Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн гэв

Сүүлийн үед насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ.
Зуны амралтаар хүүхдээ хаана, хэнтэй найзалж, юу хийж байгааг нь сайн анхаарч, гэмт
хэрэгт холбогдохоос нь сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд анхааруулсан
юм. Өнгөрсөн долоо хоногт хүүхдүүд нийлж дэлгүүрт хулгай хийж байгаад баригдсан
бол энэ долоо хоногт 14 настай хүү хүний машин хулгайлж, жолоодож яваад баригдсан
юм. Сонгинохайрхан дүүргийн II хороонд суух 14 настай М Баянгол дүүргийн VI хорооны
байрны өмнөөс “Hyundai Accent” маркийн машин хулгайлж, унаж явахад нь цагдаагийнхан
саатуулжээ. Нийслэлд хулгайн гэмт хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас
мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригт 11, лхагва гаригт мөн тооны хулгайн хэрэг бүртгэгджээ.
Иймээс хотоос гарч, амралт зугаалгаар явах гэж байгаа бол гэрээ хөршдөө, орцны жижүүртээ,
хорооны цагдаадаа хэлж орхихыг Цадаагийн ерөнхий газраас  анхаарууллаа. Мөн машинаа хамгаалалттай, гэрэлтэй
газарт орхиж байхыг сануулсан юм.

 

АЛГА БОЛСОН ГЕОЛОГИЧ ЗАЛУУГИЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ

 Баянхонгор аймгийн Баян-Өндөр
суманд ажлаар явж байгаад ор сураггүй алга болсон АМГ-ын геологичийн цогцсыг эрлийн
багийнхан олсон байна. Тэрээр  хяналт, шалгалт
хийх зорилготойгоор хамт явсан хоёр хүнээсээ төөрч, долоо хоногийн турш сураггүй
байсан юм. Түүнтэй хамт явж байсан  АМГ-ын
Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Ч.Түмэнбаяр нар нутгийн
иргэдтэй таарснаар амь аврагдсан юм. Харин харамсалтайгаар амиа алдсан  Б.Мөнх-Эрдэнэ 
АМГ-т ажиллаад нэг жил болж байгаа аж. Эрлийн баг талийгаачийн цогцсыг өчигдөр
Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газраас олжээ. АМГ-ын гурван
ажилтан төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллахаар
энэ сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад
нь машиных нь гурван дугуй хагарснаар ийн тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж,
нэг нь  амиа алджээ.  Талийгаачийн ар гэрийнхэн МАК-ийн нисдэг тэргийг
хөлсөлж, эрэл хайгуул хийж байсан аж. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач залуу
цангаж амиа алдсан байна. Тэр хавьд ус огт байхгүй бөгөөд хамгийн ойрхон айл нь
80 километрийн цаана байдаг гэнэ. 

 

Г.БУЯНДОРЖИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД
БУЦААВ

БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан хэрэгт шүүгдэж байгаа
“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хэргийг хоёр өдөр шүүж, шүүх шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг
шүүгээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин нягтлан шалгах шийдвэрийг
гаргасан байна. Мөн Г.Буяндоржийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах шийдвэрийг
хэвээр үлдээжээ. Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс
баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс
“Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
зэрэг хэрэгт сэжиглэж байгаа. Мөн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан,
бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж нэр хүндэд нь халдсан хэрэгт шүүгдэгчээр татаад
байсан юм.

 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Н.МӨНХБАТЫГ СЭЖИГТНЭЭР ТАТСАН
БАЙНА
 

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат,
Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж
байгааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдэгдлээ.
Шалгагдаж байгаа хүмүүс дотор Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд
ч багтсан гэнэ

Н.Мөнхбат болон Эдийн засгийн
хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд “Халзан бүргэдэй Солонготын
даваа”-ны зуун километр  авто замын гүйцэтгэл
38 орчим хувьтай байж байхад уг газарт шинээр зам тавих гэж буй ойлголтыг Засгийн
газарт төрүүлж, Засгийн газрын тогтоол оруулж батлуулсан аж.  Ингээд 45.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад
“Монройд” гэдэг компанид зам барих эрхийг шилжүүлэн өгчээ.

Мөн Замын-Үүдийн боомтын ачааны
шалган нэвтрүүлэх боомтын цогцолборт 8.7 километр хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр
өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байжээ. Мөн 20 тэрбумын ажлыг 33 тэрбумаар
хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг
шилжүүлж олгосон гэнэ. Иймд Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн
яамны удирдах албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Э.БААТАР 

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хөгжлийн банкны дансанд 300 сая ам.доллар орж ирэх нь

Төгрөг суларч, доллар чангарч, эдийн засаг хүндэрсэн энэ үед Хөгжлийн банкны дансанд  300 сая ам.доллар орж ирэх нь бараг л тодорхой болжээ. Хөгжлийн банк Засгийн газрын баталгаатайгаар 300 сая ам.долларын хөрөнгө босгохоор ажиллаж эхэлжээ. Тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Бид ажиллаж эхэлсэн. Үр дүн нь тун удахгүй мэдэгдэх байх. Энэ ажлын бүтэх магадлал 90 хувьтай” гэж онцлов. “Олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох ажил Монголын хувьд тийм ч хэцүү биш, учир нь Монгол Улсын дунд урт хугацааны ирээдүй гэрэлтэй байгаа” гэж дэлхийн банк, санхүүгийн шинжээчид үзэж байгаа аж. “Credit Suisse” банк  арилжааны дансны бүртгэл хөтлөгчөөр ажиллах энэ арилжааг гурав хуваан хийхээр төлөвлөжээ. “Credit Suisse” –ийн зүгээс зээлдүүлэгчид  баталгаажсан үнэт цааснаас хэсэгчлэн авч болно гэсэн мэдээлэл өгчээ. Зээлдүүлэгчид арилжаанд гурван түвшинд оролцох аж. 50 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө оруулсан зээлдүүлэгч гурван жилийн хугацаатай үнэт цааснаас 125, таван жилийнхээс 150, долоон жилийнхээс 175 суурь нэгжийн өгөөж авах юм байна.   

Ц.СҮРЭН 

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд хууль зөрчсөн учраас мэдүүлэг авна гэв

АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн, Байгаль орчны  сайд асан Л.Гансүх болон түүний туслах, хамаатан зэргийг баривчилсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3, 166.1.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт буруутайд тооцон яллагдагчаар татсан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд энэ сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх хэрэг явдалтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх нь саатуулагдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргасан билээ. Тэгвэл өчигдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, албан ёсны мэдэгдэл хийлээ. Л.Гансүх туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс”  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж АТГ-ынхан хэлж байна. Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279.000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг  тонныг нь 27.500 төгрөгөөр авч, ард иргэдэд тонныг нь 80.000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж  шалгаж байгаа аж. 

Л.Гансүх цагдан хоригдсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн байцаагч Д.Золжаргалд яллагдагчтай  уулзах талаар ЗГ-1/150 дугаар мэдэгдлийг энэ сарын 31-ний өдөр ирүүлжээ. Мөрдөн байцаагч Д.Золжаргал Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авч, “Яллагдагчтай уулзуулах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Тиймээс Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2-т заасан эрхийнхээ дагуу Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” гэж  хариу мэдэгдсэн байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Л.Гансүхтэй цаг гаруйн хугацаанд уулзсан гэнэ. АТГ-аас гаргасан мэдэгдэлд “Энэ үйлдэл болон Ерөнхий сайдын долдугаар сарын 31-нд гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчиж хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрөлгүй хоригдсон этгээдтэй уулзсан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 буюу Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Баривчлах цагдан хорих байрны дотоод журам”-ын 12.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна” гэжээ. Иймд АТГ Ерөнхий сайдын энэхүү үйлдэлд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, холбогдох албаны хүмүүстэй нь уулзаж, Ерөнхий сайдыг дуудан мэдүүлэг авна гэсэн юм. 

Мөн Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр алдагдалтай ажилласан, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж байгаа дүрс бичлэгийг үзүүлсэн юм. Мөн энэ өдөр Л.Гансүхийн өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал зарлаж АТГ-ыг хууль зөрчиж байна хэмээн мэдэгдлээ. Л.Гансүхийн хуулиар олгогдсон өмгөөлөгчтэйгээ уулзах эрхэнд АТГ зүй бусаар халдаж байгаа талаар тэд онцолсон юм. 

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Инээсэн, мэндэлсэн хүн байна, АТГ-т мэдэгдье”

Твиттерчдийн дунд “Манай орчинд инээж ханайсан, мэндэлсэн хүн бий болчихлоо. АТГ-т мэдэгдэх юмсан” гэдэг яриа гарсан байна лээ. Хэдийгээр хошин яриа боловч өнөөгийн нийгэмд яг таарч байх шиг. Баян хүн аз жаргалтай. Аз жаргалтай хүн инээдэг. Баян хүн бусадтай зөв харьцах, сайхан мэндлэхэд суралцчихсан байдаг. Гэтэл ийм аз жаргалтай, инээсэн, мэндэлсэн хүнд бусад нь дургүй болчихож. Олонхиороо үзэн ядаж, луйварчин нэр зүүдэг. Баяжсан, баялаг бүтээсэн бүхэн төрөөс луйвар хийсэн хэл аманд унаж байна. Төрийн юм гэдэг үнэндээ үнэгүй л байсаар ирсэн. Төрийн мөнгө хэзээд үнэгүй байдаг. Эзэнгүй юмнаас авах нь хүний төрөлх мөн чанар. Үүнийгээ ашигласны төлөө нүд үзүүрлэгдэх нь юу билээ. Төрд ард түмний өмч бий гэвэл тэр луйвардсан гээд нүд үзүүрлэгдээд байгаа нөхөр ч ард түмний нэг хэсэг. Ард түмний өмч гэвэл миний ч юм байгаа. Тэглээ гээд луйвардчихлаа гэж би л лав гомдол нэхэхгүй. Яагаад гэвэл тэр нөхөр овсгоотой учраас эзэнгүй, үнэгүйдсэн юмыг өөрийн болгосон болохоос луйвар хийгээгүй. Өөрөөр баялаг  бүтээх  боломж  Монголд л лав алга. 

Улстөрчид олонхид таалагдахын тулд популизм хийсээр уул уурхайн салбараа бараг хаачихлаа. Улс төрд орохгүйгээр бизнес хийсэн бүхнийг хуулийн байгууллагатайгаа нийлээд хааж, хавчиж байна. Ийм хэцүү орчинд маш олон жил хөдөлмөрлөсөн, баялаг бүтээсэн цөөн хэдэн хүн л инээмсэглэж байгаа. Тэднийгээ төрөөс төрсөн тэрбумтан гэх зэргээр цоллож, бөөнөөрөө боорлох юм. Бүр инээсэн, нуруу тэнэгэр байгаа хүнийг АТГ-т матдаг. АТГ нь хэлмэгдүүлэлтийн үеийн “ногоон малгайтнууд” шиг аяглаж байна. Тэд инээсэн хүнд дургүй хэн нэгний матаасаар байгууллагаараа хөдөлж баялаг бүтээгчийн ах дүү, найз нөхөд, бизнесийн хамтрагч гээд холбоотой бүхний гэр орон, ажлын байрыг нь нэгжиж, үг сольсон бүхнийг нь байцааж, айлгадаг болсон. АТГ-ын комиссар бизнесмэний ширээн дээр гадаад англи хэл дээрх зохиолын номыг үзээд “Энэ муусайн олигархиуд гүйцэгдэхээ болилоо. Гадаад хэл сурахгүй бол хоцрох нь” гэснийг “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн иргэн өгүүлсэн. Тэд “Энэ мөнгөтэй юм чинь “но”-той”  гэж ухаж төнхчидөг болсон. Хөрөнгөтэй, баялаг бүтээсэн болгоноо хэдэн сараар шорон дамжуулж хорьж олон нийтээс үнэлгээ авдаг байгууллага болсон. Баялаг бүтээгчийг хорьсноор өчнөөн зүтгэж хөл дээр нь босгосон компани нь хямралд орж, хэдэн зуун ажилтан нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Ингээд олон сар хоригдож, өвчний үүр болсон баялаг бүтээгчийг бүх юм өнгөрсөн хойно  “буруугүй юм байна” гэж цагаатгадаг. Ингэлээ гээд түмэнд наалдах ашиг гэж үгүй. Нэгэн цагт их ажил өрнөж явсан компани нь дампуурч, тэнд гялалзтал ажиллаж явсан хүмүүс аль хэдийнэ ажилгүйчүүдийн эгнээнд шилжчихээр хичнээн цагаатгаад яах ч билээ. Асуудал ингээд зогсохгүй нь бүр харамсалтай. Өчнөөн зовлон туулсан баялаг бүтээгч маань баялгаа бүтээе гээд ханцуй шамлах хүсэл зориггүй нэгэн болж хувирах нь хамгийн том эмгэнэл. “Ногоон малгайтнууд”-ын буулганд сөхөрсөн баялаг бүтээгчид  эцэст нь өнөө ярвайсан нөхдүүдийн эгнээнд шилжих болсон.  

Монголчууд ингэж айхавтар эвдэрч байна. Гудамжинд инээж ханайсан хүн бараг харагдахаа болилоо. Зүгээр байгаа нь хүртэл хэрэлдэж байгаа мэт гэж “Өдрийн сонин” арын нүүрэн дээрээ бичиж байсан нь саяхан. Толгой гудайлгаж, ярвайж, ууртай явбал элдвээр хэлүүлэхгүй, хардуулахгүй амьдарч болоод байдаг. Учир нь ядуу хүмүүс баячуудыг үзэж чаддаггүй. Инээлээ, төрөөс луйвар хийлээ гэж дээр, дооргүй ярьж гүйсээр байгаад шоронд орохоор нь баярладаг. Олон сар шоронд хориод л байвал өөрсдөд нь аз ирсэн мэт баярлацгаадаг боллоо. АТГ-т шалгуулж байгаа бизнесмэнүүдийн талаарх мэдээллийн доорх сэтгэгдлийг уншихад талаас илүү нь “Хохь чинь. Яах гэж мөнгөтэй болсон юм бэ” гэсэн утгатай байдаг болсон. 

“Тамын тогооны үлгэр” гээчийг монголчууд ярьдаг. Тэр үлгэрт өгүүлснээр тамын тогоонд чанагдаж байгаа олон үндэстнүүдээс ганцхан монголчуудын тогоо л манаачгүй байдаг. Тамын тогооны эзнээс энэ тухай асуухад “Монголчуудыг чанаж байгаа тогоонд манаач хэрэггүй. Учир нь тэд энэ тогооноос гарах гэж оролдсон нэгнийхээ хөлнөөс татаад унагачихдаг. Тэд хэзээ ч тогооноос гарч чадахгүй” гэсэн гэдэг. Ингэж дээш зүтгэсэн, баяжсан нэгийгээ доош зулгааж мууг нь үзэх тухай бодож, байж ядаж байхаар өөрөө баяжих юмсан гэж толгойгоо гашилгаж, өдөр шөнөгүй ажиллах ёстой баймаар. Өдөр шөнөгүй ажиллаж байж баялаг бүтээнэ. Өөрөө адилхан баяжиж инээж ханайсан, мэндэлсэн хүмүүс болцгоомоор байна. Тэгвэл дээр өгүүлсэн “Манай орчинд инээж ханайсан, мэндэлсэн хүн бий болчихлоо. АТГ-т мэдэгдэх юмсан” гэдэг хошин яриа “Манай орчинд ярвайсан нөхөр явах боллоо. Ажиллуулъя” гэдгээр солигдох учиртай. Хөдөлмөр хийж байж л баяжина. Хөдөлмөр хийлээ гээд өнөөдөр инээхгүй. Маргааш ч инээхгүй. Нөгөөдөр  баяжиж инээнэ. Учир нь маш их хөдөлмөрлөсний дараа инээх боломж гардаг. Өнөөдөр инээж байгаа хүмүүс маш олон өдөр инээхгүйгээр хөдөлмөрлөсөн. Инээхгүйгээр хөдөлмөрлөж байхдаа хэнд ч анзаарагдаагүй. 

Ингэж хөдөлмөрлөснийхөө үр дүнд сая инээж бусдын анхааралд өртөж байгаа хэрэг. Дэлхийн олонхи баячуудын түүх ийм л байдаг. Билл Гейтс гэхэд хүүхэд байхаасаа л компьютерийн программ хангамж, программист болохын төлөө өөрийгөө хөгжүүлж ажиллаж эхэлсэн гэдэг. 

Хөдөлмөрлөхгүйгээр гэнэт баяжсан хүн дэлхийд бараг байхгүй.  Тиймээс баяжиж байгаагаа улам баяжуулж инээлгэе. Өөрсдөө ч түүн шиг инээхийн төлөө хөдөлмөрлөе. Баячууд л ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байж бусдыгаа чирдэг. Тэр хэрээр улсаа өөд нь татдаг. Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дэн Сяопин “Бүгд баяжигтун” гэж уриалсны дүнд хятадууд нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан хөгжүүлж хөдөлмөрлөсөн. Өнөөдөр БНХАУ ямар хүчирхэг улс билээ. Улсын бодлого тодорхойлогчид ч “Төр өмчөө буцааж авлаа”, “Төрийн өмчийг авчихсан учраас тэр баян нөхрийг шалгуулна” гэж гоншигонохын оронд бүгдээрээ баяжиж, инээж явъя гэмээрсэн. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Лос анжелосын алдартнуудын гудамжинд хөл гарын хэвээ үлдээсэн анхны Солонгос жүжигчин Ли Бьюн хун

-Ирэх онд нээлтээ хийх Тернинатор цувралын дараагийн ангид гол дүр бүтээнэ- 


•    Нэр: Ли Бьюн Хун
•    Төрсөн өдөр: 1970 оны долдугаар сарын 12
•    Төрсөн газар: Өмнөд Солонгосын Сөүл хот
•    University:  Солонгосын “Chung-Ang”-ийн ахлах сургууль, “Hanyang” их сургууль  
•    Үндсэн мэргэжил: Францын уран зохиол, Театрын урлаг
•    Өндөр: 1 метр 78 cм
•    Цусны бүлэг: O
“Зочид буудлын эзэн” киноны Ким Инхагийн дүрээр монголчуудын хэзээний танил Солонгостоо төдийгүй дэлхийд хэдийн нэр алдар нь түгсэн алдарт жүжигчин Ли Бьюн Хун чинээлэг бизнесмэнийн гэрт төрж өссөн бөгөөд түүний эцэг нь 2000 онд насан эцэслэтлээ Солонгосын нөлөө бүхий бизнес эрхлэгч байжээ. Харин түүний дүү Юэн 1996 оны Солонгосын Мисс бүсгүйгээр өргөмжлөгдөж байжээ. Тиймээс түүний гэр бүлийг салбар бүрт амжилт гаргасан олны танил гэр бүл гэдгээр нь солонгосчууд хүндэтгэлтэй ханддаг юм.
1991 онд тэрээр KBS телевизийн “Asphalt My Hometown” хэмээх телевизийн олон ангит киноны сонгон шалгаруулалтад оролцон, тэнцсэн нь уран бүтээлч болох эхлэлийг нь тавьсан гэхэд болно. Үүний дараагаар 1992-1997 оны хооронд онд KBS телевизийн “Tomorrow Love”,  Son of Wind, “The Sorrow of the Survivor, “Salanaleun Jaui Seulpeum” “ Tomorrow Love”,  “Naeileun Sarang” “Days of Sunshine” болон  SBS телевизийн   “I Want”, “Flower That Never Wilt”, “Dream Racers”, “Scent of Love”, “Police” зэрэг олон ангит кинонуудад өөрийн дүрийг бүтээсээр ирсэн хөдөлмөр ч жүжигчин юм. харин 1998 онд “The Harmonium in My Memory” хэмээх олон ангит драмд гол дүр бүтээсэн нь үзэгч олон, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ үед нуруулаг, чийрэг, басхүү шалмаг хөдөлгөөнтэй тэрээр адал явдалт кино найруулагчдын анхааралд өртсөн юм. Ийнхүү тэрээр хоёр жилийн дараа буюу 2000 онд найруулагч Чан Вүүк Паркын хүйтэн дайны үеийн хоёр Солонгосын хил дээрх цэргүүдийн тэмцлийг харуулсан “Joint Security Area”-д түрүүч Со Хьюк Лигийн дүрийг бүтээв. Энэ нь түүнд олон ангит савангийн дууриас илүүтэй ганц ангит адал явдалт бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээх сонирхлыг өдөөжээ. Нөгөө талаас Солонгосын кино урлагт утга уянгын киноны олны танил жүжигчин, дайн тулаант, адал явдалт уран сайхны кинонд тоглох зоримог шийдвэр гаргаж байгаагүйгээс гадна бүр амжилт гаргаж байсан удаагүй. Тийм ч учраас үүнийг кино шүүмжлэгчид “Ли Бьюн Хун шиг бусдыг уйлуулж, уяраасан дүрд тоглосон жүжигчин гэнэт гэмт хэрэг, зодоон нүдээнтэй киноны гол дүрд тоглохоор үзэгчид тэр бүр хүлээж авах нь үгүй. Тэгж ч чаддаггүй юм. гэтэл тэр бол үүнийг хийж чадсан. Чадах чадахдаа бүр Холливүүдэд тоогдохоор шүү” хэмээн үнэлжээ.  

“Beautiful Days” and “All In” “Bungee Jumping of Their Own” адал явдалт уран сайхны кинонуудаараа амжилтаа бататгасан гэхэд болно. 2005 онд түүний дараагийн хит уран бүтээл болох найруулагч Жи Вүн Вооны “A Bittersweet Life” хэмээх мафийн гэмт бүлэглэлийн талаарх кино нь Канийн олон улсын кино наадмаас асар өндөр үнэлгээ авсан юм. Үргэлжлүүлэн 2007 онд тоглосон “Hero”, 2008 онд Америкийн жүжигчин Жош Хартнертай хамтран Вьетнамын найруулагч Ан Хун Траны  “I Come with the Rain” зэрэг уран бүтээлүүд нь түүнийг Холливүүд “тоох” эхлэлийг тавьсан юм. Ийнхүү тэрээр 2009 онд “Paramount” кино компанийн бүтээл “G.I. Joe: The Rise of Cobra” –д Shadow Storm дүрийг гайхалтай чадварлагаар бүтээсэн учраас 2012 онд бүтээгдсэн дараагийн цуврал болох “G.I. Joe: Relalition”-д урилгаар тоглосон юм. “G.I. Joe” цувралын найруулагч Стефан Соммер Солонгост өөрийн биеэр очиж, Ли Бьюн Хунтай хамтарч ажиллах санал тавьсан юм. Энэ үеэр тэрээр Стефан Соммертай сонинд ярилцлага өгчээ. Сэтгүүлчтэй “Сайн байна уу” гэж хэрхэн мэндлэхээ түүнээс “Нанэюн Бабода” гэж хэлж өгч. Түүнийг нь сэтгүүлчид хэлтэлинээдээ барьж ядсан гэдэг. “Нанэюн Бабода” гэдэг нь солонгосоор “Би тэнэг” гэсэн үг болохыг найрууглагч маань бүүр сүүлд нь мэджээ. 2010 онд Азидаа шуугиан тарьсан уран бүтээл болох “Iris” буюу тусгай ажилтнуудын нууц даалгаврын талаар өгүүлэх энэхүү уран сайхны кинонд гол дүрд нь амжилттай тоглосон билээ.
Тэрээр “Summit entertainment”, “lionsgate” интертайнментийн уран бүтээл болох “RED 2”  кинонд Холливуудын алдарт жүжигчин Брьюс Виллес, Катерине Кита Жонс, Хелен Миррен нартай мөр зэрэгцэн тоглосон юм. Тийм ч учраас тэрээр  2014 оны гуравдугаар сард  нээлтээ хийх терминатор цувралын дараагийн анги болох “Terminator: Genesis”-ийн гол дүрүүдийн нэгээр сонгогдсон юм. Арнолд Шварцнейгер гол дүрд тоглох бол Сара коннерийн дүрд эмиле Кларк, түүний хүү Жон Коннерийн дүрд Жасон Кларк тоглохоор болсон
Тэрээр жүжигчин Ли Мин өнгөрсөн наймдугаар сард гэрлэсэн  гэрлэсэн гэдгийг кино сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ. Тэрээр KBS телевиз 1992-1996 онд шилдэг эрэгтэй жүжигчнээр сонгосон бол ээс шаолгарцуулдаг. 2000, 2005 оны Пусаны наадмаас шилдэг эрэгтэй дүр, 2002, 2003, 2006 онд шиллэг эрэгтэй жүжигчинд олгодог Baek-sang” шагнал, 2012 оны “Daejong Fiim” кино наадмаас гилдэг эрэгтэй жүжигчин, хамгийн нэр хүндтэй жүжигчин хэмээх шагалыг авчээ.  Харин өнгөрсөн онд 34 дэхь удаагийн “Blue Dragon” хамгийн алдартай жүжигчнээр өргөмжлөгджээ.
Түүнийг дэлхийд танигдсан солонгосын алдартан гэдгээр нь сологосчууд ихээхэн талархалтай ханддаг.    Дуучин PSY жүжигчин Ли Бьюн Хун тай дотночлон “Red 2” киноны нээлт Лос Анжелос хотод болох үеэр хоёул хамт дурсгалын зураг татуулжээ. Тэрээр Холливуудын алдартнуудпын гудамжинд 2012 оны зургадугаар сард жүжигчин Ан Сүн Кигийн хамтаар гар болон хөлийн хээгээс үлдээсэн Солонгосын анхны жүжигчид юм.

Түүний үүсгэн байгуулсан “BH Entertainment”-аас Хью Со, хан Жим Мин зэрэг олон Солонгосын кино од төрөн гарсан юм.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Электро, шанзтай хослох үдэшлэг өнөөдөр болно

Монголын үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан үдэшлэгийг “ILoft Function House”-т өнөөдөр зохион байгуулахаар болжээ. Шоунд ҮДБЭЧ-ын уран бүтээлчид оролцож, Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн дэглэсэн алдарт “Жалам хар” бүжгийг шинэ хувилбараар, хув цас загварын “Монгол костюмс”-ынхан электро хөгжим, орчин үеийн хэмнэлээр “Цамын бүжиг” болон “Аалзны бүжиг”-ийг толилуулах юм байна. Мөн “Шанз 3” хамтлагийнхан DJ Аннатай хамтран уран бүтээлээ хүргэхээр бэлдэж байгаа аж. Энэ үеэр эхний 100 зочинг коктейлиор дайлж, зураач М.Болортуяа, Ц.Солонго нар хөрөг зураг зурж, ирсэн зочдод түгээх юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Халхын голын байлдааны талбарт археологийн судалгаа хийнэ

Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц болон Түүхийн ухааны хүрээлэнгийн удирдлагууд Их Британи Улсын Гласво их сургуулийн байлдааны талбарын археологийн төвийн захирал Тонерыг хүлээн авч уулзлаа. Тус төв нь дэлхийн улс орнуудын дайн тулаан, овог аймаг, хүмүүс хоорондын зөрчилдөөний талаар археологийн судалгаа явуулдаг томоохон байгууллага аж.

Тэрбээр бүс нутгийн төдийгүй дэлхийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн Халхын голын байлдаан болсон газар нутгаар саяхан очиж, судалгаа хийгээд иржээ. Халхын голын дайн байлдааны үр дагавар, түүний түүхэн ач холбогдлыг дэлхий дахины сонорт хүргэхэд чиглэсэн төслийн ажил эхлүүлэх зорилготой ажээ. Энэхүү төсөлд Монгол, Их Британий зорилго яиглэл нэгтэй хоёр байгууллага хамтран идэвхтэй оролцох судалгааны ажлын цар хүрээ, үр дүнг улам нэмэгдүүлнэ гэж ноён Тонер үзэж байгаагаа илэрхийллээ. 

Categories
мэдээ нийгэм

Улсын гарьд Ш.Жаргалсайханд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэсэн Завхан аймгийн Идэр сумын харъяат улсын гарьд Ш.Жаргалсайханыг өрөөндөө хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр оройноос Гэндэнгийн гудамжны уулзварыг хаалаа

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон элчингийн урд талын 0.26 км авто замыг засах ажил 2014 оны 7 сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар сарын 01-ны 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260м газарт асфальтбетон хучилтын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тус ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын визний системийг засахад дахин хэдэн долоо хоног хэрэгтэй

АНУ-ын визний системд гэмтэл гарсны улмаас тус улсын визний өргөдөл авах, виз олгох асуудал өнгөрсөн долоо хоногт түр хугацаанд саатсан билээ.

Тэгвэл визний системийн алдааг арилгахын тулд дахин хэдэн долоо хоног шаардагдана хэмээн Төрийн Департаментын консулын албаны хэвлэлийн төлөөлөгч Мари Харф өчигдөр мэдээлсэн юм.

Түүний хэлснээр визний систем зөвхөн өнгөрсөн долоо хоногоос доголдож эхэлсэн биш харин өнгөрсөн саруудад ч мөн ийм явдал тохиолдож байсан гэжээ.

Дээрх системийн доголдол аль нэг улс эсвэл визийн төрлөөс шалтгаалаагүй төдийгүй дэлхий дахинд буй АНУ-ын Дипломат консулын газруудыг нийтэд нь хамарсан.

АНУ-ын Төрийн Департаментын консулын алба уг гэмтлийг засахаар ажиллаж байгаа. Систем ойрын хугацаанд хэвийн ажиллаж эхэлнэ гэж албаны хүмүүс мэдээлсэн юм.