Categories
мэдээ спорт

Спорт гар бууны төрөлд О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ

 Буудлагын насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалын медальтнууд өчигдөр тодорлоо. 25 метрийн спорт гар бууны дасгалд 21 тамирчин өрсөлдсөнөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа алтан медаль хүртэж, ОУХМ Ө.Өлзийням, ОУХМ Ц.Мөнхзул нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. 

Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн шинэчилсэн дүрмээр явагдаж байгаа бөгөөд шигшээд шалгарсан найман тамирчин хоорондоо халз өрсөлдөх юм. Финалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Ө.Өлзийнямтай өрсөлдөж, 9:7 харьцаатай ялалт байгуулсан бол ОУХМ Ц.Мөнхзул 8:0-оор ОУХМ Т.Баярцэцэгийг ялжээ. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хийн гар бууны 10 метрийн дасгал болж, медальтнууд тодорно. Тэмцээн ирэх бямба гаригт буюу наймдугаар сарын 16-нд өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн хамгийн орлого ихтэй ажил

 “Wall street journal” сэтгүүлээс энэ оны хамгийн өндөр цалин хөлстэй 120 ажлыг танилцуулжээ. Хамгийн сонирхолтой нь дээрх 10 мэргэжлийн долоо нь эрүүл мэндийн салбарынх байна. Жагсаалтын нэгдүгээрт жилийн 233.150 ам.долларын орлогоор мэс заслын эмч тэргүүлжээ.  

2. Физикч /жилийн орлого нь $187,200/

3. Сэтгэл мэдрэлийн эмч /жилийн орлого нь $178,950/

4. Шүдний гажиг заслын эмч /жилийн орлого $149,310/

5. Шүдний эмч /жилийн дундаж орлого $146,340/

6. Газрын тосны инженер /жилийн дундаж орлого $130,280/

7. Агаарын тээврийн зохицуулагч /жилийн дундаж орлого $122,530/

8. Эмийн санч /жилийн дундаж орлого $116,670/

9. Тавхайн өвчин анагаагч эмч /жилийн дундаж орлого $116,440/

10. Хуульч /жилийн дундаж орлого $113,530/

М.Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Данзангийн Нямаа: Хайр байгаа цагт хүн гэрэлтэж оршдог шүү дээ

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаатай ярилцлаа.


-Дөрвөн улирлын хамгийн таатай сайхан зун цаг таны онгодыг хэрхэн хөглөж байна даа. Шүлэг найргийн сониноосоо хуваалцахгүй юу?

-Зун бол өөрөө цэцэглэсэн их гоё улирал шүү дээ. Монгол хүн улирлаа дагаж сэргэдэг, улирлаа дагаж гуньдаг улирлаа дагаж ургадаг ийм л улс. Энэ зун миний хувьд уран бүтээлийн сайхан хуртай нэгэн зун үргэлжилж байна. Монголын радиогийн маань наян жилийн ой энэ жил тохиож байгаа. Би радиод гучин дөрвөн жил ажиллачихсан байна. Радиод хийсэн найруулал, тэмдэглэл, сурвалжлага, радио жүжиг, радио хөрөг, радио зураглалуудаа сонсогчдод хүрдэг радиогийн яг тэр хэлбэрээр нь хөгжимтэй нь, ярианых нь бичвэрийг бүтнээр нь эмхэтгээд нэг ном бэлэн болгочихлоо. Үүнээс гадна би нэг их сайхан, баяртай гэдэг юм уу өөдрөг хийдэг нэг ажилтай болсон. Тэр бол “Улирал ба зохиолч” нэртэй улирал тутам гардаг уран зохиолын шинэ сэтгүүл эрхлэн гаргаад эхний хоёр дугаарыг нь уншигчдадаа хүргэчихээд байна.

Эхний дугаарыг нь хавар гаргасан. Зуны дугаараа сая гаргалаа. Үүндээ нэлээн хөөрхөн цаг зав зарцууллаа. Бас их баяртай байгаа. Уншигчид маань үнэхээр уран зохиолыг шимтэн унших ийм сайхан айсуй цаг ирж яваа нь илт мэдрэгдэж байна. 

-Тийм гэж үү?

-Яагаад гэвэл, “Улирал ба зохиолч” сэтгүүл маань гараад удаагүй ч гэсэн сая захиалгад орсон. Юуны өмнө сэтгүүлийг маань захиалсан хорин нэгэн аймаг, нийслэлийн номын сангуудын захирлуудад талархсанаа илэрхийлье. Номын сангуудын хувьд үйлчлүүлэгч уншигчдадаа барьж байгаа бас нэг сайхан бэлэг болж байгаа байх гэж би бэлгэшээж байгаа юм. Цаашид манай зохиолчид, уран зохиолд дуртай уншигчид нэлээн хүлээдэг, дуртай сэтгүүл болох байх аа гэж бодож байгаа. Зохиолчид маань нэлээн ам сайтай байна. Туужаа, шинэхэн найраглалаа өгч байна. Ховор нандин зургаа өгч байна. Бие биедээ бичсэн, уншигчдаас өөрсдөд нь ирсэн өвөрмөц нандин захидлуудаа өгч байна. Нэлээн сонирхолтой сэтгүүл гарахад зохиолчид өөрсдөө их хувь нэмэр оруулж байгаа. Эхний дугаарт гэхэд л манай Очирбатын Дашбалбарын захидал гарсан. Их гоё захидал. Арван долоохон настай, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн ажилчин хүү Монголын радиогийн сэтгүүлч, яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатарт захидал бичиж, найман мөрт, найман шүлгээ явуулж байж. Тэгэхдээ арван долоотой хүү “Яруу найргийг дүү нь зүгээр нэг сонирхсон биш, амьдралынхаа жинхэнэ утга учир болгохоор зорьсон” гэж бичсэн байгаа юм. Арван долоотой ажилчин хүү хөдөөнөөс яруу найрагчид тийм захидал бичээд тэр захидлынхаа хэлсэн үнэ цэнд хүрч амьдарна гэдэг үнэхээр гайхамшигтай. Магадгүй тэр үед Дашбалбартай уулзаад тэгж ярьсан бол бид үнэмшихгүй ч байсан байж мэднэ. Гэтэл тэр яг хэлсэндээ хүрч яруу найргийн төлөө амьдарч, бадарч, гэрэлтэж, ая эгшиг болж цуурайтаж явсан ийм амьдралтай хүн шүү дээ. Энэ мэтчилэн сонин содон ховор нандин захидлуудыг хүмүүс бидэнд өгч байна.

-Өөр ямар захидлууд танд байна? 

-Хоёр дахь дугаарт маань манай Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч хэмээх Данзангийн Нямсүрэн соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Даваадаш гуайд бичсэн захиа гарсан. Энэ захиандаа Нямсүрэн Зохиолчдын эвлэлд элссэн тухайгаа сэтгэл хөдөлмөөр бичсэн байгаа юм. Зохиолчдын эвлэлд элсэнэ гэдэг зохиолч хүнд ямар их өндөр босго, ямар их баяр хөөр, ямар их аз жаргал, ямар том урам байдгийг тэр захиандаа бичсэн байна. Ухаандаа, Нямсүрэн, өгүүллэгийн нэрт мастер Дашзэвгэ, Балжирын Догмид гурав нар хамтдаа нэг өдөр элсч байсан байна шүү дээ. Гэх мэтчилэн сонирхолтой баримтууд их байх юм. Туужууд гэхэд л эхний дугаартаа Санжийн Пүрэвийн “Аргагүй амраг” гэдэг сайхан тууж нийтэлсэн бол, хоёр дахь дугаартаа До.Цэнджавын “Өнцөгдсөн сэнтий” гэдэг тууж нийтэллээ. Найраглал мөн тавьж байгаа. Өнөөдөр утга зохиолд найраглал, тууж хоёр жаахан ховордчихоод байгаа учраас энэ хоёр төрлийг дэмжих үүднээс би байнга сэтгүүлдээ найраглал, тууж нийтлээд байгаа л даа. Гадаадын уран зохиолын шилдэг бүтээлүүдээс нэлээн сайн тавьж байгаа. Нобелийн шагналтнуудын өгүүллэгүүд, утга зохиолд шинэчлэл хийсэн, янз бүрээр хэлүүлж явсан зохиолчдын бүтээлээс Жойсоос эхлээд тавьж байна. Манай орчуулагч нар бас сайн хамтарч ажиллаж байна. Сонгодог зохиолчдын зөвхөн ярилцлагуудаас бас тавиад эхэлсэн. Маш сонирхолтой ярилцлагууд байна. Далан дөрвөн онд дэлхийн уран зохиолын том том сэтгүүлд тухайн үедээ өгч байсан ярилцлагуудыг өнөөдөр уншихад цоо шинээрээ байна. Уран зохиолын тухай гайхалтай үгсийг, чиг хандлагыг тодорхойлж байгаа. Тэр чиг хандлага өнөөдөр ч бидэнд хэвээрээ байгааг тэр захидлуудаас харж болно. Эхний дугаараа гаргах гэж байх үед Нобелийн шагналт Габриэль Гарсиа Маркес нас барсан, тэр их зохиолчийг үдэх үдэлтийн өдрүүд үргэлжилж байсан. Энэ  үйл явдлыг тохиолдуулаад Маркесын ярилцлагыг тавьсан.  Маркесын сэтгүүлчийнхээ хувьд хийсэн сүүлчийн ярилцлага нь. Японы нэрт кино найруулагч Курасаватай хийсэн их сонирхолтой ярицлага л даа. Тэр хоёр том хүний ярилцлага гэдэг чинь гайхалтай сонин. Хоёр дахь дугаарт Жан Поль Сартрын ярилцлага гарсан. Америкийн “The New York times book review” сэтгүүлд 1975 оны наймдугаар сард өгсөн энэ ярилцлагадаа Сартр Камюгийн тухай ярьсан байгаа шүү дээ. “Камю бол миний сүүлчийн сайн найз байжээ” гэж. Ер нь би утга зохиолын нэлээн мэргэшсэн сэтгүүл гаргая гэж бодоод байгаа. 

-Хайрын шүлгүүд тань хэрхэн үргэлжилж байгаа вэ. Данзангийн Нямаагийн хайрын шүлгүүд гэж таны уран бүтээлийг хүмүүс бүхэлд нь онцолдог?

-Нэгэн насны маань, надаас салшгүй оршигч тийм зүйл байна л даа. Зарим хүмүүс шүлэг минь баяртай л гэдэг. Янз янзаар ханддаг. Би бол тэгж чадахгүй юм шиг байна. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр би “Зүрхэн тольтын цаглабар буюу хайрын шүлгүүд” гэж гучин жил бичсэн хайрын шүлгийн эмхэтгэлээ гаргасан. Уншигчдадаа бас л хөөрхөн хүрчихлээ. Манай үеийнхэн ч, утга зохиол судлаачид намайг голдуу хайрын шүлэгч гэж онцолж бичих юм. Энд тэнд уулзалт дээр ч хайрын шүлэгч л гэдэг юм. Ер нь ч миний шүлгүүд гол төлөв хайрын шүлгүүд л дээ. Хайр гэдэг бол хүн төрөлхтөн оршихуйн учир шүү дээ. Хайр байгаа цагт хүн гэрэлтэж оршино гэж би боддог юм. Хайр гэдэг бол гайхалтай юм шүү дээ. 

-Бүсгүй хүнд сэтгэл алдрах тохиол танд олон байв уу? 

-Олон дурлахаас илүүтэй олон бүсгүйн гоо сайхныг мэдэрсэн, тэднээс гэрэл гэгээг олж авсан, гоо сайхныг олж харсан бүсгүйгээр дамжуулж өөрийгөө нээсэн, бүсгүйгээр дамжуулж энэ ертөнцийн сайхныг мэдэрсэн гэж хэлбэл илүү зохино. Ер нь бүсгүй хүн бол энэ ертөнцийн гоо сайхны тодорхой илэрхийлэл, тусгал шүү дээ. Бүсгүй хүнээс би энэ ертөнцийн гэрэл гэгээ, гоо сайхан, ая данг олж авдаг. Олж авах болгондоо шүлэг бичдэг. Бичсэн шүлэг маань тухайн агшны үзэгдэл, тухайн агшны хөгжим, тухайн агшны таталбар болж сэтгэлд буудаг л даа. Хайрын шүлгүүд хэзээд маш хүчтэй сэтгэл хөдлөлөөс гарч байдаг. Тийм учраас хайрын шүлэг хүнд их сайн хүрдэг байх. Хайрын шүлгийг олон хоног бодож бичдэггүй. Нэг тийм хайрын шүлэг бичнэ дээ гэж бодож байж бичихгүй шүү дээ. 

-Зохиолч Б.Золбаяр уран зохиолын нөхөдтэйгөө Богд уулнаа аялсан тухай нэгэн тэмдэглэлдээ таныг гайхалтай торгомсог нарийн зураглаж бичсэнийг санаж байна уу. Тэр дүр дүрслэл, агаар амьсгал санаанаас ер гардаггүй. Таны тэр эмзэг нандин дотоод ертөнцийн гадна орхигдох юмс ер нь бий юу?  

-Ер нь их л хүүхдээрээ хүн л дээ, би. Ихээхэн сониуч. Юмыг жигтэйхэн шинээр харна. Амархан баярлана, тэгээд жигтэйхэн догдолно. Хаврын улиралд гэхэд үргэлж л гэгэлзэнэ. Догдлонгуй л хүн юм уу даа. Заримдаа уярна, уйлна. Байж байгаа маань өөртөө төвөггүйгээр л байдаг гэх юм уу даа. Шаналлаа ч гэсэн ямар нэгэн юмнаас дандаа гэрэл гэгээг олж харж байдаг ийм л хүн шүү дээ. Би ер нь гунихаасаа илүү баяр хөөр гэх юм уу, юм  бүхнээс л гэрэл гэгээ олж хардаг юм. Амьдралаас дандаа сайн сайхан нь надад түрүүлж мэдрэгддэг. Сүүдэр гэж байдаг бол түүнийг нь сүүлд нь олж харна даа. Шууд муу талыг нь, сүүдрийг нь, шүүдрийг нь олж харахгүй шүү. 

-Сэтгэлийн хөдөлгөөн хүний нас дагаж өөрчлөгд­дөг болов уу. Яруу найраг­чийнхаа хувьд та юу гэж бодож байна?

-Нас ахихаар сэтгэл хөдлөл багасдаг гэдгийг би ойлгодоггүй. Шинжлэх ухаанаар тэгж дүгнэдэг байж болох юм. Харин ч нас ахихын хэрээр сэтгэл хөдлөл илүү торгон нарийн болдог. Залуу насандаа бичиж байсан хайрын шүлгээс одоо бичиж байгаа хайрын шүлэг арай илүү нандин болоод байгаа юм уу гэж бодож байгаа юм. Нандин, эрхэмсэг, мэдрэмж гүнзгий. Магадгүй, өөрөө гоё сайхнаас алсрахын хэрээр гоё сайханд илүү их татагддаг бололтой юм, хүн. Тийм учраас сэтгэл хөдлөл өөрөө улам тунгалагшдаг. Залуу цагийн сэтгэл хөдлөл өнгөцхөн гэх юм уу даа.. Одоогийнх харин илүү тунгалаг тодорхой, илүү хөгжимлөг болж байгаа байхгүй юу. Магадгүй, миний дотор байгаа гэрэл гэгээ, тэр хөгжимлөг анир чимээ надаас өдөр тутам холдож л байгаа. Тэр холдож байгаа бүхнийг би сайхан бүсгүйчүүдээс, цэцэг ногоо, тэнгэрийн цэлмэгээс, үүлсийн бужгараас нөхөж аваад байгаа байх. Тиймдээ нас ахих тусам сэтгэл хөдлөл улам илүү болж байгаа юм болов уу даа. Хүн туулсан амьдрал, зам мөрөөсөө дандаа шинэ юм олж харж байдаг. Урдаасаа ч хойноосоо ч шинийг л олж харна. Тиймдээ хүмүүсийн дурсамж болгон үргэлж өнгөлөг байдаг шүү дээ. 

-Хүмүүсийн ховор нандин захидлуудын тухай та сая сөхлөө. Танд өөрт тань захидал хэр олон бий вэ?

-Би арваад жилийн өмнө “Захидал  бүхэн хариутай” гэсэн нэртэй захидал ойллого гэж ном гаргасан юм. Шүүмжлэгч нар захидал дурсамж гэсэн нэр томъёо өгөөд байгаа юм. Тэр ном маань уншигчдад маш хурдан хүрсэн. Надад ирсэн захидлуудаар бичсэн ном л доо. Гэхдээ тэр захидлуудаас үүдээд бичихгүй юу. Ер нь тэнд би нэг ийм гаргалгаа хийсэн л дээ. Хүн бол бурхнаас ертөнцөд илгээсэн захидал юм байна. Бидний амьдарч яваа маань тэр бурхан юм уу тэнгэрт илгээж байгаа хариу захидал юм аа. Тэгэхээр бидний амьдрал бол их гүн утга учиртай шүү. Бид тэнгэр бурхандаа бичиж байгаа энэ захидлаа утга учиртайхан бичих ёстой гэсэн санааг гаргаад, тэгээд захидлын тухай орсон байгаа. Миний анх зургадугаар ангийн жаахан хүүхэд анхны хайрын захидал бичиж байгаа тухай, тэр захидлын тасархай нь хүртэл байх жишээтэй. Миний анхны номыг уншсан уншигчдаас ирсэн захидал, ээждээ бичсэн захидал гээд бүх захидлуудаа эвлүүлээд дурсамж маягийн ном гаргасан минь тэр. 

-Европт залуучууд ч гар бичмэл захидлыг цахимаас илүүд үзэх болсон нь чамгүй хэдэн жилийн өмнөөс анзаарагдаж эхэлсэн л дээ. Манайхан харин нэг их тоодоггүй?   

-Ер нь ингээд та бид хоёрын ярьж суугаагаас илүү захидлаар харилцан ярилцах нь илүү гүн гүнзгий, утга учиртай, илүү элгэмсэг дотно байдаг. Яагаад захидал бичихдээ хүн тийм илэн далангүй, тийм өөрөөсөө, тийм зүрхнийхээ аглагаас байдгийн утга учрыг бид ойлгохгүй байх. Гэхдээ ямар ч хүн ярьж сууснаасаа илүү нандин зүйлсийг, хамаг байдгаа нээдэг. Одоо бол даанч цаг хугацаанаасаа болоод хүмүүс бие биедээ захидал бичихээ больсон байна. Цахим шуудангийн захидлыг  цаасан дээр бичдэг тийм дотно, тэр бичиг үсгийн хэв маяг, цаасны үнэр, холоос нисч ирсэн тэр олон хоногийн хүлээлт тээсэн гар бичмэлтэй яаж зүйрлэх билээ. Тэгээд зарим нь захидлаа бичиж байгаад уйлах нь хүртэл бэх нь нүүчихээд ирдэг шүү дээ. Бэх нь нүүсэн үгийг уншиж байгаа хүнд үгийг нүдээрээ, зүрх сэтгэлээрээ мэдэрч байгаа тэр зүрх сэтгэл ямар байх вэ, тийм ээ. Цахим захидал бол хүнд хүрэх нь хүрдэг л байх. Гэхдээ би бол бие биедээ гоё захидал бичиж байхыг уриалмаар санагддаг юм. Захидал бичнэ гэдэг чинь өөрийгөө нээнэ гэсэн үг шүү дээ. 

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

И.Штрауссын “Сарьсан багваахай”-г хөдөөгийн театрт тавина гэдэг том үзэгдэл

Дуурийн найруулагч, хөгж­­мийн  зохиолч Г.Эрдэнэ­баатартай ярилцлаа.


-Энэ зун та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Иоханн Штрауссын “Сарь­сан багваахай” гэж дэлхийн сонгодог оперетта байдаг. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт энэ опереттаг тавих гэж байна. Дуурийн театрт би энэ жүжгийг  2009 онд тавьж байсан юм. Хөгжмийн урлагийн цоо шинэ төрөл. Монголд анх удаа оруулж ирсэн. Манайх энэ төрөлд бэлтгэгдээгүй байсан ч бид тодорхой түвшинд тавьсан  юм. Энэ оперетта Монголын зүүн хязгаарын хөгжимт драмын театрт тавигдах гэж байна гэдэг үнэхээр энэ жаранд гарч байгаа том үзэгдэл. Хөдөөгийн театрт дэлхийн сонгодог оперетта тавина гэдэг манайхан анзаа­рахгүй байж магадгүй ч дэлхийн бусад орны хүмүүс үнэмшихгүй байж мэдэх асуудал. Гэтэл манайд үүнийг тавих нөхцөл нь  хэдийгээр хүн хүч багатай ч гэсэн байна. Зургадугаар сард Дорнодод очиж, дуурийнхаа сургуулилтыг хийгээд, уран бүтээлч, удирдаач нар нь бүх ойлголтуудаа аваад, үндсэндээ бэлтгэл хангагдсан. Тэгээд есдүгээр сард Дорнодод тавихаар төлөвлөгдсөн юм. Дорнодын театрынхан ажилдаа орчихсон байгаа. Би бол есдүгээр сар гаргаад тавих гэж очно. Энд ганц асуудал байгаа нь хүн хүч дутмаг. 

-Хөдөө орон нутагт заа­вал дуурийн дуучин бэлт­гэх шаардлагатай юу. Бэлт­гэгдсэн хүмүүс нь тодорхой хугацаанд урилгаар очиж ажил­лах хэлбэр байж болох уу?

-Аймаг болгонд дуурь тавих боломж байхгүй. Боломжтой цорын ганц аймаг Дорнод юм билээ. Дорнод аймагт симфони оркестр үүсч хөгжөөд гучин таван жил болж байна. Хөгжимчдийн бүрэлдэхүүн, дуучид багатай. Найрал дуучид байхгүй. Бүжигчид төрөл бүрийн бүжиг бүжиглэж байгаа ч сонгодог бүжиг бүжиглэж байгаа бүжигчин ховорхон. 

-Яагаад “Сарьсан багваахай”-г Дорнодын театрт тавихаар сонгов?

-Энэ сонголтыг би хийгээ­гүй. Энэ сонголтыг театрынхан өөрсдөө хийсэн юм л даа. Надад санал болгосон юм. Би бол одоо Монголд ажиллаж байгаа мэргэжлийн ганц хүн шүү дээ. Хүлээж авахгүй гэх эрх надад байхгүй л дээ.  Авахдаа итгэл муутай байсан. Гэхдээ энэ бол жинхэнэ опера  буюу дуурь биш. Оперетта гэдэг маань дуулдаг ярьдаг, холимог хэлбэр. XIX  зуунд гарсан  дуурийг хөнгөвчилсөн хөгжмийн жүжиг. Дуурийг ахуйн болгож өгсөн. Дуурь голдуу түүхэн баатарлаг домог туульсын сэдэвтэй байдаг.   Энэ бол ахуйн сэдэвтэй нийгэмд байгаа хүмүүсийн амьдрал, гэр бүлтэй холбоотой хөгжмийн төрөл. 1850 онд баруун Европт орж ирсэн төрөл байгаа юм. Монголд энэ төрлийг мэддэггүй, огт байхгүй байсныг  бид 2009 онд оруулж ирснээс хойш хүмүүс мэддэг болсон. Ялангуяа хөдөө орон нутгийнхан, зүүн бүсийнхэн энэ бүтээлийг үзэхэд ямар ч хүн ойлгох боломжтой хөнгөн бүтээл учраас би дэмжээд ажиллахаар зөвшөөрсөн юм.

-Дутуу байгаа уран бүтээлч­дээ яаж нөхөж байгаа вэ?

-Хөгжимчдийн бүрэлдэ­хүүн дутуу байна. Байгаа бүрэлдэхүүн тодорхой түв­шинд дуугарч чадна. Дээр нь хөгнүүд дутагдаж байгаа.  Найман хийл байх ёстой байхад дөрөв ч байдаг юм уу  үлээвэр хөгжим гэхэд зургаа байхаас гурав нь байгаа. Хөгжим бүжгийн  коллежийнхон зун тэнд дадлага хийдэг юм байна. Хөгжим бүжгийн коллежийнхон Дорнодын театртай хамтарч маш сайхан ажил хийж байгаа юм билээ. Хүүхдүүдээ зун аймгийн театрт дадлага хийлгэдэг. Тэнд байгаа хүүхдүүд аймгийн театрын уран бүтээл дээр хамтарч ажилладаг.  Энэ жилийн хувьд дуурийн ажил ороод ирсэн учраас  маш том дадлага  болсон. Хөгжмийн ангийн зургаан хүүхэд  дуулаачийн ангийн 19 хүүхэд тэнд очиж дадлага хийсэн. Дуулаачийн ангийн 19 хүүхэд дуурийн арын  найрал дууны бүрэлдэхүүнийг бүрэн орлож чадах нь харагдсан. Хөгжим бүжгийн коллеж тэр хүүхдүүдийг дуурьт  тоглуулахад анхаарах учиртай. ССАЖЯ тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна лээ. 

-Дуурийг олон нийтэд хүргэх гэж хичээх ёстой юм уу эсвэл дуурь үздэг хэсэгт зориулаад уран бүтээлээ хийх ёстой юу?

-Дуурь өөр рүүгээ юуг татдаг юм гэхээр элит ухамсартай, элит түвшний оюунтай хүмүүсийг татдаг. Элит гэхээр манайд буруу ойлголт явдаг. Эсвэл удам угсаагаараа  язгууртан юм уу эсвэл мөнгөтэй баян хүнийг элит гэж ойлгодог. Маш буруу ойлголт. Элит хүн гэдэг нь нийгэм дотор өөрийн ухамсар,  оюун ухаан бүх юмаар өндөр түвшинд явдаг хүнийг хэлж байгаа юм. Малчин гаралтай элит хүн байж болно. Амьдралын түвшнээр бус толгойн түвшнээр элит гэдэг. Элит гэдэг маань ёс суртахуун гоо зүйн мэдрэмж, харьцааны соёл гэх мэт маш олон чанарыг шаарддаг.   Энэ урлаг ийм элитүүдийн дунд л үүссэн. Өмнө нь элитүүд ихэс дээдсийн хүрээнд л байсан  даа. Энэ түвшинд үүссэн урлаг учраас өндөр  түвшний зохион байгуулалт, оюун шаарддаг урлаг.  Энэ хүрээнд орж ирсэн хүмүүсийг энэ урлаг гадуурхахгүй.  Орж ирээгүй хүнийг гуйж гүйхгүй урлаг. Гудамжны урлагтай энэ урлагийг хольж хутгаж болохгүй. Сая маш том андуурал ташаарал гарлаа. Үүнийг хэлэх  хүн гарсангүй. Энэ урлаг талбай дээр гараад тоглож байхад энэ буруу гэж хэлсэнгүй.  Сонгодог урлагийг ард түмэнд ойртуулна гээд гудамжинд гаргаж болохгүй шүү дээ. Моцарт  Бетховен, Гайдн, Чайковский, Верди, Пуччини  гудамжны урлаг бүтээгээгүй. Энэ урлагийн үнэ цэн асар өндөр. Энэ урлагийн туулсан зовлон их. Энэ урлагт өөрийгөө зориулах гэж олон суутан амьдралаа золиосолж байсан. Энэ урлагийг гудамжинд гаргачихаад юм хийж байна гэж болохгүй.

-Та одоо хөдөө орон нутгийнханд зориулж уран бүтээл хийж байна.  Сонгодог урлагийг хүлээж авах хүн хэр олон байх бол?

-Мэргэжлийн хүмүүс оролцсон үед зохион байгуулалт нь зөв болно л доо.  Их урлаг гэгдэх сонгодог урлагт бас гудамжинд тоглож болох номер байдаг. Хүн төрөлхтөнд хүрсэн. Гудамж гэдэг чинь агаар, чийг шүү дээ. Гадаа тохирдог тохирдоггүй хөгжмүүд байна.  Бүтэн бүрэлдэхүүнээр нь гадаа тоглуулж болохгүй. Тодорхой нөхцөл бүрдүүлж байж тоглож болно. Улаан талбайд тоглож байсан. Барууны оронд сонгодог урлагийг гадаа тоглосон байдаг. Цаг агаар, нөхцөл асар олон юмыг тооцоолж байж гудамжинд тоглодог юм билээ. Мэргэжлийн хүмүүсээр нь шийдүүлэх учиртай. Миний тавьсан жүжиг сонгодог урлаг дотроо олон нийтэд хүргэх боломжтой урлаг.   Пуччинийн “Чио чио сан”-г би хаа хамаагүй газар тавьж болохгүй. Тэртэй тэргүй хүн ирэх ч үгүй. Түүхэн баатарлаг явдал энд байхгүй. Нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн ёс суртахууны асуудал энд хөндөгддөг. Гэр бүлийн харилцааны хэсгийг харуулсан.  Маш  гоё хөгжимтэй, дундаа драмын хэсгүүд, бүжигтэй. Тэгсэн мөртлөө хүн төрөлхтөнд сонгодог гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл. Энэ бол дэлхийн ямар ч хүнд хүрч болох урлаг учраас дорнодчууд хүлээж авна. Наана нь Сүхбаатар, Хэнтий аймаг бий.  Зөв сайн хүргэж чадвал олон нийтэд хүрдэг төрөл. 

-Сонгодог урлагийг гудамжинд гаргахдаа  урлагийг ардчилахыг хүссэн байж болно. Элитийн урлагийг  жирийн олонд ийм юм байдаг гэж харуулахыг хүссэн сайхан санааны үүднээс ийм шийдвэр гаргасан байж магадгүй?

– Бид олон нийтэд хандаж байсан. 1980-1990 он хүртэл манай дуурийнхан бүгд гардаг байлаа. Дуурийн жижиг хэсэг, ари, жижиг үзэгдлийг аваад Улаанбаатарын бүх үйлдвэр албан газрууд, сургуулиар тоглож явдаг байлаа. Тэр чигээр нь тойрч байсан. Голдуу хөдөө орон нутгийн театрууд, нэхмэлийн үйлдвэр энэ тэрээр тоглож байсан. Сонгодог урлагийг тэр хүмүүст аваачсан  нь үнэн. Тэр хүмүүст үнэхээр хүрсэн бол театр руу ирэх л ёстой байсан. Ирээгүй л байхгүй юу. Өөрийгөө элит түвшинд хүргэсэн хүмүүс театрт ирээд байгаа юм. Тэдний үр хүүхэд удам угсааныхан  үнэ цэнийг нь мэдрээд, үнэлээд ирдэг болсон байхгүй юу.  

-Та уран бүтээлч хүний хувьд хийхийг мөрөөдөж байгаа ажил байгаа юу?

-Дуурийн найруулагчийн­хаа хувьд би тухайн үед засгийн бодлогоор бэлтгэгдсэн хүн. Ерээд оноос хойш тэр бодлого байхгүй болсон л доо. Бүх насаараа сонгодог урлагт зүтгээд, чаддаг юмаа хийнэ гэж бодсон. Тухайн үеийн улс төр нийгмийн байдлаас болоод болохгүй бүтэхгүй юм асар их байсан л даа. Би өөрөө уран бүтээлч хүн, эрх мэдэлтэй биш боло­­хоор хайхрахгүй унаж, эсрэгээрээ эргэж явсан юм зөндөө бий. Эцсийн эцэст энэ Дуурийн театрын мэргэжлийн бүтэц зохион байгуулалтыг  дэлхийн стандартын дундаж хэмжээнд хүргээд миний хугацаа дуусах юм байна гэж тооцоолж байсан. Дуурь дээр ажилладаг бүтэц зохион байгуулалт гэж байх ёстой. Тэр зохион байгуулалтыг арай л хийж амжаагүй дээ.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шувтарсан цагаан бумба буюу өлөн үнэгний үлгэр

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Америк долларын ханш унаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар доллар унах ба хятад юань болон еврогийн ханш өсөх үзэгдэл цаашид бас үргэлжлэх бололтой. Банкинд мөнгөө доллароор хадгалсан хүмүүс үүнээ төгрөг, эсвэл юань болгож байгаа, энэ нь хэнд ч ойлгомжтой алхам. Үүнийг диллер буюу арбитражийн гүйлгээ гэнэ. Ерээд оны эхээр диллерийн эргэн тойронд ямархуу хийрхэл улс орон даяар өрнөж байсныг санацгаая. Банкны хэдэн залуус ардчиллыг эхлүүлж байгаа юм болоод араар нь Чингэсийн үеэс үлдээсэн дөрвөн тонн алтыг тавьж байгаад диллер хэмээх муушиг маягийн мөрийтэй тоглоом тоглоод тавиад туучихжээ. Ийм л ойлголт байсан. Диллер хийж байх тогтоол аль 1986 онд УТТ-оос гарсан, угаасаа алив улс болоод банк арбитражийн гүйлгээ хийж байх ёстой, 4 тонн алтыг заавал цэвэршүүлдэг болоод л Лондон ачуулсан, алдагдал манай техникийн хоцрогдлоос болсон болохоос ардчиллаас болоогүй гэх мэтийн ердийн үнэн үг хийрхлийн их чимээнд дарагдаад огт сонсдохгүй байлаа. Сүүлдээ энгийн үнэнийг ч мэдэж байгаа нэг нь хэлэхээсээ айж, дарга нар нь угаасаа арбитражийн гүйлгээг “буруу” зүйл гэж зөвшөөрөн биенээ яллаж гарах нь тэр. Үүнээс болоод 1997 он хүртэл Монгол Улс арбитражийн гүйлгээ хийгээгүй ба алтаа ч гадагш нь гаргаж цэвэршүүлэхээс айж бохироор нь подволд хадгалах болов.  

Өнөөгийн түвшингээс харвал хэмжээ нь ч Баян­хонгор, Өвөрхангайн нинжа нарын жилдээ ухдаг алт. Мон­гол банк алт гаргаж цэвэршүүлдэг, диллер хийдэг нь ч хэний ч сонирхол татахгүй зүй ёсны үйлдэл, алттай байх доллартой байх нь адил зүйл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Төвөг, энд банк санхүүгийн реформ, казиногийн хийрхэл зэргийг дахиж жишээнд татаад хар яршиг. Уул уурхайн салбарыг тойрон өдгөө үүсээд байгаа хийрхэл нь дээрх явдалтай харьцуулахад зүйрлэшгүй том, үлдэх хор холбогдол нь асар их, цаад явуурга нь илүү хорлонтой, тэр үеийг бодвол илүү зориудын зохион байгуулалт, өдөөлттэй эд юм. Гэхдээ нийгэм ингээд хийрхчихээрээ юу ч сонсохоо больчихдог. Нэгэнт өнгөрсөн юмыг “шувтарсан цагаан бумба” гэдэг, бараг л шувтраад дуусах шиг боллоо. Надад нийгмийг ухаажуулах үүрэг ч байхгүй, тэгээд ч миний хүч хүрэхгүй. Гэхдээ сүүлийн хориод жилийн бичсэн юмаа эргэж харахад илүү зөв, алсын хараатай задлан шинжилгээ хийж чадсан байдаг,  түүнээ үзээд кайф болдог юм. Ингэхээр энэ өгүүллийг хожим эргэж кайф авахын тулд өөрөө өөртөө зориулж бичлээ. “Тээр, би хэлээгүй юу!” гээд сууж байх гоё шүү дээ. Гэрчтэй байхын тулд сонинд тавих хэрэгтэй биз дээ?

1. Оюу толгойн 34 хувийг ард түмэн буюу Засгийн газар эзэмших гэж байгаа нь үнэхээр буруу. Яагаад гэвэл Засгийн газар нь бизнесийн байгууллага биш, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл аваад явж чадахгүйгээ ганц Эрдэнэтээр хангалттай баталж байна. Оросууд одоо өөрийн эзэмшил хэсгээ хувийн менежментэд шилжүүлэх гэж байна. Чингэвэл нэг талаас хувийн хэвшил нөгөө талаас авлигад идэгдсэн Монголын төр гэсэн бүр ч тэнцвэргүй хослол буй болно. Уг нь Төр татвар хурааж авах л үүрэгтэй. Иймээс 34 байтугай ганц ч хувь Төрд хэрэггүй.

2. Төр адаглаад 51 хувь авах тухай сонсголонтой эх оронч үг байнга дуулдах бо­лов. Хоёр­хон хамтрагчтай үед л 51 хувь утга учиртай байдаг. Бирж дээр гарч зарагдан олон нийтийн болсон компанийн хувьд 20-30 хувь эзэмшиж байгаа тал голлох шийдвэр гаргагч болдог аж. Тэгээд ч “эх орончид” 51 хувь байсан бол 90 хувь гэнэ, 90 байвал 100 гэнэ, 100 байвал 105 хувь гэж дайрна. Өөрөөр хэлбэл энэ нь ямар ч хувь процентийн тухай яриа биш, мөнхийн шахалт шаардлага юм. Ард түмэн баялагтай газраа метрлээд хувааж аваад хүрз барьж очоод нинжадах маягийн марзан гэхэд багадмаар ч санал хүчээ авч байна. Эсвэл нэг хэсэг нь ухаад л нөгөө хэсэг нь буюу “ард түмэн” мөнгийг нь бэлнээр хуваан авах дэндүү сайхан шударга санал ч газар авч байгаа. Хийрхэхэд эрүүл ухаан юуны хэрэг!

3. Өдгөө олон улсын стандарт буй болсон. Анх нефтиэс эхэлсэн “бүтээгдэхүүн хуваах” зарчим нь Төр зөвхөн татвараа тогтоодог ба ганц ч төгрөг гаргалгүйгээр нийт баялгийн үнийн дүнгийн 60 хүртэл хувийг авч чаддаг жишиг тогтжээ. Энэ зарчмаар үнэ өндөрсөх, баялгийн нөөц тооцоолсноос нэмэгдэх тутам Төрд ноогдох ашиг илүүтэй нэмэгддэг аж. Үүнийг олон улсын тогтсон жишиг, бизнесийн алтан дүрэм гэж нэрлэнэ. Буурай орнууд эх оронч санаачилгаараа энэхүү олон улсын жишгээс илүү “таатай” нөхцөлийг бодож олон мөрддөг учраас л  байгалийн баялаг нь тэднийг улам ядууруулдаг. 

4. Төр 34 хувь эзэмшвэл түүндээ оногдох хөрөнгө оруулалт гаргах ёстой болно. Энэ бол өнөөгийн нөхцөлд манайд ахадсан алхам. Үүнээс гадна Төр үйлдвэрлэл явуулаад эхлэхээр л дагаад авлига хээл хахууль гаарна. Юм болгоныг хэд нугалж Төрд шахдаг бизнес нэгэнт газар аван тогтсон болохоор 34 хувьд гаргах Төрийн үрэлгэн хөрөнгө оруулалтын хэмжээ нийт 100 хувьд орохоос ч өндөр байх болно. Үүнээс ч илүү гарах болов уу, учир нь улсад шахаж байгаа мөртөө дөнгөж гурав нугалдаг нэгнийг “хэт шударга маанаг” гэдэг болчоо биз дээ.

5. Сангийн яамныхны хийсэн олон улсын жишгээс гажсан энэ хуулийг ч “эх орончид” чамлаж, Төр 100 хувь авах тухай хийрхэж байгаа. Монголд өнөөдөр ийм их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө байхгүй. Дэлхийн хөрөнгийн бирж дээр босгож чадахгүй. Хавтгай болсон өнөөгийн ертөнцөд хувьцаа эзэмших гэсэн хэн ч Монголд болж буй хийрхлийг тов тодорхой харж байгаа. Ийм аймаар мөртөө хүний оруулсан хөрөнгөд тогтвортой байдлын баталгаа өгөхгүй гэж зүтгэхийг нь яана! Галзуу солиотой энэ газар руу сая сая хүмүүсийг мөнгөө хий гэж яаж ятгаж чаднаа?! 

6. Оюу толгой өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган өмчлөгчтэй болсон. Эд Монголын газар шороог биш, ирээдүйд буй болох үйлдвэрийг мөнгөө тө­лөөд хамтран өмчилж байгаа юм. Эндээс энэ дэлхийн хэн ч өмчлөх эрхтэй. Тэдэнд Монголд болж буй самууны хэн нь буруутай зөвтэй нь хамаагүй, өөрсдийн оруулсан мөнгө нь баталгаагүй болж байгааг л харж үсээ үгтээнэ. Парламентын гишүүн нь энэ хөрөнгө оруулалтаас болж Төрийн ордон руугаа дайрахыг уриалж байгаа нь тэдний оруулсан мөнгө түмбэржүржиг болсныг юунаас ч илүүтэй батлаад буй хэрэг.

7. Оюу толгойн хувьцааны ихэнхийг Рио Тенто хэмээх дэлхийн сүпэр компани бирж дээрээс авчихаад байгаа. Энэ бол өнөөх Айванхүү майнууз, Пэрдлаанд энэ тэртэй чинь зүйрлэх юм биш. Риог хөөж гаргасны дараа наашаа хэн ч зүглэхгүй. Хүнээс мөнгө зээлчихээд өрөө нэхэхээр нь шүдийг нь булгалаад хамрыг нь хавтгайлчихсан нөхрийг мэдсээр байж бусад нь яаж ч гуйгаад зээл өгч харагдаач! 

8. Монголын түүхий эдийн цорын ганц хэрэглэгч нь Хятад. Хэрэглэгчийн хувьд үйлдвэрлэлээ бас эзэмших нь маш ашигтай. Түүнээс гадна үйлдвэр нэгэнт ашиглалтад ороод түүхий эд аваад эхэлбэл зах зээл нь үйлдвэрлэлээс шууд хараат болно. Иймээс хэрэглэгч өнөөдөр ямар ч үнээр хамаагүй мөн эзэмшигч болох сонирхолтой.

9. Хэрэглэгчийн Монгол дахь хамгийн том өрсөлдөгч нь Хойд Америкийн компаниуд. Ерөөсөө ч ганц уул уурхай гэлтгүй Америкийн эрх ашиг ар шилэн дээр нь гараад ирэх нь тэдэнд хүсмээр зүйл биш. Түүхэн уламжлалаараа монголчууд тэдэнд төдий л тааламжтай ханддаггүй болохоор улс төрийн шахалтаар ордыг эзэмших магадлал муу. Америкийн хөрөнгө оруулагчдыг эндээс шахаж гаргах хамгийн сайн арга нь монголчуудыг өөрсдийг нь ашиглах явдал.

10. Хойд Америкийн болон дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг хийрхлийг өдөөгч, санхүүжүүлэгч эх гарвал нь түүхий эдийн ирээдүйн хэрэглэгч. Гэхдээ энэ нь нарийн бүтэц зохион байгуулалт арга технологитой. Монголын ашигт малтмалын лицензийг өндөр үнээр авахад бэлэн гол төлөв улсын мэдлийн том компаниуд ард нь байгаа. Лицензийн ченж маягийн бизнес хийхүйц хувийн голдуу жижиг компаниуд энэ зах зээл дээр хамгийн идэвхтэй хөдөлж хийрхлийн анхдагч төлбөрийг хийж байгаа юм. Стратегийн том ордуудыг эздээс нь салгах, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах нь тэдний хувьд улс төрийн гэхээсээ ердийн шударга бус өрсөлдөөнд илүү ашиг олох гэсэн зах зээлийн сэдэлтэй. Цаана нь байгаа улсын том компаниудад хэрэглэгч-эзэмшигч давхар болох эдийн засгийн сонирхол бий. Гэхдээ энэ бүхэн нь Засгийн газрын ерөнхий бодлоготой таардаг учир формал хэлбэрээр дэмжлэгтэй. 

11. Хийрхэл дэгдээх арга технологи хүний санаанд ором­гүй нарийн аргатай, та­ниг­дахгүй хэлбэрээр илрэлээ олдог болжээ. Ганц жишээ гэхэд Ийгл телевиз байна. Энэ нь Америкийн хөрөнгө оруулалттай зурагт. Америкийн телевиз Монгол дахь Хойд Америкийн хө­рөн­гө оруулалтыг гутааж, муулж байвал хамгийн итгэл үнэмшилтэй сонсогдоно. Америкийн хөрөнгө оруу­лалтыг дэмжиж, хоёр орны харилцааг хөгжүүлэх уриатай энэ телевизээр үүнийг хийлгэж чадаад л байна даа. Захирал нь Монголын нийгэмд юу болж байгааг огт сонирхдоггүй нь хөөрхөн завсар гаргаад өгчиж буй хэрэг. Ийгл нь Хойд Америкийн хөрөнгө оруулалтад тааламжгүй ханддаг төдийгүй илэрхий өдөөн хатгалга, улайм цайм гүтгэлэг явуулж чаддагаараа бусад мэдээллийн хэ­рэгс­лэлээс давуу талтай. Мэдээж энд дажгүй төлбөр хийгдэж байж таарна.  

12. Улс даяар хийсэн судалгаагаар бол Монголын хүн амын 70 орчим хувь нь том ордуудыг бушуухан ашиглаж үр дүнг нь түргэн үзэх хүсэлтэй байна. Хүмүүс улс төржихөөсөө илүү прагматик үзэлтэй байдаг. Хэт улс төржиж, дээгүүрээ хоорондоо дэмий маргалдсанаас болоод орд газруудыг ашиглаж баялаг бүтээх явдал сунжирч байна гэж ард түмэн үзэж байгаа аж. Ард түмний нэр барих гэж байгаа бол үгүйдээ л судалгаа хэрэгтэй л дээ.

13. Өнөөгийн хийрхэлд идэвхтэй оролцогсдын дэндүү дийлэнх хэсэг нь уул уурхай, ашигт малтмал, олон улсын гэрээ болон түүний стандарт жишгийн тухай анхдагч ойлголтгүй байгаа. Тэр дундаа бамбай болгоод байгаа улс орон, ард түмэн, аюулгүй байдлынхаа тухай төсөөлөл ч байхгүй. Архи нь гараагүй хоёр согтуу авгай хэвлэлийн бага хурал гэгчийг зарлаж зэвсэгт тэмцэлд уриалж байгаа нь ердөө л шар тайлах эцсийн зорилттой. Зохион байгуулагчид нь ч дивтаат болох гэх мэтийн улс төрийн жижиг эрх ашигт л явж буй нь илэрхий харагдана. Ихэнхдээ л монгол хүн зарч­мын санал тавиад унахаар ард нь үнэндээ “ердөө л энэ үү” гэмээр жижигхээн хувийн хүсэл хясал байдаг дүрэм үйлчилж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газар хийж буй зүйлээ иргэдэд ойлгуулж зөв мэдээлэл өгөх үүрэгтэй боловч үүнээ мартсан учир хүмүүс ч гуйвсан мушгисан мэдээлэлд их илүү автаж байгаа нь хийрхэл газар авах нэг нөхцөл болжээ.   

Цааш нь яривал зөндөө л юм байна, төвөг төвөг. Гурав дахь хөрш, геополитик, хүчний тэнцвэр гэж ойлгохгүй юмаар нь цөсийг нь хөөргөлтэй нь биш. Миний хувьд тэс хөндлөнгийн ажиглагч, анализ дүн шинжилгээ хийж буй нэгэн. Би үзмэрч биш ч 2017 онд нүүрс, үнс хоёр адилхан болно гэсэн тв роликийн хийлт, санааны хувьд харин надад таалагдсан шүү. Мөнхийн ядуу монголчуудад өнөөдөр юун түрүүн гарааны мөнгө хэрэгтэй байна. 2200 жилийн түүхэндээ ийм том бололцоотой ганц ч удаа таарч байгаагүй юм, энэ орон. Чингэс хаанд ч ийм бололцоо олдоогүй юм шүү. 1973 он хүртэл Монголын зэсийг, 2003 он хүртэл Монголын нүүрсийг хэн ч тоодоггүй байсан тэр үе эргээд ирэх магадлал өндөр. Иймээс би үнсний тухай муухай сануулгад харин ч талархаж байна. Намайг “худалдагдсан байна” гэж ирээд л зарлах юм. Энэ хорвоо дээр зарагддаггүй юм гэж бас байдаг юм шүү дээ. Дэлгүүрийн бараа шиг юм бодож байгаа бол мөнгөө ачиж авчраад наймаалцах гээд үз л дээ!. Надад дивтаат болж ард түмнээ ганц сайн харж үзэх сонирхол алга, хойтон сонгуульд орох хүсэл бүр ч байхгүй. Тэр утгаараа би дивтаат горилогчдын өрсөлдөгч биш, ердөө хөндлөнгийн ажиглагч. Харин үйл явдал миний эх оронд болж байгаа учраас нөгөө талаасаа би хөндлөнгийн хүн биш юм. Учир нь би эх оронч хүн. Эх оронч үзлээсээ ямар нэг ашиг хонжоо хайгаад байхааргүй эх оронч хүн! 

Мораль: Маш том байлдаан болж олон цэрэг, морьд үхсэн газар нэгэн өлөн үнэг хүрээд иржээ. Олон жил идэх хүнсний нөөц харсан мань үнэг машид баярлан мишээв. Ингээд хэмнэлттэйгээр аль хатуу хүтүүгээс нь эхэлж идэхээр шийдэн нумын хөвчний сур мэрж байтал сумны сааль алдагдан хөөрхий үнэгний хүзүүг нэвт сүлбэн алжээ.

2007.8.6

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сибирийн ойд төөрсөн гурван настай охиныг 11 хоногийн дараа эсэн мэнд олжээ

Зэрлэг баавгай махчин чоно, ширүүн урсгалт гол горхитой Сибирийн ойд гурван настай бяцхан охин Карина Чикитова голын ус, жимс жимсгэнээр хооллон 11 хоножээ. Тэрээр өнгөрөгч долдугаар сарын 29-нд Сибирийн Саха хэмээх тосгоноосоо төөрч алга болжээ. Азаар тэрээр энэ үед ганцаараа бус нохойтойгоо байсан нь амьд гарахад нь ихээхэн тус болжээ. Өдөр нь хэдий дулаахан ч шөнөдөө нэмэх гурваас таван градус хүртэл сэрүүн болдог байж. Харин охин шөнө нь өндөр ургасан өвсөн дунд нохойгоо тэврээд унтдаг байж. Ийнхүү 9 хоносны эцэст түүний нохой тосгондоо эргэн ирж, эрлийн багийнханд газарчлан охины байгаа газарт аваачсан байна. Эрлийг нисдэг тэрэг, хүн хүчний өргөн бүрэлдэхүүнтэй хайсан боловч өндөр ургасан өвс, шигүү ой дотроос бяцхан охиныг олно гэдэг тийм ч амаргүй байжээ. 

.Охины амийг аварсан нохой тосгоныхны хамт

 

Энэ өвсөн дунд охин хоног төөрүүлж байжээ

М.Эрдэнэ

Categories
мэдээ спорт

Олимпийн аваргатай болсон өдөр өнөөдөр тохиож байна

Зургаан жилийн өмнөх энэ өдөр “Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын бөх, ОУХМ Найдангийн Түвшинбаяр, Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аварга болсон. Ийнхүү бид түүхэндээ анхны Олимпийн аваргатай болсон. Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан тэрхүү мөчийг одоо ч хэн бүхэн тодхон санаж байна. 

Монголчуудад их ялалтыг авчирч, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Олимпийн аварга Н.Түвшинбаярт баярын мэнд хүргэе.

Categories
гадаад мэдээ

Эрчүүдэд зориулсан хөхний даруулга худалдаанд гарлаа

Японы нийслэл Токио хотноо эрчүүдэд зориулсан хөхний даруулга худалдаж эхлээд байна. Түүнийг “Floral Goodnight Bra” буюу “Kahei Oasim Bra” хэмээн нэрлэжээ. Зохион бүтээгчдийн ярьснаар хөхний даруулга хэрэглэх нь эрчүүдийн хувьд  маш чухал гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийн адил булчин суларч хөх нь унжих аюултай. Тиймээс ялангуяа шөнө унтахдаа өмсөх нь хөхний хэлбэр алдахаас хамгаалах давуу талтай юм байна. Гэвч худалдан авагчид үүнийг хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй. Ялангуяа эрээн өнгийн цэцгэн хээтэй даавуугаар хийсэн нь эрчүүдэд тохиромжтой байх болов уу. Уг нь бол эрэгтэйчүүдийн хөхний даруулгыг дотуур өмдтэйгөө хослуулан хийсэн бөгөөд 30 ам.долларын үнэтэй аж.

Categories
гадаад мэдээ

М.Шарапова орлогоороо тэргүүллээ

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас жил бүр хамгийн их орлого олсон тамирчдын жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Энэ жилийн эмэгтэй тамирчдын жагсаалтыг Оросын теннисчин Мария Шарапова дахин тэргүүллээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас 2014 оны мөн сар хүртэлх нэг жилийн хугацаанд М.Шарапова 24.4 сая ам.долларын орлого олсон байна. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг “Nike”, “Avon”, “Samsung”, “ Tag Heuer”, “Evian”, “Head” зэрэг компаниудын сурталчилгаанд тоглож олжээ. Энэ жилийн жагсаалтад М.Шараповагаас гадна зургаан эмэгтэй теннисчин орсон байна. Харин хамгийн их орлоготой эмэгтэй тамирчдын жагсаалтын хоёрдугаарт Хятадын теннисчин Ли На бичигдсэн юм. Тэрээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд 23.4 сая ам.долларын ашиг олжээ. Түүнээс 5.6 сая ам.долларыг нь тэмцээнд оролцсоны шагналд авсан байна. Харин янз бүрийн гэрээ байгуулан ажиллаж 18 сая ам.долларын ашиг олсон юм. Энэ жагсаалтын гуравдугаарт Америкийн нэрт теннисчин Серена Уильямс, дөрөвдүгээрт Өмнөд Солонгосын уран гулгалтын тамирчин, Сочид болсон өвлийн Олимпийн хүрэл медаль хүртсэн Ким Юна бичигдсэн байна. Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн их орлого олсон эмэгтэй тамирчдын жагсаалтыг сонирхуулъя.

1.Мария Шарапова           24.4 сая ам.доллар

2.Ли На                            23.4 сая ам.доллар

3.Серена Уильямс             22 сая ам.доллар

4.Ким Юна                        16.3 сая ам.доллар

5.Даника Патрик              15 сая ам.доллар

6.Виктория Азаренко        11.1 сая ам.доллар

7.Каролин Возняцки         10.8 сая ам.доллар

8.Агнешка Радваньска      6.8 сая ам.доллар

9.Анна Иванович              6.4 сая ам.доллар

10.Паул Кример                5.5 сая ам.доллар

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Тав аймгийн урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийнэ. Тэрбээр үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг АТГ-аас зөрчиж байгаа  талаар Нийслэлийн прокурорын газар, ШШБЕГ болон ХЭҮК-т хандан албан бичгээр гомдол гаргасан ч ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж. Тиймээс энэ талаар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхээр болжээ.