ХИЙЖ, БҮТЭЭСНЭЭРЭЭ ХЭЗЭЭД ДУУРСАГДАХ АНХДАГЧИД
Тэртээ 55 жилийн өмнө нэгэн ширээнээ тохой нийлүүлэн сууж байсан охид, хөвгүүдтэй уулзлаа. Тэд бол Архангай аймгийн Цэцэрлэг сумын нэгдүгээр арван жилийн сургуулийн 1959 оны төгсөгчид.
Нэгнийгээ танин ядан тэврэлдэх тэдний уулзалт дурсамж, инээд хөөр, баяр догдлолоор дүүрэн ажээ. 50 жилийн ойгоороо уулзалдсан тэдний зарим нь ач, зээгээрээ бүл нэмсээр байх ч зарим нь орчлонгийн жамаар хорвоог орхижээ. Жил ирэх бүр уулзалтад ирэх энэ ангийнхны ам бүлийн тоо цөөрсөөр байгаа ч 10 гаруй хүн ирсэн байв.
Тэд аль хэдийнэ улс эх орондоо хийж бүтээхээ хийчихээд, насны намартаа налайчихсан сууна. Тиймдээ ч олны нэрлэж заншсан Сонгинын амралтад хэд хоног амрангаа, арван жилийн дурсамж дүүрэн яриагаа өрнүүлэн байна.
“Бид чинь 44-үүлээ төгсөж байлаа” гэсээр ангийн дарга Г.Магвансүрэн гуайн яриа эхэлсэн билээ. Хууч хөөрөөд нэгнийхээ өрөөнд суухдаа ч, цайны өрөөнд ороод хоолоо идэхдээ ч тэд Г.Магвансүрэн гуайг “Ангийн дарга аа” хэмээн хүндэлж, тусгай суудал аль хэдийнэ бэлтгэчихсэн байна. Ямартаа л сургуулиа төгссөний 50 жилийн ойгоороо ангийн хүү С.Цэдэнсодномын эрхлэн гаргасан “Насаараа бид нэг ангийнхан” номонд “…Тавь гаруй жил даргаллаа, дахиад олон жил биднийгээ удирдаарай, дотны нөхөд ангийнхан чинь дахин дахин өргөмжилж дурсамж номынхоо хойморт заллаа…” хэмээсэн байгаа юм.
Г.Магвансүрэн гуай зөвхөн ангийнхныгаа манлайлсан төдийгүй ажил хөдөлмөрийн он жилүүддээ хүүхэд багачуудыг эрдэм номд уриалан дуудсан хүн. Тус ангиас төрсөн гурван багшийн нэг нь Г.Магвансүрэн гуай билээ. Тэрээр Архангай аймгийн Цэцэрлэг сум, нийслэлийн 46 дугаар сургууль, 40 дүгээр сургууль зэрэгт математик, физикийн багш, сургуулийн захирлын ажлыг тасралтгүй 33 жил хийсэн гавьяатай. Түүний шавь нар нь өдгөө төрийн болон улс нийгмийнхээ тустай ажилд хүчин зүтгэж яваа юм. Тухайлбал, УИХ-ын дэд дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Г.Уянга зэрэг олон хүнийг захаас аван нэрлэж болохоор ажээ.
Энэ ангиас хоёр гэр бүл төрсний нэг нь ангийн даргынх. Түүний гэргий Ш.Энэбиш ангийнхаа химийн хичээлийн аварга байлаа. Тиймдээ ч тухайн үеийн АУИС төгсч, сүрьеэ, уушгины нэгдсэн төвд насаараа ажилласан хүн. Гэхдээ түүний ажиллаж, хөдөлмөрлөсөн тухай ярихаасаа илүүтэйгээр ангийн уулзалтуудыг зохион байгуулагч, хэзээ ч гэрт нь орсон аль байдгаараа дайлж суудгийг нь ангийнхан нь ярих дуртай юм билээ. Тиймдээ ч “Ангийн галын бурхан” хэмээн Ш.Энэбиш гуайг хүндэлдэг ажээ.
Ангийн өөр нэг гэр бүл нь Ц.Амаржаргалынх. Орос улсад техникийн мэргэжил эзэмшиж, Батсүмбэр, Октъябр, Жаргалантын сангийн аж ахуйг байгуулалцаж байсан түүхэн гавьяатай нэгэн гэвэл түүнийг хэлнэ. Ажил амьдралаа газар тариалантай холбосон Ц.Амаржаргал гуайн хөдөлмөрийн талаар сонин хэвлэл, телевиз радиогоор олонтаа гарч байсныг уншигчид маань санах биз ээ. Түүний гэргийг Ч.Роза гэдэг. Төв аймгийн Сүмбэр суманд төвхнөж, орсон гарсныг өөрсдийн гараар бэлтгэсэн хүнсний ногоо, жимс жимсгэнээрээ дайлж суудаг байсан түүнийг ангийн нөхөд нь энэ удаа гэгээхнээр дурсах гунигтай ховь тохиожээ.
Долоо хоног бүр авдаг байсан тооны хичээлийн хяналтын ажилд үргэлж онц гэсэн дүн авдаг байсан өөр нэг хүн бол Н.Дашмягмар. Ангийнхан нь түүнийг “Шомбоон” хэмээн хочилно. Өөрөө ч тэр нэрэндээ тун дуртай гэсэн. Тэрээр энэ удаагийн уулзалтад ирэх үедээ бие нь жаахан чилээрхүү байсан ч ангийн найзуудаа хараад сэтгэл нь хөөрч, ёстой л “шоволзоод” байгаа хэмээн нөхөд нь цаашлуулах. Н.Дашмягмар гуай мөн л эрхэлсэн ажилдаа эзэн нь байж ирсэн хүн. Үүнийг нь хоёр газраас “Алтан гадас” одонд тодорхойлж байснаас нь харж болохоор.
“Манай хүн чинь хоёр алтан гадастай хүн дээ. Надад нэгийг нь зарчих гэхээр өгдөггүй юм” гэж найзууд нь тоглоом хийнэ. 1963 онд тухайн үеийн УБДС-ийн тоо, физикийн ангийг төгсч төрөлх нутаг Цэцэрлэгийнхээ сургуульд багшилж, улмаар Чулуут сум, Эрдэнэт хотуудад багш, хичээлийн эрхлэгч, захирал хийж явсан учир Цэцэрлэг, Эрдэнэт хотын сургуулийн захиргаанаас нэгэн зэрэг “Алтан гадас” одонд тодорхойлсон нь тэр байв. Хоёр газраас “Одон өгье” гэхэд нь “Авах уу, яах уу” хэмээн ангийн дарга Г.Магвансүрэн рүүгээ утас цохиж байсан нь ч бас л сонин түүх. Ангийн дарга хариуд нь “Авчих аа. Аваад авгайдаа өгчихгүй юу” гэж байсан удаа бий. Н.Дашмягмар гуай 10 сайхан хүүхэдтэй хүн. Ангийнхаа хамгийн олон хүүхэдтэй гэсэн тодотголтой. Сонирхолтой нь эхний есөн хүүхэд нь хүү, арав дахь нь охин гэнэ. Зургаан хүү төрж, охинтой болохын хүслэн явахдаа ангийн даргынхаа охины бойтгийг хулгайлаад баригдаж байсан нь тун хөгжилтэй. Тэр бойтгоо долоо, найм дахь хүүдээ өмсүүлсөн ч ес дэх нь хүү гарсан. Харин аавын хүсэл арав дахь хүүхэд төрөхөд биеллээ олж хөөрхөн охинтой болсон гэнэ.
Ангийнхнаа сурлагаараа тэргүүлдэг байсан өөр нэг аварга тоочин, сайхан бичигтэн нь Н.Энэбиш. Ангийхнаасаа Украйны ХАА-н академид суралцагсдын нэг нь тэр билээ. Монголоос очсон оюутнуудаас хэлний бэлтгэлгүй шууд нэгдүгээр дамжаандаа орсон хэдхэн оюутны нэг нь Н.Энэбиш байсан гэдэг. Тэрээр эх орондоо ирээд мөн л анхдагч болж чадсан. Учир нь тэрээр тухайн үеийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйг байгуулалцаж байсан гавьяатай. Өдгөө 70 гаруй насыг наслахдаа ч бусдыг манлайлсан хэвээр яваа. Учир нь тэрээр 1990 оноос хойш өдгөөг хүртэл Сэлэнгэ аймгийн Ажил олгогч, эздийн нэгдсэн холбоог тэргүүлэн ажиллаж байгаа юм.
Н.Энэбишийн гэргий хэдийгээр өөр ангийнх бас насаар жаахан дүү ч гэсэн аль хэдийнэ энэ ангийн “хүүхэд” болжээ. Манай ангийн хөөрхөн бэр хэмээн нөхөд нь ярина. Н.Энэбиш багадаа сургуулийн захирал Ж.Вандангийнд суудаг байж. Харин гэргий болсон Д.Үл-Олдох Ж.Вандан захирлын хамаатан. Д.Үл-Олдох нэг удаа тооны хяналтын ажилдаа муу дүн авч, Н.Энэбиш хичээл давтуулах болсон нь сайхан үерхэл, сайхан гэр бүлийн үндэс болсон нь тэр байлаа.
Д.Үл-Олдох өдгөө яг л энэ ангийн хүүхэд шиг уулзалт бүрт хамтдаа цуглаж, дурсамж, дурдатгал дүүрэн яриа өрнүүлдэг юм билээ.
Энэ анги Д.Бурмаа, Л.Жаргал, О.Сайжмаа, Б.Соном, Ш.Энэбиш гэсэн таван эмчтэй. Л.Жаргал, Б.Соном хоёр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учир энэ удаагийн уулзалтад Д.Бурмаа, О.Сайжмаа, Ш.Энэбиш гурав иржээ.
Д.Бурмаа бол Монголд анх удаа хиймэл бөөрний аппаратыг суурилуулах ажилд гар бие оролцож байсан ачтан. Өдгөө өвчиндөө шаналсан олон хүн энэ аппаратны тусламжтайгаар өдөр өдрийн гэрэлт нарыг харж байгаа билээ.
Харин О.Сайжмаа есдүгээр ангиа Увс аймагт төгссөн ч аравдугаар ангидаа Цэцэрлэгийн арван жилд ирж суралцсан юм. Хэдийгээр ганцхан жил сурсан ч энэ ангийнхантайгаа үргэлж хамт байж, жаргал зовлонгоо хуваалцан насаараа хамт яваа гэнэ лээ.
10а анги цэргийн нэг хүнтэй. Түүнийг Б.Лхагвасүрэн гэдэг. Цэргийн ахмад цолтой. Тухайн үеийн ХААДС-ийг агрономич мэргэжлээр төгссөн ч ажил, амьдралын нугачаанд эх орныхоо дархан хилийг хамгаалах хүндтэй үүрэг хүлээсэн нэгэн. Ангийн нөхөд уулзалт бүртээ гэр бүлийн хүнтэйгээ ирдэг уламжлалтай. Б.Лхагвасүрэн ч хань И.Төмөрбаттайгаа ирдэг байв. Соёл, боловсрол, урлагийн байгууллагад насаараа зүтгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн И.Төмөрбат гэхээр олон түмэн андахгүй танина. Гэхдээ хөгшин нь өөд болсон учир энэ удаагийн уулзалтад Б.Лхагвасүрэн ганцаараа иржээ.
Ангийнхаа урлагийн үзлэгийг ганцаараа шахам “аваад гарчихдаг”, уран сайханч, яруу найрагч, зохиолч хүн бол С.Цэдэнсодном. Дээр хэлсэнчлэн 50 жилийн ойгоороо ангийнхныхаа түүхэн номыг бичсэн хэмээн “охид, хөвгүүдээрээ” магтуулан суугаа түүнийг жил бүрийн математикийн хичээлийн шалгалтын ерөнхий тестийг бодолттой нь хамт ном болгон гаргадаг хүн гэхээр сурагчид болон эцэг эхчүүд андахгүй сайн мэднэ. 10 а ангийнхан 50 жилийн ойгоороо уулзалдсанаас хойш тэгш ой, эсвэл жил бүр уулзалдахыг хичээх болсон. Үүний эхлэлийг С.Цэдэнсодном тавьсан гэхэд болно. Учир нь тэрээр 2006 онд хүндээр өвдөхөд ангийн найзууд нь “уулзалдъя, найздаа дэм болъё” болцгоожээ. Удалгүй түүний бие ч тэнхэрч, ангийнхан ч ойр ойрхон уулзалдах болсон нь энэ юм. Ингэхдээ жил бүр ээлжлэн нэг нэгнийдээ зочилно. Өнгөрсөн жил Сэлэнгэ явж Н.Энэбишийнд очсон бол түүний өмнөх жилд нь Ц.Амаржаргалынд айлчилцгааж байжээ. С.Цэдэнсодномынд, И.Төмөрбатынд гээд тэдний уулзалтууд олон.
Нэг ангийнхны уулзалтдаа ирсэн хүмүүсийн намтрын тухай товч сонсоход л ийм байсан юм. Тэднээс гадна ирж амжаагүй олон нөхөд нь бий. Тэдгээр нөхдүүд нь ч гэсэн томилогдон очсон салбар бүртээ анхдагчид, бүтээн байгуулагчид байсан гэдгийг ангийн андууд нь дурсан ярьж байлаа.
АНГИЙН БАГШАА МОД МӨРГҮҮЛСЭН НЬ БУЮУ ГАХАЙТЫНХАН
Сурагч ширээгээ орхиод 55 жил болсон ч яг л хүүхэд ахуйн гэнэн цайлган зангаараа уулзалдах тэдний инээд хөөр цалгисан дурсамж яриа тун хөгжилтэй. 10 а ангийнхныг дээд, доод төгсөлтийнхөн болон сургуулийн багш нар нь ангийн багш н.Хайнзангаа мод мөргүүлсэн гэдгээр нь анддаггүй. Гарын арван хуруунд багтахаар цөөхөн охидтой байсан болохоор ч тэр үү энэ анги сахилгагүй гэдгээрээ тун алдартай. Ямартаа л багшийгаа мод мөргүүлж байхав дээ. Г.Магвансүрэн, С.Цэдэнсодном, Н.Энэбиш гээд хэдэн хөвгүүн угаас хичээлдээ сайн тул хэдийгээр хаврын шалгалт эхлэх дөхөж байсан ч сургуулийн түлээ бэлтгүүлэхээр ууланд явуулна. Харин тэд н.Хайнзан багшийгаа уулын уруу уралдъя гэсээр хамт уралдана. Гэхдээ уралдах явцдаа багшийгаа хоёр талаас нь шахаж гүйсээр ширэнгэн ойд тулгаж, мод мөргүүлж байсан удаатай.
Нэгнийхээ гар хөлөөс нь барьж байгаад, бусад руугаа сэвдэг байсан нь энэ ангийн дэггүй байсныг илтгэх биз.
Хөгжилтэй, дурсамжтай ярианы нэг нь сумын дотуур байртай холбогдоно. Ангийн хөвгүүд болох Г.Магвансүрэн, С.Лувсан, Ч.Хорлоо нар дотуур байрны эхний өрөөнд байх. Бохир заваан суух тул хэн ч юм бүү мэд гахай зураад хаалган дээр нь наачихжээ. Үүнээс хойш гахайтынхан нэр авч, байранд орж гарсан хүүхдүүд “муу гахай” хэмээн цохисоор байгаад хаалга нь нурж унаж, цонх нь хагарч байсан билээ. Ч.Хорлоо гэхээр Булган аймгийн Сайхан сумынхан андахгүй болов уу. Тун саяхан тус сумын сургуулийг түүний нэрэмжит болгосон ажээ. Ч.Хорлоо дүрсгүй байсан болоод ч тэр үү ангийнхан нь түүгээр их тоглоно. Түүнийг хэзээнээсээ мангас гэж хочилсоор иржээ. Нэг удаа “Хорлоо чи сагнам гээд хэл дээ” гэж гэнэ. Тэгсэн нөгөөх нь “сагнам, сагнам” гээд л, нөхөд нь ч хэлэх бүрт нь инээлдээд л байж гэнэ. Маргааш нь Ч.Хорлоо “Хүүе, тэр сагнам гэж юу гэсэн үг юм бэ. Би словариас хайгаад олсонгүй” гэжээ. Сагнам гэдэг нь мангас гэсэн үг бөгөөд тухайн үед үг тонгоргож хэлэх, ярих “мода” байсан аж.
Байртай холбоотой өөр нэг дурсамж бол ангийн охин Д.Бурмаа, Ш.Энэбиш нар Г.Магвансүрэнгийн боорцгийг хулгайлж иддэг байсан түүх. Хөдөөнөөс ирсэн боорцогны амттайг хэлэх үү, ангиа цэвэрлэх, улмаар алчуур авчрах нэрийдлээр дотуур байр руу ордог байж. Тэгээд ангийн даргынхаа өрөөнд орж, авдарных нь арын хадаасыг сугалж байгаад боорцогноос нь иднэ, тэнд байх охидоос ирсэн захиаг уншина. “Миний захиануудыг уншдаг байсан юм” хэмээн инээж суугаа Г.Магвансүрэн гуай хожмоо Ш.Энэбиштэй амьдралаа холбоно хэмээн тухайн үед хэрхэн санах билээ.
Ангийн охид хэдүүлэхнээ байсан ч хөвгүүддээ мөчөөгөө өгнө гэж байхгүй. Зузаан ултай эсгий гутлаараа өшиглөнө, цүнхээрээ савж цохино гэж жигтэйхэн. Бас н.Сэндулам багшийгаа хичээл зааж байхад нь бүгдээрээ мөлхөөд гараад явчихаж байсан нь ч тэдний сэтгэлд тодхон үлджээ. Түүнчлэн Д.Бадрахын н.Хайнзан багшийгаа пийшин цохиулсан явдал ч гэгээн дурсамжуудын нэг. Ангид байх төмөр пийшингийн дэргэд зогсож байгаад багшийгаа цохих гэтэл гэнэт бултаад гарыг нь хавдтал нь цохиулж байсан, ангийн хөвгүүдээрээ нийлж, Хятадын мухлагаас боорцог хулгайлж иддэг байсан зэрэг гэнэн томоогүй үйлдэл бүр нь өдгөө дурсамжит яриа болон өрнөж байна.
Ийнхүү дэггүй бага насаа дурссан 10а-гийн найзуудын дараа дараагийн олон уулзалтууд нь дурсамж дүүрэн яриагаар үргэлжлэх биз ээ.
Т.ГЭРЭЛМАА