Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Тойрог зам буюу бидний нэрлэж заншсанаар “Галзуу хулгана” тоглоомонд эвдрэл гарч, 16 хүний аминд хүрэх гэж байсан талаар мэдээлэл гарсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн үед “Уг тоглоомонд осол болж, тоглож байсан хүмүүс гэмтсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Мэдээллийн дагуу манай газраас шалгалт хийхэд мэдээлэл батлагдаагүй. Тус хүрээлэнгийн тоглоомын оператор залуу өөрийн хариуцлагагүй ажиллагаанаас болж олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон” хэмээн мэдэгдсэн. Осол гарсан гэх тэр өдөр оператор зогсоох тормозны нэгийг нь ажиллуулаагүйгээс тэнд тоглож байсан хүмүүст тодорхой хэмжээний чичиргээ, доргио үүссэн аж. Түүнээс биш тоног төхөөрөмж гэмтэж, тоглоомонд гэмтэл учирч, үйл ажиллагааг нь зогсоож, хүн гэмтсэн зүйл гараагүй юм байна.
Гэсэн ч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус хүрээлэнд шалгалт судалгаа хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн учир Хүүхдийн паркийн бүх тоглоомын аюулгүй ажиллагааг шалгахаа нийтэд зарласан билээ. Тэр дагуу энэ сарын 8-наас арав хоногийн хугацаатай шалгалтаа эхлүүлээд байгаа аж.
Шалгалтын ажил газар дээрээ хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт очлоо. Паркийн үйл ажиллагаа хэвийн явж байна.
Бид тус хүрээлэнгийн Хөдөлмөр хамгааллын инженер Ц.Баатарсүрэнтэй уулзлаа.
-Танай тоглоомуудыг ажиллуулдаг операторууд нь мэргэжлийн бус, цагаар ажилладаг хүмүүс байдаг гэх юм?
-Манайх ажилчдаа өөрсдөө сургаж авдаг. Олон улс болоод Монголд тоглоомын оператор гэдэг мэргэжилтнийг бэлтгэдэг их, дээд сургууль байдаггүй шүү дээ. Бид аль болох техникийн талын мэдлэгтэй, тэр чиглэлээр төгссөн залуусыг сонгон авч, тоглоом тус бүр дээр мэргэшүүлдэг. Сургалтын эхний хичээлүүдийг тусгай кабинетад хийгээд сүүлд нь тухайн тоглоомон дээр нь дадлагажуулдаг. Манай механик инженерүүд, техниктэй харьцдаг ажилтнууд маань хуучин парк байх үеэс л ажилласан туршлагатай хүмүүс. Манай нэг механик инженер гэхэд энэ чиглэлээр 24 дэх жилдээ ажиллаж байх жишээний. Засварчдаас 20 гаруй жил ажиллаж байгаа нь ч бий.
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танай дээр шалгалт явуулж байна гэхээр зарим хүмүүс үйл ажиллагааг нь түр зогсоосон мэтээр ойлгож байна?
-Энэ удаагийн шалгалт бол зүгээр л ээлжилт шалгалт.
-Танайхыг тус газраас ямар давтамжтайгаар шалгадаг вэ?
-Парк нээлтээ хийхээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 20-нд шалгадаг. Эдгээр шинэ тоглоомуудыг суурилуулаад хоёр, гурван жил болчихлоо. Томоохон шалгалтыг Мэргэжлийн хяналтын газраас оруулж үзье, техник технологитойгоо танилцуулъя гэж шийдсэн. Манай тоглоомуудын онцлог юу вэ, хэрхэн ажилладаг вэ гэдгийг судлаад нэг ойлголттой болъё. Энэ тоглоом ийм зарчимтай, ингэж ажилладаг юм байна шүү нэг ойлголтод хүрч авъя гэдэг үүднээс хамтарсан шалгалт хийж байна. Энэ шалгалтын дараа ямар үр дүнд хүрэх вэ гэхээр Монголд паркийн үйл ажиллагаа ингэж явах юм байна, ингэж явбал зүгээр юм байна, ажилчдаа ингэж сургах хэрэгтэй юм байна гэдэг нэг чиг шугамтай болох юм.
Парк маань дэргэдээ сургалтын төв байгуулъя гээд мэргэжлийн хяналтын байгууллагуудтайгаа тохирч байна. Харьяа яамнаасаа зөвшөөрөл авчихвал нэгдүгээрт ажилчид маань мэргэжлийнх нь болно. Зөвхөн тоглоомын засварчин, тоглоомын операторчин гээд.
-Тоглоомнуудын бэхэлгээний бүснүүд хуучирсан нь осол гарч болзошгүй нөхцөл байдал гэцгээж байна?
-Та бүхэн өөрсдөө харцгаа. Хуучраагүй байгаа биз дээ. Галзуу хулгана тоглоомын хамгаалалтын бэхэлгээ нь гидрэн бүс. Түүн дээр зориулалтын механик хамгаалалтын бүстэй.
-Бүснүүдээ жилд хэдэн удаа шинэчилдэг вэ?
-Хавар нээлтээ хийхдээ бүх тоглоомныхоо бүсийг шалгаад шинэчилдэг. Хүмүүс Мэргэжлийн хяналтын газар гэхээр шалгаж торгоод л яваад байдаг улс гэж бодоод байдаг. Тийм биш. Бидний мэддэг зүйлийг тэд мэдэхгүй байж болно. Тэдний мэддэг зүйлийг бид мэддэггүй байж болно. Тэр бүхнийгээ хамтран шалгаж үзээд, мэдэх мэдэхгүйгээ хэлэлцээд нэг шийдэлд хүрэх нь чухал гэв.
Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид Хүүхдийн паркийн үйл ажиллагааг шалгаж байгаа бөгөөд тоглоом тус бүрийг нэг бүрчлэн шалгах аж. Мэргэжлийн хяналтын шалгалт орсон гэхээр болохоо байж байгаа газар мэтээр өрөөсгөл ойлгох хүмүүс гарч ирж байгаа гэнэ. Тийм болохоор шалгалт дууссаны дараа олон нийтэд хамтарсан мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Хүүхдийн парк оргил үедээ өдөртөө 4000 орчим хүнд үйлчилдэг юм байна. Гэхдээ баяр ёслол гэлтгүй бусад энгийн өдрүүдэд ч хүний хөл тасрахгүй. Өчигдөр паркийн задгай театрт Монголын сурагчдын холбооныхон клубийн үйл ажиллагаагаа тайлагнаж нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа.
Үндэсний соёл амралтын хүрээлэн 80 гаруй тоглоомтой. Ерөнхий инженер нэг, механик инженер хоёр, дөрвөн засварчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тоглоом тус бүр дээр ахлах оператор нь даргална. Жишээ нь, галзуу хулгана тоглоомын удирдлагын өрөөнд ахлах оператор нь сууж байхад хоёр ажилтан суудлаа эзэлсэн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, бэхэлгээ, бүсийг нь хийж өгнө. Энэ үед ахлах оператор үйлчлүүлэгчдэд хандан зөвлөгөө өгнө. Хөдөлмөр хамгааллын инженер Ц.Баатарсүрэн тоглоом тус бүрийг өглөө хэрхэн шалгаж, ажиллахад бэлтгэдгийг тайлбарлалаа. Тойрог зам буюу галзуу хулганыг инженер, механикууд нэг бүрчлэн шалгаж байж ажиллуулна. Ингээд тусгай дэвтэрт эд анги тус бүрийг шалгаснаа тэмдэглэдэг юм байна. Тоормосны аппарат, гэрэлтүүлэг, цахилгаан, суудлын даруулга, компрессор, компрессор мотор, гинж, гидрийн аппарат, шланк, дугуй, хийн цлиндр, шланк, турба, эрэг боолт, тосолгооны масло, замын гагнаасыг нэг бүрчлэн шалгадаг гэж байлаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржоос шалгалтын талаар тодруулахад “Галзуу хулгана тоглоомонд үүссэн нөхцөл байдлаас үүдэн шалгалт явуулж байна. Томоохон хэмжээний шалгалт явуулахаар болсон талаараа бид тухайн үед нь олон нийтэд мэдээлсэн. Тус хүрээлэнгийн бүх тоглоомыг шалгана. Уг нь энэ жилийн манай төлөвлөгөөнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр тусгагдаагүй байсан. Үүссэн нөхцөл байдлаас улбаалан ийн шалгаж байна. Манай газарт паркийн тоглоомын байцаагч байдаггүй ч энэ чиглэлд мэргэшсэн хүмүүс бий. Одоогоор тоглоомын байцаагч гэх тусгай хүн гаргахааргүйгээр тэдгээр байцаагч нар маань ажиллаад болж байна” гэсэн тайлбарыг өглөө.
Тус паркаар үйлчлүүлж байсан хүүхдүүд, залуустай уулзлаа. Паркийн тоглоомуудын аюулгүй байдалд хэрхэн итгэдэг талаар нь сонсоход “Шинэ парк нь найдвартай гэж дуулсан. Хэзээ билээ “Галзуу хулгана” нь гацсан гэж сонссон. “Галзуу хулгана” дээр нь тоглохгүйгээр бусад дээр нь тоглож болно шүү дээ” гэцгээж байлаа.
Манай монголчуудыг анзаараад байхад ихэвчлэн Галзуу хулгана, Дээрэмчний завь гэх мэт хурд, эрчтэй, зарим хүнд эрсдэлтэй гэмээр санагддаг тоглоомуудыг сонгодог гэнэ. Бүр хийморио сэргээе гээд “Галзуу хулгана”-ыг сонгож тоглодог залуус ч байдаг юм байна.
Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ