Categories
мэдээ нийгэм

190 иргэнийг олон нийтийн цагдаагийн сургалтанд хамруулна

Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах 190 иргэнийг бүртгэж, эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулжээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтны эрх зүйн байдлыг хуульчилж өгсний дагуу хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулах 190 иргэний судалгааг гарган, бүртгэж, долдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд сэтгэл зүйн сорил болон хандлага тогтоох ярилцлагыг хийж, наймдугаар сарын 01-ны өдөр эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвтэй хамтран сургалтыг 21 хоногийн хугацаатай, хоёр үе шаттайгаар тус төвийн байранд өнөөдрөөс эхлүүлэхээр болсон байна.

Цаашид Олон нийтийн цагдаагийн ажилтны хувцас, тусгай хэрэгслийг 2014 оны наймдугаар сард багтаан хийлгэж бэлэн болгохоор ажиллаж байгаа аж. 

Categories
мэдээ улс-төр

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов

Улсын Их Хурлын дэд дарга, Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яамны зөвлөх Оганов Артем Валерьвичийг өнөөдөр /2014.08.04/ хүлээн авч уулзан Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов. 

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Уянга, Ё.Отгонбаяр болон Монголын энхтайван, найрамдлын байгууллагын Хэрэг эрхлэх газрын дарга Р.Баярсайхан, орлогч дарга Л.Сайханцэцэг, тус байгууллагын гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ё.Максим нар оролцож харилцан санал солилцсон юм. 

1939 онд Халх голын дайныг удирдсан Зөвлөл Холбоот Улсын маршал Георгий Константинович Жуковын тухай өгүүлсэн баримтат киног Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яам манай улсад авч ирэхээр болов. Харин Монголын энхтайван, найрамдлын байгууллага эх хэлнээ орчуулан олон нийтэд толилуулахаар тогтсон юм. 

Түүнчлэн Монгол, Оросын парламентын бүлэг, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын яам, Монголын энхтайван, найрамдлын байгууллага хамтран Халх голын 75 жилийн ойн арга хэмжээг Оросын шинжлэх ухаан, соёл урлагийн төвд зохион байгуулах, Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургуулиудад  нээлттэй хичээл заах гэх мэт олон арга хэмжээ төлөвлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Categories
гадаад мэдээ

Зургаа авч байгаад амиа алджээ

Өөрийнхөө зургийг авах дуртай Оскар Агилар гэгч золгүй байдлаар амиа алджээ. Талийгаач залуу 21 настай байсан бөгөөд Мехико хотод малын эмчээр ажилладаг байсан гэнэ. Түүний фэйсбүүкийн хуудас нь тансаг машин, орд харш, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй авахуулсан зургаар нь дүүрэн аж. Гэтэл өөрийнхөө хамгийн догь зургийг дарах гэж байгаад гал алдсан байна. Орон нутгийн цагдаагийн мэдээлсэнээр О.Агилар нь буу цэнэгтэй байсныг мэдэлгүй ийш тийш савалж байгаад өөрийгөө шархдуулсан гэнэ. Агиларын хөрш Манфредо Паез буун дуу гарч хүн орилохыг сонсоод цагдаагийн газар мэдэгдсэн аж. Цагдаагийнхныг хэргийн газар ирэхэд залуу амьд байсан бөгөөд түргэн тусламж ирж, эмнэлэг рүү авч явах замд амьсгал хураажээ. 

Categories
мэдээ нийгэм

Гэндэнгийн гудамжийг өнөөдөр нээнэ

Япон элчингийн урд талын 0,26 км авто замыг засах ажил долдугаар сарын 24-нд эхэлсэн.

Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 01-ний 23 цагаас эхлэн хязгаарласан билээ.

Энэ хугацаанд 260 м газарт асфальтбетон хучилтын ажлыг хийсэн аж. Зам засварын ажлыг өнөөдөр 18 цагт дуусахаар төлөвлөсөн байна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Казах үндэстний “Алтан бүргэд” наадам болно

Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Казах үндэстний соёл урлагийн “Алтан бүргэд” их наадам зохиогдно. Тус наадмыг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, “Алтан бүргэд” их наадмын санаачлагчид, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа аж.

Энэхүү наадмын гол зорилго нь Монгол Улсын үндэстэн, угсаатны соёлын олон талт өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаархи төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казах үндэстний соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах юм.

Categories
мэдээ нийгэм

Их Майдар төсөл өнөөдөр нээлтээ хийнэ

Төв аймгийн Сэргэлэн суманд Дээрхийн гэгээн Богд Жавзандамба хутагтын өргөө болон Ламын гэгээн, Манзушир хутагтын өргөөний шав тавих ёслол, Майдар эко сити төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болох гэж байна. 

Улаанбаатар хотоос 50 км-ийн зайд орших энэ газар болох үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавч Д.Чойжамц, Ламын Гэгээний VIII дүр Данзанжанбалчойжишийнэн, Далай ламын Найчин Чойжин Түвдэнготов нарын хүмүүс болон сүсэгтэн олон оролцох ажээ. 

Газар хөндөх, шав тавих ёслол өнөөдөр болохоос гадна Майдарын ногоон морь сэтэрлэх зан үйлийг хийж, шашны олон ном айлдах юм байна

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадын 100 хүүхдийг хүлээн авч уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар БНХАУ-ын Ляонин мужийн Ардын гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн даргаар ахлуулсан 100 хүүхэд, зочид төлөөлөгчид манай улсад зочилж байна. 

Монгол Улс- БНХАУ хооронд дипломат харилцаа тогтсоны 65 жилийн ой, “Монгол Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”- ийн хүрээнд зочилж буй 100 хүүхдийн төлөөллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Олон улсын хүүхдийн найрамдал зусланд 16:00 цагаас хүлээн авч уулзах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Лондонд Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг болно

Дэлхийн санхүүгийн зах зээлийн төв Английн Лондон хотноо “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ. 

Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран зохиож буй өдөрлөг нь Монголын аж ахуйн нэгж компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх юм байна. 

Өдөрлөг ирэх есдүгээр сарын 9-нд болох бө тус өдөрлөгт оролцох сонирхолтой компани 8 дугаар сарын 8-ны өдөрт багтаан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Зах зээлийн хөгжлийн газарт саналаа ирүүлэх боломжтой аж. 

Categories
мэдээ нийгэм

“Galaxy Note 4”-ийг ирэх сарын 3-нд танилцуулна

Технологийн салбарын хүчирхэг акулуудыг нэг Samsung шинэ бүтээгдэхүүн болох Galaxy Note 4-ийг ирэх есдүгээр сарын 3-нд танилцуулахаар болсон тухай зарлажээ.

Тус компанийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Apple компани шинэ загварын iPhone гар утсаа мөн есдүгээр сард танилцуулна хэмээн яригдаж байгаа ч хараахан тов  нь зарлагдаагүй байгаа юм. Тиймээс Samsung компани өөрийн хүчтэй өрсөлдөгчөөсөө түрүүлж шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах нь тодорхой болоод байна.

Galaxy Note 4 нь 5,7 инчийн OLED дэлгэцтэй байх ба спортлог загвар бүхий металл гадаргуутай байна гэж Korea Times мэдээлжээ.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангахгүй 20 орон сууцыг дахин төлөвлөхөөр болжээ

Нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 21 орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарлаа.

 Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байр, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн   1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 16, 17, 18 дугаар байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн    4, 8, 9, 15, 19 дүгээр байр,  Арьс ширний 25, 26 дугаар байрны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар заасан байна.

Мөн  дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүллээ.

 “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-д зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоохдоо Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлт, шийдвэрийг үндэслэхээр заасан байдаг. Түүнчлэн дахин төлөвлөн барилгажуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар  төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэх бөгөөд 3 талт гэрээ байгуулан ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.