Categories
мэдээ спорт

Монгол шүүгч залуучуудын олимпийг шүүнэ

“Наньжин 2014” залуучуудын олимпийн наадам энэ сарын 16-нд эхлэх бөгөөд энэ удаагийн наадмын ширээний теннисний тэмцээнийг монгол шүүгч шүүхээр болсон байна. Түүнийг Э.Мөнхбилэг гэдэг бөгөөд сонгон шалгаралтуудад тэнцсэнээр уг наадмыг шүүх эрхээ авсан ажээ. Түүнтэй хамт 12 шүүгчийн нэр тодроход Азийн дөрвөн шүүгч байсан гэнэ.

Т.ГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

18 мянган газар өмчлөх өргөдөл гаргажээ

Энэ сарын 1-нээс цахим хэлбэрээр явагдаж эхлээд байгаа нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад таван сая орчим хандалт ирснээс 18 орчим мянган хүн бүртгүүлжээ. Үүнээс үүдэн хэт ачаалал үүсэж, иргэдийг нэлээд бухимдуулж, зарим хүн бүртгүүлж чадахгүй байгаа аж. Бүртгэл сарын 15-ны 12.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд түрүүлж бүртгүүлсэн, эсэхээс үл хамааран сонгон шалгаруулах билээ.

Дашрамд хэлэхэд, эхний ээлжинд Баянзүрх дүүргийн XX хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороо Тариан булгийн I хэсэг, Багахангай дүүргийн II хороо Бор-Үзүүр гэсэн таван байршлын 1524 га газрыг нийслэлийн 14954 иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэн эдгээр газруудад иргэдээс өргөдлийг нь хүлээн авч байгаа билээ.

Т.ГЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бороотой наадам

Өвөрхангай аймгийн Хужирт сум өнгөрөгч сарын дундуур үүсгэн байгуулагдсаны түүхэн ойгоо тэмдэглэв. Ус нутагтаа төрсөн уугуул, суугуул иргэд нь цуглараад дэлгэр сайхан л наадлаа. 80 жилийн ойгоо угтаж, жил гаруйн өмнөөс их ажил өрнүүлэн, хүн зоноороо л хөдөлжээ. Суманд байх албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудаа дайчлан сарын өмнөөс нээлтийн хөтөлбөрөө “өдөр, шөнөгүй” бэлджээ. Гэтэл энэ бүхний эцэст наадам, ой болох хоёр өдөр нь усан бороо цутгаж өнжих нь тэр. Ер долдугаар сард тус суманд орсон “хоёр бороо” нь л тэр байсан болов уу. Наадам ч дууссан, бороо ч зогссон. 

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаанд оролцсон, барилдсан, харвасан, уралдсан хүмүүсээс гадна сонирхохоор ирсэн наадамчин олны тусгайлан хийлгэсэн ганган дээл ингэж “дашиншог” боллоо. Тэднийг наадмын гоё сайхныг мэдрэхгүй, тэгсхийгээд гэр гэр рүүгээ харихаар яаравчлахад “Бороогүйсэн бол мөн чиг сайхан наадам аа” гэх үгс л наадмын талбайд үлдэж байв.

Уг нь тус сумын ойг тэмдэглэх товыг наадам болохоос 20 хүрэхгүй хоногийн өмнө баталсан. Өнөө үед Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээллийг сарын өмнөөс л гаргачихдаг болсон. Тиймээс олон хүний, сар, өдрөөр бодож, хүлээж, төлөвлөж, зорьж ирсэн наадмыг нь цаг агаарын таатай нөхцөлд хийчихэж болох байсан. Ядах юмгүй, интернэтээс харахад л болох байв.

Тиймээс цаашдаа зөвхөн тус сум гэлтгүй бусад аймаг, сумдын удирдлагууд наадмынхаа товыг гаргахдаа үүнийг бодолцоход илүүдэхгүй санагдана.

Т.ГЭРЭЛ

Categories
мэдээ

Өнөөдөр шар бич өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 05. Ангараг гариг. Билгийн тооллын 9. Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн наран 05.40 цагт мандаж 20.18 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Богино хугацаагаар дуг хийх нь эрүүл мэндэд тустай

Өдөрт тогтмол 7-8 цаг унтах нь эрүүл амьдралын үндэс. Гэхдээ нас ахих тусам бага унтах нь ахимаг, өндөр настангуудад тустай гэнэ. Энэ нь ахмадуудын ой санамж зүрх судасны үйл ажиллагаа зэрэгт их унтах нь сөргөөр нөлөөлдөг байна. Тэдгээрээс заримыг дурдъя:

Олон цагаар унтах нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж бие махбодийг идэвхигүй болгодог. Тиймээс олон цагаар нозоорч унтахын оронд өдөрт хэдэн удаа богино хугацаагаар дугхийх нь эрүүл мэндэд тустай. Бага нойртой байх нь тийм ч муу биш гэнэ. Гол нь тогтмол цагт нойртой хонох нь чухал. Сайн унтах амрахын тулд нойрсохоос 4-6 цагийн өмнө кофе, халуун ногоо согтууруулах ундаа, эм тан зэргээс зайлсхий. Оронд орохын өмнө дасгал гимнастик бүү хий. Аль болох дуу чимээ багатай тайван орчин нойронд эерэгээр нөлөөлнө. Ядарч туйлдсан буюу зүүрмэглэсэн үед нойроо сэргээх гэж хүчлэх хэрэггүй. Үд дунд ч бай хэдхэн минут дугхийхэд л тархины үйл ажиллагаа сэргэнэ.

М.Эрдэнэ

Categories
мэдээ улс-төр

“Эзэн 100” хөтөлбөрийг энэ сарын 20-нд дүгнэнэ гэв

Тавдугаар сарын 8-нд Засгийн газраас баталсан “Эзэн-100” хөтөлбөрийн хугацаа энэ сарын 18-нд дуусах аж. Уг хөтөлбөрийг УИХ-аар баталсны дараа УИХ дахь МАН-ын бүлгээс “Эзэн-100”-г Ардын намынхан “Ард-100”-гаар хянах болно хэмээн мэдэгдэж байсан юм. Тус намын холбогдох албан тушаалтнуудын өгч байгаа тайлбараар “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнг наймдугаар сарын 20-нд дүгнэнэ гэсэн хүлээлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Шөнийн тээврийн автобусанд шалгалт хийжээ

Нийслэлийн Тээврийн газрын даргын баталсан хуваарийн дагуу тус газрын хяналт шалгалт, шуурхай зохицуулалтын хэлтсийн улсын шөнийн тээврийн үйлчилгээний автобус болон такси үйлчилгээнд шалгалт хийлээ.

Шалгалтын бүрэлдэхүүнд Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн албан хаагчид, “С1” телевизийн сурвалжлах групп оролцжээ. Шалгалтад нийт 44 тээврийн хэрэгсэл шалгаснаас гэрээ хэлцэлгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн бага оврын 2 автобус, такси үйлчилгээ эрхэлсэн 2 суудлын авто машиныг, түр саатуулах байранд саатуулж, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй зорчигч тээвэрлэсэн 2, хууль бус тээвэр эрхэлсэн 5 жолооч, зогсоолын байрлал буруу эзэлсэн 2 жолоочид асуудлыг шийдвэрлэхээр бичиг баримтыг хураан авсан байна.

Мөн нийтийн тээврийн шөнийн үйлчилгээний шалгалт хийж зөрчлийг таниулан, зорчигчийн ая тухтай зорчих нөхцлийг хангах талаар мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгч ажилжээ.

Э.Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

Өнөөдөр Барак Обама 53 насны төрсөн өдрөө тэмдэглэнэ

Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 53 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Хусейн Обама 1961 оны наймдугаар сарын 4 нд Хавай мужийн Хонолулуд төржээ.

Өнгөрсөн жилийн төрсөн өдрөө тэрбээр тийм ч өргөн дэлгэр тэмдэглээгүй бөгөөд хэсэг найзуудын хамт Camp David-д очиж гольф тоглож өнгөрүүлж байсан. Харин энэ жил хэрхэн тэмдэглэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дашрамд сонирхуулахад Кенийн жирийн нэгэн ямаачин Барак Хуссейны хүү Обама амжилтын түүх түүний эцэгтэй салшгүй холбоотой гэж тэрбээр үргэлж хэлдэг юм. Тэрээр энэ тухайгаа “Ааваас минь өвлөсөн мөрөөдөл” номондоо дурдсан байдаг.

Барак Обама “Хэрэв аав минь хувь тавилантайгаа эвлэрч, ямаагаа хариулаад явсан бол би хорвоод мэндлэх байсан уу. Аав минь Хавайд ирээгүй байсан бол ээжтэй минь учрах байсан болов уу гэж би өөрөөсөө асуудаг байлаа. Энэ асуултыг өөрөөсөө асуух бүртээ аавдаа баярладаг” хэмээн ярьсан байдаг.

Гэхдээ тэрээр өөрийгөө ямаачин, малчны хүү гэдгээ хаана ч ярьж, ааваараа үргэлж бахархдагаа илэрхийлдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгана

Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах оновчтой арга, төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар боллоо.

Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалт долдугаар сарын 29-өөс наймдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулав.

Энэхүү сургалтыг Гаалийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, УБТЗ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж оролцлоо.

Бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх, худалдааг хөнгөвчлөх явцад гарч байгаа хүндрэл шалтгааныг судлах, шийдвэрлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй “Цаг Хугацааны Судалгаа”-г Монголын гаалийн байгууллага болон сургалтанд оролцсон дээрх байгууллагууд хамтран зохион байгуулахаар  төлөвлөж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд эхний шатанд судалгаа хийх ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийх ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. 

Сургалтад оролцогсод гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” талаар арга зүйн мэдлэг, чадвар олж авах бөгөөд цаашид “Цаг хугацааны судалгаа”-г хийх чадамжтай болж, судалгааг үндэсний хэмжээнд хийх, гарах үр дүнд тулгуурлан гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах оновчтой арга, төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Сэнжтэй, сэнжгүй уут тараагдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараахаар болсон.

    Нийслэлээс энэ есдүгээр сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хогны уутанд нийт 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Хогны уут тараах ажил энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж зарим иргэний зүгээс дэмий зүйлд мөнгө зарлаа гэх эсэргүүцэлтэй тулгарч зогсоход хүрсэн. Улмаар НЗДТ-ын ажлын хэсэг байгуулагдан иргэдээс санал хураахад 60 гаруй хувь нь дэмжиж энэхүү ажлыг үргэлжлүүлж, ирэх сарын 1-ээс эхлэн хогны уут тараахаар болжээ.

Мөн иргэдээс ирсэн саналын дагуу сэнжтэй болон сэнжгүйг үйлдвэрлэж байгаа аж. Нийт 15ш уутыг гэр хорооллынхонд 50х75 хэмжээтэйг, орон сууцныханд 45х65 хэмжээтэйг сард нэг удаа тараах гэнэ. Гэр хорооллын болон орон сууцны нэг өрхөөс гарах хогны хэмжээнээс хамаарч хэмжээний хувьд өөр өөр байгаа гэнэ. Нэг ширхэг уутны үнэ 95-100 төгрөгийн өртөгтэй гэнэ. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа аж.   

Өмнө нь хэсгийн ахлагч хогны уутыг тараадаг байсан бол есдүгээр сараас эхлэн өрх бүрт талон тараагдана. Хогийн уут авах газрыг харъяалагдах хорооноос хуваарилж өгөх ба олны хөл хөдөлгөөн ихтэй байршил буюу үйлчилгээний газар эсвэл  гэр хороолол дахь ус түгээх газраас хогийн уутаа тухайн талоноор авах гэнэ. Нийслэлээс энэ есдүгээр сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хогны уутанд нийт 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Хог хаядлын хураамжийн болон хогны уутанд зарцуулах мөнгийг хүүхдийн эмнэлэг, сургууль барихад зарцуулах хэрэгтэй хэмээн зарим иргэд шүүмжилдэг. Гэтэл хог хаягдлын тухай хуулийн 20-р зүйлд хогны хураамжийг зөвхөн хог тээвэрлэх, устгах, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих, мэдээлэл, сургалт, сурталчилгаанд л зарцуулна хэмээн заасан байдаг. Тиймээс хуулиараа бол энэхүү хөрөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Баярмаа хэлсэн юм.