Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ “ЭБОЛА”-г танилцуулж байна

 Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны 12-р сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархан, 2014 оны 8-р сарын 8-ны байдлаар 1779 тохиолдол бүртгэгдснээс 961 тохиолдол буюу нийт өвчлөгсдийн 54.0 хувь нь нас барсан байна.

ДЭМБ уг халдварын байдлыг авч хэлэлцээд, өндөр эрсдэл бүхий нийгмийн эрүүл мэндийн аюултай, онцгой нөхцөл байдал үүссэнийг зарласан байна.

 Өвчний тухай баримт мэдээллүүд:

• Эбола вирусын өвчин (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм.

 • Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай

 • Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад  бүртгэгдсэн. 

• Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг. 

Халдвар дамжих зам:

 • Өвчилсөн хүний гэмтсэн арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон орчны эд зүйлстэй шууд харьцах замаар халдвар дамжина. Нас барсан өвчтнийг оршуулах үед эмгэнэж гашуудсан төрөл төрөгсөд нь бие махбодитой нь хүрэлцэх үед мөн халдвар дамждаг болох нь тогтоогдоод байна. 

• Өвчин тусаад эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 7 долоо хоног (49 хоног) хүртэлх хугацаанд хадгалагдаж халдварлуулах боломжтой. 

 • Өвчтнийг хэвтүүлэн эмчлүүлж буй эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиж мөрдөөгүй тохиолдолд халдвар эмнэлгийн дотоод халдвар байдлаар дэгдэх аюултай.

  Өвчний шинж тэмдэг:

 • Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. 

• Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.

 • Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ. Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.

Оношилгоо:

 • Эбола вирусын өвчний оношийг эцэслэн тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг үгүйсгэх ёстой.

• Оношийг лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна. 

 Вакцин ба эмчилгээ:

 • Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга байхгүй байна.

Зөвлөмж:

 Хилийн дээс алхаж буй зорчигчдод дараахь зөвлөмжийг хүргэж байна.

• Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх.

 • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

 o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;

 o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх; 

 o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

 o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

 o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

 • Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт дээрх (орох, гарах хуудас arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх. 

 • Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд шууд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.  

Эрүүл мэндийн яам

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын зам 9-р сарын нэгнээс ашиглалтад орж эхэлнэ

Энэ жил зургаан аймгийн төв
Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Өөрөөр хэлбэл,
Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймагт багтжээ.

Завхан, Говь-Алтай аймгийн чиглэлийн
авто замын ажлыг концессийн гэрээгээр хийхээр шийдвэрлэсэн бол  бусад
аймгийн авто замын ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа юм. Эдгээр
аймгийн төвүүдийн замын ажил өнгөрсөн хавар эхэлсэн байна. Улсын хэмжээнд хийгдэж
буй замын бүтээн байгуулалт, засвар арчлалтын ажлын явц, гүйцэтгэлийг Зам,
тээврийн яамны Авто замын газрын дарга Р.Ононгоос тодрууллаа.

 

Дорнод

Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 288 км
замын барилгын ажил хийгдэж байгаагаас одоогийн байдлаар 50 гаруй км авто замын
ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Харин 143 км
замын гүйцэтгэгч компани шалгарсан боловч шаардлага хангаагүйн улмаас дахин
гурван компанийг шалгаруулж, замыг хуваан өгчээ. Эндээс 50 км замын хучилт
хийгдсэн байгаа бол 57 км замын авто замын хучилт хийгдэж байгаа бөгөөд
есдүгээр сард дуусах гэнэ. Мөн Чойбалсан хотын төвд 10 км авто замын ажил
хийгдэхээс 6,5 км замын санхүүжилт дутуу байсныг саяхан Засгийн газар
шийдвэрлэж 1,9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор болжээ. Энэ зам есөн
метрийн өргөнтэй бөгөөд ус зайлуулах шугам, явган хүний зам, гэрэлтүүлгийг
хамтад нь шийдвэрлэх үүднээс ийнхүү 1,9 тэрбум төгрөгийг дахин хуваарилсан аж.
Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн замын барилгын гүйцэтгэл 70-90 хувьтай яваа аж.

 

Хөвсгөл

Улаанбаатар-Мөрөн чиглэлийн 253 км
авто замын барилгын ажил хийгдэж байгаагийн 108 км замын ажил дууссан байна.
Үүний 29 км нь Улаанбаатар талаас, Мөрөн талаас 79 км замын ажил хийгдсэн аж.
Одоогоор 137 км замын барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд хэсэг бүрт гүйцэтгэл
харилцан адилгүй 30-70 хувьтай яваа юм байна. Зарим хэсэгт замын барилгын ажил
хожуу эхэлсэн нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж байгаа аж. Гэхдээ төлөвлөсөн ёсоор
энэ чиглэлийн замын ажил аравдугаар сард дуусах боломжтой байгаа бололтой.

 

Өмнөговь

Улаанбаатар-Өмнөговь чиглэлд энэ жил
400 км авто зам тавьснаар энэ аймаг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар
бүрэн холбогдох юм. Тэгвэл энэ чиглэлийн ажил нэлээд ахицтай яваа юм байна.
Тухайлбал, 263 км замын барилгын ажил бүрэн дуусаж, үлдсэн хэсгийн барилгын
ажлын гүйцэтгэл гайгүй явж байгаа аж. Энэ чиглэлийн зам наймдугаар сард хучилт
нь хийгдэж дуусаж, есдүгээр сард засварын ажлыг хийснээр ашиглалтад өгөх аж.

 

Сүхбаатар

Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 177
км автозамын барилгын ажлыг үндэсний хоёр компани гүйцэтгэж байна. Уг хоёр
компани 45 км, 132 км-аар нь хуваан авсан бөгөөд 45 км замынх нь далангийн ажил
дуусч, хучилтаа эхлүүлсэн байна. 132 км зам барьж буй компани 40 гаруй км замын
хучилтыг хийгээд байгаа юм. Уг замын ажил 10 дугаар сард дуусч, 11 дүгээр сарын
1-нд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Энэ жил 22,6 тэрбум төгрөгийг
ашиглалтад орсон болон ашиглагдаж байгаа авто замын арчлалт засварт
зарцуулахаар улсын төсөвт суулгажээ.

Ер нь, жил бүр замын арчлалт засварт
тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөгддөг ч улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 4700
км хатуу хучилттай авто замд хүрэлцдэггүй аж. Зарим жил байгаль цаг уурын
нөлөөллөөс зам ихээр эвдрэх байдал ч бас байдаг байна.

Энэ жилийн автозам засварын ажлын
төлөвлөгөөнд Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Лүн, Улаанбаатар-Арвайхээрийн
чиглэлийн замууд багтжээ. Төмөр хүлэгтнүүдийн хувьд багагүй бэрхшээлтэйгээр
туулдаг дээрх чиглэлийн замын засвар арчлалтын ажилд Хөгжлийн банкнаас 17,6
тэрбум санхүүжилтийг хийхээр болжээ. Мөн энэхүү санхүүжилтэд
Улаанбаатар-Зуунмод чиглэлийн замын засвар ч багтсан байна. Гэхдээ одоогоор
засварын ажлыг гүйцэтгэх компаниуд тодроогүй байгаа аж.

Эх сурвалж: “Ган зам” 

Categories
мэдээ нийгэм

Усыг хэрхэн зөв уух вэ?

Усыг
тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг
гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх,
жингээ барихад чамгүй чухал нөлөө үзүүлдэг өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай
эрдэс билээ. 

Усыг
зөв уух гурван алхам байдаг гэнэ. Үүнд:

1.
Балгах

2.Түр
амсхийж амьсгаа авах 

3.
Дахин уух

Энэхүү
дарааллыг баримтлаж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх,
ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна
амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл
мэндэд тийм ч таатай биш.

Усны
тухай олон л зөвлөгөө, мэдээлэл байдаг. Харин усыг уух тогтсон цагийн хуваарь
хүртэл байдаг байх юм. 

06:30-07:00

Өглөө
сэрсэнийхээ дараа ус уух нь бидний биед хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг.
Сэрсэнийхээ дараа 250мл ус уух нь элэг, бөөрийг цэвэрлэж өгдөг ажээ. Энэ цагт
уусан уснаас хойш 30 мин юм бүү идээрэй.

08:00-09:00

 
      Ажилдаа ирэх замдаа бага зэрэг ядарч ангасан бол 250 мл ус
ууж бие болон сэтгэл санаагаа “рефрэш”-элж ажилдаа эрч хүчтэй ороорой.

11:00

 
      Хоёр гурван цаг тасралтгүй ажилдаа анхаарна гэдэг бидний
тархи оюуныг чамгүй ядраадаг, бас ажлын нөхцөл байдлаас хамаарч цангах нь их
болдог. Энэ үед ус уух нь стрессийг багасгаж, биеийг чийглэж өгдөг ажээ.

13:00

 
      Үдийн хоолны дараа ус уух нь хоолны шингэцэд сайнаар
барахгүй биеийнхээ жинг барихад тустай.

15:00-16:00

 
     Энэ үед ихэнхи хүмүүсийн организм унтаа байдалд орж өөрийн
эрхгүй галхуу хүрдэг. Энэ үед ум уух нь тэрхүү уур амьсгалыг өөрчлөхөд багагүй
нөлөөлөх болно.

 17:00

 
     Ажлаасаа гарахын өмнө ус уух нь хоолны дэглэм барьж байгаа
хүмүүст илүү тохирно.

22:00

 
     Унтахаасаа 30 минут юмуу нэг цагийн өмнө ус уух нь цус
бүлэгнэхээс сэргийлдэг сайн талтай. 

 
      Хүн бүр өдөрт 8 стакан буюу 2 литр орчим ус уухад
хангалттай гэдгийг мэднэ. Энэ нь бидний биеийн чийгшлийн тэнцвэрийг хадгалж,
ходоод гэдсийг цэвэрлэж, цусны эргэлийг сайжруулдаг. 

 
      Хамгийн гол нь ус уух аргаа зөв олох нь чухал юм. Цангах
үедээ л ус ууна гэвэл өрөөсгөл шүү.

Categories
мэдээ нийгэм

Эмэнд хордсон хоёр хүүхдийн бие хүндэвтэр байна

Эмийн санчийн буруугаас болж, нярай хүүхдүүд эмэнд хордож, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн дарга Ц.Алтантуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Наймдугаар сарын 9-нд 12:30 цагт манай төвд эхний хүүхэд хүргэгдэж ирсэн. Бид люминал гэх эмнээс хордсон байж болзошгүй гэж үзсэн учраас тухайн эмийг хаанаас, ямар жороор авсныг эцэг эхээс нь тодруулсан. Улмаар эмийг “Монос”-ын эмийн сангаас авсан байсан учраас тус эмийн сангийнхантай холбогдож, яг энэ эмийг хэчнээн хүүхдэд өгсөн талаар тодруулсан. Эмийн сангийн холбогдох албаныхан 23 хүүхдэд эмийг худалдсан гэсэн. Ингээд 23 хүүхдийг бүгдийг нь дуудаж, төв дээр үзлэг, шинжилгээнд хамруулсан. Одоо 16 хүүхэд хэвтэж эмчлүүлж байгаагаас 2 нь эрчимт эмчилгээний тасагт байна. Дөрвөн хоногтой нярай нярайн эрчимт эмчилгээний тасагт. Нэг сартай нярай нь хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байгаа. Бусад хүүхэд дотрын хоёрдугаар” тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт байгаа хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна гэв.

 Уг эмийг зөвхөн тусгай жорын дагуу л худалддаг.    Тархины даралттай хүүхдүүд болон бүтэлттэй төрсөн хүүхдүүдэд эмчийн жороор өгдөг байна.  Том хүний тунг бага насны хүүхдэд өгөхдөө 20 хуваасны нэгээр өгдөг.  Тунг хэтрүүлсэн тохиолдолд  амьсгалын зам дарангуйлахын зэрэгцээ хүүхэд унтаа байдалд орж тархины үйл ажиллагаа удааширдаг.  Гэтэл эдгээр хүүхдүүдэд хүүхдийн тун хэмээн андуураад том хүний тунгаар олгосон байна.

Дашрамд дурьдахад, “люминал” гэх эмийг ууснаас хойш үйлчилгээ нь 90-120 цагийн дараа хүний биеэс бүрэн гадагшилдаг байна. 

Categories
мэдээ нийгэм

“Хөшөө чулууны бичээс судлал”-ын эрдэм шинжилгээний хурал боллоо

Олон улсын Монгол судлалын холбооны санаачилгаар Монгол судлалын үндэсний зөвлөл, Монгол судлалыг дэмжих сантай хамтран “Хөшөө чулууны бичээс судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 8 сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.  Өвөг дээдсээс бичиж үлдээсэн чухал, мянган жилийн настай үнэтэй бичиг соёлын өвийг судлах бичээс судлал нь Монгол судлалын салбарт нэн чухал байр эзэлнэ.  Уйгуржин бичгийн 20, дөрвөлжин бичгийн 20 гаруй бичээс уламжлагдан үлдсэн бөгөөд сүүлийн 150 гаруй жилийн дотор олон орны эрдэмтдийн хэдэн зуун судалгааны бүтээл гарсан байна. Төв азийн олон үндэстний хөшөө дурсгалын судалгаа олон орны эрдэмтдийн анхаарлыг хүчтэй татаж, олон улс оронд судалгаа хийгдэж байна. Хэдий тийм боловч бичээс судлалын эрдэмтдийн судалгаагаар дагнасан ОУ-ын эрдэм  шинжилгээний хурал өмнө нь болж байгаагүй аж. Тус хуралд Монгол, Хятад, Орос, Турк, Япон, Тайвань нийт 6 орны бичээс судлалын 40 гаруй эрдэмтэд оролцож байгаа бөгөөд Хитан, Манж, Зүрчид,  Түрэг, Тангуд, Уйгуржин монгол, Дөрвөлжин хятад хэлээр тэмдэглэгдсэн эртний бичээсүүдийн судалгааны талаар санал бодлоо солилцох юм.

Б.Ганчөдөр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын эдийн засагт итгэх иргэдийн итгэл буурсаар байна

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс хоёр  улирал  дараалан буурсан дүнтэй гарсныг Нээлттэй нийгэм форум, Монголын санхүүгийн зах зээлийн холбооны нэгдсэн судалгааны дүн өгүүлэв.  Оны эцэс гэхэд 174 байсан Хэрэглэгчийн хүлээлтийн индекс   2014 оны нэгдүгээр  улиралд 167,58  болж  буурсан бол хоёрдугаар улиралд 145 болж буураад байна. ХХИндексийн дэд  индикаторууд болох өнөөгийн нөхцөл  байдлын индикатор 55.85 болж өмнөх улирлаас өссөн боловч ирээдүйн нөхцөл байдлын индикатор 52.88 болж өмнөх  улирлаас буусан  юм.

Өнөөгийн нөхцөл байдлын индикатор –55.85 байгаа  бол  ирээдүйн нөхцөл байдлын индикатор –52.88   байна.

Энэхүү  уналтын байдал нь Монголын эдийн засагт итгэх иргэдийн итгэл буурсаар байгааг харуулж байгаа юм.

Үүнээс дүгнэхэд иргэдийн амьдрал огцом дордоогүй ч  ирээдүйд муудах вий гэсэн айдас өндөр байна. 

Энэхүү  ирээдүйгээ харах сөрөг хандлагыг  бий болгосон үйл явдлуудад  улс төрийн тогтворгүй байдал, ам.долларын ханшийн өсөлт,  уул уурхайн салбарын зогсонги байдал, хөдөлмөрийн зах  зээлд  өрнөж буй томоохон цомхотголууд зэргийг дурдаж болно. Харин өнөөгийн нөхцөл байдлын  индикатор тогтвортой хадгалагдсаар байгаа нь орон сууцны  үнэ, ипотекийн зээл зэрэг буюу өдөр тутмын амьдралд  нөлөөлөх хүчин зүйлс нь эерэг үзүүлэлттэй байгаатай холбоотой.

 Дараагийн онцлох үр бол инфляцийн хүлээлт юм. 

Инфляцийн  хүлээлт өмнөх улирлаас сөрөг үр дүнг үзүүллээ. Судалгаанд  оролцсон нийт иргэдийн 54 хувь нь ирэх  нэг жилийн хугацаанд  инфляци өснө гэсэн хүлээлттэй байхад 18 хувь нь буурна хэмээн хүлээж байгаа ажээ. Харин үлдсэн 30 хувь нь өөрчлөлт гарахгүй болов уу хэмээн таамаглаж байна. 

Өнөөдрийн  байдлаар улсын хэмжээнд инфляци 14.6 хувьтай байгаа юм. 

Гурван  ажилтан бүрийн нэг нь  ажлын байраа тогтворгүй хэмээн  дүгнэжээ

Энэ улирлын хувьд онцлох үзүүлэлт нь ажлын байрны тогтворгүйбайдал байлаа. Нийт судалгаанд оролцогчдын 1/3 нь буюу 33 хувь нь ажлын байраа тогтворгүй гэж үзэж байна.

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь дэлхийн олонхи хөгжингүй орнуудад тухайн улс өөрийн  иргэдийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын ирээдүйн хандлагыг тодорхойлох зорилгоор тооцдог өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. 

Аливаа нэгэн улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлохын тулд тэргүүлэгч буюу эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг харуулдаг индикатор болон улс орны эдийн засгийн тухайн үеийн төлөвийг харуулдаг индикаторыг тооцож үзэх шаардлагатай болдог. ХХИ нь эдийн засгийн ирээдүйн төлөв байдлыг урьдчилан харуулдаг тэргүүлэгч  индикатор бөгөөд зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд тухайн улсын эдийн засгийн ирээдүйн хандлага нь эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, эдийн засгийн ирээдүйн төлөв байдлын талаархи хүлээлт, тэдгээрийн хэрэглээндээ зарцуулж байгаа зардлын хэмжээ зэргээс голчлон хамаардаг болсон учраас дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан энэ индексийг 

тооцож, шийдвэр гаргалтандаа чухал үзүүлэлт болгон ашигласаар ирсэн байна. 

ХХИ нь зөвхөн бодлого боловсруулагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хувьд бус бизнес эрхлэгчдийн хувьд ч ирээдүйн төлөвлөлт, шийдвэр гаргалтандаа ашиглаж болох мэдээллийн чухал эх үүсвэр болдогоороо ихээхэн ач холбогдолтой юм. 

Ийм учраас дэлхийн хөгжингүй орнуудад энэ индекст ихээхэн ач холбогдол өгч, тогтмол тооцсоор ирсэн. Тухайлбал, Америкийн Conference Board, Германы ZEW зэрэг байгууллагууд энэ индексийг  тогтмол тооцдог бөгөөд индекс нь эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг гайхалтай зөв харуулж чаддаг нь батлагдсан 

байна. Манай улсын хувьд  Санхүүгийн Зах Зээлийн Холбоо болон Нээлттэй Нийгэм Форум 2010 оны нэгдүгээр улирлаас хамтран энэхүү индексийг тооцож байна. 

Categories
гадаад мэдээ

Луизиана мужид буудалцаан болж хоёр хүн нас баржээ

АНУ-ын Луизиана мужид буудалцаан болж хоёр хүн нас барж таван хүн шархадсан байна. Орон нутгийн цагаар өглөөний найман цагт хар өнгийн машинтай хүмүүс гудамжинд байсан хүмүүс рүү гал нээжээ. Үүний улмаас хоёр хүн газар дээрээ амьсгал хураасан байна. Мөн таван хүн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёрынх нь бие нэлээд хүнд байгаа тухай Шинэ Орлеаны Цагдаагийн газраас мэдээлжээ.

Ю.Дэлгэр 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Эрдоган Туркийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялав

Өнгөрсөн амралтын өдөр Туркт анх удаагаа  Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн билээ. Тус улсад эрх барьж буй Шударг ёс ба хөгжлийн намаас нэр дэвшсэн, Ерөнхий сайдын албыг хашиж байсан Т.Эрдоганыг нэр дэвшүүлсэн. Өчигдөр орой Туркийн Сонгуулийн төв хорооноос мэдэгдэл хийхдээ саналын хуудсыг тоолж дуусан гээд нэр дэвшигч Т.Эрдоган хамгийн олон буюу 51.75 хувийн санал авч ялалт байгуулжээ.

Ийнхүү Т.Эрдоган нь бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Туркийн анхны Ерөнхийлөгч боллоо.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Монгол, Орос цэргийн хамтарсан“Сэлэнгэ-2014” хээрийн сургууль болно

Монгол-Орос  цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2014” хээрийн сургууль энэ  сарын 15-26-нд болох агаад хээрийн сургуульд оролцох эхний орос цэргүүд Монголын нутагт хөл тавьж байна. Холбогдох байгууллагуудын зүгээс цэргийн тоог тодорхой мэдээлэхээс түдгэлзсэн ч     ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга хурандаа Александр Гордеев www.assa.mn-д тодорхой мэдээлэл өгсөн байна.  . 

1939 онд Халх голд Японы зургадугаар армийг Монгол-Зөвлөлтийн цэрэг хамтран бут цохисны 75 жилийн ойд зориулж болох энэ хээрийн сургуульд Оросын Дорнодын цэргийн тойргийн 500 цэргийн албан хаагч, байлдааны болон тусгай зориулалтын 65 нэгж техник оролцох юм байна. 

“Хамтарсан хээрийн сургуулиар мотобуудлагын цэргүүд ажиллагаагаа нэгтгэх, байлдааны үүргийг хамтран гүйцэтгэх сургууль хийнэ. Сургуулийн хугацаанд Буриадын буудлагын талбайд тактикийн болон галын, тагнан турших, газрын зураг дээрх бэлтгэл ажлууд болно” гэж Гордеев хэлсэн байна. 

Тэрээр мөн “Энэ хээрийн сургуульд 152 мм-ийн өөрөө явагч их буу “Акация”, шуурган галын тийрэлтэт систем “Град”, өөрөө явагч агаарын их буу “Шилка”, Ми-24 нисдэг тэрэг анх удаагаа оролцоно” гэж тэмдэглэжээ. 

Categories
мэдээ нийгэм

Монгол-Солонгосын форум хоёр өдөр үргэлжилнэ

Монгол-Солонгосын эдийн засгийн форум үргэлжилж байна. Өнөөдөр болон маргааш үргэлжлэх уг чуулганыг “Монгол-Солонгосын  эдийн засгийн форум” ТББ-аас зохион байгуулж байна. Форумаар хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах санал санаачилга гаргах, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ сургах, БНСУ-д ажиллаж байсан хүнээ сургах чадавхижуулах, үнэмлэхжүүлэх зорилготой аж. 

Форумыг нээж УИХ-ын гишүүн, “Монгол- Солонгосын эдийн засгийн форум” ТББ-ыг үүсгэн байгуулагч Г.Батхүү хэлсэн үгэндээ “2015 онд Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болох гэж байна. Бид Монгол Солонгосын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны бодлого боловсруулж, тодорхойлох, бизнес эрхлэгчдийг туршлага солилцуулах, холбох, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэхүү форумыг үүсгэн байгуулж, 2014 онд УИХ-ын даргын болон Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулж, БНСУ-д зорчих визний нөхцлийг хөнгөрүүлэх асуудлаар арга хэмжээ авсны үндсэн дээр виз олголтонд гарч байсан хүндрэл ариллаа. Мөн хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжилд  ихээхэн хувь нэмэр оруулахуйц гэрээ хэлцлүүдийг байгуулсан ба Монгол дахь анхны уулзалтаа  өнөөдөр энэ танхимд Монгол Улс БНСУ –ын улс төрчид эрдэмтэн судлаачид,  бизнесийн тэргүүлэх зэргийн байгууллагуудын төлөөллийн идэвхитэй оролцоо дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна” гэв. 

Форумд  улстөрчид, судлаачид, бизнес эрхлэгчидийн төлөөлөл 120 гаруй төлөөлөгч оролцож байна. Цаашид хамтарсан форумыг  жилд  хоёр удаа Монгол Солонгост тус тус зохиохоор болжээ.