Categories
мэдээ спорт

Баян-Өлгийд оюутны урлаг, спортын их наадам болно

Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVII дугаар бүсийн “Универсиад” их наадам Баян-өлгий аймгийн төв Өлгий хотноо энэ сарын  25-29-нд явагдана. Наадмыг Монголын оюутны спортын холбоо,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулиуд хамтран зохион байгуулна. Наадмын бэлтгэл ажлыг нэг жилийн өмнөөс хангажээ. Нээлт, хаалтын арга хэмжээ нь шинэ Спортын ордонд, урлагийн тоглолтууд нь Хөгжимт драмын театрт болох ба спортын тэмцээнүүд  сургуулиудын спортын заал, цэнгэлдэх хүрээлэнд болно.

Энэхүү наадамд МУИС-ийн Завхан аймаг дахь салбар сургууль, ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд аймгийн “Ховд” их сургууль, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар зэрэг баруун 5 аймгийн их, дээд сургуулийн 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор бэлтгэж байна. Аймгуудын шигшээ багт орох сонгон шалгаруулалт нь тухайн  ИДСургуулиуд дээр 2014 оны эхнээс эрчимтэй, сонирхол, өрсөлдөөнтэй болжээ.

Бүсийн “Универсиад” их наадам нь сагсан бөмбөг (эр, эм), шатар (эр, эм), үндэсний бөх, ширээний теннис (эр, эм), модон бөмбөг (эр, эм) зэрэг үндсэн 5 төрлөөр болох ба  үзүүлэх тоглолтын төрлөөр “Тогыз туламах”  буюу казак үндэсний оюун ухааны спортын төрөл (эр, эм) нийтдээ спортын 6 төрлийн тэмцээн болно. Урлагийн их наадам нь 5 төрлөөр болж оюутнууд өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдөнө. Наадмын үеэр оюутны ЭШ-Онол практикийн бага хурал, оюутны холбоодын  дарга нарын хурал, бүсийн “Оюутан мисс” шалгаруулах тэмцээн, ИДСургуулиудын захирлуудын ажил хэргийн уулзалт-ярилцлага зэрэг олон талт арга хэмжээнүүд нэг дор зохион байгуулагдах ажээ.

Тус наадамд амжилттай оролцон эхний 3 байранд шалгарсан оюутан тамирчдад Монголын Оюутны УАШТ-ны медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомыг Баян-өлгий аймгийн удирдлагууд, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОХ-ны ажлын албаны дарга Б.Жигжид, Баян-Өлгий аймгийн ХИС-ийн салбар сургуулийн захирал Б.Бекболат нарын зэрэг төлөөлөгчид гардуулж өгнө.

Энэхүү оюутны бүсийн “Универсиад” наадам Монгол улсын алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт хоёр дах удаагаа зохиогдох гэж байна. Энэ наадам нь баруун  бүсийн аймгуудын их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд 1997 оноос эхлэн уламжлал болон жил бүр зохиогдож ирсэн бөгөөд энэ удаа 17 дах бүсийн наадам “Универсиад” нэрийн дор болно. Энэ наадам нь баруун бүс нутагт явагддаг хамгийн том оюутны спорт –урлагийн цогцолбор арга хэмжээ ба үе үеийн олон зуун оюутан залуучууд шалгаран оролцож ирсэн түүхэн уламжлалтай наадам юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт цагдаагийн шинэ хэлтэс байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 487-р тушаалаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийг байгуулахаар шийдвэрлэсэн. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус хэлтэст ажиллах офицер, алба хаагчийн бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Хууль сахиулахын их сургуулийн хойд талд хуучнаар Амгалангийн цагдаагийн хэсэг буюу өрхийн эмнэлгийн байранд ажил үйлчилгээ явуулах болж, байрны засварын ажил хийгдэж байна

Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь Баянзүрх дүүргийн 8,9,10,11,12,20,23, 28-р хорооны нутаг дэвгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэнэ. Тус хороонд оршин суух иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагын ажил үйлчилгээг тухайн хэлтэст хандаж авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Солонгосчууд залруулга гаргав

Өмнөд Солонгос Улсын Инчён хотноо Азийн зуны спортын XVII наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. БНСУ-ын http://blog.incheon2014ag.com
сайтад Монгол Улсыг Хятадын харъяа хэмээн есдүгээр сарын 20-ны өдөр
бичсэн байсан. Энэ өдөр Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг
ХонгКонгийн багийг 86-77-ын харьцаагаар хожсон билээ. Харин тус
тоглолтын дараа манай улсыг Хятадын харьяа гэж мэдээлжээ. Энэ талаар
албаны хүмүүс тэмцээнийг зохион байгуулах хороонд хандсанаар залруулга
хийлгэсэн байна.

Энэ талаар “Score студи”-ийн захирал Г.Идэр-Ууган хэлэхдээ “Бүхэл
бүтэн тусгаар тогтносон улсыг Хятадын харъяа гэж андуурч бичиж болохгүй
ээ! Ялангуяа Ази тивийн олимп болсон Азийн наадам гэдэг том тэмцээний
блог маш хариуцлагатай байх ёстой! Хэдийгээр энэ нь энгийн нэг
сэтгүүлчийн мэдлэггүйн гай ч гэсэн Монгол Улсын мань тусгаар тогтнолыг
уландаа гишгэсэн маш бүдүүлэг үйлдэл болсонд харамсаж байна. Олимпийн
хорооны ерөнхий нарийн бичгийн даргадаа хэлчихлээ! Зохион байгуулагч,
албаны хүмүүст нь албан шаардлага өгч, залруулга хийлгэж, уучлалт
хүсүүлмээр байна
” гэжээ.

Categories
мэдээ спорт

Монголын баг тамирчдын өнөөдрийн хуваарь

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн олимийн наадам БНСУ-ын Инчён хотноо
дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр усанд сэлэлт, бадминтон,
туялзуур сэлэм, гимнастик, буудлага болон жүдо бөхийн баг зэрэг нийт
спортын 14 төрөлд 29 багц медалийн эзэд тодорно.

Монголын баг тамирчдын өнөөдрий хуваарийг танилцуулж байна.

Улаанбаатарын цагаар:

11.30 цаг Бейсбол эрэгтэй БНХАУ-Монгол

07.00-15.20 Буудлага, эрэгтэй урт буу 10 м (Д.Ганзориг, Н.Баяраа, Б.Бишрэл)

08.00-10.30 Усанд сэлэлт, эмэгтэй 50 м араар даллах, 50 м өврөөр даллах (С.Номун, Б.Есүй, Б.Дөлгөөн, М.Дэлгэрхүү)

13.00-16.30, 18.00-20.00 Жүдо, эрэгтэй, эмэгтэй баг

17.00 Сагсанбөмбөг, эрэгтэй Монгол-Йордон

08.00-15.00 Туялзуур сэлэм, эрэгтэй хүнд сэлэм, багийн төрөл (Э.Дөлгөөн, Б.Батхүү, Э.Нямлхагва)

09.00-11.20, 13.30-15.20, Байт харваа, эмэгтэй рекурв
(А.Анхтуяа, Д.Мирослова, Ж.Дагийжанчив, Б.Урантунгалаг, Ж.Тулга,
Н.Өлзийхутаг, П.Жамъянгомбо, Э.Болормаа, Б.Батдулам, О.Буянжаргал,
Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс, Г.Мягмардорж, Б.Долгорсүрэн)

 

Азийн наадмын гурван өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид
гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл нийт 12 медаль хүртсэн амжилтаар
БНХАУ (25+14+18), БНСУ (14+14+16), Япон (13+13+) улсын ард дөрөвдүгээр
байрт жагсаж байна.

Categories
мэдээ спорт

МУГТ Н.Түвшинбаярын аваргын төлөөх барилдааны бичлэг

Categories
мэдээ нийгэм

Тахианы мах болон тэжээлийн импорт огцом буурчээ

Манайд төдийлөн идэвхтэй хөгжөөгүй шувууны аж ахуйг тэлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар хувийн хэвшлийг бодлого, хөрөнгөөр дэмжсэнээр сүүлийн хоёр жилд өндөгний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэж, тахианы махны үйлдвэрлэл бий болж, шувууны тэжээлийн импортыг 40 хувь буурууллаа гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэллээ. 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд өндөг, тахианы мах үйлдвэрлэгч дөрвөн компанид 8.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол ҮХААЯ-ны дотоодын эх үүсвэрээс 11 аж ахуйд 160 сая төгрөгийн зээл өгчээ. Үүний үр дүнд улсын хэмжээнд шувууны аж ахуй эрхэлдэг 20 гаруй компани 550 мянган өндөглөгч тахиатай болж, Түмэн шувуут, НВЦ компаниудын аж ахуй дэлхийн жишигт хүрлээ. Дотоодын үйлдвэрүүд өнгөрсөн онд 105 сая ширхэг өндөг, 200 гаруй тонн тахианы мах үйлдвэрлэн хүн амын хэрэгцээнд нийлүүлсэн бол энэ онд шинээр томоохон цогцолбор үйлдвэрүүд ашиглалтад орлоо. Жилд 170 сая ширхэг өндөг хэрэглэдэг Монгол Улс гурван жилийн өмнө дийлэнхийг нь импортоор авч байсан бол өнөөдөр 40 хувь болж буурлаа. Гэхдээ нэг иргэнд жилд 50 ширхэг өндөг ногдож байгаа нь хөгжилтэй орнуудаас гурав дахин бага үзүүлэлт учир өндөгний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлж, 370 сая ширхэгт хүргэх шаардлагатай. НВЦ компанийн саяхан нээгдсэн “Баян шувуу” аж ахуйн цогцолбор 2018 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд гаднаас өндөг импортлох бараг шаардлагагүй болно. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийнхэн шувууны тэжээлийн үйлдвэрүүд барьж, импортод сард зарцуулдаг 17 тэрбум төгрөгийнхөө 40 хувийг хэмнэж эхэллээ гэж ҮХААЯ-ныхан танилцууллаа. Өнөөг хүртэл шувууны тэжээлийн 90 гаруй хувийг өмнөд хөршөөс импортолж байжээ.

Махны чиглэлийн аж ахуйн тухайд, жилд нэг сая дэгдээхэй бойжуулах, цагт 2000 шувуу нядлах, шувууны тэжээл үйлдвэрлэх иж бүрэн цогцолборыг “Ажигана” компани Налайх дүүрэгт шинээр ашиглалтад оруулжээ. Махны чиглэлийн анхны томоохон энэ үйлдвэр өнгөрөгч оноос эхлэн “Оргио” нэрийн тахианы 1600 тонн мах, махан бүтээгдэхүүнийг нийслэлийн иргэдэд нийлүүлж байна. “Тахианы махан бүтээгдэхүүний импортыг 15 хувь бууруулсан манай үйлдвэр ирэх жилийн 10 дугаар сар гэхэд хүчин чадлаа хоёр дахин нэмнэ” гэж компанийн төлөөлөл нь хэллээ.

Төр бүтээгдэхүүний үнэд хязгаарлалт тавихгүй ч эдгээр бодлого, дэмжлэгийн нөлөөгөөр өндөг, тахианы махны үнэ үе шаттайгаар буурна гэж ҮХААЯ тооцоолж байна. Цаашид шувууны аж ахуйн ариун цэврийн дэглэмийг сахиулах, вакцинжуулалтыг үнэгүй хийх зэрэг ажлыг салбар хариуцсан яамнаас хэрэгжүүлнэ гэлээ. 

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Уран зурагт хорхойтой ДИПЛОМАТЧИЙНХ

Гадаадын төрийн тэргүү­нүүд хийгээд өндөр албан тушаалт­нуудыг айлчлан
ирэхэд бүхий л арга хэмжээг зохион байгуулж, хагас цэрэг­жилтийн байдалтай ажил­ладаг
хүмүүс бол ёсло­лын албаныхан. Түү­хэнд тэмдэглэгдэн үлдэх тэдгээр үйл явдлыг нарийн
дэг журмын дагуу явуулах учиртай болохоор тэдэнд алдах эрх гэж байхгүй. Олон улсын
төрийн томчуудыг айлчлахад Монголын нүүр царайг улайлгахааргүй ажил­лаж ирсэн хүмүүсийн
нэг бол яах аргагүй Готовдоржийн Луузан гуай юм. Энэ удаа­гийн “Танайд өнжье” брэнд
буландаа тэднийхийг сонго­лоо. Их сургуулиа дүүргэж, мэргэжил эзэмшсэн цагаасаа
Гадаад харилцааны яамтай амьдралаа холбосон энэ эрх­мийг гадна дотнынхон андах­гүй.
Тэрбээр Орос, Франц, Вьетнам улсад суугаа Элчин сайдын яаманд нарийн бич­гийн даргаас
өгсүүлээд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сай­даар ажиллаж байсан юм.

Баялаг түүх намтартай сэхээт­нийд өнжсөн нэгэн өдрийн тэмдэглэлийг
хүргэж байна.

Тэднийх Төрийн ордны чанх ард талын байранд амьдардаг юм билээ. Гэрт
нь очихын тулд Г.Луузан гуайн зааж өгсөн орцоор орж гурван давхарт гарлаа. Хаалганыхаа
гадна талд хөлийн гишгүүр дээр цагаан өнгийн алчуур дэвсчээ. Ингээд хонхыг нь дартал
нүд гялбам цагаан өнгийн хувцастай, буурал үстэй, нүдний шил зүүсэн эрхэм хаалгаа
нээж өгсөн нь Г.Луузан гуай байлаа. Тэрбээр биднийг найрсгаар угтаж, “Алив хүүхдүүдээ,
хөгшин бид хоёр хоёулаа байгаа” гэсээр зочны өрөө рүүгээ хөтөллөө.

Төд удалгүй цаад өрөөнөөс гэрийн эзэгтэй орж ирж, бидэнтэй гар барин
мэндчилээд “Миний нэр Марта” гэж өөрийгөө танилцуулав.

Эднийд орж ирээд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол хананд өлгөсөн
уран зургууд. Олон мундаг зураачийн бүтээл харагдав. Гэрийн эзний сонирхлыг илтгэсэн
тэдгээр нандин цуглуулгууд бидний ярианы сэдэв боллоо.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНИРХЛЫГ ТАТСАН БҮТЭЭЛ

“Манайх 50 мянгатад амьдардаг байлаа. Хонх дуугарангуут онгойлгохоор
уран зураг барьчихсан хүн зогсч байдаг байж билээ” гэж гэрийн эзэгтэй өгүүлэв. Г.Луузан
гэдэг хүн тийм л уран зурагт сонирхолтой нэгэн. Тэрбээр “Эхнэр маань намайг галерей
нээх гэж байгаа биш дээ гээд шүүмжлээд байхаар нь сүүлийн үед уран зураг худалдаж
авсангүй. Тэгээд ч тэтгэвэртээ суугаад санхүүгийн байдал нөлөөлсөн” гэв. Ямартай
ч түүнд 20 гаруй сонин содон бүтээл бий. Зураач Г.Баттөмөрийн мууту цаасан дээр
урласан “Богд хаан гадаалахдаа” гэдэг зургийг зочны өрөөндөө өлгөжээ. Богд хааныг
дагаж хичнээн цэрэг, бие хамгаалагч явж байгааг гурван метр гаруй урттай энэ зурган
дээр дүрсэлжээ. Богд хааны музейд хадгалагдаж байдаг уг бүтээлийн эх хувийг Г.Баттөмөр
зураач хуулбарласан нь Г.Луузан гуайд маш их таалагджээ. Морины дэл, сүүл гээд үсний
ширхгийг нарийн чамин гаргаж, хүч хөдөлмөр зарцуулсан энэ бүтээлийг жинхэнээсээ
хамаагүй сайн болсон хэмээн тэрбээр үнэлсэн юм. Мөн энэ зурагны баруун талд нь Өндөр
гэгээн Занабазарын Жанлавцогзол судрыг Төвд хэлнээс хэсэгчлэн орчуулсныг уйгаржин
монголоор бичжээ. Үүнийг Г.Луузан гуай түвэггүйхэн уншиж сонирхууллаа. “Намайг хүүхэд
байхад аав маань монгол бичиг сур гэж загнадаг байлаа. Тэгэхээр уйгаржин бичгийг
гадарлана аа” хэмээв. Энэ зургийн дээд талд нь зураач Хүрэлбаатарын “Удган” нэртэй
бүтээлийг байрлуулжээ. Залгаа хананд зураач Лхагвасүрэнгийн хөдөөгийн монгол айлыг
өнгө будаг хослуулан урласан сайхан зураг өлгөөстэй байв.  Мөн Зураач Эрдэнэ агсны “Уяан дээр” зургийг хоймортоо
байрлуулжээ. “Манай аавд жороо алаг морь байсан юм. Тэр морийг зуруулсан юм” гэж
Г.Луузан гуай хуучин цагаа дурсав. Мөн эдний зочны энэ өрөөнд Төрийн шагналт До.Болдын
абстракт зураг, Мөнхцэцэг зураачийн бүтээл ч харагдлаа. Уран зургаас тухайн зураачийн
сэтгэл санаа ямар байсан нь шууд анзаарагддаг болохыг гэрийн эзэд ярьж байв. Г.Луузан
гуай “Би та нарт нэг сонин юм үзүүлье” гээд цаад өрөө рүүгээ оров. Төд удалгүй жаазалчихсан
эскиз зураг аваад ирлээ. Энэ нь “1921 оны “Бидний анхны бага, дунд сургууль, утасны
хороо” нэртэй Ц.Намхайцэрэн гуайн эх зураг байв. Одоогийн төв шуудан, нэгдүгээр
сургууль зэргийг дүрсэлсэн энэ зураг 1981 оных юм билээ. Г.Луузан гуайн хувьд энэ
зураг нандин эд гэдэг нь ярианаас нь ажиглагдсан юм. Төрийн тэргүүний сонирхлыг
татсан нэг бүтээл эднийд бий. Тэр бол Төрийн соёрхолт барималч Ч.Ганхуягийн дипломын
ажил гэнэ. Хүрлээр хийсэн цутгамал аж. Нарны өөдөөс хараад хүндээр бие засч байгаа
хөдөөгийн хээгүй эрийн хажууд нохой нь хүлээн сууж байх юм. Ч.Ганхуяг энэ бүтээлийнхээ
хэвийг унагаад хагалчихсан болохоор Г.Луузан гуайд байгаа нь дэлхийд цор ганц болж
таарна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл түүний энэ цуглуулгын талаар олж мэджээ.
Тэгээд санал тавьж байсан удаатай гэнэ. Харин Г.Луузан гуай хэзээ ч хэнд ч энэ бүтээлээ
өгөх хүсэлгүй байгаа бололтой.

Тайландын
Элчин сайд Ю.Цэдэнбал даргад итгэмжлэх жуух бичиг барьсны дараа. Арын эгнээ, зүүн
гар талаас эхнийх нь Г.Луузан

 Г.Луузан гуай Францад арав, Орост болон Вьетнамд тус бүр гурван жил
Элчин сайд болон ЭСЯ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тэгсэн атлаа
сууж байсан орнуудынх нь бэлгэ тэмдэг болохуйц зүйл гэрт нь харагдсангүй. Энэ тухай
сонирхоод асуутал “Хүн хүний сонирхол ондоо. Гадаад явсан хүмүүс очсон газрынхаа
сонин содон үзмэрүүдийг авчирдаг. Харин би тэгэх дургүй. Надад байгаа үнэт зүйл
бол Монголын зураачдын уран зураг. Манай зураачид мундаг авьяастай. Сайхан зурдаг
шүү” гэв.

Гэрийн эзний ажлын өрөөнд орлоо. Торгон дээр урласан бурханыг хоймортоо
залжээ. Томдуу хэмжээтэй энэ шүтээн Оюун билгийн Манчир бурхан болохыг Г.Луузан
гуай тодотгов. Түүний ажлын ширээн дээр бичиг цааснууд овоорчээ. Дэргэд нь томоо
гэгч нь чийдэн байрлуулсан харагдав. Харин номын шүүгээнд нь голдуу гадаад хэл дээр
бичигдсэн бүтээлүүд зонхилно. “Нас яваад ирэхээр энэ олон номоо маллаж чадахаа байх
нь. Зусланд ч нэг хэсэг нь бий” гэж Г.Луузан гуайг хэлэхэд гэргий нь “Франц хэл
дээрх номнуудыг хүүхдүүд маань ашиглана биз дээ” гэв.

 “ХЭДИЙГЭЭР ТЭТГЭВЭРТ ГАРСАН Ч ЗҮГЭЭР СУУЖ ЧАДАХГҮЙ НЬ”

“Гадаад яамныхан хүнийг тэтгэвэрт гарахыг андахгүй шүү. Намайг
60 нас хүрэнгүүт байн байн сануулж байгаад л тэтгэвэрт суулгачихсан” гэж Г.Луузан
гуай ёжлонгуй хэлээд биднийг инээлгэв. Тэрбээр Төрийн албанд орж байгаа хүмүүс мэдэхэд
илүүдэхгүй “Этикет” нэртэй ном гаргажээ. Номын зохиогч ярихдаа “Этикет” гэдэг үг
бол ёс жаяг гэсэн утгатай. Монгол орчуулгаар нь номоо нэрлэбэл манайхны толгойд
орж ирэхгүй. Тиймээс “Этикет” гэдэг үгээр нь нэрлэчихсэн юм. Харин дипломат ёслол,
үндэсний ёс заншлын талаар зөндөө ном хэвлэгдсэн болохоор бичсэнгүй” гэлээ. Энэ
номд төрийн албанд ажиллаж байгаа болон ирээдүйд ажиллах залуус, гадагшаа явах хүмүүст
анхаарвал зохих өдөр тутмын зүйлсийг тусган тайлбарлажээ.

Францын
Ерөнхийлөгч асан Жак Ширакт итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа. 1998.11.16

 “ДИПЛОМАТЧ ХҮН

САЙН ТОГООЧ БАЙХ ЁСТОЙ”

Г.Луузан гуай хоол хийхдээ гаргууд юм билээ. Бидний яриа тэдний гал
тогооны өрөөнд үргэлжлэх болсон шалтгаан нь түүний хоол хийх цаг болсонтой холбоотой.
Тэрбээр хамгийн түрүүнд сонгино арилгаж, хэрчив. Дараа нь хөргөгчнөөс махаа гаргаж
хөшиглөлөө. Мөн савтай будаа гаргаж ирээд шаазан аягаар хэмжин түмпэнд хийж байна.
Ямар хоол хийх гэж байгааг нь сонирхтол будаатай хуурга гэж хариулав. Ер нь ямар
хоол сайн хийдэг болохыг гэргийгээс нь асуутал “Манай хүн плов” сайхан хийдэг дээ
гэв. Эхнэрийгээ ингэж хэлэнгүүт мань эр “Бас шөлтэй хоол сайхан хийнэ. Ер нь материал
нь байвал бүх төрлийн хоолыг хийнэ шүү” гэж үргэлжлүүлэн хэллээ. Тэрбээр плитка
дээр хоолоо хуурангаа “Бид оюутан байхдаа XVII-XVIII дугаар зууны үеийн дипломатуудын
номыг их уншдаг байлаа. Тэдгээр номд зааснаар “Дипломатууд бол сайн тогооч байх
хэрэгтэй” гэдэг байсан. Харин одоо бол өнгөрсөн. Гадуур ресторанд хооллочихоод байна
шүү дээ. Ер нь хятад, франц эрчүүд голдуу хоолоо хийдэг. Харин манай монгол эрчүүд
хоол хийж байгаа эхнэрээ “Алив хурдлаарай, болж байна уу, наад хоол чинь” гээд л
яаруулж, дутуу болсон хоол идэцгээдэг. Тэгээд дараа нь тэр ч өвдлөө, энэ ч өвдлөө,
ёо, ёо гэцгээдэг” гэж хатуу ч гэсэн үнэн үг хэллээ.

Г.Луузан гуайг хоол хийх зуур гэрийн эзэгтэй ойр зуурын юмыг нь дөхүүлэн
туслахын үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг хэрхэн танилцаж байсан дурсамжаа хуучлахыг хүсэхэд
Ж.Марта гуай “Би Москвагийн олон улсын харилцааны сургуулийн II дамжааны оюутан
байхад Г.Луузан I курст ирж байлаа” гээд дараагийнхаа үгийг хэлэх гэтэл нөхөр нь
“Тэгээд л надад дурлачихсан байхгүй юу” гээд хошигнов. Тэрбээр “Бид хоёр оюутны
байранд хамт байна гэдэг тухайн үед амаргүй байсан. Учир нь нэг өрөөнд хоёр хүн
оруулдаггүй байлаа. Тэгэхээр нь гадуур хосоороо амьдарч байгаа найзынхаа тоог өөрсөд
дээрээ нэмээд дөрвөн хүн энэ өрөөнд сууна гээд хамт амьдарч билээ” гэв. Оюутан ахуй
цагийнхаа сэтгэлд тод үлдсэн дурсамжаас тэд ийн хуучлав. Мөн Ж.Март гуай “Гадаадад
сурч байгаа оюутнуудыг амьдралд сургаж байгаа нь гээд хөдөө явуулдаг байлаа. Бид
хоёр ч Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд очиж ажилласан. Нэг удаа хашаа барьсан,
бас хонь хяргасан” гэхэд нөхөр нь “Олон малын арьс зумласан байх даа” гэж эхнэрээ
цаашлуулав. Гэргий нь ч хариуг нь дор нь барьж “Тэгвэл дуулдах байлгүй” гээд инээв.

Дипломатч хүний эхнэр гэдэг бол нөхөр хаана очно тэнд дагаад л явж
байдаг улс. Тэр утгаараа Ж.Марта гуай улсад ажилласан жил нь тун цөөн. Гэхдээ тэрбээр
“Туушин” пүүсийг байгуулахад гар бие оролцож явсан нэгэн. “Сургуулиа төгсч ирээд
банкинд хэсэг ажилласан. Луузанг дагаж гадагшаа явчихаад ирэхээд орон тоо байхгүй
болчихдог. Гадаад худалдааны яаманд таван жил ажилласан. Хөрөнгийн биржид Арилжаа
эрхлэгчдийн нарийн бичгээр ажиллаж байлаа” гэж дурсав. Түүнийг ийн хэлэхэд нөхөр
нь “Намайг бодох нь ээ их универсаль хүн байгаа биз” гэв. Г.Луузан гуай эхнэрээ
“Намайг дагаж дэмий тэнэсний хүчинд тэтгэвэр нь 22 мянган төгрөгөөр тогтоолгосон”
гэхэд эзэгтэй “21.800 төгрөг гээч” гээд инээв. Дараа жил нь 10 мянган төгрөг нэмэгдэхэд
золтой л найр хийчихээгүй гэж Луузан гуай хөгжөөгөөд авлаа. Тэрбээр “Манай эхнэр
2003 онд тэтгэвэрт гарахад тийм багаар тогтоож байсан юм. Харин минийхийг 145 мянгаар
тогтоосон юм шүү дээ. Сонин байгаа биз. Одоо нэмэгдээд 385 мянга болсон” гэхэд Ж.Марта
гуай “Минийх Луузангийнхаас 100 мянган төгрөгөөр доогуур” гэлээ. 

Ж.Март  гуай бол сэхээтэн айлын
хүүхэд. Улс төрийн товчооны гишүүн Жамбалдорж гуайн ганц охин. Тэрбээр ижий аавынхаа
талаар ингэж дурсаж байлаа. “Би Төв аймгийн Заамар сумынх. Ээж маань есөн хүүхэд
төрүүлснээс гурван охин нь үлдсэн. Эгч Дарханд, дүү Төв аймгийн Зуун мод хотод ажиллаж
амьдардаг даа. Хөвгүүд нь тогтдоггүй байсан юм билээ. Тэгээд намайг айлд өргүүлчихсэн.
Өргөсөн аав маань Жамбалдорж. Би төрсөн эцэг, эхээ “Аав, ээж” гэж дууддаг. Харин
өргөсөн ижий, аваа “Паап, маам” гэж дуудна. Паап, маам хоёр 1958 оноос хойш энэ
байранд амьдарч байлаа. Тэгээд 1998 онд тэд маань бурханы оронд очоод бидэнд энэ
байр шилжин ирсэн юм даа” гэв. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн гэдэг бол
орчин цагт парламентын гишүүн гэсэн үг. Жамбалдорж гуай ганц охиныхоо боловсролд
ихэд анхаарч байсан бололтой. Ж.Марта гуай англи, орос хэлтэйн дээр нөхрийгөө дагаж
Франц, Вьетнамд хэдэн жил амьдарсан болохоор тухайн орны хэлийг ойлгоно. Тэрбээр
дипломатч хүний гэргий болохоор тэр үү, цаанаа л дэгжин. Алхаа гишгээ, ярьж байгаа
нь хүртэл цэгцтэй, цэмцгэр гэж жигтэйхэн. Тун нямбай нэгэн гэдгийг нь түүний байгаа
байдал, орон гэрээ авч яваа зэрэг нь илтгэх шиг. 

Г.Луузан, Ж.Марта хоёр дөрвөн хүү, таван ачтай. Хөвгүүд нь бүгд тусдаа
гарчихсан болохоор тэднийх нам гүм айл юм билээ. Нэг хүү нь Тайландад амьдардаг
бөгөөд хувийн зөвлөхийн компанитай гэнэ. Бас нэг хүү нь информатикийн мэргэжилтэй
бөгөөд Францад ажиллаж амьдардаг ажээ. “Хөвгүүд нэг бодлын амар л даа. Гэхдээ нас
ахисан хойно бол охид ээж, аавдаа хэрэгтэй юм шиг. Харчууд хүргэн хүү хүчтэй гэгчээр
хадмууддаа хүчээ өгөх гээд байна. Манай хөвгүүд хааяа утасдчихаад байх шиг байна”
гэж Г.Луузан гуай инээж байна. Тэд хэдий тэтгэвэрт суусан ч ач нартайгаа зууралдаад
байхыг хүсдэггүй ажээ. Ж.Марта “Ач нар хааяа өвөө эмээ дээрээ ирнэ. Ойрхон байвал
очоод харж өгнө. Заримдаа өөрсдөө аваад ирдэг юм” гэтэл Г.Луузан “Гэхдээ ач нартайгаа
нялганаад байдаггүй л дээ. Уул усны ойр нь, ураг садангийн хол нь дээр” гэдэг дээ.
Хэзээ нэгэн цагт мажийх болохоор хүүхдүүдтэй зууралдаад юу хийхэв” гэлээ. Гэрийн
эзэгтэй “Хамгийн гол нь дасгаад яахав. Хүүхдүүд дасчихаараа хэцүү байдаг юм билээ”
гэв. 

 МАЛЧНЫ ХОТНООС ДИПЛОМАТЧ БОЛСОН ТҮҮХ

Г.Луузан гуай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат. Энэ нутагт төрж,
өссөн бөгөөд аав ээж нь малчин хүмүүс байжээ. Арваннэгэн хүүхэдтэй айлын дөрөв дэх
хүү нь гэсэн. Одоо биднээс найм нь үлдэж дээ гэж санаа алдан ярилаа. Г.Луузан
1956 онд сурагч болж байжээ. Хөдөөний сургууль өвөлдөө галлагаа муутай, хүйтэн гэж
жигтэйхэн байв. Тухайн үеийн хүүхдүүд үзэг бэх хэрэглэнэ. “Өвлийн хүйтэнд бэх маань
хөлдчихнө. Хөлдөөхгүйн тулд үзэгнийхээ хошууг байнга амандаа хийгээд гэсгээнэ. Тэгээд
долоо хоногийн дараа үс хусна. Тэр үед зулайд бэхний толбонууд гараад ирчихсэн байдаг
байж билээ. Хуурай бэхэн дээр ус хийгээд, алтан үсэг гаргана гээд хичээнгүй бичдэг
сэн. Бараг л бэхтэй саваа амандаа хийх нь холгүй байж дээ” гэж Г.Луузан гуай хүүхэд
насаа дурсав. 1960-аад оны эхээр тэднийх хотод нүүж иржээ. Ээж нь дунд сургуульд
үйлчлэгч, харин аав нь нэгдүгээр цэцэрлэгт манаач хийж байгаад тэтгэвэртээ гарцгаасан
гэнэ. Харин гол дүрийн маань баатар Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсч, 1966
онд МУИС-ийн Франц хэлний ангид элсчээ. Найман охинтой ангид ганц эрэгтэй нь тэр
байж. Ингээд Гадаад яамны бодлогоор Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд
дипломатч болохоор элсчээ. Энэ сургуулийг 1972 онд төгсч ирээд хоёр жилийн дараа
гадаад томилолт авчээ. Тухайн үеийн ЗХУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар
нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Элчин сайдаар Банзрагч гуай ажиллаж байсан
гэнэ. Шинэхэн очсон дипломатч маань Элчин сайдын яам, онгоцны буудал, дарга нарын
байр гэсэн гурвалжинд ажилладаг байжээ. Тодруулбал, ёслолын ажлыг хариуцдаг байсан
гэнэ. Гадагшаа явж байгаа бүх дарга Москвагаар дамждаг байсан тэр цагт Г.Луузан
гуайн ажил ч мунддаггүй. Тэнд ажиллаж байхдаа нэгэн түүхэн үйл явдлын гэрч болсон
тухайгаа ингэж ярилаа. “1976 онд ЗХУ-ын удирдлага Монголын Элчин сайдыг Халимагт
айлчлахыг анх удаа зөвшөөрсөн юм. Коммунизмын үеийн адайр дэглэмтэй байсныг хэлэх
үү. Хааяа зөвлөхүүд л очдог байсан. Тэгээд Банзрагч даргыг гэргийтэйгээ Халимагт  айлчлахад тун сүртэй угтаж авч билээ. Лениний
паркад бидний суулгасан мод байдаг юм” гэлээ.

Г.Луузан гуай ЗХУ-д гурван жил ажиллаад Монголд ирчихээд байтал
1980 онд Франц руу томилжээ. Тэндэхийн Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн
даргаар таван жил, Элчин сайдаар мөн таван жил ажиллаж байжээ. Тухайн үед улс төр,
худалдаа, ЮНЕСКО-гийн зарим зүйлийг хариуцаж байсан гэнэ. Францад “Версалийн хаалга”
гээд том танхимд сар болгон өөр өөр сэдэвтэй үзэсгэлэн гардаг байсан тухай Г.Луузан
гуай хүүрнэв. “Улс ардын аж ахуй гэдэг судалгааг дипломатууд  хийдэг байсан юм. Улс орондоо хэрэгтэй туршлагыг
суугаа орны ЭСЯ-ууд судлах ёстой байв. Тэр үед хөдөө аж ахуйн үзэсгэлэн дээр явж
байхад үхрийн гуур, хонины хувалз, хачгийг зад арилгадаг тариа байж байна. Би тэр
тарианаас хоёрыг аваад  Хөдөө аж ахуйн яаманд
явуулж билээ. Тэр үед хэдийгээр улс ардын аж ахуйд хэрэгтэй зүйлийг судал гэдэг
хэрнээ судалсны дараа хэрэгжүүлдэггүй байсан нь үнэн юм. Нөгөөтэйгүүр хөрөнгөтөн
орныг судалсан хүн олигтой биш болдог байлаа. 1993 онд Вьетнамд ажиллаж байгаад
Монголд ирсэн чинь нөгөө тариаг хүнд тарих нь холгүй болчихсон байна. Францад
1997 онд очиход Малын халдварт өвчний олон улсын товчооных нь захиралтай уулзахад
энэ тарианы талаар монголчуудад тун хэрэгтэй зөвлөгөө өгч байж билээ. “Тариаг яг
тунгаар нь хийх ёстой. Хэтрүүлэх буюу дутаавал үйлчлэхгүй.  Тариулсан малыг тухайн жилдээ идэж болохгүй шүү”
гэж анхааруулж байсан юм даа.

Г.Луузан гуай дээрх улс орнуудад суугаа Элчин сайдын яамдад Монголоо
төлөөлж байсны хажуугаар Гадаад харилцааны яаманд ёслолын хариуцлагатай албыг хашиж
байв. Энэ алба өндөр хариуцлага нэхдэг болохоор өчүүхэн ч алдаа мадаг гаргаж болохгүй.
Хүн л юм чинь алдаа гаргахгүй байна гэж юу байхав.

Нэг удаа Ю.Цэдэнбал дарга Чехийн Элчин сайдыг Ордонд хүлээн авчээ.
Ю.Цэдэнбал дарга босоод үгээ хэлж гэнэ. “Нөхөр Элчин сайд Густов түүний гэргий..”
гээд хэлтэл гэргийнх нь суудал хоосон байжээ. Гэтэл ёслолын алба хариуцсан нөхдүүд
палхийгээд явчихаж. “За болохоо байсан Луузаан. Чехийн Элчин сайдыг гэргийн хамт
ирээрэй гэхдээ урилган дээрээ гээгээд бичсэн байна. Хоол ч орохоо болилоо” гээд
нэгэн настай ажилтан мань эрд хэлж байжээ. Хүлээн авалт тарсны дараа алдаа гаргасан
нөхдүүд Ю.Цэдэнбал даргад бангадуулжээ. Бас нэг хүлээн авалтад Английн Элчин сайд
цагаан архинд өт хийчихээд хүмүүст үзүүлээд явж байжээ. Арга хэмжээний хоол хүнсийг
бэлтгэхдээ салатыг нь нэг өдрийн өмнө бэлдчихэж л дээ. Тэгсэн тэрэнд орсон өт Английн
Элчин сайдад таарчихаж. Мань эр нөгөөхийг харангуутаа олзуурхаж, хүн хүний урд очиж
харуулж байсан гэдэг. Ингээд л  уг хүлээн
авалтыг зохион байгуулагчид бас арга хэмжээ авахуулж байжээ. “Уул нь Английн колониуд
өт байтугай идэж л байсан даа. Тэр үед капитализм, социализмаар хуваагдчихсан байсан
үед Английн Элчин сайдад бөөн олз болсон биз” гээд Г.Луузан гуай инээв.

 

“БИД ШИНЖЛЭХ

УХААНД ИТГЭНЭ”

Тэрбээр тэтгэвэрт суусныхаа дараа Францын “Арева” компанид хэсэг
ажилласан нэгэн. Түүнтэй уулзсаных ураны талаарх маргаан дэгдээдэг энэ асуудлаар
бодлыг нь хуваалцсан юм. “Уран гэдэг бол стратегийн ач холбогдолтой ашигт малтмал.
Энэ материалыг бид хоёр хөршдөө монопольдуулж болохгүй. Үүний тулд гурав дахь хөрштэйгээ
ажиллах ёстой. Ингэхдээ бас бодох хэрэгтэй. Өнөөдөр ураныг газрын доор уусган олборлох
аргаар Франц дэлхий дээр ноёлж байна. “Арева” цөмийн бүхий л салбартаа дэлхийд номер
нэг нь юм. Маш туршлагатай компани. Сүүлийн үеийн аюулгүй техник технологийг хэрэглэж
байгаа. Дээрээс нь Монгол Улсын хууль дүрмийг ягштал баримталж байгаа улс. Үүнийг
шүүмжилж болно. Хорих эрх байхгүй. Гэхдээ мэдлэгтэй шүүмжлэх хэрэгтэй. Одоогийн
хүмүүсийн яриад байгаа цацрагт идэвхт бодис, уран хүдэр гаргаж байгаатай ерөөсөө
хамаагүй. Уран гэдэг юм чинь баяжуулсан хойноо цацраг идэвхт аюултай болдог. Тэрнээс
газар доороос гаргаж ирэхэд ямар ч хор нөлөөгүй. Ямар зорилгоор шуугиан дэгдээгээд
байгааг мэдэхгүй. Мэдээж монголчууд уранаа битгий ашиглаасай гэсэн гадна дотнын
хүмүүсийн янз бүрийн ашиг сонирхол байгаа л даа. Улс үндэстний эрх ашигтай холбоотой
энэ асуудалд бодлоготой хандах ёстой. Бид чинь шинжлэх ухаанд итгэнэ. Тэрнээс ам
дамжсан цуу ярианд итгэж, тэрүүгээр шинжлэх ухааны үндэс болгож болохгүй шүү дээ.
Эрдэмтэд зөв ярьж байгаа” гэв.

Гурав дахь хөршийн асуудлыг анх гаргаж ирсэн цаг үед Гадаад харилцааны
яаманд ажиллаж, энэ бодлогыг боловсруулахад гар бие оролцож явсан хүн бол Г.Луузан
гуай. Тэрбээр гурав дахь хөршийн талаар ямар бодолтой явдгийг сонирхсон юм. Тэрбээр  “Бид гурав дахь хөрш гээд 30, 40 улстай сүжрээд
хэрэггүй. Гурав дахь хөрш гэдэг дотроо Европоос Францыг, Азиас Японыг, бас Америкийг
дагах хэрэгтэй. Тэгээд хоёр хөрш байна. Хэзээ ч хөршөө сонгодоггүй учраас хэзээд
үргэлж найрамдалтай байх ёстой. Агуу хөршүүдийн ая эвийг нь олохгүй бол заанд дэвсүүлбэл
хэцүү. Хоёр хөршийн маань айлчлал сайн байна. Харин нэг хэцүү зүйл нь харилцан тохиролцсон
зүйлээ хэрэгжүүлэхгүй байгаа. Манайх биелүүлэхдээ тун хойрго улс шүү дээ. Үүндээ
ч анхаарах ёстой. Худлаа хэлдэг хүнтэй гадныхан хэзээ ч ажил явуулдаггүй. Сая хоёр
хөршийн тэргүүн биелүүлэлтдээ анхаарна биз гэж цаад утгаар хэллээ шүү дээ. Төмөр
зам нарийн өргөн гээд маргаад байх юм. Нарийн ч байсан, өргөн ч байсан төмөр замаар
орж ирдэг дайсан гэж XXI зуунд байхгүй. Орчин цагт танк, зэр зэвсгээ тэнэг юм шиг
төмөр замаар зөөж дайнд оролцдог улс хаана байна вэ. Бид Хятадын хилийн дагуу нүүрсээ
гаргах гэж байгаа юм бол төмөр замаа нарийнаар нь тавих ёстой шүү дээ” гэв.

Нар ч жаргаж, цаг ч орой болсон байв. Өдөржин хуучилсан бидний яриа
өндөрлөлөө. Ирсэн зочид буцах болж Г.Луузан, Ж.Марта нар биднийг үдсэн юм. 

 М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонинуудыг “Өдрийн сонин” брэнд тэргүүлж байна


-МОНГОЛЧУУД ЮУГ ХАМГИйН ИХ ХЭРЭГЛЭЖ БАЙНА ВЭ?-

МонголчуудӨдрийн сонин”-г уншиж, сүүтэй цайгаа ихээр ууж, “Үе Үехэмээх ууттай чихэрлэг кофег сонгож, шар айраггүзээлж”, телевиз маш ихээр үзэж байна. Харин сонинг уншихдаа анхаарлаа бүрэн хандуулдаг бол зурагт үзэнгээ олонхи нь идэж ууж суудгаа нуусангүй. Монголчуудын амьдралын хэв маягийн талаар сонирхохоор ММCG буюу “Mon­golian
marketing consulting

group”-ын ерөнхий захирал Д.Амгаланбаатартай ярилцлаа. Тэд саяханҮндэсний брэнд ба Медиа хэрэглээ”-ний тухай судалж, монголчуудын хэрэглэдэг 1000 брэндийг тодорхойлсон байна лээ. Гэхдээ энэхүү үр дүнгээ тус компанийнхан зах зээлд худалдахаар төлөвлөсөн учраас зөвхөн зах зухаас нь ярихаар зөвшөөрлөө.

судалгааны бизнест хөл тавив. Судалгааны үр дүнг бусдад зарах боломжтой гэж хэзээ харж эхэлсэн бэ?

-12 жилийн өмнө хоёр найзтайгаа ярьж байгаад ийм компани байгуулахаар шийдсэн. Тухайн үед бизнес судалгааны компани байгаагүй. Судалгааны эрэлт ч маш бага байсан. гэхдээ огт судалгааны компанигүй улс гэж юу байх вэ.

Заавал ийм чиглэлийн мэргэжилтнүүд байх ёстой. 2007 оноос хойш эрэлт сайжирч эхэлсэн. Энэ хооронд захиалгаас захиалгын хооронд тендерээс тендерийн хооронд явдаг байлаа. Судалгааны компанийн хувьд энэ нь хүнд байдаг. Өнгөрсөн оны тавдугаар сард IPSOS гэж дэлхийд гуравт ордог компанитай хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээндээ энэ компанийн судалгааны арга зүйг Монголд нэвтрүүлэх, харилцан суралцах чиглэлээр ажиллаж эхэлсэн. Монголын маань компаниуд нэг үеэ бодвол судалгаа шинжилгээнд тулгуурлаад шийдвэр гаргадаг болж, төр засгийн түвшиндээ ч судалгаанд ач холбогдол өгдөг болж. Тийм учраас бүх л компанид судалгаа хэрэгтэй байгаа. Зөвхөн нэг компанид зориулсан судалгаа хийгээд байх бус нийт компаниудад зориулсан үнийн хувьд боломжийн чанарын хувьд шаардлага хангахаар судалгаа хийхээр шийдсэн.

Синдикат судалгаа гэдэг бол судалгааны компани нийгэм, эдийн засгийн тодорхой сэдвээр, ямар нэг захиалагчийн захиалгаар бус, өөрсдөө санаачлаад өөрсдийн хөрөнгөөр бүхий л сонирхогч талуудад зориулан үр дүнг нь гаргадаг судалгааны төрөл юм. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүн нь судалгаа хийсэн компанийнхаа өмчлөлд үлддэг бөгөөд сонирхсон ямар ч байгууллага, хувь хүмүүс үр дүнг нь худалдан авч ашиглах боломжтой байдгаараа онцлог. Ийм судалгааг Монголд анх удаа хийж, үр дүнг нь танилцуулаад байна.

Судалгаа гэхээр заримдаа бараг пи ар шиг ойлгогдох нь бий. Хэн нэгэнд зориулж үр дүнг нь гаргаж болдог мэтээр хүлээж аваад сурчихаж?

-Олон дотор сайн муу ажиллагаатай байгууллага бий. Бидний хувьд олон улсын судалгааны ESOMAR гээд ёс зүйн стандартад нэгдсэн. Энэ байгууллагад элсч орсноор ёс зүйн дүрмүүдийг нь дагаж мөрдөх шаардлагатай болдог. Бид мөн 2012 онд Маркетинг, олон нийтийн санаа бодол, социологийн судалгааны үйлчилгээний стандарт болох ISO 20252:2012 стандартыг Монгол Улсад оруулж ирээд Үндэсний стандартын газраар хэлэлцүүлж батлуулсан. Ийм учраас судалгааны мэдээлэл цуглуулахаас эхлээд бүх шатанд эдгээр олон улсын стандартыг дагаж мөрддөг гэсэн үг. Манай судалгаа хамрах хүрээ болон түүвэрлэлтийн хувьд онцлогтой. Бусад судалгаа ихэвчлэн Улаанбаатар хотоос түүвэрлэлтээ хийдэг учраас үндэсний хэмжээний үр дүнг гаргах боломжгүй. Бидний хувьд Монгол Улсыг төлөөлөх хэмжээний түүвэр хийснээрээ давуу. Манай түүвэрлэлтэнд бүх бүс нутаг, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг төлөөлж чадах Улаанбаатар хотын есөн дүүрэг, 16 аймгийн 23 сум суурингийн 2360 өрх хамрагдсан.

Монголчуудын хэрэглэдэг мянган брэндийг тодорхойлжээ. Монгол хүнийг нэг хүн гэж үзвэл чухам юу юу хэрэглэдэг ямархуу амьдралын хэв маягтай хүн дүрслэгдэх вэ?

-Яагаад мянган брэнд юм бэ гэж асууна л даа. Монголын зах зээл дээр зарагддаг олон брэндийг тодорхойлж болно. Гэхдээ бид зах зээлд зарагдаж байгаа байдлаас нь хамааруулаад мянган брэндийг сонгосон. Үзүүлэн карт, анкетаа бэлэн болгож туршихад бид зургаан сарыг зарцуулсан юм. Яг монголчуудыг нэг хүнээр төсөөлүүлэхэд нийт монголчуудын 98 хувь нь телевиз үздэг. Эсрэгээр нь нийт монголчуудын 19 хувь нь л жилд нэг удаа театрт юм үздэг. 35 хувь нь интернэтэд ордог. Замын гаднах зар сурталчилгааг 60 хувь нь харж байх жишээтэй.

Монголчууд юу ууж идэж байна?

-21-ээс дээш насны нийт монголчуудын 49 хувь нь шар айраг хэрэглэдэг.

Германчуудаас дутахгүй шар айраг уудаг болж байгаа юм биш үү?

-Манай Монголд шар айрагны хэрэглээ өндөр. Энэ жилийн хувьд 110 сая литрийг ууж байгаа.

Шар айрагны хэрэглээ өндөр байгаа юм чинь хатуу идээ хүртдэг хүмүүсийн хувь буурсан хэрэг үү?

-Энэ хоёр бие биедээ шилждэг бүтээгдэхүүн болохоор тодорхойлоход хэцүү. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 38 хувь нь цагаан архи хэрэглэж байна. Насанд хүрсэн арван хүний дөрөв нь архи уудаг гэсэн үг. Насанд хүрсэн таван хүний нэг нь пиво уудаг гэсэн үг.

Мэдээлэл авдаг эх сурвалжуудыг нь товч хэлэхэд интернетийн хандалт өндөр байна. Зөвхөн пиво уудаг хүмүүсийн мэдээллийн эх сурвалжуудад ханддаг хандлагыг судлахад 35 хувь нь интернэтэд ордог. Сонин уншдаг нь зургаан хувь байгаа. Сонин уншдаг хувь цөөн байна гэж дүгнэж болох ч сонин уншиж байхдаа хүн зөвхөн сониндоо анхаарал нь төвлөрдөг юм байна. Гэтэл телевизийг маш олон хүн үзэж байгаа мөртлөө телевиз үзэж байхдаа юм идэж уудаг хүмүүс 64 хувьтай байна.

Эсвэл телевизийн зар сурталчилгаа эхлэхээр ариун цэврийн өрөө рүү гүйх, зарим ажлаа амжуулахаар ухасхийх нь их байдаг?

-Сурталчилгаа үзсэнийхээ дараа та яадаг вэ гэсэн асуулт ч бий. Хамгийн өндөр хувьтай байсан нь интернэт. Интернэтээр сурталчилгаа үзсэний дараа арав гаруй хувь нь тухайн вэб рүү нь орж үздэг юм байна. 11 хувь нь хайлтын систем ашиглаж үзсэн. 19 хувь нь дугаар руу нь залгаж үзсэн байна. Телевиз үзээд юу ч хийгээгүй хувь өндөр мөртлөө нэг тохиолдол их өндөр хувьтай гарсан. Тэр нь үзсэн реклам сурталчилгаагаа бусад хүмүүстэй ярилцсан хувь өндөр. Ярианы сэдэв болж байна гэсэн үг. Гар утсаар ирдэг сурталчилгаанд дургүй хувь өндөр байсан. 33 хувь нь дургүй байдаг гэжээ.

Аргагүй шүү дээ. Хэн нэгнээс дуудлага, мессеж хүлээж байхад сурталчилгаа ирээд байвал уур нь хүрнэ биз дээ?

-Энэ бол нийт медиа биш зөвхөн пиво хэрэглэдэг хүмүүсийн медиа. Хэрэв байгууллагууд хүсвэл илүү тодорхой мэдээллийг гаргаж өгч болно.

Сонинд ажилладаг хүний хувьд сонины брэндийг сонирхож байна л даа?

-“Өдрийн сонин” хамгийн их уншигчтай өдөр тутмын сонин байсан. Хүмүүс хамгийн их мэддэг брэнд.

Брэнд гэдгээ яаж тодорхойлж байгаа вэ?

-Брэнд гэдэг хүний зүрхэнд, сэтгэлд байгаа зүйл.

-Хэрэв сонирхвол “Өдрийн сонин” брэндийг хэрэглэгчдийн амьдралын хэв маягийг тодорхойлж болох байх?

-Бололгүй яахав. Монголчуудын амьдралын хэв маягийг яг тодорхой хэлэхийн тулд 999 ширхэг тайлан бичих болно. Бид зөвхөн шар айраг хэрэглэгчдийг жишээ болгож, тайлан бичиж зочдодоо танилцуулсан юм шүү дээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголт нэмэгдсэн, хэрэглэгчдийн мэдээлэл авах сувгууд олон болсон нь компаниудыг зах зээл дээр ажиллахад улам л их хүч чармайлт гаргахад хүргэж байна. Компаниудын маркетингийн зардал тэр дундаа зар сурталчилгаанд зарцуулж байгаа зардал жилээс жилд маш их нэмэгдэж байгаа. Байдал ийм боллоо гээд маркетингийн зардлаа хязгааргүй өсгөх боломж компаниудад байдаггүй. Харин хязгаарлагдмал төсвөө ямар медиа хэрэгслүүдэд хуваарилж, зорилтот хэрэглэгчдэдээ хүрсэн зөв мэдээлэл өгөх вэ гэдэг асуулт гарч ирдэг. Энэ асуултанд манай судалгааны үр дүн бүрэн дүүрэн хариулт өгч чадах юм. Өөрийн брэндийг хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, медиа хэрэгсэлд хандах хандлагыг хамтад нь мэдсэнээр ямар их зардал хэмнэхийг та төсөөлөөд үз дээ.

-Сүү уудаг хүмүүс өндөр хувьтай байсан. Малчны хотноос хүн бүр сүү авч чадахгүй байх. Хуурай сүү гэж голдог ч сүүний компаниудынхаа сүүг ихээр хэрэглэж байгаа хэрэг үү?

-Ер нь нийт монголчуудын 92 хувь нь сүүтэй цай хэрэглэдэг гэсэн үг. Кофений хэрэглээ харин маш өндөр гарсан. 52 хувь. Гэтэл хамгийн их хэрэглэдэг нь “Үе Үе” гэж кофе гараад ирсэн. Хилээр хамгийн их орж ирдэг нь “Үе Үе” л юм билээ. Хөдөө буудалд байж байсан чинь нэг нөхөр орж ирээд хармайгаа ухаж ухаж үрчийсэн “Үе Үе” гаргаж ирээд “Алив нэг аяга халуун ус” гэж байна лээ.

Судалгаанд орчин үеийн технологиудыг оруулж ирж байгаа юу?

-Бид “CATI” төв гэж байгуулсан. Бид 30 хүн рүү зэрэг залгаж чадна. Бүх сумдыг хамруулсан утсан сүлжээтэй. Сонгуулийн үеэр би нэр дэвшигчид “Хэнтий аймгийн Баян-Овоо суманд та 50 хувиар ялж байна” гэж нэр дэвшигчид хэлж чадна. Судалгаанд оролцсоноор 1500 нэгж шилжүүлнэ гээд хэлчихнэ. Бүх хүн утастай болсон учраас заавал Ховд аймгийн Манхан сум руу явах хэрэггүй болсон. Одоо олон судалгааны хуудас бөглөхийн оронд таблетаар судалгаа хийдэг болсон. Судлаач Шар хадны эцэст очсон эсэхийг ч шалгаж болно. Асуулт хариултыг биччих учраас судлаач зөв асуулт тавьсан эсэхийг хянах боломжтой.

Танд зар сурталчилгаа үзүүлээд ямар дүрсийг хараад инээв гэдгийг тодорхойлж болно. Зар сурталчилгаа үзүүлээд тусгай нүдний шил зүүлгээд аль хэсэг дээр анхаарал хандсан гэдгийг тодорхойлно. Биед чинь бүс зүүгээд аль хэсэг дээр нь зүрхнийх нь цохилт хурдассан гэдгийг ч тодорхойлдог болсон. Эднийг цаашдаа нэвтрүүлэх болно.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Монголынхоо бүх амьтны зургийг авна гээд амбицлаад “тэнэж” явна

“Балдорж” сангийн тэргүүн байрын шагналт “Хүрээлэн” төслийн санаачлагч
У.Ганбаяр, Ерөнхий продюсер М.Буянбадрах нартай ярилцлаа.

-“Балдорж”
шагналын эзнээр шалгарсанд баяр хүргэе. “Хүрээлэн” төсөл хэрэгжүүлж амьд байгалийг
гэрэл зургийн хальснаа үлдээх санаа хэзээнээс төрсөн бэ?

М.Буянбадрах:
-Баярлалаа. Өнгөрсөн оны наймдугаар сард Г.Батнягт, С.Цацрал, У.Ганбаяр
нартайгаа уулзаж биологчидтой нийлээд “Хүрээлэн” төслөө бичиж эхэллээ. Тэр үед У.Ганбаяр
маань “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг”-ээ байгуулаад, ийм төсөл
хэрэгжүүлэх санаагаа гаргачихсан байсан хэрэг. Ингээд төслөө бариад Ерөнхий сайдтай
уулзлаа. Үүний дагуу өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд “Монгол орны биологийн
олон янз байдлын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх тухай” гэсэн гарчиг бүхий
Ерөнхий сайдын захирамж гарсан. Төслийг маань хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарч ахлагчаар
нь Ч.Сайханбилэг ажиллахаар болж гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга орлоо.
Манайхаас У.Ганбаяр, С.Цацралт нар ажлын хэсэгт орохоор болов. Ингээд аравдугаар
сард анхны аялалдаа гарснаас хойш 30 гаруй мянган км зам туулж 13 аймгийн нутагт
200 шахам төрөл зүйлийн амьтны зураг авчээ.

-Засгийн
газраас даалгасан ажлыг хийж эхэлсэн гэсэн үг үү?

-Сурах бичиг, улаан номондоо амьтдын төрөл зүйлийн зургийг оруулдаг,
жуулчдад Монголоо сурталчлахдаа дүрс бичлэгээ үзүүлдэг гээд бодохоор улсын ажил
баймаар санагддаг. Тийм ч учраас Ерөнхий сайд захирамжаа гаргаад л, засаг дэмжихээр
болж байтал эдийн засаг хямраад Засгийн газар бүсээ чангалаад биднийгээ анхаарахаа
больчихсон. Одоогоор ажлын хэсэг нэг ч хуралдаагүй байна.

-Засаг
анхаарахгүй болохоор шарандаа гараад давхичихсан уу?

-Байгаль, орчин ногоон хөгжлийн яам бага зэргийн дэмжлэг үзүүлснийг
үгүйсгэж болохгүй байх. Анх ажлаа эхлэхдээ зарим нь байраа барьцаанд тавьж зээл
авлаа. Нөгөө хэсэг нь машинаа зарлаа. Ингээд замын зардлаа олж аваад гарсан даа.
Одоо бид чинь өртэй хүмүүс шүү дээ. “Балдорж” шагналын 5000 ам.доллараа өрнүүддээ
яаж амсуулах вэ гээд хуралдаж байтал өөрөө ороод ирлээ. Ерөнхийдөө хуваарилаад дуусчихлаа.

-Өр
тавин байж амьд байгаль, амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг хийх гэж зорьсон нь та
бүхний хобби юу эсвэл ирээдүйнхээ төлөөх сэтгэл үү?

-Сэтгэл гэж романтик юм яриад яах билээ. Донтой, өвчтэй л хүмүүс.
Ийм юманд донтсон хүмүүс чинь нэг, хоёр явчихаар дахимаар санагдаад байгууллагуудын
хаалга балбаад мөнгө төгрөг гуйгаад давхичих юм. Байрныхаа гэрчилгээ, машиныхаа
түлхүүрийг бариад л мөнгө хайгаад гүйцгээчихнэ шүү дээ. Оюу толгой, Төрийн банк,
Моннис, Хүннү Эйр, Зиг Заг зэрэг компани, байгууллагууд биднийг ивээн тэтгэдэг.
Хол газар явдаг, зардал ихтэй учраас хандив тусламжаар явахаас аргагүй болдог. Бид
өнөөг хүртэл цалин авч үзээгүй. Хожим баяжна гэсэн бодолтой л давхиад байгаа.

-Юу
нь тэгж донтуулаад байдаг юм бол?

-Амьтан донтуулах юм аа. Мандаж байгаа нарыг, гүйж яваа гөрөөсийг,
хөөрхөн хошгирч байгаа зурмыг, ховор шувуудыг нэг олоод харчихсан, зургийг нь дарчихсан
хүмүүс “Одоо дараагийнхыг нь, бүр ойроос авах юмсан” гээд донтчих юм. Монголд
438  төрлийн шувуу, 138 зүйлийн хөхтөн,  хэвлээр явагч зургаан зүйл, загас 20 гаруй зүйл
гээд тоо байна. Энэ амьтдын бүгдийнх нь зургийг дарах айхавтар зорилго тавьчихсан.
За, бүгдийнх нь зургийг дарчихаад жаргаад хэвтчихье гэхээр бас болохгүй. Өвлийн
зураг байхгүй шүү дээ гээд эхэлнэ. Ингээд бодохоор дуусахгүй ажил эхэлчихжээ.

-Донтсон
гэж өөрсдийгөө нэрлэсэн та бүхний ажил хүмүүст мэдээлэл, мэдлэг олгож, улсад архив
болж байгаагаараа чухал болов уу?

-Монголоо атар онгон байгальтай, араатан жигүүртэн элбэг гэж дуулж,
шүлэглэдэг атлаа тэр байгаль, амьтных нь зураг байдаггүй. Донтчихсон хэдэн нөхөр
ирээдүйгээ танин мэдэхүйн төөрөгдлөөс гаргах, архивтай болгох том зорилго тавьчихсан
байгаа. Аяллаар явж байхдаа сумын сургуульд авсан гэрэл зургаараа үзэсгэлэн гаргаж,
байгаль амьтны гэрэл зураг яаж авах талаар зөвлөгөө өгдөг ажилтай. Тэгэхэд хөдөөний
хүүхдүүд нутгийнхаа амьтдыг зөв нэрлэж чаддаггүй. Танихгүй юмаа хүн хайрлахгүй,
хайрлахгүй болохоор хамгаалахгүй. Тиймээс таниулъя, мэдүүлье гэдэг том зорилготой
яваад байгаа хэрэг. Нөгөө талаар гадныхан биологчид, гэрэл зурагчдыг минь дагууж
яваад атар онгон байгаль, араатан жигүүртний минь зургийг аваад байдаг. Сүүлд сурах
бичиг, ном, архивт маань зураг үлддэггүй. Гадныхны авсан зургийг тэдний оюуны өмч
байдлаар интернэтээс л харах боломжтой. Монгол Улсын тухай гэхээр гадныхны авсан
зургийг худалдаж аваад үзэсгэлэнд оролцоод байгаад дургүй хүрч, амбиц хөдөлчихөөд
яваад байгаа юм. Ийм сул орон зайг ашиглаад хөдөө хээрээр явах дураа хангаж авъя.
Дээрээс нь онгон зэрлэг байгаа дээр нь амьтдаа бүртгээд архив болгоод хадгалуулъя
гэсэн зорилготой.

-Энэ
зорилгоо хэдэн хүн, ямар ямар үүрэгтэйгээр гүйцэтгэж байна вэ?

-Хүн бүр зурагчин болчих янзтай. Ажил үүргийн хуваариар У.Ганбаяр
бид хоёроос гадна Ерөнхий зураглаач Г.Батнягт, гэрэл зурагчин С.Цацралт, гэрэл,
дууны мастер Б.Сэлэнгэ, зургийн дарга Л.Батаа, туслах зураглаач Б.Улсболд, тайлбар
уншигч А.Миеэгомбо, эвлүүлэгч Н.Энхмэнд гэсэн бүрэлдэхүүнтэй. Бүгд зурагчин, тогооч,
жолооч, газарчин, биологч болчихдог.

-Анхны
аяллаа хаанаас эхэлсэн бэ?

-Зардал багатай ойрхоноор нь Чойрын богд руу гараад давхичихсан.
МУИС-ийн багш Батсайханы зааварласнаар янгир аргалийн орооны цагаар зургийг нь дарах
гэж явлаа. Тэр үеийн зургаа одоо харахад инээдтэй л дээ. Анхных гэдэг утгаараа амьтандаа
дөхөх туршлагагүй, талбай дээр бие биенийхээ зургийг дарж байсан аппарат дурантайгаа
байсан үеийг одоогийнхтой харьцуулахад гологдож байгаа хэрэг. Чойрын богд орчихоод
тэр чигээрээ Өмнөговь, Дорноговь ороод улсын хилд тулаад хар сүүлт, хулангийн зураг
аваад 14 хоног яваад ирсэн.

-Явж
байгаад амьтан харахаар бүгд машинаасаа буугаад аппаратаа бариад гүйчихдэг үү. Эсвэл
тактик ярих уу?

-У.Ганбаяр: Амьтныхаа зан байдлыг судалж, яаж ойртох уу гээд тактик
боловсруулна. Машинтайгаа амьтанд ойртохгүй шүү дээ. Бид амьтныг үргээж, айлгахгүйгээр
зан байдлыг нь харуулах, тоглох наадах, гөрөөлөх, идэш тэжээлээ олж идэж байгааг
нь харуулах зорилготой шүү дээ. Хэдэн хоног алхах ч хэрэг гарна.

-Нэг
амьтны зургийг авахад хэр хугацаа орох уу?

-М.Буянбадрах: Амьтнаасаа л болно. Өмнөговь аймагт Тостын нуруунд
очоод ирвэсийн зураг авах гэж солонгос нөхөр 20 гаруй хоног яваад авч чадаагүй байхад
бид хоёр, гурав хоног дагаж алхаад авчих жишээтэй. Саяхан Хөвсгөлийн тайгад морьтой
явж байтал хөл доороос Цагаан ахуй шувуу босч нисээд л энгэр дээрээс Туйлын цагаан
шонхор орж ирээд. Цагаан шонхор ахуйгаа барьж идэх үед Ганбаяр мориноосоо харайж
буугаад л зургийг нь дарчихаж байгаа юм. Зураг дарах нь хэдхэн секундын ажил. Гэхдээ
Улаанбаатараас 800, 900 км яваад, мориор зургаан хоног явж байгаад гэнэт таарч байгаа
нь ховор агшин, бурхан багшийн явуулсан бэлэг шүү дээ.

-Замдаа
төөрч будилах үе байна биз?

-Машинтай, явган төөрнө. Хоол унд дуусна. Геологичдын төөрдөг газар
өнгөрсөн хавар бид төөрлөө. 200 км яваад айл таардаггүй. Шувуу ч нисэхгүй, ус дуусаад
бензиний гэрэл асчихсан. Долоон хүний дунд 1.5 литрийн савтай л ус үлдсэн. Бензин
дууссан бол яах билээ. Азаар сумын төвөө олж очсон л доо.

-Сум
таарахгүй, ус дууссан бол гээд төсөөлөхөөр өнгөрсөн амьдрал нүдэнд харагдана биз?

-Бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Хаана нь ч төөрсөн, даарсан, будилсан
үедээ амьд гарах аргад сайн суралцах ёстой гэж ярьдаг. Цахилгааны эх үүсвэрээ байнга
авч явах ёстой. Цахилгааны эх үүсвэр, цэнэглэгч ажиллахгүй бол GPS ажиллахгүй болно.Заавал
галтай явах ёстой. Шүдэнз, асаагуургүй боллоо гэхэд гал асаадаг аргаа мэдэх учиртай.
Зураг дарахад суралцахаас гадна амьд үлдэх аргад маш сайн суралцах ёстой болдог.
Ийм бэлтгэлтэй явахад амьдрал нүдэнд харагдаж, хойд нас бодогдож сүйд болохгүй дээ.
Энэ далимд GPS хандивлах сайн санаатай хүн байгаа болов уу (инээв).

-Хөдөө
зам муутай. Замын тэмдэг, тэмдэглэгээ бараг байхгүй. Нутгийн хүмүүсээр газарчлуулдаг
уу?

-Хамгийн түрүүнд өөрсдөдөө найдна. Газрын зураг, GPS дээрээ сайн
ажиллаад бензин шатахуун, хоол хүнс, хувцас хунараа бэлтгээд гарна. Дараа нь нутгийн
иргэд, байгаль хамгаалагчид, хилийнхэн том түшиг болно. Өмнө нь тэр хавиар явсан
биологичдын яриа маш чухал мэдээлэл болдог.

-Ганзага
хоосон ирсэн үе байдаг уу?

-Хоосон ирсэн тохиолдол байхгүй. Донтой хэдэн нөхрийг бурхан хардаг
байх. Хар сүүлт зээрийн зураг авахаар Хэрмэнцаваас Баян-Овоо сум руу хоёр өдөр гаруй
хугацаанд найман зуу гаруй км давхихад амьд амьтан тааралддаггүй. Оройн наранд зураг
авах гэтэл хар сүүлт байдаггүй. Урамгүй буцаж явтал яг доороос хар сүүлт гарч гүйгээд
бид зургаа дарж амжсан. Тэр үед нар ч, хөдөлгөөн ч, цаад фон ч яг таарсан. Хар сүүлтийн
хөлөөс босч байгаа тоос, суналт, зургийн өнгө энэ тэр гоё гоё.

-Гоё
зураг дарах гэж байгаад харамсалтайгаар алдсан мөч бий юү?

-У.Ганбаяр:
Бүх зураг харамсалтай. Хүний шунал барагдахгүй гэдэг шиг үүнээс илүү ойртох байсан
юм, бүр илүү гоё авах байсан юм гээд бүх зурагны ард харамсал байдаг. Хандгайн зураг
авахаар явж байтал хос хандгай таарсан. Гэтэл эр хандгай нь модноос гарч ирдэггүй.
Эм нь намайг чиглээд зогсоод байдаг. Чимээ авчих вий гээд эрийг нь хүлээгээд зургаа
авахгүй байгаа юм. Гэтэл гэнэт буцаад гүйчихсэн. Бидний туршлагагүйнх. Морио жалганд
уячихсан байсныг хандгай өндөр дээрээс харчихаад буцаад гүйчихсэн хэрэг. Мөн ч харамсмаар
байсан даа. Бас Л.Батаагаас ердөө 100 метрийн зайд хандгайн хоёр тугал байгаа юм.
Гэтэл манай хүн үргээчих вий гэж хэвтэж байгаад өндийгөөд автал фокус нь таараагүй.
Гэх мэтээр амьтны зураг авахад үнэхээр хүнд. Амьтан таарлаа гэхэд тэр үед нар нь
ямар байх вэ, гэрэл таарах уу, ойртож чадах уу гээд бүх тохироог хүлээх ёстой болдог.

-Амьтанд
ойртохын тулд хувцсаа тааруулж өмсөх, янз бүрийн хөдөлгөөн хийх шаардлага гарах
уу. Тарвага хошгоруулдаг шиг?

-Тухайн амьтны зан байдлаас шалтгаална. Тарваганы зураг авах бол
хошгоруулна. Хустайн нуруунд тарваганы зураг авахын тулд хавар ичээнийх нь өмнө
майхан бариад орхичихсон. Дасгаж байгаад зун нь очиж майхандаа очиж хэвтэж байгаад
ичээнээсээ гарч хошгирч байгаа, мөндөлтэйгээ тоглож байгаа зургийг нь авсан. Хулангийн
зураг авах гээд явж байтал тэмээ тааралдсан. Тэмээнийхээ бөгсөн дээр камераа барьж
дагаж явсаар байгаад их ойроос авч чадсан. Энэ мэт тухайн амьтанд тохируулж арга,
саам зохиох шаардлага гарна. Хамгийн ойрын жишээ гэхэд газрын өнгөтэй хувцас өмсөнө.
Тамхи татахгүй, шүдээ угаахгүй, үнэртэй ус цацахгүй, саван хэрэглэхгүй. Хоорондоо
чанга ярихгүй, огцом хөдлөхгүй. Амьтантайгаа адил үнэртэй нөхдүүд л гэртээ ирнэ
шүү дээ.

-Хоол
ундаа яаж зохицуулдаг бол. Зам дагуух айлууд хотжоод хатуу болсон байна гэж ярих
юм. Ялгаа ажиглагдах юм уу?

-Үндсэн хүнс лаазалсан загас. Snykres өег учраас авч явдаг. Тэгээд
ааруул хүлхээд л явж өгнө дөө. Өглөөд нэг сайн идэж аваад өдөржин явчихдаг. Ихэвчилэн
хээр, гадаа хоночихно. Манай хөдөөнийхөн үнэхээр өөриймсөг. Өвлийн шөнө яваад ороход
л мөс хайлуулаад мах чанаж өгнө. Хаана, хэнийд ч очсон хаяанд нь хөнжлөө нөмрөөд
унтчихна. Бидэнтэй л лав хэцүү хатуу айл таараагүй ээ.

-Зорьсон
зургаа авчихаад баяр тэмдэглэнэ биз. Өөрсдөдөө хэсэг амралт өгөх үү?

-Шууд сумын дэлгүүр орно. Ойлгомжтой. Амралт гэж ярилтгүй. Зорилгоо
биелүүлчихвэл гэр рүүгээ л яарцгаана.

-Зургийг
нь дарах гэж байгаад амьтанд хазуулах, гэмтэж бэртэх үе байв уу?

-Говьд зуны халуунд явахад сэрэмжтэй байх шаардлага гарна. Өглөө
гутлаа сэгсэрч байж өмсөхгүй бол болохгүй. Биеийнхээ 70 хувийг шумууланд хазуулж
ч байлаа. У.Ганбаяр өнгөрсөн жил могой ичиж амжаагүй байхад газрын гүн рүү 15 метрийн
дор үүрэнд нь яваад орчихсон. Азаар хатгуулаагүй гарсан.  У.Ганбаяр: Ирвэст 10 метр ойртож зургийг авахад
“Энэ намайг яаж ч чадахгүй” гэсэн шиг ихэмсэг байгаа юм. Надад ч айдас төрөөгүй.
Нэг үгээр бид хоёр нэгэндээ аюулгүй гэдгээ мэдрээд байгаа юм шиг.

-Зураг
даруулах дуртай амьтан байх юм уу?

-У.Ганбаяр: Зурам, тарвага, хэрэм их хөөрхөн. Шувууд бас гоё. Буянбадрах
анх шувууны зураг авч байхад “Шувуунд дурлах юм байна даа” гэхэд юу гэж дээ л гээд
байсан. Одоо шувуунд дурлачихсан.

М.Буянбадрах:
Тогоруу ямар гоё гээч. Хөөрч байгаа нь, бууж байгаа нь ерөөсөө л балет. Хажууд нь
хун ямар бүдүүлэг, муухай гээч. Паацагнаад л.

-Гадны
баримтат киног үзэхэд амьтны амьдралыг тэр чигт нь харуулдаг. Манайд тийм боломж
бий юү?

-Мөнгө байвал болно шүү дээ. Гэхдээ Монголын амьтад их догшин. Дэлхийн
баавгай хамгаалах сангийн тэргүүн, амьтдын тухай нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчтэй
хамт мазаалайн зураг авах гээд явж байхад “Танайхан амьтдаа хөөж буудаад байдаг
юм уу. Ямар үргэмтгий юм бэ” гэж байгаа юм. Африкт 30 жилийн өмнө ийм байсан. Хамгаалах
менежмент хийгээд эхлэхээр үргэхээ больдог юм байна. Хустай одоо тийм болж байгаа
шүү дээ. Манайх асар уудам нутагтай учраас онгон байж магадгүй. Нөгөө талаар манайхан
амьтан харахаар л хөөгөөд давхичихдаг. Амьтан харвал хийморь сэргэдэг гэсэн ойлголттой,
элдээд давхичихдаг.

-Хулгайн
ан хэтэрлээ гэх юм. Та бүхний замд эмзэглэмээр дүр зураг харагдах юм уу?

-Яг хулгайлаад, чив засааг нь авчихсан байгаа нь харагдахгүй юм.
Сумдыг холбосон өндөр хүчдэлд цохиулж үхсэн шонхор их таарлаа. Сум бүрийг цахилгаантай
болгох их ажлын төлөөсөнд шонхор олноороо үрэгдэж байна.

-Аппаратаа
чирээд амьтан хайгаад хөдөө явж байхад хотод үлдсэн ажил, амьдрал бодогдох юм уу?

-Утас дуугарахгүй байна гэдэг амралт болдог юм билээ. 22-ын товчоогоор
ороод ирэхэд л хамаг юм эхэлж байгаа юм шүү дээ. Хотод байхаар ханиад салахгүй.
Хүмүүс айхавтар ууртай царайтай. Ялгаа их мэдрэгдэнэ шүү.

-Одоо
хаашаа явах вэ?

-Дорнод аймаг руу Шивэр Хандгайн зураг авахаар явахаар төлөвлөж байна.
Нийт амьтдынхаа гуравны нэгийнх нь зургийг авчихжээ. Энэ зун гэхэд 70 хоног хөдөө
байжээ.

-Амьтдынхаа
зургийг өөрсдөө архивлаж байна уу?

-Өөрсдөө архивлаж байгаа. Дөрвөн ангитай иж бүрэн баримтат кино хийх
зорилго бий. Бас Монголынхоо амьтдыг харуулсан дөрвөн том катологи хийчих санаатай.
Ерөнхий боловсролын сургуулийн Хүн байгаль номонд фото нийлүүлэх тендерт шалгарсан.
Ирэх жилээс сурах бичигт бидний зураг орох байх.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

Хот төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар  Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар хэрэгжих “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн хүрээнд зохиогдох сургалтуудын хөтөлбөрийг боловсруулах, загвар төслийн талаар санал боловсруулах, зохион байгуулах, төсөлд оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох, мэдээллийг төслийн хүрээнд оролцогч талуудад жигд хүргэх үйл ажиллагаануудыг зохион байгуулахад удирдлагаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийн даргаар Нийслэлийн ЗДТГ-ын  Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ажиллана. “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн нэгж болон төсөлд оролцогч талуудтай мэргэжил, арга зүйн хувьд хамтран ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгосон байна.