Categories
гадаад мэдээ

В.Путин хүнсний хориг бичигт гарын үсэг зуржээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсад авсан эдийн засгийн хориг арга хэмжээний зарлигт гарын үсэг зуржээ. Тухайлбал,  Украины зүүн хязгаарт болж буй зөрчил мөргөлдөөн, Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны осолд Оросыг буруутгаж “Их 7” бүлэглэл, Европын холбоо болон АНУ, Их Британи, Герман улсууд эдийн засаг, газрын тосны салбар болон визний хориг тавьсан юм. Мөн Европын орнуудад данстай Орос компаниудын дансыг царцаасан билээ. Эдгээр хориг арга хэмжээнээс улбаалан Ерөнхийлөгч  В.Путин Украин, АНУ, Их Британи, Герман, Канад, Австрали орнуудаас хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд импортлохыг хориглосон гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Путин өчигдөр Засгийн газрын хуралдааныг зарлаж дотоодын бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьж, иргэдэд дарамт учруулахгүй байхыг сануулсан байна. Тэрбээр энэхүү ажлыг Ерөнхий сайд Дмитрий Медеведевт даалгасан тухай “Орт 1” телевиз мэдээлэв. Тус хүнсний хориг 2014 оны наймдугаар сарын 6-наас 2015 оны наймдугаар сарын зургаан хүртэл нэг жилийн турш хүчинтэй байх аж. Харин АНУ-ын Засаг захиргаа энэхүү хоригийн асуудлаар маргааш шуурхай хуралдаан зохион байгуулахаар болжээ. 

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн байгаа хорихын дэд даргыг ажлаас нь халжээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн Урьдчилсан хорих төвд зөвшөөрөлгүйгээр зочилсон гэх мэдээлэл олны анхааралд байсан. Энэ мэдээллийг АТГ-ынхан олонд ил болгосон юм. Тус газрынхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ энэ талаарх бичлэгийг цацсан билээ. Үүний дараахан ШШГЕГ-ын дарга С.Баяндалайгийн тушаалаар  Төв аймгийн Урьдчилан хорих төвийн дэд дарга Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг”-аас 13.6 сая төгрөг олжээ

 “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны 6 дугаар сарын 22-29-нд болсон олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам батлаад буй. Энэ журам 6 сарын 1-нээс 7 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчлэхээр байж.  Энэ хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээ бүхий барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 

“Алтанбулаг” боомт энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжсэн, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилж байгаа зэргийг харгалзан тус бүсэд зорчигч, бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмын хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал тавьжээ.Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түр журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын ээлжит чуулган болж байна

“Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа”  сэдвийн дор Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулганд  Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд саяхан НҮБ–ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын Вант Улс болон АНДЭЗНК–т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ч.Баттөмөр нар ажиллаж байгаа юм.  

Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит 70 дугаар чуулганы дэд даргаар сонгогдлоо.

Монгол Улсын байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ сайд Л.Болд даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаалах бөгөөд Ази номхон далайн бүсийн  энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт болохыг онцлов.

Сайд Л.Болд энэ үеэр ээлжит 70 дугаар чуулганы даргаар сонгогдсон Бутан Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгатай уулзалт хийж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсаны дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар шинээр томилогдсон хатагтай Шамшад Ахтартай уулзаж Монгол Улс, тус комисс хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, чиглэлийн талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Сайрам нуурыг хамгаална

Сайрам нуурын экологийн орчныг хамгаалах чиглэлээр энэ жил 51 ажил хийхээр төлөвлөсөн ба нийт зардалд нь 720 сая юань зарцуулна хэмээн Шинжаан Уйгурын өөртөө засах орны Байгаль орчны танхимаас мэдээлжээ. Улсын хөрөнгөөр хамгаалдаг Хятадын 15 гол мөрөн, нуур, бүрдийн нэг нь Сайрам нуур юм. Энэ жил улсын төсвийн мөнгөөр 10 мянга гаруй га бэлчээр, нуурыг тойрсон 80 гаруй км сараалж, хүн малын ундны усны 50 цэг, ус татах 50 км  хоолой бүхий цахилгаан сүлжээ, хамгаалалтын 15 постыг засаж сэлбэх гэнэ. Шинжаан Уйгурын өөртөө засах орны баруун хэсэг, Борталд орших үзэмжит Сайрам нь далайн төвшнөөс 2073 метр өргөгдсөн, 460 га  талбайтай, 92 метрийн гүнтэй, цэнгэг уст нуур юм. Далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн нуур гэдгээрээ Хятад улсдаа алдартай билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк долларыг 1880 төгрөгөөр худалдав

Монголбанкнаас тогтмол зохион байгуулдаг Гадаад валютын дуудлага худалдаа өчигдөр боллоо. Энэ удаагийн дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1880.00 төгрөгийн хаалтын ханшаар 18.0 сая ам.доллар, 304.50 төгрөгийн хаалтын ханшаар 128.5 сая юань тус тус худалдлаа.

Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 18.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

V цахилгаан станцын газрын асуудлыг шийдлээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар V цахилгаан станцын газрын асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн танилцуулснаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор V цахилгаан станц барьж байгуулах тухай тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж,  Ургах наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тиймээс Эрчим хүчний яам цахилгаан станц барихаар техник эдийн засгийн үндэслэл болон зураг төслийн ажлаа эхлүүлжээ. Өмнө нь энэ газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар “Люкс нью проперти солюшн” компани эзэмшиж байсан бөгөөд 2010 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Тус компани газар эзэмших эрхийг нь түдгэлзүүлсэн нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн Шүүхийн тогтоолоор нийслэлйин Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын  кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтний танилцуулснаар тус компанийн газар эзэмших эрхийг цуцалсан ч өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг авсаар байжээ.  Тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулахын тулд  тус компанитай харилцан ойлголцож, Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын замын 8,0 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн  тавдугаар цахилгаан станцыг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын зүүн талбайд 14,0 га газрыг Эрчим хүчний яаманд гурван жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхчүүдийн сэргээшийн хариу ирээгүй гэв

Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Тэгвэл хуулийн дагуу наадам дуусахад сэргээшийн шинжилгээ авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээжээ. Шинжилгээний хариу 21 хоногт багтаж ирнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Одоогоор хариу нь ирээгүй байгаа аж. Шинжилгээний хариу ирснээс хойш хуулийн дагуу 14 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх үүргийг Монголын үндэсний бөхийн холбоо хүлээдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Сарны гадаргуу дээрээс хүнтэй төстэй хөшөө шиг зүйл илрүүлжээ

“Google”-ийн газрын зургийг нарийвчлан судалдаг уйгагүй идэвхтэй хүмүүс сарны гадаргуу дээрээс харь гарагийн хүний дүрстэй төстэй хөшөө шиг зүйл илрүүлсэн гэнэ. Гэхдээ энэ дүрс яг юу болох талаар бодитой таамаг байхгүй байна. Гэхдээ зарим судлаачид энэ зүйлийг “Энэ бол алмасын сансрын хувилбар үгүй бол аварга том байгууламж. Магадгүй чулуу ч байж болно” гэжээ. Ингээд бичлэгийг сонирхуулъя. 

Categories
гадаад мэдээ

Генийн өөрчлөлттэй цагаан будаа элбэгшжээ

БНХАУ-ын Ухань мужийн зах, дэлгүүрүүдээс генийн өөрчлөлттэй цагаан будаа ихээр илэрсэн байна. Уг нь Хятад улс ийм төрлийн цагаан будааг тариалах, борлуулахыг хориглодог хуультай аж. 

Эх сурвалжууд мэдээлж байгаагаар Европын Холбоонд экспортолсон цагаан будаанаас мөн ийм төрөл илэрч байгаа гэнэ.

Хятад улс цаашдаа ийм генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгах хэрэгтэй болсон талаар тус улсын албаны хүмүүс хэлж байгаа юм.