дауер тэр даруй боксчиноос уучлал гуйж асуудлыг маш эвтэйхэн шийдсэн байна. 

Нэрт боксчин М.Тайсон нь гурван удаа ял сонсч байсан. Тэрээр хүчирхийлэл, хүн зодсон, мансууруулах тамхи хэрэглэснийхээ төлөө шийтгүүлж байсан юм.

Ю.Дэлгэр  

Categories
гадаад мэдээ

Иракт цэргийн тусламж үзүүлэхэд 25 сая доллар гаргалаа

ВАШИНГТОН. /RIA Novosty/. Иракийн Засгийн газар болон тус улсын Курдастаны эрх баригчдад цэргийн тусламжийг яаралтай үзүүлэхэд 25 сая доллар гаргасныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лхагва гарагт мэдээллээ.

Тусламжийг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд зарцуулна гэж мэдэгдэлд дурдсан байна. Гадаадад үзүүлэх тусламжийн тухай хуулийн дагуу Төрийн департаментын шугамаар тусламжийн мөнгийг гаргах ажээ.

Сири болон Ирак улсын томоохон газар нутгийг эзлэн авч “лалын халифт улс” байгуулснаа зарласан “Лалын улс” бүлэглэлтэй хэрхэн тэмцэх талаараа АНУ-ын Ерөнхийлөгч орон нутгийн цагаар лхагва гарагийн орой телевизээр үг хэлнэ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн номын сангийн шавыг тавина

МУИС-ийн номын сангийн барилгын шавыг тавих ёслол маргааш тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны дэргэд 11.40-13.00 цагийн хооронд болох аж. Ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС-ийн захирал А.Галтбаяр болон бусад хүмүүс оролцох аж.  МУИС-ийн шинэ номын сан баригдсанаар номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болно хэмээн үзжээ.

Categories
гадаад мэдээ

Америкийн бэлэг тэмдэг болсон галзуу хулгана шатжээ

20140909-025

Бэлэг тэмдэг болсон паркийн галзуу хулганийг дахин сэргээлт засварын ажил хийхээр 3 долоо хоногийн хугацаатай хаасан байжээ.

Америкийн бэлэг тэмдэг болсон Колоссус галзуу хулгана Даваа гаригт
галд өртсөний улмаас хаажээ хэмээн орон нутгийн KTLA5 суваг мэдээлжээ.

Лос Анжелес мужын гал түймэртэй тэмцэх газар Калифорн дах Санта
Кларитагийн паркад 1:30 минутад засварын ажлын үеэр гал гарсан мэдээлэлд
дуудагдан очжээ.

“Ямар нэгэн бэртэл гэмтэл учираагүй бөгөөд галыг унтраасан,” гэж
мэдэгдсэн байна. “Колоссус-г бид өөрчлөн сайжруулж байгаа бөгөөд 8 сарын
17-ноос хаасан байгаа.”
Уг модон галзуу хулгана 36 жилийн дараа хаагдаж байгаа бөгөөд холимог зам тавин шинэчилж Мушгиа Колоссус нэртэй болох юм байна.

Паркийг Даваа гаригт хаасан бөгөөд галын шалтгааныг мөрдөж байгаа юм.