Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан
шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл шүүхийн шийдвэрийг
эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг
Нийслэлийн шүүх хүлээн авч ирэх мягмар гаригт хэлэлцэхээр болжээ. Хэргийг
сануулбал, Энэ оны гуравдугаар сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн
цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Г.Сарангэрэл өдгөө ШШГЕГ-ын харьяа
цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Month: September 2014
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлиг, МХЕГ-ын даргын 179 тоот тушаалын дагуу
аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд хяналт
шалгалт хийж эхэлжээ. Шалгалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль
орчны хяналтын 140 гаруй улсын байцаагч, байгаль хамгаалагчид, цагдаагийн
ажилтнууд, байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн болон орон нутагт
үйл ажиллагаа явуулж байгаа байгаль орчны төрийн бус байгууллагын төлөөлөл
оролцож байна.
Энэхүү
шалгалтад ой бүхий 14 аймаг, нийслэлийн ногоон бүс, 134 сумын нутаг дэвсгэрт
ойн үндсэн ашиглалтын болон арчилгаа, цэвэрлэгээний эрхтэй ойн мэргэжлийн
байгууллага, аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын мод, модон материалын 9 захыг
хамруулах аж. Одоогоор 148 зөрчил, дутагдал илрүүлж 146-ыг газар дээр нь
арилгуулж, 82.821.8 мянган төгрөгийн торгууль, 11.710.2 мян төгрөгийн нөхөн
төлбөр оногдуулжээ. Мөн 672.3 м3 мод, модон материал, 50 шуудай түлээ, 365
ширхэг дүнзийг, 2 автомашин, 7 хөрөө, 3 сүхийг улсын орлого болгосон байна. Бас
23 иргэн, аж ахуй нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.
Шалгалт
үргэлжилж, Нисэх, Яармагийн товчоо, Баруун туруун, 22, Эмээлт, Баянзүрхийн
товчоодоор дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн автобусыг хянаж
байна.
Чөлөөт бөхийн ДАШТ Ташкент хотноо үргэлжилж байна. Өчигдөр 75 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын
Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа хүрэл медалийн төлөө Колумбийн бөх
А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-с хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм. О.Бурмаагийн
хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, хүрэл
медальт, Европын хошой аварга Украины Катерина Бурмистроватай барилдаж, 5:0-ийн
харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар дэлхийн тав, Европын
зургаан удаагийн аварга Болгарын бөх Станка Златеватай барилдаж, 6:3-ийн
харьцаагаар ялснаар шилдэг дөрөвт багтсан юм. О.Бурмаагийн хувьд энэ барилдаан
маш хүнд болсон бөгөөд 1:3-аар ялагдаж яваад, сүүлийн 5 секундын өмнө 4 оноо
авч ялсан юм.
Халхголын байлдаанд Монголын цэргийн удирдах бүрэлдэхүүнд тулалдсан Пунцагийн Шагдарсүрэнд Монголын төр Улсын баатар цолоо олголоо. Үнэхээр дайн байлдаанд оролцсон, дайснаа дарж явсан хүмүүст Баатар цол олгодог ёстой юм бол П.Шагдарсүрэн гуай гарцаагүй баатар хүн мөн юм. Өнөөдрийн хүмүүст үргэж цочихоор үнэнийг хэлэхэд энэ өвгөн 21 настайдаа 17-р морьт хорооны штабын даргын албан тушаалтай байлдаанд орж Монгол Улсын дархан хил, бүрэн бүтэн байдалд халдан түрэмгийлсэн япончуудтай цусаа урсган тулалдсан, амийг амиар сольж явсан, үүнийхээ төлөө амь насаа бууны исгэрэх суман дунд өнгөрөөсөн хүн юм. Тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Манай хороон дарга Дандар зоригтойгоо харуулах гэж байгаа нь тэр юм уу, дайралтанд орохдоо хуягт тэргэн дээр сандайлж суугаад автоматаар шүршээд явчихдаг байсан…” гэж ярьсан. Л.Дандарыг тэгж япончуудыг автоматаар шүршиж явсныг харсан хүн дэргэд нь бас япончуудыг шүршиж явсан байж таарна биз дээ. “Байлдааны эхэн үед хоёр япон баривчлаад сүүлд нь өнөө хоёрыг чинь хааш нь хийхээ мэддэггүй, жалганд аваачаад буудчихаж билээ” гэхэд нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй “Яанаа…” хэмээн нүдээ бүлтийлгэн амаа дарж, үнэн ярьж байна уу гэсэн итгэлгүй харцаар харж байсныг үзэгчид харсан байх. Тэгж буудах нь наад захын хэрэг явдал байсан он жилүүд шүү дээ. Тэд эх орныхоо төлөө энэ бүхнийг хийж байсан юм. Ийм үнэнийг ярих хүн үлдээгүй болохоор, энэ цаг үед ингэж ярих амьд домог өмнө нь сууж байсан болохоор тэр нэвтрүүлэг үнэхээр гайхамшигтай байсан. Б.Лхагвасүрэнгээс нэгэнтээ таны нэвтрүүлгийн оролцогчдоос хамгийн содон онцгой хүн хэн байсан бэ гэж асуухад “Шагдарсүрэн гуай байсан” гэж түвэггүй хариулсан юм. Магадгүй монголын сэтгүүлчдийн өмнө ийм аймаар үнэн түүхийг ярьж суух амьд гэрч тийм ч олон тохиохгүй байх. Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй билээ. Түүний амнаас гарсан үг бүхэн түүхэн баримт. Амнаас гарсан үг бүр нь алтаар үнэлэгдэх цаг үе урсан өнгөрч байна. “Дивизийн дарга Шаарийбуугийнхаа шарилыг олохын тулд Олзвой бид хэд Хайлааст манханд хайж явахад…” гэж ярих нь улсын баатар П.Шагдарсүрэн гуай шүү дээ. 1940 онд Олзвой баатрыг нас барахад Чойбалсан оршуулганд нь оролцсон юм. Өнөөгийн бидэнд Хүннү Сүннүгийн үед гэдэгтэй бараг адил алсад сонсогдох ийм л түүхэн домогт хүмүүстэй мөр зэрэгцэж явсан хүн өнөөдөр бидний дунд байна гэхээр үнэмшимээргүй санагдах. П.Шагдарсүрэн баатар “100 эрхэмд” өгсөн яриа, бусад сонин хэвлэлд өгсөн яриануудаас гадна сонин содныг ярьсан нь цөөнгүй. Япончууд манай хайчин галд орж хүнд байдалд орохоороо хөшгөн утаа татчихна, нэл утаа болоод юу ч харагдахгүй болохоор дэмий буудах хэрэг гарна, төдөлгүй өнөө утаа замхарсны дараа харахад бидний суманд өртөж үхсэн, шархдсан цэргүүдээ орхиод ухарчихсан байдагсан, шөнө нь буцаж ирж цэргүүдийнхээ хүүрийг авах гэж заавал оролддог нь япончуудын зан байлаа, зэвсгийн хувьд бидний хэрэглэж байсан орос буунууд хамаагүй хол тусгалтай байсан л даа. Япончуудын бууны тусгал тийм ч хол биш гэж ярих нь яах аргагүй амь өрсөн тулалдаж явсан цэргийн яриа биздээ. Энэ мэт энгийн тулаанаас эхлээд цааш ихийг ярьсан байдаг. Цааш ярьсанууд нь ямар гайхамшигтай, ямарч хүн шүлсээ гоожуулан сонсохоор тийм түүхүүд. Бид дайны баатруудаа нэг талаар огтхон ч тоодоггүй байж. Үнэхээр Халхголын дайны баатар байсан Жамбаа гуай, чөлөөлөх дайнаас төрсөн улсын баатар Дүүдэй гуай нар саяханыг болтол амьд байж, сүүлд буцацгаасан. Сэтгүүл зүйн зах зух руу орж явсан надад тэдэнтэй хальтхан уулзах аз тохиох үед яг л П.Шагдарсүрэн баатрын ярьж байгаатай нэгэн адил “аймаар”-ыг ярьсан нь ой тойнд үлгэр домог шиг сонсогддог байсан санагдана. Өнөөдөр тэгж тулалдаж явсан хүн байгаа гэх нь бүү хэл таван жилийн өмнө Халхголын ялалтын 70 жилийн ойгоор тэгж япончуудыг хядаж явсан хүн олдохгүй болчихсон байж билээ. Гэтэл үлдсэн байжээ, өнөөдөр бид Баатар цолоо авахыг нь хараад сууж байна. Түүний залуу нас дайны жилийн цэрэг явсан. Түүний залуу нас дайсан, үхэл хоёрын дунд өнгөрсөн. Түүний залуу нас маршал, хэлмэгдэл хоёрын дунд манаргасан. Үүгээрээ П.Шагдарсүрэн гуай үнэ цэнтэй байна.
Таны үеийн цэргийн дарга нарын дийлэнх нь хэлмэгдэлд өртөж нас барцгаасан. Та хаагуур нь үлдсэн юм бэ гэхэд “Азаар маршалтай ойр, нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан болохоор оролдоогүй байх” гэж хэлсэн юм. Тэр үеийн тэмтэрч мэдрэгдэх нь хэцүү болсон ороо бусгаа цаг үеэс үлдсэн үнэн үг гэвэл энэ л байх. Тэр яг үнэнийг хэлсэн. Маршал Х.Чойбалсангийн дэргэд 9 жил яс тас байсандаа тэр хэлмэгдлийн хар шуурганд өртөөгүй юм. Тийм болохоор тэр маршалдаа хайртай. Түүний тухай түүхийн үнэнийг хэлэхэд хэл нь ээдэрдэг байхыг зөвтгөх учиртай. Улсын баатар П.Шагдарсүрэн гуай ихийг мэдэж байгаа. Гэхдээ өөртэй нь хамт дуусах үнэн гэж хүнд байдаг. Энэ хуучны хүмүүст байдаг зан чанар. Тийм цөөхөн хүний нэг бол П.Шагдарсүрэн. Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд ямархан байдалтай байгаад амьсгал хураасныг өнөөдөр амьд байгаагаас ганц энэ хүн л мэднэ. Маршалыг нас барах тэр агшинд дэргэд нь байсан гурван монгол хүний нэг нь. Өнөөдрийн монголчууд юу мэдэхийг хүсч байна гэвэл нэгэн үеийн Монголын удирдагч Х.Чойбалсангийн сүүлчийн үг, үйлдэл юу байсныг. Барин тавин баримтаар бол Х.Чойбалсан нас барахынхаа өмнөх агшинд Сталиныг зургийг авчруулан мөргөсөн байдаг. Үүнийг өнөө хоёр монголын нэг нь баталсан, нөгөөх нь үгүйсгээгүй, тэгэхдээ “тийм” гэж хэлээгүй. Харин П.Шагдарсүрэн гуай “Москвад сурч байсан над руу Маршалын комиссар Бат-Очир утасдаж яаралтай ир хэмээн машин явуулсан. Намайг ороход маршал…” гээд үгээ залгичихаад байгаа юм. БавуугийнЛхагвасүрэн хэлүүлэх гэж их хичээсэн. Саяхан Б.Лхагвасүрэн гуайгаас миний бие хэрэг болгож асуусан. 100 эрхэм нэвтрүүлэгч тэгээд өнгөрсөн. Хоёулахнаа байхдаа үнэнийг хэлсэн үү гэж. Б.Лхагвасүрэн гуай “Хуучны хүмүүс гэдэг өөр байдаг бололтой. Надад үнэнийг хэлбэл хэлэх л хүн. Бид хоёр нэг нутаг, эртний танилууд, юу ч дуугараагүй шүү” гэсэн билээ. Зарим түүхийн содон үнэнийг өөртэйгээ үлдээгээд дуусах хүмүүсийн нэг нь П.Шагдарсүрэн юм байна. Баабарын гаргалгаагаар бол Х.Чойбалсангийн тэр үйлдэл нь Сталинаас амь гуйсан сүүлчийн арга байсан гэж хэлдэг. Энэ мэт ээдрээт олон түүхийн учгийг тайлж хэлэх ганц хүн нь хэдий ч хэлэхгүй гүрийсээр байгаагаараа П.Шагдарсүрэн үнэ цэнтэй байна.
Монгол Улс дайн байлдаантай, хэлмэгдүүлэлтэй, тусгаар тогтнолоо олж ядаж байсан он жилүүдэд түүхэн үйл явдлуудын дунд, түүхэн үүрэг гүйцэтгэж явсан хүмүүсийн дэргэд гэрэл зургийн аппараттай ганцхан хүн байсан нь П.Шагдарсүрэн гуай юм шүү дээ. Үүнийг хүмүүс төдийлөн анзаарахгүй байгаа юм. Өнөөдөр бидэнд үлдсэн түүхэн гэрэл зургуудийн ихэнхийг П.Шагдарсүрэн гуай авчээ. Халхголын дайны үеийн Х.Чойбалсан, Г.К.Жуков нарын зургууд, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болон бусад нам төр, цэргийн удирдагчдын гэрэл зургууд, Маршалын амьдралын сүүлийн үеийн зургууд, тэрбүү хэл хүн бүрийн мэдэх тухайн үеийн үндэсний бөхийн аваргууд болох Их монгол Шаравжамц, Буянтоо аварга, “молиг бүргэд” хэмээх Бат-Очир, “буур” хэмээх Жамьян аварга нарын маршал Х.Чойбалсантай авахуулсан гэрэл зураг хүртэл П.Шагдарсүрэнгийн дарсан зураг юм. Түүний авдарт олонд дэлгээгүй үүнээс ч гайхамшигтай гэрэл зургийн хальснууд байж магад. Энэ мөн л түүнд байгаа үнэ цэн.
Нэгэн үед нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан Япон улсдаа Гадаад харилцааны сайд болчихсон ажлын айлчлал хийж явсан хувь зохиол хүн бүрт тохиох уу. Буудалцаж явсан дайсантайгаа гар барин дипломат харилцаа тогтоосон түүх монголын дипломатчдын хэдийнх нь амьдралын замналд байгаа бол. Түүний улсынхаа гадаад харилцааны салбарт гүйцэтгэсэн үүрэг роль нь тусдаа сэдэв болно.
Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн эр хүний л амьдралаар амьдарч ирсэн эр хүн. Сүхбаатар жанжны хоёр гэргийтэй суусан хүн шүү дээ. “Сүхбаатар” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Ө.Рэнцэнноров хатагтай, “Өглөө”, “Тэмцэл” киноны Сүхбаатар жанжны гэргийд тоглосон Д.Нямаа хатагтай нарыг гэргийгээ болгож явсан үнэн түүх түүнд бий. Тэр үеийн сайхан хүүхнүүд гэвэл тэд нар. Маршалын нарийн бичиг гэсэн мандат байсан л биз, Халхголын дайнд оролцсон цэргийн даргын сүр хүч байсан л биз. Цэргийн амьдралын төлөвшил, биеэ авч явах чадвар, мэдлэг боловсрол… юм юм нь түүнийг дутуу юмгүй сайхан амьдруулж явна. Өнөөдөр П.Шагдарсүрэн гуай 97 настай. Ярьж хөөрч, явж гишгэж байгаагаараа бол 70 настай хүн шиг харагдана. Ингэж наслана гэдэг эрүүл саруул явахын том дэг сургууль, амьдралын зөв хэмнэл, сайхан үлгэр дууриал, бас л үнэ цэн.
Гайхамшигтай үйл явдлын дунд байж, гайхалтай түүхэн хүмүүстэй хамт ажиллаж, гайхамшигтай монгол эрчүүд-тэй мөр зэрэгцэн тулалдаж, гайхамшигтай сайхан хүүхнүүдийг эхнэрээ болгож, гайхалтай сайхан үр хүүхэд, ач зээсээ тойруулан, урт наслан, удаан жаргаж суугаа Улсын баатар П.Шагдарсү-рэнд хүргэх урилга байна. Халхголын ялалтын 80 жилийн ойн баярын парад дээр уулзацгаая.
П.Хашчулуун
“Ээжээ өнөөдөр ангийн хуралтай гэнэ. Бас дугуйландаа явна. Оройтож л ирэх нь дээ” хэмээн хэрсүүхэн өгүүлээд сургуульдаа яарсан зургадугаар ангийн охин харамсалтайгаар амиа алдлаа. Түүнийг Ц гэх бөгөөд нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг байжээ. Хэргийг товч сийрүүлэхэд сурагч Ц нь өчигдөр өглөө 07:45 цагийн орчимд явган хүний гарцан дээр Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн Hyundai
Elentra маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашинд мөргүүлж амиа алдсан юм.
Болсон явдлыг харсан иргэдийн өгүүлснээр талийгаач охин “Дэнжийн мянга” талаасаа зам нэвтрэхээр явган хүний гарцаар алхсан байна. Энэ үед Долоон буудал талаас төв рүү чиглэсэн зам түгжрэлтэй байсан бөгөөд 00-23 СЭҮ улсын дугаартай цагдаагийн машин жолоодож байсан албан хаагч урсгал сөрөн хурдалж байж. Талийгаач охин ч замын талыг туулаад машины дундаас гэнэт гарч ирэхэд хурдтай явсан цагдаагийн албан хаагч машинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүй ажээ. Охин мөргүүлэхдээ буферт нь цохигдон урд салхины шилийг нь мөргөжээ. Шил арчигчинд нь үс нь орооцолдон үлдэж хол шидэгдсэн байна. Охин зам дээр ойчоод төд удалгүй амьсгал хураажээ. Цүнх, дэвтэр ном, хоолны сав нь мөргүүлсэн даруйд тэр хавиар цацагдсаны дараа осол гарсныг зарим хүн мэдсэн тухайгаа ч өгүүлж байлаа. “Ээжээ” гэж чанга хашгирах дууг сонсоод хүмүүс тусламж үзүүлэхээр дөхөх үед охин хэд хэдэн удаа эвгүй хөдлөөд амь тавьсан байна.
“Ээжээ би оройтож ирэх байх шүү. Ангийн хурал өнөөдөр хийнэ” гэж хэлээд гарсан охин …
Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн Hyundai
Elentra маркийн 00-23 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч цагдаагийн ахлах ахлагч Н.Ууганбаяр албан ажлаар нийслэлд ирсэн байна. Тэрбээр ослын дараа дуудлагаар ирсэн цагдаа нарт “Яарч яваад л охиныг мөргөчихлөө. Охин гэнэт гараад ирсэн” гэж хэлжээ. Харин албаны эх сурвалжуудын хэлж буйгаар “Хөтөлийн цементийн үйлдвэр нээлтээ хийсэн. Тэгээд нийслэлээс олон тооны машин гарах гэж байсан. Эдгээр машиныг буферлэж явахаар ирсэн юм билээ. Тохирсон цагаасаа оройтчихоод яарч хурд хэтрүүлэн давхиж яваад осол гаргасан байна” хэмээн хэлж байв. Осол өчигдөр 07:45 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 17-р сургууль руу явах замд буюу Таван буудлын зам дээр гарсан. Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэргийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар биднийг очих үед ослыг харсан иргэдээс тайлбар авч байв. Мөн осол гаргасан Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Н.Ууганбаярыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Чингэлтэй дүүргийн замын цагдаа нар осол гарсан даруйд талийгаач охины ар гэрийнхэнтэй нь холбогдсон байна. Мөн Яаралтай түргэн тусламж дуудсан боловч охин хэдийнэ амиа алдсан байсныг өгүүлж байв. Харамсалтайгаар амиа алдсан охины ар гэрийнхэн, ээж, аав нь сэтгэл санааны цочролд орж эмнэлэгт мөн хүргэгдсэн байв. Охины ээж “Ээжээ би оройтож ирэх байх шүү. Ангийн хурал өнөөдөр хийнэ гэсэн. Бас дугуйлантай гэж хэлээд гэрээсээ гарсан. Хичээлдээ явахын урьд орой хоол хийсэн. Тэгээд саванд хийгээд байсан. Өдөржин яваад өлсөх байх. Хоол авч явахгүй бол өлсөнө гэж хэлж байсан. Өнгөрсөн жилээс эхлэн ганцаараа хичээлдээ явдаг болсон. Миний охин чинь байнга явган хүний гарцтай газраар зам хөндлөн гардаг юм. Төрийн хувцас өмсч машиныг нь унахаараа цагдаа нар хууль журам зөрчдөг. Хэрэв тэр цагдаа урсгал сөрөөгүй байсан бол өдийд миний охин амьд байх байсан” гэжээ.
Үнэхээр л Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн ахлах ахлагч Н.Ууганбаяр зам түгжрэлтэй байх үед тусгаарлах хашаатай замаар урсгал сөрж хурдтай давхиагүй байсан бол охин амиа алдахгүй байсан юм. Охиныг зам хөндлөн гараад гүйх үед нь араас нь мөргөсөн. Охиныг мөргөх үедээ 80 гаруй километр цагийн хурдтай давхиж явсан гэж ослын газарт ажилласан цагдаа нар онцлон хэлж байсан юм. Охиныг мөргөсөн цагдаагийн машины урд салхины шил охины толгой хүчтэй мөргөсөн хэсгээр хонхойж цааш орсон байна лээ. Мөн машины хамар охины биеийн хэсгээр дотогш чихэгдэж орсон, урд талын буфер хагарсан байдлаас харахад ахлах ахлагч Н.Ууганбаяр өндөр хурдтай давхиж явсан нь тодорхой байгаа юм.
Цагдаа нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргадаг
Сүүлийнх үед цагдаагийн алба хаагч нар автомашин унаж яваад осол гаргах явдал хэрээс хэтэрсэн. Бүр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан тохиолдол ч байдаг. Саяхан гэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицеруудын ордноос Цайз зах руу өгсөх замд зам хөндлөн гарч явсан иргэнийг автомашин мөргөж, бэртээсэн хэрэг гарсан. Машинд ЦЕГ-ын ажилчид сууж явсан байдаг. Хоёр жилийн өмнө Хандгайт чиглэлийн зуслангийн парк шинэчлэлээр олгогдсон замын цагдаагийн шинэ автомашин осолдсон байна. Замын цагдаа хурд хэтрүүлэн давхиж яваад онхолдсон байдаг. Мөн Дарханаас Эрдэнэт хүрэх замд 52-06 УБУ улсын дугаартай микро автобус осолдож байсан. Хан-Уул болон Баянзүрх дүүргийн 47-49 насны С. А хэмээх хоёр цагдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолдсон юм. Ослын улмаас арван настай охин амиа алдаж байсан. Мөн өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн цагдаа Алтанбулаг хилийн боомтын ойролцоо нэгэн иргэнийг дайрч хөнөөгөөд хэргийн газраас зугтаасан хэрэг гарч байсан. Энэ мэт цагдаа нартай холбоотой осол аваар олон удаа гарах болсон. Мөн өдөр бүр цагдаа нар түгжрэлтэй зам дээр дохиогоо хангинуулан замын урсгал сөрж давхиж яваатай тааралддаг. Тэд хотын төвөөр дүрэм зөрчин давхиж осол аваар хийдэг. Саяхан гэхэд Нийслэлийн замын цагдаагийн алба хаагчид шөнөжин архидаад нэг машиндаа чихэлдэж явсан байдаг. Тэднийг эргүүлээр явж байсан цагдаа зогсоогоод өөрийгөө удирдах чадваргүй болтлоо архи уусан замын цагдаа машин барьж явахад нь тааралдсан боловч юу ч хэлэлгүй явуулсан байдаг. Цагдаа цагдаагаа шалгадаггүй болохоор замын цагдаа нар согтуу цагдаа явж байсан ч нүдээ аниад явуулчихдаг юм билээ. Энэ мэт хууль журмыг хэрэгжүүлэх ёстой цагдаа нарын даварсан хэрээс хэтэрсэн үйлдэл олон байдаг. Өчигдөр амиа алдсан 12 настай охин ч гэсэн хуулийг уландаа гишгэсэн цагдаагийн урсгал сөрж явсан машинд дайруулсан. Хэрэв ахлах ахлагч Н.Ууганбаяр цагдаагийн машин унаж, төрийн хувцас өмсөөгүй байсан бол бусадтай адилхан яарсан ч гэсэн түгжрээд явж байх байсан.
Өнгөрсөн жил 37 хүүхэд автомашины ослоор амиа алдсан
Сүүлийн үед бага насны хүүхдүүд автомашинд мөргүүлж амиа алдах болсон. Амиа алдсан хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа. Улсын хэмжээнд 2013 онд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1218 бүртгэгдсэний дотор хүүхэд өртсөн Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 234 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэмт хэрийн улмаас улсын хэмжээнд нийт 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан гэх тоог Нийслэлийн замын цагдаагийн газраас гаргасан байдаг. Мөн энэ оны найман сарын байдлаар 100 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Харин хичээлийн шинэ жил эхлээд арав гаруй хоногийн дотор 24 хүүхэд машинд мөргүүлж нэг хүүхэд амиа алдаж 16 хүүхэд хүнд бэртэл авсан байна.
Э.Хүрэлбаатар
Узбек улсын Ташкент хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир, 65 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран нар хүрэл медаль хүртээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг Ташкентын тэнгэрт мандууллаа. Яг энэ цаг мөчид бид түүний гэр бүлийнхэнтэй хамт алтан медалийн төлөөх барилдааныг үзэж, баяр хөөрийг нь хуваалцсан юм.
С.Цэрэнчимэд ээж, ахынхаа хамт “Цайз” захын Алтан-Өлгийн гэр хороололд амьдардаг юм байна. “Цайз” захаас дээш Цагаан даваа явах замаар гурван километр орчим яваад дөнгөж барьж буй хашаа байшинтай туллаа. Түүний төрсөн ах Майдар биднийг тосонгоо “Манайх байшингаа янзалж орох санаатай. Жаахан ундуй, сундуй л байгаа даа” гэсээр санаа зовсон байдалтай дотогш орлоо. С.Цэрэнчимэдийн ээж Д.Лхагвадулам ногоон торгон дээл өмсчихсөн, төрсөн эгч Баярмаа нь нөхөр Отгонбаатартайгаа Эрдэнэтээс ирсэн гээд хамт дүүгийнхээ барилдааныг үзэхээр зурагтаа тойроод сууцгааж байв.
Байшингаа янзлахаар барилгын ажил хийж байгаа болохоор гэрийн тавилгаа нэг булан руу нь хураачихаж. Харин зурагтаа байшингийнхаа голд тавьчихсан байв. Зурагтынхаа хажууд охиныхоо медалиудыг, мөн залуучуудын ДАШТ-д аварга болж байсан зургийг нь тавьсан харагдав.
Ах Майдар нь “Ээж бид хоёр өдөр гадуур ажилтай яваад гэртээ барилдааныг нь үзэж чадаагүй. Интернэт орж үзсэн юм. Оростой барилдахад нэг их айгаагүй. Японы бөхтэй барилдахад уначих вий дээ гэж жаахан сандарсан. Утсаар бичлэг хийж байсан чинь бүр гар чичрээд байсан. Миний дүү ёстой мундаг барилдсан” гээд инээд алдан их л сэтгэл хангалуун ярив. Харин ээж нь хүүгийнхээ яриаг өлгөж аваад “Өдөр интернэтээр охиныхоо барилдааныг үзэхдээ олны газар байгаа гэдгээ ч мартчихаж. Бараг л хашгирчихсан” гээд духныхаа хөлсийг арчин бурхныхаа зүг босов. Бурхныхаа өмнө очоод хоёр алгаа хавсран амандаа маани уншин “Хань минь охиныхоо заяаг тэнгэрээс түшиж хайрла. Охин чинь ямар мундаг хүн болсныг чи минь харж байгаа биз дээ” гэх нь сонстов. Нэлээд удаан залбирч, бурхныхаа өмнө арц уугиулж, хүрд эргүүлээд эргээд зурагтынхаа өмнө суув. Цэрэнчимэдийн аав Ж.Сүхээ өөд болоод нэлээд олон жил болж байгаа юм байна. Д.Лхагвадулам ханийгаа нутаг усандаа алдартай бөх хүн байсан учраас охиноо аавыгаа дуурайсан сайн бөх болно гэдэгт ямагт итгэж явдгаа ярьсан. Хэнтий аймгийнхан түүнийг Заан Сүхээ гэхэд андахгүй гэнэ.
Ингээд аваргын төлөө барилдаан ч эхэллээ. Хүргэн ах, эгч хоёр нь ч зурагтандаа дөхөж дүүгийнхээ бэлтгэлд өмсдөг, төрийн далбаатай цамцыг нь гаргаж ирэн захыг нь мушгиж харагдав. Харин ээж нь хоёр алгаа хавсран суух бөгөөд өндөлзөн, ухас ухас хийнэ. Майдар ах нь “Миний дүү аварга болж чадна шүү” гэж чанга дуугаар байнга зоригжуулах аятай хэлж байв. Барилдааны үеэр Цэрэнчимэд их л зоригтой дайрч барилдсан. Ээж нь “Азарбейжаны бөх миний охиноос яасан эгчмэд юм бэ. Хашир байгаа даа” гэж сандарна. Хэдий нас бага гэдэг нь дэвжээнд барилдахад илт харагдаж байгаа ч хэд хэдэн удаа дэвжээн дээр угзарч, бяраар илүү харагдаж байв. Үүнийг харсан ах нь “Миний дүүд аавын бяр байна шүү” гэх. Эхний 30 секундэд нэг оноо алдахад нь сандарч байсан ч өрсөлдөгчөө 12:3 оноогоор буулгаж авсан. Бас болоогүй өрсөлдөгч нь хоёр торгуулсан байв. Цэрэнчимэд сайхан барилдаан үзүүлж өрсөлдөгчөө давсан бол гэрийнхэн нь түүний давахыг хараад хоорондоо тэврэлдэн ёстой л уйлалдаж, зурагтаараа хамт байсан юм.
Хүн бүр дор бүрнээ тогтож чадахгүй, бие бие рүүгээ харцгаах.
Ингээд аваргын ээж Д.Лхагвадуламаас сэтгэгдлийг нь хуваалцав.
-Юуны өмнө охин тань дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Үнэхээр тэсч ядан гэр бүлээрээ хүлээлээ шүү?
-Тэглээ. Миний охин эх орныхоо, эцгийнхээ, хамт олныхоо нэрийг дэлхийн давцанд цуурайтуулсанд баяртай байна. Охиноороо үнэхээр бахархаж байна (хоолой нь зангирч, нулимс унагав).
-Охиныгоо тэмцээнд явахад юу гэж захиж байсан бэ?
-Миний охин сайхан амжилт үзүүлээд ирээрэй. Бид нар байшингаа янзлаад л хүлээж байя” гэж хэлээд үнсээд үлдсэн. Харин охин маань “Би том амжилтад хүрэх болно” гээд явсан. Эгч нь өглөө болгон цайныхаа дээжийг өргөж, мэддэг маани мэгзмээ уншиж залбирч байлаа. Уржигдар сугалаа сугалах өдөр нь гандан орж ном уншуулаад, тагтаа хооллоод ирсэн.
-Таны хань бөх хүн байжээ?
-Миний хань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын хүн байсан. 1998 онд өөд болсон. Аймгийн заан Жигжидсүрэнгийн Сүхээ гэж хүн байлаа. Хэнтий аймгийнхан “Заан” Сүхээ гэхээр андахгүй мэднэ. Том биетэй, бяр чадалтай хүн байсан. Ер нь ханийн тал их хүчтэй хүмүүс байсан гэдэг. Манай хадам ээж Тунбааш гээд хөгшин их бяртай хүн байсан гэж нутаг усныхан ярьдаг. Сүхээ цэргээс ирчихээд эмнэг сургаж хоёр чихийг нь хулмайтал нь барьчихаад “Алив ээж барьж чадах уу. Би гэрээс хазаар аваад ирье” гэхэд “Үзээд алдъя” гээд эмнэг морийг чихдэж байсан гэдэг. Манай аав, ах дүүс нь их бяртай хүмүүс байсан гэж ярьдаг. Тэгэхээр охин маань их юм дуулгана гэдэгт итгдэг.
-Ах Майдар бас барилдаж байсан гэв үү?
-Миний хүү 2007 онд Солонгос руу ажил хийхээр явсан юм. Явахаасаа өмнө дүүгээ “Алдар” спорт хороонд аваачиж Хосбаяр, Цогтбаяр багш нарт шавиар оруулж байсан. Өөрөө “Аварга” дээд сургуульд сурдаг, чөлөөтөөр барилддаг байсан юм. Даанч бэлтгэлийн үеэр гэмтэл аваад спортоо орхисон. Уг нь тухайн үед Бат-Эрдэнэ аварга миний хүүг овоо бөх гарч ирнэ гэдэг байсан юм билээ. Хүү л дүүгээ сайн бөх болгоно гээд энд байхдаа өглөө гүйлгэж, мэх заадаг байсансан. Саяхан харь нутгаас ирээд ээж, дүү хоёртойгоо байшин барьж орох санаатай үзэж тарж байна.
-Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Холбооны техникч хийж байсан.
-Одоо юу хийж байна?
-“Цайз” захаас Алтан-Өлгийн гэр хороолол руу 500 төгрөгөөр хүн зөөж байна. Өөрийн нэг жижиг тэрэг бий. Түүгээрээ өглөө 06 цагаас эхлээд орой болтол өгсч, уруудах хүн зөөдөг. Өвлийн хүйтэнд манай энд чинь хэцүү. Даарч бээрсэн хүүхдүүд таарвал мөнгөгүй аваад “Цайз” зах руу бууна.
-Өдөрт хэдэн төгрөг олох уу?
-Хүн ихтэй үед бол 30 мянган төгрөг олчихноо. Олсон мөнгөөрөө хоол ундаа болгочихдог л юм.
-Цэрэнчимэд гэрийн ажилд хэр вэ?
-Сайн. Хүн болгоныг л ахаа, эгчээ гээд мэндлээд сүрхий гүйнэ. Хоол сайхан хийнэ. Хаана ингэж сурсан юм бол гээд байсан чинь бэлтгэлд гарахдаа л хоолоо хийж сурсан юм шиг байгаа юм. Усанд явна. Бага байхын л эмээтэйгээ шуудайнд үхрийн нойтон баас хийчихээд “би дийлнэ, дийлнээ” гээд чирээд явдаг хүүхэд байж билээ. Их сэргэлэн. Хүний заасан зүйлийг хурдан сурдаг.
-Одоо хэдэн настай юм бэ?
-Миний охин чинь 18 нас хүрч байна. 16 настайдаа Олон улсын мастер болсон шүү дээ. Охины маань амжилт Хосоо багштай нь салшгүй холбоотой. Бид их баярлаж явдаг Хосоо багшдаа. Ийш тийшээ тэмцээнд явахад нь багш нь л өнчин өрөөсөн, амьдрал ахуйг маань мэддэг учраас хүн амьтантай уулзаад мөнгө төгрөг, зардлыг нь олоод өгье гээд их зүтгэж авч явдаг. Ганц манай хүүхэд гэлтгүй бусад шавь нарынхаа аавынх нь оронд аав болж, хүний хүүхдийн төлөө төрсөн хүн шүү дээ.
-Охин тань барилдахаас гадна сурч байгаа юу?
-Их сургуульд одоохондоо ороогүй. Уг нь МУИС-д эдийн засагчаар сурна гэж байсан. Энэ жилдээ чадсангүй.
Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ С.Цэрэнчимэд эхний тойрогт дэлхийн аваргын таван медальт, Европын таван удаагийн аварга ОХУ-ын бөх Наталя Гольтцыг онооны илт давуугаар ялж Японы тамирчин бөхийг мөн цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан. Ингээд мөнгөн медалийн төлөө Финландын бөхийг ялж, финалд шалгарсан юм. Ингээд алтан медалийн төлөө Азербайжаны бөх Раткевичтэй барилдаж ийн ялж аваргын алтан медалийг хүртсэн юм.
Д.ДАВААСҮРЭН
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
-Орчин үеийн хүмүүс дарангуйлагчтай байхыг хүсэхээ больжээ-
Орчин үеийн хүмүүс ухаалаг болжээ. Бодож, сэтгэх, аливааг харж дүгнэх нь дээр үеийнхээс тэс ондоо. Хуучин цагт нэг хүн 40, 50 жил улсаа удирддаг байв. Тэр хүнгүй л бол тухайн улс орон балрах байсан юм шиг л явдаг байжээ. Ард түмэн ч удирдагчаа ингэж шүтэн биширдэг байсан цаг бий. Харин өнөө үед тийм мухар ойлголт арилсан. орчин цагийн хүмүүс нэг хүнээр удаан хугацаанд даргалуулж, дарамтлуулахыг хүсэхгүй.
Хэрэв нэг хүн он удаан жил улсаа удирдаж буг болох гэвэл эмгэнэлтэй хувь заяа тосдог. Ийм жишээ орчлонд олон бий. Иракийн дарангуйлагч байсан садам Хуссейн, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи нарын төгсгөлийг харахад сэтгэл өвддөг юм. Мөн бүх насаараа шоронд хоригдох ял сонсоод буй Египетийн ард түмнийг 30 жил удирдсан дарангуйлагч Х.Мубарак байна. энэ мэтчилэн улсаа хэдэн арван жил толгойлсон дарангуйлагчдын эмгэнэлтэй хувь заяаны талаар бидний оюун санааны их багш Далай лам шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр олон жил төрийн тэргүүнд суусан ОХУ-ын Ерөнхийлөгч в.Путиныг Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж шүүмжилжээ. Далай багш хэлэхдээ “Ноён Путин эхлээд Ерөнхийлөгч, дараа нь Ерөнхий сайд, харин одоо эргээд Ерөнхийлөгч болсон. Арай удаан байна. нь түүний би би гэсэн өөрөөсөө бусдыг ойшоодоггүй зан байдлыг илтгэж байна. бүхнээс оросын хамаг бэрхшээл урган гардаг” гэжээ. Мөн тэрбээр Путиныг дэлхий нийтийн улс төрийн тогтолцооны нэг хэсэг болж, олон улсын тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрөхийг оролдохгүй байгаа нь Хятадын удирдагчдаас тэс ондоо байгаа тухай германы сэтгүүлчид өгүүлжээ. Дээрхээс гадна “в.Путин Берлиний ханыг шинээр босгохыг оролдож байгаагаас улс орондоо хохирол учруулж байна. оросыг тусгаарлаж байгаа нь амиа хорлосонтой адил” гэж дүгнэн хэлжээ.
Дээрхийн гэгээнтний энэхүү шүүмжлэлийг хэн хүнгүй бодох хэрэгтэй, сургамжтай санагдлаа.
М.МӨНХЦЭЦЭГ
Аргын тооллын 9 сарын
12. Сугар гараг Билгийн тоолын 19, Шийдэм одтой улаан нохой өдөр. Өдрийн наран
6 цаг 34 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул
элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэхн хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл
суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулхад муу.Өдрийн сайн цаг нь
бар, луу, могой,бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш
мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй
учрах” хэмээн сайн
Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн хүрээнд Ахуйн үйлчилгээний уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил дуусч, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Ахуйн үйлчилгээний уулзварт 28 318 ам метр талбайд хатуу хучилт, 5 547 ам метр талбайд ногоон байгууламж, 7 565 ам метр талбайд явган зорчигчийн зориулалтын зам тавьсан бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгөөр өргөтгөл хийсэн байна.
Энэхүү уулзварыг бүх чиглэлдээ шууд хөндлөн нэвтрэх боломжтой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай, нэвтрүүлэх чадвар сайтай болгон өөрчлөн шинэчлэх зураг төслийг “Дөрвөн тэнхлэг” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэжээ. Уулзварын өргөтгөл шинэчлэлийн зурвастай давхацсан дулааны шугамуудыг шинэчлэн шилжүүлж, хоёр байршилд дулааны худгийн узелийг авто замын даацад тохируулан хана, тагийг хүчитгэж, бетон-арматурчлал хийжээ. Мөн цэвэр усны 220 метр шугамыг хамгаалалттай болгосон, 55 ширхэг шүүрт болон үзлэгийн худаг, борооны ус зайлуулах 1200 метр шугам шинээр хийж, төвийн шугамд холбосон, троллейбусны хуучин шугамуудыг сольж, гудамжны гэрэлтүүлгийн хамт шинээр суурилуулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.
Есдүгээр сарын 12-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, 13-ны шөнө цочир хүйтрэхийг Ус цаг уурын хүрээлэнгээс онцгой анхааруулж байна.
2014 оны 9 дүгээр сарын 13-наас 2014 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар, 14-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. 15-наас нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.