Шашин, соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, дотоод, гадаадын иргэдэд хотоос холгүй эрүүл орчинд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой үзвэр үйлчилгээний томоохон цогцолборын ажлыг Төв аймгийн Сэргэлэн сумын, Өгөөмөрийн аман дахь Зүрх толгойд эхлүүлээд буй.
Энэ нь “Их Майдар” төслийн хүрээнд бүтээн босгож буй Майдар бурхны хөшөө болон Майдар эко хот юм.
Уг цогцолбор болон хот нь 110 мянга гаруй га газрыг хамрах бөгөөд төслийн эхний шатанд 54 м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидсын суварга босгох аж.
Тэгвэл II Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан түүний болон Ламын гэгээн, Манзушир хутагтын өргөөний шавыг өчигдөр энэ цогцолборт тавив.
Энэхүү үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Д.Чойжамц, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов, ССАЖЯ, Төв аймгийн ЗДТГ болон Жавзандамба хутагт төвийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр Хүрээ цамын бүжиг, хурдан дааганы уралдаан, Төв аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн болов.
Хамба Д.Чойжамц “Энэ бол чухал үйл явдал. 1990-ээд оны үед хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод жижиг байшингууд барьж байсан бол өнөөдөр хаана ч байхгүй томоохон цогцолбор барьж байна. Хөгжилтэй олонх улсад сүсэгтэн олныг сүсэг бишрэлээр хангах ариун газар байгуулж, үүнд нь төр засаг, сүсэгтэн олон тусалдаг. Үүнд нь өдөрт давхардсан тоогоор дотоод, гадаадын 2.5 сая хүн очдог гэдэг юм билээ. Энэ цогцолбор ч гэсэн тийм болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Майдар бурхан бол Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай.
Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог.
Энэ цогцолборт “амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йорк хотод байрлах Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр гэдгээрээ Азидаа болон дэлхийн уран байгууламжийн нэгд бүртгэгдэх аж.
Одоогоор Их Майдар бурханы бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидасын суваргын ажил 10 хувьтай байгаа бөгөөд 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь 2016 онд ашиглалтад орох юм байна.
ЭКО БУЮУ БОГИНО ЗАМЫН ХОТ
Дэлхийн зарим улсад эко хот бий. Тэгвэл манай улс ч хэдэн жилийн дараа ийм хоттой болно. Их майдар бурхны хөшөө болон түүнийг хүрээлэн бий болох соёл урлагийн цогцолбор нь хотын шинэ төв болох аж.
Үүний дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж буй. Тэдний төлөвлөснөөр ийм хот байгуулахын тулд дөрвөн үе шаттай ажил хийх юм байна. Бид эко гэхээр зүлэг, мод, цэцэгс, цэвэр агаарыг хамгийн түрүүнд төсөөлдөг. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт аж.
Ажил, гэр, үзвэр үйлчилгээ, өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд аль болох хол явалгүйгээр хүрэх боломжтой газрыг богинын замын буюу эко хот хэмээн нэрийддэг аж. Ийм хотыг бий болгосноор эрчим хүчээ хэмнэх, замын түгжрэл багасах гээд олон талын ач холбогдолтой юм байна. Тухайлбал, Герман улсад ийм эко хот бараг байхгүй гэнэ.
Харин эко хороолол олон бий. Тэр ч байтугай Азид дэлхийн жишигт нийцсэн ийм хот байхгүй гэдгийг “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч Штефан Шмитц хэлсэн.
Түүнчлэн манай урд хөршид ийм хот олон байдаг ч жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадаагүй байдаг аж.
Тэгэхээр манайх дэлхий жишигт нийцсэн хоттой болно гэсэн үг. Харин энэ хот 110 гаруй мянган га талбайг хамарч байгаа бөгөөд 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ.