Categories
мэдээ цаг-үе

Урианхайн хязгаар буюу Тувагийн нутгаар


Уламжлалаа сэргээж буй тувачууд

Аратын талбайд хоёр дахь өдрөө очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Эсгий урлалын олон улсын V их наадам” болж байв. Наадамд Тувагийн хошуудаас гадна Монгол Улс, Красноярский, Буриад, Хакас, Казахстанаас ирсэн эсгий урлаачид оролцжээ.Увс аймгийн Засаг даргын тамгын газраас аймагтаа эсгий урлалын уралдаан зарлаж, түрүүлсэн хүмүүс нь энэ наадамд оролцож байгаа гэнэ. Улс, хошуунаас ирсэн төлөөлөгчид төв талбайд өөрсдийн гэрээ барьж, дотор нь эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Улс, хошуудын гэр нь шовгор, хавтгайгаараа ялгаатайгаас ерөнхийдөө монгол гэрээс өөрцгүй. Харин дээвэр, туурга, оосор бүч нь болхи харагдана лээ. Талбай дээр арваад гэр барьснаас хамгийн цэмцгэр нь монгол гэр байв. Тийм учраас үзэсгэлэнг сонирхож яваа хүмүүс монгол гэрийг илүүтэй сонирхож, үнэ ханшийг нь асууж яваа харагдсан. Манайхан найман ханатай гэрээ 270 орчим мянган рублиар үнэлж байгаа сонсогдсон. Дээд хурлын гишүүн, сайд гэх зэрэг албаныхан гэрийн үнэ ханшийг судлаад худалдаж авахаар болж эргэж холбоо барихаар тохиролцоод явна лээ. Тува 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа бөгөөд баяраараа монгол гэрээр гангарах гэж байгаа хүн олон бололтой.Тувачууд монгол гэрт зургаа татуулж, настайчууд нь өвөг дээдсийн минь орон гэр гэх зэргээр өөриймсөг хандацгаана (Нэгнийхээ зургийг дарж байгаа утсыг нь анзаарахад гар хэрэглээгээрээ манайхаас нэлээд хэдэн жилээр хоцорч яваа нь харагдсан). Монгол гэр наадамд оролцогчдын дунд “Шилдэг”-ээр шалгарч эзэндээ 10 мянган рублийн шагнал авчирсан юм.

Оросуудын бүтээлийг харахад эсгийгээр бэлэг дурсгалын зүйлс хийхдээ гаршжээ. Эсгий хүүхэлдэйн өнгө будаг, хийцийг харахад манайхнаас хавь илүү дээр юм. Харин хэрэглээ талдаа манайхан тэднээс илүү харагдсан. Манай үзэсгэлэн болгон дээр зарагддаг эсгий углааш, цагаан ултай гутал тэнд борлуулалт сайтай байлаа. Бусад нь өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүүтэй эсгийгээр бэлэг дурсгал, гоёлын зүйлс бэлтгэжээ. Мөн тийм өвсний ханд, ийм эмийн ургамал гэх мэтээр манай үзэсгэлэн худалдаанд дэлгэгддэг зүйлс харагдана. Хүмүүс монголчуудаас эсгий углаашийг дөрөв, таваар нь худалдаж авч байв. Өвлийн хүйтэнд байрандаа өмсөхөд дулаан, хөлд эвтэйхэн гэж магтацгаана. Увсын цагаан ултай гутал ч тэнд эрэлттэй барааны нэг байв. Мөн гэрийн оосор бүч сонирхож яваа хүмүүс цөөнгүй байсан. Эсгий ширдэг, цүнх зэргийг ч тэндэхийнхэн хэд, хэдээр нь худалдаж авч байгаа харагдсан. Тэмээний тохмыг “Энэ юу вэ. Морин дээр тохож болох уу” гэж сонирхоцгооно. Монгол дээл тувачуудын сонирхлыг ихээр татаж байв. Залуучууд нь өмсөж үзэхийг гүйна. Бөх гэж өөрийгөө танилцуулсан залуу “Тувагийн 100 жилийн ойн баяраар барилдах гэж байгаа юм. Гоё өнгөтэй том дээл хэрэгтэй байна” гээд цэнхэр дээл өмч үзээд авахаар боллоо. Сүүлийн үед тувачууд монгол дээлээ өмсөх нь ихэсчээ. Цагаан сар, баяр ёслолоороо дээлээ өмсдөг хүн олон болсон гэнэ. Тувачуудын өөрсдийнх нь оёдог дээл урдаа зүүдэлгүй байдаг юм байна. Тиймээс монгол дээлний эсгүүрийг нэлээд сонирхож харагдсан. Харин хүннү дээл гэх мэтээр загвар оруулсныг нь тоож харахгүй юм.

Худалдаа хийгээд явж байгаа хүмүүсийг харахад зарим нь нэг дор 10 мянга орчим рублиар эсгий углааш, дээл, цүнх зэргийг худалдаад авчих юм. Зарим нь хэд, хэдэн удаа өмсч үзэж байж нэг углааш аваад гарч байгаа харагдана. Бас барааныхаа үнийг нэмлээ, ашиг хайлаа гэж загнаж, хэрүүл маргаан болох хүн ч цөөнгүй юм. Тэнд амьдардаг монголчуудын яриагаар өдрийн хэрэглээндээ 300-400 мянган төгрөгтэй тэнцэх рубльтай гардаг хүн олон бий. Тэр мөнгөө хүүхдүүдээ зугаацуулах, хоол хүнсээ авахад зориулаад дуусгачихдаг бол хоногийн хоолгүй хүмүүс ч их. Төрийн албанд ажилладаг, наймаа хийдэг хүмүүс нэлээд бийлэгжүү” гэж байв. Төрийн албаныхны цалин нь манайхнаас нэг дахин илүү гэнэ лээ.

Монголд ирсэн жуулчид халаасны хулгайчдаас болгоомжилдог бол Тувад очсон хүн алхам тутмаа эргэж харах шаардлагатай болох юм. Эсгий урлаачдын үзэсгэлэнгийн үеэр монгол гэрт байж байтал эсгий дэвсгэр, хоёр дээл алга болчихов. Эзэн нь эргээд харах хооронд шүү дээ. Төд удалгүй алга болсон дээлийг нь нэг нөхөр сугавчилчихсан явж байгаа харагдав. “Хулгайч баригдлаа шүү” гэж бодтол манайхан огт дуугарсангүй. Цагдаа л биш бол хулгайчийг барьчихвал хамтрагчид нь ирж зодоон цохион болдог гэнэ. Тиймээс хэл амгүйхэн алдсаны хохь болох нь зөв гэж яриад өнгөрцгөөх юм. Энэ мэтээр зарж байгаа эд зүйлээ алдсан хүн цөөнгүй байсан ч болгоомжлоод хэл ам хийхгүй байгаа нь анзаарагдсан. Тувагийн ерөнхийлөгч нь үзэсгэлэнд оролцож байгаа хүмүүстэйгээ уулзалт хийхдээ “Манайхаан, нэрээ бодоод хулгай хийлгүй, дээрэм тонуулгүй үзэсгэлэнг өнгөрөөгөөрэй. 100 жилийн ойгоо хийх гэж байгаа тэнгэр заяатай бидний нэр хүнд сэвтэнэ шүү” гэж аминчлан захина лээ.

Монгол гэрт зургаа татуулах хосууд

Амралтын өдрүүдэд хурим цөөнгүй болох юм. Хосууд эртлэн хуримын ордонд ёслолоо хийчихээд Центр Азия, Аратын талбайгаар очиж дурсгалын зураг татуулна. Гэхдээ манайхан шиг аав ээж, хамаатан садантайгаа хамт явахгүй. Найзууд нь бололтой хэдэн залуус оргилуун дарс барин дагана. Хос бүр тусдаа мэргэжлийн гэрэл зурагчин дагуулж явах аж. Халуун наранд зурагчны зааснаар аяглах нь бариу даашинзтай гэргийд түвэгтэй байгаа бололтой хувцсандаа түүртэнэ. Зураг дараагүй үед нөхөр нь даашинзных нь хормойг барьж, хөлсөө арчиж алхахыг харахад инээдтэй. Эсгий урлаачдын үзэсгэлэн худалдаа болж байсан өдөр хуримласан хосууд ёс юм шиг монгол гэрт орж зургаа даруулж харагдсан. Зургаа даруулчихаад найзуудтайгаа оргилуун дарс буудуулж, аз жаргалтайгаар үнсэлцэх аж. Урьд өдөр нь эргүүл хийж явсан цагдаа хуримаа хийж яваатай таарлаа. Тэрээр бидэнтэй хамт явсан монгол эмэгтэйтэй гэр бүлийн найзууд байсан учраас таньсан нь тэр. Хосууд хамт амьдраад таван жил болсны дараа хуримаа хийж байгаа гэнэ.

Гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь өвөө эмээтэйгээ оройн цайллагад бэлтгэж байгаа гэж ярина. Бас хуримынхаа цайллагад монголчуудыг урьж байгаагаа хэлээд гэр бүлийн найз эмэгтэйдээ зочлохыг аминчлан захиад явлаа. Монголчуудыг түншүүд нь хуримандаа урьдаг гэнэ. Манайхан хос дээл, монгол гутал зэргийг бэлэглэдгээ ярьж байсан. Тэндэхийнхэн хамт амьдарч, үр хүүхэдтэй болсныхоо дараа хуримаа хийдэг гэнэ. Амьдралаа төвхнүүлсний дараа хуримаа хийдэг учраас нижгэр хурим болдог аж. Хүүгийн тал орон сууц бэлтгэвэл бэрийн тал тавилгыг нь даах зэргээр ачааллаа тэнцүү хуваадаг гэцгээж байсан.

Б.Цэцэгдэлгэр

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн гишүүн орнууд Украинд зэвсэг нийлүүлж эхэллээ

Украины Батлах хамгаалахын сайд Валерий Гетелей  НАТО-гийн гишүүн орнууд тус улсад зэвсэг нийлүүлж эхэлсэн тухай мэдэгдлээ. Тэрээр Украины нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч П.Порошенкогийн хамт оролцсон тухайгаа ярьжээ. Энэ үеэр Украинд зэвсэгээр туслах хүсэлт тавьсан гэнэ. Зэвсэгээр туслах ажиллагаа ч эхэлчихсэн гэнэ. 

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост Америкийн жуулчны хэргийг шүүв

АНУ-ын иргэн Мэтью Миллерийн хэргийг шүүх хурал Хойд Солонгост болж өнгөрлөө. Түүнд засан хүмүүжүүлэх лагерьт зургаан жил хорих ял оноосон байна. Түүнийг БНАСАУ-ын Засгийн газрын эсрэг ажиллагаа явуулж хэмээн буруутгаж байгаа бөгөөд Мэтью Миллерээс гадна АНУ-ын хоёр жуулчинг Хойд Солонгост хоригдож байгаа бөгөөд тэднийг мөн иймй хэргээр буруутгаж байгаа юм.

Ю.Дэлгэр  

Categories
мэдээ спорт

Хилчдийн баярт зориулсан бөхийн барилдаан болж байна

Хилчдийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж байна. Өчигдөр, өнөөдөр Монгол бөхийн өргөөнд үндэсний спортын тавдугаар наадмын хүрээнд болж байгаа үндэсний бөхийн багийн шигшээ барилдаанууд явагдсан. Харин өнгөрсөн долоо хоногийн ням гарагт аймаг цэргийн цолтой бөхчүүдийн намар цагийн нээлтийн барилдаан болсон юм. Өнгөрсөн жилийн нээлтийн барилдаан 9-р сарын 22-нд болж, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж байсан билээ.

Categories
гадаад мэдээ

Малала охиныг буудсан сэжигтнүүдийг баривчилжээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч, пакистан охин Малала Юсуфзай охиныг буудсан хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг баривчилсан тухай Пакистаны армиас мэдэгдсэн байна. Малала 2012 онд охидод боловсрол олгохыг шаардсан кампанит ажлыг эхлүүлээд байсан бөгөөд Талибын алан хядагчдаар толгойлуулсан буутай этгээдүүд 2012 оны аравдугаар сард түүнийг сургуулиасаа гарч явахад нь буудсан билээ. Энэ үеэр Малалагийн сургуулийн хоёр хүүхэд мөн шархдсан аж.

Одоогоор халдлагад оролцсон хэргээр “Шура” хэмээх бүлэглэлийн 10 гишүүнийг баривчлаад байгаа юм. Тэднийг байцааж дууссаны дараа хэргийг нь терроризмын эсрэг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Уг хэрэг гарсны дараахан Малала охиныг буудсан хэрэгт 23 настай Улла Кан гэгчийг баривчилж байсан бөгөөд энэ удаагийн мэдэгдэлд түүний талаар ямар нэгэн зүйл дурьдаагүй гэнэ.

Малала Юсуфзайг Тайм сэтгүүл 2013 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодруулж байсан төдийгүй өөрийн оршин буй ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигддөг талаар дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэсний төлөө Нобелийн энхтайвны шагнал олгож байсан юм.  Харамсалтай нь Талибын алан хядагчдын заналхийллээс болж тэрбээр Пакистанд эргэн очих боломжгүй байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Нарны хүчтэй шуурга дэлхийг дайрчээ

Өнгөрсөн баасан гарагт НАСА-гаас дэлхийг чиглэн хүчтэй нарны шуурга ирж байгаа тухай мэдээлсэн билээ. Гэвч энэхүү шуурга нь зөвхөн агаар дамжиж буй долгионд нөлөөлсөн учир манай гарагт ямар нэгэн аюул учруулаагүй гэнэ. Харин сансарт байгаа хиймэл дагуул, сансрын станцуудад эрсдэлтэй гэж үзэн шуурга болох үеэр тэдгээр хиймэл дагуулуудыг түр хугацаагаар унтраажээ.

Харин АНУ-ын Мэн мужид орших Акадиягийн үндэсний паркад гоёмсог өнгөтэй хойд зүгийн туйлын туяа үзэгдсэн тухай “CNN” агентлаг мэдээлсэн байна.

Колорадо дахь Сансар, Цаг уурын урьдчилан таамаглах төвийн эрдэмтэд нарны шуургын тухай ийнхүү тайлбарлажээ. Наран дээр байнга явагдаж байдаг шуурга, дэлбэрэлтүүдийн улмаас агаар мандалд их, бага тодорхой хэмжээний нарны цацраг цацагдаж байдаг аж. Үүнийг нарны шуурга хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь нарны нэгэн адил 92.1 хувь нь хүчилтөрөгч, 7.8% гелигээс бүтдэг байна. Мөн нарны шуурга нь тодорхой хэмжээний соронзон шинж чанартай гэдгийг судлаачид хэлж байгаа юм.  НАСА энэ удаагийн нарны шуургыг Х1.6 ангилалын хоёр дахь хамгий хүчтэй, хурц гэрэлтэй шуурга байсан гэж тодорхойлжээ.

Categories
мэдээ спорт

Монгол бөх Геннист бүртгүүлсний гурван жилийн ойн барилдаан энэ сарын 28-нд болно

Монгол бөх Геннисийн номд орсон гурван жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос улс, аймгийн цолтой 224 бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ.

 Гиннес бүртгүүлсний гурван жилийн ойн барилдаан есдүгээр сарын 28-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаа юм.

6002 бөхийг нэгэн дор цуглуулж, найман өдрийн турш барилдуулж дэлхийн дээд амжилт тогтоосон явдал өнөөдрөөс гурван жилийн өмнө болж байв.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт 54 хүн тарваган тахлаар өвчилжээ

Өвөрхангай аймагт тарваган тахлын нэгдүгээр зэргийн хавьталтай 54 хүн бүртгэгдсэн байна.  Мөн тус аймгийн Сант сумын нэгдүгээр багийн 15 настай С.Мягмарсүрэн тарваган тахлаар өвчилжээ. Гэхдээ мэргэжлийн байгууллагынхны дүгнэлтээр Сант сум нь тахлын голомтгүй бөгөөд гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулжээ. Үүнээс болж хүү тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Хүүгийн бие одоогоор сайжирч байгаа аж. 

Одоогийн байдлаар Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Байгалийн голомтот халдварт өвчин судлал зэрэг байгууллага холбогдох арга хэмжээг авч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр соёл, урлагийн ажилтны өдөр

Өнөөдөр соёл урлагийн байгууллагын ажилтны өдөр тохиож байна. Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүүгээ 21 дэх жилтэйгээ золгож байна. Засгийн газрын 2010 онд баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ССАЖЯ-наас олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд  өчигдөр “Чингисийн Хүрээ” цогцолборт өдөрлөг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн гудамжийг хаана

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хаахаар болжээ.

Энэ хугацаанд өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийх юм байна. Ажил арав хоногийн хугацаанд үргэлжилж, улмаар замыг нээх аж.