Categories
мэдээ нийгэм

Номын ордоны шавыг тавилаа

Үндэсний номын ордоны  шинэ цогцолборын шавыг өнөөдөр тавьсан байна.  Номын ордон  ашиглалтад орсноор 600-700 уншигчийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болох ажээ. Нийтдээ 11 давхар барилга барих бөгөөд 12 тэрбум төгрөг шаардагдаж байгаа юм байна.  Цогцолбор нь гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, хүүхэд болон англи хэлтэй хүмүүст зориулсан төрөлжүүлсэн уншлагын танхимтай байх аж. Үндэсний номын ордоны шинэ цогцолборын барилгын зураг төслийг  “Эгэл” ХХК хийсэн бол барилгын ажлын гүйцэтгэгчээр “АКМИ” холдинг компани шалгарчээ.

Categories
мэдээ спорт

О.Ууганбаатар Ливан улсын бөхөд ялагдлаа

-Эрэгтэйчүүдийн -81 кг-д О.Ууганбаатар эхний тойрогт Ливан улсын бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.-

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Ice Arena”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг жингийн аваргууд тодроод байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай улсаас эрэгтэйчүүдийн -81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар дэвжээнд гараад байгаагаас О.Ууганбаатар ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн -81 кг-д 64 бөх барилдаж байгаагаас О.Ууганбаатар эхний тойрогт Ливан улсын бөх Элиасад нэг торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Categories
мэдээ спорт

Б.Мөнгөнчимэг эхний учраагаа яллаа

-63 кг-ын жинд барилдаж буй Б.Мөнгөнчимэг,  Ц.Цэрэннадмид нар шөвгийн 32-т шалгараад байна. –

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдаж буй Б.Мөнгөнчимэг эхний тойрогт ОХУ-ын Марта Лабазинаг нэг торгуулаар ялж, шөвгийн 32-т шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөө Шведийн Херманссонтой барилдана.

Мөн энэ жинд Ц.Цэрэннадмид барилдаж байгаа бөгөөд тэрээр эхний тойрогт хийлж, удаах барилдаанаа Киргизстаны Абдилманаптай барилдана.

Categories
мэдээ нийгэм

“МАК”-ийн уурхайд осол гарч, хүний амь эрсджээ

Энэ сарын 26-нд буюу уржигдар “МАК” компанийн Дорнод аймаг дахь Адуунчулууны гүний уурхайд осол гарч, эксковаторын жолооч амиа алджээ. Урьдчилсан таамгаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдсан хэмээн дүгнэж буй юм байна. Хохирогч нь 30 орчим настай бөгөөд хэрхэн амиа алдсан нь тогтоогдоогүй, Дорнод аймгийн цагдаа болон онцгой байдлын ажлын хэсгүүд шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Харин энэ хэргийн талаар “Монголын алт” компани ихэд нууцалж байгаа гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс 10 сая тонн нүүрс экспортолжээ

 “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр эрдэс баялгийн эскпортын байдал ямар байгаа талаар Уул уурхайн яам хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн.  Долдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 535.7 мянган тонн, нүүрсний олборлолт 12.6 сая тонн, алтны олборлолт 4.3 тонн, хайлуур жонш 222.9 мянган тоннд хүрсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 45.4 хувь, төмрийн хүдэр 18 хувь, хайлуур жоншны баяжмал 51.9 хувь, газрын тосны олборлолт 53.9 хувиар тус тус өсчээ. Эхний долоон сарын байдлаар 10.4 сая тонн нүүрс, 703.9 мянган тонн нүүрс, 1.8 мянган тонн молибдений баяжмал экспортолжээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргыг Японы баг тэргүүлж байна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг жингийн аваргууд тодроод байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн -81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар дэвжээнд гарна. Эрэгтэйчүүдийн -81 кг-д 64 бөх, эмэгтэйчүүдийн -63 кг-д 41 бөх барилдана.

Тэмцээний гурав өдөр буюу өчигдрийн дүнг танилцуулья:

Эрэгтэй: 73 кг: (68 бөх)

Алтан медаль: Рики Накая (Япон)

Мөнгөн медаль: Кук Хьюн Хон (БНАСАУ)

Хүрэл медаль: Муса Могушков (ОХУ), Виктор Сбортов (АНЭУ)

57 кг: (42 бөх)

Алтан медаль: Нае Удака (Япон)

Мөнгөн медаль: Телма Монтейро (дэлхийн аваргын дөрөв дэх мөнгөн медалиа хүртлээ. Португаль)

Хүрэл медаль: Павиа (Лондонгийн олимпийн хүрэл медальт, Франц), Санни Верхаген (Нидерланд)

V байр: Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) тус тус шалгарлаа.

Гурван өдрийн дараах байдлаар 15 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Япон улс дөрвөн алт, нэг хүрэл медаль, шагналт хоёр байртай тэргүүлж байгаа бол Монгол Улс нэг алт, нэг тавдугаар байр эзэлсэн амжилтаар удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.

Categories
мэдээ нийгэм

“Хүний хөгжлийн илтгэл 2014” хурал эхэллээ

Улаанбаатар хотноо “Хүний хөгжлийн илтгэл 2014” хурал  эхэллээ. 1990 оноос эхлэн жил бүр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан бэлтгэдэг хүний хөгжлийн цуврал илтгэлүүд нь хөгжлийн асуудал, чиг хандлага, ахиц дэвшил болон бодлого хөтөлбөр, туршлага судалгаан дээр үндэслэсэн дүн шинжилгээ хийж гаргадаг аж. Энэ жилийн дэлхийн хүний хөгжлийн илтгэлээр Монгол Улс 187 орноос 130-т жагссан байна. Өмнөх онтой харьцуулахад гурван байраар ахисан дүн гарчээ. Гэвч энд эмзэг байдал арилаагүй байна. Энэ нь хүн амын ядуурлын түвшин, ажилгүйдлийн түвшин, нийгмийн шинжтэй гол үзүүлэлтүүдээр ахиц дэвшил гараагүйтэй холбоотой аж.

Categories
мэдээ нийгэм

Яармагаас Баянзүрхийн товчоо хүртлэх зам нээгдэнэ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын хучилтын ажил өнөөдөр бүрэн дуусна. Ингэснээр жолооч нар уг замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Энэхүү замыг “Эсто” ХХК 2012 оны зургаадугаар сарын 25-наас барьж эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр, мөн явган хүний замтай аж.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-уудад байгалийн ухааны хичээлийн лаборатори нийлүүллээ

Япон Улсын Засгийн газраас Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өглөө. Лабораторид бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан тус бүр 10 нэр төрөл бүхий 2 багц, нийт 700 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд багтсан юм. Өнгөрсөн хичээлийн жилд Шинэчлэлийн Засгийн газраас “Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд ерөнхий боловсролын 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн. Цаашид БШУЯ-аас бүх сургуулийг хамгийн сүүлийн үеийн лабораторитой болгох зорилт тавин ажиллаж байна.

Япон Улсын Засгийн газар 200 сая иенийн буюу 2 сая гаруй ам.долларын Төслийн бус буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор шийдвэрлэж, манай тал энэхүү тусламжаар эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалтын тоног төхөөрөмж  авахаар Японы талтай тохиролцон Ноот бичигт гарын үсэг зурсан билээ. Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг дэмжих, гадаад төлбөрийн балансын алдагдлыг багасгах, нэн яаралтай импортлох шаардлагатай бараа материалыг худалдан авахад нь зориулж олгодог буцалтгүй тусламжийн хэлбэр юм.

Энэхүү тусламжийг Монгол Улс 1991 оноос хойш нийт 10 гаруй удаа хүлээн аваад байгаа, эдгээр тусламж нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжихэд учирсан хүндрэл бэрхшээлийг даван туулах, манай орны эдийн засгийн бүтцийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулахад чухал дэмжлэг болж ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын энхийг сахиулагч гурван хүүхдийг эх барьж авчээ

Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн III ээлжийнхэн үүргээ амжилттай биелүүлээд, эх орондоо иржээ. Тэдэнд хүндэтгэл үзүүлж, одон медаль гардуулах ёслолын ажиллагаа маргааш Чингисийн талбайд болно. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, энхийг сахиулагчдад  баяр хүргэх аж.

Дашрамд сонирхуулахад энэхүү багт цагдаагийн байгууллагаас 51 хүн оролцож, Өмнөд Судан улсад явагдаж байгаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Тэдний дундаас энхийг сахиулагч Цагдаагийн ерөнхий газрын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой хүүхэд эх барьж авчээ. Тэрбээр Бентью хот дахь Нэгдсэн үндэсний байгууллагын баазад тухайн орон нутгийн гурван эхийг төрүүлж, 2 хүү, 1 охиныг эх барьж авсан байна.