Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүйд хүмүүсийн биеийн бүтэц ингэж өөрчлөгдөнө

Холимог үндэстэн

Дэлхийн янз бүрийн орноос гарал үүсэлтэй хүмүүс холилдон нэгдэж гэр бүл болох, шинэ удам угсаа төрүүлэх үзэгдэл улам бүр газар авсаар байна. Энэ бүхний үр дүнд хүмүүсийн хоорондох генетикийн ялгаа арилж, ижил арьс өнгөтэй болох магадлалтай.
________________________________________
Дархлааны системийн сулрал

Хүмүүс эм бэлдмэлээс хамааралтай болохын хирээр дархлааны тогтолцоо суларч ирдэг. Орчин үеийн өндөр хөгжилтэй эмчилгээний технолог, эм бэлдмэлүүд нь бидний эрүүл мэндийг сайжруулж, наслалтыг уртасгаж байгаа болохоор дархлааны систем маань “ажилгүйдэж” сулрах бололтой.
________________________________________
Булчингийн хатангиршил

Аливаа хувьсал илүүдэл зүйлээс ангижирдаг. Хүмүүс хүнд хүчир ажил хийхээ больж, энэ утгаараа биеийн хүч ирээдүйд онц шаардлагагүй болно. Бид одоо ч элэнц хуланцаасаа хавьгүй сул дорой байгааг нэг бус удаагийн судалгаагаар нотолчихоод байгаа болохоор ирээдүйд бүр “туяхан” болох нь лавтай. Сонирхолтой нь, сансарт удаан хугацаагаар ажилласан нисгэгчид буцаж ирэхдээ биеийн хүчний хөдөлмөр хийх чадвараа 40% алдсан байдаг гэнэ.
________________________________________
Өндөр нуруу

Сүүлийн хоёр зуун жилд хүний өндрийн хэмжээ нэмэгдсээр байгаа билээ. Энэ нь элбэг дэлбэг хоол унднаас хамааралтай гэж үздэг. Хүүхэд сайн хооллох тусам өсөлтийн энерги ихтэй байдаг. Иймээс хоол сайтай л бол хүн өсөөд байх нь. Харин өсөлтөнд хязгаар бий үгүйг цаашдын хувьсал харуулж дээ!
________________________________________
Үсгүйдэл

Ер нь хүмүүсийг “ Үсгүй сармагчингууд” гэдэг шүү дээ. Бүх сүүгээр бойжигчдын нэгэн адилаар бидэнд үс байдаг ч, тэр нь хүн дүрст өвөгтэйгөө харьцуулахын аргагүй бага. Орчин үеийн хувцас хунар болон бусад тоноглол нь үсний дулаацуулах үндсэн үүргийг үгүй болгосон. Тэгээд ч эмэгтэйчүүд гэхэд л зарим газраа үсгүй байвал сайхан харагддаг шүү дээ. Ирээдүйд үс бүр алга болж магадгүй л юм.
________________________________________
Агт араагүй байх

Орчин үеийн хүний эрүү их жижиг тул зарим тохиолдолд агт арааг авдаг. Энэ бол хатууллаг идэш тэжээл хэрэглэж байсан үеийн илүүдэл эрхтэн юм. Орчин үед хүмүүсийн 35% нь агт араагүй, эсвэл 1-3 агт араатай (уг нь 4 байдаг) төрөх болжээ. Түүнээс гадна бидний шүд жижгэрч байна. Сүүлийн 100 000 жилд хүний шүд хэмжээгээрээ бараг 2 дахин багассан гэдэг. Энэ үзэгдэл ирээдүйд ч үргэлжилж мэдэх юм.
________________________________________
Ой санамж муудах

Орчин үеийн технолог бидний ой ухаанд одоо ч нөлөөлж байна. Хүний тархи нь үр дүнтэй ажиллахыг чармайдаг машин учраас яг мэдээллийг биш, харин ямар мэдээлэл хаана байгааг илүү сайн тогтоодог. Интернетийн эрин үед энэ онцлог бүр ч газар авч байна. Та ямар нэг юм санахыг оролдон удаанаар боддог уу, эсвэл Интернетээс шууд хайгаад хариугаа авчихдаг уу? Мэдээж сүүлийнх нь. Энэ чинь л биднийг «гадаад санамж» буюу интернетэд найдан толгойгоо ажиллуулахгүй байхад сургаж байгаа юм шүү дээ.
________________________________________
Хөлийн хуруу цөөрнө

Бидний хөл нэгэн цагт гарын үүрэг гүйцэтгэж, барих, шүүрэх, авирах үйлдэл хийж байсныг та нар мэдэх байх. Одоо хөл тэр цагийнхтай зүйрлэшгүй жижиг болсон. Хөлийн эрхий хуруу явах үед тулж тэнцвэрээ олоход тусалдаг, харин чигчий хуруу онцын үүрэггүй. Ингэхлээр ирээдүйн хүн хөлдөө 4 хуруутай үлдэж болзошгүй.
________________________________________
Хэт том, эсвэл хэт жижиг толгой

Энэ бол мэргэдийн маргааны гол бай юм. Ирээдүйд хүн хэт том толгойтой болбол төрөх процесс хүндрэлтэй болно. Иймээс толгой нэг их томрохгүй, харин эсрэгээр багасна гэж зарим эрдэмтэд үздэг. Гэтэл кесар хагалгаа хийлгэж том толгойтой хүүхэд хэвийн төрүүлж болно. Ер нь ирээдүйд ийм хагалгаа нь төрөлтийн хамгийн аюулгүй хэлбэр байх юм. Тэгээд ч хэт жижиг толгойтой хүүхдүүд амьдрах чадвар муутай байдаг гэж нөгөө хэсэг нь зүтгэдэг аж.
________________________________________
Биеэ хөгжүүлэх өндөр чадвар

Өндөр хөгжсөн технологийн тусламжтайгаар хүний хөгжлийг удирдах цаг ирнэ. Жишээ нь, эцэг эх хүүхдээ төрөхөөс өмнө гадаад төрх, зан байдал, онцлог чадвар, авьяасыг нь сонгож болох юм. Ийм практик өргөн дэлгэрснээр зарим сөрөг чанарууд, удамшлын өвчин алга болно.
________________________________________
Ингээд эцэст нь, ирээдүйн хүн ямар шүү харагдахыг зураглацгаая!

•    Сайн хооллодгийн ачаар 180 -210 см өндөр нуруутай
•    Өөх тос, сахарыг бага шингээж, таргалалтаас сэргийлэх богино гэдэстэй
•    Эрчүүдийн үргүйдэл ихэссэнтэй холбоотойгоор жижиг төмсөгтэй
•    Харьцангуй урт гар хөлтэй, гарын хуруун дахь мэдрэлийн эсүүд олширсон байна
•    Сэтгэн бодох үйл ажиллагааг голдуу компьютер гүйцэтгэх учир жижиг тархитай

•    Жижиг ам, том нүдтэй. Нүдний хөдөлгөөн ба нүүрний хувирал нь мэдээлэл дамжуулахад оролцоно.
•    Хоол хүнсийг удаанаар зажлах шаардлагагүй тул шүд цөөтэй
•    Бага идэх ч, их энерги зарцуулах тул дөрөв дахин томорсон эрүүтэй
•    Цаг агаар бүх хүнд адил нөлөөлдөг болох тул бүгд ижил хамартай
•    Бага үстэй буюу  бүр халзан, цахилгаан төхөөрөмж ихээр хэрэглэдгээс үрчлээстэй
•    Нарны хүчтэй нөлөөллөөс болж хүзүүний арьс унжсан, нүдэн доогуур хүрээ татсан
Холимог цуснаас болж боровтор арьстай болсон байна.

Categories
мэдээ нийгэм

“Сэрэлт”-ийн Бумаад зориулсан хөшөөг босгов

 “Сэрэлт” кинонд тоглосон Бумаа дүрээр нь бидний сайн мэдэх XX зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулан хөшөө босгохоор болсон тухай өмнө нь албаны хүмүүс мэдээлж байв. Тэгвэл түүний хөшөөг төрсөн нутаг Дорнод аймгийн Матад су­манд нь босгожээ. Энэ жил Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээнд зориулан тус сумаас төрөн гарсан алдарт жүжигчний хөшөөг ийн бос­госон байна. 

Жүжигчин Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бү­тээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Монголын кино ур­лагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн хүн юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон  сай­хан дүрийг бүтээжээ. Тод­руулбал “Сэрэлт”-ийн Бумаа, “Морьтой ч болоосой” киноны  Дондогийн ээж, “Хүргэн хүү”-гийн ээж, “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргын эхнэр гээд бидний сэтгэлд хоногшсон олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ. 

Э.НОМИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтсайхан: Ээж маань хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө хүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлана гээд байгаа

ТЕГ-ын Сөрөх тагнуу­лын газрын дарга асан Д.Цогт­баа­тарын ах Д.Цогт­сайхантай ярилцлаа. 


-Та өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий прокурорт хандаж хэвлэлээр ил захидал бичиж байсан. Шоронд хоригдож байгаа дүү Цогтбаатарынхаа эрүүл мэндэд санаа нь зовниж байгаагаа бичсэн байсан. Та дүүтэйгээ хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ?

-Бид тус тусдаа ажилтай болохоор өдөр бүр уулзалдаад байдаггүй. Цагаан сараар хамгийн сүүлд дүүтэйгээ уулзсан. Утсаар бол ярьдаг л байсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард эхнэр нь утасдаж дүүг маань баривчлагдсан талаар надад хэлсэн. Энэ мэдээг сонсоод үнэхээр шоконд орсон. Настай ээждээ яаж дууулгана даа гэж хамгийн түрүүнд бодсон. Өмнөх жил нь бас бүтэн хоёр сар дүүг маань шоронд хорьсон. Манай ээж сахарын өвчтэй л дөө. Дүүгийн тухай сонсоод шууд л бие нь муудсан. Одоо бол ээж маань хэвтэрт байгаа. Өвчтэй, дээр нь сэтгэл санааны хямралаас болоод босч явж чадахаа болиод байна. 

-Саяхан хэвлэл дээр Цогтбаатарын бие нь муу, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Тийм учраас л би дүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовж Ерөнхий прокурорт хандаж захидал бичсэн юм. Эмчийн дүгнэлтээр зүрхний цусан хангамж доголдолтой, хаван тулсан, шулуун гэдсээр цус алддаг болсон учраас яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж гарсан юм билээ.

Дүү маань ажлаа нэгдүгээрт тавин зүтгэсээр байгаад өөрийнхөө эрүүл мэндийг дандаа хоёрт тавьдаг байжээ гэдгийг би сая л эхнэрийнх нь ярианаас мэдлээ. Дээр нь хаваржингаа чийгтэй шоронд хоригдохоор хичнээн залуу хүн ч гэсэн өвддөг юм байна. Одоо бол хавантай, даралт ихэсдэг, зүрхний хэм алдагдалтай гэсэн шинэ өвчнүүдтэй болсон байна. 

Хэдхэн сарын өмнө олны танил нэг эрхэм шоронд өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш дүүгийнхээ төлөө санаа зовоод нойр ч хүрэхээ болилоо. Хүнийг нас барсны дараа хэн ч хариуцлага хүлээдэггүй. Прокурор, шүүх нь өөрөөсөө бурууг зайлуулдаг болохыг тэр хэргээс харж байна. Үхсэний л хохь болж байна шүү дээ. Идэр залуухан, сайхан дүүгээ бие нь муу байгааг сонсоод ах нь дээрх ил захидлыг бичсэн юм. Одоо бол бурхандаа залбираад л сууж байна. Үнэн мөн нь олдох байх, дүүг маань гэм буруугүйг тогтоох байх гэсэн найдлага маань тасраагүй байгаа. 

-Та эхээс хэдүүлээ вэ. Цогтбаатар айлын хэд дэх хүүхэд вэ?

-Бид эхээс зургуулаа. Жирийн л нэг айл. Ээж аав маань жирийн л ажилчин хүмүүс байсан. Таван жилийн төлөвлөгөө биелүүлсэн гэсэн одон тэмдэг нь ч бий. Аав маань хүнд ажил хийдэг байсан учраас эрт өнгөрсөн. Ээж маань насаараа чийгтэй газар ажиллаж байсан болохоор хөл гар муутай. Цогтоо маань айлын дөрөв дэх хүүхэд.

-Танай дүү онц ноцтой гэмт хэрэг хийх хэмжээний хүмүүжилтэй хүн үү. Та ахын хувьд юу гэж бодож байна вэ?

-Ахын хувьд ч гэлтгүй, хөндлөнгийн хүний нүдээр харсан ч манай Цогтбаатар шиг төлөвшсөн, хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүн ховор. Арван жилд байхдаа онц сурдаг байсан. Аав ээжийг ажлаас ирэхэд Цогтоо л гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийгээд хүлээгээд сууж байдаг байсан гэж ээж маань одоо ярьдаг юм. Аав маань олон жил хэвтрийн өвчтэй байсан. Тэр үед Цогтоо маань л аавыг харж халамжлах, асрах ажлыг голлон хариуцдаг байсан юм. Үүнээс дүүгийн маань тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэй гэдэг нь харагдах биз ээ. Одоо ч таних танихгүй хөгшчүүд надаас дүүг маань асууж, түүний төлөө цайны дээжээ өргөж байхыг хараад бахархах сэтгэл төрөх юм. Танай сонинд дүүгийн маань дарга байсан хүн ярилцлага өгсөн байна лээ. Түүнд ч гэсэн Цогтоог маань надаас илүү сайхан тодорхойлж бичсэн байсан. Бид хэдээс ганцаараа Цогтоо маань дээд мэргэжил эзэмшиж, төрийн хариуцлагатай албанд зүтгэж байсан юм. 

Цогтоо маань төрийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч, аль нэг нам бүлэг, эвсэлд хамаарахгүй, хэтэрхий шударга бас даруу байсныхаа төлөө ийм байдалд орсон байх гэж бодох юм. Аль нэг нам эвсэл, бүлэглэл, баян хүний халаасанд орж ажилладаггүй дүүгийнхээ шударга зангаар хэний ч өмнө нүүр улайхааргүй энэ бүхнийг ярьж байна. 

-Нэг хүн хэрэгт сэрдэгдэж, олон сар шоронд хоригдлоо. Үүний цаана  гэр бүл, ах дүү, үр хүүхэд, эцэг эх нь давхар сэтгэл санааны хүнд дарамтад ордог. Мэдээж, үүнийг та амьдрал дээрээ мэдэрч байгаа байх…

-Хамгийн аймшигтай нь энэ л байна. Бид хичнээн ах дүү нар нь ч гэлээ хамгийн хүндээр эхнэр хүүхдэд нь тусч байна. Дүүг маань баривчилсны дараа эхнэрийг нь дагаж мөрдөж байсныг баримтжуулаад авсан байна лээ. Баривчлагдсан энэ хугацаанд эхнэр нь бүтэн гурван сар Төв аймгийн хорих руу өдөр бүр шахам л явж байсан. 

Өмгөөлөгч авах, нөхрөө эргэх, үр хүүхдээ харах, гэр орноо өөд нь татах, мөнгө төгрөг олох гээд бүхий л ажил эхнэрийнх нь нуруун дээр ирж байна. Дээр нь сэтгэлийн ямар их дарамт, зовинол байгаа бол. Дүүгийнхээ эхнэр, хүүхдүүдийг харахаар өр өвдөх шиг л болох юм. Өдөр бүр л аавыгаа ороод ирэх болов уу гэж хүүхдүүд нь хаалга онгойхыг харж суугаа. 

Ээж маань өвчтэй ч гэсэн хүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлана гэж зүтгээд байгаа. Хэлмэгдэгсдийн хөшөөний урд очиж өлсгөлөн зарлаж хэвтэнэ гээд байгаа ч одоохондоо бид бие нь муу байгаа болохоор хориод л байна. 

-Таны Ерөнхий прокурорт хандаж бичсэн ил захидалд “өндөр албан тушаалтай хүний хувийн өс хонзонгоор дүү маань шоронд хоригдож байгаа бололтой” гэсэн байсан. Яагаад тэгж бичих болов?

-Бид өдөр бүр уулзаж яриад байх цаг зав байдаггүйг түрүүн хэлсэн. Би машин засварын газар ажиллуулдаг болохоор байнга тэндээ ажилладаг. Хоригдсоных нь дараа л дүүгээ өндөр албан тушаал хашдаг юм байна гэдгийг мэдлээ. Манай дүү чинь тэр бүр олон үг дэлгээд байдаг хүн биш. Хэвлэлд гарсан ярилцлагууд, хүмүүсийн ам дамжсан яриа , мөн сүүлд шоронгоос бичсэн захидал зэргийг нь уншаад ийм ойлголттой болсон. Хэн ч бодсон гэсэн дүүд маань олон хэрэг тулгаж, удаан хугацаагаар хорьж цагдаад байгаагийн цаана өндөр эрх мэдэлтэй хүн байна гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа байх. 

Би хууль эрхзүйн мэдлэггүй, жирийн л нэг хүн. Хүмүүс харин надаас “дүүг чинь улстөрийн зорилгоор хорьсон юм биш үү” гэж асуудаг. Эхнэр нь өмгөөлөгч авах гэхээр “Улстөр орсон ийм хэрэгтэй орооцолдохгүй” гээд татгалздаг гэсэн. Миний бодлоор дүү маань улстөрч биш, жирийн л нэг цэргийн ажил хийдэг хүн шүү дээ. 

-Таны ил захидал гарсны дараа хууль хяналтын байгууллагаас дуудаж асуусан, тодруулсан зүйл бий юу?

-Би өдрийн хоолоо залгуулах гэж цаг наргүй ажилладаг хүн. Харин сүүлийн үед өөрийн эрхгүй хэвлэл уншиж, хууль шүүхийн газарт Ерөнхийлөгчийн хэлээд байгаа шинэчлэл гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй гэдэг нь миний дүүгийн байгаа байдлаас харагдаад байна. 

Хамгийн хачирхалтай нь дүүг маань оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хориод байгаа юм билээ. Эхнэрийнх нь хэлж байгаагаар гадаад паспорт нь Тагнуулын ерөнхий газарт нь байдаг юм билээ. Хилийн хориотой, батлан даалтад байгаа хүн хаашаа оргон зайлах билээ гэж бодох юм. Шүүх, прокурор нь ч гэсэн зөвхөн нэг талыг барьж байгаа юм шиг шийдвэр гаргаад байгаа  учраас би аргагүйн эрхэнд хэвлэлд хандсан юм. Хүний амь нас, хувь заяа ганцхан хүний үзэгний үзүүрээр шийдэгдээд байдаг юм биш байгаа. Дүүгээс маань гадна өөр олон хүн ингэж хохирч байгааг үгүйсгэхгүй. 

Миний хүсч байгаа зүйл бол дүүг маань батлан даалтад гаргаж өгөөчээ гэж хүсч байна. Бид биеийг нь тэнхрүүлж байгаад яаралтай мэс засалд оруулах шаардлагатай байна. Ар гэрийнхэн нь долоо хоногт 20 минут уулзах эргэлтийн цаг өгдөг юм байна. Бид тэр цагийг нь хороогоод яахав гээд, эхнэр нь очиж уулздаг. Дүү маань хоригдсоноосоо хойш маш их турсан гэсэн. Үүнээс л болж ээж маань өлсгөлөн зарлая гээд байгаа юм. “Хүний өс хонзонгийн золиос болгож хүүгээ тэнд алдаж байснаас би өөрөө өлсгөлөн зарлаж үхээд өгье” гэж ээж маань хэлээд байгаа. 

Д.Цогтсайхантай ярилцлага хийсний дараа буюу өнгөрсөн баасан гаригт түүний дүү, хурандаа Д.Цогтбаатарын хоригдох хугацааг дахин сунгасан байна. 

Д.ГЭРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар орон нутагт хуралдаж олон асуудал хэлэлцлээ

Засгийн газрын 41 дүгээр хуралдаан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн баасан гаригт болов. Засгийн газар суманд анх удаа хуралдаж буй. Хуралдаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараас бусад нь оролцлоо. Мөн Булган аймгийн Засаг дарга тэргүүтэй холбогдох албаны хүмүүс иржээ. Засгийн газар суманд анх удаа хуралдахдаа Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан хүртэл баригдаж буй замын ажилтай газар дээр нь танилцсан. 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн бөгөөд энэ жил дөрвөн аймгийн төвийг холбож дуусгах юм. Мөн Засгийн газраас “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ жил 16 суманд уг төсөл хэрэгжих бөгөөд тэдгээрийн нэг нь Хутаг-Өндөр сум. Таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай төслийг хэрэгжүүлэхээр болсон Хутаг-Өндөрт болсон Засгийн газрын хуралдааны эхэнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Б.Жаргалсайхан нар аймаг, сумынхаа нийгэм, эдийн засаг болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Түүний дараагаар Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын явцын талаар танилцуулав. Ажлын явц ямархуу байгаа талаар Зам, тээврийн сайд А.Гансүх “Өмнөговь аймгийн зам энэ наймдугаар сард ашиглалтад орно. Бусад замыг гэрээт хугацаанд нь буюу ондоо багтааж ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна.Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдсэн.Зам барилгын компаниуд ажлаа чанартай гүйцэтгэх хэрэгтэй. Энэ асуудалд Зам, тээврийн яам гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Харин Хөвсгөлийн замыг барьж буй гүйцэтгэгч нартай газар дээр нь ирж уулзлаа. Замаа хурдан дуусгах талаар тодорхой үүрэг, даалгавар өгсөн. Наймдугаар сарын 30 гэхэд тодорхой ажлыг гүйцэтгэж амжихгүй бол өөр компани руу ажлыг нь шилжүүлэхээр болсон” гэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүйцэтгэгч компанийн захирал болон салбарын сайдад нь хандаж ажлаа энэ онд багтааж дуусгахыг анхааруулсан юм. 

“Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа. Энэ жил 16 суманд хэрэгжих төслийн хүрээнд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг тухайн аймаг, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж, хуулийн дагуу тендер зарлаад буй. Энэ хүрээнд 10 сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан сан, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барьж байгуулахаар төлөвлөжээ.Төсөл хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан сумдын 43 мянга орчим хүн эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хангагдаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын шугамд холбогдохын зэрэгцээ төвлөрсөн дулаан хангамжтай, тав тухтай орчинд ажиллаж амьдрах боломжтой болох юм. Сумын төвийн шинэчлэл төсөлд хамрагдсан Булганы Хутаг-Өндөр суманд л гэхэд цэвэр усны 4270 м, бохир усны 4300 м, гадна цахилгааны 9100 м агаарын шугам, цэвэрлэх байгууламж, гүний худаг, насосны станц, 1,5 км автозам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан шуурхай зохион байгуулахыг салбарын сайдад нь даалгав. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус салбарт хэрэгжүүлэх “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах”, “Үр тарианы элеватор байгуулах” төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл хангахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосон юм.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд аймгуудын Нэгдсэн эмнэлэгт оношилгооны төв байгуулж, аймаг, сумын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр хөдөө, орон нутгийн иргэд орон нутагтаа өндөр техник технологийн аппарат, тоног төхөөрөмжөөр оношилгоо хийлгэх, эмчлүүлэх нөхцөл боломж сайжирсан нь хот зорин зардал гаргаж, чирэгдэл болох, иргэдийн эдийн засгийн болон сэтгэл зүйн дарамтыг бууруулсан ач холбогдолтой. Нөгөө талаасаа хотын эмнэлэг, төвүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр буурч байна гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.Танилцуулгатай холбогдуулан яамд, орон нутгийн удирдлага хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, Хүн амын эрүүл мэндийн төлөөх түншлэлийн баримт бичигт тусгагдсан өөрийн салбарын ажлыг хэрэгжүүлэн хамтран ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.

Суманд анх удаа хуралдаж буй  Засгийн газрын хуралдаанд Хутаг-Өндөр болон харьяа сумын ард иргэд оролцсон. Орон нутгийн хөгжлийн сан, Сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм. Зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн хөрөнгөөр сум, багийн хэмжээнд ямар ажил хийж бүтээснээ тайлагнадаг болох нь зүйтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлов. Харин Булган аймагт тулгамдаж буй гурван гол асуудалтай газар дээр нь танилцахаар болсон юм. Булганд 60 хувийн гүйцэтгэлтэй дулааны цахилгаан станц бий. Түүнийг дуусгаж өгөхийг тус аймгийн Засаг дарга Засгийн газрын тэргүүнээс хүссэн юм. Мөн Тэшиг сумын боомтын үйл ажиллагааг дахин сэргээж өгөхийг хүслээ. Эдгээр асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Цусны төв нөөцийн хомсдолд оржээ

Оюутнууд амарч, ихэнх хүмүүс зуны амралтаараа хөдөө гадаа явсан тул  Цусны төвд цусаа өгөх иргэдийн тоо эрс багасч, хомсдолд оржээ. Ер нь зун болгон ийм асуудал тулгардаг хэмээн тус төвийн ажилтнууд мэдээлж байсан юм. Цусны нөөц багассанаар нэн даруй цус сэлбэх шаардлагатай  өвчтөнүүд хүндрэлд оржээ. 

Өчигдрийн байдлаар гэхэд найман хүүхэдтэй 50 настай ээжид гуравдугаар бүлгийн цус их хэмжээгээр, 23 настай дөнгөж төрсөн нялх биетэй ээжид хоёрдугаар бүлгийн цус, хоёр настай бяцхан хүүд хоёрдугаар бүлгийн цус, 17 настай хүүд дөрөвдүгээр бүлгийн цус яаралтай хэрэгтэй байгаа аж. Иймд иргэдийг цусаа хандивлаж, бусдын амийг авран буян үйлдэхийг Цус судлалын үндэсний төвөөс уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүний амь Монголд хонины үнэгүй болжээ

Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж

 “Сод Монгол” группын захирал Анандбазарын хүү, олон улсын хэмжээний дугуйн спортын тамирчин Цэрэн-Өлзийг өнгөрсөн онд 17 настайд нь атаархуу хорлолт яргачид хээр хөдөө аваачин, хутгалж алсан юм. Энэ тухай “Үд дундын алтан гургалдай” тэргүүн ботидоо бичиж ийм нэг зүүлт хийсэн. Ер нь энэ Монголд чинь хүний амь хонины үнэгүй болох нь шив дээ. Хэр баргийн дайн байлдаанд ч ингэж ар араасаа үхэж үрэгддэг бил үү? Энэ цөөхөн хүнээс хаана, яаж үхэж байгааг бодохоор тольт зүрх хаагдаж, толгойтой үс халзармаар болох юм. 

Миний зээ Анандбазарт тэр тоолон хүнд тохиолдоогүй эмгэнэлт явдал тохиолдсон юм. Эрдэмтэй, зоригтой, тэвчээртэй хуульч хүн тулдаа амьд мэнд яваа байх. Хэрвээ миний хэдэн хүүхдийн нэгийг ингэж хөнөөсөн бол би тэр яргачин этгээдийг огцом түргэн дүрэлзэж алаад, шоронд орох байсан. Ананд тэр алуурчинтай нэг машинд суусан байдаг юм. Хүүгээ бүрэлгэсэн хүмүүсийн нэгийг машиндаа суулгаад явж байдаг. 

Сонин байгаа биз. Надад төдийгүй, өөр хэн нэгэнд ийм явдал тохиосон бол гутарч гуниад архинд орох байсан биз. Манай Ананд эрдэмтэй, холын бодолтой, далай тэнгис шиг хүн болоод л тэвчиж яваа хэрэг. Тийм сайхан хүү халхад цөөхөн төрсөн. Элэг зүрх хоёр нь мах цусны тасархай хэрнээ эдлэх зовлонг даахдаа чулуунаас ч илүү бөх юм шүү. Ер нь би Анандын нагац нь атлаа заримдаа ойлгодоггүй юм. Телевиз сонин хэвлэлээр элдвээр гүтгэн доромжилж байхад ч, хорон атаач жөтөөч нар матаж шоронд суулгаж байхад ч тоодоггүй хүн. Бурхан багшид үнэн сүжигтэй хүн л ингэж тэвчдэг байх.

Categories
мэдээ нийгэм

Тарвасыг ингэж зүсдэг

Categories
мэдээ спорт

“Poland Open” олон улсын тэмцээнээс эмэгтэй тамирчид гурван алт хүртлээ

Польшийн Домброва Гурнича хотод болсон Вацлав Циолковскийн дурсгалд зориулсан эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. 

манай 11 эмэгтэй бөх зодоглосноос 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 63 кг-ийн жинд С.Батцэцэг нар алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, 60 кг-ын жинд П.Орхон нар хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээнд Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 150 орчим эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлдсөн юм.

М.Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Ө.Ганзориг: Бодлогын хүүг тодорхой хэмжээгээр өсгөх орон зай бий

Монголбанкны МБЗ-ийн гишүүн, Санхүү­гийн зах зээлийн хол­бооны ерөн­хийлөгч Ө.Ган­зо­ригтой цаг үеийн асууд­лаар ярилцлаа. 

-Монголбанкны мөнгө­ний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг нэмэхийн зэрэгцээ банкуудын зохис­той харьцаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг гарг­сан. Энэ хоёр шийдвэр зэрэгцээд явахаар үр дүн нь хэрхэн харагдах вэ?

-Мөнгөний бодлогын зөв­лөл өөрөө зөвхөн бод­логын хүүгийн шийдвэрийг гаргаж байгаа. Шалгуур үзүү­лэлтийн шийдвэрийг Мон­гол­банк гар­гасан. Ингэснээрээ ямар давуу талтай вэ гэхээр нэг талд нь мөнгөний бодлогыг хатууруулж  байгаа боловч нөгөө талаасаа шалгуур үзүүлэл­түүдээрээ дам­жуулаад банкуудын хөр­вөх чадварын хувьд асуудал үүсэхээс сэргийлж байгаа. 

-Мөнгөний бодлогын хүүнд өөрчлөлт оруулах урьдач нөхцөл нь юу байсан бэ? Үүн дээр дэлгэрэнгүй хариулт өгөхгүй юу?

-Ер нь үүн дээр эдийн засагчид, үзэгчид ч хоёрдмол байр суурьтай байгаа байх. Юу гэж ярьж байгаа вэ гэхээр эдийн засаг хүнд байгаа үед хүүг өсгөнө гэдэг бол буруу шийдвэр гэсэн байр суурьтай эдийн засагчид бий. Нөгөө талаас заавал бодлогын хүүг өсгөхгүй бол болохгүй эдийн засгийн нөхцөл байдал үүнийг шаардаж байна гэж үзэж байгаа хэсэг ч байна. Бид энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хямрал гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн хасах буюу сөрөг утгатай болж эдийн засаг агшихыг хэлж байгаа. Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт боломжийн өндөр түвшинд үргэлжилсээр байгаа. Энэ нь ч бодлогын хүүг өсгөх тодорхой хэмжээний орон зай байна гэдгийг харуулж байгаа.Нөгөө талаас өнөөдөр Монгол улсад үүсч байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь гадаад худалдааны балансаас үүдэлтэй. 

Гадаад худалдааны балан­сын алдагдал маань эргээд валю­тын ханш чангарах, ог­цом хэлбэлзэх байдлаар эдийн за­сагт сөрөг нөлөө үзүүл­сэн. Тэгэхээр үүнийг хаах шийд­вэрийг гаргахгүй бол эргээд ха­рин эдийн засагт сө­рөг эрс­дэлтэй нөхцөл байдал үүсгэж магадгүй. 

-Бодлогын хүү эдийн за­сагт хэзээ үр нөлөөгөө өгдөг вэ?

-Ер нь 6 орчим сарын хоц­рогдол­тойгоор эдийн засагт боди­той нөлөөлнө гэж үздэг.  Ми­ний харж байгаагаар тэр даруй үзүүлэх нөлөө бол төг­рөгийн өгөөжийг өс­гөнө. Тэ­гэ­хээр хадгаламж эзэм­шигчдийн хувьд бага хүүтэй дол­ла­раар долларын ханш өснө гэж хүлээж барих уу, эсвэл хад­галамжийн хүү нь өсөөд ирэ­хээр өндөр хүүтэй төгрөг барих уу гэдэг асуудал гарч ир­нэ. Нөгөө талаас долларын ханш гучаад хувиар өсчихөөд бай­гаа. Өсчихөөд байгаа ва­лют маань дахиад цаашаа хэ­дэн хувь өсөх вэ гэдэг дээр нэлээд эгзэгтэй болоод ирнэ. Ингэснээрээ алсдаа дол­лар­жилтыг тодорхой хэм­жээгээр саа­руулна. Хоёр­дугаарт хү­лээл­тийг эерэг чиг­лэлд өөрч­лөх давуу талтай. 

-Сүүлийн нэг жил орчмын хугацаанд бодлогын хүүнд өөрчлөлт ороогүй байсан. Энэ удаагийн шийдвэрийг гар­гахын тулд нэлээдгүй хугацаа зарцуулагдлаа гэж харж байна. -Энэ удаагийн хур­лын дотоод уур амьс­галын хувьд гадаад хүлээт­тэйгээ хир зохицсон уулзалт болсон бэ? 

-Ер нь хүлээлт нийт эдийн за­сагчид, олон нийтийн дунд бүрд­сэн байсан гэж харж байна. Хэ­дэн хувиар өсгөх үү гэдэг дээр асуудал байсан байх. Мон­гол улс сүүлийн хоёр жил хоё­роос гурван том асуудал дээр гол хүлээлттэй байлаа ш дээ. Үүний нэг нь Оюутолгой төс­лийн хоёрдугаар шат болон Зас­гийн газар Оюутолгой ком­пани хоорондоо асуудлаа бү­рэн шийдэх. Хоёрдугаарх нь, нүүр­сний салбар буюу Таван тол­гойн нүүрсний асуудал. Гу­рав­­дугаарх нь, нуруугаа ха­руул­сан гадаадын хөрөнгө оруу­лагч нар хэзээ эргэж ирж эх­лэх вэ гэсэн гурван асуудал дээр хүлээлттэй удаан явсан. Энэ хүлээлт бидний хувьд бас байсан. Гэтэл хүлээлтүүд бие­жихгүй, материаллаг болж чадахгүй байгаа гэсэн эгзэгтэй байдал үүссэн.

-Мөнгөний бодлогын мэ­­дэг­­­дэлд гадаадын шууд хө­рөнгө оруулалт, төл­бөрийн тэнц­лийг сайжруулах арга хэм­жээний үр дүн хан­галт­гүй байна гэсэн ийм дүг­нэлт бай­на. Өнгөрсөн удаагийн хоёр сарын хурал дээр бан­куудын гадаадаад та­тан төвлөрүүлж байгаа гу­рав хүртэлх жилийн хуга­цаа­тай гадаад валютын эх үүсвэрийг заавал байлгах нөө­­цийн шаардлагаас хасна гэсэн байгаа ш дээ. Тэгвэл энэ хугацаанд банкууд дээр ямар ахиц гарсан бэ?

-Энэ өгүүлбэрийг маш зө­вөөр томъёолж ойлгох хэрэгтэй. Яагаад вэ гэхээр гадаад худал­дааны баланс нь засгийн газрын буюу сангийн яамны удирддаг баланс байж байгаа. Мөн төсвийн баланс байгаа. Тэгэхээр энэ хоёр тэнцэл дээр засгийн газар Монголбанк гэсэн хоёр үндсэн субект явж байгаа, эдийн засгийн бод­логын хувьд.  Засгийн га­зар, Монголбанк хоёр яг хоо­рондоо уялдаа холбоотой зэ­рэг ажиллаж чадах ёстой. Тэгэхээр зарим талаараа бол гадаадын хөрөнгө оруулалтыг эргүүлж татах хууль эрхзүйн орчны шинэчлэл, энэ бол улсын их хурал дээр гарах асуудлууд. Энэ маань нэлээд хоцрогдолтой гарч байгаа, удааширч байгаа талууд байгаа. Ашигт малтмалын ту­хай хууль байж байна. Энэ нь гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг хууль. Энэ хуулийн шинэчлэлт гэхэд маш удаж байж гарч байх жишээтэй. Иймэрхүү асуудлууд байгаа шүү, ийм санаа агуулагдаж байна гэж тайлж болно. 

-Төлбөрийн тэнцлийн ба­лан­сыг сайжруулахын тулд өөр ямар арга хэмжээ авч хэ­рэгжүүлэх шаардлагатай вэ?

-Миний харж байгаагаар гадаад худалдааны балансын хямрал гэж ярья л даа, энэ бол ерэн оноос хойш манай улсад тав, зургаан удаа тохиолдлоо. Энэ удаагийнхаас өмнө нь 2009 онд тохиолдсон. Манай экспортын хамгийн гол бүтээгдэхүүн болох  зэсийн ханш олон улсын зах дээр 8000 доллараас 2700 доллар хүртэл унахад бид төсвийн асар том хямралд орсон. Одоо энэ удаа зэс гэдэг сэдэв солигдоод нүүрс болж хувираад байна. Нүүрсний ханш Хятадын зах зээл дээр унаснаас болоод гадаад балансын алдагдалд орсон. Тэгэхээр олон нийт юуг ойлгох ёстой вэ гэхээр манайд үүсээд байгаа долларын хэл­бэлзэл, гадаад худалдааны ба­лан­сын алдагдал бол  эдийн засгийн суурь бүтцийн хямрал юм. Суурь бүтэц буруу байгааг харуулж байна. Эдийн засаг 90 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаагийн буруу юм. Аливаа засгийн газрын нэг төсөл хө­төлбөр юм уу, мөнгөний бод­логын нэг шийдвэрээр энэ за­сагдана гэж ойлговол маш бу­руу хүлээлт болно. Харин эд­гээр шийдвэр нь огцом шо­кийг зөөлрүүлэх, хөнгөвчлөх л үүрэгтэй шийдвэр. Тэрнээс урт хугацаанд эдийн засгийн бүт­­цийг өөрчилж чадахгүй шүү дээ. 

-Монгол улсын өнөөгийн эдийн  засгийн нөхцөл бай­дал дээр ямар эерэг хүлээл­түүд байгаа вэ?

-Найман сард манай хоёр хөршийн тэргүүнүүд Монгол улсад айлчлах тухай мэдээ байгаа.  Энэ айлчлалаар страте­гийн томоохон хэлэлцээрүүд дээр гарын үсэг зурна гэсэн хүлээлт зах зээл дээр үүссэн. Ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулагчдын хувьд эерэг хүлээлт үүссэн.

Ярилцсанд баярлалаа.

М.САРУУЛ

Categories
мэдээ эдийн-засаг

Адууны махны үнэ өсөлттэй байна

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийнхоос  0.9 хувиар өсчээ. Өнгөрсөн долоо хоногийнхоос үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 3.1 хувиар буурч, хонины ястай махны үнэ 3.6 хувь,  адууны махны үнэ 13.2 хувиар өссөн байна. Тодруулбал, нэг кг хонины ястай мах дунджаар 6840 төгрөг, үхрийн ястай мах 7760 төгрөг, үхрийн цул мах 8990 төгрөг, адууны мах 6290 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.

Нэгдүгээр  зэргийн гурилын үнэ 2.0 хувь, хоёрдугаар гурилын үнэ 4.4 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар буурчээ. Цагаан будааны үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй бол  элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувь, өмнөх долоо хоногийнхоос 1.8 хувиар өссөн. Энэ долоо хоногт   байцааны үнэ 3.5 хувь, луувангийн үнэ 14.5 хувь, манжингийн үнэ 19.4 хувиар буурч, сонгино, төмсний үнэ тогтвортой байна.

Харин сүү цагаан идээний үнэ 0.2-0.5 хувиар буурч сүү 800-1200, тараг 1300-1500 төгрөгний үнэтэй байв.