Энэ өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, өврийн Цагаантуруут, Богд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см, Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Ерөө, Тэрэлж болон Туул голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-5 см, Увс нуурын савын Тэс, Намир, Хангилцаг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см тус тус нэмэгджээ.
Мөн Чулуут, Туул, Хурх, Барх, Балж, Хэрлэн, Халх, Ховд, Буянт, Хожуул, Байдраг, Цагаантуруут, Таац, Хархираа, Түргэн зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 15-70 см давсан бол Хэрлэн гол Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 5 см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай хэвээр байна гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.
Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн болон түр зуурын бороо орох тул тухайн үед орсон хур борооны эрчимшлээс хамаарч гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх тул ард иргэд сонор сэрэмжтэй байх. Баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.