Орос, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн мундагчуул багтдаг Зүүн хойд Азийн бүс нутгийн чухал идэвхтэй хэсэг болохоор оролдлого хийж буй Монголын хувьд түүхэн гэж хэлж болохоор том гэрээнүүдийг үзэглэхээр бэлдэж буй гэнэ. Тодруулж хэлбэл урд хойд хоёр хөрштэйгөө. Ирэх хоёр гуравхан долоо хоногийн дотор Оросын В.Путин, Хятадын Си Жинь Пин хоёр шил дарааллан айлчлах гэж байгаа. Их гүрнүүдийн удирдагчдын айлчлалын үеэр эдийн засагт тод мөр гаргахаар хэд хэдэн гэрээг манайхан бэлдээд эхэлчихэж. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд өчигдөр Их тэнгэрт болсон Монгол, Солонгосын бизнес форумын үеэр ийм агуулгатай үг унагасан юм. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд “Энэ хоёр айлчлалын үеэр бүс нутгийн хөгжилд ач холбогдол өгөхөөр дэд бүтцийн төслүүдийн талаар тохиролцоо хийхээр бэлтгэж байна. Том хэмжээний зээлийн шугам зарлагдана гэсэн хүлээлт байна. Бүс нутгийг холбосон томоохон дэд бүтцүүдийн тохиролцоог зарлана” гэж ярив. Манай талаас УИХ-ын дэд дарга, парламентын гишүүд, Солонгосын талаас Үндэсний ассамблейн гишүүн, элчин сайдаас нь эхлээд “Кореан эйр”, “Кореа газ” гэх мэт толгой компаниудынх нь удирдлагууд оролцсон чуулганы үеэр О.Чулуунбат сайд энэ үгийг зүгээр ч нэг унагасангүй. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр шийдэгдэх том төслүүдэд оролцох боломж байгааг хангүгчүүдэд сануулсан юм. Засгаас зарласан тавь гаруй концессийн төсөлд оролцох боломж байгааг ч Солонгосын бизнесмэнүүдэд дуулгав.
Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар анхаарал татам илтгэлтэй, ажил хэрэгч санаа оноо шийдэлтэй халуухан болж өрнөсөн Монгол, Солонгосын бизнес форумын зохион байгуулагч нь “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” төрийн бус байгууллага. Анх удаа болж байгаа, цаашдаа хоёр жил тутам нэг удаа өрнөнө гэж Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү онцлов. Форумын даргын үгнээс “Солонгосын шилдэг технологийг Монголд нэвтрүүлэх их ажил бидний өмнө байна. Мэргэжилтэй залуусыг олноор бэлдэх, Солонгост одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэдээ бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалтад оруулах, тэдний олж авсан ур чадвар, мэдлэгийг Монголынхоо хөгжилд ашиглах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэсэн хэсэг нь анхаарал татав. Форумын үеэр үг хэлсэн монгол, солонгосчуудын хэн хэн нь “Монголд баялаг нь байна. Солонгост технологи нь байна. Аль аль талынхаа давуу талыг ашиглаад хөгжилд хүрье” гэж ам нийлүүлцгээснийг бодоход Солонгосын технологийг Монголдоо оруулж ирье гэсэн форумын даргын санаа нэг их удахгүй биеллээ олох бололтой.
МОНГОЛ УЛС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦӨӨРӨӨ ХЯТАДЫН ДАРАА ЖАГСЧЭЭ
Форумд оролцогчдоос Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, Бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нарын илтгэл Солонгосын бизнесмэнүүдийн анхаарлыг татсан нь илт байв. Ч.Хашчулуун “Монгол байгалийн олон төрлийн баялагтай. Нүүрс, зэсээрээ гэхэд дэлхийн топ аравт багтдаг. Газрын ховор элементээрээ Хятадын дараа орохоор том нийлүүлэгч болно гэсэн судалгааг Америкийн Засгийн газар 2009 онд хийсэн. Одоогоор газрын ховор элементийн том нийлүүлэгч нь Хятад, тодруулж хэлбэл Өвөр Монгол байгаа. Дэлхийн ховор металлын 16 хувийг монголчууд эзэмшдэг. Гол таван орд, 71 илэрц бий.
Одоогоор бид ховор металлынхаа гуравны нэгийг нь л судалсан. Бусдыг нь судлаагүй, мэдэхгүй. Өөр өчнөөн олон газар илрэх бололцоотой. Ховор металл хөдөлгөөнт технологид тун хэрэгтэй эд. Цахилгаан батерейн гол эд болдог. Гар утас, цахилгаан машины гол түүхий эд нь. Ирээдүйд хүмүүс цахилгаан машинаар явцгаах байх. Энэ үед ховор металлын үнэ цэнэ асар өндөр болно. Тиймээс та бүхэн Монголтой хоёр чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Тодруулж хэлбэл технологи, чөлөөт худалдаагаар. Технологийг шилжүүлэхийн тулд эхний ээлжинд эрчим хүч, байгалийн хий, нүүрс, газрын том боловсруулах, ган хайлах, төмөр хийц, ложистик тээвэр, бусад технологийн төсөл гэж ангилж болох байх. Одоогоор Солонгосын технологи эрчим хүчний салбарт л орж ирж байгаа. Технологи шилжсэнээр аль аль талд нь давуу тал үүсэх учиртай. Солонгосын хувьд гэхэд технологи худалдах, цаашлаад яривал засвар үйлчилгээ сэлбэг эд ангийн зах зээлээ томруулах боломжтой” гэж ярив.
Түүний илтгэлээс “Монголын зах зээл жижиг ч ойрын хугацаанд арван жилийн өмнөх Катарын түвшинд очно” гэсэн үг гэгээлэг сонсогдов. Солонгосын технологийг Монголд оруулж ирэх гарцыг хүртэл нэг, хоёр гэж жагсааж байгаад ярьсан нь бодитой санагдсан. Самурай бондын өмнө гишгээд буй вонын зах дээр тоглох боломжтой, Солонгосын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах маягаар шийдэхэд асуудалгүй гэсэн барим тавим санааг илтгэлдээ цухалзуулсан нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн бололтой. Солонгосчууд түүний үгийг толгой дохин сонсов.
Ерөнхийлөгч саяхан Японд айлчлаад ирэхдээ чөлөөт худалдааны гэрээ байгуулна гэж за зүй болсон. Японтой ижил чөлөөт худалдааны гэрээг Солонгостой байгуулах боломжтой гэсэн О.Чулуунбат дэд сайдын санааг Ч.Хашчулуун ч дэмжиж байлаа. Тэрээр “Солонгосын хувьд олон оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Зарим нь хэлэлцээрийн шатанд яваа юм билээ. Монголтой төстэй хэлэлцээр гэвэл Перугийнх байна. Перу зэсийн хувьд дэлхийн том нийлүүлэгч гэдгээрээ Монголтой адилхан. Перутай гурван жилийн дотор гэрээ байгуулсан. Яг үүн шиг хугацаанд Монголтой гэрээ байгуулахад болохгүй юмгүй” гэж ярив.
Эдийн засгийн эрчимжүүлэх ажлыг зангидан ажиллаж буй Б.Бямбасайханы хувьд хөрөнгө оруулалтын хуулийг онцоллоо. Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс өмнөх шиг өчнөөн шат дамжиж бүртгүүлэхгүй, зүгээр л бүртгүүлнэ, тогтвортой байдлын гэрчилгээ авна, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр татварын таатай орчинд ажиллана гэх мэт давуу талууд бийг уйгагүй тайлбарлав.
Б.Бямбасайхан “Дэд бүтэц, эрчим хүч, тээврийн салбарт маш олон боломж бий. Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд концессийн таван ч гэрээнд гарын үсэг зурчихлаа. Нийт өртөг нь 15 орчим тэрбум ам.долларын төслүүд. Өнөөдөр Солонгосын компани ТЭЦ-5, Таван толгойн цахилгаан станцын төсөлд оролцоод явж байгаа. Эрчим хүчний өөр том төслүүд дээр хамтрах боломж бий. Манай Ерөнхийлөгч Хятадын даргатай Шанхайд уулзахдаа хоёр орны эрчим хүчний худалдааны талаар ярьсан. Үндсэн гэрээ байгуулах ажил явагдаж байна. Ойрын хугацаанд хоёр улсын хооронд 20 мянган МВт хүчин чадлыг худалдаалах нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Учир нь Монгол эрчим хүчний асар их нөөцтэй. Нэг нь нүүрс. Нөгөө нь сэргээгдэх эрчим хүч буюу салхи, нар. Олон төсөл шат шатандаа хэрэгжээд эхэлчихсэн. Эдгээр төслүүдэд ч Солонгосын эрчим хүчний компаниуд оролцоо бий. Цаашдаа ч оролцох байх. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр хайгуулын үйл ажиллагаа эхлүүлэх боломжийг нээж өгсөн. Уул уурхайн зах зээл 2017-2018 онд өснө гэж таамаглаж байгаа энэ үед Монголын бизнемэнүүдтэй хамтраад том төслүүд рүү орох боломжтой” гэж ярив.
ӨМНӨГОВИОС УЛААНБААТАР РУУ ХИЙН ХООЛОЙ ТАВИНА ГЭВ
Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дэд дарга, “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь дэлхийд тэргүүлэгч “Корей газ”, “Дэлим” корпорациудтай хамтран төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаа форумын индрээс дуулгалаа. “Корей газ”-тай Таван толгойгоос Улаанбаатар хүртэл хийн хоолой тавьж, нийслэлчүүдэд газ нийлүүлэх төсөл хэрэгжүүлээд эхэлчихэж. Өмнийн говийн нүүрсэнд метан хийний хангалттай нөөц байгааг Солонгосын тал судалж шинжлээд тогтоожээ. Метан хийнээс гаргах газ нүүрсхүчлийн хийн ялгаралтыг тавин хувиар бууруулах гэнэ. Энэ төсөл хэрэгжчихвэл цахилгаан станц, айл өрхүүд хэрэглээгээ бүрэн хангаад нийслэл утаанаасаа зовлонгүй салчих бололтой. Өмнөговиос нийлүүлэх хийгээр нийтийн тээврийн асуудлаа ч зохицуулж болно гэж дэлхийн 13 сая өрхөд газ, хий нийлүүлдэг “Корей газ”-ынхан ярив. Тус корпорацийн захирал Ян Юнг Мюнг “Хийгээр явдаг автобус оруулаад ирэхэд болно. Солонгост бензинээр явдаг автобуснууд явж байхад бидний хувцас нэг өдөр болоод л угаахаас аргагүйд хүрдэг байлаа. Харин хийгээр явдаг автобустай болчихсон чинь нэг хувцсаа таван өдөр өмссөн ч хиртэхээ байсан” гэж ярьсан юм. Хийн цооногийн шав тавих ёслол өнөөдөр Өмнөговьд болно.
“Дэлим” корпорацийн хувьд “Эрдэнэс Таван толгой”-той нүүрсний тээвэрлэлт дээр хамтарч ажиллах талаар яриа хөөрөө үүсгэж байгаа гэнэ. Далайгаар, газраар, агаараар гээд бүх л орчинд тээвэр хийдэг, Солонгостоо дээгүүрт ордог корпораци юм байна. Дэлхийд ч томд тооцогддог гэнэ. Тусгай тээвэрлэлтээр гэхэд Азидаа гуравт ордог гэж тус корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лий онцолсон. Таван толгойн хувьд тээвэрлэлт дээрээ эдэнтэй хамтарвал давхар чиргүүлтэй, хажуугаараа буулгадаг машин ашиглаж болох нь. GPS системтэй эдний аварга машинууд Мьянмар, Мозамбикэд тээвэр хийдэг аж.
ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БУС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ
Солонгост улсаа төлөөлж суугаа элчин сайд Б.Ганболд форумын үеэр “Солонгос бол бидний хувьд бүс нутагт дахь хамгийн ойр өндөр хөгжилтэй өрнөдийн хэв маяг бүхий улс. Хоёр орны хоорондын худалдаа жилээс жилд эрс өсч байна. 2013 онд хагас тэрбум ам.доллар болсон. Солонгосын хувьд манай худалдааны дөрөв дэх том түнш. “Самсунг” шинэ нисэх онгоцны буудал, Таван толгойн ордоос Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих төслүүдэд гүйцэтгэчээр ажиллаж эхэлсэн бол ПОСКО групп тавдугаар цахилгаан станцын тендерт оролцож байна. Солонгосын томоохон компани болох Халла групп Чойр, Сайншандын автозамыг барьж дуусгаад хүлээлгэж өгсөн. Нийслэл хотын захиргааны барилгын гүйцэтгэгчээр шалгараад байна. Цаашид Солонгосын том компаниуд ийм томоохон төслүүдэд гүйцэтгэгчээр биш хөрөнгө оруулагчаар ажиллана гэдэгт найдаж байна” гэж ярьсан. Форумд оролцсон бизнес эрхлэгчдийн хувьд ч Монголд хэрэгжиж буй, хэрэгжихээр зэхэж байгаа том төслүүдэд гүйцэтгэгчээр биш хөрөнгө оруулагчийн хувьд хамтрах сонирхолтойгоо ил тод хэлцгээж байсан юм. Ийм сонирхолтой компаниудын наад захын жишээ нь “Корей газ”, “Дэлим” хоёр. Тэд хөрөнгөө оруулахад эрсдэлгүй орчин байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа ч нуугаагүй. Солонгосын Үндэсний ассамблейн гишүүн Ким Таэ Нён гэхэд л “Монгол цөөн хүн амтай, дэд бүтцийн хөгжил сул. Солонгосын хувьд өндөр технологитой. Дутуугаа гүйцээгээд хамтрах бүрэн боломжтой улсууд. Солонгос бизнесмэнүүд Монголыг маш их сонирхож байгаа. Гэхдээ шууд өнөө маргаашгүй хөрөнгө оруулна гэсэн шийдвэр гаргахад амаргүй байна. Танай улсын нөхцөл байдалтай холбоотой болгоомжлол л доо. Хууль болон системийн тогтвортой байдал л хамгаас чухал байна” гэсэн сануулга гэмээр үг унагасан. Манайд улсаа төлөөлж буй Солонгосын элчин ч гэсэн “Байгалийн арвин нөөцтэй нь Монголын том боломж. Уул уурхайгаараа эдийн засгаа сэргээх боломжтой.
Засгийн газраас эдийн засгийн хоёр дахь үсрэлтийг хийхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй” гэж ассамблейн гишүүнийхээ сануулгыг давтав. Солонгосын тал төмөр зам, зам гүүр, холбоо харилцааны салбарт хамтран ажиллах өндөр сонирхолтой нь форумын явцаас илт байлаа.
Ц.БААСАНСҮРЭН
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН