Categories
мэдээ нийгэм

Хятадтай хийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна

БНХАУ-тай ирэх сард хийн төсөл болон хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар манай улс төлөвлөж байна. Ингэснээр дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог БНХАУ нь Монголын эрчим хүчний нийлүүлэлтийг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд туслах боломж бүрдэх юм.

 Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээр нь дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичигт н Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Хятадын “Sinopec” газрын тос-химийн корпорацийн захирал Фу Ченгю нар өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд гарын үсэг зурсан билээ.

Монгол Улсын Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Хүрэн нүүрсийг гүн боловсруулж, шатах хий гарган авах хоёр үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнийх нь 95 хувийг БНХАУ руу хийн хоолойгоор нийлүүлнэ. Тодруулбал, 2019 оноос Монгол Улсад шатах хий үйлдвэрлэж эхэлнэ” гэж мэдэгдсэн юм.

Ирэх наймдугаар сард Хятад улсын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр “Sinopec” групптэй урьдчилсан гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат Токио хотноо ярилцлага өгөхдөө мөн хэлсэн.

Гэхдээ үнэ өртөг, хэмжээ, үйлдвэрүүдэд шаардлагатай нүүрсийг хэн олборлох зэрэг асуудлаар хараахан зөвшилцөлд хүрээгүй байгаа ажээ.

Өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд гадаад улсуудаас хий аван, нөөцөлж буй Хятад улсад байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум долларын гэрээг өнгөрсөн тавдугаар сард ОХУ байгуулсан билээ. Хятадтай хийн гэрээ байгуулах дараагийн улс нь Монгол болох гэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Цонжин болдогт үндэсний хувцасны загварын шоу болно

Монголын 20  орчим ястан  угсаа гарал, нас хүйс, уур амьсгал, өмсөх зориулалт, зэрэг дэвээсээ шалтгаалан 400 орчим төрлийн дээл хувцас өмсгөл хэрэглэдэг гэнэ. Уран нарийн хийцээрээ гайхагдаж ирсэн монгол хувцасны шоу энэ баасан гаригт болох юм байна. Ур ухаан, хийсвэр сэтгэлгээний загваруудыг гайхуулах “Nomadic fashion show”-г “Женко тур бюро” компани Соёл спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр  зохион байгуулахаар болжээ. Чингэс хааны морьт хөшөөт  цогцолборын гадна талбайд болох энэ шоунд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, дуучин С.Наран, Морин хуурын чуулга зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх аж. Шоуны VIP тасалбар нь 180000, энгийн тасалбар нь 80000 төгрөг гэж зохион байгуулагчид нь өчигдөр мэдээлэв. Тасалбарын үнэд автобус үйлчилгээ, уух зүйл багтах аж.

Б.ГАНЧӨДӨР

Categories
мэдээ нийгэм

Сумочид буяны үйл хийж байна

Өнгөрдөг нагояа башёд 30 дахь түрүүгээ авч сумо бөхийн түүхэн амжилтад ойртон ирж байгаа Хакухо аварга тэргүүтэй сумочид өдгөө эх орондоо амарч байгаа билээ.  Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал амралтын үеэрээ Гачуурт дахь “Бадамлянхуа” асрамжийн төвд зочилж,  тус төвийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан, хандив өргөжээ.

 Мөн сумоч Токитэнкү А.Хүчитбаатар төрөлх нутаг Төв аймгийн Алтанбулаг сумынхаа наадамд хүрэлцэн очсон бөгөөд нутгийнхаа настан буурал, хөгшчүүлд хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулжээ. Өнгөрсөн жил А.Хүчитбаатар Төв аймгийн 90 жилийн ойгоор нутагтаа бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин хоёрыг бэлэглэсэн нь хөдөөгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан сайхан ажил болсон юм.

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх хамтарсан комиссын хоёрдугаар хуралдаан болж байна

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр”-ийг баталж гарын үсэг зурсан.

Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журамын дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Үндэсний ойн түймэртэй тэмцэх газар болон Ойн улсын хороо хамтран 2012 оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод “Хил орчмын бүсийн ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан комиссын анхдугаар уулзалт”-ыг зохион байгуулсан.

Хоёр Улсын хамтарсан комиссын анхдугаар уулзалтаар хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, түймрийн давтамж, тоо хохирлыг бууруулах, хил орчмын бүс нутгийн ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах үүрэг бүхий Онцгой байдлын байгууллага болон мэргэжлийн албадын түймэр унтраах техник, багаж хэрэгслийг сайжруулах, чадавхийг нэмэгүүлэх зорилгоор хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, ач холбогдол, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, зөвшилцөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2 дугаар уулзалтыг 2014 оны 08 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэхүү хоёрдугаар уулзалтанд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Гал унтраах хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Ц.Нямбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга, онцгой байдлын ахмад С.Баасансүрэн,  БНХАУ-тай хил залгаа Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар, БНХАУ-аас Ойн улсын хорооны орлогч дарга ноён Жан Зень Лунг, Олон улсын харилцааны газрын дэд захирал хатагтай Жан Хун Янь, ӨМӨЗО-ны Ойн албаны дарга ноён Хө Цень Жүн зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Хуралдаанаар ой, хээрийн түймэр гарсан талаарх мэдээ, мэдээлэл дамжуулах, шинэ техник, багаж хэрэгслийг нэвтрүүлэх, ой, хээрийн түймэр унтраах, дадлага, сургууль”-ийг жил бүр хамтран зохион байгуулах, хил залгаа бүс нутгийн Мэргэжлийн байгууллагын ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах чадавхийг бэхжүүлэх зорилгоор талууд гал унтраах техник, багаж хэрэгслийн тусламж үзүүлэх, ой, хээрийн түймрийн мэдээ, мэдээллийг утас, факс, болон цахим хэлбэрээр дамжуулан шуурхай солилцох, тэдгээрийг  ашиглах, ажиллах сургалт зохион байгуулах, түймрийг унтраах ажиллагаанд оролцож буй алба хаагч, иргэдийг шаардлагатай тохиолдолд хялбаршуулсан журмаар Улсын хил нэвтрүүлэх дадлага, сургуулийг зохион байгуулах талаар тус тус санал солилцож хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурна.

Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр (II)

Ч.Баярсайханы 8*8 харьцаатай хоёр давхар байшингийн суурь л үлджээ

Эрдэмтдийн томъёолдгоор орон нутгийн шинжтэй хар салхи буюу Хашаат сумын Номгон багийн нутагт болсон байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл 17 км үргэлжилж замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Хоёр талаасаа уулсаар хашигдсан энэ хөндийд юу болсон нь бэлхнээ харагдана. Хөөврийн араас Бага Номгон уулын өвөр бараг Элсэн тасархай хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн мөр үлджээ. Эл мөр ихэнхдээ 200 орчим зарим хэсэгтээ 10 метр хүртэл нарийсч газрын хөрсийг эргүүлж ундуй, сундуй болгож орхисон байна. Хэдэн ч буурь харлан харагдах нь Номгон багийн малчин Ч.Баярсайхан, Доржсүрэн, Гэрлээгийнхэн хол саахалтын зайд зусч байсных. Онгойн харлах бууринаас харалдаа хэд хэдэн хот айл харагдах агаад зарим нь шинэ гэр дөнгөж босгоод буй бололтой. Алсаас харахад олон хүн бужигнаж гамшигт нэрвэгдсэн нэгэндээ нутгийн олон дэм болохоор цугласан байв. 

Гамшигт хамгийн ихээр өртсөн нь Ч.Баярсайханых бөгөөд хар салхины цөм буюу төвийн хуйлраа энэ хот айлыг дайрч өнгөрсөн байгаа юм. Эднийх 8х8 хэмжээтэй хоёр давхар дүнзэн байшинтай байснаас цементэн суурь л үлджээ. Тэрчлэн энэ айлд амарч явсан нэг хүний амь эрсдэж, гурван ч машиныг дахин ашиглах боломжгүй болсон нь Ч.Баярсайханы гаднаас 300, 500 метрийн зайд шидэгдсэн тэр хэвээрээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт айл, саахалтын Ч.Наранбат, Н.Дашзэвэг, н.Жанлав, Д.Даваалхагва, Төгсжаргал тэргүүтэй хүмүүс ирж гэрийг нь барьж өглөө. Булган аймгийн Рашаант сумаас ч хамаатан садангийнх нь хүмүүс ирж байгалийн гамшгийн үеэр тарж бий болсон хогийг хамж устгахыг нь устгаж дахин хэрэглэх боломжтойг нь ялган авч байсан.    

Энд цугласан олон болсон үйл явдлыг саахалтын зайнаас харж байжээ. Хар салхи босохоос өмнөхөн том ширхэгтэй мөндөр хоромхон зуурт хаялж байснаа Ч.Баярсайханы гэрийн чанх баруун зүгт хоёр км зайд том хуйлраа үүсч тэнгэр баганадсан гэнэ. Харин Ч.Баярсайханыд Булган аймгийн Рашаант сумаас 17 цагийн орчимд н.Авирмэндийн гэр бүлийнхэн амрахаар ирж идээ будаа, цай цүй болон дөнгөж хонь хагалаад үймцгээж байж. Тэгтэл гэнэт байшингийнх нь дээр, тэнгэрт ч юм шиг үхэр мөөрөлдөөд явчихаж. Гадуур байсан хүмүүс “шороон шуурга” гэсээр гүйн орж ирцгээжээ. Тэнгэрт үхэр мөөрөлдөх чимээ сонсогдсон нь тухайн хот айлаас баруун зүгт нэг км орчим зайд идээшиж байсан үхэр сүрэг нэрвэгдэн хийсч ирснийх байсныг хүмүүс гамшиг өнгөрсний дараа ойлгоцгоосон гэж байлаа.

“Шороон шуурга” эхэлж байгааг мэдсэн гэрийн эзэн хоёр давхартаа гарч цонхоо хаагаад буцаж гүйсэн байна. Тэгээд хэсэг хугацааны дараа мориныхоо уяаны хажууд ухаан оржээ. Хоёр давхар байшинд нийт 10 орчим хүн байсан бөгөөд тэдний дунд найман настай хүүгээс 93 настай буурал байж. Зочилж ирээд байсан Авирмэнд ч байшингийн нэг давхарт байсан хэрнээ мөн л 10 орчим метр хол шидэгдсэн байдалтайгаар сэрсэн гэнэ. 

Нутгийн олон гамшгийн дараа 

Хөвсгөл аймагт амраад буцаж явсан гэр бүлийн хоёр салхи босохын өмнөхөн худаг дээр адуу усалж, ус аваад гэр рүү хөдөлсөн байгаа юм. Худаг дээрээс дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн хоёр км-ийн цаана салхи босохыг хараад “Маяти” машины хурдаар гэрийн зүг тэмүүлсэн аж. Хэдийгээр худгаас гэр хүртэл 300 хүрэхгүй шахам метрийн зайтай байсан ч тэд хоёр км-ийн цаана үүссэн салхинаас түрүүлж хүрч чадсангүй. Гэрийн гадаа давхин ирэхэд хүчтэй салхи, шороон шуурга нөмрөн авчээ. Жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй буюу эхнэр нь бууж, байшинд гүйн орж амжсан ч нөхөр Ц нь машинаасаа ч бууж амжилгүй хийсэн оджээ. Нөхрөө машинтай хийссэнийг эхнэр нь тэр үед мэдээгүй бөгөөд хаалга онгойход арав орчим насны хүү хальт харсан бололтой юм. Энэ үед салхины хүч бага зэрэг зөөлөрчээ. Салхины хүч хэдхэн секунд намдсан бөгөөд хажуу талын амбаар аль хэдийнэ хийсэн алга болж дотор нь мах өлгөж байсан Рашаант сумын иргэн Авирмэндийн эхнэр тэр агшинд дүнзэн байшинд орж амжсан байна. Байшинд орохоор тэмүүлж байхдаа салхинд хийсч явсан чулуунд хөл нь цохигдож шагайгаараа эргэсэн байсныг хэзээ хойно мэдсэн гэнэ. 

Салхины хүч дахин ихсэхэд байшингийн дээвэр хууларч байгаа чимээ гараад араас нь байшингийн туурганд өрөгдсөн дүнз моднууд нурж, хоёр давхрын хэсэг цөмрөн унаж, цонхны шил шажигнан бутарч шуурганаас тусгаарлах зүйл үгүй болжээ. Тэрхэн мөчид нүдээ нээх нь бүү хэл амьсгаа ч авч чадахгүй байсан байна. Ийм байдалтайгаар бараг 20 минут тэмцэцгээжээ. Урт урт дүнзнүүд тэгнэлдэн унасан нь дотор байсан хүмүүс амьд үлдэх нөхцөл болсон байх гэлцэнэ. Ямартай ч дээрээс нуран унах дүнз, дээврийн хэсэгт цохиулалгүй завсар зайд нь хүмүүс эсэн мэнд үлдэцгээжээ. Байшинд байсан хүмүүсээс Ч.Баярсайхан, Авирмэнд нар л гадагш шидэгдэж бусад нь үлдсэн байна. Харин доторх эд хогшлоос юу ч үлдээгүй бөгөөд хоосон хоёр авдар л байрандаа байж. Тэр бүү хэл ханан пийшин нурж, дүүрэн устай ган савыг хүртэл гишгэсэн лааз шиг болгожээ. Байшингийн хананд өрөгдсөн дүнзний 10 гаруй нь үлдэж бусад нь хийсэн алга болсон байв. 

Хачирхалтай нь гэрийн гадуур байдаг өнчин хоёр хурга зүв зүгээр майлаад зогсч байсан бол хашаатай тугалны хоёр нь, гэрийн гадаа байсан гурван нохой мөн л таван км-ийн зайд шидэгдэн үхсэн байсан аж. Ингээд аюул өнгөрөхөд гэрийн эзэн Ч.Баярсайхан, Авирмэнд нар дүнзэнд дарагдсан хүмүүсийг татаж гаргасан бөгөөд ихэнх нь хөнгөн бэртэл авчээ. Энэ үед хол ойроос хүмүүс туслахаар ирсэн байна. Гэрийн эзний ээж 93 настай Жуугаа юу болсныг ч ухаарч төвдөлгүй уймран байсан бол “Маяти” машинаас бууж амжилгүй хийссэн Ц-г ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн аж. Эхнэр нь, туслахаар ирсэн иргэд, аюулд нэрвэгдсэн хүмүүсийн зарим нь гээд олон хүмүүс хайсны эцэст гэрээс 200 гаруй метрийн цаана амь эрсэдсэн байхыг нь олжээ. Талийгаачийн бүх хувцас нь урагдаж, тайлагдсан байсан бөгөөд биед нь ч тэр гэхийн тэмдэггүй олон бэртэл учирсан байж. Шороонд дарагдсан байсан тул онож очихгүй бол олоход тун бэрх байсан гэж хүмүүс ярьж байлаа.   

Ийнхүү нэг хэсэг нь дуудлага өгснөөр Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлгийнхэн хамгийн түрүүнд ирж тусламж үзүүлсэн байна. Тэд өөрийн харьяалал бүхий хүмүүсийг авч явсан бол Хашаат сум руу 93 настай Жуугаа хүргэгдсэн гэнэ. Сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг тухайн айлын орчимд ажиллахад “Маяти” машинаас рам төмөр, тэвш, бүхээгний багахан хэсэг, “Прадо” машинаас дөрвөн дугуй, мотор, кроп нь л үлдсэн байж. Харин талийгаачийн унаж ирсэн “Сивик” маркийн машин дээр гуалингууд дарж унасан учраас байрнаасаа хөдлөөгүй байсан байна. Хүмүүсийн ярьж байгаагаар “Прадо” машины нэг дугуй салхины эсрэг зүгт км гаруй хол шидэгдсэн байжээ. Шуурганд анх өртсөн үхэр сүрэг байсан газраасаа мөн л км шахам газарт буюу Ч.Баярсайханы гэрийн харалдаа байхыг нь үзэхэд толгойгүй, тал арьс нь хууларч унжсан, хутгаар сийчсэн мэт зүсэгдсэн гээд нүд хальтрам дүр төрхтэй байсныг өгүүлэх хүн олон байв. “Бүх үхрийн бие дэх яс нь бүгдээрээ хугарч үйрсэн бололтой дээр нь дараад үзэхэд туламлаж өвчсөн юм шиг байсан” гэдгийг тус багийн байгаль орчны байцаагч Төгсжаргал хүүрнэж байсан. Тэрээр “хоёр давхар байшингийн дүнзийг бүгдийг нь жиргэчихсэн юм шиг болгосон байна билээ. Салхины мөрөөр явбал баахан модыг газарт гүн гэгч нь шаагаад орхичихсон байхтай таарна. Айхтар хүчтэй байж” гэдгийг ч өгүүлж байсан.  

Михайл буюу Дашзэвэгийн өгүүлснээр хар салхины төвийн хуйлраа задгай газарт гарангуутаа эрчлэн улам хурдалж байсан бол айл хийгээд мал дээр очсон даруйдаа тэр хавьдаа хургаж хэсэг тогтож байжээ. Тэгээд тухайн объект буюу байшин, мал сүрэг юу ч үгүй болтол салхинд хийсч дуусангуут дахин хүчээ авч байсан гэнэ.

Ч.Баярсайханы хот айлыг түйвээсэн хар салхи “заан” Гантөмөр, Д.Доржсүрэн, Гэрлээ, Чадраабалын гэрийг нурааж, Б.Батжаргалын 100 гаруй бог, өөр хоёр ч айлын 60 гаруй адууг авч оджээ.

Ч.Баярсайханы хот айлыг ийн хар салхинд өртөж байхыг “заан” Гантөмөр хараад гэр бүлийнхнээ авч явахаар зэхэж эхэлсэн аж. Тэднийг гэрийнхээ гаднаас хөдөлж амжаагүй шахам байхад зуны байшин нь бараг арваад метрт хөөрч байснаа бутран унажээ. Үүнээс өмнөхөн харахад шуурганы төвөөс том эд зүйлс хүчтэй шидэгдэн гарч байсан аж.  Тиймээс гэрийн эзэд салхинаас зугтан хэсэг давхиж байгаад эргэн харахад мөн л гэр нь ор мөргүй алга болсон байжээ. 

Үргэлжлэл бий. 

Л.МӨНХТӨР   

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цахим ертөнцөөс цус амтагдах боллоо

Цахим сайтад тавигдсан бичлэгүүдийг анзаараад байх нь ээ, нэлэнхүйдээ цусны эхүүн үнэр ханхлах шиг. Өөрийн эрхгүй бие арзасгээд л явчих юм. Хэн нэгийгээ барьж идэх нь холгүй улайран дайрч байгаа дунд сургуулийн охидын зодоон, PC тоглоомондоо донтсон хүүхдүүдийн буудалцаан, хот, хөдөөгийн замд гарсан аваар осол,архидалтаас үүдсэн гэмт хэргүүд. Бүгд л сайтад эгнээ байраа эзлэн тавигдах ажээ. Нийгмийн шаар бүгдийг олонд дэлгэж буй цахим сайтуудын буруу гэж юу байхав. Ерөөс манай нийгэм цаг үеийн өнөөгийн өнгө төрх ийм болсон байна. Нэг л цус амтагдсан, түүний үнэр шиг огиудас хүргэмээр хорон санаа юухан хээхнээс ч болов цухалзах болсон нь аймаар.

Тэгтэл нийгмийн энэ бараан сэтгэлзүйг улам дэврээж, өөгшүүлж байгаа юм шиг алдар цуутай хүмүүсийн “цустай” бичлэгүүд цахим ертөнцөөр “аялах” болов. Та бүхэн санаж байгаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын адууны засаа цусыг нь савируулаад бахархалтайгаар идэж байгаа бичлэг интэрнэтэд тавигдаж баахан шуугиан дэгдээсэн. Цагаанбаатар бол Монголын брэнд тамирчин. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, бусдад үлгэр дууриал болох нэгэн. Гэвч тэрээр адууны засааг түүхийгээр нь идэж гайхуулсан нь  ямар сэтгэгдэл төрүүлэх билээ. Юмны наад цаад учир ойлгодог, өөрийн гэх үзэл бодол, итгэл үнэмшилтэй хүмүүст тэр нэртэй тамирчин бус, нэг тийм “махчин” шиг л санагдана. 

Саяхан Асашёорюү Дагвадорж аваргын яст мэлхийний цус ууж байгаа бичлэг  мөн л интернэтээр цацагдлаа. Мэлхийний цус биеийнх нь эд эрхтэнд сайнаар нөлөөлдөг, бяр тэнхээ тамир суулгадаг ч юм уу, мэдээж сайн болоод уусан байгаа байх л даа. Гэвч түүнийгээ баримтжуулаад дэлхий нийтэд цацахын хэрэг байна уу. Наад зах нь монголчуудыг гадныхан юу гэж ойлгох вэ.

Н.ГАНТУЛГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы шинэ дугаар танд хүрч байна

Монгол Улсад болон дэлхий дахинд болсон үйл явдлаар дүүрэн байдаг “Өдрийн сонин”-ы цоо шинэхэн дугаар танд хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрээс та Архангай аймгийн Хашаат суманд болсон хар салхины үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилсан тэмдэглэлийн үргэлжлэлийг унших боломжтой билээ. Тухайн үед ямар аймшигт дүр зураг бий болсон талаарх гэрэл зургуудыг ч та эндээс харж болно. 

Түүнчлэн жил бүрийн есдүгээр сард олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Дисковер монголиа”-д өнөө жил нэг ч хөрөнгө оруулагч оролцох хүсэлтээ ирүүлээгүй талаар Уул уурхайн үндэсний ассиоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай хийсэн ярилцлагыг уншаарай. 

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг эргэн сануулах нэгэн сонирхолтой ярилцлагыг бид өнөөдрийн дугаартаа нийтэллээ. Тодруулбал, энэ жилийн наадмаар тав давж, Монгол Улсын начны болзол хангасан Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, “Алдар” спорт хорооны бөх Л.Лха-Очирын барилдаануудынхаа талаар ярьсан дэлгэрэнгүй ярилцлага танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн үйл явдлыг хүргэдэг хоёрдугаар нүүрээс та УИХ-ын гишүүн Г.Уянгын ярилцлага болон үйл явдлын бусад мэдээ, сурвалжлагыг тольдоорой.

Баримт, үйл явдлын талаарх нийтлэлийг хүргэдэг гуравдугаар нүүртээ нэрт нийтлэлч Б.Баабарын “Шашныг өмөөрөхүй III”-ийг хүргэж байна. 

Гэмт хэрэг, үйл явдлын талаарх хүргэдэг долдугаар нүүртээ “Олон улсын хуулийн байгууллагын нэрийг барьж интернэтээр залилан хийжээ” хэмээх эрэн сурвалжилсан сурвалжлагаа нийтэллээ. Уг сурвалжлагаас та монголчууд сүүлийн үед цахим ертөнцийн хохирогч болох нь олонтаа тохиолдож байгаа талаар уншиж болох юм. 

Уламжлал ёсоор бид есдүгээр нүүртээ гадаад ертөнцөд болж буй сонин содон үйл явдлын талаар цаг алдалгүй хүргэснийг эрхэм уншигч та үзээрэй. 

Өчигдөр буюу энэ сарын 5-нд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн зарим тамирчдаа хүлээн авч уулзсан билээ. Тэдний нэг бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа байсан юм. Өнгөрөгч зургадугаар сард Германы Мьюнхен, Словен улсын Марибор хотноо болсон тэмцээнүүдэд тус тус амжилттай оролцсон түүний сүүлийн үеийн амжилтуудын талаарх сонирхолтой ярилцлагыг энэ удаагийн дугаартаа мөн нийтэллээ. 

Categories
мэдээ

Өнөөдөр шарагчин тахиа өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 06. Буд гариг. Билгийн тооллын 10. Долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 05.42 цагт мандаж 20.17 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улай гаргах, хиншүү хярвас гаргахад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Categories
гадаад мэдээ

2015 онд эболагийн эсрэг вакцин гаргаж авна

Америкийн үндэсний харшил болон халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал, нэрт иммунолог судлаач Энтони Фауч нэгэн мэдэгдэл хийлээ. Сүүлийн үед дэлхий нийтийг нэлээд сандаргаад байгаа эбола вирусын улмаас 887 хүн амь насаа алдаад байгаа. Харин Энтони Фаучийн ярьснаар ирэх 2015 он гэхэд уг өвчний эсрэг вакцин гаргаж авах гэнэ. Мэргэжилтнүүдийн энэ чиглэлээр аль хэдийнээс ажиллаж эхэлсэн бөгөөд туршилт амижлттай болсон байна. 

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Г.Бадамрагчаа АТГ-ыг ажлаа хийхгүй байна гэв

Кино найруулагч  Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар гартаа авахыг оролдсон гэх үндэслэлээр 2012 оноос эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээр хэргийг нь цагаатгасан билээ. Энэ хугацаанд түүнийг хорих 461 дүгээр ангид гурван сар хорисон байдаг. Өөрийн хоригдсон талаар болон Авлигатай тэмцэх газарт хандсан талаараа найруулагч Г.Бадамрагчаа өчигдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Улсын прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандан “Ямар хүмүүс намайг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан. Гэмт буруутай хүмүүсийг нь шалган тогтоон хариуцлага тооцож өгөөч ээ” гэсэн хүсэлт явуулжээ. Хүсэлтийн дагуу Ерөнхий прокурорын газраас гурав хоногийн дараа “Энэ бол Нийслэлийн прокурорын газартай хамааралтай асуудал байна. Нийслэлийн прокурор хариугаа өгөх бол уу” гэсэн утгатай хариу өгсөн байна.  Мөн АТГ-аас түүнийг дуудан нэг удаа мэдүүлэг авсан бөгөөд  дахин хариу ирүүлээгүй аж. 

 Гэтэл саяхан орон нутгаар кино зураг авалтын ажлаар яваад иртэл түүнийг хэлмэгдүүлээд явж байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар гэдэг хүн цахим хуудсаар өөрийгөө хэлмэгдсэн талаар нийтэлсэн байжээ. 

 Г.Бадамрагчаа хэвлэлийн хурлын үеэр “Энэ хэргийг шүүхээр гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж тогтоогоод хэрэгсэхгүй болгочихоод байхад Д.Цогтбаатар олон нийтийн цахим сүлжээ ашиглан “Үндэслэлтэй байсан, Монголын төрийг би  аварсан байхад намайг хэлмэгдүүллээ” хэмээн бичсэн байна. Тиймээс би  АТГ-ыг ажлаа хийж, энэ хэргийг дахин шалгахыг шаардаж байна” гэсэн юм. Мөн цааш нь “Шүүх намайг буруугүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон ч эргээд Д.Цогтбаатарыг гүтгэсэн хэрэгт унах юм шиг байна.  Сүхбаатар дүүргийн цагдаагаас намайг дуудаж  Д.Цогтбаатар гэдэг хүнийг гүтгэсэн гэж мэдүүлэг авсан” гэв. 

 Э.Номин